Төмөр замын трасс бэлэн боллоо
Шинэ төмөр замын трассыг монгол мэргэжилтнүүд боловсруулж, түүнийг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга өчигдөр баталсан байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газрын 283 тоот тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон. Энэ дагуу тус компани Газрын харилцаа, геодези зурагзүйн газар болон “Гео мастер” компанитай хамтран шинэ төмөр замын трассыг боловсруулжээ. Шинэ төмөр замын эхний хэсэг болох 1100 км төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Сүхбаатар аймгийн Халзан, Түвшинширээт, Баяндэлгэр, Улаан уул, Сүхбаатар сумд болон Дорнод аймгийн Матад, Булган сумын нутгаар дайран өнгөрөх юм. Дөрвөн аймгийн 10 гаруй сумын нутгаар дайран өнгөрч, Монголын баялгийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын трассыг боловсруулахад ОХУ,БНСУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгааг харьцуулан ашигласнаа мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа. Төмөр замын трассыг боловсруулахдаа байгаль орчны нөлөөлөл болон хөрсний бүтцийг голлон анхаарчээ. Даланзадгадаас Зүүн баян, Сайншандаар дамжин Чойбалсан хот хүрэх 1100 км төмөр зам нь говь, талын бүсэд баригдах тул уул нуруудыг даван туулах эрсдэлгүй ч элсний нүүдэл, цасан бүрхүүлд автах аюултайг ч тооцон үзсэн байна. Шинэ төмөр зам говь, тал нутгийн малчдын хувьд нүүдэллэхэд нь саад болохгүй, бэлчээр усгүйдүүлэхгүй байхыг бодолцжээ. Дэлхийд ховорхонд тооцогдох хулан Монголын говьд л бий. Хулангийн болоод зээрийн нүүдлийг сааруулж, ундааалдаг булаг шандыг нь хөндөхгүй байхаар трасст тусгасан байна. Тиймээс уул толгодод нүхэн гарц гаргахын дээр 90 гаруй газарт 45,5 км урттай гүүр барьж байгуулахаар болжээ. Трассыг 1:100000 масштабаар хийгдсэн тул зарим нэгэн жижиг горхи, булаг үлдсэн байж болох талтай ч Хэрлэнгээс өөр томоохон хэмжээний мөрөн таарахгүй гэж “Геомастер” компанийн мэргэжилтэн тайлбарлаж байлаа. Хэрлэнгийн дээгүүр гүүр барьж голоо “гатлах” ажээ. Хэдий урт зам туулж буй ч аль болох эргэлт, тойролт багатай, өгсүүр уруугүй шулуун зами тавихаар трассыг боловсруулаад байгаа ажээ. Шинэ төмөр замын трассын дараах гол ажил ТЭЗҮ боловсруулах. Төмөр зам барих өртөг зардал улс орон бүрт өөр өөр төдийгүй, манай улсын хувьд ч говь тал хангайн бүсдээ харилцан адилгүй. Урьдчилсан байдлаар уг замыг тавихад 2-2.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцож буй ч ТУЗҮ батлагдсаны дараа зардлын хэмжээ тодорхой болох гэнэ. Монголын баялгийг хилийн чанадад хүргэх гол гарц болсон шинэ төмөр замыг 2.6-3 жилд барьж байгуулна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд хэлж байлаа. Мянга гаруй км-ыг туулсан эрдэс баялаг маань дэлхийн зах зээл дээр үнэ ханшийн хувьд өрсөлдөх боломжгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол зарим хүнд байгаа ч “Боломжгүй гэдэг үгээр халхавч хийн зүгээр суух боломжгүй” гэсэн үгээр салбарын сайд хариу өгч байлаа. Газар шороо, зам барилгын ажил хаагдсан өвлийн сарыг ашиглан яам болоод мэргэжлийн байгууллагынхан шинэ төмөр замын эхний “шан”-г ийн тавьжээ. Мэдээж эхэлснээ үргэлжлүүлнэ. Үргэлжлүүлэхдээ дотоодын ажиллах хүчнийг илүүд үзнэ гэдгээ ч мөн салбарын яамныхан амлаж байна.Д.Цээпил
No comments:
Post a Comment