Friday, June 10, 2011

рчим хүчний салбар татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч салбар болно

Т.Цэрэнпүрэв: Эрчим хүчний салбар татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч салбар болно


13 минутын өмнө
Т.Цэрэнпүрэв: Эрчим хүчний салбар татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч салбар болно
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг Та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Бид хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдлагатай хангах үндсэн үүргээ биелүүлээд явж байна. Гэхдээ салбарт шинэ эх үүсвэр барих, техник технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн чадавхитай болгох цаг болсон нь үнэн. Одоо ажиллаж байгаа станцуудынхаа насжилт, техник технологийн байдлыг эргээд нэг авч үзэхэд бид 1960-1970-аад оны технологи, объектуудаа одоо хүртэл ашиглаж байна шүү дээ. Аль 1995 онд үйлдвэрлэлээс хасагдсан “Excel” загварын машиныг монголчууд засаж, янзлаад унаад л яваа. Гэтэл тухайн машины дараагийн гурван үеийн шинэ загвар гарчихсан байдаг. Түүн шиг л бид 40-50 жил ашигласан станцуудаа энд тэнд нь засаад, хэсэгчлэн засварлаад зүтгүүлээд байгаа юм. Станцуудаас хамгийн “залуухан” нь болох 1984 онд ашиглалтад орсон ТЭЦ-4 маань л гэхэд 27 дахь жилтэйгээ золгож байна.

Дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагаас үзэхэд цахилгаан станцыг 30 орчим жил ашиглаад л дараагийн үеийн шинэ техник, технологи нэвтрүүлээд явчихдаг юм билээ. Манай орны хувьд хөрөнгө мөнгө, эдийн засгийн бололцоо талаасаа тийм боломж нь хараахан гарч ирэхгүй өнөөдөртэй золгож байгаа юм. Гэхдээ бид гар хумхин сууж байгаа юм биш ээ. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийн хүрээнд ч бид энэ асуудлыг сөхөн тавьж, тодорхой хийж байгаа зүйл ч цөөнгүй бий. Жишээлбэл, Дарханы дулааны цахилгаан станцыг 30 МВт-аар өргөтөж байна, ТЭЦ 4-ийн 80 МВт-ын турбиныг манай үндэсний инженерүүд Харбины үйлдвэртэй хамтраад 100 МВт болгож, хоёр машин дээр буюу нийт 40 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлчихлээ.

Нөгөө талаас “Энержи ресурс” компани Ухаа худагт 18 МВт-ын станц ашиглалтад оруулж байна, яваандаа хүчин чадлыг нь өргөтгөхөөр төлөвлөж байгаа юм билээ. Түүнчлэн Завхан, Говь-Алтайн хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрт холбоно гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Могойн голын уурхайг түшиглэсэн станц барих шийдвэрийг яам, Засгийн газар гаргаад, концессын гэрээг баталгаажуулснаар 60 МВт нэмэгдэх нь тодорхой болж байна.

Даланзадгадын станц гэж их тааруу ажилладаг, өвөлдөө нэлээд хүндрэл учруулдаг цахилгаан станцад гурван МВт-ын хүчин чадал бүхий шинэ блок барих, зуух турбины ажлыг энэ оноос эхэлж, намар гэхэд дуусгахаар ажиллаж байх жишээтэй. Ингээд яриад байвал эрчим хүчний салбар бүүр болохоо байчихсан ч юм биш, чадах чинээгээрээ хүчин чадлаа нэмэгдүүлээд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хаах талаар тодорхой ажлууд хийж байна. Энд усан цахилгаан станцуудын (УЦС) талаар ч мөн дурдах нь зүйтэй болов уу. Дөргөний 12 МВт-ын станц болон Тайширын 11 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орж хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаад явж байна.

-Манай эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн сүүлийн үед нэлээд орж ирэх тухай ярих болсон нь юутай холбоотой вэ?

-Ер нь эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо одоо ч байгаа шүү дээ. Тухайлбал, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компани 2003 онд хувьчлагдсан, мөн онд Шарын голын уурхай ч мөн онд хувьчлагдсан байгаа. Гэхдээ 2010 оны хоёрдугаар сард Концессын тухай хууль гарснаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх, ялангуяа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих эрх зүйн нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.

Засгийн газраас баталсан концессын жагсаалтад эрчим хүчний холбогдолтой 16 объектыг хувийн хэвшилд шилжүүлнэ гэсэн чиглэл ч байгаа. Энэ асуудлын хүрээнд эхнээсээ Могойн голын станцын төсөл хэрэгжээд явж байх жишээтэй. Түүнчлэн ТЭЦ 5, Тавантолгойн станц зэрэг нь мөн концессын хуулийн дагуу хэрэгжих болов уу.

-Хувийн хэвшлийн оролцоо эрчим хүчний салбарт нэмэгдсэнээр олон давуу талтай гэж мэргэжилтнүүд ярьдаг. Энэ талаар тайлбарлахгүй юү?
-Үр ашиг, менежмент, боловсон хүчин, зардал талаасаа илүү хэмнэлттэй бодлого явагдана гэж ойлгож болно. Энэ нь эргээд өртөг зардлаа хэмнэхэд тодорхой хэмжээний хөшүүрэг болох учиртай. Ер нь Засгийн газрын нуруун дээрх ачаа, хүлээж байгаа хариуцлагын бололцоотой хэсгийг нь хувийн хэвшилд шилжүүлэх төрийн бодлого байгаа шүү дээ. Нөгөө талаас үүгээрээ хувийн хэвшлийнхэнд боломж олгож байгаа юм.

Мэдээж хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах, дааруулчихгүй, байнгын гэрэл цахилгаантай байлгах ёстой гэдэг утгаараа эрчим хүчний салбарыг авъя гэсэн болгонд нь өгчихгүй. Мэргэжлийн чадавх, боловсон хүчин, техник технологи, хөрөнгө мөнгөний бололцоо, туршлага зэргийг нь харгалзан үзэх ёстой. Энэ асуудлыг Төрийн өмчийн хороо, яам, агентлаг болон холбогдох байгууллагууд хамжиж дэмжээд шийдэх болно.

Ер нь бүх зүйлийг төрийн нуруун дээр байлгадгаа болих нь зүйтэй. Гэхдээ стратегийн чухал ач холбогдолтой станцууд, дамжуулах шугамаа мэдээж төрийн мэдэлдээ авч үлдэнэ шүү дээ. Харин орон нутгийн чанартай, хэсэгчилсэн дулаан, цахилгаанаар хангадаг зарим хуучирсан, эдийн засгийн хувьд үр ашиггүй, өртөг өндөртэй объектуудыг концессын дагуу хувийн хэвшилд шилжүүлэх бодлого барьж байгаа.

-Хувийн компаниуд энэ салбарт орж ирэхдээ нэлээд үлгэр дууриал үзүүлэх хандлагатай байна. “Энержи ресурс” л гэхэд цахилгаан станцаа маш хурдан барихдаа говийн хөрсөнд таарсан дэвшилт технологи нэвтрүүлж байх жишээтэй. Шинэ технологи нэвтрүүлэх тал дээр төр яагаад хойрго байна вэ?
-Төр хойрго байна гэж хэлж болохгүй л дээ. Хөрөнгө мөнгөний бололцоо, нөхцөл нь бүрдэнэ гэж ярьдаг шүү дээ. Тэр боломж нь гарч ирэхгүй байна. 100 МВт-ын цахилгаан станц барихын тулд 100-150 сая ам.доллар хэрэгтэй байлаа гэхэд тэр хөрөнгө нь тухайн үед манай улсын эдийн засаг, Засгийн газруудын бололцоонд байгаагүй. Мэдээж XXI зуунд эрчим хүчний салбарт шинэ шинэ технологиуд гарч байна.

Үр ашигтай, хэмнэлттэй, ус бага зарцуулдаг, цөөхөн боловсон хүчин ажилладаг, өндөр хүчин чадалтай станцууд баригдаж байна. БНСУ, Хятад, Япон зэрэг оронд очоод харахад манай ТЭЦ-4 шиг 600-1200 МВт-ын хүчин чадалтай станцад нь 200 орчим хүн л ажиллаж байх жишээтэй. Гэтэл манай ТЭЦ 4-т одоо 1400 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шинэ техник, технологийн үр шимээр ажилчдын цалин, нийгмийн асуудал зэргээс эхлээд олон зардлаа нэлээд хэмнэж байна гэсэн үг.

Одоо бид ТЭЦ 4 станцад 200 хүн ажиллуулна гэвэл бүтэхгүй зүйл ш дээ. Технологи, горим нь ч болохгүй. Гэхдээ бид алхам алхамаар боломжоо дайчлаад, тэр үр ашигтай, хэмнэлттэй эх үүсвэрийг барих зорилго өвөртөлж явах ёстой. Бидний өнөөдөр хийж байгаа ажлууд, “Монголын эрчим хүч 2011” чуулга уулзалтын бодлогыг ч мөн тийш нь хандуулах чиглэлд явж байна. Товчхондоо, хуучин технологи маань хийдгээ хийгээд, ашиглах боломжоо дээд хэмжээгээр ашиглачихжээ. Үүнийгээ боломжоор нь үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэх тал дээр анхааръя, байгаль орчин, үр ашгаа ч бодъё гэдэгт л анхаарлаа хандуулах үүднээс энэ хурлыг зохион байгуулж байгаа юм.

-Одоо бид үсрэнгүй хөгжлийн гараан дээр байна, их бүтээн байгуулалтын шан татлаа гээд л том том яриад байгаа. Уул уурхайн нүсэр төслүүд, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Гэтэл тоггүй, галгүй бол энэ бүхэн яаж урагшлах юм бэ?
-ТЭЦ-5 станцын талаар үнэндээ 2004 оноос л ярьж эхэлсэн. Гэхдээ миний өмнө нь хэлсэнчлэн Засгийн газруудын хөрөнгө мөнгөний бололцоо, яг энэ станцыг барих хэрэгцээ, шаардлага тулгамдаж байна уу гэдэгт хандаж байгаа хандлага зэргээс шалтгаалаад өнөөдрийг хүрсэн болов уу. 2008 онд ТЭЦ 5-ын төслөөр тендер зарласан боловч ганцхан компани оролцсон, тэр нь шаардлага хангаагүй баримт бүрдүүлсэн учир хүчингүй болсон. Энэ төслийн ТЭЗҮ-ийг ч хийгээгүй байсан болохоор оролцож байгаа компани нь тодорхой юм олж харж, баримжаа авч чадахгүй байжээ.

Нөгөө талаас Монголд эрчим хүчний үнэ тариф дэлхийн дунджаас бага. Хөрөнгө оруулагч мөнгөө зарцуулчихаад буцааж авах боломж нь хангагдахгүй байсан гэж зарим нь ярьж байсан. Тиймээс үнэ тарифыг үе шаттайгаар нэмэх замаар хөрөнгө оруулагчдыг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Хэрэглээний өсөлтийн хувьд 2008 оноос л илүү мэдрэгдэж байна шүү дээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар л тэнд 280 МВт-ын эрчим хүч зайлшгүй авна гэдэг нь тодорхой болж байна. Түүнээс биш өмнө нь хэрэглээ ингэж огцом өсдөггүй, жилдээ гурав орчим хувиар л нэмэгддэг байсан. Тэрийг нь өнөөгийн суурилагдсан хүчин чадал маань бүрэн хаагаад явж байлаа. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр ч сүүлийн хоёр жилийн хугацаанд л эрчимтэй яригдах болсон. Өмнө нь 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгцээг суурилагдсан эрчим хүчээрээ хаагаад явах бололцоо байсан. Гэхдээ энэ нь ирээдүй рүү чиглэсэн шинэ эх үүсвэрийн асуудлыг огт бодохгүй байсан гэсэн үг биш л дээ.

ТЭЦ 5-ыг 2020 он хүртэл хойш тавьчихсан юм байхгүй. Энэ нь хоёр үе шаттайгаар хэрэгжих төсөл. Эхний үе шат нь буюу 450 МВт цахилгаан, 600 орчим Гкал дулааныг 2015 оны түвшинд хангачихаар байгаа. 2020 онд хоёрдугаар үе шат нь дуусахад ТЭЦ 5 төсөл маань 820 МВт-ын хүчин чадалтай, 1100 Гкал-ын дулааны чадалтай станц болох юм.

-Одоогийн суурилагдсан хүчин чадлаар 100 мянган айлын орон сууц баригдахад яаж ийгээд дулаан, цахилгаанаар хангаж чадах уу?
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бид Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаатай удаа дараа уулзаж ярьж байгаа. Дулааны хувьд шинэ хорооллуудыг яаж хангах вэ гэдэг дээр асуудал байгаа нь үнэн. Шинэ Яармаг хорооллын дулааны асуудлыг хэрхэн шийдэх талаар бид хувилбар судалж удахгүй шийднэ. Бусад нь бол тодорхой байдлаар болно гэсэн шийдэл гарсан. Цахилгааны хувьд Улаанбаатар хотын 110 кВ-ын кольцог шинээр барих ёстой. Энэ хүрээнд 200-210 кВ-ын дэд станцууд мөн шинээр бий болох шаардлагатай. Үүний хөрөнгө мөнгөний асуудлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргана гэж Засгийн газар шийдэх шатандаа орчихсон явж байгаа. Тэгэх юм бол цахилгаан, дулааны асуудлыг 2015 онд ТЭЦ 5 ашиглалтад орох хүртэл болгочихно.

-Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хянадаг шүү дээ. Манай хойд хөрш ч бас тэгэж байгаад үе шаттайгаар үнийг өсгөж, энэ оноос зах зээлийн зарчимд бүрэн шилжиж байна. УИХ-ын 72 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улс ч мөн эрчим хүчний үнийг чөлөөлөх тал руугаа явж байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж энэ нь нийгмийн асуудалтай салшгүй холбоотой, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй гэсэн үүднээс л Засгийн газар цахилгаан, дулааны үнийг огцом өсгөхгүй байлгах бодлогыг барьж байсан гэвэл үнэнд илүү дөхнө. Гэхдээ хэрэглэгчдэд нэг их дарамт учруулахгүйгээр, хажуугаар нь эрчим хүчний салбараа унагаачихгүйгээр үүнийг яаж шийдэх вэ гэдэг асуудал яах аргагүй тулгамдаж ирсэн. Ингээд яам, манай салбараас гарсан УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 2010 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан байгаа.

Энэ нь сард 150 кВт.ц хүртэл хэрэглээтэй айл өрхөд борлуулах цахилгааны үнийг зөвхөн индексжүүлсэн түвшинд үлдээж, харин үйлдвэр аж ахуйн нэгж зэрэг их хэрэглээтэй байгууллага болон айл өрхийн хувьд эрчим хүчний үнэ зах зээлийн шаардлагын дагуу үе шаттайгаар нэмэгдэх хэлбэрээр зохицуулах шийдвэр юм л даа. 2014 он гэхэд ямар ч байсан эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах боломж, нөхцөлийг бий болгох түвшинд хүрсэн байна гэж ойлгох нь зүйтэй болов уу.

-Байгаль орчинд хал багатай гэдэг утгаар нь сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн улс орнууд нэлээд дэмжиж, хөгжүүлж байгаа. Монгол Улс энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гэж бий. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан. Энэ хүрээнд Дөргөн, Тайширын УЦС-ыг байгуулсан. Өнөөдөр 10 орчим сум сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэгцээгээ хангаж байна. 2007 онд шууд гэрээгээр хийсэн сэргээгдэх эрчим хүчний зарим ажилд мэргэжлийн бус компаниудад энэ ажлыг даалгаснаар бизнесийн зориулалтаар хямд, чанаргүй тоноглол авчирч суурилуулсан, тэр нь хүчин чадлаараа ажиллахгүй байх тохиолдол олон гарсан. Монголын эрс тэс уур амьсгалд нийцэхгүй, нөгөө талаас технологийн шаардлага хангахгүй тэдгээр объект байнга эвдэрч, хүмүүс, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн дунд сэргээгдэх эрчим хүч гэж бүтэхгүй юм байдаг гэх буруу ойлголт түгээсэн.

УИХ-ын зарим гишүүн ч тийм юм яриад явж байх жишээтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний талаар сөрөг ойлголтыг нийгэмд түгээж байгаа юм. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ. Мэргэжлийн чадвартай компани, мэргэжилтнүүд зөв тооцоо судалгаанд суурилан хийх юм бол энэ чинь баталгаатай, ямар ч ашиглалтын үеийн зардалгүй, байгаль орчинд халгүй, үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр. Дизель түлш, нүүрс, хий зэрэг зардал шаардлагагүйн зэрэгцээ боловсон хүчин талаасаа ч байнга хүн ажиллаад байхгүй сайн талтай. Тийм ч учраас сэргээгдэх эрчим хүч гэдэг нь дэлхий нийтийн эрчим хүчний хөгжлийн нэг чиг хандлага болоод байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний ассоциаци өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд 100 гаруй орон гишүүнээр орсон байдаг. Монгол Улс тэр байгууллагыг Парламентаараа дэмжсэн эхний 20 гишүүн орны нэг нь.

-Эрчим хүчний салбарын ажилчид уул уурхай руу олноороо “урваад” байна гэх юм. Онцгой салбар гэдэг утгаараа ажилчдын нийгмийн хангамжийн тал дээр яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?
-Тийм байдал үүссэн нь бодитой зүйл. Зарим станцын дарга нар Манай хамаг сайн инженерүүд Өмнөговь руу явчихлаа. Сайн гагнуурчин, цахилгаанчин, инже¬нерүүдэд өндөр цалин амлаад, тэднийг урвууллаа гээд л байгаа. Тэр хүмүүс сонголтоо хийгээд явж байгааг бид хуулиар хориглож болохгүй шүү дээ. Гэхдээ ер нь өөрсдөө бэлдсэн чадварлаг ажилтан, инженер техникийн мэргэжилтнүүдээ алдахгүйн тулд нөгөө талаас онцгой салбар гэдэг утгаараа хүмүүстээ цалинг нь боломжийн хэмжээнд өгч, нийгмийн асуудлыг нь ч анхаарах хэрэгтэй байгаа.

Эрчим хүчний үнэ, тарифын өсөлттэй уялдуулж л цалинг өсгөхгүй бол өөр боломж бидэнд алга байна. Салбарын ажилчдын дундаж цалинг үе шаттайгаар өсгөж, уул уурхайн салбарынхны хэмжээнд дөхүүлье гэсэн бодлого яаман дээр байгаа, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгчлэн боломжоороо л шийдвэрлээд байгаа. 2014 он гэхэд гайгүй болох болов уу л гэж найдаж байна.

-Засгийн газар эрчим хүчний компаниудад татаас өгч эхэлсэн. Тэгэхээр салбарын өрийн дарамт буурч байна уу?
-Салбарын эдийн засгийн асуудлыг харахад нааштай зүйл гарч байгаа. 2009 онд салбар 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсан бол 2010 онд 20 гаруй тэрбум болж буурсан. Энд Засгийн газраас эрчим хүчний компаниудад 15 тэрбум төгрөгийн татаас өгсөн нь үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Нөгөө талаас манай зарим компанийн удирдлага ч гэсэн үр ашиг, хэмнэлт талаасаа дажгүй сайн менежмент хийж ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын 284 дүгээр тогтоолын хүрээнд салбарын компаниудын зээлийн хүүг бууруулж, төлөх хугацааг хойшлуулж компаниудад очиж байгаа өрийн дарамтыг багасгасан. Энэ нь эдийн засгийн утгаараа нааштай үр дүн өгч байгааг тэмдэглэх хэрэгтэй.

-Эрчим хүчний нэгдсэн хөтөлбөрийн үр дүн ямаршуу байгаа вэ?

-2002 онд анх батлагдсан Эрчим хүчний нэгдсэн хөтөлбөрийг таван жилийн дараа буюу 2007 онд тодотгож, шинэчилсэн. Манай орны нийгмийн амьдрал эрчимтэй хөгжиж энэ хөтөлбөрийг дахин шинэчлэх шаардлагыг бий болгож байна. Дахиад таван жилийн дараа буюу энэ онд хөтөлбөрийг тодотгохоор бид ажиллаж байна. Ер нь энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодитой үйл хэрэг болох бодлогын бичиг баримт болсон гэж бид үздэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон ажил хийлээ шүү дээ. Салбарт бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжлээ. Бүх аймгийн төв эрчим хүчинд холбогдлоо, дээр нь манай бүх сум ямар нэгэн байдлаар эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Энэ чинь нийгмийн өмнө бидний хийсэн том ажил. 1990 онд Монгол Улсын 86 сум л эрчим хүчтэй байсан, тэгвэл одоо 333 сум бүгд цахилгаанжуулалтаа шийдсэн байна.

-10 жилийн дараах эрчим хүчний салбарыг Та хэрхэн харж байгаа вэ?
-2021 онд эрчим хүчний салбар сайхан болсон байна гэж өөдрөгөөр хэлэх байна. Мэдээж ТЭЦ 5 маань бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлчихсэн, Тавантолгойн станц ч мөн ашиглалтад орчихсон, говийн бүс нутгийн цахилгааны хангамжийг хийж байна. Зүүн бүсэд 200 орчим МВт-ын чадал нэмэгдчихсэн, бүсийн хэрэглэгчдээ бүрэн хангаад, цаашаа экспортод гаргах боломж бүрдчихсэн байна гэж найдаж байгаа. Баруун бүсэд Хөшөөтийн болон Хотгорын уурхайг түшиглэсэн станц баригдаад, энэ бүс нутаг импортоор цахилгаан эрчим хүч авдаг биш, харин Хятадын Шиньжан, эсвэр Тува тал руу эрчим хүч экспортолдог болчих болов уу.

Говийн бүс мэдээж уул уурхайн үйлдвэрлэлийн оргил үедээ очих байх. Тэр хэрэглээг нь бүрэн хангаад, Улаанбаатар хот, баруун, зүүн бүс болон говийн бүс нутаг өндөр хүчдэлийн шугамаар холбогдсон, Эрчим хүчний бүрэн хэмжээний нэгдсэн систем үүссэн дүр зураг нүдэнд харагдаж байна. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчний томоохон объектууд ч ашиглалтад орно. 2013 оноос “Ньюком” компанийн 50 МВт-ын салхин цахилгаан станц ажиллаж эхэлнэ. Сайншандад мөн л 50 МВт-ын станц ашиглалтад удалгүй орчих байх. Ер нь 2021 он гэхэд эрчим хүчний салбар шинэ үе шатандаа гарчихсан, үр ашигтай, шинэ техник технологи бүхий салбар болсон байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч Монгол Улс эрчим хүч импортолдог биш, экспортолдог орон болчихсон байна.

Эрчим хүчний салбар маань татаас авч амь зогоодог биш, улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг томоохон татвар төлөгч салбар болно гэдэгт итгэдэг. Мэдээж боловсон хүчин нь өндөр боловсролтой, орчин үеийн техник, технологийн нарийн горим, шийдэл бүхий станцуудыг ажиллуулдаг тийм л салбар болчихсон байх болов уу. Түүнчлэн манай орны хөгжил, иргэдийн амьжиргааны нөхцөл улс орны эдийн засгийн хөгжил, уул уурхайн эрчимжилтээ дагаад эрс сайжирч шинэ шатанд гарсан байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Wednesday, June 8, 2011

Дэлхийн гангийн зах зээлийн одоо ба ирээдүй

Дэлхийн гангийн зах зээлийн одоо ба ирээдүй


2011 оны 4-р сарын 27
Дэлхийн гангийн зах зээлийн одоо ба ирээдүй
ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ ЭРСДЭЛҮҮД
Гангийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг гол түүхий эд нь төмрийн хүдэр. Төмрийн хүдрийг илчлэг өндөртэй коксжих нүүрсний тусламжтайгаар хайлуулж, ган хэмээх боловсруулсан металлыг гаргаж авдаг. Одоогоор дэлхийн хэмжээнд хоёр тэрбум тонн төмрийн хүдэр олборлоод буйг Bloomberg мэдээлжээ. Үүний 40-өөд хувь нь Хятадад ногдож байгаа бол Бразил 24, Австрали 19, Энэтхэг 11, Орос дөрвөн хувийг нь эзэлж байна.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 90 хувийг Япон, Америк, Хятад, Солонгос, Орос бүрдүүлдэг. Эдгээрийг өнөөдөр “Гангийн клуб” хэмээн тодотгон нэрлэж байна. Тэгвэл төмрийн хүдрийн энэхүү зах зээл дээр голлон тоглогчдыг уул уурхайн гигантууд болох Бразилийн ”Вале”, Австралийн “Рио Тинто”, "ВНР Billiton" буюу Хятадын ган үйлдвэрлэгчид гэсэн хоёрхон бүлэгт хуваадаг. Цөөн тооны эдгээр “акул”-ын хоорондох наймаалцлаар гангийн ертөнцийн хувь заяа тодорхойлогддог гэж хэлэхэд буруудахгүй. Гангийн нүсэр үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэн нийлүүлдэг улс Азийн Монголоос авахуулаад олон бий. Харин одоо гангийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлт болоод үнэ ханшийн тухайд тодорхойлох аргагүй дүр зураг үүсээд байгааг олон улсын шинжээчид мэдэгдэх боллоо. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм.

Австралийн үер. Энэ оны эхээр Австралийн үер Азийн төдийгүй дэлхийн зах зээлийг багагүй сандаргасан. Квинслэнд муж нь нүүрсний экспортоороо тэргүүлдэг бөгөөд тус улсын 1.3 их наяд австрали доллараар хэмжигддэг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг дангаараа бүрдүүлдгээрээ “стратегийн” онцгой бүс юм.

Энэ мужид олборлолт явуулдаг “Рио Тинто”, “Xsastra”, “Vale” компанийн бүх талбайн ажил үерийн улмаас зогсонги байдалд орж, улмаар нэг тонн нүүрсний үнэ дунджаар 253 ам.доллар болж өссөн билээ. Үүнтэй холбоотойгоор Австралийн Хятад дахь коксжих нүүрсний нийлүүлэлт буурсан төдийгүй Азийн гангийн үйлвэрлэлийн зах зээл сөрөг үзүүлэлттэй гарч, түүхий эдийн нөөцдөө ихээхэн санаа зовних болсон юм. Тиймээс ч гангийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, нүүрсний гол импортлогч орон Хятад тэргүүтэй Азийн гангийн зах зээлд үүссэн үнэ ханшийн тогтворгүй байдал өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 2008 онд Австралид болсон үерийн дараа уул уурхайн компаниудын зарим нь хагас жилийн дараа л үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн билээ. Энэ түүх давтагдаж байна.

Японы цунами. Өнгөрсөн гуравдугаар сард Японд газар хөдөлж, цунамигийн аюул нүүрлэв. Дэлхийн гангийн зах зээлд савлагаа үүсгэсэн хүчтэй нөлөөллийн нэг нь яах аргагүй энэхүү цунами. Одоо ч гэсэн Фүкишимагийн цахилгаан станцын сүйрлээс үүдэлтэй “цөмийн хямрал” арлын орны экспортын салбарыг зогсонги байдалд оруулаад байна. Гуравдугаар улирлаас Японд сэргээн босголтын томоохон ажлууд өрнөхтэй холбогдон эрчим хүчний хомсдол нүүрлэх аюул тулгарч болзошгүй.

Дэлхийн газрын тосны үнэ ханшийн өөрчлөлт гангийн үйлдвэрлэлтэй ямагт уялдаж, харилцан хэлбэлзэлд оршиж байдгийг шинжээчид судалгаагаараа тайлбарладаг. Гангийн түүхий эдийн судалгаа явуулдаг “Си Ай Юу интернэшнл” группын Гүйцэтгэх захирал Ж.Жонсон “Дэлхийн гангийн зах зээлийн одоогийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийн өөрчлөлтөд газрын тосны нөлөө үлэмж их” хэмээн тодотгосон. Олон улсын түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 10 ам.доллараар нэмэгдэж байгаа нь эцсийн дүндээ гангийн эрэлт хэрэгцээнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэ нь цунамигийн аюулд өртсөн Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 0.5 хувиар буурахад хүргэжээ. Япон газрын тосоор “өлсөж” эхэллээ.

Одоогийн байдлаар олон улсын түүхий эдийн зах дээр нэг баррель газрын тос 100 ам.доллар давсан байдалтай байна. Яваандаа энэ нь 120 ам.доллараас хэтэрнэ гэсэн таамгууд зонхилж байгаа юм.

Ливийн дайн. Ливи улсад үүссэн зэвсэгт мөргөлдөөн, олон улсын цэргийн ажиллагаа ч дэлхийн гангийн үйлдвэрлэлд нөлөөлөх болов. Дэлхийн газрын тосны зах зээлийн хоёр хувийг бүрдүүлдэг Ливи улсын газрын тосны эрэлт нийлүүлэлтийн сүлжээ маш эмзэг болжээ. Ойрхи Дорнод дахь “хар алт”-ны шинэ хямралын эхлэлийг Ливи тавьж, ган үйлдвэрлэгчдэд ихээхэн болгоомжлол төрүүлж байна.

Гангийн үйлдвэрлэлийг доголдолд оруулдаг, саармагжуулдаг иймэрхүү хүчин зүйлүүд дэлхийн түүхэнд олон тохиолдсон. Дэлхийн II дайны эхэн үе хүртэл гангийн эрэлт хэрэгцээ жилдээ ердөө гуравхан хувиар өсч байв. Гэтэл дайн дуусаад Европ даяар их сэргээн босголт өрнөж, автомашин болон бусад аж үйлдвэрийн салбар өндийж ирэхэд гангийн хэрэгцээ жилдээ бараг долоон хувиар нэмэгдсэн нь гайхалтай “өндөр хурд” байлаа. Үүний дараахан ОПЕК Ойрхи Дорнодын орнуудад газрын тосны хориг тавьж, Иранд Лалын хувьсгал өрнөсөнтэй шууд холбоотойгоор гангийн зах зээл эргээд хумигдаж эхэлсэн билээ. Ингээд нэг хэсэгтээ гангийн хэрэглээ тогтворжиж байсан ч 2000 оноос хойш жил бүр найман хувиар өссөн үзүүлэлттэй байх болов.

2010 оныг “Гангийн зах зээл дэх их өсөлт” гэж онцолъё. АНУ-ын засаг захиргаа “Тогтвортой байдлын багц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, эдийн засагтаа хэд хэдэн дорвитой шинэтгэл хийсний дүнд Америк, Европын гангийн эрэлт хэрэгцээ үлэмж өсчээ. Тэр тусмаа 2011 он бол Европын гангийн зах зээл дэх шинэ эргэлтийн үе гэсэн таатай үгс эдийн засагчдын амнаас унаж байна.

ГАНГИЙН ҮНЭ 2012 ОНООС ЭХЛЭН НЭМЭГДЭНЭ
Ерөнхийдөө дэлхийн гангийн үнэ бүс нутгуудад ижил өсөлттэй байгаа. Санхүүгийн их хямралын үе шувтарсны дараа буюу 2008 онд нэг тонн гангийн бүтээгдэхүүн 1000 ам.долларын ханш шүргэж байв. Тэгвэл өдгөө тонн нь 1000 ам.доллар хол даваад байгаа аж.

Ж.Жонсоны таамаглаж буйгаар, гангийн үнэ 2012 оноос эхлэн нэмэгдэх чигтэй байгаа ч хэдхэн жилийн дараа эргээд буурах гэнэ. Энэ нь гангийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн баланс алдагдаж, түүхий эдийн үнэ буурахтай холбоотой байх аж. Коксжих нүүрс, төмрийн хүдэр, ган гэсэн гурвалсан холбоо бүхий үйлдвэрлэлийн түвшин дэлхийн зах зээл дээр бусад түүхий эдийн үнийг даган хөдөлж байдаг бичигдээгүй хуультай. Хамгийн тод үзэгдэл нь газрын тосны үнийн нөлөөлөл.

2005 оноос хойш нэг тонн төмрийн хүдрийн үнэ жилдээ 10 хувиар, нүүрсний үнэ жилдээ мөн 31 хувиар өссөөр байв. Энэ өртгийг хөөрөгдсөн зах зээлийн янз бүрийн элементүүд их байсан ч гол нь гангийн бүтээгдэхүүн болоод түүхий эдийн үнийн хоорондын холбоог нарийвчилж үздэггүй байсан гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

Гангийн үйлдвэрүүд яагаад үүдээ бариад байна вэ? Хариулт нь тун энгийн. Ган үйлдвэрлэгчид дэндүү өндөр өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлд гаргах гэсээр ашиг гэх “юмаар” тун дулимаг болдог. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн өсөлт гангийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш АНУ-д нэг тонн гангийн үнэ 400 ам.доллараар нэмэгджээ. Үүнийг зөвхөн түүхий эдийн үнэ гэхээсээ илүү хаягдал төмрийн үнэ нэмэгдсэн, автомашины үйлдвэрлэл өссөн, улсын төсвийн алдагдал ихтэй гарсан, мөнгөний нийлүүлэлт хэтэрсэн зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байгаа. АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн зөвхөн 30 хувь нь коксжих нүүрс, 60-70 хувь нь цахилгаан эрчим хүчинд тулгуурладаг юм.

Европ тив гангаар “өлсгөлөн”-д нэрвэгдэхэд тун ойрхон байна. Учир нь Герман улсын үйлдвэрлэгчдэд гангийн эрэлт их байгаа юм. Европын холбооны улсын гангийн хэрэглээний өсөлтийг Герман тодорхойлдог. Өнгөрсөн жил тус улс 620 сая тонн ган үйлдвэрлэсэн бол энэ жил 680 сая тонн хүргэх зорилго дэвшүүлжээ.

Энэтхэгийн хувьд гангийн үйлдвэрлэлийн түвшин нь эрэлт хэрэгцээний түвшиндээ дөхөж очжээ. 2015 он хүртэл гангийн бүтээгдэхүүнээ 38-60 сая тонноор нэмэгдүүлэх төлөвтэй гэж “Си Ай Юу интернэшнл” группын шинжээчид үзэж байгаа юм. БНЭУ-ын Гангийн сайд Бени Прасад Вермагийн “Манай улс 2012 онд 120 сая тонн ган үйлдвэрлэж, дэлхийн гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч болно” гэсэн мэдэгдэл шуугиан тарилаа.

Энэтхэг бол дэлхийн хэмжээнд цэврүүтэй төмрийн хамгийн том олборлогч. Сүүлийн таван жилд Энэтхэгийн гангийн хэрэглээ жилд дунджаар 9,2 хувиар өсч байсан бөгөөд энэхүү өсөлтийг гүйцэхийн тулд гангийн үйлдвэрлэлээ эрчимтэйгээр нэмэгдүүлэх юм. “Дэлхийн гангийн зах зээл БНХАУ, Энэтхэгийн үйлдвэрлэл, худалдаагүйгээр өнгөрсөн таван жилийн хугацаанд өсөлттэй гарч чадаагүй” гэж Энэтхэгийн Үндэсний эрдэс баялгийн хөгжлийн корпорацийн тэргүүн Рана Сама Сингапур улсад зохиогдсон “Asia Mining Congress”-ын үеэр бахархалтайгаар мэдэгдлээ.

Хятадын Өвөр Монгол, Шинжаан зэрэг мужид гангийн хэрэглээний өсөлт нэмэгдэж буй. Гангийн эрэлт хэрэгцээ ийн нэмэгдсэнээр өнөөдөр “глобал” гэх өргөн ойлголт дор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Манай урд хөрш Хятад бол төмрийн хүдэр, коксжих нүүрсний хамгийн том экспортлогч.

Хятадын гангийн үйлдвэрлэл ирэх таван жилд /Таван жилийн төлөвлөгөөгөөр/ жилдээ 5-6 хувиар өсөх үзүүлэлттэй гэж “Дэлхийн гангийн нэгдэл” таамагласан. Гэхдээ энэ нь урьд өмнөхөөсөө нэлээд буурсан үзүүлэлт юм. Ган үйлдвэрлэл жилдээ таван хувь өснө гэдэг нь Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс ч бага өсөлт. Хятадын гангийн үйлдвэрлэл ойрын жилүүдэд 30-50 сая тонноор нэмэгдэх нь эргэлзээгүй. Энэ нь дэлхийн металлургийн үйлдвэрлэл хийгээд коксжих нүүрсний эрэлт хэрэгцээг сэдрээх хүчин зүйл болно.

БНХАУ 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө “Гангийн үйлдвэрлэлд тоо ширхгээс илүү чанарт анхаарна" гэж тунхагласан. Ган болоод түүхий эдийн үйлдвэрлэл Хятадын эдийн засгийн өсөлтийн хувийн жинд шууд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Хятад улсад нэг хүнд ногдох гангийн хэрэглээ нь 430 ккал байгаа. Алсдаа 700 ккал болтлоо нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн чиг хандлагыг Хятад улс тодорхойлно гэсэн таамаглал бий. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 2020 он гэхэд 135 сая тонноор нэмэгдэж, 900 сая тонн ган үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь коксжих нүүрсний асар их нөөцтэй Монгол улсад таатай боломж олгоно гэсэн үгс уул уурхайн томоохон хурал чуулгууд дээр байнга сонстох болов. Манай улс ч гэсэн ойрын нэг хоёр жилээс 30 сая тонн гаруй нүүрс экспортолно гэж зорьж байгаа. 2015 он гэхэд Хятад улсын коксжих нүүрсний хэрэглээний 52 хувийг Монгол улс дангаар хангана гэх прогноз ч энэхүү зорилттой дүйж байгаа юм.

Иихэнхи ашигт малтмалын ханш зах зээлийн хуулиар, эсвэл хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ болон бусад олон хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг. Тэгвэл төмрийн хүдрийн хувьд үүнээс арай өөр. Уг түүхий эдийг худалдагч, худалдан авагч талууд харилцан тохиролцож, гэрээ хэлэлцээр байгуулан үнэ ханшийг тогтоох тохиолдол элбэг. Хятадын бодлого боловсруулагчид эрчим хүчний хэрэглээгээ бууруулах замаар хүлэмжийн хийн хэмжээг багасгахыг зорьж, гангийн үйлдвэрүүдээ хаах болсон нь ердөө жил гаруйхны өмнөх явдал. Тус улсын гангийн зарим үйлдвэр үүдээ барьснаас төмрийн хүдрийн эрэлт буурсан тал бий.

Зарим талаараа тус улын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн худалдааг хязгаарлах бодлого явуулсан нь бүтээн байгуулалтад хамгийн өргөн хэрэглэдэг гангийн эрэлтийг бууруулсан байж ч болох юм. Үүнээс болж төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг "Рио Тинто" компани төмрийн хүдрийн эрэлт буурч байгаатай холбогдуулан 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн түүхий эдийнхээ үнийг бууруулах шийдвэр гаргаж байсан билээ. Тиймээс ч төмрийн хүдрийн үнэ олонх эдийн засагчийн санааг зовоож байгаа юм.

МОНГОЛД ГАН ХАЙЛУУЛДАГ БОЛОХ УУ?

Коксжих нүүрсний арвин нөөцтэй Монгол улс өөрөө ган үйлдвэрлэдэг болъё гэсэн байр суурь идэвхтэй байгаа. Хэдийгээр энэ нь өндөр технологи, асар их хөрөнгө мөнгө шаардах ажил ч зориглон шийдэх ёстой ажлын нэг гэж үздэг эрдэмтэн судлаачид ч цөөнгүй бий. Уг нь манай улс 1970-аад оноос хар төмөрлөг буюу гангийн үйлдвэр барих талаар эрчимтэй ярьж байсан юм. Бүр нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай төмрийн үйлдвэр барих ТЭЗҮ зохиож байсан мэргэжилтнүүд нь ч одоо байж л байна. Харамсалтай нь энэ ажил тухайн үедээ МАХН-ын Улс төрийн товчоогоор дэмжигдсэн ч хөрөнгө мөнгөгүйн улмаас бүрэн зогсчээ. Экс Ерөнхий сайд Д.Содном Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа Хар металлургийн машины үйлдвэр байгуулах саналыг тавьсан ч оросууд дэмжээгүй гэсэн яриа бий.

Түүнээс хойш Монголд гангийн үйлдвэр барих тооцоо судалгаа ер хийгдээгүй байна. Төмөртолгой, Баянголын ордыг түшиглэн ган хайлуулах үйлдвэр байгуулах судалгаа хийгдсэн ч өнөө л дэд бүтцийн хүндрэлтэй шалтгаан хийгээд ЗХУ-ын дэмжлэг дутагдсанаас ажил хэрэг болж чадаагүй ажээ. Юутай ч Сайншандад Металлургийн цогцолбор барих Засгийн газрын шийдвэр гарсанд талархалтай хандах ёстой. Гэхдээ гангийн үйлдвэр барих дээрээ тулбал Төмөртэй, Баянголын сав газрыг түшиглэх нь хамгийн зөв гарц гэж зарим эрдэмтэн үздэг.

Дэлхийн жишгийг хараад байхад төмрийн нөөц баялаг ихтэй орон хөгждөг. Дэлхийн эдийн засгийг тэргүүлж байгаа эхний 20 улс бүгдээрээ төмрийн нөөц баялаг ихтэй. Нөгөөтэйгүүр аливаа улсын хөгжлийг тодорхойлдог нэг гол салбар нь металлургийн салбар. Нэг сая тоннын хүчин чадалтай ганц үйлдвэр байгуулахад л Монгол төмрийн хүдрээ гадагш зөөлгүй бүтээгдэхүүн болгоод байх боломжтой гэдэг.

Манайд төмрийн 17 орд, 100 орчим илрэл бий гэж тогтоосон байдаг. Эдгээрээс Харангатын төмрийн орд /3.9 сая тонн, Төмөр чулуутын орд /18/, Богдын рашааны төмрийн орд /60/, Төмөртэйн орд /239/ нөөцийн хэмжээгээр тэргүүлэх бөгөөд манай улс төмрийн хүдрийн нөөцөөр дэлхийд 29 дүгээрт жагсдаг юм. Эдгээр орд газарт зөвхөн төмөр биш, металл ган үйлдвэрлэхэд шаардлагатай шохой, чулуу бусад материал маш их байдаг. Тиймээс Монголд металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүхий эд нь хангалттай байгаа юм.

Манайхан төмрийн хүдрээ их хэмжээгээр зөөж байгаа. Албан бус тооцоогоор хоногт 300 гаруй вагон төмрийн хүдрийг урд хөрш рүү ачиж байгаа. Зөвхөн төмрийн хүдэр зөөгөөд зогсохгүй эрүүл хөрс шороог нь давхар ачиж явж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Төмрийн хүдрийн баяжмалаа өөрсдөө боловсруулан, үлдсэн хэсгийг нь үр хойчдоо үлдээх эсэхийг уг хуулиар шийдвэрлэх байх гэсэн хүлээлт нийгэмд байна.

Г.Идэрхангай

Нөөцөө ашиглаад гангийн үйлдвэрээ байгуулах нь зөв

Нөөцөө ашиглаад гангийн үйлдвэрээ байгуулах нь зөв

There are no translations available.

Манай улс Энэтхэгийн ком­пани­тай хамтран гангийн үйлд­вэр байгуулахаар болсон мэдээ­лэл цацагдсан ч энэ талаар холбогдох яамнаас тодруу­ла­хад "Бид мэдээ­гүй" гэсэн ха­риулт өгсөн юм. Тий­мээс ма­найд ган­гийн үйлдвэр бай­гуулах боломж хэр байгаа, ямар ач хол­бог­дол­той талаар Мон­голын төмөр­лөг, машин үйлд­вэр­лэ­лийн үн­дэсний холбооны гүй­цэтгэх захи­рал, инженер, эдийн засагч Б.Шаг­дартай ярилц­лаа. Тэрбээр гангийн үйлдвэр бай­гуулахаар 1970-аад оны эхээр судалгаа хийж байжээ.

-Дөчөөд жилийн тэртээ хий­­сэн таны судалгаагаар одоо гангийн үйлдвэр байгуулах бо­ломжтой юу?

-Манай улс хар төмөрлөг буюу гангийн үйлдвэр байгуулахаар 1970-аад оноос яригдсан зүйл. Би 1973 онд сая тоннын хүчин чадал­тай төмрийн үйлдвэр барих та­лаар тооцоо хийж гаргасан хүн. Гангийн үйлдвэр байгуулах тооцоо судал­гаа үүнээс өөр манайд хийг­дээгүй болов уу. Тэр үед Төмөр­толгой Баянголын ордыг түшиглэж үйлд­вэр байгуу­лахаар тооцоо судал­гаа хийгдсэн. Гэвч үүнийг байгуулахад дэд бүт­цийн асуудал маш хүнд байлаа. Мөн Зөвлөлт холбоот улсаас ха­маа­ралтай ма­най улсад энэ үйлд­вэрийг босгох хөрөнгө мөнгө бай­гаагүй. Миний хийсэн судалгаа МАХН-ын Улс төрийн тов­чооны хурлаар орж дэмжигдсэн ч хөрөнгө байхгүй гэдэг шалтгаа­наар орхигд­сон. Тэр үед бидэнд одоотой харь­цуулахад мэдээлэл муу байлаа. Одоо ашиг­лахад бо­ломжгүй юм байхгүй л дээ. Гэхдээ ерөнхий загварчлал нь мөн боловч түүнийг орчин үеийн ханш, тех­но­ло­гид нь зориулж өөрчлөх шаард­лагатай. 40-өөд жилийн өмнө яригдаж байсан зүйл учраас ши­нэч­лэх юм зайлшгүй гарна.

-Манайх төмрийн нөөцөөр бая­лаг орон л гэдэг. Яг нарийв­чилсан байдаг юм болов уу?

-Манай улс төмрөөр баялаг нь үнэн. Төмөртэй, Баянгол, Төмөр­толгойн ордоос эхлээд Дорно­говийн Хонгор, Чандмань, Дөрвөл­жин, Эрээний орд гэж бий. Тами­рын голын хөндий ч бас их төм­рийн нөөцтэй. Энэ орд газруудад зөвхөн төмөр ч биш, тэнд металл ган үйлдвэрлэхэд шаардлагатай шо­хой, чулуу бусад материал маш их байдаг. Тиймээс Монголд ме­тал­лургийг хөгжүүлэхэд түүхий эд хангалттай байна. Үйлдвэрийг авч явах бэлтгэгдсэн боловсон хүчин ч ма­найд зөндөөн бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулаг­дахад ОХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүд өдгөө дадлага, турш­­лагатай болж залуу үеэ бэлт­гэх чадвартай болсон.

-Төмрийн хүдрийг гадагш нь их хэмжээгээр зөөж байгаа энэ цаг үед гангийн үйлдвэрийг яаралтай байгуулах хэрэгтэй гэж үзэж, ярих болсон. Энэ та­лаар та ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр тэрбум тонн төмрийн хүдэр олборлож байгаа юм байна. Үүний 40-өөд хувийг Хятад эзэлдэг бол Бразил 24, Австрали 19, Энэт­хэг 11, Орос дөрвөн хувийг эзэлж байгаа. Хятад нь хамгийн том хэрэг­лэгч төдийгүй, томоохон экспорт­логч орон. Энэ утгаараа манайхаас төмрийн хүдрийг их хэмжээгээр зөөх болсон. Бидний судалгаагаар бол хоногт 300 гаруй вагон ачиж байгаа. Зөвхөн хүдэр зөөгөөд зог­сохгүй шороог нь давхар ачиж байна. Манай хөрс, шороо гэдэг чинь олон мянган жил тариалан эрхэлсэн Хятадын газарт бол амин дэм шүү дээ. Хямд өртөгтэй төмөр, түүнийг дагалдаад газрын ховор элемент, эрдсийг агуулсан эрүүл хөрс гарч байгаа нь үнэхээр ха­рамсалтай. Тиймээс ган­гийн үйлд­вэрийг байгуулах ажлыг түргэвчлэх л хэрэгтэй. Өөрсдөө байгуулж чад­даггүй юм аа гэхэд хятадуудаар металлургийн үйлд­вэрээ бариу­лаад хүдрээ эндээ боловсруулаад бүтээгдэхүүн бол­гоод гаргах хэрэг­тэй.

-Манай улс энэтхэгчүүдтэй хамтран гангийн үйлдвэр бай­гуулах болсон. Тэр ч байтугай Засгийн газраас хөрөнгө мөн­гөний дэмжлэг авахаар тохирсон тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар холбогдох яамнаас тод­руулахад бидэнд мэдсэн юм алга, дээр үед хийгдсэн нэг судалгаа байдаг гэснээс өөр мэдээлэл өгөөгүй. Уг нь гангийн үйлдвэр байгуулах асуудал сө­хөгдөөд 2-3 жил өнгөрөөд байгаа байх аа?

-Дээр үед хийсэн судалгаа гэдэг нь 1973 онд бидний хийсэн су­далгаа л байх даа. Үнэндээ яг энэ асуудал яаманд эзэнгүй бай­гаад байгаа юм. 2009 онд Засгийн газ­рын 320 дугаар тогтоол гэж гарсан. Энүүгээр Монгол Улсад эхний ээлжинд хэрэгжүүлэх томоо­хон төсөл жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Оюу толгой, Таван толгойн төсөл, зэс хайлуулах үйлд­вэр, хар төмөрлөгийн цогцол­бор барих тухай тусгагдсан. Өөрөөр хэл­бэл энэ асуудлыг төр нь шийд­чи­хээд байгаа байхгүй юу. Гэтэл ма­най яам тамгандаа байдаг юм уу, ураг­шаагаа хөдлөх­гүй бай­на. ЭБЭХЯ, Үндэсний хөг­жил ши­нэт­гэлийн хороо үүн дээр ажил­лах ёстой. Засгийн газраас энэ асууд­лыг ЭБЭХЯ хариуцах ёстой гэж хуваарилсан ч яаманд дотроо энэ ажлыг хариуцсан хүн байдаггүй. Тодруулбал металлур­гаа хариуц­сан хүн энэ яаманд байдаггүй юм. Бид төмөрлөг, маши­ны үйлдвэр­лэлийн хэлтэстэй бо­лох тухай са­нал тавьсан ч нэг их авч хэлэл­цэх­гүй л байгаа юм. Хөг­жихөөр тэ­мүүлж буй оронд ийм газар, хэлтэс зайлшгүй байх ёстой. Ийм шийд­вэр гарчихаад байхад эрчим хүч­ний яам юу ч дуугарахгүй ард түмэн­тэй саналаа хэлцэхгүй, мэр­гэжлийн хүмүүсээ оруулахгүй бай­на.

-Гангийн үйлдвэрийг хаана байгуулах нь зөв бэ?

-Эхний ээлжинд Төмөртэй, Баянголын сав газрыг түшиглэж үйлдвэрээ байгуулах нь зөв л дөө.

-Тэртэй тэргүй л Засгийн газ­раас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж байгаа юм чинь, гадны ком­пани оруулахгүй өөрсдөө үйлдвэр байгуулж болохгүй юм уу?

-Хамтарсан үйлдвэр эсвэл то­дорхой хөрөнгө авч л барихгүй юм бол болохгүй байх. Учир нь төм­рийн үйлдвэр барихад юун түрүүнд маш сайн технологи олох хэрэгтэй. Зөвхөн метал, хайлуу­лах асуудал биш. Хүдэр боловс­руу­лахад ч сайн технологитой байж далайцтай түүхий эд гаргаж авна. Үүнээс гадна ийм үйлдвэр бай­гуулагдана гэдэг маань бүхэл бүтэн хот тосгоны тухай асуудал давхар яригдана. Иж бүрнээр өргөн хү­рээнд яригдах асуудал учраас хөрөнгө мөнгө их шаар­дагдана.

-Гангийн үйлдвэрлэл дагаад алтны нинжа нар шиг жирийн айл өрх өөрсдөө гангийн боловс­руу­лалт хийж аж, ахуйгаа өөд нь татах боломж байх уу?

-Энэ бол нинжа нарын алт олборлохтой адилгүй. Төмрийн хүдэрт олон элемент байдаг. Тэр бүгдийг ялгаж гаргана гэдэг нь айл өрхийн хэмжээнд бус том үйлдвэр­лэлийн түвшинд яригдах асуудал. Засаг бодлогогүй алхам хийж алт хөтөлбөр шиг болгоод хаячих вий гэж айж байдаг. Энэ бол биеэ даасан том салбар. Нинжа нар шиг ком­па­ниуд оруулчихвал аюул. Нөө­цөө ч, технологио ч мэдэхгүй хүмүүс баахан шороо ухаж хаяад тараа­чихаж болохгүй.

-Гангийн үйлдвэр ашиглал­тад орлоо гэхэд манай орны эдийн засагт ямар ач холбогдол­той. Бас хор уршиг нь юу байх бол?

-Ер нь дэлхийн жишгийг хараад байхад төмөртэй орон л хөгждөг юм байна. Дэлхийн эдийн засгийг тэргүүлж байгаа эхний 20 орон бүгдээрээ төмөртэй орон байдаг. Аливаа улсын хөгжлийг тодорхойл­дог юм чинь металлургийн салбар. Манайх нэгэнт л өөрөө нөөцтэй орон учраас нөөцөө ашиглаад үйлдвэрээ байгуулах нь зөв. Ул­маар хүний хөдөлмөр шингэсэн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлснээр хүнээ ажилтай болгохын сацуу давхар хөгжүүлж байгаагаараа ач холбогдолтой. Ийм бодлогоор явах хэрэгтэй. Тэрнээс байгаа баялгаа уудлаад хүмүүст бэлэглээд зар­чихаж болохгүй. Манай түүхий эд гараад ирвэл ийм баялагтай улс аль ч салбар луу орсон дэлхийн зах зээлд ямар нэгэн бүтээгдэхүү­нээр холбогдох л ёстой.

-Нэг үйлдвэр байгуулагд­санаар хэр ашигтай ажиллах вэ. Хүчин чадлын хувьд ямархуу байвал зүгээр вэ?

-Би хувьдаа олон том үйлдвэр байгуулахын эсрэг байгаа. Сэлэнгэ орчимд л сая тоннын хүчин чадал­тай нэг үйлдвэр байгуулчихад тө­вийн хэсгийн хэрэгцээг хангаад зогсох­гүй экспортод гаргах боломж­той. Яахав цаашдаа зүүн, баруун бүст бари­вал барьдаг л юм байгаа биз. Сая тоннын хүчин чадалтай нэг үйлдвэр л байхад Монгол хүд­рээ гадагш зөөлгүй бүтээгдэхүүн хий­гээд байх боломжтой. Бэлэн бү­тээг­дэхүүн гараад ирвэл манайд ме­таллаар юм хийдэг 50 гаруй үйлд­вэр бий. Одоо ч зарим үйлдвэр хөнгөн цагаанаар "Тоyoto"-той машины тоо­ромз­ны эд анги хийгээд Япон руу онгоцоор ачиж байна. Ийм ач тустай үйлдвэр барих шийд­вэр гараад хоёр жил болсон ч хол­богдох яам, газрын хүмүүс хөд­лөхгүй байгаад мэргэжлийн хүний хувьд санаа зовж л байна.

-Манай улсыг гангийн үйлд­вэртэй болоход хоёр хөрш ихээ­хэн дургүй байдаг юм биш үү. Гадны орны энэ бодлого хүчтэй байгаагийн нэг илрэл энэ байж болох юм?

-Тийм тал бий. Дээр үед хар металлургийн машины үйлдвэр байгуулах саналыг Содном дарга Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа тавихад оросууд зориу­даар үгүйсгэж байсан. Оросын бодлогод Монгол Улсыг хөгжүүлэх бодол байгаагүйг манайхан сүүлд л мэдсэн шүү дээ. Манайхыг газар тариалангийн орон байлгаж хоол хийлгэё гэдэг утгаараа газар тариа­ланг нь дэмжиж байсан. Мах авах гэж мал аж ахуйг дэмжиж байсан.

Д.ЦОГЗОЛМА

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

-Монголд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулах цаг болжээ-

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, тус Академийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын Экспортлогчдын холбоо хамтран саяхан “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын худалдаа: өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр семинар зохион байгуулсан юм. Энэ үеэр бид Монголын Экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал, профессор Д.Галсандоржтой уулзаж ярилцлаа. Тэрээр уулзалтад “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буюу олон улсын худалдаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Монгол Улс хаанаа яваа гэдгийг мэдэх үүднээс эхлээд танаас манай улсын газрын хэвлийн баялгийн нөөцийг сонирхоё?

Манай улсын уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний олон улсын өрсөлдөх чадавхийг зэс ба жоншны баяжмалын жишээн дээр авч үзье л дээ. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн цэвэр зэсийн нөөцийг батлагдсан үйлдвэрлэлийн зэрэг ба прогнозыг нь оруулаад тооцоход 650 сая тонн байгаа. Илрүүлсэн энэ нөөц нь дэлхийн 30 жилийн хэрэглээг хангахаар байгаа бөгөөд үүнээс өнөөдөр дэлхийн улс орнууд жилд 20 сая тонн цэвэр зэсийг үйлдвэрлэж байна. Манай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд анх 1982 онд бүрэн хүч чадлаар ашиглалтад орох үедээ нэгж хүчин чадлаар дэлхийн арван үйлдвэрийн нэг байсан бол өнөөдөр 40-д орж байна. Одоо 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Манай Эрдэнэт үйлдвэрийн нөөц гэвэл 1,5 тэрбум тонн хүдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж байсан, үүнээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ашигласнаар тооцоход одоо 4 сая тонн зэсийн нөөц үлдээд байна. Оюутолгой 2,5 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөл нөөцийн тайланг баталснаар 26 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэж гарч байсныг нэмж тооцоод 30 сая тонн болсон байгаа. Үүгээр Оюутолгой яах аргагүй нөөцөөрөө Чилийн улсын үйлдвэр “Чикукамата” уурхайн дараагаар дэлхийд хоёрт орж байгаа.

Ашиглалтын явцад ямар технологиор ашиглах, зэсийн захын агуулга болон металл авалт нь хэдий хэмжээнд байх, хүч чадал, өөрийн өртөг болон хэдэн жилд ашиглах зэргээс нөөцийн тоо хэмжээ ихээхэн шалтгаална гэж үзэж байна. Дэлхийн зэсийн хэрэглээ болох жилийн 20 сая тонны дийлэнх нь буюу 54 хувь нь Азид ногдож байна. БНХАУ хоёр жилийн өмнө дэлхийн зэсийн номер нэг хэрэглэгч болж АНУ-ыг гүйцсэн. Одоо хэрэглээгээр Хятад нэгд, АНУ хоёрт, гуравт Япон, тэгээд Европ орж байна. Азийн хувьд Хятад, Тайвань зэсийн нийт хэрэглээний 60 хувийг эзэлж, дараа нь Япон, БНСУ орж, Энэтхэг улсын хэрэглээ сүүлийн үед маш эрчимтэй өсч байгаа. Дэлхийн зэсийн баяжмалын худалдаанд манай улс 550 мянган тонныг 100 хувь урд хөршид экспортлож байгаа нь дэлхийн зэсийн баяжмалын худалдааны гурван хувийг эзэлж, Чили, Австрали, Индонезийн дараа орж байгаа. Жоншны тухайд манай улс жилд 350-400 мянган тонныг үйлдвэрлэж, дэлхийн үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлж байна. Үүнээс “Монросцветмет” нэгдэл 150 мянган тонн буюу 40 гаруй хувийг гаргадаг. Үүн дотор яг дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бүтээгдэхүүн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 130 мянган тонныг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна. Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалттай, жилд 5-10 мянган тонн баяжмал үйлдвэрлэх -улирлын чанартай хувийн гурван үйлдвэр Багануур, Даланжаргаланд ажиллаж байна. Тэдгээр нь 97 хувийн агуулгатай жонш гаргаж байгаа. Жоншны үйлдвэрлэлийн үлдэх 56 хувийг бусад хувийн компаниуд гаргаж байгаа. Тэдгээр нь 75-85 хувийн агуулгатай металлургийн жонш юм. Монгол Улс хайлуур жонш олборлолтоор Хятад, Мексик ба Өмнөд Африкийн дараа 4-д явж байна. Уг нь бидэнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нөөц бололцоо их байгаа.

-Үүнээс үзэхэд манай улс байгалийн асар их баялагтай нь мэдэгдэж байна. Жоншоор л гэхэд дэлхийд ингэж дээгүүрт ордогийг тэр болгон мэдэхгүй. Жоншийг юунд хэрэглэдэг юм бэ?

-75 хувийн агуулгатай жоншны баяжмал нь металлургийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Металл хайлуултыг нэмэгдүүлж, цахилгааны зарцуулалтыг бууруулдаг. Тонн металл хайлуулахад 2 кг жоншны баяжмал хэрэглэдэг. 95 хувийн агуулгатай жоншны баяжмалыг химийн болон хөнгөн цагааны үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог. Жишээ нь, ОХУ, АНУ-ын химийн ба хөнгөн цагааны үйлдвэрүүдэд. Мөн атомын салбарын үйлдвэрүүдэд ашигладаг юм билээ. Манай Бор-Өндөрийн үйлдвэр жоншныхоо 80 хувиийг хойд хөрш болон Украйнд, үлдэх 20-30 хувийг зах зээлийн үнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань ба Тайландад гаргаж байгаа. Жоншны хэрэглээ дэлхий дээр маш их өсч байгаа. Хямралын жилүүдэд хэрэглэгч үйлдвэрүүд уналтад орсон боловч одоо эргээд хэрэглээ эрчимтэй өсч байна. Ирэх онуудад 95-97 хувийн агуулгатай жонш 200 гаруй мянган тонныг авах захиалга манайд ирсэн, бид хангаж чадахгүй байгаа. Жоншны нөөц дэлхий дээр их ховордож байгаа. Орлуулах түүхий эд байдаггүй, цаашдаа дэлхийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад ихээхэн хүндрэлтэй болж байна.

-Таны яриад байгаа зэс, жоншны экспортын худалдааг манайд яаж зохицуулж байна вэ?

-Үнэндээ манай улсад өнөөдөр экспортын зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Экспортлож байгаа эрдэс түүхий эд, бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулдаггүй. Гадаад харилцааны яамны хүрээнд Худалдааны зохицуулалтын хууль гарахаар ажиллаж байгаа. Гэтэл манай хоёр хөрш Гадаад худалдааны зохицуулалтын маш нарийн хуультай. Жишээ нь жоншны баяжмал гаргалаа гэхэд Хятад улс 15 хувийн экспортын гаалийн татвар авдаг. Мөн 2010 онд 300-400 мянган тонныг гаргана гэсэн тогтоосон квоттой. Экспорт хийдэг компаниуддаа зөвшөөрөл, сертификат олгодог нарийн зохицуулалттай. Яагаад гэвэл энэ түүхий эд дэлхий дээр ховордчихсон. Тиймээс Хятад жоншны зах зээлийн үнийг тогтвортой байлгаж чаддаг, өсгөж ч чадаж байгаа. 2010 онд жоншны баяжмалын үнэ нь өссөн, ирэх онд 20 орчим хувиар өсөх хандлагатай байгаа. Хятад улс өмнө нь 2 сая тонн, 2005 онд 1,1 сая тонн жоншны баяжмал гаргаж байсан бол одоо дотоодынхоо үйлдвэрүүдийн хэмжээг түүхий эдээр бүрэн хангах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыэ хүрээнд экспортын хэмжээгээ багасгаж байна. Гэтэл манайд ямар ч зохицуулалт байхгүй, экспортын татвар ч байхгүй.. Тэгээд ч манайх жоншийг түүхийгээр 30 хувийн агуулгатай хүдэр хэлбэрээр гаргаад Орос, Хятадын баяжуулах үйлдвэрүүдийг ажиллуулаад байдаг. Хойд хөрш ОХУ Хятадтай адил, мөн нарийн зохицуулалттай хуультай,импортын өндөр татвартай. Гэхдээ тэнд эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас манайх ОХУ-д жоншоо өндөр үнээр өгч байгаа. Зэс,алтны олон улсын худалдааг биржүүд мөн зохицуулдаг. Жишээ нь, Лондонгийн алт, мөнгөний бирж дээр алт, мөнгөний үнийг тогтоож, чанар, стандартыг гаргаж байна. Лондонгийн металлын бирж (ЛМБ) ирж дээр зэсийн үнийг тогтоож, хайлах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийг бүртгэж чанарын гэрчилгээ өгч байна.

-Нэгэнтээ алт гэж ярьсных манай алтны экспорт хэцүүдэж байгаа дуулддаг. Улсад тушаагдсан юм байхгүй, хаашаа гараад, хэнд мөнгө нь очоод байна вэ. Зэс, жонш шиг бас л зохицуулалт үгүйлэгдээд байх шиг...?

-Алтан дээр манайд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулчихсан, үүнээс шалтгаалаад өмнө нь жилд 20 орчим тонн алт тушаадаг байсан бол одоо 4,5 тонн болчихсон. Гол олборлогч Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” алтаа Монголбанкинд тушаахгүй, шууд Канад болон Английн цэвэршүүлэх үйлдвэрт явуулж байх жишээтэй. Өнөөдөр хичнээн тонныг ямар агуулгатай алт гаргаж байгааг манай Геологийн төв лаборатори болон Сангийн яамны дэргэдэх “Зоос гоёл”-ын үйлдвэрийн лабораториуд давхар сорцлол хийж байна уу, үгүй юу гэдэг дээр гайхаж байгаа. Харамсалтай нь ганц алт ч бус, зэс болон бусад эрдэс түүхий эд дээр 68 хувийн татварыг “Эрдэнэт” болон “Монголросцветмет” зэрэг улсын үйлдвэрүүд төлөөд байхад Тогтвортой байдлын гэрээтэй “Цайрт минерал” төлөхгүй байгаа ш дээ. Оюутолгой ч Монголын ЗГ-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу чөлөөлөгдөж байгаа.

-Зэс, алт, хайлуур жоншны дэлхийн үнийг яаж тогтоодог вэ?

-ЛМБ дээр зэс, цайр, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга гэсэн өнгөт металлын үнэ, чанар стандартыг тодорхойлж байна. Өдөр бүр тэнд зэсийн үнийг тухайн өдөр, сар, 3, 9 ба 27 сарынх нь дундаж үнийг тогтоож байгаа. Чили, Канад, Австралийн зэсийн томоохон үйлдвэрүүдийн өөрийн бүрэн өртөг зардал нэг тонн цэвэр зэс гаргахад 1500-1900 ам.доллар байна. Манай “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэр болохоор зардал их өндөр , тонн нь 3000 ам.долларын өөрийн өртөгтэй байдаг. Зөрүү нь хэд байна вэ. Үүн дээр манайх 68 хувийн татвар авч байна, саяхан Сангийн яамнаас бас үнийн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны татвар ногдуулчихсан байгаа. Энэ бүхэн нь олон улсын механизмд нийцэж, тохирч байна уу. Энэ нь экспортын эрдсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын буруулж байна. Гэтэл олон улсын биржийн агуулахууд дэлхийг тойроод байж л байна. Мөн химийн шинжилгээ хийдэг лабораториуд ч байна. Гэтэл манайд биржийн стандартад хүрсэн нэг ч лаборатори алга, Замын-Үүд дээр ч байхгүй. Биржийн бус түүхий эд буюу гянт болд, молибден, нүүрс, хайлуур жонш ба төмрийн хүдрийн үнийг томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үнийг харгалзан тогтоодог. Харин Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэс 99.99%-ийн агуулгатай байна, хэмжээ нь 25кг байна гэх мэтээр зэс зэрэг бусад түүхий эдийн чанарын стандартыг гаргачихаж байна. Манай эрдэс түүхий эд, бүтээгдэхүүн ийм стандарт болон итгэмжлэл аваагүй, түүнд хамрагдаагүйгээс манай цэвэр зэсийг зүгээр л барилга зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэнэ үү гэхээс биш, машин, онгоцны үйлдвэрлэлд (“Мерседес”, “BMW”, “Бионг” , “Айробус” зэрэг үйлдвэрт) хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл цахилгаан дамжуулах, чанар, бат бөх зэрэг 5 үзүүлэлтүүдээс зөвхөн 2-ыг нь хангаж чаддаггүйгээс тэр.

Уг нь манай гадаад худалдаа эрчимтэй өсч байна. 2010 оны 11 дүгээр сарын байдлаар экспорт 2,5 тэрбумд хүрсэн. Энэ дотор алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш,нүүрс зэрэг гол зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн өсч экспорт нь нэг тэрбум 973 сая ам.долларт хүрч, нийт экспортын 77.4%, бусад эрдэс түүхий эдийг оролцуулаад 80 гаруй хувийг эзэлж байна. Нүүрс ч мөн адил өсч, 14 сая тонныг гаргасан буюу экспортын орлого нь 734 сая ам.долларт хүрээд байна.

-Тэгвэл өнөөдөр манай гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин ямар байна, зах зээл нь хаана хаана байна вэ?

-Хоёр хөршийн дунд байдаг, далайд гарцгүй учир дийлэнх нь Хятад руу гарч байна. Хэрэглээ ч ер нь тэнд байгаа. Цаашаагаа гаргахад манайх тээврийнхээ зардлыг даадаггүй. Тэгээд ч манай зэсийн баяжмал 24 хувийн агуулгатай, бусад нь шороо тээвэрлэж байна. Оросын 49%-ийн оролцоотой “Эрдэнэт” үйлдвэр хүртэл жилийн гэрээг барууны худалдааны зуучлагч компаниудтай хийгээд зэсийн баяжмалаа бүгдийг нь Хятад руу гаргаж байна. Цайр гэхэд л үйлдвэрийн хувьцааны дийлэнх нь хятадуудын мэдэлд байдаг учир мөн 100% урагшаа гаргаж байна. ТУЗ-д нь хятадууд байдаг учир үнийг тэд барьж, тогтоож байна. Цэвэр зэсийн хувьд өндөр өртөгтэй, тээврийн зардлаа даах учраас Хятадаас гадна БНСУ болон Америк руу гаргаж байна. Алт мөн адил өндөр үнэтэй байгаа учраас АНУ , Англи руу экспортлож чадаж байна. Гэхдээ түрүү хэлснээр алтны тушаалт өмнө нь 2009 онд 12 тонн байсан бол энэ онд дөнгөж 4,7 тонн болж илт буурсан. Хувийн компаниуд алтаа тушаахгүй байгаа. Хилээр бус хууль бусаар гарч байгаа нь ч бий байх, Гэнэтийн ашгийн татварыг цуцлагдахыг хүлээж байгаа тал ч бий байх. Энэ хууль 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болохоор алтны тушаалтын тоо хэмжээ нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Төмрийн хүдрийн баяжмал мөн ялгаагүй, 60 хувийн агуулгатай, 100 хувь Хятад руу явж байна. Жоншны хувьд өндөр чанартай, өртөгөө дааж чадаж байгаа учир ОХУ, Америк руу гарч байгаа. Эрдэс түүхий эдийн боловсруулалтын тухайд түвшинг дээшлүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг төрөөс ихээхэн дэмжих хэрэгтэй байна. Энэ талаар ЭБЭХЯ “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх” гэсэн концепц боловсруулаад Засгийн газар, УИХ-д оруулчихсан байгаа гэсэн. Энд хэрэв эцсийн бүтээгдэхүүн гаргавал төр, засаг ямар урамшуулал, дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг чухал. Сангийн яам үнийн өсөлтийн нэмэгдсэн татвар гэж уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд, мэргэжилтнүүд, хүрээлэнгийн саналыг нь аваагүй тогтоочихсон, хэрхэн хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа.

-Тэгэхээр манайх эрдэс түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр гаргаж чадаж байна уу? Жишээ нь, Сангийн Яам, ЭБЭХЯ-аас уул уурхайн түүхий эдийн жишиг үнэ тогтоох журам гаргасан. Тэр нь дэлхийн зах зээлийн үнийг барьж чадаж байгаа юу?

-Жоншны хувьд “Монголросцветмет” дэлхийн зах зээлийн үнээр өгч чадаж байгаа. Олон улсын худалдааны зарчмыг барьж чадаж байгаа. Жишээ нь, 95 хувийн агуулгатай жоншоо 254-320 ам.доллараар Орост нийлүүлж байна. Түрүү хэлснээр биржийн бус бараа болох учир жоншин дээр томоохон үйлдвэрлэгч БНХАУ ФОБ үнийг үндэслэн экспортын дундаж үнийг тогтоодог. Английн “Индустриал минерал” компаниас энэ үнийг сар бүр зарладаг, долоо хоног бүр бидэнд ирүүлдэг. Бид түүнийг нь таван мянган ам.доллар төлөөд мэйлээр авдаг. Жишээ нь, энэ 11, 12-р сарын байдлаар 97 хувийн агуулгатай жоншны баяжмалын дундаж ФОБ Хятадын үнэ дэлхийн зах зээл дээр 290 ам.доллар байна. Гэхдээ энэ үнэ манайд “хорогддог”. Яаж гэхээр бид 95 хувийн агуулгатай жонш гаргаж байгаа болохоор 2 хувийн агуулгын зөрүү гээд 6 доллар хасагддаг. Дараа нь Хятадын Тянжин портоос Эрээн хүртэл тээвэр, ачиж буух зардал, мөн даатгалын үнэ гээд 35 долларыг хасчихдаг. Тэгээд Эрээнээс Бор-Өндөрийн тээврийн зардал 8 доллар бас хасагдана. Эргээд ОХУ руу гаргахад Наушик руу ачсаных 16 доллар гээд үндсэн үнэ нь 257 ам.доллар болж байгаа юм. Энэ үнэ маш тодорхой, ил тод, олон улсын формулаар хийж буй нь юм. Гэтэл бусад компаниуд ийм стандарт, формулыг ашигладаггүй. Харин бидний баяжмал экспортлож байгаа энэ үнийг үндэслээд ЭБЭХЯ жоншны жишиг үнэ тогтоочихдог. Яахав тэдний агуулга 75, 85, 92 гэсэн янз бүрийн хувьтай, бага байгаа л даа. Жишээ нь, 75 хувийн агуулгатай, металлургийн жоншийг өнөөдөр 90- 100 ам.доллараар борлуулж байна. Хувийн компаниудын хувьд ихэнх нь өөрийн ордгүй, тэд хувийн компани ,хувь хүмүүсээс жоншны баяжмал, хүдэр худалдан авч байна. Тэд жоншоо ченжүүдээс аваад хил дээр Орос, Хятадын мөн адил ченжүүдэд 60-80 ам.доллараар хямд өгчихдөг. Түүнийг нь Тянжиний агуулахад 75, 85 ба 92 хувийн агуулгаар нь түүж ангилаад цааш нь Япон, Солонгос, Америк руу гаргаж байгаа. Жоншны худалдаа өнөөдөр ийм л байдалтай байна.

-Тэгвэл зэсийн баяжмалын худалдах үнийг яаж тогтоож, гэрээг хийдэг вэ?

-Энэ бол их хэцүү. Өнгөт металл болохоор. Энд зэсийн баяжмал дотор байгаа алт, мөнгө, бусад металл болон хортой элементүүдийг тооцдог. “Эрдэнэт”-ийн зэс нь 24%-ийн агуулгайтай, түүнд мөнгө тоннд 70 грамм байдаг, түүнээс дээшийг яг л нөгөө олон улсын формулаар төлдөг. Хортой элемент байлаа гэхэд агуулгыг нь тооцоод 0,2 хувиас дээш бол торгууль тооцож, хасалт хийгээд явдаг. Цэвэр зэсийн үнийг өмнө нь хэлснээр Лондонгийн металлын бирж дээр тогтоодог. Харин зэсийн баяжмалынх нь үнэ зах зээл дээр тогтдоггүй. Хайлах, цэвэршүүлэх зардал- TC/RC гэж олон улсад хэлж заншсанаар худалдан авагчтай түүний түвшинг тохиролцох замаар гэрээ хийдэг. Дэлхийн хайлах үйлдвэрүүдэд зэс хайлах явцад 1-1,2 хувийн алдагдал гардаг. Энэ оны хувьд Чили, Канад, Индонез зэрэг орнуудын зэсийн баяжмал үйлдвэрлэгчид Японы зэс хайлах үйлдвэрүүдтэй тохиролцож гэрээ хийсэн жилийн TC/RC-ын дундач түвшин Японы эрэг дээр СИФ үнээр 46 ам.доллар/тн, 4.6 цент/ фунт байсан. Уг манай Эрдэнэт үйлдвэр баяжмалаа DAF-Эрээн-Монгол Хятадын хил нөхцлөөр борлуулахдаа Японоос Хятадын порт, Тянжинээс Эрээн хүртэл тээврийн зардал 75-85 ам.долларыг хасч TC/RC-ыг тооцох ёстой. Хайлах, цэвэршүүлэх зардлыг жилийн, улирлын болон сарын гэх мэтээр 2-3 янзаар тохирч хийдэг. Манай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гаргаж байгаа 550 мянган тонн баяжмалаа борлуулах гэрээгээ жилээр хийчихдэг. Энэ онд TC/RC-ыг 8.5 ам.доллар/ тн, 8.5 цент/ фунт түвшингээр тохирч гэрээлсэн, өөрөө хэлбэл хайлах, цэвэршүүлэх зардлаа өндөр тохирч байгаа ихээхэн алдагдалтай арилжаа хийж байгаа. Олон улсын зэсийн зах зээлийн шинжээчдын судалгаагаар Эрдэнэт үйлдвэр жилд ойролцоогоор 100 сая доллар алдаж байна. Зөвхөн зах зээл дээр зэсийн баяжмал илүүдэлтэй байна уу, хорогдолтой байна уу, мөн хайлах, цэвэршүүлэх үйлдвэрүүд дэлхийн хэмжээний хүчин чадлынхаа хэдэн хувийг ашиглаж байна, зах зээлийн үнэ хэд байна гэдгээс TC/RC-ын хэмжээ хамаардаг. Энэ бүхнээс үзэхэд манай зэсийн үнэ дийлэнх нь урагшаа гарч байгаа учир Хятадын хайлах, цэвэршүүлэх TC/RC-ээр гэрээ хийх, сар ба улирлын спот зэсийн хайлах,цэвэршүүлэх үнээр баяжмалаа борлуулах ихээхэн боломж байна., Хятадын хайлах, цэвэршүүлэх зардал дэлхийн түвшингээс байнга доогуур байдаг.

Үүн дээр баяжмал гаргаж буй үйлдвэр болон худалдан авагчийг дэмжсэн, төлбөрийг ачсан сар, ачсаны дараахь сар гэх мэтээр аль нэгийг худалдан авагч сонгож, тэр сарын Лондонгийн биржийн дундаж үнээр төлбөрөө хийдэг. Нөгөөтэйгүүр зэсийн үнэ 1800 доллараас доош байвал баяжмал гаргаж буй үйлдвэрийг, дээш бол худалдан авагчийг дэмжсэн механизм олон улсад мөрдөж байна.

Ярилцсан Б.БОЛД