Thursday, April 14, 2011

Тавантолгойд Орос, Япон, Өмнөд Солонгосын туг намирах цаг айсуй

Тавантолгойн Баруун Цанхийн хэсгийг "эзэгнэнхэн төрөх" стратегийн хөрөнгө оруулагчийг Монголын Засгийн газар ирэх зургадугаар сард багтаан тодруулах ёстой. Анхан шатны шалгаруулалтаас олон улсын 22 компани, корпораци эцсийн хариуг хүлээх эрх авсан. Тэр эрхийг хөрөнгө оруулах, олборлох, борлуулах, үүрэг дагалдахын зэрэгцээ Засгийн газрын анхнаас нь зарласан урьдчилгаа төлбөр төлөх тулгалт ч дагалдана. Хөрөнгө оруулагчид тэрхүү болзлыг сонссон ч саналаа эргүүлж татаагүйг бодоход 0.5-2 тэрбум ам.долларын урьдчилгаа хялбархан санагдсан байж болох.

Гэхдээ ийн Засгийн газарт мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжийг олгосноороо тэд Хятадын нийт нүүрсний хэрэглээний 50 хувийг Монголоос хангах ирээдүйн зорилгод өөрсдийн давуу эрхийг патентжуулж чадах юм. Цаашилбал, шинэ төмөр замын төслөөр дамжуулж, дэлхийн үнэ цэнэтэй хэрэглэгчдэд Тавантолгойн нүүрсийг зарах боломжтой болно. Олон, олон давуу талын төлөө ийнхүү эрс шийдэмгий өөр хоорондоо өрсөлдөж буй хөрөнгө оруулагчдын хамгийн хүчтэй нь Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консерциум. Оросын эрх баригчид энэ консерциумд "Оросын төмөр зам" нийгэмлэгээр дамжуулж нөлөө бүхий хамтрагч нь болсон.

Японы хувьд "Иточу", "Сожиц", "Сумитомо", "Марубени"-аас бүрдсэн бизнесийн хүчирхэг ам бүлийг бүрдүүлчихсэн. Өмнөд Солонгос магадгүй хамгийн хүчтэй нь байж болох. Учир нь тус улсын "Лотте" группээр ахлуулсан багт Өмнөд Солонгосын 40 орчим том компани багтсаны дээр төрийн мэдлийн Төмөр замын газар нь ч хувь оруулчихсан байгаа. Дээр нь, Ерөнхий сайдын С.Батболдын айлчлалын үеэр "Лотте" группийн удирдлагууд "Бид Өмнөговь-Чойбалсанг холбосон 1040 км төмөр замыг барина. Үүндээ гурван тэрбум ам.доллар зарцуулна" хэмээн гэрээ байгуулсан.

Оросын тал ч тэднээс урьтаж "Төмөр замын тээврийн хөнгөлөлтийг 65 хувьд хүргэж, 25 жилийн хугацаанд тогтвортой барина" гэх амлалт өгсөн. Энэ нь бусад өрсөлдөгчдөөсөө илүүрхэж буй тус консорциумын давуу тал. Засгийн газраас барьж буй гуравдагч зах зээлийг нээх уралдаанд тэд мөн л Японыг эгнээндээ нэгтгэчихсэн. Гайхалтай гэмээр тэдний хоршил Тавантолгойн баруун Цанхыг эзэгнэх эрхийг шууд утгаар нь нээж болох. Энэ тал дээр Засгийн газар хараахан шийдээ гаргаагүй байгаа ч "Тавантолгойд Орос, Япон, Өмнөд Солонгосын туг намирах цаг айсуй" хэмээн дүгнэж болох биз. Үүний төлөө тэд Тавантолгойг тойрсон дэд бүтцээс гол амин судас нь болох төмөр зам дээр бүхэлд нь ашиг сонирхлоо хатгаж чадсан нь ойлгомжтой.

Харин "Шинхуа Энержи" болон "Мицуй"-ийн нэгдлийн тухайд энэ өрсөлдөөнд хэр удаан бие дааж оролцох нь тодорхойгүй байна. Дэлхийн эрчим хүчний салбар дахь нөлөөгөөрөө бусад хөрөнгө оруулагчдыг манлайлдаг "Пибиди Энержи" групптай байгуулсан консорциумаасаа "Шинхуа Энержи" саяхан өрх тусгаарласан. Тэд өдгөө өөр өөрийн хамтрагчидтай тус, тусдаа Тавантолгойн төлөө өрсөлдөж буй. Гэхдээ "Шинхуа Энержи"-ийн хувьд ямар ч тохиолдолд Тавантолгойгоос эрх ашгаа салгахгүй гэсэн дүгнэлт эдийн засагчдын дунд бий. Иймд "Шинхуа Энержи" Орос, Япон, Өмнөд Солонгосын консорциумд багтах боломжийг хайх цаг ойрхон бололтой.

Азийн зах зээлд өөрсдийн хүчийг аль хэдийн "тунхаглаж" чадсан "Мицуй"-г ч Японыхоо хөрөнгө оруулагчидтай нэгдэхийг үгүйсгэх аргагүй. Ийнхүү хөрөнгө оруулагчид цаашид улам бүр зузаарлаа гэхэд энэ нь монголчуудад ашигтай. Харин "Пибоди энержи" болон Люксембургийн "Арселор Метал", Бразилын "Вале", Австрали, Швейцарийн "Экстрата" группуудын хувьд Монголд өөр төсөл хайх шаардлага гарах цаг ойрхон байна. Засгийн газраас энэ талаар өгөх тайлбар нь "Та бүхэнд дэд бүтэц, төмөр зам, боомтын чиглэлээр хамтарч ажиллах баг байхгүй байна. Ганцаараа хүчтэй байлаа гээд энэ нь Тавантолгойд ажиллах бүрэн дүүрэн боломжтой гэсэн үг биш" гэсэн өгүүлбэр байж мэдэх юм.

Тэгээд ч шийдвэр нийтлэлийн гарчигт тодруулсан хөрөнгө оруулагчдын талд эргээд байгаа нь ил тод болчихоод байна шүү дээ.

2011,04,15
Г.Отгонжаргал

No comments:

Post a Comment