МОНГОЛ УРАН
Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрсээрээ төвийн тоглогч, зэсээрээ довтлон тоглогч болж байна. Дээр нь бидэнд алт, төмөр, нефть, цайр нүүрс гэх мэт хангалттай баялаг бий. Удахгүй бид нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлнэ. Ойрын ирээдүйд дэлхийн зах зээлд алт, зэс, уран, цайр, нүүрс баталгаатай үнэд орно гэж шинжээчид үзэж байна. Дэлхийд уран олборлолт, боловсруулалтаар тэргүүлэгч Францын "Arevo" компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Долоон уул гэдэг газарт хэдэн жил хайгуул хийсний эцэст урьдчилсан байдлаар арав гаруй мянган тонны нөөцтэй ордыг илрүүлжээ. Нөөц цаашид хэд дахин нэмэгдэх боломжтой. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олборлолтын туршилт явуулж 2.5 тонн ураны хүдэр олборлосон байна. Энэ үзүүлэлт нь зургадугаар сараас үйлдвэрлэлийн туршилт эхлэх боломж олгож байгаа аж. Ураны салбарт энэ хугацаа бол маш том амжилт бөгөөд цаашид ураны үйлдвэрлэл буюу шар нунтгийн үйлдвэрийг байгуулах хугацааг богиносгоно. Манай улсад уран ийм л түвшинд боловсруулагдана. Монголд нийтдээ 65 мянган тонн ураны нөөцтэй гэх таамаг байгаа. Энэ нь цаашид өсөх өндөр магадлалтай гэнэ. Гэхдээ монголчууд дэлхийн зах зээл дээр ураны томоохон тоглогч болох ямар ч боломжгүй гэнэ. Учир манайд илэрсэн нөөц дэлхийн ураны том тоглогч болох Казахстан, Канад, Австрали, АНУ, ОХУ зэрэг том ах нарын дэргэд жижигт тооцогдоно. Одоогоор бид Франц улстай бодит гэрээ байгуулахад ойрхон байгаа гэнэ. Монгол уран дэлхийн зах зээлд нэвтрэх улмаар тойрогт багтах хамгийн дөхөм зам бол "Арева" компанитай хамтрах. Уран шар нунтаг болтлоо ямар ч аюулгүй эд. Манай хил дотор ийм хэмжээнд боловсруулагдана. Гэхдээ энэ бүхнийг хийхэд бидний хүч мөхөсдөнө. Тэр тусмаа байгаль орчин, хүний аюулгүй байдалд хамгийн ээлтэй технологи шаардагдана. Энэ бүх шаардлагыг хайгуулаас эхлээд дахин боловсруулалт хийдэг дэлхийн ганц компани болох Францын "Арева" компани хангаж байна. Тэд ураныг олборлохдоо газрын гүнд уусгах аргыг хэрэглэнэ. Энэ газраа өрөмдөж дээрээс уусмал хийх замаар уранаа цуглуулж авна. Дараа нь нүхээ усаар цэвэрлэнэ. Хөрсний гадаргууд ямар ч хохирол учруулахгүй. Газрын гүнээс авсан ураны эзлэхүүн маш бага тул хөрсний байрлалд ямар ч өөрчлөлт гарахгүй гэнэ. Дээр нь монгол ураныг зөвхөн олборлох нь өндөр ашиг олчихлоо гэсэн үг биш гэнэ. Түүнийг тээвэрлэх, хадгалж, хамгаалах, борлуулах, ашиглах гэрээ хэлцэл хийх нь дэлхийн томоохон гүрнүүдээс хамааралтай байдаг аж. Энэ бүхэнд бид цаг, хөрөнгө зарахгүй байх ганц боломж нь ураны томоохон тоглогчтой хамтрах гэнэ. Дэлхийд жилд 70 мянган тонн уран шаардлагатай. Харин өнөөгийн байдлаар жилд 50 орчим мянган тонн уран олборлож байна. Түүгээр ч зогсохгүй дахин Атомын цахилгаан станц (АЦС) баригдах төслүүд хэрэгжиж байна. Энэ нь ураныг улам үнэд оруулна гэсэн үг гэнэ. 2007 онд нэг кг уран 300 ам.доллар хүрч байсан. Харин өнөөдөр 144 ам.доллар байна. Ураны үнэ буурсан шалтгаан нь Чернобылийн АЦС-д осол гарсантай холбоотой гэнэ. Түүнээс болж олон төслүүд зогссоноор ураны үнэ буурчээ. Харин одоо сэргэж байна. Одоогийн үнээр нэг тонн уран 300 мянган ам.доллар. Харин манайд ирээдүйд хэд дахин өсөх 65 мянган тонн уран байна. Монголчууд зөвхөн уранаа үнэлэхэд л 20 тэрбум ам.доллартай болох нь. Ураны үнэ өсөх буурах, АЦС-уудын төсөл хэрэгжих эсэх нь АТС-ын аюулгүй байдлаас ихээхэн шалтгаалдаг аж.
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ АЮУЛТАЙ ЮУ?
Саяхан Японд болсон газар хөдлөлт, цунамигаас болж Фүкүшима-1 АЦС-д доголдол үүссэн. Үүнээс болж дэлхий дахинд багагүй түгшүүр төрсөн гэнэ. Чернобылийн ослоос хойш улс гүрнүүдийн түгшүүр багасч АТС-уудын сэргэн мандлын үе ирж байсан энэ цагт Японд цунами нүүрлэсэн нь ийн айдас төрүүлсэн хэрэг. Гэхдээ АЦС бүхэн аюултай биш гэдгийг францчууд баталж байгаа гэнэ. АЦС-ын гуравдагч эрин эхэлсэн бөгөөд энэ нь өнөөгийн ямар газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт, хар салхины аюулыг тэсвэрлэх чадвартай гэдэгт францчууд итгэлтэй байна. Үүнийгээ батлахын тулд тэд цаашид ч АЦС-ын төслүүдээ хэрэгжүүлнэ. Япон, Украины АЦС-уудын хувьд бол хоёрдогч үеийн технологи аж. Гэсэн ч Японы АЦС өнөөг хүртэл бодит аюул учруулаагүй байгаа нь дараагийн технологи хэр найдвартай болохын баталгаа аж. АЦС-ын гурав дахь үеийн технологийг зохион бүтээгч, хэрэгжүүлэгч нь Францын "Аrevo" компани. Зүй нь АЦС ямар нэгэн ослын үед усаар дүүрээд унтрах зарчимтай. АЦС нь ихэнхдээ 25-50 жилийн настай гэнэ. Гэхдээ энэ удахгүй уртасна, найдвартай ажиллагаа нь ч нэмэгдэх аж. Өмнө нь АЦС зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг байсан бол өнөөгийн шинэ технологиор дулаан ч хамт үйлдвэрлэнэ. Харамсалтай нь энэ удаа Японд болсон цунами хөргөх хоолойг гэмтээж, бөглөснөөс доголдол үүссэн гэнэ. Энэ бүхнээс үүдээд улс орнууд хуучин үеийн технологитой АЦС-ыг зогсоох шийдвэр гаргаж байгаа болохоос АЦС-аас татгалзаж байгаа нэг ч орон байхгүй аж.
УРАН ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь байгальд байдаг жирийн нэг эрдэс. Далаад жилийн тэртээ эрдэмтэд асар их хүчтэй эрчим хүч ялгаруулах чадвартайг нь тогтоосон аж. Түүгээр ч барахгүй цөмийн зэвсэг үйлдвэрлэж дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан Японы ард түмэн дээр туршилт хийснээр тэр их хүч нь батлагджээ. Үүнээс хойш ураны хайгуул, олборлолт, боловсруулалт эрчимжжээ. Энэ хүйтэн дайны үед эрч хүчээ авснаар судалгаа, шинжилгээний үр дүнд энхийн зорилгоор ашиглаж болох эрчим хүчний эх болох нь тогтоогджээ. АЦС-ын төслүүд 1950 оноос хэрэгжсээр өнөөгийн түвшинд хүрсэн аж. Хүйтэн дайны төгсгөлөөр ураны дайн харьцангуй намдсан ч удалгүй, дарангуйлагч засаглалтай орнууд болон алан хядагчид ураныг сонирхож эхэлжээ. Энэ нь дэлхий дахиныг ураны хайгуул, олборлолт, хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын зориулалт зэргийг хянахад хүргэж байгаа гэнэ. Монголоос гарсан шар нунтагийг баяжуулах нь АЦС-ын түлш болно. Тэр нь цилиндр хэлбэрт орох ба түүнийг мэргэжилтнүүд харандаа гэж нэрлэнэ. Нэг харандаа нь нэг сантиметрийн диаметртэй, дөрвөн метр, 2.2 кг цилиндр болно. Олон ийм түлшийг АЦС-д байрлуулснаар 25-50 жил эрчим хүч гаргаж авна. Сонирхуулахад нэг грам уран нэг тонн нефтин бүтээгдэхүүний үйлдвэрлэх дулаантай тэнцдэг гэнэ.
ХЭН АЦС ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
( Хүснэгт)
2006 оны байдлаар дэлхий дээр 31 орон дунджаар эрчим хүчнийхээ хэрэглээний 16 хувийг АЦС-аар хангаж байна. Энэ нь 441 АЦС 369 мегаватт цахилгаан эрчим хүч гэсэн үг юм. Атомын эрчим хүчний үйлдвэрлэлээрээ АНУ 780 тэрбум кв/цаг, Франц 430 тэрбум кв/цаг, Япон тэрбум 208 кв/цагаар тэргүүлж байна. Үүнээс Франц улс нийт цахилгааныхаа хэрэглээний 79 хувийг АЦС-аас хангаж байна.
МОНГОЛД АЦС ХЭРЭГТЭЙ ЮУ?
Өнөөгийн нүүрсэн түлштэй цахилгаан станцууд радио идэвхт хий ялгаруулж хүний эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулдаг. Мөн тэндээс ялгарсан түлшний үлдэгдлийг газар булах ёстой. Эс тэгвээс хүний мэдрэл дотоод эрхтэнд нөлөөлдөг аж. Гэтэл манайхан жижиг байшин барихдаа шатсан нүүрсний үлдэгдлийг ханын материалын зуурмагт ашиглах явдал байдаг. Харин АЦС байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээс гадна эдийн засгийн асар их хэмнэлттэй гэнэ. Энэ нь манайд зайлшгүй АЦС барих шаардлагатайг харуулна. Одоогоор манайд түүхий эд, станц барих хөрөнгө байгаа боловч боловсон хүчин, байгаль орчны нөхцөл байхгүй гэнэ. Учир нь өндөр мэргэжлийн олон ажилчдаас гадна өвөл, зунгүй хөлдөхгүй байх асар том усан сан шаардлагатай. Гэхдээ энэ бүхнийг яваандаа шийдэх боломжтой гэнэ. Манай улсад 900 мгв-ийн хүчин чадалтай АТС байхад нэг хэсэгтээ хүрэлцээтэй. Түүнийг барихад хоёр тэрбум ам.доллар, дөрвөн жилийн хугацаа шаардлагатай.
Thursday, April 14, 2011
Монголын ураны нөөц нэмэгдэж байна
АЦС-уудын байршил. Зураг дээрх тод хараар тэмдэглэгдсэн хэсэг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс
Х.БАТТӨГС
Labels:
УРАН
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment