Friday, April 15, 2011

536=1

өлбөмбөгийн хэллэгт нэгийн эсрэг хоёр гэдэг үг бий. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлд өрнөж буй үйл явдлыг тоймлон харвал 536+1 буюу 536<1 гэх эдийн засгийн томьёолол үүсээд байна. Энэ хоёр тоо аль, аль нь бидэнд ашигтай агаад 536+1 гэх нэмэгдэхүүний явцаас 536<1 эсвэл 1<536 гэсэн асуулт үүсээд байгаа юм.


Тавантолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нэгэн түүхэн шийдвэр гаргасан нь иргэн бүрт хувьцаа тараах явдал. Кокжсон нүүрснийхээ чанараар дэлхийд нэг­дүгээрт жагсч буй Тавантолгойн хэвлий доорх байгалийн баялгаас монгол иргэн бүр ижил тэгш эрхтэйгээр 536 хувьцаа эзэмшиж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсон. Олон улсын хөрөнгийн зах зээлд тус компанийн хувьцаа арилжаалагдах хүртэл 536 ширхэг хувьцаагаа зарж, борлуулж, өвлүүлж, шилжүүлж болохгүй журамтай. Энэ нь иргэдийг хувьцааны ханш тогтоогүй байхад хямд үнээр борлуулж, үр ашиггүй үлдэхээс сэргийлсэн хэрэг. Иргэн бүрт оногдох энэхүү 536 ширхэг хувьцаа нь энгийн гэх тодотголтой.

Харин өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас иргэн бүрт нэг ширхэг “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцаа өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Гэхдээ энэ шийдвэр албан ёсоор баталгаажаагүй, хэрхэн өгөх тухай журам ч эцэслэн гараагүй байгаа. Ингэхэд, давуу эрхийн хувьцаа гэж юу болох, энэ ганцхан ширхэг хувьцаа энгийн 536-гаас юугаараа давуу бас дутуу болохыг олон нийтийн зүгээс багагүй сонирхож буй.

Давуу эрхэт хувьцаа нь урт хуга­цаат санхүүжилтын нэг хэлбэр аж. Зээлийн ба хувьцаат капиталын аль алиных нь шинж чанарыг агуулсан байдаг. Банкны зээл, бондын хүүтэй адил анхнаас нь тогтоосон тогтмол ногдол ашигтай. Түүний­гээ энгийн хувьцааны ногдол ашиг хуваарилахаас өмнө авах эрх­тэй бөгөөд уян хатан буюу хөвөгч байдлаар ногдол ашгийг тогтоож болно. Уг хувьцааны ханшийг зах зээл дээрх зээлийн хүүгийн хэмжээтэй, ялангуяа Засгийн газрын үнэт цаасны хүүтэй уялдуулан тогтоодог юм байна.

Стратегийн бүх ордоос ашиг хүртэнэ гэв үү

“Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцаа “Эрдэнэс Таван­толгой”-н 536 хувьцаанаас тэс өөр. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-н 536 шир­­хэг хувьцаа эзэмшигч иргэн та давуу эрхийн хувьцааны ног­­дол ашиг төлсний дараа хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоо­сон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй болно. Харин энгийн хувьцаа эзэмшигч нь компанийг татан буулгасан тохиолдолд үлд­сэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх ёстой. Компаниас нэмж гаргах хувьцааг худалдан авах эрхтэй. Мөн эзэмшиж буй хувьцаагаа эргүүлээд тухайн компанийг худалдан авахыг шаардах эрхтэй. Хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах, хувьцаагаа бусдад ху­дал­дах, бэлэглэх, өвлүүлэх, удирд­лагад нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг юм байна.

Стратегийн гэх тодотголтой ор­дуу­дын хувьцааг эзэмшиж, тэд­­­­гээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд орсон тохиолдолд ашиг хүртэх эрхтэй “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэн тохиолдолд Монгол Улсын иргэд стратегийн гэх тодотголтой 15 ордоос ашиг хүртэх юм. Мон­гол Улсын Засгийн газраас тодорхойлсон стратегийн орд газ­руу­дад Тавантолгойн коксжсон нүүрсний орд, Нарийн сухайтын чулуун нүүрсний орд, Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордууд, Мардай, Дорнод, Гурван­булагийн ураны ордууд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн зэс молибденийн ордууд, Бүрэнхааны фосфорит, Бороогийн алт, Асгатын мөнгө, Төмөртэйн овооны цайр, хар тугал­гын ордууд багтдаг бөгөөд энэ бүх орд газрыг эргэлтэд оруулах, хувьцаа хуваарилах эрхийг “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанид хуулиар олгосон. Тэгэхээр “Эрдэнэс МГЛ”-ийн гэх давуу эрхийн хувьцаанаас иргэн бүрт хуваарилсан тохиолдолд юун Тавантолгойн 536 ширхэг хувьцаа, гараад өгөх юм биш үү. Ганцхан ширхэг энэхүү хувь­цаанд монгол иргэн бүхнийг баяжуулах шид бий. Монгол Улсын стратегийн гэх ордууд эдийн засгийн эргэлтэд орох бүрт иргэд энэхүү давуу эрхийн хувьцаагаараа Тавантолгойн 536 ширхэг хувьцаанаас илүү ашиг хүртэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл 536 ба нэг ширхэг хувьцааг жингийн туухайгаар жинлэвэл 536<1 илүү жин дарна гэсэн үг.

Давуу эрхтэй хувьцааны давуу болон сул тал

“Эрдэнэс MГЛ”-ийн давуу эр­хийн хувьцааг эзэмшсэнээр тат­варын дараах цэвэр ашгаас хамгийн түрүүнд хувьцааны ногдол ашгийг хүртэнэ. Хэрвээ компани дампуурсан тохиолдолд хөрөнгө хуваарилалтыг энгийн хувьцаа эзэм­шигчээс түрүүлж авах эрхтэй. Мөн стратегийн 15 ордын хувьцаа эзэмшигч болох бол, өмнөх 536 ширхэг хувьцаа зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-д хамаарах юм. Хэрэв компани бэлэн мөнгөний хомсдлоос шалтгаалаад тухайн жилдээ ногдол ашгийг өгөөгүй бол дараа жилд хоёр жилийн ногдол ашгийг нөхөн авах эрхтэй. Нэмэгдэл ашгаас хувь хүртэх боломжтой. Мэдээж давуу эрхийн хувьцаанд ч бас сул тал бий. Тухайлбал, давуу эрхтэй хувьцааны эрэлт бага байдаг. Учир нь, хөрөнгө оруулагчид бонд эсвэл энгийн хувьцааг илүүд үзэх нь бий. Энгийн хувьцаатай харьцуулахад ногдол ашиг нь хязгаарлагдмалаас гадна бусдад өвлүүлж, шилжүүлж, худалдах эрхгүй. Ийм л хоёр эсрэг тэсрэг хувьцааны эзэн болох түүхэн завшаан монголчуудад тохиож магадгүй нь. Ингэсэн тохиолдолд монголчууд бүгдээрээ баяжиж, бүгд саятан болох боломжтой. Гэхдээ энэ үйл явцад эрх баригчдын зүгээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсчихгүй бол шүү дээ.
2011.04.15
Ж.ЭРХЭС

No comments:

Post a Comment