Friday, April 15, 2011

Д.Бат-Эрдэнэ: Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэн ч онцын ялгаа гарахгүй

Г.Отгонтуяа

"Моннис интернэшнл" ХХК-ийн дэд захирал Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай компани Геологи Судалгаа, Эрдэс Баялгийн Шинэ төсөл гэсэн хэлтэстэй болсон юм байна. Энэ хэлтсийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?

-"Моннис интернэшнл" нь Монголын уул уурхайд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа компани. Манай компани уул уурхайн томоохон техник технологи болох Liebherr, зэрэг дэлхийн томоохон компаниудын тоног төхөөрөм жийг оруулж ирж Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж чадаж байгаа. Энэ утгаар нь томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэж тодотгож байна л даа.

-Шинэ хэлтсийн чинь нэрийг сонсохоор судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Одоогийн байдлаар ямар төсөл судалгаан дээр ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жилээс "Моннис" компанид геологи хайгуул, ашиглалтын лицензтэй олон аж ахуйн нэгжууд хандсан. Тэр олон компануудын тавьж байгаа санал бол ихэнхи тохиолдолод тодорхой обьектүуд дээр хөрөнгө оруулах, хамтарч ажиллах тухай юм. Бид санал болгож буй орд, илэрцүүдтэй газар дээр нь очиж үзэх, байгаа геологийн болон ашиглалтын баримт бичгүүдтэй танилцаж дүгнэлт гаргадаг юм. Яг одоо санал болгож байгаа хэдэн нүүрс, төмөр, алтны обьектүүдийг судалж байгаа.

-Үйл ажиллагааны чинь чиглэлээс харахад, уул уурхайн салбарт өөрсдийн хүрээнд судалгаа явуулна гэж байна. Та мэдээж Геологич хүний хувьд монголын уул уурхайн хөгжлийг хэрхэн харж байна?

-Монголын байгалийн баялаг руу дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулаад эхэллээ. Дээр нь Оюутолгой, Тавантолгой гээд томоохон ордууд дэлхийн анхаарлын төвд ороод байна. Хятад хэдий том ч олон жилийн турш эрчимтэйгээр ашигт малтмал ашиглаад ирсэн болохоор хомсдолд ороод эхэллээ. Тиймээс бид өнөөдөр хаана, яаж ажиллахаа шийдэхийн тулд хамгийн түрүүнд зах зээлээ судлах хэрэгтэй. Ямар ашигт малтмал илүү байна, хэнтэй ажиллах вэ гэдгээ судлах ёстой. Жишээлбэл Хятад гэхэд нүүрсний хэрэгцээ маш их. Нүүрс гэхэд Хятад Орос хоёртой л харьцана. Учир нь одоо яриад байгаа 25сая тонн нүүрсийг Японруу тээвэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Холын орнууд болох Америк, Тайвань руу явуулах боломжгүй. Тэдэнд ховор мөталл, алт мөнгө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл онгоцоор тээвэрлэж болохоор ашигт малтмалыг гаргах нь чухал. Манай улс жонш гаргаж байна. Гэхдээ ихэнхдээ Орос, Хятад руу. Учир нь энэ хоёр улс маш том гангын үйпдвэртэй. Харамсалтай нь манайх ганцхан төмөр замтай болохоор их хэмжээгээр ашигт малтмал, эрдсийн боловсруулсан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хэцүү болчихоод байгаа юм. Хамгийн ойрхон гэхээр л Орос, Хятад руугаа хандахаас өөр аргагүйд хүрээд байна.

-Манайд ураны олборлолт ч мөн чухалд тооцогдох болсон?

-Тиймээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх байдлыг харах хэрэгтэй. Өнөөдөр Японд үүссэн нөхцөл байдлаас харахад ирээдүйд удаан хугацаагаар цөмийн энергийн аюулгүй байдлыг харж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол аюул гамшиг нүүрлэж эхэлж байна. Атомын цахилгаан станцыг дагаад ураны асуудал ч мөн яригдаж эхэлнэ. Магадгүй Япон шиг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа орон Атомын цахилгаан станцаас татгалзаж эхлэх асуудал ч яригдаж мэднэ. Үүнийг ганцхан өнөөдөр шийдэхгүй ч хэдэн сарын дараа тодорхой болно. Хэдий аюулгүй байдлыг дээд зэргээр харгалзаж бүтээсэн ч байгалийн гамшиг бүхнийг нурааж байна.

Хэдэн жилийн өмнө манайд ураны үнэ уначихсан байсан. Одоо бол гайгүй болж байна. Үүнийг дагаад цахилгаан станц хүртэл барина гэж байсан шүү дээ. Харин одоо яах бол. Ийм эргэлзээ төрөхөөр байна.

-Уг нь манай улсын хувьд 2017 онд атомын цахилгаан станцтай болно гэж төлөвлөөд байгаа шүү дээ?

-2017 онд цахилгаан станц барихгүй нь ойлгомжтой. Учир нь цахилгаан станц хаана барих вэ гэсэн асуудал яригдаж байна. Мэдээж утаа гаргахгүй гээд байгальд хоргүй нөлөөг нь бодож хийсэн ч нэг газар хөдлөлт болбол юу болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт үүнийг ажиллуулахын тулд маш сайн боловсон хүчин байх хэрэгтэй. Хэдий манайх ураны нөөцтэй ч гэсэн түүнийг боловсруулж түлш болгох хэрэгтэй.

-Уул уурхайн салбарын хувьд гадны хөрөнгө орж ирэхэд хамгийн гол зүйл хууль эрхзүйн орчин. Гэтэл манай хуулийг маш тогтворгүй гэж шүүмжилдэг?

-Тогтворгүй байдлаас болж гадаадынхан манайхаас айж байна. Хууль нь тогтворгүй болохоор болгоомжилж байгаа. Засгийн газар нь болохоор гадагшаа манай уул уурхайн салбарт ажилла, хөрөнгөө оруул гэж уриад байдаг, ороод ирэхээр нь тогтворгүй хуулиар угтдаг. Ашигт малтмалын тухай хуулийг уул уурхайнхан, геологийнхон бүгд шүүмжилдэг. 1997 оны хууль бол гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийг урьсан, орчныг нь бүрдүүлж өгсөн хууль. Тэгэхээр гадаадынхан мэдээж сайхан хууль гэж л хэлнэ шүү дээ. Өөрсдөө ашиглаж олборлолт хийж ажиллаж байгаа юм чинь. Японд бол ашигт малтмал хайгуул хийх ашиглах эрх байдаггүй. Орост бол бүр ч хэцүү, маш хатуу хяналтанд байдаг. Хятадад гэхэд хайгуулын лиценз аваад хоёр жил юм хийхгүй бол лицензийг нь шууд л цуцалдаг. Тэгэхээр ашигт малтмал, уул уурхайн салбарыг эрх зүйгээр нь олон улсад зохицуулчихдаг. Гэхдээ энэ хуулийн хүчинд Бороо гоулд ашиглалтанд орсон.

-Ашигт малтмалын хуульд эргэж харахаар зүйл мэдээж байгаа. Магадгүй тогтворгүй гэдэг нь хамгийн том шалтгаан байх, өөр талаас нь шүүмжилж харвал...?

-Өнөөдрийн Ашигт малтмалын хууль цэвэр лицензтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл лиценз яаж олгох вэ, яаж цуцлах вэ, гэдгийг л зохицуулдаг. Тэрнээс яаж геологи хайгуулын ажил, олборлолт явуулах вэ гэдэг ч юмуу, нарийн юмыг ерөөсөө зохицуулж чадахгүй. Өнөөдөр ашиглалт гэдэг чинь зүгээр нэг газар дор юм ухах биш болчихлоо. Газар дээр нь овоолж уусгаж байна, газар доор нь уусгаж байна. Зарим төрлийн урааны ордуудыг газар хөндөхгүйгээр олборлодог. АНУ, Орос Казахстан хаа сайгүй л ингэж олборлож байгаа. Ийм төрлийн орд Монголд хэд хэд бий. Хамгийн хурдан бас ашигтайгаар, газрыг нь хөндөхгүйгээр гэсэн үг л дээ.

Гэхдээ харамсалтай нь энэ амьдрал дээр байгаа юмыг ашигт малтмалын хууль зохицуулж чадахгүй байна" Дээрээс нь газрын хэвлийн тухай хууль гэж байгаа. Энэ хууль хүчин төгөлдөр байгаа. Хуулийг бариад явбал олон уурхайг хааж болно. Өнөөдрийн Ашигт малтмалын хууль, Газрын хзвлийн тухай хууль хоорондоо зөрчилдөөд байдаг юм. Энэ хоёрыг цэгцлэх шаардлагатай. Уул уурхайн ажил хаа сайгүй нэмэгдэж, геологийн ажил хийгдээд явж байна. Гэтэл өнөөдрийн Ашигт малтмалын хууль үүнийг зохицуулж чадахгүй байгаа юм. Ашигт малтмалын хуулинд геологийн асуудал тусгагдаагүй учраас Геологи, хайгуулын тухай хууль ч гэдэг юмуу энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах санал гаргая гэсэн яриа геологийнхний дунд гарч байгаа.

-Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийнхэн хууль боловсруулах явцдаа уул уурхайн салбарын компаниуд байгууллагуудаас санал авч байгаа гэсэн?

-Байгууллагаас санал авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Геологийн салбарынхнаас санал авч байсан. Гэхдээ хуулийн төсөлд бидний саналыг оруулсан эсэхийг мэдэхгүй.

-Заавал тусгай хууль гэлгүйгээр, одоогийн шинэчлэн найруулагдаж байгаа Ашигт малтмалын хуулинд энэ яриад байгаа геологийн асуудлыг бүхлээр нь тусгах боломж байхгүй гэж үү?

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэнэ гэж ярьж байна. Ашигт малтмалын хуулийг бүр мөсөн биш ерөнхий зарчмыг нь барьж шинэчлэх учир үр дүнгээ өгөхгүй санаа л даа. Тэгээд ч Ашигт малтмалын хуулинд бүх асуудлыг нэг дор хийж чадахгүй. Тэгэхлээр энэ хууль гурав дахин том хууль болчих гээд байгаа. Тийм учраас хуулинд нь биш цоо шинэ өөр хууль гаргаж эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

-Монголд хариуцлагатай уул уурхай хөгжиж чадаж байна уу?

-Уул уурхайн хариуцлага гэж байх ёстой. Гэхдээ бүх зүйл хоёр талтай. Өнөөдөр энэ салбар чинь Төр засаг, Уул уурхайн компаниуд, Орон нутаг ард түмэн гэсэн гурван зүйлээс бүрдээд байгаа юм. Тэгэхээр "Хариуцлагатйй уул уурхай, хариутай төр" гэмээр байгаа юм.

Яагаад гэвэл компаниудын ажил маш хүнд болсон. Гэтэл төр нь хариугүй. Орон нутаг өнөөдөр ядуу, төсвийн мөнгө хүрэлцдэггүй гэдэг. Ийм шалтгаанаар тэд байнга хууль зөрчдөг зүйл их гаргах болсон. Та нар мөнгө өг, үгүй бол гарын үсэг зурахгүй гэж орон нутгийн захиргаанаас хэлдэг. Орон нутгийн захиргаа гэдэг төрийн л нэг төлөөлөл, дээр нь яам агентлаг байнга хууль зөрчсөн асуудал гаргадаг. Яагаад тэдэнтэй хариуцлага тооцдоггүй юм. Нэг аймгийн дарга ч юмуу сумын дарга ирээд шууд уурхайгаа хаа гэдэг. Яагаад гэхээр уурхай мөнгө өгөөгүй юм чинь гэдэг.

Манай нутгийг та нар ухаж байгаа юм чинь намайг Улаанбаатар хүргэж өг, та нар ийм их мөнгөтэй юм чинь манай нутгийг Улаанбаатартай холбосон засмал зам тавьж өг гэдэг. Үгүй гэвэл Тэгвэл та бүхний албан бичигт гарын үсэг зурахгүй" гэж барьцаалдаг. Мөн хөдөлгөөнүүд байна. Зөв нь ч байна. Буруу нь ч байна. Эхнээсээ буудаж байна. Яагаад уурхайчид зөрүүлж буудаж болохгүй гэж, тэр буудлаа, зөрүүлээд би буудах ёстой гэвэл яах вэ. Үүнд мөн л хариуцлага яригдах ёстой. Бас хариуцлагатай хөдөлгөөн гэж байх хэрэгтэй шүү дээ. Хөдөлгөөн гэхээрээ л хэнийг ч хамаагүй хулгайчаар нь дуудаад л, луйварчин гзж хашгираад байж болохгүй. Өөрсдөө улсад ямар мөнгө оруулсан юм бэ. Зүй нь тэднээс "Та нар улсад хэдэн төгрөг оруулсан, хэдэн хүнийг ажилтай болгосон юм бэ" гэж асуух ёстой.

Тэдний хүсч байгаагаар 100 уурхайг хаачихлаа гэж бодъё Гэтэл олон хүн ажилгүй болно. Түүнийг дагаад гэр бүл нь ч хэцүү байдалд орно. Хэн тэднийг тэжээх юм. Тэр ажилгүй болсон иргэд нь эргээд л нинжа болно шүү дээ.

-Хөдөлгөөнүүдийн хувьд байгаль орчноо хамгаалья гэдэг асуудлыг тавьдаг. Тэр утгаар нь ойлговол шууд сөргөөр дүгнэхэд хэцүү л дээ?

-Дэлхий даяар манайхаас сайхан газарт ч уул уурхайн ашиглалт явагдаж л байгаа. Байгаль орчныг хамгаалах асуудлыг хуулиараа зохицуулаад явах ёстой. Тэгэхгүй бол лицензийг нь цуцлаад уурхайг нь хаахаар нинжа нар гарч ирж байна шүү дээ. Уул уурхайн 254 лицензийг цуцлах шийдвэр гарсан. Үүн дээр бид судалж үзэхэд үйл ажиллагаа нь дуусч байгаа компаниуд ч байсан. Тэдний ажлыг нь дуусгачих. Тэгээд л нөхөн сэргээлтээ хийгээд явна биз. Харин дөнгөж эхэлж байгааг нь харах хэрэгтэй. Нинжа нар адилхан л ухаж байгаа тэд хэдий ч нөхөн сэргээлт хийхгүй. Байгаль орчныг бохирдуулж л байгаа. Орон нутгийнхан тоодоггүй. Тийм хэрнээ л уул уурхай руу дайраад байдаг нь гайхал төрүүлдэг.

"Геологи Уул Уурхайн Мэдээ"

2011/03/21

No comments:

Post a Comment