Friday, June 3, 2011

С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөрөнгийг нь битүүмжлэлээс гаргалаа

С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөрөнгийг нь битүүмжлэлээс гаргалаа


2011 оны 6-р сарын 2
С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөрөнгийг нь битүүмжлэлээс гаргалаа
-Ингэснээр манай улсын олон улсын шүүхэд зарцуулсан цаг хугацаа, ялалт хүчингүй болж байна-

Монголын байгалийн баялгийг арав гаруй жилийн турш ухаж сүйтгэн 25 тонн алт олборлож хөрөнгөжсөн ОХУ-ын иргэн, "Алтан Дорнод-Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокт холбогдох залилан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэргүүдийг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэрэгсэхгүй болголоо. Үүнийгээ тэрээр өнгөрсөн сарын 17-нд ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн байна. Хамгийн хачирхалтай нь, мaнай улс түүнтэй дөрвөн жилийн турш шүүхээр заргалдан байж ялснаас хойш 18 хоногийн дараа ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгаа юм.

Олон улсын Арбитрын шүүхээс С.В.Паушокийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн. Энэ ялалтыг авахын тулд манай улс дөрвөн жилийн хугацаанд зургаан сая ам.доллар зарцуулсан. Гэтэл олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг ч, улсын төсвөөс гаргасан зургаан сая ам.доллар ч Д.Дорлигжавын шийдвэрээр хүчингүй болж орхив. Монголын Засгийн газар хохирлоо барагдуулахаар хичээн ажилласан нь ийнхүү үр дүнгүй болж байна. Өөрөөр хэлбэл, С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор битүүмжлэлд байсан бүх хөрөнгө битүүмжлэлээс гарч байгаа юм. Үүнээс үүдэн "Алтан Дорнод-Монгол"-д ажиллаж байсан гэх иргэн н.Бямбаа "Компанийн тамга, тэмдэг өг. Одоо төрийн эзэмшлээс гарсан учраас бид үйл ажиллагаагаа явуулмаар байна" хэмээн хандаж эхэлсэн гэсэн мэдээлэл дуулдаж байна.

Улсын хохирлыг барагдуулах объектүүд төрийн "хамгаалалт"-аас гарснаас болж иргэд өөрийн дураар авирлаж байгаа нь энэ. Гэтэл С.В.Паушок 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, арилжааны "Анод", "Зоос" банкиар дамжуулан мөнгө угаасан, орос, монгол 400 гаруй ажилтандаа цалин олгоогүй, бусад аж ахуй нэгжид өгөх ёстой зэрэг урьдчилсан байдлаар 300 орчим тэрбум төгрөгийн өртэй. Түүний өрийн ердөө 513 саяыг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан бөөн юм болж байж олж авсан гэдэг. Гэтэл одоо нялхсын эндэгдэл бууруулж, цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, ажлын байр олшруулахад зарцуулах 300 тэрбум төгрөг зарим албан тушаалтны тусламжтайгаар ийнхүү салхинд хийсч мэдэх нь.

Хэргийг ямар учраас хэрэгсэхгүй болгосон талаар хяналт тавьж буй прокурор Ё.Сагсайгаас тодруулахад "Хэрэгсэхгүй болгоогүй. Чамд хэн тэгж хэлж байна. Тийм зүйл байхгүй" хэмээн бухимдсан байдалтай хариуллаа. Энэ маргаанаар дөрвөн жилийн турш дагнан ажиллаж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээс асуухад дараах хариултыг өгсөн юм

"ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСНООС ҮҮДЭЖ ТҮВЭГТЭЙ БАЙДАЛ ҮҮСЧИХЛЭЭ"

-"Алтан Дорнод-Монгол" компанийн С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх юм. Тэгэхээр манай улс хохирлоо яаж барагдуулах юм бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Олон улсын Арбитрийн шийдвэр манай талд гарсан тухай та бүхэн мэдэж байгаа байх. Шийдвэр гарснаас хойш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төр, аж ахуйн нэгж, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулах тухай Засгийн газрын түвшинд санал боловсруулан ажиллаж байна. Ажлын хэсэг хохирол барагдуулахын тулд "Алтан Дорнод-Монгол" компанийн эд хөрөнгийг үнэлж, лиценз тусгай зөвшөөрлийг хэрхэх талаар судалж шийдвэрлэх учиртай. Энэ талаар холбогдох яамдуудаас ч санал авч байна.

Хамгийн гол нь, олон улсын түвшинд манай талын ялалтаар төгссөн зарга дотооддоо асуудалтай болчихоод байна. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн тавдугаар сарын 17-нд С.В.Паушоктой холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг нь татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, "Анод", "Зоос" банк залилсан гэх үндэслэлээр мөрдөн байцаах газраас үүсгэсэн хэргийг хаасан гэсэн үг. Ноцтой нь хэргийн, хүрээнд хамгаалж битүүмжилсэн компанийн эд хөрөнгө, объект, лиценцүүдийг битүүмжиллээс чөлөөллөө. Ингэснээр дээр дурдьсан хохирол барагдуулах асуудалд хүндрэл тулгарч байна.

-Арбитрийн шүүхээр манай тал ялсан байтал прокурорын байгууллага яагаад ийм шийдвэр гаргав. Хохирол барагдуулах гол найдвар болсон битүүмжилсэн хөрөнгийг яагаад задалсан юм бол. Та бүхэн холбогдох албан тушаалтнаас асууж лавласан байх?
-Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн захиргааны байгууллагын хувьд шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Шүүх, прокурорын байгууллага нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах хуультай. С.В.Паушокийн мөнгө угаасан "Иточу''-гаас мөнгө залилж авсан зэрэг хууль бус бүх үйлдэл нь банкны дансны гүйлгээний мэдээллээр тодорхой нотлогдож, бид энэ тухай нь шүүхийн бүрэлдэхүүнд болон Улсын мөрдөн байцаах газарт өгч байсан. Арбитрын шийдвэр манай талд гарахад уг асуудал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх гэж боддог. Гэтэл манайд ийм тодорхой зүйл дээр хэрэг хэрэгсэхгүй болгож байгаа нь гайхашруулж байна. Монгол улс энэ дөрвөн жилийн маргаанд зургаан сая ам.доллар зарцуулсан. Олон улсын маргаанд ялагдахгүйн төлөө бид маш их хүчин чармайлт гаргасан. Хэрэг хэрэгсэхгүй болонгуут "Алтан Дорнод-Монгол"-ын зүгээс н.Бямбаа гэдэг иргэн С.В.Паушокийг төлөөлж компанийнхаа үйл ажиллагааг сэргээж явуулна гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн.

-Хохирол барагдуулах боломжгүй болж байгаа гэсэн үг үү?
-Төвөгтэй болж байна гэж хэлмээр байна. Хуулийн өөр гарц, боломжийг хайж байна. Тухайлбал, татварын байгууллагаас шүүхэд Алтан Дорнод-Монгол ХХК-д дампуурлын хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргаад явж байгаа. Энэ хүрээнд битүүмжлэлээс гарсан хөрөнгийг эргүүлэн битүүмжлэх боломжтой болох юм.

-Битүүмжилсэн хөрөнгө ямар үнэ хүрэх вэ?
-Олон улсын маргааны хүрээнд 2008 оноос хойш хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн. Битүүмжлэгдсэн олон объект бий. Тэдний заримыг дотоодын цэрэг, үлдсэнийг тухайн компанийн харуул хамгаалалтын хүрээнд харгалзаж байна. Хичнээн хэмжээний хөрөнгө байгааг хөндлөнгийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Одоогоор "Алтан Дорнод-Монгол" ХХК-ийн өөрийн үнэлгээгээр хөрөнгө үнэлэгдсэн байгаа ч бодитой гэж үзэх боломжгүй.

-ОХУ-д байгаа С.В.Паушок өрөө төлөхгүй нь мэдээж. Гэтэл өр барагдуулах объектуудыг битүүмжлэлээс чөлөөлчихлөө. Манай улс эргээд гацаанд орчихож байгаа юм биш биз?

-Саад бэрхшээл гарч байгаа ч шийдэх гэж оролдож байна. Гэхдээ бидний эрх хэмжээ бас хязгаарлагдмал шүү дээ. Хууль зүй дотоод хэргийн яам олон улсын маргаанд Засгийн газрыг төлөөлж
оролцох үүрэгтэй байсан энэ ажлаа амжилттай биелүүлсэн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, олон улсын шүүх дээр асуудлыг манай талд шийдүүлж чадсан. Харин дотооддоо цаашид хэрхэх, хохирлыг хэрхэн барагдуулах талаар олон асуудал үүсэхээр харагдаж байна. Эрхбиш олон улсын арбитрын шүүхээр зарчмын том асуудлаа шийдүүлсэн учраас өр төлбөрийг төлүүлэх нь гарцаагүй, гагцхүү хэзээ, яаж гэдгийг судалж, зөв хувилбараар явахын төлөө л ажиллаж байна.

-Ер нь манай улсад С.В.Паушок хэдий хэмжээний өртэй вэ?

-Тэр манай улсаас нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн. Түүнийг нь Арбитрийн шүүх хэрэгсэхгүй болгосон. Харин одоо манайх өөрийн талаасаа татварын өр болон бусад өр төлбөрийг барагдуулахын төлөө ажиллаж байна. Бусад өр гэдэгт банк, аж ахуйн нэгжүүдийн өр, цалингаа аваагүй Орос, Монголын 400 гаруй ажилтан бий. Энэ хүмүүсийн авлага болон компаниас төрд төлөх татварын өр нийлээд 300 орчим тэрбум төгрөг болж байгаа.

Д.Болормаа

MMC дэлхийн мэдээллийн төвд байна

MMC дэлхийн мэдээллийн төвд байна


2011 оны 6-р сарын 2
MMC дэлхийн мэдээллийн төвд байна

“Энержи Ресурс” буюу Мongolian Mining Corporation нь /MMC/ “Ухаа худаг” коксжих нүүрсний ордынхоо дэргэдэх “Баруун наран” коксжих нүүрсний ордыг QGX компаниас худалдаж авсан тухай үйл явдлыг гадаадын томоохон хэвлэлүүдэд бичсээр байна.

MMC нь QGX Coal компанийг 464 сая доллараар авна

Хонконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг “Kerry Group”-тэй тохиролцжээ. “Kerry Group” нь 2008 онд “QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Robert Kuok-ийн холдинг компанийн салбар юм. Тохиролцооны дагуу “QGX”-ийг бүхэлд нь худалдах бөгөөд 379 сая ам.долларыг бэлнээр, үлдсэнийг нь 85 сая ам.долларын хувьцаанд шилжих эрх бүхий 18 сарын хугацаатай хөрвөгч зээлээр төлөх юм.

Dow Jones Newswires

MMC: Ордыг авснаар нүүрсний нөөц 68 хувиар нэмэгдэнэ

Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corp” энэхүү арилжаа нь компанийг урт хугацаанд үлэмж өсөлттэй ажиллах хөшүүргийг бүрдүүлнэ гэж үзэж байна. “Баруун Наран коксжих нүүрсний орд нь бидний батлагдсан болон таамаг нөөцийг 68 хувиар нэмэгдүүлж 476 сая тоннд хүргэнэ гэж харж байна” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярилцлага өгөхдөө дурдав. Түүнчлэн тэрбээр “Бид компанидаа өсөлд авчрахуйц Монгол дахь төслүүдийг худалдаж авахыг сонирхсон хэвээр байна” гэж нэмж хэлсэн юм. Тус компани Баруун Нарангийн ордын олборлолтын ажлыг оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани олборлолтын ажлыг санхүүжүүлэх хэд хэдэн төлөвлөгөөг боловсруулаад буй ажээ.

Ройтерс

“Моngolian Mining” “QGX”-ын нүүрсний уурхайг авна

“Mongolian Mining” нь Баруун Наран коксжих нүүрсний ордыг “QGX” компаниас 464.5 сая ам.доллараар худалдаж авлаа. Ордыг 193 сая тонн эдийн засгийн үр ашигтай нөөцтэй болохыг тогтоогоод байгаа юм. Хэрэв Баруун Нарангийн батлагдсан нийт нөөц 150 сая тонноор өргөжвөл, “Mongolian Mining” нөөцийн нэмэгдлийн нэг тонн тутамд нь 3 ам.доллар нэмж төлөх юм. Тус компани жилийн олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж 10 сая тонн/жилд хүргэхийн тулд 744 сая ам.доллар шаардлагатай гэж үзэж байна. “QGX”-ын 90 хувийг “Kerry Group”-ын салбар “Kerry Mining” компани эзэмшдэг ажээ.

China Daily, Hong Kong

“Mongolian Mining” “Kerry”-ийн нүүрсний ордыг 465 сая ам.доллараар авлаа

Үндэсний томоохон нүүрс экспортлогч Mongolian Mining Corp 464.5 сая ам.доллараар Монгол дахь Баруун Нарангийн ордыг авахаар “Kerry Holdings”-ын салбар компанитай тохиролцжээ. “Mongolian Mining” ордыг эзэмшигч салбар компани болох “QGX Holdings” компанид 379.5 сая ам.долларыг бэлнээр, 85 сая ам.долларыг хувьцаанд шилжих эрх бүхий бондоор төлнө гэж тус компанийн төлөөлөл өнөөдөр мэдэгдлээ.

“Баруун Наран коксжих нүүрсний ордод тогтоогдсон үлэмж хэмжээний нөөц нь манай компанийн бүтээмжийг нэмэгдүүлж, орлогын хэмжээг ихэсгэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэж тус компанийн төлөөлөл мэдэгджээ. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ энэ улиралд дээд цэгтээ хүрсэн нь компаниуд ийнхүү ашигтай төслүүдийг худалдаж авахад түлхэц болж байна. Рио Тинто дөрөвдүгээр сард Мозамбикийн олборлогч Riversdale Mining компанийг 4.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон билээ.

Улаанбаатарт төвтэй MMC-ын нэгж хувьцаа Хонконгийн бирж дээр өчигдөр 2 хувиар өсч, хаалтын үеэр 9.28 хонконг долларт хүрсэн байна. Тус компанийн хувьцаа энэ жил 2.3 хувиар өссөн бол Хонконгийн биржийн бенчмарк Hang Seng индекс 2.6 хувиар дээшилжээ. Энэхүү хэлэлцээрт Mongolian Mining-д Citigroup, Kerry Group-т UBS AG санхүүгийн үйлчилгээний компани зөвлөхөөр ажиллаж буй ажээ. Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хөрвөгч бондийн хүү нь 2 хувь байх бөгөөд энэхүү бонд нь MMC-ын 60.7 сая ширхэг хувьцаанд 10.92 хонконг долларын ханшаар шилжих боломжтой тухай тэмдэглэжээ. QGX-ын 90 хувь нь Kerry Group-т, үлдсэн хувь нь Mongolian Mining-ын Захирлуудын зөвлөл болон гол хувьцаа эзэмшигч нарын мэдэлд байдаг ажээ.

www.businessweek.com

Б. Төгсбилэгт

Усан цахилгаан станц хөгжил авчрах уу?



2011 оны 6-р сарын 2
Усан цахилгаан станц хөгжил авчрах уу?
Ер нь монголчууд бид дэлхийн хөгжлийн чиг хандлагын эсрэг яваад яах вэ дээ. Дэлхий дахинаараа ногоон хөгжлийн төлөө, байгальд ээлтэй хөгжлийг сонгож, улс орон бүр төрийн бодлогоо энэ л хандлагад чиглүүлэн хурдтай ажиллаж байхад манайх шиг шинэ хөгжлийн ритмээс нэлээд хоцорч, мэлхийн хурдаар мөлхөж яваа улс ховор. Тэгээд гадаад дотоодгүй явж, юм үзэж, нүд тайлсан нэгэн нь “Та минь ээ хөгжил өөр тийш гэрлийн хурдаар явж байна, харин бид улам бүр хоцорчихгүйн тулд бодлогоо тэр зүг рүү чиглүүлье” гэхээр ард иргэд уламжлагдан ирсэн ойлголтоосоо, улстөрчид нь амин хувийн ашиг хонжоо хайж улстөржсөнөөс болж, асуудлыг улам удаашруулж, хөгжлийг чангаагаад байгаад дүгнэлт хийх цаг иржээ.

Дэлхийд усны эрчим хүчний үйлдвэрлэлээр Канад улс тэргүүлж, АНУ, Бразил, Хятад, ОХУ-ууд эхний таван байрт ордог. Харин Европ тивд тэргүүлдэг Норвеги улс 30000 орчим МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцуудтай бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99,5 хувийг усны эрчим хүчээр хангадаг байна. Тэгвэл Канад улс усан цахилгаан станцуудаасаа 350 тэрбум кВтц цахилгаан гаргаж аваад 50 тэрбумыг нь АНУ-д экспортлох замаар цэвэр хуримтлалыг үүсгэдэг аж.

Монгол Улсын хувьд усан цахилгаан станцыг хөгжүүлэх талаар өнгөрсөн жилүүдэд холбогдох төрийн байгууллага, мэргэжилтнүүд багагүй эсргүүцэлтэй тулж байж усны эрчим хүчний хөгжлийн үндэс суурийг тавьсан билээ. Усан цахилгаан станц гээч зүйлийг л баривал мөнөөх олон жилийн түүх домогтой гол мөрөн сүйдэж, иргэдийн хайрлан ирсэн нутаг орных нь гол мөрөн нь ширгэж, алга болох аюул нүүрлэнэ гэсэн олон жил бугшсан өрөөсгөл ойлголт цаашид улс орны хөгжлийн гарцад бүү саад болоосой билээ. Хэрвээ гадаадад ийм ойлголт байдаг бол дэлхийн ихэнх улс усан цахилгаан станцыг түлхүү хөгжүүлж, түүнээсээ ногоон эрчим хүч гарган авч ажиллаад хөгжиж, дэвшээд явах уу. Тэд чинь биднээс илүү эх орноо, байгаль дэлхийгээ бодитоор хайрлан хамгаалдаг хүмүүс шүү дээ.

Усан цахилгаан станцын нэр хүнд унасан үе бий. Харин одоо эргээд сэргэж, улс орнууд төрийн бодлогоо усны эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө тууштай чиглүүлж эхэллээ. Яагаад гээч. Маш энгийнээр тайлбарлахад ердөө л дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цэвэр экологийн эрчим хүчийг хөгжүүлэхийг л зорьсон хэрэг. Ялангуяа дулаарлын явц бусад орноос илүүтэй байгаа манай улс томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь цаашдын эрчимтэй хөгжлийн гол хөшүүрэг, бас олон тулгамдсан асуудлын гарц болно гэж мэргэжилтнүүд ярьсаар байна.

Уул уурхайн хөрөнгө оруулалтыг далласан хурдацтай хөгжлийн ирмэг дээр манай улсын өнөөгийн суурилагдсан эрчим хүчний нөөц ирээдүйн их хөгжлийн хурдыг гүйцэхээргүй байгаад эрчим хүчний салбарынхан санаа зовж, хэрвээ томоохон чадлын усан цахилгаан станц барьчихвал аваарын байдалд орших нөөц эх үүсвэрийн асуудал шийдэгдэнэ гэж яриад байгаа юм. Мөн төрийн түшээдийн толгойны өвчин болоод буй нийслэлийн утаа униарын асуудал ч шийдэгдэх тухайд тэд онцолсоор. Энэ л үүднээс хэдэн жилийн өмнө эрчим хүчний салбарынхан нийлээд Эгийн голын усан цахилгаан станцыг барихын ач холбогдлыг төрийн түшээдийн тархинд суулгаж, олон Засгийн газрын нүүр үзсэн энэхүү төсөл арайхийн ажил хэрэг болохын даваа дээр мөнөөх л улстөржсөн шийдвэр гарч, тус салбарын мэргэжилтнүүдийн мөрөөдөл талаар болсон билээ. Үнэндээ бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь эрчим хүчний салбарынхны мөрөөдөл юм.

Тэр нам, энэ хүн энэ том станцыг барих үүд хаалгыг нээж, олон түмэнд нэр хүнд олж болохгүй, би л, эсвэл манай нам л хийж, улстөрийн нэр хүнд олж авч, УИХ-ын гишүүнээр сонгогдох ёстой гэсэн өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн хөөрхий манай улстөрчид хөгжлийн төлөө бус өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж, нэг л өглөөний нарнаар хууль эрх зүйн орчноо, эсвэл өч төчнөөн зарлага гаргасан төслөө нураагаад л явдаг нь нууц биш. Чухам энэ л үүднээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нурсан юм. Тэгвэл Тайшир, Дөргөний станцууд мөн л багагүй эсэргүүцэлтэй тулгарч байж л босч, одоо ашиглалтад ороод баруун аймгуудын эрчим хүчний тодорхой хэсгийг хангаад олон айл өрхийг гэрэл гэгээтэй, өнөөгийн зуунд ядахдаа телевизээ үзээд суух хэмжээний болгож байгаа нь хөгжил бус уу.

Одоо энэ хоёр станц нүүрсхүчлийн хийг бууруулсан, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулсан үзүүлэлтээрээ Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийн олон улсын арилжаанд оролцож, тодорхой хэмжээний орлого олох боломжтой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Манай Дөргөн, Тайширын УЦС Цэвэр хөгжлийн механизмд бүртгүүлэх өндөр шаардлага босгыг давж тэнцсэн Монголын анхны экологийн цэвэр сэргээгдэх эрчмийн хоёр эх үүсвэр бөгөөд жилдээ 60000 тн хүлэмжийн хийг бууруулах замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж 500000 хүртэл ам. долларын нэмэлт орлого олох боломжтой болгоод байна. Энэ нь өөрөө хөгжил бус уу.

Байгальд ээлтэй экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэлхий дэмжиж, мөнгө өгөх гэж байна шүү дээ. Уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр нэлээд баянд ордог Монгол Улс энэ салбараа хурдацтай хөгжүүлээд мөнгө олох боломж байгаа бус уу. Тухайлбал, манай орны усны эрчмийн нөөц 50 тэрбум кВт.ц-аар үнэлэгдсэн нь цаашдын өсөн нэмэгдэх цахилгааны хэрэгцээний тодорхой хэсгийг усны эрчим хүчээр хангах бүрэн боломжтой аж.

Манай эрчим хүчний системийн оргил ачаалал 2010 оны арванхоёрдугаар сард 728МВт-д хүрэхэд дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажилласан хэрнээ оргил ачааллыг хаахаар хойд хөршөөс 70МВт эрчим хүч импортолсон билээ. Манай орны хэтийн хөгжлийн чиг хандлагаар 2020 оны түвшинд оргил ачаалал 1128МВт-д хүрэх төлөвтэй бөгөөд тэр үед импортоор 500 орчим МВт чадал авахаар байна. Ийм хэмжээний цахилгааны чадал жил бүр авахад хүрвэл улсын эдийн засаг доройтолд орохоос гадна шугамын дамжуулах чадвар ч хүрэлцэхгүй болох гэнэ.

Манай улс дулааны цахилгаан долоон станцтай бөгөөд жилдээ дөрвөн тэрбум кВтц эрчим хүчийг үйлдвэрлэж, харин оргил ачааллын цахилгааныг ОХУ-аас 40-өөд жилийн туршид импортлох замаар аргалж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, 40 жилийн турш ОХУ-аас хараат явж ирсэн гэсэн үг. Тэгвэл эдүгээ хөгжлийн шинэ үе ирж буйтай холбогдуулан эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж, томоохон чадлын усан цахилгаан станцыг барьж байгуулах замаар эрчим хүчний хараат бус байдлыг халж, нийслэлчүүдийн утаа униар, ирээдүйн эрчимтэй хөгжлийн хэрэгцээг бүрэн хангахуйцаар ногоон эдийн засгийг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн утааг арилгах талаар сүүлийн жилүүдэд багагүй ярьж, зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч Улаанбаатарын хотын утаа улам л ихсэх. Олон хүн санаа бодлоо уралдуулсаар л. Эрчим хүчний салбарынхан ч бас санаа оноогоо хэлж, асуудлаа тайлбарлаж эхэллээ.

Тэд Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр каскад/цуваа/ усан цахилгаан станцууд барьснаар оргил ачааллаас гадна нийслэлийн агаарын бохирдлыг арилгах бүрэн боломжтой талаар ярих боллоо. Төрийн түшээ Та нэг анхааралтай сонсоод бас судлаад үзээрэй. Яг өдгөө манайд эрчим хүчний, нөгөө нь утааны гэсэн хоёр том асуудлыг юун түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа шүү дээ. Цаашдын өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах хэмжээний эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг шийдэхгүйгээр, мөн утааг арилгах асуудлыг бодитоор ярихгүйгээр хөгжил яриад, уул уурхайн баялаг, их мөнгө мөрөөдөөд яах юм бэ. Тэгвэл утаа, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, дээрх хоёр асуудлыг нэгэн дор цогцоор шийдэх гарц бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах гэж эрчим хүчний мэргэжилтнүүд үзэж байна.

Манай орны усны эрчим хүчний нөөц 50 тэрбум кВт.ц. Дөргөн, Тайширын станцын үйлдвэрлэл нийлээд 75 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх чадалтай байгаа нь монголчууд усны нийт эрчим хүчнийхээ 0.15 хувийг л эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван яриад “Монгол Улс бараг хөндөгдөөгүй байгаа усны эрчим хүчний баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар 100 жилийн хоцрогдлоосоо зургаан жилийн дотор гарах бүрэн боломжтой” гэжээ.

Дэлхий дээр усны эрчим хүч, усан цахилгаан станцыг тогтвортой хөгжлийн тулгуур хэмээн хөгжүүлэн ашиглах болсон 10 шалтгаан

Усан цахилгаан станц нь
1. Сэргээгдэх эрчим хүч
2. Экологийн цэвэр эх үүсвэр,
3. Эдийн засаг, санхүүгийн хямрал, инфляцид өртдөггүй найдвэртай эх үүсвэр,
4. Уян хатан байдал нь системийн ашигтай горимыг хангана,
5. Импортоор оргил ачаалал хаах чадлыг гадаадад түрээсээр хадгалах, цахилгааны импортыг оролж, валют хэмнэн гаднаас хамааралгүй болгоно,
6. 100-гаас дээш жил ашиглагдах тул тогтвортой байдлыг хангаж өгөх ба УЦС нь зөвхөн усны механик энергийг ашиглахаас бус түүнийг хорогдуулах үйл ажиллагаанд оролцдоггүй,
7. Усны үер, ган гачиг, гал түймрээс хамгаалан орчныг чийгшүүлж, цөлжилтөөс хамгаалдаг,
8. Уул уурхайн үйлдвэрлэлийг эрчим хүчээр урт хугацаанд үр ашигтай хангана,
9. Усалгаатай эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэн ургацыг хэд дахин өсгөж хүнсний хангамжийг сайжруулах болон хот суурингийн усан хангамжийн эх үүсвэрийг давхар шийдэх боломжийг нээдэг.
10. Үл үзэгдэх экспорт гэдэг экотуризмийг хөгжүүлэн нэмэлт орлого олох боломж агуулдаг.

Д.Бэхээ

Асгатын төлөө

Асгатын төлөө

Өнөөдөр 8 цаг 10 минут

http://resource.news.mn/biznes/photo/2010/12/923c42c4df3e6940/0ade9b2b8b975b15big.jpg Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Асгатын мөнгөний ордыг айлч­лалын бялуу болгочих вий гэсэн хардлага Ерөнхийлөгчийг хойд хөрш руу мордохтой зэрэгцэн дэгд­сэн. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх аж­лын айчлалаас өмнө “Совет” буюу Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгүүдийн зөвлөлийн хурал болж, Асгатын ордыг ашиглах цаг болсныг оросууд анхааруулсан юм. Оросуудын зүгээс Асгатын мөнгө­ний ордыг стратегийн ордоос хасуулах сонирхолтой байгаагаа цухал­зуулсан. Тиймээс “Асгат айлч­лалын бэлэг болно” гэх хардлагыг төрүүлсэн хэрэг. Асгатыг страте­гийн ордуудын жагсаалтаас хасах нь оросуудад ашигтай. Тэд санасандаа хүрч Асгатыг стратегийн ордын жагсаалтаас хасуулж чадах юм бол адаглаад л ашгийнхаа 51 хувийг Монгол Улсад өгөхгүй болно. Харин монголчуудын хувьд стратегийн орд газар хэмээн нэгэнтээ жагсаалтад багтаачихсан Асгатыг амархан тавиад туучихгүйг хичээж буй. Чингэвэл хуулиа зөрчсөн гэх асуудалд Засгийн газрыг унагах нь тодорхой.

Улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийж нээсэн орд газрын 51 хувийг төр эзэмшинэ хэмээн Ашигт малт­­ма­лын хуулиндаа заачихсан боло­хоор түүнийгээ өөрчлөх боломж өнөө­дөртөө л байхгүй. Асгатыг стра­те­­гийн орд газрын жагсаалтаас гаргахын тулд эхлээд хуулийнхаа заалтыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болно. Тэгэхээр стратегийн гэх ордын тодорхойлолт ч дагаад өөрчлөгдөх нь тодорхой. Асгатыг 1970-аад онд БНМАУ-ын хөрөнгөөр Зөвлөлтийн геологичид анх олж нээжээ. Дөчөөд жилийн тэртээд нээгдсэн уг орд одоохондоо хүний гарт сэндий­лэг­дээгүй байгаа. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол оросуудад ч, монголчуудад ч аль алинд нь бий. Гэхдээ яаж гэдэг л хэн хэнд нь хамгийн чухал асуудал болоод байна. Оросуудын хувьд Асгатыг ашиглах боломж ганцхан бидэнд бий гэсэн байр сууринаас хандсаар ирсэн. Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог энэхүү орд нь өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан га­зар байрладаг нь Асгатыг эдийн зас­гийн эргэлтэд оруулах боломжийг чөдөрлөөд буй. Бас дээрх нөхцөл нь оросуудад давуу тал болж хувир­сан. Өөрөөр хэлбэл, тус ордыг олбор­лох дэд бүтэц, эрчим хүчийг шийдвэрлэхэд ОХУ-ын туслалцаа зайлшгүй хэрэг­тэй. Дэлхийн зах зээлд өнөөдрийн байдлаар нэг унци мөнгө 40 ам.доллар буюу нэг грамм мөнгө 1600 төгрөг хүрээд байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар цаашид мөнгөний үнэ өсөх хандлагатай байгаа гэнэ. Тэгэхээр олон улсын зах зээлд мөнгөний ханш өндөр байгаа үед л цаг алдалгүй Асгатыг ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ынхан илэрхийлээд байна.

Тус ордын тусгай зөвшөөрөл Орос Монголын хамтарсан үйлдвэр болох “Монросцветмет” нэгдлийн нэр дээр байдаг. Тиймээс Асгатын мөн­гөний ордыг оросуудын тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улс тол­гой мэдэн эдийн засгийн эргэлтэд оруулах эрхгүй. Оюутолгой, Таван­­­­тол­гой шиг Монгол Улсын Засгийн газар төсөл боловсруулаад, түүний­­­­гээ хэрэгжүүлэхээр олон ул­­сын нээлт­­тэй тендер зарлах боломжгүй юм.

Асгатыг эдийн засгийн эргэл­тэд оруулж чадвал Монголын баруун бүсийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж чадна хэмээн Баян-Өлгий аймгийнхан үзэж байна. Тэд Асгатыг ашиглах цаг болсон гэд­гийг эрх баригчдад сануулсаар ирсэн. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал ажлын байр нэмэгдэж, аймгийнхны ажилгүйдэл буурна хэмээн тооцоод байгаа аж.

Ямар ч байсан Асгатын ашиглах нь зөв, гэхдээ яаж гэдэгт хоёр тал хэл амаа ололцох нь чухал. Оросын “Полиметалл” компани Асгатыг ашиглахар Монгол Улсын Засгийн газартай 2007 онд гэрээ байгуулсан. Тэд “Асгат Полиметалл” компани байгуулсан ч амжилтад хүрээгүй юм. Тухайн үед Монголын парламентээс Асгатыг “Полиметалл”-д өгөхгүй гэдэг шийд­вэр гаргасан. Нөгөөтэйгүүр олон улсын зах зээлд унци мөнгө 10 ам.доллар болтлоо унасан, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралд “Полиметалл” өртсөн нь Асгатыг ашиглах боломж олгоогүй. Харин өдгөө Асгатыг ашиглах тухай яриа Монголд ч, Орос ч эргээд сөхөгдөх боллоо. Асгатыг ашиглах төсөл хэрэг­жүү­лэхэд 47.4 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тус ордыг ашиглах төсөл хэдийнэ бэлэн болсон бөгөөд “Полиметалл”-аас боловсруулсан уг төсөлд “маш сайн” гэсэн үнэлгээг уул уурхайн эрдэмтэн, судлаачид тухайн үед өгч байсан. Тэрхүү төсөл хэрэгжсэн бол эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олох тооцоотой байжээ.Тэгэхээр Ас­гатыг гэх асар их амбицитай хоёр най­зын хүсэл хэдийд нэгдэж, хэзээ тэнд тууз хайчлах ёслол болох нь хүлээгдэж буй. “Хүндрэлтэй” нөхцөлд байрлах Ас­­га­­­тыг ашиглахын төлөө, аль аль нь өөрсдийнхөө амбицийг нуухгүй байгаа. Асгатыг ашиг­лах аюу­­­­­­лын төсөл боловсруулж яагаад чадахгүй байх билээ, монголчууд бид. Бидэнд баялаг нь, оросуудад мөнгө нь байна шүү дээ.

Tuesday, May 31, 2011

ШИНЭ ХУВААРИЛАЛТ

Үнэлэх: Одоогийн үнэлгээ:
Share |
ШИНЭ ХУВААРИЛАЛТ 2011 оны 5 сарын 27 Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ. Энд бид нутгийнхаа олигархиудыг нэг нэгээр нь шоронд хийх нэрс гарган морьтойгоо жагсч байгаа бол тэнд Монголын ордууд тэгшхэн хуваагдаж байна. 2011 онд ба ирэх жил хувьцаагаа олон улсын бирж дээр арилжих компаниудын тоо гарын арван хуруунд багтахаа болив. Өдөр тутам шинэ мэдээ нэмэгдэн ирсээр байна. Бид яг дэлгүүрийн лангуун дээрх дэлгээтэй тэрлэг шиг. Ялангуяа хайгуулын лиценз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа энэ үед хайгуул хийх эрхийг өмнө нь олж авсан хүмүүс лицензээ өндөр үнээр худалдах, дамжуулан шилжүүлэх явдал газар авлаа. Нүүрсний лиценз зарах хүн олох юмсан гэх ч шиг утас цохидог хүн олширчээ. Хонконг, Торонтогийн биржүүд дээр арилжигдах Монгол ордын жагсаалт хөвөрлөө. Дэлхийн биржүүдэд Монголын баялгийн хуваарилалт хийгдэж байна. Санхүүгийн хямралын дараа дэлхийн бизнес мөнгөтэй болж, хаана хамгийн богино хугацаанд хөрөнгө босгож болохыг илүү соргог мэдэрч байна. Биржүүд уул уурхайн хувьцааны арилжаанд хошуурав. Биржээр тогтохгүй, биллионерүүдийн дайн эхэлжээ. Одоо Оросоос эхлээд сонирхъё.

Сибирийг Монголтой хамтатган эзлэн суух биллионер хэн бэ

Олег Дерипаска явж, оронд нь монголчууд Якунин хэмээх янхигар эртэй нөхөрлөх болсон түүх сонин. Оросын олигархиудын шинэ зууны тэмцлийн үзүүр сэжүүр Монгол нутагт бага сага мэдрэгдсэн нь энэ. Шинэ зууны тэмцлийн сэдэв нь зэс. Удоканы зэсийн орд, Сухой логийн алтны арвин нөөц, Элгагийн их нүүрс, дээр нь Норилскийн никелийн үйлдвэрийн хүчин чадлыг хамтатгаж чадсан хүн Оросын шинэ зууны тэргүүн баян, уудам Сибирийн эзэн болох юм. Тэр эзний улс төрийн “крыша” нь Путин байна уу, Медведев гэнэ үү, ялгаагүй мөнөөх хүн Оросын шинэ зууныг, Хятад дахь нөлөөтэй нь хамт атгах этгээд болно. Уг эзнийг тодруулах олигархиудын дайн Тавантолгой орд газрын тендерийн дугтуй завсар жаал жуул цухалзсан. Гэхдээ ганц Тавантолгой Оросын шинэ цагийн олигархиудад юу ч биш. Жинхэнэ “ертөнцийн эзэн” бол Сибирь ба Монголын баялгийг Хятадын зах зээлд хүрэх дэд бүтцийн сүлжээтэй нь, эрчим хүчний эх үүсвэртэй нь эзэмших ёстой. Улмаар Азийн зах зээлтэй учир ургах эдийн засгийн шинэ судсыг барина. Оросын том компаниуд өнгөрсөн жилээс Хонконгийн бирж рүү хошуураад байгаа шалтгаан ийм. Олигархиудын дайны утаа Монголд ирэхдээ дандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынх нь хувцаснаас хиншүү ханхийх маягаар мэдрэгдддэг.

2008 оны наадмын өмнөхөн В. Путин 1052 тоот зарлиг гарган, хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Ростехнолгий” компанид шилжүүлсэн юм. Тэр ганцаарчилсан шийдвэр гаргасан. Хамтарсан үйлдвэрийн Гэрээний заалтыг тоогоогүй. Путин ийм “жижиг” зүйлд толгой гашилгаагүй ба түүний тохиролцох гол субъект нь хамтарсан үйлдвэрийн 51 хувийн эзэн Монголын Засгийн газар бус, харин Оросын олигархиуд байлаа. Хэний талд шийдэхээ өөрөө мэд хэмээн Оросын баячууд Путинд занга хаясан юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростехнологий” компанидаа өгвөл нь Удоканы зэсийн ордтой нийлүүлж , дээр нь Норильскийг хачирлаж, Сухой логтой хамтатгаад энэ дэлхийн зэс алтны үйлдвэрлэлийн 10 хувийг атгасан уул уурхайн мангас болгож чадна хэмээн Сергей Чемезов В.Путинд захидал бичжээ. Ноён Чемезов бол “Ростехнологий” хэмээх төрийн өмчийн, Оросын стратегийн компанийн захирал. Тийм учраас л захирал Чемезов Засгийн газрын тэргүүндээ зоригтой захиа явуулаад байсан юм. 2008 оны дөрөвдүгээр сард шүү дээ. Өмнөхөн нь буюу 2008 оны гуравдугаар сард “Эрдэнэт”-ийн 49 хувийг Газпром банкинд өгнө хэмээн Засгийн газрын тэргүүн В. Путин тооцоолж байлаа.

Путин Оросын олигархиудын өмнөх дайныг дарж зогсоосон гэх боловч одоо шинэ хуваарилалтад өөрөө ийнхүү “крыша” болоод явж байна. С.Чемезовын ашиг сонирхлын бүсэд “Эрдэнэт” ба “Монголросцветмет”-ийг үлдээж, Тавантолгойн тендерт Оросын төмөр замуудын нэгдлийг зүтгүүлжээ. Энэ хуваалтаас сугарсан хүн нь мөнөөх Дерипаска. Тэр Монголын сэдвээр дөрвөн жил идэвхтэй ажилласан боловч олигархиуд түүнийг шахсан юм. Тавантолгойн тендерт орох Орос компаниудын нэгдэл байн байн өөрчлөгдөөд байсан учир ийм. Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах бэлтгэл ажлууд өнөөдөр хийгдэж байна. Айлчлалын наана “Эрдэнэт”-ийн өөрийн мэдлийн 49 хувиа бирж дээр борлуулах төлөвлөгөөг шинэ оросууд Советийн хурал дээр манай талд илэрхийлсэн юм. Оросууд нэг л тулгах шинжтэй. Тэд хатуу байр суурьтай байна. Биржүүд дээр Монголын ордоор санхүүжилт босгох, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд цагийг нь олж нөлөөгөө тогтоохоор тэд яарч байгаа юм. Тиймээс Оросын олигархиудын дайны мөн чанарыг ажиглаж байхад гэмгүй.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн Сергей Чемезов хэнтэй найзалдаг вэ? Потанин, Усманов хэмээх биллионерүүдтэй тэрбээр нэг баг болж, “Оросын зэс” нэртэй мөрөөдлийн төслөө гүйцэлдүүлэх гэнэ. Тавантолгой ордын олон улсын тендерийн өрсөлдөөний мэдээний дунд монголчууд Потанин, Усманов нарын нэрийг сонсч, компанийг нь цээжилсэн. Дерипаскагийн оронд В. Якунин Тавантолгойн локомотив болоод хүрээд иржээ. Тэр төмөр зам барьж өгнө хэмээн хөрөнгө оруулаад, хариуд нь Тавантолгойн лицензийг авах сонирхолтой гэдгээ сүүлийн гурван жилийн турш ярьж явна. Лицензээ Потанин, Усманов нарт өгөх юм байх. Зөөлөн хэлэхэд наймаа, үнэн хэрэгтээ олигархиудын дайн болж байна. Уг дайны оргил үе Норилскийн никелийн үйлдвэрийн хувьцааны хяналтын багц дээр яг одоо өрнөж байгаа. Дерипаска, Потанин хоёр Норильскийн ТУЗ-ийн хурал дээр ээлжилж бөмбөг тэсэлнэ гэсэн үг.

Сибирь, Монголын баялаг, түүнийг зөөх зам, түүхий эд авах Хятадын зах зээл, санхүүжилт босгох Хонконгийн бирж гэсэн алтан гурвалжин дунд Оросын баячууд зодолдсоор. Энэ зодоон манайд хамаагүй гэж мангартаад яахав, морьтой жагсч байх хооронд баялгийг маань хилийн чанадад хуваарилаад эхэлжээ. Оросын төрийн өмчийн компаниудыг хувьчлах жагсаалт ч сонирхол татдаг. Лав нүүрсний боомтуудаа Оросын төр хувьчлаад эхэллээ. Хойшоо барих төмөр зам маань хэн гэдэг эзний боомт дээр очиж гацах бол. Орос орон ороо бусгаа, ойлгомжгүй хэвээрээ. Бэлэн мөнгөтэй биллионерүүд олон.

Жижигхэн Винсвэй томорсон түүх


Биллионерууд бэлэн мөнгөөр үзэлцэж байгаа бол биржүүд дээр компаниуд чимээгүй мөнгө босгож эхэлжээ. Хятадын Винсвэй компанийн хувьцаа өнгөрсөн жилийн аравдугаар сард Хонконгийн бирж дээр даруухан үнэтэйгээр зарагдаж эхэлснийг санаж буй хүн бий болов уу. Тэгвэл ганцхан жилийн дараа Винсвэй хэрхэн томорсныг сонирхоорой. Тавантолгой ордын олон улсын тендерт шалгарах хамгийн өндөр магадлалтай Пийбодитой хамтран Винсвэй Монголд нүүрсний хайгуул хийх гэнэ. “Пийбоди Винсвэй Монгол” гэдэг охин компани байгуулсан ба тэр нь Монголд хайгуулын 47, ашиглалтын 3 лицензтэй. Винсвэйгийн зах зээлийн үнэ өссөөр байгаа шалтгаан энэ.

Түүнчлэн энэ жил ба ирэх онд Винсвэй дэд бүтцийн ажилд маш их хөрөнгө хаяна. Монголын хилийн дагуу төмөр замын 7 өртөө, 6 угаах үйлдвэр ашиглалт оруулах бизнес төлөвлөгөөтэй. Улмаар бүр томорч оросуудаас нүүрс авч, Хятадын үйлдвэрүүдэд зарах аж. Винсвэйг Монголд анх орж ирэхэд хэн ч мэддэггүй байсан бол өдгөө тэр нь нүүрсийг зах зээлтэй холбогч стратегийн түнш болтлоо өсөн томорсон байх юм. Монгол орны баялгийн өгөөж тэднийг ийнхүү томруулжээ. Давуу тал нь Хөх хотын Төмөр замын газартай гэрээ хийсэн, Хятадын төмөр замын сүлжээнд нэвтрээд сурчихсан. Ийм давуу талтай учир Пийбоди нь Винсвэйтэй гэрлэж, охин төрүүлсэн билээ. Хэрвээ Монголын компаниуд өөрсдөө нүүрсээ угаагаад, ган үйлдвэрлэгчид рүү өөрөө хүрч чадвал Винсвэйн үнэ цэн унана. Ингэж гадаадын мангасуудтай өрсөлдөж чадах үндэсний компани одоохондоо Монголд “Энержи ресурс”-ээс өөр алга. Тавантолгой ХК, South Gobi Sands, МАК гээд бүгдээрээ Винсвэйг хөлсөлж нүүрсээ зөөлгөдөг. Өнгөрсөн жилийн аравдугаар сард хувьцаагаа 3.60 хонконг доллараар гаргасан Винсвэй өнөөдрийн ( 05.27 ) арилжаанд 3.71 хонконг доллараар үнэт цаасаа зарж байна. Сүүлийн нэг сарын турш нүүрсний компаниудын хувьцаа бирж дээр унасныг тооцвол бас муугүй үзүүлэлт. Цаашид тус компанийн зах зээлийн үнэлгээ өснө гэсэн судалгааг MICC гаргажээ.

Оюутолгойн дараах баян орд

Баянхонгорын Хөвийн хар хэмээх газар мөдхөн дэлхийн уул уурхайн мэдээг өнгөлөх буй за. Энд их хэмжээний зэсийн нөөц бий гэсэн урьдчилсан таамаг бий. Эрдэнэ Монгол Девелопмент гэдэг компани Монгол улсад тун хэцүү цагт анх орж ирсэн юм. 68 хувийн татвараас болоод улс амьтан гараад явж байх үед эрсдэл үүрээд зөрж орж ирсэн гадаадын цөөн компани бий. Яг өнөөдөр тэдгээр компаниуд Монголд махаа зулгаан хэдэн жил тэссэн ажлынхаа үр дүнг үзэх гэж байна. Эрдэнэ Монгол төдийгүй Алтан Рио Монгол, Gobi Coal & Energy Limited зэрэг нь манай улсад 4-6 жил үйл ажиллагаа явуулсан. Ихэнх орд газрынхаа нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсан. Улмаар ордуудынхаа хувьцааг олон улсын бирж дээр гаргах бэлтгэлдээ шамдсан байна. Алтан Рио компани нь Монгол нутгийн дөрвөн зүгт дөрвөн сайн ордтой агаад, гурвынх нь ашиглалт мөд эхлэх юм. Чандманий зэс алтны, Онон ба Хавчуугийн алтны ордтой. Тэд Торонтогийн бирж дээр гарах бэлтгэлээ базааж байна. Тэгвэл Gobi Coal нь Баянхонгорт төвхнөсөн. Нүүрсний “Шинэжинст” төслөө энэ жил хэрэгжүүлнэ. “Зээгт” төслөө 2014 оноос ашиглана. Ирэх оны эхний улиралд Хонконгийн бирж дээр санхүүжилт босгох төлөвлөгөөтэй. Уул уурхайн том төсөл бүр асар санхүүжилт шаарддагийн учир Монголын ордуудаар хөрөнгө босгох аян ийн хурдаа нэмж байна.

Оюутолгойтой зэс- алтны нэгэн судалд багтдаг хэмээн рекламдсан өөр нэг ордыг Хүрэл үнэгт гэдэг. Оюутолгойгоос ялимгүй зүүн хойш байрладаг. Энэхүү ордыг эзэмшигч нь өөрөө бирж дээр гараагүй. Харин Торонтогийн биржид бүртгэлтэй Бразилийн алтны компанид хувьцаагаа эзэмшүүлэх замаар Хүрэл үнэгээр мөнгө босгох хэлбэрийг сонгожээ. Хүрэл үнэг ордын шинэ эзний нэрийг Торонтогийн биржийн мэдээнээс Kincora copper limited хэмээн хайгаарай. Монголын ордуудын лиценз эзэмшигчид эхлээд монголчууд өөрсдөө байсан бол эдүгээ ийнхүү цааш цаашаа эрэлт нь өндөрсөн “дамлагдсаар” “эзэн холбогдогчийнх нь” учрыг олоход төвөгтэй болтлоо эрлийзжижээ. Хууль журам зөрчсөн зүйлгүй. Явдаг л арилжаа наймаа. Гэхдээ аалзны шүлс шиг дэндүү эрчимтэй торлож байна. Манай хилийн өмнөд этгээдийг даган сунасан нүүрс ба зэс-алтны судлыг тойрон мөнгө босгох ажлууд ийн өрнөв. Мөдхөн олборлолт бүрэн хүчин чадлаараа явах юм.

Баянхонгор аймгийн нутагт байрлах зэсийн Хөвийн Хар ордыг зүгээр нэг дурдсангүй. Зуун Модны молибдений баялаг ордоос 2.2 километрийн зайд орших уг газарт их хэмжээний зэс, мөнгөний нөөц бийг тандаад байна. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр энд өрөмдлөг хийж эхэлжээ. Эрдэнэ Монгол Девелопмент нь дэлхийн хэмжээний өөр хоёр орд газарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн мэргэжлийн компани. Зуун Мод ба Хөвийн хар төслөөрөө тэд Торонтогийн бирж дээр ихээхэн хөрөнгө босгоно гэдэгт эргэлзэх зүйл алга.

Арван оны IPO-нууд

Монголд эзэмшдэг орд газрынхаа хувьцааг гаргах аян энэ оны туршид үргэлжилнэ. Хүннү Коул компани аравдугаар сард Хонконгийн бирж дээр листинг хийх бол араас нь Болд Төмөр Ерөө гол, Жамп зэрэг туршлага судлах бололтой. Австралийн биржийн өнгөрсөн жилийн шилдэг үнэт цаасаар Хүннүгийн HUN симболтой хувьцаа тодорч байсан бол тэд энэ жил мөнгө сайтайгаар нь Хонконг дээр дахин IPO хийх гэж байна. Харанга Ресорсиз, Gobi Coal гэхчлэн Хонконгийг зорих компанийн цуваа үргэлжилнэ. Энэ бүхний араас “Эрдэнэс Тавантолгой” маань бас явна. Арван онд Монгол дахь ордуудаас босгосон мөнгөөрөө Хонконг ба Торонтогийн бирж дэлхийд тэргүүлэх юм. Арваннэгэн онд өрсөлдөөн бүр нэмэгдэх биз ээ. Дэлхийн биржүүдэд баялгийн хуваарилалт ийнхүү явагдаж байна. О. Дерипаска ч EuroSibEnergo компанийхаа хувьцааг Хонконгод энэ оны сүүлээр гаргана гэжээ. Оросын нефтийн хэд хэдэн компани хувьцаагаа Хонконгод борлуулах бэлтгэлдээ орсон. Санхүүгийн хямралын дараа дампуурч явсан Дерипаска өөрийн хөдөлмөр ба Хонконгийн бирж дээр “Русал”-ийнхаа 53 хувийг зарсны хүчинд хөл дээрээ босч чадсан билээ. Тэрбээр нэг зүйлд туйлаас итгэдэг. “Bloomberg Markets”-т өгсөн ярицлагадаа Дерипаска “ Хятад, Энэтхэг, Латин Америк, Африкийн 3 тэрбум хүн эдийн засгийн хамгийн идэвхтэй амьдралд оролцож байна. Тэдний эрэлт нь дэд бүтэц, тоног төхөөрөмж, шинэ орон зайг шаардсаар байх болно” гэжээ.

Хувьцаа ав


Орд газруудынхаа хувьцааг худалдаж авахыг зөвлөе. Санхүүгийн зах дээр өрнөж буй, тэр бүү хэл улс төрийн үйл явц болгоноос энгийн гаргалгаа хийх чадвар монголчуудад бий. Олон улсын биржийн арилжаанд оролцох нь одоо шинэ зүйл биш болсон. Ашигтай ирээдүйтэй төслүүдийнхээ хувьцааг монголчууд өөрсдөө авч богино хугацаанд ашиг олж сурах цаг болжээ. Халуун мөнгө Монголоос гадагшлах бус, гэртээ шингэвэл эдийн засгийн хөл гар найдвартай болно.