Thursday, May 12, 2011

Н.Золжаргал: Зээлийн хүүг зах зээл өөрөө тогтоодог болох ёстой



1 цаг 3 минутын өмнө
Н.Золжаргал: Зээлийн хүүг зах зээл өөрөө тогтоодог болох ёстой
Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг "Ярилцах танхим"-даа урьж ярилцлаа.

-Жил бүрийн яг энэ үед инфляци өсдөг. Гэтэл 5.5 хувьд хүртлээ буурлаа. Инфляцийн энэхүү бууралт юунаас үүдэлтэй, гол арга механизм нь юу байсан бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Шулуухан хэлэхэд энэ бол Засгийн газар хүнсний нийлүүлэлтийн “шок”-ийг багасгахын тулд өнгөрсөн хавраас эхлэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм. Мэдээж үүнд Монголбанкны оролцоо бий. Илүүдэл мөнгийг нэлээд сайн татах зэргээр зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн зарчмын дагуу хийх ёстой ажлаа хийсэн. Магадгүй инфляцийг үүнээс цааш бууруулах боломжгүй л болов уу.

Гэхдээ Засгийн газар, Монголбанкны гол зорилт нь инфляцийн энэ орчинд бодит эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллах явдал. Энэ улиралд л гэхэд эдийн засаг есөн хувиар өслөө. Энэ бол маш сайн үзүүлэлт. Ойрын 3-5 жилд энэ эрчээ алдахгүй, үргэлжлүүлээд явах хүлээлт манай эдийн засагт бий болчихлоо. Эдийн засгийн энэ өсөлтийг хангахын тулд бид юу хийх ёстой вэ гэвэл юуны өмнө мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн суурь зарчмуудаа эргэн харах хэрэгтэй байгаа юм.

-Зээлийн хүүг онилсон мөнгөний бодлого явуулсан нь буруу гэж та хэлэх гээд байна уу?
-Инфляци өндөр үед энэ бодлого оновчтой байсан байх магадлалтай. Тухайн үеийн инфляцийн гарал үүслээс шалтгаалан мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээс алийг нь авч хэрэгжүүлэхээ зөв сонгох учиртай. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн “шок”-оос үүдсэн энэ удаагийн инфляцийг бууруулахад Засгийн газар үүргээ сайн биелүүлсэн. Импортолж байгаа инфляци буюу Хятадын инфляци, нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийг бол бид яаж ч чадахгүй. Энэ бол биднээс шалтгаалахгүй шүү дээ. Сайндаа л ханшийн зохицуулалтаар үүнийг бууруулж чадна. Үлдсэн шалтгаан нөхцлийг нь Монголбанк мөнгөний бодлогоороо зохицуулах үүрэгтэй. Энэ бүхний дүнд л инфляци цаашид тогтворжих ёстой юм.

-"Боломжгүй гурвалжин" дотроос "зээлийн хүү"-г онилсон нь буруу гэж та хэллээ. Тэгвэл бодлогын хүүг яаж зах зээлийн хүүтэй уялдуулах ёстой юм бэ?

-Зах зээлийн хүүг мөнгөний нийлүүлэлтийн хэмжээгээр шийддэг механизмд шилжих ёстой болоод байна. Бодлогын хүүг онилсноор “Боломжгүй гурвалжин”-гийн хаа нэг газар нь бид алдаа хийх гээд байна шүү дээ. Тэр нь бодит эдийн засгийн өсөлтөө боомилох гээд байгаагаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монголбанк 11.5 хувийн хүү төлөөд арилжааны банкууддаа бүх төгрөгийг нь авчихаад суугаад байна гэсэн үг. Тэгэхээр арилжааны банкуудаас хэн түүнээс өндөр хүүтэйгээр мөнгө зээлж, үйлдвэрлэл явуулах вэ. Хөрөнгө оруулалтаар эдийн засагт орж байгаа мөнгөний хэмжээг багасгаад байгаа нь сайн хэрэг биш биз дээ. Ийнхүү зээлийн хүүг онилсон бодлого нь эдийн засгийн тэлэлтийг багасгаад байдаг.

-Төгрөгийн ханш тогтвортой байгаа. Энэ таатай байдал хэр удаан үргэлжлэх бол?
-Ханш оны эхэнд байсан түвшингээс нэг их холдоогүй байна. Завсар нь жаахан савласан. Энэ савлагаа нь дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн огцом өсөлт, бууралт, нефтийн нийлүүлэлтийн гацаа, нүүрсний тээвэрлэлтэд хориг тавьсан зэргээс шалтгаалан сарын 150 орчим сая ам.долларын сөрөг нөлөөлөл гарч магадгүй гэсэн айдсаас үүдэлтэй. Харин саяхан юань, төгрөгийн ханшийн талаар своп хэлцэл хийснээр сэтгэлзүйн нөлөөлөл нь багасч эерэг байдалд эргэн орж байна. Үүнийг эс тооцвол ханш тогтвортой байна.

Гэтэл эдийн засгийн тэлэлт гэдэг нь маш сонин ойлголт. Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн гэж бид ярьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж буй ч үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн багасаад байна. Урт хугацаанд энэ хоёрын хоорондын зөрүү ихсээд байвал эдийн засгийн гадаад хамаарал, хэврэг чанар нь улам нэмэгдэнэ. Цаашилбал улс төрийн нөлөөлөлтэй зүйл шүү дээ. Тиймээс макро эдийн засгийн баланс, бодлогыг хэрэгжүүлдэг механизмаа эргэж хармаар байна.

-"Боломжгүй гурвалжин" гэдэг ойлголтыг эдийн засагчид, улстөрчид мэдэж байгаа. Тэгээд яагаад заавал энэ аргыг нь сонгож онилоод байна вэ. Энэ тохиолдол зээлийн өндөр хүүгээр боомилуулсан үндэсний үйлдвэрлэгчид, бизнесменүүдээ хэн яаж дэмжих вэ?
-Боломжгүй гэдгийг нь мэдсээр байж “Боломжгүй гурвалжин” руу зүтгэхээ болих хэрэгтэй. Одоо үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтийг хайх нь илүү зөв, зүйтэй алхам болно. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд бид санаа зовох хэрэггүй болох шинжтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид идэвхжихийн хэрээр өснө.

Гэтэл Монголын аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, бизнесменүүдийн үйл ажиллагааг өндөр хүүгээр боомилоод байна. Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан хувийн секторт хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой. Эсвэл Засгийн газар хөрөнгө оруулах ёстой. Аль алинд нь зээлийн хүүгийн дарамт өндөр байгаа нөхцөлд хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байдалтай байна. Тиймээс гадаадынхны хөрөнгө оруулалт л өрсөлдөх чадвартай байх тэр зам руу орчихоод байна. Мөнгөний хүү зах зээлийн жамаараа бүрдэх тохиолдолд ийм сөрөг нөлөө арилах юм.

-Инфляцийн хүлээлтэд өнөөдөр юу нөлөөлж байна вэ?

-Дэлхий даяар бий болчихоод байгаа гадаад “шок”-ууд нөлөөлж байна. Үүнээс хамгаалах ямар ч арга байхгүй. Ийм тохиолдолд гадаад нөлөөллийн эсрэг сөргүүлэн тавьдаг ганц арга бий. Энэ нь Монголын эдийн засагт орох валютын урсгал юм. Манайх нээлттэй улс орны хувьд Монголбанк үүнд нь хяналтаа тавиад, мөнгөний нийлүүлэлтээ тэлээд явах ёстой. Өөр арга байхгүй. Гэтэл мөнгөний нийлүүлэлтээ тэлэх гэхээр хүүг нь хатуу тогтоочихсон болохоор яаж ч чадахгүй байна. Тиймээс хүүгийн системийг чөлөөлчихмөөр санагдаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл зах зээл өөрөө хүүгээ тогтоог. Тэр нь одоогийн мөнгөний бодлогын хүүгээс дээгүүр, доогуур байх нь сонин биш. Ханшийг зах зээл өөрөө тогтоодог болоод удаж байна. Үүний нэгэн адил зээлийн хүүг ч мөн зах зээл өөрөө тогтоодог болсноор эдийн засаг тэлж, эрүүлжинэ, өснө. Төгрөгийн хүү хэтэрхий өндөр байхад ханшин дээр тэнцвэргүй их ачаалал ирж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр ам.долларын хүү, төгрөгийн хүү ямар байгаа билээ. Энэ тохиолдолд гаднаас ам.доллар оруулж ирэх сонирхол ихэсч, энэ нь төгрөгийн ханшийг хэт чангаруулж байна. Бодит бус ханшид ингэж чирэгдвэл хүссэн, хүсээгүй экспортоо боомилж эхэлнэ.

-Инфляцийн бууралт, эдийн засгийн өсөлтийн энэ таатай нөхцөл байдал хэр удаан хугацаанд үргэлжлэх бол?

-Хаана, хаанаа зөв ойлголцож ажилласан тохиолдолд энэ таатай нөхцөл байдал удаан үргэлжлэх боломжтой. Гэхдээ нэн даруй хэрэгжүүлэх ажлын нэг нь бол монгол төгрөгийн хугацааны асуудал. Монгол төгрөгийн хадгаламжийн болон зээлийн хугацаа нь хэтэрхий богино байдаг. Энэ хугацааг уртасгахын төлөө бид ажиллах ёстой.

-Үүний тулд юу хийх ёстой вэ?
-Үндсэндээ хоёр гол ажлыг хийх ёстой. Үнэт цаасны зах зээлийг нэмэх ёстой. Тэр тусмаа Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг бас нэмэх ёстой. Урт хугацааны зээлүүд зах дээр гарч ирэх ёстой. Хөрөнгө оруулагчид тэндээс сонголтоо хийх эрхтэй. Таван жилийн хугацаатай төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломж байна уу. Арван жилээр хөрөнгө оруулалт хийвэл надад ямар боломж байна гэх зэргээс сонголтоо хийх боломжийг нээх ёстой. Ийнхүү дунд болон урт хугацааны төгрөгийн өгөөжийн муруйг яаралтай бий болгох юм.

Тэгэхгүйгээр урт хугацааны үнэлгээний тухай ярих хэрэггүй. Урт хугацааны зээлийн үнэлгээ байхгүй бол Монголын мөнгөний бодлого нь маш богино, ердөө нэг жилийн л бодлого болчихоод байна. Заримдаа гадаад “шок”-оос шалтгаалан нэг жилийн бодлого ч болж чадахгүй үе байна шүү дээ. Тиймээс өнөөдрийн эерэг орчинг ашиглан бидний урагш ахих ганц арга бол мөнгөний бодлогын хэрэгжилтээ эргэж харах ёстой болж байна. Их, багын тухай би яриагүй. Гол нь зах зээлийн системд нь шилжүүлэх хэрэгтэй. Миний бодлоор зээлийн бодлогын хүүг зах зээлийн системд шилжүүлснээр хүү буурна.

-Монголбанк энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж, хяналтаа чангатгах хэрэгтэй болох нь?
-Монголбанк мөнгөний бодлогын талаар илүү нарийн тооцоололтой байх ёстой. Өнөөдөр бол судалгаа, бодлого хоёр нь нийлчихээд байгаа учраас алдаа гараад байгааг үгүйсгэхгүй. Судалгаа нь бие даасан, хараат бус, өргөн хүрээтэй байх ёстой.

-Инфляци өснө гэж ОУВС-аас бараг байнга анхааруулдаг. Гэтэл та "аюулгүй, зүгээр" гэдэг. ОУВС, Сангийн яам, Монголбанк нэгдсэн байр суурьтай байж, хамтарч ажилладаггүй юм уу?
-Энэ бол цэвэр онолын маргаан шүү дээ. Инфляцийн хүлээлт өндөр байлаа гэхэд түүний эсрэг тэмцэх ажлыг Монголбанк л хийж таарна.

-Өнгөрсөн жилийн өдийд л гэхэд инфляци оны эцэст 27-30 хувьд хүрнэ гэж анхааруулж байсан. Гэтэл ийм хэмжээнд хүрээгүй. Эсвэл олон нийтийг ингэж айлгаж, сэрэмжлүүлэх ёстой байдаг юм уу?
-Тэр үед мөнгөний нийлүүлэлт 67 хувиар өснө гэдгийг урьдчилан тооцоолоогүй байсан. Инфляци 30 хувь орчимд хүрнэ гэж ОУВС анхааруулж байсан. Гэтэл бодит байдал өөрөөр эргэсэн. Мөнгөний нийлүүлэлтэд хяналт тавьж, илүүдэл мөнгийг цэвэрлэх ажлыг Монголбанк сайн гүйцэтгэсэн.

-Өнөөгийн энэ таатай нөхцөлд Засгийн газар хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?

-Засгийн газар инфляциа бууруулж чадсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Улаанбаатар хотын захиргаа инфляцийг бууруулахад үнэхээр том нөлөө үзүүлсэн. Энэ талаар хэн ч маргаж чадахгүй. Махны нөөцийг бүрдүүлснээр нийлүүлэлтийн “шок”-оос гарч үнийг бууруулж чадсан. Үнийн өсөлтийг барьж чадсанаар хүнсний инфляцийг бууруулж, нийт инфляцийн түвшин маань Хятад улстай бараг эн зэрэгцлээ. Энэ бол яах аргагүй Засгийн газрын зохицуулалтын үр дүн юм. Харин инфляциа буулгангуут хөрөнгө оруулалтаа нэмэх ёстой. Гэтэл үүнийгээ хийж чадахгүй гацаад байна. Орон сууцны зээлийг л гэхэд арилжааны банкуудаар дамжуулах уу, яах вэ гэдэг талаар маргаж, Хөгжлийн банкаа байгуулах гэсээр байгаад нэлээд хугацаа алдлаа. Бараг бүхэл бүтэн бизнесийн сезоныг алдах шахаж байна.

-Цаашид хөрөнгө оруулалт улам нэмэгдэх төлөвтэй байна. Гадаад валютын урсгал улам нэмэгдэхэд манай эдийн засагт үүнийг шингээх чадвар бий юү?

-Хэрэв валютын урсгал нэмэгдэж орсоор байхад “Боломжгүй гурвалжин”-г онилоод байвал шингээх механизм бараг байхгүй. Өөрөөр хэлбэл бүгдийг нь цэвэрлэхээс өөр аргагүй болох тийм л нөхцөл рүү яваад байна гэсэн үг. Зүй нь орж ирж байгаа мөнгөөр баялгийг бий болгон, бодит эдийн засгаа хөгжүүлэх ёстой шүү дээ. Хувийн ч, төрийн ч секторт хөрөнгө оруулалтын болон зээлийн эрэлт их байна. Орон сууцны хэрэгцээ, эмнэлэг, сургуулиудын хангалт, түвшин ямар байгаа билээ. Нийгмийн халамжийн түвшин, нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр татах ёстой хэвээрээ байгаа. Энэ мэтчилэн хөрөнгийн урсгалыг шингээх эрэлт их байвч механизм нь дутагдаад байна.

-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл Оюутолгойн гэрээний насаар хэмжигдэнэ



6 цаг 26 минутын өмнө
Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл Оюутолгойн гэрээний насаар хэмжигдэнэ
-Эдийн засгийн хөгжлийн бат сууриараа улс төр хийх гэж үү-

УИХ-ын нэр бүхий гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг спикерт өргөн барьсан. Энэ асуудлыг хуулийн дагуу ажлын 14 хоногт багтаан шийдэх учиртай. Гэхдээ Д.Зоригт сайдыг огцруулах үндэслэл гэгчийн гол агуулгыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал эзэлдэг.

Уг нь энэ гэрээг байгуулах үндсэн баримт бичиг буюу УИХ-ын 57 дугаар тогтоолыг эрхэм гишүүд хэлэлцэж баталсан. Үүнийгээ "Жигтэйхэн ач холбогдолтой аугаа шийдвэр гаргачихлаа. Хамтарсан Засгийн газрыг чинь ерөөсөө ингэх гэж л байгуулсан юм" гэж ярьцгааж байсан. Харин өнөөдөр тэдний зарим нь ямархан тогтоол баталснаа мартсан, эсвэл тоо баримтыг нь хараагүй нүдээ анин баталсан мэтээр асуудалд хандаж буйг бид харж байна.

Хэрэв УИХ-ын гишүүд улс орны ирээдүйтэй холбоотой амин чухал тогтоолыг батлахдаа хариуцлагагүй хандсан бол алдаагаа Засгийн газарт тохох гэж байгаа хэрэг. Түүнээс биш Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын нүд рүү хэрхэн чичилж, дөнгөж хариулаад дуусмагц нь дахин асууж хэл амаа сугалах шахаж байсныг олон нийт мартаагүй нь лавтай.

Ингээд дэлхийд томоохонд тооцогдох төслийг арайхийн баталсныхаа дараа эргэж буцан алмайрч буй эрхмүүдэд зориулан тухайн үед УИХ ямархан тогтоол баталж, түүний дагуу гэрээнд хэрхэн заасныг нэхэн сануулъя. Эдгээр тоо баримтыг Оюутолгой төслийнхнөөс авсан нь мэдээж. Гэхдээ тэд олон нийтэд буруу ташаа мэдээ өгөхгүй. Тийм санаа сэдэл, эрх ч байхгүй. Нөгөөтэйгүүр Оюутолгой төслийнхөн, хөрөнгө оруулагчид Монголын төрд, улстөрчдөд санал бодлоо илэрхийлэх боломж бараг байдаггүй билээ. Тиймээс чухам бодит тоо баримт нь ийм юм шүү гэхээс өөрөөр юу ч хийж, хэлж чадахгүй байгааг бас тунгаана биз ээ.

Тухайлбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд "Дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой" гэж тооцсон байгаа. Энд сорчилж ашиглах асуудал огт байхгүй. Үүнийг холбогдох яам, агентлагууд бүрэн хариуцаж, Монголын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн. Харин энэ асуудалд хатуу байр суурин дээрээ тууштай зогсч чадсанд нь олон нийт сэтгэл хангалуун үлдсэн билээ. Мөн 2011 оны эцэс гэхэд "Рио Тинто" болон "Айвенхоу Майнз" компаниуд Оюутолгой төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх ёстой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэлх хугацаанд хайгуул, үнэлгээний ажилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн тооцоо байдаг.

"Монгол Улсын Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтад төсвийн эх үүсвэрээсээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах шаардлагагүй. "Айвенхоу Майнз" болон "Рио Тинто" компани нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардагдах бүхий л санхүүжилтийг хийнэ" хэмээн гэрээнд тусгасныг хөрөнгө оруулагчид бүрэн хэрэгжүүлж байгаа билээ. Тэд хөрөнгөө оруулсан. Харин Монголын тал нэг центийн ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Энд мөнгөөр үнэлэгдэх болон үнэлэгдэшгүй нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг тооцохгүй байгаа. Дэлхий нийтийн жишгээр давуу эрхийн хувьцаа гаргахад нь хүртэл "Монголын тал 34 биш, долоо орчим хувийг эзэмших нь" хэмээн улстөржүүлж, мэдээлэл багатай иргэдийн тархийг угаах гэж оролдсон.

Мэдээж тэдний инээд хүрсэн байх л даа. Гэвч эргэлзээ төрүүлсэн энэ хэллэгийг огт ашиглахаа болихоос өөр яах билээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид манай нөхцөл байдлыг ойлгож, ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Асуудлыг тухай бүрт нь ил тодоор олон нийтэд танилцуулж, ойлгомжгүй байдал үүсгэхгүй байхыг хичээж байгаа билээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэ хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Харин ч Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой. Үүнийг мэдсээр байвч өөр мэдээлэл хийх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийг эс тооцвол олон нийт хангалттай мэдэх болсон. Дэлхийн хэвлэл мэдээллээр ч энэ гэрээг гайхалтай ашигтай, сайн гэрээ болсныг баталсан мэдээ, мэдээлэл удаа дараа гарч байсан юм. Монгол Улсын Засгийн газрын хувьд "Оюутолгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ногдол ашгийн хэлбэрээр хүртэнэ" хэмээн гэрээнд заасан буй.

Өнгөрсөн хугацаанд төлсөн татварыг холбогдох байгууллагын тайлан мэдээнээс чөлөөтэй харж, мэдээлэл авах боломж нь нээлттэй байгаа. Гэвч гэрээг буруутгагчдын зүгээс ийм мэдээлэл судалсан нь үгүй биз ээ. Учир нь энэ талаар дурьдаж байсан удаагүй. Төслийн үр ашгийг тооцохдоо зөвхөн мөнгөөр үнэлэгдэх хэлбэрийг нь сонирхоод нийгмийн хөгжилд тустай олон талын ач холбогдыг үл тоох нь ичгэвтэр хэрэг. Харамсалтай нь гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд улстөрчдийн үнэлэмж ийм л хэмжээнд байсаар ирсэн. Үүнийг ч олон нийт мэдэрч байгаа.

Тэр тусмаа бүтээн байгуулалтын ажил өрнөж буй нутаг орныхон, төслийн үр шимийг хүртэн амьдарч буй иргэдийн хувьд бүр ч илүүтэй мэдэрч, санаа бодлоо олон нийтэд хүргэхсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх явцад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжууд бий болно. Одоогоор 8000 гаруй хүн тэнд ажиллаж байгаагийн тэн хагас нь монголчууд байгаа.

Мөн өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан мэргэжлийн сургалт, бий болгосон ажлын байрууд, бизнес эрхлэгчдэд олгосон боломжуудын талаар хангалттай мэдээллийг тухай бүрд нь олон нийтэд өгсөөр байгаа. Гэвч хардах өвчин харалган болгодгийн жишгээр энэ мэдээллийг авах хүсэлгүй хүмүүс энэ талаар огт анхаарч, дуугарч байсангүй. Уурхай ашиглаж эхэлсний дараа, ердөө 2013 он гэхэд л Оюутолгой төслийн арван ажилтны ес нь монгол хүн байхаар гэрээнд заасан билээ. Аль ч талаас нь бодсон хэн ч энэ үр өгөөжийг үгүйсгэж, муу гэрээ байна гэх боломжгүй юм.

Хамгийн гол нь нүүлгээд аваад явах боломжгүй зөвхөн Монголд л үлдэх, ирээдүйн хөгжилд асар том ач холбогдолтой баялаг энд үлдэнэ. Энэ бол уурхайг дагасан дэд бүтэц тэр дундаа зам, эрчим хүч, ус, агаарын шугамууд юм. Өмнийн говийн бүсийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болох дэлхийн стандартад нийцсэн замын эхлэлийг хэдийн тавьсан. Үүнд баярлахгүй монгол хүн, тэр тусмаа нутгийн иргэд яахин байх билээ. Гэвч төслийнхөн хийсэн ажил бүхнээ хөөр баяр болгон ярьж, сурталчлаад байдаггүй. Ямар ч бэрх бохир пиарын үед ажлаа сайн хийж, үүдээ цэлийтэл нээн, ил тод байж ирсэн.

Хэдийгээр Оюутолгойн гэрээгээр дэнчин тавьж Монголын улстөрчид өөр хоорондоо тэмцэлдэж буй ч хөрөнгө оруулагчид хэзээ ч байр сууриа илэрхийлэн үүнд оролцож байгаагүй. Тэд гэрээндээ эзэн болсон Засгийн газартай ажил хэрэг ярьсан гэдэгтээ итгэлтэй байдгийнх биз ээ. Нөгөөтэйгүүр улс төрийн янз бүрийн үйл ажиллагаа өрнөж байвч ирээдүйн эдийн засгийнхаа бат сууриар тоглохгүй нь лав хэмээн монголчуудад найддаг нь лавтай.

"Оюутолгой" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей "Олон улсын санхүүгийн байгууллагууд, судлаачдын зүгээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн дүн шинжилгээнүүд нь уг гэрээнд олон улсын тэргүүн туршлагыг шингээсэн болохыг баталж байна. Оюутолгойгоос монголчуудын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулсан бөгөөд нөгөө талаас уг гэрээ нь ойрын олон арван жилүүдэд Монголын эдийн засгийн бат суурь нь Оюутолгой төсөл байна гэдгийг бататгаж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар дэмжиж буй нь хөрөнгө оруулагчдад итгэл өгч, төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхой болгож буй хэрэг юм. Түүнчлэн энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдад "Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй" гэдэг чухал дохиог өгч байна. Шударгаар хэлэлцэн тохирсон эрх зүйн баримт гэрээгээ сахин мөрдөх нь цаашид хэрэгжих томоохон төслүүдийн санхүүжилтийг босгоход, Монгол Улсыг хүчирхэг байр суурьтай байхад нь тус дөхөм болно" хэмээн тэмдэглэн хэлсэн байдаг.

Үнэхээр ч энэ гэрээний насжилтыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Улс төрийн тогтвортой байдал, гэрээг сахин мөрдөх чанар бол хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том шалгуур үзүүлэлт байдаг. Энэ тал дээр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголыг сайшааж, сонирхож эхэлсэн.

Гэрээ буцвал хөрөнгө оруулагчдын итгэл мөн адил буцах билээ. Харин энэ итгэлийг дахин олж авахад тун амаргүй байх нь мэдээж. Тиймээс өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө эдийн засгийн хөгжлийн ирээдүйн сууриараа дэнчин тавихгүй биз ээ гэж итгэлээ өгөн сонгосон ард иргэд нь төр засгийн зүг маш анхааралтайгаар ширтэж байна.

У.Оргилмаа 2011.05.12

“Хөгжлийн банк” үүдээ нээлээ

“Хөгжлийн банк” үүдээ нээлээ


1 цаг 31 минутын өмнө
“Хөгжлийн банк” үүдээ нээлээ
Удтал яригдсан “Хөгжлийн банк” өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Хөгжлийн банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг Төрийн өмчийн хорооноос зарлаж, уг сонгон шалгаруулалтанд БНСУ-ын Хөгжлийн банк шалгарсан билээ. Тус банктай байгуулах Гүйцэтгэх удирдлагын гэрээ хэлэлцээрийг ойрын хугацаанд багтаан дуусгахаар Монголын Улсын хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байгаа юм. Гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх тухай хуулийн заалтыг баримтлан ажиллаж байгаа гэлээ. Монгол Улсын хөгжлийн банкинд Монгол Улсыг төлөөлөх Тэргүүн дэд захирлаар хатагтай Л.Болормаа томилогдсон юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарын хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ажиллагааны үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун ярихдаа “2011 оны нэгдүгээр улиралд манай улсын эдийн засаг 9,7 хувиар өссөн нь түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлт юм. Энэ нь саяхан гүн хямралд ороод байсан эдийн засаг хэр хурдацтай сэргэж байгааг харуулсан нотолгоо юм” гэв.

Харин Ерөнхий сайд С.Батболд “Хөгжлийн банкаар дамжуулж бид шинэ бүтээн байгуулалтын үндэсний томоохон хөтөлбөрүүдээ санхүүжүүлэн хэрэгжүүлнэ. Засгийн газраас 800 тэрбум төгрөгийн бондыг баталгаа болгосон. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Төв банкнаас бүх төрлийн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг Хөгжлийн банкныханд хэлье. Гэвч бид дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ шаардлага тавина. Үр дүн хүлээнэ.

Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийнхөө өмнө ирээд байна гэдэг нь энгийн яриа биш. Тийм бодит боломж нөхцөл бүрдээд байна. Тиймээс хөгжлийн банкыг хүчтэй, шуурхай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар үүрэгдэж байна. Хөгжлийн банкны хамт олонд амжилт хүсье” гэсэн юм.

Нээлтийн ажиллагааны дараа Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар хатагтай Л.Болормаа нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

-800 тэрбум төгрөгийн бондын хүү нь хэд вэ, мөн энэ бондыг хэн худалдаж авах вэ?
Л.Болормаа: Энэ бол Монголд анх удаа Хөгжлийн банкнаас гаргаж байгаа бонд. Энэ бондыг Засгийн газар, Сангийн яамтай нарийн уялдаатай хамтран ажиллаж гаргана. Бондын хэмжээ, төрөл хүүгийн талаар нарийвчлан судалж байгаа.

-Хөгжлийн банкны ажилчдын хувьд Монголчууд хэдэн хувийг нь эзлэх вэ?
-Хөгжлийн банкны ажилчид бүгд Монгол хүн. Зөвхөн удирдлагын багийн цөөхөн хүний түвшинд Солонгосын мэргэжилтнүүд ажиллана. Энэ багийн 50 хувь нь монгол хүн байна гэдгийг хуульчилсан. Энэ дагуу нийт найман хүн ажиллах бөгөөд үүний дөрөв нь Монгол хүн байна. Цаашдаа хоёр гурван жилийн дотор 100 хувь үндэстний баг бүрдэнэ гэж найдаж байна.

-Хөгжлийн банкны хяналтын хувьд?

-Хяналттай холбоотойгоор Хөгжлийн банкны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна. Одоогоор Монгол банкны хяналтын оролцоо хязгаарлагдмал байгаа. Тиймээс хяналт дээр Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкийг нэмж оруулахаар хуулинд нэмэлт оруулна.

-Эхний ээлжинд санхүүжүүлэх хөтөлбөрүүдийг нэрлэнэ үү?

-Эхний ээлжинд дөрвөн хөтөлбөрийг санхүүжүүлэх тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэ дагуу шинэ бүтээн байгуулалт буюу 100 мянган айлын орон сууц, төмөр замд баригдах 1100 км зам, Сайшандын аж үйлдвэрийн парк, 2008 онд батлагдсан авто замын болон эрчим хүчний шугам гэсэн ийм дөрвөн төслийг санхүүжүүлнэ.

Дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 800 тэрбум төгрөгийн өрийн бичгийг дотоодод арилжаалахыг Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрсөн талаар дээр дурьдсан. Энэ нь "Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай" Монгол улсын Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоол ёсоор таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх юм.

О.Ариунбилэг

Wednesday, May 11, 2011

Тааж болдоггүй, итгэх аргагүй ТЭЦ-V


Өнөөдөр 8 цаг 21 минут

ТЭЦ-V-ийн тендер энэ янзаараа бол дахиад л бүтэлгүйтнэ гэж салбарынхан нь тухайлбал, Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч н.Гаанжуур анхааруулж байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр болсон Тавдугаар цахилгаан станцын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийн үед сонсогдсон анхааруулгын нэг нь. Өдөр ирэх тусам хүн ам нэмэгдэж, эрчим хүчний хэрэгцээ нь тэлсээр байгаа улаанбаатарчуудын хувьд ойрын хэдэн жилдээ дулаан, цахилгааны гачаалд унаж болзошгүй гэж байгаа. Гэтэл ганц найдвар болсон тавдугаар цахилгааны станцынх нь ажил урагшилдаггүй. Тийм ч учраас энэхүү хэлэлцүүлгийг хийж байгаа нь тодорхой.

Өнөөдөр “Зэлтэрийн гацаа”-нд байгаа Улаанбаатарын тав дахь эрчим хүчний эх үүсвэр ТЭЦ-V-ийн тендерийг 2008 онд зарласан боловч бүтэлгүйтсэн. Хэдийгээр тендерт 29 компани саналаа ирүүлсэн боловч БНХАУ-ын нэг компаниас бусад нь толгойгоо сэгсрээд буцсан гэдэг юм билээ. Тэр үед “авдаг өгдөг нь ч юу байлаа” гэдэг шиг байдал хүндхэн л байсан хэрэг биз. Гэтэл одоо асуудал дахиад л эргүүлгэнд орж болохоор байгаа юм байна.

Шинэ цахилгаан станцыг ТЭЦ-III-ийн хашаанд буюу дэд, бүтэц газрыг нь байгуулж байгаа гэж байсан. Гэтэл нарийн дээрээ бол ТЭЦ-III зарим өндөр, дунд даралтынх нь зуух /уучлаарай мэргэжлийн хэллэгийг нь нарийн ойлгоогүй бол зөрүүлсэн байж магадгүй/ энэ тэрийг нь хэвээр нь үлдээх бололтой юм. Хуучин шинэ холилдсон юм болох юм даг уу. Үүнийг ч бүхэлдээ станцыг ТЭЦ-V гэж нэрлэх юм уу ТЭЦ- III-ийн өргөтгөл гэх юм уу гэж асуухад холбогдох албаныхан тойвтой тайлбар өгсөнгүй, нэр бол нэг их чухал асуудал биш, жичдээ шийднэ гэх маягийн зүйл хэлэх юм. Түс тас “ТЭЦ- III-ийн хашааг л ашигласан болохоос бус тусдаа станц” гэж хэлэхгүй байгааг бодоход нэг учир бий хэрэг байх. Гэтэл ТЭЦ-III гэдэг маань аль хэдийнэ нас нь дуусчихсан, өнжөөд л нэг трубин юм уу, зуух нь эвдэрч байдаг. Станцын ажилтнууд яаж ажиллуулаад байдаг юм болоо гэж гайхам “эд” юм гэнэ. Энэ эдийг хог дээр хаялгүйгээр чирээд явах юм бол шинэ станцад бас нэг хүнд ачаа болно гэсэн утгатай зүйлийг ноён Гаанжуур хэлж байсан.

Гэхдээ нөгөө талаас яагаад ажиллаж болоод байгаа станцыг буулгах гээд байгаа юм бэ гэсэн шүүмжлэл байдаг ч гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хуучин ачаатай, шинэ станц байгуулах нөхцлийг хүлээж авахгүй гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой байгаа аж. Нөгөөтэйгүүр эрчим хүчний салбарт, ер нь л бүх салбарт шинэ ажил эхлүүлэхэд одоо тавигддаг болоод байгаа онцгой шалгуур бол байгаль орчинд хал балгүй байх, технологи. Хар утаа дунд нь олгойдуулж байгаа ТЭЦ-III-тэй зэрэгцээд шинэ станцыг барих төслийг ханцуй шамлан хүлээж авах хөрөнгө оруулагч олдох уу гэдэгт инженерүүд эргэлзэж байгаа юм байна. Мэдээж салбарынхан, удахгүй эрчим хүчний гацаалд орох нь тун тодорхой байгаа нийслэлчүүд бүгдээрээ тэсвэр алдтал хүлээлгэж байгааг ТЭЦ-V-ийг босгоод, бүр тэр тусмаа толгой өвтгөмгүй, чанартай, орчин үеийн, хүчирхэг станц болгоосой гэж хүсэн хүлээж байгаа. Мэргэжилтэн, холбогдох салбарынхан ч бас чармайж л байгаа нь тодорхой. Тийм болохоор дээрх мэт асуудлыг нарийвчлан шийдээсэй гэж найдахаас.

Уг нь төлөвлөсөн ёсоор тус бүр 150 мВт цахилгаан үйлдвэрлэх гурван зуух бүхий эхний хэсгийг 2015 онд ашиглалтад оруулах ёстой. Чингэснээр 2020 онд нийт 820 мВт цахилгаан гаргах станц бэлэх болох ёстой. Зүйрлэвэл одоо төвийн сүлжээний бүх цахилгаан станцууд ТЭЦ- III, ТЭЦ-V-ийг бүгдийг нь нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүчин чадалтай аварга машин болох ёстой. Гэтэл энэхүү станцаа эхлээд Улиастайд байгуулна гэж байснаа, газар хөдлөлийн эрсдэлтэй бүс гэж цаашилбал, газар хайж давхилдсаар ТЭЦ- III-ийг түшиглэн барьж байгуулахаар болсон. Уг нь нийслэл хот зүүн тал руугаа тэлж байгаа гэдэг утгаараа энэ ч бас тийм тохиромжтой байрлал биш ч гэдэг юм билээ. Станц байгуулах газраа шийдэж чадахгүй хэдэн жил манаргасан улс шугамаа тавих гэтэл газраа чөлөөлж чадахгүй мундраагаа хутгах вий гэсэн анхааруулгыг мэргэжилтнүүд хэлж байна. Үнэхээр л Улаанбаатарт өнөөдөр дулааны шугам “гүйлгэх” бүү хэл могой шургах зайгүй болоод байгаа шүү гэж анхааруулж байгаа хэрэг л дээ. Нийслэлд нэг ЦДП байгуулах гээд л гурван айлын газрыг чөлөөлүүлж чадахгүй гурван жил болж байгаа гэж мэргэжилтэн нь гомдоллож байсан.

Энэ удаад ерөнхийдөө хэлэлцүүлгийн үед ярьсан асуудлаас томоохныг нь “сорчлон” хүргэж байгаа болохоос биш шийдлээ хүлээсэн төвөгтэй асуудлууд зөндөө л байгаа юм байна лээ. Ер нь л дээр хэлсэнчлэн асуудал бүхэлдээ л говийн зэрэглээ шиг дүр зураг бууна. Наад зах нь гэхэд санхүүжилтийнхээ асуудлыг ч нарийвчлан товлоогүй, одоо гурван хувилбар яригдаж байгаа юм билээ.

Мөн ч их хүлээсэндээ ... гэдэг шиг мөн ч их ярьсан даа, уг нь энэ талаар. Гэвч урагшилдагггүй, ойлгогдоггүй, хадны цуурай, говийн зэрэглээ гэгчээр л ажил хэвээр л байна. Төсөрхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбарынхныг баахан загнангаа энэ зун шаваа тавьж чадах уу, би очиж оролцмоор байна гэж айлгасан. Аминдаа л ажлаа түргэл гэж чадахаараа л айлгаж байгаа хэрэг бололтой. Тухайн үед нь ч салбарынхан нь түнтэгнээд нэг их олигтой зүйл хэлж чадахгүй л байсан. Одоо яригдаж байгаа яриагаар ч асуудал нэг их тэгширчихээргүй л байгаа бололтой юм. Эрхэм Ерөнхийлөгч та минь ч мөд нээлтийн ёслолд оролцож чадахгүй нь дээ, яана даа.

А.ТУЯА

Өнөөдөр 9 цаг 46 минут

Энэ сэтгүүлчид хэлэхэд мэдэхгүй юмаа битгий бичиж бай Тэр албан тушаалаасаа хусуулсан ГААНЖУУР гэж нэг модон толгойт өвгөн станцын дарга болох гэж баахан сэтгүүлч хөлслөөд явуулах гэж зүтгэж байгаа төслийг унагаж хүндч байхгүй өөртөө ч наасан юмгүй улсыг хохироож улс төржүүлж сүйтгэхэд нь дэмий гар хөл нь болохоо болимоор юмдаа настай хүн байж Хот дулаанаа давхар шийдсэн бол бидэнд ашигтай гэж бодож байна
10

Ganjuur zuv heljee

Өнөөдөр 9 цаг 12 минут
Huuchin hugatsaa ni duussan hotsorogdson technologytoi stants mash ayultai gej Ganjuur zuv heljee
01

nastai

Өнөөдөр 9 цаг 10 минут
Nasnii hugatsaa ni duussan huuchin stants bol tesreh bumbeg l gesen ug shdee
01

huuuchniig uu

Өнөөдөр 9 цаг 8 минут
Nas ni under huneer bol nugee ertentsed yavah bollchihson hugshin stantsiig shinechleh gej yu baihavdaa Avaari osoliin uur uurhai aajimdaa tesreh bumbeg gesen ug shuudee
01

ы

Өнөөдөр 8 цаг 49 минут
Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэгдээ Боломжтой бол бүрэн хэмжээнд цоо шинээр цахилгаан станц барих нь хамгийн зөв байх нь ойлгомжтой Гэхдээ боломжоо бодож хуучиндаа шинэчлэх сайжруулах ажил хийх тал байж болох бус уу Харин хуучин идэж уугаад сурчихсан улиг болчихсон удирдлагуудыг л энэ ажилд хуруу дүрүүлмээргүй байгаа юм
11

Концессийн анхны гэрээг үзэглэлээ

Могойн голын нүүрсний уурхайг түшиглүүлэн дулааны цахилгаан станц барихаар болсон. Уг дулааны цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх онцгой эрх олгох концессийн гэрээг Төрийн өмчийн хороо болон “Шинэ Азиа майнинг групп” үзэглэлээ . Энэ нь Концессийн хуулийн дагуу хамгийн анхны концессийн гэрээг байгуулсан гэсэн үг юм. Уг дулааны цахилгаан станцын концессын гэрээний дагуу “Шинэ Азиа майнинг групп” барихад хоёр жил, ашиглах нь 20 жил гээд нийтдээ 22 жилийн дараа төрд шилжүүлэх үндсэн нөхцөлөөр тохиролцсон байна. Гэрээний хугацаа дуусахад дулааны цахилгаан станцыг төрийн өмчид үнэ, төлбөргүйгээр шилжүүлэх бөгөөд энэ хугацаанд улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй гэнэ. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил нийт хөрөнгө оруулалтыг гаргаж, үйл ажиллагааны бүх эрсдлийг хариуцаж ажиллах үүрэг хүлээсэн байна.

Дулааны цахилгаан станцыг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барих юм. Энэхүү концессын гэрээний дагуу дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулснаар 300 орчим ажлын байр шинээр бий болох, Могойн голын нүүрсний уурхайн борлуулалт жилд 15,000 тонн байсан бол 200,000 тонн болж нэмэгдэх, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, улсын төсвөөс жил бүр олгож ирсэн 13 орчим тэрбум төгрөгийн татаасыг хэмнэх ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд дүгнэлээ.

Лондоны хөрөнгийн биржийг Канад эсэргүүцэв



7 цаг 21 минутын өмнө
Лондоны хөрөнгийн биржийг Канад эсэргүүцэв
Лондоны хөрөнгийн бирж хоёрдугаар сарын 9-нд Торонтогийн хөрөнгийн биржийг 3.1 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгэх санал тавьснаа зарласан юм.

Торонтогийн биржийнхэн уг саналыг хэлэлцээд ашигтай гэж үзсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 29-нд Канадын Холбооны Засгийн газарт хоёр байгууллагыг нэгтгэх тухай өргөдлийг өргөн барьсан байна. Засгийн газар уг саналыг 45 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ёстой ажээ. Гэхдээ Засгийн газар нэгдэх хэлцлийг Канадад ашигтай эсэхийг нягталж үзээд баталсан ч, эс баталсан ч нэг л зүйл тодорхой байгаа юм. Лондоны хөрөнгийн бирж Торонтотой нэгдэж чадах эсэх нь тун эргэлзээтэй.

Хэрэв Засгийн газар Канадын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд уг асуудлыг авч хэлэлцээд тус улсад ашиггүй гэж үзвэл Лондоны тал ямар ч гомдолгүйгээр нутаг буцахаас аргагүй. Харин Лондонд Засгийн газар нь боломж олговол Канадын бизнесийнхэн зүгээр суухгүй нь тодорхой.

“Лондоны хөрөнгийн бирж Канад руу орж ирж чадахгүй. Тус бирж арилжааны өөр хэлцэл эрэлхийлэхээр энэ талбарыг орхих болно” гэж Нью-Йорк дахь “Capstone Global Markets” компанийн шинжээч Сачин Шах хэлжээ.

“Toronto-Dominion”, “Канадын үндэсний банк” зэрэг хоёр ч томоохон банк улсынхаа тэтгэврийн сантай Торонтогийн биржийг харьд “алдахгүй” байх талаар хэлэлцэж буй аж.

Канадын үндэсний банкны Гүйцэтгэх захирал Louis Vachon “Лондоны хөрөнгийн бирж бол сулхан түнш юм. Үнийн санал нь хэтэрхий доогуур байна” гэсэн бол Тоronto-Dominion банкны Гүйцэтгэх захирал Эдмүнд Кларк “Торонтогийн бирж Лондонтой хийж буйгаасаа илүү сайн арилжаа хийж болно” гэжээ.

Тэд нэгдлийн хэлэлцээрт Засгийн газар хориг тавихгүй бол Торонтогийн биржийг худалдаж авахаар Лондоны биржтэй өрсөлдөх нь гарцаагүй байна.

Үүнээс үүдэн Торонтогийн биржийн үйл ажиллагааг хариуцдаг TMX Group-ын хувьцаа өсч, тавдугаар сарын 6-ны хаалтын үнэ нь 39.87 канад доллар болж дээшилжээ. Энэ нь Лондоны хөрөнгийн биржийн TMX Group-ын нэгж хувьцааг 39.66 доллараар үнэлсэн саналаас нь 0.5 хувиар дээгүүр үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар TMX Group-ын хувьцаа 1.3 хувиар өсч, 40.38 канад долларт хүрээд байна. Энэ хэрээр Лондоны санал үнээ алдсаар.

Гэхдээ Торонтогийн бирж Лондонтой нэгдэх сонирхолтой хэвээр байна. Торонтогийн биржийн хэвлэлийн төлөөлөгч Carolyn Quick “Манай бирж Лондонтой хийсэн тохиролцоогоо эцэслэхэд голлон анхаарч байна. Бид хоёр байгууллагын энэхүү нэгдлийг манай компанийн хувьд ч, Канадын хөрөнгийн зах зээлийн хувьд ч хамгийн ашигтай хувилбар гэж үзэж байгаа юм” гэжээ.

Хэрэв Лондоны хөрөнгийн бирж Торонтогийн биржтэй нэгдэх ажил амжилттай болбол хөрөнгийн захын арилжааны зардал 57 сая ам.доллараар багасах, деривативын бизнес өргөжих тухай Лондоны биржийн Гүйцэтгэх захирал Xavier Rolet хэлжээ.

Хоёр бирж нэгдсэнээр Лондоны тал нэгдлийн 55 хувийг, үлдсэнийг TMX эзэмших юм. Одоо Лондоны хөрөнгийн биржийн үйл ажиллагааг явуулдаг London Stock Exchange Group компанийн зах зээлийн үнэлгээ 3.7 тэрбум, Торонтогийн биржийг хариуцдаг TMX Group-ынх 3.1 тэрбум байгаа бөгөөд хоёр байгууллага нэгдсэнээр 6.8 тэрбум долларын үнэлгээтэй компани байгуулагдах юм.

Канадын Холбооны Засгийн газрын Аж үйлдвэрийн Сайд Тони Клемэнт нэгдэх үйл ажиллагаа нь инноваци, ажлын байр, өрсөлдөх чанарт хэрхэн нөлөөлөх нөлөөллийг бид нягтлах болно гэдгээ хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Улсад энэхүү тохироо цэвэр ашигтай эсэхийг шалган тогтоох ажилд хуулийн дагуу 45 хоног, сунгах шаардлагатай бол 30 хоног үргэлжлүүлэн судлах боломжтой байдаг аж.

Лондон, Торонтогийн биржийн нэгдэх үйл явц ийнхүү өрнөж байхад Сингапурын бирж Австралийн биржийг эзэмших санал тавьсан нь Австралийн Засгийн газрын зөвшөөрлийг авч чадалгүй өндөрлөөд байна. Мөн Германы “Deutsche Boerse” бирж мөн Нью-Йоркийн биржтэй нэгдэх санал тавиад, энэ нь биелэх магадлал тун өндөр байна. Хэдийгээр “Nasdaq” бирж дундаас нь хүч түрэн, Германыхаас 15 хувиар ашигтай санал Нью-Йоркийн талд дөрөвдүгээр сард тавьсан ч Германы биржтэй нэгдэх нь илүү стратегийн ач холбогдолтой гэж Нью-Йоркийн бирж үзэж буй юм. Ирэх саруудад томоохон биржүүд хоорондоо албан ёсоор нэгдэх нь улам тодорхой болж байна.

Б.Төгсбилэгт

"Зах зээлийг тодорхойлогч Institutional investor үгүйлэгдэж байна

"


2011 оны 5-р сарын 10
Брокер, дилер, андеррайтерын “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяртай хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчны талаар ярилцлаа. Тэрбээр байгуулагдаад удаагүй байгаа Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүнээр ажилладаг юм.

-Хөрөнгийн зах зээлийн холбогдолтой хуулиудыг энэ хаврын чуулганаар амжиж батлуулахаар ажиллаж байна. Та хөрөнгийн зах зээлийн эрхзүйн орчны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр манай хууль эрх зүйн орчинд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал. Үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох үйл явц нь хөрөнгө оруулагчийн итгэл найдвар, ирээдүйн талаар эерэг хүлээлтэд тулгуурладаг. Хөрөнгөө компанийн хувьцаанд байршуулж байгаа хүн өөрт учирч болох бизнесийн болон үнэ ханшийн эрсдэлээ ойлгож шийдвэрээ гаргаж байгаа ч өнөөгийн зохицуулалтын ядмаг орчинд хохирч үлдэх тохиолдол их гарч байна. Ийм нөхцөлд манай зах зээл дээр ямар ч хөрөнгө оруулагч эрсдэлээ төлөвлөж чадахгүй бөгөөд мөн ихээхэн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхгүй.

Жишээ нь “Анод” банкны үнэт цаасыг анх гаргаж байхад хүмүүс ихээхэн сонирхож хувьцааг нь худалдан авч байсан. Ихэнх хөрөнгө оруулагчид Төв банкны зүгээс хийдэг хянан шалгалт, хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт, зөвшөөрөл зэрэгт итгэж хөрөнгөө байршуулсан. Гэтэл хувьцаагаа гаргаад 5 сарын дараа дампуурсан. Тэр тусмаа хөрөнгө оруулагчид дотроо жижиг хувьцаа эзэмшигчид хамгийн ихээр хохирч үлдсэн.

Хяналтын багцдаа ч хүрэхгүй байгаа энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах, тэдний төлөөллийг компанийн удирдлага, ТУЗ-д яаж оруулах юм гэсэн зохицуулалт байдаггүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг их зөрчигддөг. Энэ талын зохицуулалтыг их тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг бий болгоё гэхээр эргээд хувьцаат компаниудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх ёстой юм.

-Нөгөө талаар мэргэжлийн хөрөнгө оруулагч, institutional investor буюу байгууллагын хөрөнгө оруулагчийг бий болгосноор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэг нөхцөл бүрдэх байх?
-Institutional investor-ын гол ач холбогдол нь зах зээлийг тогтвортой болгох, зах зээлд трэнд тодорхойлогч болдог. Өнөөдөр манайд дотоодын institutional investor буюу байгууллагын хөрөнгө оруулагч гэж байхгүй учраас жижиг, хувь хөрөнгө оруулагч нар их байгаа. Байгууллагын хөрөнгө оруулагчийн ач холбогдол нь мэргэжлийн баг санг удирдаж эрсдэлээ нарийн тооцож, хөрөнгө оруулах компанийнхаа талаар бүрэн судалгаа хийж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг.

Жишээ нь Америкт Уорен Баффетын Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сан байдаг. Тус сан өнөөдөр ямар хувьцаа авч байна гэдэг мэдээлэл нь нээлттэй байдаг бөгөөд тэр нь жижиг хөрөнгө оруулагчдад чиг хандлага болж өгдөг.

Манайд өнөөдөр үндэсний хэмжээний ийм том хөрөнгө оруулагч байдаггүй. Нэг ёсондоо зах зээлийг тодорхойлогчид алга гэсэн үг. Тийм болохоор хувь хүмүүс реклам сурталчилгаанд итгээд маш ихээр хөрөнгө оруулаад, эцсийн дүндээ хувь хүмүүс л хохирч үлддэг.

-Үндэснийхээ том хөрөнгө оруулагчдыг бий болгох, нөгөө талаар гадаадын тэр том хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхэд юу дутагдаж байна вэ? Гадаадынхан манай хууль эрх зүйн орчныг ойлгохгүй, чамлаж байна уу? Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хууль батлагдахаар яригдаж эхэллээ шүү дээ?
-Чамлаж байна. Хамгийн наад захын жишээ хэлэхэд Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг олон улсын жишигт хүргэх хэрэгтэй.

Мөн түрүүний ярьсан хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан заалтыг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхой тусгах хэрэгтэй. Манай бирж дээр 400 гаруй компани бүртгэлтэй байдаг ч тэдний дийлэнх нь нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулдаггүй, санхүүгийн тайлан балансаа бодитоор гаргадаггүй, ногдол ашиг тараадаггүй, компанийн засаглал байхгүй зэргээр хувьцаа эзэмшигчдийг хохироосоор байна.

Дотооддоо мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгоё гэхээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль алга. СЗХ-ноос баталсан Хамтын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам гэсэн ганцхан журмаас өөр ямар ч эрх зүйн зохицуулалтгүй. Нөгөө талаас даатгалын компаниуд, банкууд, нийгмийн даатгал гээд их хэмжээний мөнгө төвлөрүүлчихсэн байгууллагуудад хөрөнгийн зах зээл рүү орж хөрөнгөө эргэлдүүлэх, өсгөх боломжийг нь олгох хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл боловсруулагдаад мэргэжлийн байгууллагуудаас санал авч байгаа гэсэн. Энэ хуулийн төсөлд ямар асуудлыг тодорхой тусгаж өгөх ёстой талаар таны саналыг сонсъё?

-Хөрөнгө оруулалтын сан байгууллаа гэхэд тэр нь өөрөө маш олон байгууллага, хувь хүмүүсээс хөрөнгийг нь татан төвлөрүүлсэн, бас л итгэлцэл дээр суурилсан байгууллага байна. Энэ тал дээр зохицуулалтуудыг нь маш тодорхой хийх ёстой. Тэр ХОС нээлттэй, ил тод, шударга үйл ажиллагаа явуулахын тулд яах ёстой, Fund manager-үүдийн эрх, үүрэг нь ямар байх, ил тод байхын тулд аудитын болон үнэлгээний байгууллагууд ямар үүрэгтэй зах зээлд оролцох, үнэт цаасны бүртгэлийг хэн хийх юм гээд маш олон байгууллага уялдаатай хамтран ажиллаж байж ХОС-гийн үйл ажиллагааг хяналтдаа байлгаж, ил тод авч явах ёстой. Тэгэхээр ганцхан ХОС-гийн тухай хуулиас гадна аудит, үнэлгээ, нягтлан бодох бүртгэл зэрэг холбогдох хууль тогтоолд өөрчлөлт орох хэрэгтэй болно.

-Одоо бид хөрөнгийн зах зээлийн малгай хуулиудыг л батлахаас гадна түрүүний ярьсанчлан аудит, нягтлан бодох бүртгэл, үнэт цаасны бүртгэл гээд олон асуудлыг шийдэж, олон улсын стандартад хүргэх ёстой байх. Гэтэл нягтлан бодох бүртгэл, аудитын салбарынхан таг чиг байх юм?
-Тийм л дээ. Ганц Үнэт цаасны зах зээлийн тухай, эсвэл Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлаад бүх юм сайхан болчихгүй. Уялдаа холбоотой хуулиудаа ч эргэж харах ёстой болж байна. Юуг нь засах ёстой юм, юуг нь шинэчлэх хэрэгтэй гэдгийг давхар хийгээд явах ёстой. Манайд л төдийлөн олны анхааралд орохгүй байгаа болохоос биш нягтлан бодох бүртгэл, аудит гэдэг бол маш чухал зүйлүүд шүү дээ. Энэ салбарууд нь дагаад олон улсын стандартад нийцэх хэрэгтэй болно.

-Хуулийн шинэчилсэн найруулгад манай хөрөнгийн зах зээлийн бүтцийг олон улсын жишигт хүргэж, Хөрөнгийн бирж, мэргэжлийн байгууллагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар нэлээд зүйл тусгагдсан юм билээ? Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Зөв л дөө. Өнөөдөр нэг газар бүх эрх мэдэл төвлөрчихөөр монополь байдал үүсдэг. Мэдээлэл нэг газар төвлөрөөд ирэхээр маш их эрсдэлийг дагуулж байна. Жишээлбэл Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд гэхэд Монголын бүх иргэн, байгууллага хэдэн ширхэг хувьцаатай байна, дансандаа хэдэн төгрөгтэй байна, ямар брокерийн компани хэдэн харилцагчтай байна гээд энэ салбарын бүх мэдээлэл төвлөрчихсөн. Ганцхан энэ байгууллагаас мэдээлэл алдагдах юм бол том аюул болно гэсэн үг. СЗХ ч мөн адил маш их мэдээлэл, эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлдэг. СЗХ өнөөдөр энэ эрх мэдлүүдийг тарааж, мэргэжлийн байгууллагуудад нь өгч эхэлж байна.

Хөрөнгийн биржид эрх мэдлийг нь өгчих л хэрэгтэй. Олон улсын жишгээр бол хөрөнгийн биржүүд нь шинээр гаргах гэж байгаа үнэт цаасыг бүртгэж, бүртгэлттэй компаниудад шаардлагаа тавьж, хяналтаа хийдэг. Манай хөрөнгийн биржийг ч ийм жишигт хүргэх хэрэгтэй.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бас нэг өөрчлөлт орж байгаа нь өөрөө өөрийгөө зохицуулдаг байгууллагуудын тухай заалт юм. Энэ нь одоо бидний хийж байгаа Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо юм.

Энэ холбооны тухай заалт албан ёсоор хуулинд орж ирж байна. Энэ мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн холбоонд ажлуудыг нь өгч эхэлсэн. Урьд нь энэ зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжилтэнд зөвшөөрөл олгох сургалтыг СЗХ явуулдаг, эрхийг нь мөн л СЗХ өгдөг байсан бол одоо Арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч сургалтуудаа зохион байгуулах гэх мэтээр бага багаар ажлаа шилжүүлж байна. Бид энэ холбооныхоо үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах тал дээр маш их анхаарч байгаа бөгөөд ойрын үед өөрийн гишүүн мэргэжлийн байгууллагуудад мөрдөн хэвшүүлэх үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн кодексийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

-Брокер, дилерийн компаниудын талаар нууц мэдээлэл ашигладаг, ёс зүй баримталдаггүй гээд элдвийн шүүмжлэл байдаг. Энэ бүхнийг одоо та нар өөрсдөө зохицуулж шийддэг болох нь гэж ойлгож болох нь ээ?
-Нөгөө л брокер, дилерийн компаниуд гэсэн ойлголт нийгэмд байсан. Сайн муугаар өчнөөн л хэлүүлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголын хөрөнгийн зах зээлийг унагачихалгүй авч ирсэн гавьяа брокерийн компаниудад бий.

Өнгөрсөн 20 жилд төр засгаас хөрөнгийн зах зээлийг нэгдсэн бодлогоор дэмжиж ирээгүй боловч брокерын компаниуд нэг ч өдөр арилжааг тасалдуулалгүйгээр ажиллаж ирсэн. Төр засгаас хөрөнгийн зах зээлийг нэгдсэн бодлогоор дэмжихэд яаж хөгждөг жишээг бид өнөөдөр хөрш БНХАУ, Польш, Унгар зэрэг улсаас харж болно.

Бидэнд шийдэх, өөрчлөх асуудал байна уу гэвэл байна. Бид Арилжаа эрхлэгчдийн холбоогоороо дамжуулан өөрсдөө өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлж байна. Энэхүү шинээр мөрдүүлэх үйл ажиллагааны стандарт, ёс зүйн кодексийг гишүүн байгууллагууддаа мөрдүүлнэ. Мөрдөхгүй тохиолдолд гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

С.Болд-Эрдэн

Tuesday, May 10, 2011

Газрын тосны салбарт анхаарах зүйл багагүй байна



8 цаг 8 минутын өмнө
Газрын тосны салбарт анхаарах зүйл багагүй байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зүүн аймгуудад албан томилолтоор ажиллах үеэрээ Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтай танилцав. Ерөнхий сайд Дорнод аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзах үед энэ компанийн ажилтай холбоотой багагүй зүйл хөндөгдөж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч цөөнгүй удаа шүүмжлэлтэй хандаж байлаа. Ялангуяа газрын тосны нөөц ашигласны төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлт, газрын тос тээвэрлэдэг зам, эрчим хүчний талаар онцгойлон яригдаж байсан юм.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2005 оноос өнөөг хүртэл 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хайгуулын ажлаа эрчимжүүлж, газрын тосны нөөцийг тогтоон манай улсад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд 4,6 сая баррель түүхий тос олборлохоор төлөвлөсөн тухай компанийн ерөнхийлөгч Гао Вэнбо танилцуулгадаа дурдлаа. Танилцуулганы дараа Ерөнхий сайдыг дагалдан явсан УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд гэрээнд заасан хатуу хучилттай зам тавих, эрчим хүчээр холбох, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт хангалтгүй байгаад хариулт хүсч байлаа.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зарим хэсгийн нөөцийг батлаж өгөөгүйгээс бүтээн байгуулалтын ажлууд удааширч байгаа. Нөөц батлагдсаны дараа хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж, ажил үргэлжлэх боломжтой гэсэн тайлбарыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд хэлж байлаа. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ эрэл, хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлж, олборлолтыг өсгөх, газрын тосоо эх орондоо боловсруулж, шатахууны хэрэгцээгээ найдвартай хангахад төр, засаг онцгой ач холбогдол өгч байна. Энэ дагуу хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин бий болгох шаардлага бий болж байгаа гэлээ.

Хайгуулын ажил эрчимжиж, олборлолт эхэлсэнтэй холбогдуулан энэ салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл, “Газрын тосны тухай хууль”-ийг шинэчлэх найруулах зайлшгүй шаардлагатай учир Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газар, Улсын Их Хуралд баримт бичгүүдийг өргөн барихад бэлэн болгоод байгаа юм байна. Цаашид үйл ажиллагаандаа зайлшгүй анхаарах хэдэн зүйлийн талаар “Петро Чайна Дачин Тамсаг” компаний удирдлага болон манай улсын холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд С.Батболд онцлон хэллээ.

Тухайлбал газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгахыг хамгийн түрүүнд тэмдэглэв.

Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай зүүн гурван аймагт ажиллах үеэр нутгийн иргэд хэлж байсныг дуулгаад, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай Олборлолтын ил байгууламжийг 2011 онд багтаан барих нь чухал. Шингэн хог хаягдлыг стандартын дагуу саармагжуулж, нөхөн сэргээлтээ чанартай хийхэд компаниас гадна холбогдох байгууллагууд, орон нутаг онцгой анхаарахыг хатуу сануулав. Энэ ажлын хэрэгжилтийг Засгийн газар эргэж хянах болно гэдгээ дуулгалаа.

Нөөцийн саваа хилийн боомтод барих, хатуу хучилттай зам тавих тухай ярьсаар цөөнгүй жил болсон ч байдал өнөөг хүртэл хэвээр байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс Баянхошууны боомтын чиглэлд хатуу хучилттай замыг богино хугацаанд, үе шаттайгаар барих, мөн эрчим хүчний 188 км шугамыг амласныхаа дагуу ашиглалтад оруулахыг чиглэл болгов.

Ийм шаардлагыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжид ч тавьж байгаа гэлээ. Тухайлбал хүнд даацын машинаар өдөр бүр Тавантолгойгоос хил рүү нүүрс тээвэрлэн байгаль орчныг бохирдуулж, хөрс эвдэж байна гэсэн үндэслэлээр дотоодын компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хатуу хучилттай зам тавиулж байгаа. Үүнтэй адил арга хэмжээ авахад ч болохгүй гэх газаргүйг Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад анхааруулаад авлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтын нэг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Хэдийгээр Тамсагийн сав газарт нөөц эцэслэн батлагдаагүй ч зүүн болон төвийн бүсэд бага, дунд оврын үйлдвэр байгуулах, үүнд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, үйлдвэрт түүхий эдээ тэргүүн ээлжинд өгөх учиртай гэж “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад санууллаа.

Ерөнхий сайдын бас нэг хөндсөн сэдэв бол гадны хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүүний тухай байлаа. Ижил төрлийн ажил хийж байгаа бол цалингийн хэмжээ гадаад, дотоод гэж ялгалгүй ойр байх ёстой. Цаашид монгол иргэдийг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр бэлтгэж, мэргэшүүлэх, улмаар ажлын байраар хангах нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд сануулав. “Петро Чайна Дачин Тамсаг” компани төрийн болон төрийн бус байгууллага, эмнэлэг, сургууль, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, малчдад болон уламжлалт баяр ёслолын үеэр 2 сая орчим ам.долларын хандив, тусламж үзүүлсэн тухай өмнө нь танилцуулсан юм.

Хандив, тусламжийг шаардлага, боломж гарсан үедээ л өгч авалцаад байх бус, харин урт хугацаанд хамтран ажиллах нээлттэй, ил тод гэрээ байгуулж ажиллавал орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд илүү өгөөжтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Тулгамдсан асуудал байгаа бол холбогдох байгууллагын хүмүүстэй нухацтай ярилцаж, саналаа нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг зөвлөөд ярьж байгаа зүйл байрандаа байгаад байх бус, урагшаа явсан, бодитой ажил байх ёстой. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох учиртай энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэв.

Газрын тосны гэрээт талбай нь тусгай зөвшөөрөлтэй байх ёстой учир газар ашиглалтын төлбөр, нөхөн сэргээлтийн асуудлыг тусгасан журам өнөө хүртэл байхгүй байгаад салбарын яам анхаарахыг Ерөнхий сайд сануулж төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс балаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь хуралдан асуудлаа хэлэлцсэн юм.

Манай холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо тааруу байдаг учир цаашид шаардлагаа нэгтгэн тавьж байвал гадны хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, манайхны ажилд тус нэмэртэй тухай ч уулзалтын үеэр яригдлаа. Ажлын хэсэг саналаа нэгтгэн төсөлд тусгана. Энэ дагуу газрын тосны салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэгдэх болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Ц.НЯМДОРЖ: “ААВ ЭЭЖ ХОЁР”-ЫГОО ГАНЦ САЙХАН ДУУЛЧИХААД Н.ЭНХБАЯРЫН ШҮҮХЭЭР БУУДУУЛНА ДАА

Өчигдөр 11 цаг 43 минут “Ярилцъя” булангийн хойморт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ уригдлаа. Бидний яриа бүхэлдээ халуухан сэдвүүдээр өрнөсөн тул илүү тайлбар зүүлт хийхээс татгалзаж байна.

-Ц.Нямдорж сайд тантай улс төрийн амьдралын тань янз бүрийн цаг мөчүү­дэд олонтаа ярилцаж явлаа. Өөрөөр хэлбэл, цаг үеийн халуурсан үйл явдлуу­дын дунд дальдчиж зугталгүй, хатуу ши­рүүн мэдэгдлүүдээрээ өөрийгөө тодор­хойлж байдаг улстөрч өмнө минь дандаа сууж байдаг байсан. Харин өнөөдөр олигархи гэх шинэ нэрээр цоллуулж буй огт танихгүй хүн байж байх шиг?

-Бат-Үүл, Дэмбэрэл бид хэдийн олигархи ч гэж юу байхав. Миний ойлгож байгаагаар наадах чинь нөгөө “Ард түмний шүүх”-ээр буудуулах 15 хүний нэрсийн жагсаалт. Энхсайхан, Энхбаяр хоёрын зохион байгуулж байгаа “Ард түмний их хуралдай” гэдгээс энэ нэрсийг гаргаж ирсэн. Би бол харин ч бахлуур 5-д багтсандаа баярлаад байгаа шүү. Нэг талаас харахад амны билгээс ашдын бэлгэ гэдэг биз дээ. Нөгөө талаас харахад Энхбаярын шүүхээр буудуулах эхний хэдийн нэг болсондоо баярлаж сууна. Ямар ч байсан “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа. 1922 оны наймдугаар сард буриад Элбэгдорж Ренчино 13 хүний нэрс гаргаж, Д.Бодоо сайдтай хамт буудан хороосноор коминтерны их алан хядлага Монголд эхэлсэн юм шүү дээ. Ерэн жилийн дараа дахин Монголын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүсийн турхиралтаар “Ард түмний шүүх” байгуулах санаачилга гарч байгаа нь өөрөө дэндүү балмад бөгөөд увайгүй явдал. Ард түмнийг гэгээрсэн, ухаажсан ийм үед төр тэргүүлж байсан, засаг тэргүүлж байсан хоёр хүн нийлчихээд ерөнхийдөө мэдрэлийн хувьд хэвийн биш үзэгддэг арваад хүмүүсээр санаагаа дайлгаж, шинэ зууны хэлмэгдүүлэлтийг эхлүү­лэхээр санаархаж сууна. Энэ утгаар нь л би хүлээж авч байна. Өөрөө энэ ярилцлагаа “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа гээд гарчиглачихаарай.

-Уг нь ч сайхан дуу шүү. Гэхдээ арай билэггүй юм биш үү?

-Зүгээр ээ. Энэ улсад адгийн шударга бус нь арай шударгаа ялладаг болж байгаа юм бол үйлээрээ болог.

-Сүүлийн үеийн гудамж­ны улс төрөөс большевизм гэх мартагдсан үнэр танар илүүтэй ханхлах болсныг ажиглагчид хэлж байгаа. Таны амнаас М.Энхсайхан гэх нэр гарч байна. Түүний оролцоо нэг их байгаа юм уу даа. Сүүлд нэг ярилцлагыг нь уншсан?


-Байлгүй дээ. Наад “Их Ху­ралдай” гэдэг юм чинь түүний удирдаж байгаа намын санаа­чилга биз дээ. Түүний намын дарга Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Уянга, Энхбая­рын “нам”-ын Цог, Удвал нар “Их Хуралдай”-г удирдсан биз дээ. Наад Энхсайхан чинь ухаан­­гүй хүмүүсээр үйлдэл хийл­­гэчихээд ялд унах боло­хоо­роо тэднийгээ түлхчихээд өөрөө сугарч үйлддэг аргад үнэн­хүү гаршсан хүн шүү дээ. Нөгөө Баатарыг яалаа. Одоо юм нь бүтэлгүй болоод ирэхээр зугтаж эхэлж байхгүй юу. Энхсайхан дандаа ийм хоёр үзүүртэй улс төр хийдэг хүн.
Хариуцлагын тухай асууд­лыг эд нар одоо их ярьж байна. Ялангуяа энэ ашигт малтмал тойруулаад баахан юм ярьж байх шиг байна лээ. Тэрэндээ хүрч ярих юм бол энэ салбарт хуримтлагдсан бүх увайгүй явдлын улс төрийн гол хариуц­лагыг хүлээх ёстой хоёр хүн нь энэ Энхсайхан, Энхбаяр хоёр өөрсдөө шүү дээ. 1994 онд баталсан Ашигт малтмалын хууль гэж байлаа. Хурц гуай, Чимид багш нар голлож ажил­ласан хууль л даа. Тэр хуулийг М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа хүчингүй болгуулаад оронд нь ерэн долоон оны ашигт малтмалын хуулийг бат­луулсан. Тэр хуулийн ерөнхий үзэл санаа нь ерөөсөө ашигт малтмалын лицензийн наймааг түгээн дэлгэрүүлэх. Анхны өр­гөд­лөө авч ирэхэд нь л өг гэсэн зарчимтай тийм хууль л даа. Тэр хуулиар 7000 орчим ли­ценз тардаг юм биз дээ. Саяхан би нэг тоо хараад сууж байсан чинь 5000 гаруй лиценз нь Н.Энх­баярыг Ерөнхий сайд байхад нь тарсан байх юм. Өө­рөөр хэлбэл, бодлогыг нь Энх­сайхан гаргаж, хэрэгжилтийг нь Энхбаяр гүйцэтгэсэн гэсэн үг. Ийм юм хийсэн улсууд өөрсдөө гэнэт тэнгэрээс бууж ирсэн юм шиг аашилж байгааг харахаар зэвүү хүрээд байх юм. Би хэлье гэснээ хэлье. Монгол Улсын сүүлийн 20 жилийн улс төрийн гол будлианыг хутгасан хоёр хүн бол М.Энхсайхан, Н.Энх­баяр хоёр. Хоёр биенээ үзэж чад­даггүй байсан хүмүүс өнөө­дөр нийлчихээд юу ярьж, хийж явааг монголчууд харж л байна. Энхбаяр сонгуульд ялагдчи­хаад юу хийж байна. Дэндүү увайгүй мэдэгдлүүдийг удаа дараа хийлээ. Сүүлдээ Үндсэн хуулийн бус аргаар төрийн эр­хийг авах, хууль бус шүүх бай­гуулах тухай ил цагаан ярьж, нийгмийг турхирч эхэллээ. Даанч дээ. Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тан­га­раг өргөсөн Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг лоозон Энхбая­рынх биз дээ. Эсвэл Энхбаярыг төр зайдагнаж байхад эвтэй байж бусдынх нь үед алалцаж байх хувь тавилантай ард түмэн болж байна уу. Ингээд байхаар нь ха­маг нуугдмал маскийг нь ураад хая­чихмаар санагдах юм. Асуу­дал иймдээ хүрч Энхбаяр Монгол төрийн гал голомтыг самрах гэж байгаа бол тэр бид хоёрын хэдэн жил хамтарч зүтгэсэн нь хэнд хэрэгтэй юм. Естой үзэл­цэж өгнө дөө.

-Ерөнхийлөгчийн сонгуу­лиар намаа болон тухайн үеийн дарга С.Баярыг өө­рийн­хөө эсрэг ажилласан гэж Н.Энхбаяр хэлдэг. Гол хон­зон нь энэ. Үнэхээр С.Баяр дарга нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаад унагаасан хэрэг байж болох уу?


-Наадах чинь өөрөө инээд­тэй асуулт, эрүүл бус сэтгэхүй­тэй хүн л ийм хөгийн юм бодож, хэлж чадна. Эрүүл хүн хэзээ ч ийм юм бодож чадахгүй. Яа­гаад гэвэл Ерөнхийлөгчийн ч бай ер нь сонгуульд алдсан л бол тэрний ялыг намын дарга л үүрдэг шүү дээ. Ийм ялыг үү­рэх гэж хүсдэг хүн байдаг юм уу. Эрүүл эсэхэд нь эргэлзмээр юм сүүлийн үед их ярьж байна даа. Бөгс долоодог л гэнэ, баа­сыг нь цэвэрлэсэн, шээсийг нь зөөсөн л гэнэ. Хэнээр яаж бөг­сөө до­лоолгож, хэний баас, шээ­­сийг зөөж байснаа одоо эзэн­тэй, нэр­тэй нь хэлэх хэрэг­тэй. Өө­рийнх нь төлөө зүтгэж, Монго­лын төрийн бүх өндөр­лөгт хүр­гэсэн Ардын намын 160 мянган гишүүнийг доромжлох эрх Энх­баярт байхгүй. Доромж­луулж сурсан нь доромжлуул­даг юм байлгүй. Би л лав чадахгүй.

-Сонгуулийн үр дүнд мэс засал хийх санаархал цухал­зуулахаар нь нам болоод түү­ний удирдлага хөдлөөгүй байж болох. Одоо түүний барьж авсан сэдэв “Долду­гаар сарын 1”. Ёстой бусдыг ороох гээд голдуу өөрийгөө ороо­сон аймшигтай мэдэгд­лүүд хийж байна уу гэж хараг­дах юм. Харин та энэ “Дол­дугаар сарын 1” гэсэн сэд­вээр огт ярьдаггүй?

-”Долдугаар сарын 1" чинь нэг талаас өдөөгчтэй, хатгагч­тай, хамтрагчтай, гүйцэтгэгч­тэй, нөгөө талаас нь харах юм бол гаргасан шийдвэртээ хя­налт та­вих үүрэгтэй эзэн нь тодор­хой хэрэг шүү дээ. Мон­голын ард түмэн теле­визээр бүтэн өдөр энэ эмгэнэлт самуу­ныг харсан биз дээ. Зү­гээр л телевизийн бичлэг харж бай­гаад гол эздийг нь бариад авах хэрэг. Гэтэл шалгаж бай­гаа газар нь тойроод л байна.

-Ингээд л болоо юу. Ту­хайн үед та хууль зүйн яамыг толгойлж байгаагүй л дээ. Гэхдээ энэ нь хэрэг явдлын талаар ярихгүй байх тийм том шалтгаан мөн юм уу?


-Шалгагдаж байгаа хэргийн материалыг уншаагүй байж дүгнэлт хийх нь ёстой боловс­ролгүй хүний хийдэг ажил. Яривал би улс төрийн талаас нь л ярина. Улс төрийн талаас нь хариуцлага хүлээх нэг гол хүн бол Энхбаяр өөрөө. Сүү­лийн үед Энхбаяр эр зоригийн тухай гэнэт их ярьдаг болж. “МАХН” гэгчийн хурал хийх­дээ ч, сая “Их хуралдай” гэг­чээ хийхдээ ч “эр зоригтой хүмүүс” энд цуглачихлаа гэж ирээд ярьж байна лээ. Энхбаяр тийм их эр зоригтой юм бол нийслэл нь улаан галд автах гэж байхад гарч ирээд тэр галдан шатааг­чидтай ингэж болдоггүй юм аа гээд улаан нүүрээрээ уулзаж, зогсоох нь яасан юм. Эрхбиш Ерөнхий­лөгч гараад ирэхээр тэр хүмүүс нэгийг бодох байсан биз. Нөгөө талаас, Энхбаяр зар­лиг гаргаж, түүнийг хэрэг­жүүлж эхэлсний дараа буун дуу гарч, хүний амь эрсэдсэн нь хэн ч үл маргах үнэн биз дээ. Ийм зарлиг гарахаар чинь ердийн хуулийн үйлчлэл зогсч, зарлигт хамрагдсан газарт зөв­хөн зар­лиг үйлчилж, уг зарли­гыг хэрэг­жүүлэх ажлыг Үндэс­ний аюул­гүй байдлын зөвлөл гартаа ав­даг юм. 1995 онд бат­алсан Онц­гой байдлын тухай хуулийн заалт, нөхцөл ийм. Гэ­тэл Энх­баяр одоо хэнээс ха­риуц­лага асуу­гаад байна аа. Тэр “Их Ху­ралдай” гэгчийнхээ ин­­­дэр дээ­рээс “Ард түмнээ бууд­­­даг төртэй болсон”, “Таван хүний аминд хүрсэн” гээд л авч өгсөн байна лээ. Үнэхээр гайх­маар. Тэгэхээр бид энэ хүнийг тэр үед төр толгойлж байснаа март­чихсан юм байна гэж үзэх үү.

-Ер нь С.Баяр даргыг л шахаж дарамтлаад байхаар нь зарлиг гаргачихсан гээд байгаа шүү дээ. Онц байдал тогтоохгүй байх байсан гэж тайлбарлаад байна гэж сүүлдээ ойлгосон?

-Баяр буу барьж зогсчихоод Энхбаярыг зарлигт гарын үсэг зур, тэгэхгүй бол буудлаа гэж хэлээгүй байлгүй. Тэгсэн бол баримттай нь гаргаад тавих хэрэгтэй.

-Ер нь онц байдал тогтоо­сон нь зөв юм уу, буруу юм уу?


-Өөр хувилбар байхгүй. Онц байдлыг харин хожуу тог­тоосон. Зүй нь байшинг ша­тааж, цагдааг сүвлэж эхлэнгүүт нь тогтоох байсан юм. Гэтэл өөрөө бүрэнхий болох, шатаж дуусахыг нь хараад л телеви­зийн өмнө намуудтай уулзаж, хэрүүл хийгээд л байгаад бай­сан. Шууд галдан шатаагаад эхлэнгүүт нь тэр онц байдал гэ­дэг юмаа зарлаад, цэрэг цаг­даа­гаа оруулах байсан. Ингэж чадсан бол хүний амь үрэгдэх­гүй ч байсан байж болох шүү. Ардын намын байранд нэг л том дэлбэрэлт болж, эргэн тойронд нь их хэмжээний гал авалцсан бол Улаанбаатар хотын төв хэсэг байхгүй болох нөхцөл бий болсон байсан шүү. Тийм том галыг унтраах хүч хэрэгсэл манайд бараг байхгүй гэж хэлж болно.

-Ер нь “Долдугаар сарын 1” гэх энэ хэрэг С.Зоригийн хэрэг шиг л Монголын улс төрийг зовоох нь дээ. Энэ хэргийг аль ч нам хүчин, хэн нэг этгээд ашиг­лах­гүйгээр хааж үлдээгээд, цаашаа ява­хаа бодвол яадаг юм бэ. Сая Японд юу болов. Жинхэнэ­дээ тэд дотоод юмаа ямар түв­шинд хөндөж байна. Га­дагшаа ямар өнгө­тэй мэдээл­лүүд цацаж байна. Фүкүши­магийн гамшгийг бүх нууцтай нь тэнд нь булаад дээрээс нь мод тарихаар ший­дэж дээ л гэмээр хараг­дах юм даа?

-Долдугаар сарын 1-нийг та­салж хараад байгаа юм. Мон­голын улс төрд хүчирхийлэл хэрэглэсэн тохиолдлын эхнийх нь 2004 оны сонгуулийн дараа болсон. АН-ын баахан нөхдүүд Монгол телевизийн хаалгыг хэмх цохиж ороод, одоо энэ TV9-ийн захирал Ц.Энхбатыг цамцыг нь ураад зулгааж байс­ныг түүх мартах болоогүй. Да­раа нь сонгуулийн хороон дээр очиж Сонгуулийн хорооныхныг баахан дарамтлаад, сүүлд нь М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс ордон руу дураараа орж ирж УИХ-ын гишүүдийн картыг ху­рааж аваад зогсохгүй, ховч авгай шиг Н.Багабандид аваа­чиж өгч байсныг мартсан уу. Тэрнийгээ хаячихаад эд нар тасалж яриад байгаа юм. Тэгж хүчирхийлэл эхэлсэн. Дараа нь энэ иргэний хөдөлгөөний нэр­тэй хэдэн балмад нөхөр Ардын намын байрыг нэг эзэлж авсан байх аа. Мартаагүй биз. Шатдаг байрны том заалыг эзэлж авчи­хаад хэн хэрхэн өвчигнөж бай­сан нь одоо ч нүдний өмнө ха­раг­даж байна. Ингэж хүчир­хий­лэл явсаар байгаад “Долдугаар сарын 1” болсон. Олон хавар нэгэндээ гэдэг л энэ. Ажаад байхад энэ хэргийн учрыг олох­гүй бололтой. Гол гэрчүүдийн заримыг нь асуул­гүй гурван жил болж байна. Хэн ч байсан дуудаж мэдүүлэг авах ёстой биз дээ. Хүн бүр хууль, шүү­хийн өмнө тэгш эрхтэй гээд Үнд­сэн хуульд заасан байдаг биз дээ. Яагаад дөлөөд байна.

-Телевиз рүү орсон явдал бол Энхбаярын удирдаж байсан МАХН Үндэсний теле­визийг дэндүү эрхшээж бай­сан учраас хүмүүс бухимд­сан. Бас тэндээс эхэлж ярих ёстой байх л даа?

-Юунаас аа?

-МАХН Монгол телеви­зийг үеийн үед л толгойг нь базаж байсан шүү дээ?


-Базахаа хүрвэл бүгдээрээ л баздаг шүү дээ. Ардчилсан нам ч ялгаагүй.

-Одоо ч гэсэн тийм байна л гэж хүмүүс хараад байдаг?

-1996 онд Ардчилсан хол­боо эвсэл сонгуульд ялчихаад л хамгийн түрүүнд “Ардын эрх” рүү дайраа биз дээ. Тэрний дараа МҮОНТ-д дуртай болго­ноо л тавиа биз дээ. Ер нь бол энэ эрх барьж байгаа хүмүүс телевизийг, хэвлэл мэдээл­лийн бусад хэрэгслийг гартаа барих гэж их л зовох юм. Надад бол ёстой сонин биш. Хол байх ёстой л гэж боддог.

-Таныг хувьдаа телевиз­тэй гээд л далд ярьцгаадаг юм билээ. Элдэв сайтуудаар явж байгаа мэдээллүүдийг та ер нь хардаг уу. TV 5-ын далд эзэн гээд л бичдэг юм байна лээ?


-Далд эзэн болоод удаж бай­на. “25 дугаар суваг” теле­визийг хүртэл Ц.Нямдоржийн телевиз гээд гарсан шүү дээ. Би хэвлэлийнхэнтэй нэг их зуу­ралд­даггүй. Энэ салбарт гол бу­сармаг ажлуудыг хийж бай­сан хүмүүс нь өнөөдөр шудар­гын дүрд тоглоод байхаар л ой гутах юм. Өчигдөр хулгайч бай­сан хүмүүс өнөөдөр “Эд нар хул­гай хийж байна” гэж ори­лоод дайраад байдаг. Хулгайч хүн өөрөө л “Тэр хулгайч шүү” гэж хамгийн их орилдог гэж үнэн юм шиг байна шүү. Энх­баяр сэнтийнээсээ бууснаас хойш ТВ-9 телевиз, “Зууны мэдээ” сонин зүгээр л алуурч ялааны үүрэг гүйцэтгэж байна. Энэ хоёр хэвлэл яаж Энхбая­рын эзэмшилд очсоныг би мэднээ. Яг талийгаач Энхбатыг гадаадаас хулгайлдаг шиг л юм болсон. Ичдэг ч болоосой.

-Сүүлийн үед Энхбаяр луйврын сонгууль, хууль бус төр засгийн тухай сэдвээр их ярих боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Элбэгдорж Ардын намтай нийлж сонгуулийн дүнг луйвардсан учраас Ерөнхий­лөгч хууль бус, 2008 оны УИХ сонгууль бас луйврын үр дүн, хамтарсан засаг нь хууль бус. Иймд бүгдийг нь хөөж, тараа­гаад жинхэнэ ард түмний засаг байгуулна гээд байгаа биз дээ. Ард түмний засаг гэдэг нь Энх­баяр өөрөө гэсэн үг. Өөр хэн ч биш. Ийм логик явж байна. Үүндээ хүрч ярих юм бол нэг­дүгээрт, Энхбаяр 30 мянган хү­ний саналаар сонгуульд ялаг­даж түүнийгээ хүлээн зөв­шөөрч, өөрөө хэвлэлийн хурал хийж, сонгуулийн үр дүнг хү­лээн зөвшөөрсөн мэдэгдэл хий­гээд ажлаа өгсөн. Одоо бас арай Баяр дарамталж хэвлэ­лийн бага хурал хийлгүүлсэн гэх­гүй байлгүй дээ. Хоёрду­гаарт, 2008 оны УИХ-ын сонгуу­лиар сонгогдсон гишүүдийн жагсаалтыг Энх­баяр өөрөө оруулж ирж, тангар­гийг нь өр­гүүлсэн. Луйвар бай­сан юм бол оруулж ирэхгүй байх нь яасан юм бэ. Гуравдугаарт, Баяр хам­тарсан засаг байгуулахдаа сайд нэг бүрийг Энхбаяртай зөв­шилцөж томилуулсан. Хууль бус байсан бол тэр үед Энхбаяр татгалзах нь яасан юм. Хориг тавих эрх түүнд бай­сан шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд ч тэр, Засгийн газрын ги­шүүд ч тэр “эзэн” Энхбаярын өөрөө шүншиглэж, арав­найл­сан этгээдүүд. Одоо юун луй­вар, хууль бус төр, засгийн тухай яриад эхлэв ээ. Ингээд бодохоор Энх­бая­рын тархин доторхи ой санамж байх­гүй болсон, эсхүл одоо эл­дэв юм яриад байгаа энэ хүн жин­хэнэ Энхбаяр биш, дууриамал Энх­баяр шиг санагдаад байх бол­лоо. Нөгөө “Ичээнд нь” ки­ноны хуурамч Дамбийжаа шиг.

-Ямар ч байсан МАХН тарж байна. МАН гэ­дэг нэ­рийг ав­сан та нөхөд дотор сууц­гааж, МАХН-аа сана­гал­заж, сэргээ­хийг хүсэм­жил­сэн бас нэг хэ­сэг нь гадаа ори­лоод л явж бай­­­на. Энэ үзэгд­лийг зарим ажиг­лагч их гүе­хэн тайлбар­лаад байдаг юм. Нөгөө л Баяр, Энхбаярын зөр­чил энэ намыг хуваалаа гэж. Яг үнэндээ бол Бага­банди, Энхбаяр гэдэг хоёр хүний гүн гүнзгий зөрчил явсаар энэ на­мыг хуваалаа. Яагаад Багабанди гэдэг тог­логчийн нэр дандаа далд яваад байгаа юм бэ гээд асуу­чихаж болох уу?

-Нэгдүгээрт, Ардын нам хоёр хуваагдсан юм байх­гүй. Наа­дах чинь бол үлгэр. Ардын намд бай­сан цөөхөн хүн л гар­сан. Араасаа цөөхөн хүн дагуу­лах гэж оролдож байгаа. Үндсэн масс нь хэвээрээ л байна. Тэр ч бүү хэл батлах солих үед 13 мян­ган хүн нэмж элссэн. МАХН гэг­чийн удир­дах бүрэлдэхүү­нийг хар. Ногоон намын С.Мо­лор-Эрдэнэ, Монголын бүх намаар дамжсан Л.Цог гээд л. Хаанахын ч гэж хэлмээр юм бэ дээ, тийм нөхдүүд л байгаа. Хаа­на тэр хуваагдсан юм нь бай­гаа юм. Ер нь бол намаас цөөн хүн гарах нь байдаг л асуу­дал шүү дээ. Тэр жил Багабанди ерөн­хийлөгчийг сонгуульд нэр дэвшиж байхад баахан хүн гарч байсан. Дараа нь Багабандийг Ерөнхийлөгч байх үед “Эх орон” гэж хөдөлгөөн байгуулагдаад “Эрэл”-ийн Эрдэнэбатыг нэг хэ­сэг нь баахан дэмжиж давхи­сан. Тэглээ гээд юу өөрч­лөгд­сөн юм. 2000 онд 70 суудалтай л үлдсэн биз дээ. Энхсайхан Ард­чилсан намаас тасарч Үн­дэс­ний шинэ нам байгуулсан. 2008 онд АН нүд аниагүй биз дээ. Тэгэхээр наадах чинь мэг­дэж адгаад байх зүйл биш.

-Ер нь тэр МАХН гэдэг нэ­рийг нь өгчихөж болдоггүй юм уу. Хамгийн том тээг бо­лоод байгаа хүмүүсийн нэг та юм биш үү?


-Би тээг болж юу шалиав гэж. Ямар Дээд шүү­хийг би удир­дах биш. Асуудал надад биш хуульд байдаг юм. Энхбаяр Ардын нам гэдэг нэрийг ава­хын тулд угсраа хоёр акц хийсэн юм. Нэгдүгээрх нь, талийгаач Баа­сан лам тэргүүтэй хэдэн хү­ний байгуулчихсан байсан Ар­дын намыг татан буул­гах аж­лыг Энхбаяр өөрөө зохион байгуул­сан юм. Хоёр хүнд албан ту­шаал өгсөн. Нэг нь энэ манай түү­хийн Өлзийбаатар /Ардын на­мын дарга бай­сан/, нөгөөх нь тэр Ардын намд байсан Эн­хээ гэдэг хүнд дүүргийн татва­рын хэлтсийн дарга өгч байж тэр Ардын намыг буулгуулсан юм. Хоёр дахь акц нь 1991 оны тав­дугаар сарын 16-ны Улс тө­рийн намын хуулийг 2006 онд ши­нэчилсэн юм. Тэр шинэчил­сэн хуулийнх нь 15.6-д нам нэ­рээ сольсон бол уг шийдвэртэй санал нийлээгүй ту­хайн намын гишүүн болон бусад иргэд уг нэ­рийг ашиглах эрхгүй гэж нэг шигт­гээ хийгээд, урд талд нь тэр Цэцээр ордог зургадугаар зүй­лийн заалтыг хий­сэн. Нэрээ соль­сон намын хуучин нэрийг 24 жил хэрэглэж болохгүй гэсэн тэр хаалтыг шүү дээ. Ийм л юм бол­сон. Тэгэхээр шинэ “хувьс­галч” Шинэ­баяр энэ бүхний ха­риуцлагыг надаас биш удир­дагч Энхбаяраасаа асуух хэрэгтэй.

-Өөрөөс нь үү?

-Тийм. Одоо Шинэбаяр на­даас хариуцлага нэ­хээд гүйгээд байх шиг байна. Энхбаяраасаа асуух хэрэгтэй. Би энэ түүхийг мэд­нэ шүү дээ. Элбэгдорж, Энх­баяр хоёр 2005 онд улс төрийн нэг тохиролцоо хийсэн юм. Нэг нь бол МҮОНРТ-ийн хууль. Энэ хуулийг нь бол Эл­бэг­дорж гаргая гэсэн. Намын хуулийг нь Энхбаяр гаргая гэсэн. На­мын хуулийг бол УИХ дээр хийчихээд, яамдад өгч са­­нал авалгүйгээр шууд Засгийн газрын ху­рал­­­даан дээр оруулж дэмжүүлээд УИХ-аар бат­луул­­сан. Ажлын хэсгийг нь одоо энэ Дэм­бэрэл ахалж бай­сан. Тэгэ­хээр наадах чинь ойлгомжтой бай­­гаа биз. Энхбаярын өөрийнх нь хийсэн ажил шүү дээ. Хэр­вээ энэ хуульд гомдож байгаа бол өө­­дөө хаясан чулуу өөрийн тол­гой дээр л гэдэг болж байна. Дээд шүүх, Цэцийг ил далдуур да­­рамт­лах биш буруу юм хий­сэн бол хариуцлагаа өө­­рөө­сөө асуух нь шударга ёсонд нийц­нэ. Энх­баяр одоо их шударга ёс яриад байдаг болсон юм билээ.

-Тэгвэл танай намын хэ­дэн залуус баахан МАХН гэ­сэн дөрвөн үсгийн томъёо­лол­той нэр хууль бусаар ав­сан гэж бөөн шуугиан дэгд­сэн. Энэ чинь юу юм бэ. Тийм айдас байх шалт­гаангүй л юм байна шүү дээ?

-Тэд буруу зүйл хийсэн. Үү­нийг нь удирд­ла­гуудад хэлсэн. Да­хин ингэж алдахгүй байх. Тэв­чихийн аргагүй жудаггүй юм хий­гээд байхаар нь тэг­сэн юм байл­гүй. Тэд байтугай мань мэт нь барьц алдахаар балмад юм хийгээд байхаар яалтай ч юм билээ.

-Саяын ардын шүүхээр “буу­дуулах” 15-д У.Хү­рэлсү­хийн нэр орсон уу?

-Ороогүй.

-Яагаад У.Хүрэлсүх үлд­чи­­хэв. Энхбаярын хамгийн их үзэн ядаж байгаа хүмүүс тодорсон гэцгээх юм?

-Тэрийг би яаж мэдэх вэ дээ. Урьдчилж жагсаалтаа бэлт­гүүл­чихээд түүнийгээ зарласан байх магадлалтай. Хурал дээр та­­­раа­сан хуудсаа нуу­чихна биз дээ. Яаж ч бодсон жишээ нь тэ­рэнд Дэм­бэрэл орохгүй. (инээв) Сүүлд нь нээрээ Энх­сайхан бо­лон хурлынх нь бусад төлөө­лөгч гай­­хаад ярилцлага өгөөд байсан шүү.

-Д.Дэмбэрэл, Э.Бат-Үүл нарын сүүлийн 20 жил ард түм­ний нүдэн дээр амьдар­чих­сан, дэндүү мэдэх ийм “шал­дан” улстөрчдийн нэр­сийг оруулж ирснээрээ жаг­саалт нь өөрөө инээдэм, доог тохуу болж байгаа юм биш үү?

-Тэгнэ л дээ. Угаасаа л хө­гийн юм хөгийнөөр дуусдаг.

-М.Энхсайхан ярилц­ла­га­даа Э.Бат-Үүлийн нэрийг ха­раад инээд хүрсэн гэж хэлсэн байсан?

-Тэр хүн бүтэлгүй болсон сце­нарийн араас тиймэрхүү үг дай­хаа мэднэ.

-Н.Багабанди гуайн “Ти­тэм үг” гэж улайс­сан ширэм рүү тос хаялсан, зарим нэ­гийг нь илт ташуурдсан хо­рон гэж харж болохоор юм их шидлэх юм. Тийм таагүй байгаа юм бол далдаас биш ил гарч ирээд Н.Энхбаяртай “ярих” хэ­­рэгтэй бус уу. Дараа үеэ ин­гэж хөл­дөө тарам­дуулж бол­дог юм уу гэж учир мэдэх хү­мүүс хэлж байгаа сонсогдох юм?

-Багабанди, Энхбаяр хоё­рын тухай зөв л асуулт тавьж байна.

-Танд би дотроо эгдүүцэж байна. Та ярилц­лага өгөхдөө өө­рийнхнөө их бага ярь­даг. Тэг­сэн хэрнээ хаа байсан Энх­сайханыг бо­лохоор хатуу үгээр булаад байдаг. Үнэн хэ­рэгтээ танайхны л явдал шүү дээ. Бага­банди, Энхбаяр хоё­рын гүн гүнзгий зөрчил сүү­лийн 20 жилийн далд дайн даж­ныг өдөө­сөн гэдгийг мэ­дэ­хийн дээдээр мэдэж бай­гаа хүн шүү дээ, та?

-Намын дотор ийм нөхцөл бай­дал үүссэн нь эцсийн дүндээ 1996 оноос хойш Багабанди, Энх­­баяр хоёрын хоорондоо хий­сэн зарлаагүй дайны үр дагавар. Дэлгэрүүлж яривал зөндөө юм бий. Жи­шээ нь, 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд Ба­га­банди ай­лын талд ажилласныг хэн ч худал гэж хэлж чадахгүй. Яасан ч дуусдаггүй дайн, төгс­дөггүй хон­зон гэж ийм байдаг юм. Би эв­лэрүүлэх са­наатай яваад дий­лээгүй шүү. Танайхан та­най­хан л гэх юм. Манайхыг нүдэх хү­чин хангалттай байна. Би үүн дээр тос нэмээд яахав. Гэхдээ би гол юмаа хэл­лээ. Одоо бол аль аль нь больчи­хоо­сой гэж дот­роо залбирах юм. Ерөнхийлөгч байсан хүмүүс эвийн цагаан тагтаа болж үлдэх ёстой юм. Кар­терыг хар. Хэнээс нь ч ийм ухаан гарахгүй байна.

-Та нар тэгээд Багабан­дий­гаа болохоор Мон­голын хам­гийн өндөр цалинтай ТУЗ-д оруулж ирчихээд, цаг­таа дээлэндээ багтаж явсан Энх­баярыгаа болохоор ягаан байшин­даа чимээгүй суу гээд байгаа юм уу. Энэ тань шу­дарга биш явдал биз дээ?

-Энхбаярыг ч гэсэн НҮБ-ын орон тооны бус на­рийн бичгийн дар­гаар томилуулах тохироог манай нөхдүүд хийчихээд өөрт нь хэлсэн чинь “холдуулах гэлээ” гэж жигтэйхэн загнасан гэнэ лээ. НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд айлчлахдаа Энхбая­рын “шилт­гээн”-д зочилсон зу­раг сонинд гарсан байх аа. Энх­баяр ерөнхийлөгчөөс буусны­хаа дараа эр хүн шиг байсан бол, монгол төрийн тэргүүн яв­сан хүн шиг байсан бол ийм юм бо­лохгүй шүү дээ. Хаа­яа бидэн дээ­рээ ирж амьдрал ахуй ярь­чи­хаад, биллъярд цохиж, хэдэн ая­га кофе уучихаад хүний ёсоор явсан байсан бол ийм бай­далд хүрэхгүй бай­сан гэд­гийг баталгаатай хэлж чадна. Ха­рам­­салтай нь, өнөөдрийн энэ хэ­рүүлийг өөр хэн ч биш Энх­баяр өөрөө эхлүүлсэн.

-Хэт залуу байна шүү дээ. Шууд зуслангийн бай­шин ба­раадаад хэвтчихнэ гэхэд бо­ломж­гүй залуугаараа байна. Хү­нийх нь үүднээс ойл­гох хэрэгтэй юм биш үү?

-Залуудаа больж магадгүй гэдгээ өөрөө тооцох л ёстой шүү дээ. Хэн ч гуйгаагүй шүү дээ. Өө­рөө л дэвшинэ, ерөнхийлөгч болно гээ биз дээ.

-Тэгсэн ч Элбэгдоржийг та­найхаас хэн ялах юм бэ. Жи­шээлбэл, энэ Нямдорж ерөн­­хийлөгч болох санаатай бай­гаа юм биш биз гэсэн баа­хан дайрлага явсныг санаж бай­на. Тэр үед тантай уулзаж ярилцаж л байлаа. Яг цаг нь бо­лоход өөр кандидат гар­гаж ирэх­гүйгээр л Энх­баяры­гаа явуулчихсан биз дээ?

-Нэр дэвшээд ялах бүрэн бо­ломжтой хүн, тухайн үед байж л байсан шүү дээ. Тухайл­бал, Баяр ерөн­хийлөгчид нэр дэвш­сэн бол зовлонгүй л га­рах бай­сан. Өөрөө л хүсээгүй боло­хоос. Би өөрт нь хэлж л байсан. Өө­рийн чинь хувилбар бай­­гаа шүү гэж. Би бол үгүй гэдгээ эрт хэлсэн хүн.

-Тэгвэл таныг яагаад ерөн­­хийлөгчид са­наатай бай­на гэж хардсан юм бол. 40 жил дөр­вөд хүн толгой дээ­рээ тахи­сан. Одоо л үгүй шүү гэ­сэн ил далд, аман сур­тал баа­хан явс­ныг мартаагүй биз дээ?

-Тийм юм байнга л явдаг шүү дээ. Энэ нөхөр нэр дэвшиж ма­гадгүй гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхгүй юу. Халх хүн төр барьж ча­дахгүй гэж Ням­дорж TV 5 телевизийн­хэн­тэй Увсад явахдаа хэлсэн гэж нэг цуурхал тараав аа. Тэр л явж эхэлж байсан хэрэг шүү дээ. 2009 оны хавар Нямдоржийг да­хиад Цэцэд өгчих гэсэн за­хиалга иргэний хөдөлгөөний нэг нөхөрт очсон. Тэр хүн нь хөдөлж өгөө­гүйг би мэднэ. Чааваас Ерөн­хий­лөгчид өрсөлдөж магадгүй гэж хард­сандаа тэр.

-Тиймэрхүү хардлага яваад эхлэнгүүт “Ми­ний сэт­гэлийн гүнд тийм юм алга” гээд та хэл­чихдэг. Яах гэж тэгж хэлдэг юм бэ. Төвөг­шөө­­дөг юм уу. Эсвэл хувь заяа­гаа мэддэг юм уу?


-Ерөнхийлөгч болохын ту­хайд уу?

-Тийм ?


-Хувь заяа яаж эргэхийг хэн мэд­лээ. 2009 оны сонгууль хүр­тэл үгүй гэдгээ явсан газар бол­гондоо хэлж явсан. 2009 оны эхээр уулзалт хийж байхад “Та ерөнхийлөгчид нэр дэвших­гүй юм уу” гэж асуухад нь “Би одоо­хондоо титэм үг бичих цаг бо­лоо­гүй” гэж хариулсан. Ер нь бол энэ ерөнхийлөгчийн сууд­лын үнэ цэнийг ойлгох ёстой юм. Ямар ч байсан миний харж бай­гаа­гаар бол учир начир үнэ цэ­нийг нь ойлгож чадахгүй бай­саар л хугацаагаа дуусгаад байх юм.

-Насных нь босго тойр­сон нэг бодол одооноос хү­мүүст төрөөд эхлэх шиг бол­лоо. Хэт залуудаа улсын Ерөн­хийлөгч болдог, бас хэт за­луудаа бууж улс төртэй уч­раа олох олох­гүйн зовлонд унадаг энэ байд­лаас бо­лоод?

-Алдартай уяач Даваахүү хэдэн жилийн өмнө телевизэд ярилцлага өгөөд сууж байхдаа нэг айхтар үг хэлсэн юм. Ер нь энэ залуу хүмүүсийг ерөнхийлөгчөөрөө тавьж болохгүй юм байна. Нас нь тогтчихсон П.Жасрай гуай мэтийн хүн тавьчих юм бол сүрэнд нь залуучууд дарагдаад төр тогтож магадгүй гэж. Одоо Элбэгдоржид хоёр хувилбар л байгаа. Дахиад нэг сонгогдох хувилбар байна. Сонгогдохгүй байх бас нэг хувилбар байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөсөө буусныхаа дараа мөн ч их бужигнуулна даа. Энхбаяраас ч илүү бужигнуулж магадгүй. Харж л байгаарай. Натур нь тийм юм чинь.

-Ц.Элбэгдоржийн буухиаг таслахад хэцүү л дээ. Чадах ч үгүй байх?


-Буухиаг тасална гэдэг нь юуг хэлээд байгаа юм?

-Дараагийн сонгуульд тэр чигээрээ л гарна шүү дээ?

-Ээ дээ, мэдэхгүй. Энхбаярыг манайхан бас л тэгж ярьж байсан. Хотод наад хүн чинь хэцүү гэж ганцаараа эргэлзэж байсан нь би.

-Хоёр өөр ерөнхийлөгчийн идеал шүү дээ. Энхбаяр юм юм руу орж байлаа. Түрүүчээсээ өмчийн зарим хэрэг нь хүртэл сөхөгдөөд шалгагдаж байна?

-Тэр цагийн тэнгэр мэдэх болтугай. Албин зан үйл, уран цэцэн үгээр нэг удаа, нэг өдөр ард түмнийг хуурч болно. Үргэлж хуураад байх нь юу л бол. Энэ Монголын ард түмэн бол сонгуулийн ер бусын мэдрэмжтэй ард түмэн дээ. Олон олон сонгуулиар бодож байснаас өөр шийдвэр гаргаад байгаа. Жишээ нь 1996 оны сонгууль байна. Эрх баригчдад 50-ийг өгөөд, Ардын намд 25-ыг өгөөд дундуур нь Дашбалбар гэдэг углуургаар хавчуурга хийж байх жишээтэй. Эрх баригчид 100 хувийн шийдвэр гаргахад нэг санал дутдаг. Сонин сонгууль болсон байгаа биз. Ингэж л эрх мэдлийг нь хуваарилж өгч байсан. Энхбаярын хувьд 2009 онд гарах нөхцөл нь бүрэн байсан шүү дээ. Зүгээр л ажлаа хийгээд л, хааяа нэг телевизээр гарчихаад сууж байсан бол гарчих л байсан. Гэтэл хэвлэлийн штабтаа нөгөө талд мэдээлэл дамжуулах сувагтай этгээдүүдийг байлгаж гол ажлаа хийлгүүлж, Элбэгдоржийг Солонгосоос мөнгө авсан, эрлийз, хурлийз гэсэн хоёр нэвтрүүлэг цацаад л унасан. Намын хэвлэлийн алба, хувийн хэвлэлийн алба гэсэн хоёр салангид бүтэц ажилласан. Ингэж сонгууль хийнэ гэж байх уу. Бүр бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгчтэй шууд харьцах эрхтэй, эрхгүй гэж ялгаварласан гээд бод доо.
Би бол жишээ нь сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо.

-Одоо наад хэлбэр тань явахгүй л дээ?


-Явна. Нэр дэвшигчид нь хүнд, сонгогчдод итгэдэггүй учраас л баахан юм тараадаг. Би мөнгө, элдэв зүйл тараахыг сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг гэж ойлгодог хүн.

-Технологи бүрэн солигдчихлоо шүү дээ, сайд аа?


-Солигдоогүй. Солигдсон бол би 2008 оны сонгуулиар унах л байсан.

-Жишээ нь, танай тойрог дээр хамгийн их мөнгөтэй хоёр залуу очоод арван хэдэн жил тогонд холбож чадаагүй байсан сумдыг хувиасаа мөнгө гаргаад л тогонд холбо­чихсон гэсэн биз дээ?

-Наадах чинь худлаа. Энэ хоёр залууг нэр дэвшиж очихоос өмнө Увсын бүх сум тогонд холбогдчихсон байсан. Хамгийн сүүлийн есөн сумыг би өөрөө УИХ-ын дарга байхдаа хол­буулсан.

-Хэдэн зуун мянган доллар дундаасаа гаргаад л тогийг нь холбосон гээд байсан худлаа юу?

-Худлаа. Энэ хоёр бол тогтой, гар утастай аймагт очсон.

-Тэгсэн ч таныг мөнгөтэй залуучуудын хөлд чирэгдэж баларч байна гэсэн мэдээ л ирж байсан. Үнэн шүү дээ?

-Ер нь бол их мөнгөний дунд орох эвгүй юм билээ. Дорлигжавыг мөнгөгүй л байсан гэж чи бодож байна уу. Гол нь сонгогчдод хүнлэг л хандах ёстой. Манайхан дандаа хүнлэг бусаар ханддаг. Үнэнээ хэлээд, энэ төрийн зовлон нь ийм ийм юмандаа байна. Энэ ажлыг хийж болж байна, энэ ажлыг нь хийж болохгүй байна гэдгийг үнэн нүүрээрээ, чин сэтгэлээсээ хэлээд явах юм бол хаана ч ойлгодог. Зөвхөн Увсад ч биш. Өөдрөг юм чин сэтгэлээсээ ярихаар хүмүүс хичнээн баярлана гээч.

-Монголчууд бүгдээрээ л “Хоёр толгой”-гоо ярьж байна. Хөдөлгөөнүүд болохоор эргэж цуцлах ёстой гэж үздэг. Тэр Оюу­тол­гойн гэрээ тийм жогорхойтой гэрээ болчих­сон юм уу?

-Миний мөрөөдөл бол Монголын эдийн засаг дөрвөн “мотортой” болохыг үзэх. “Эрдэнэт” унахаар Монгол уйлдаг, “Эрдэнэт” сэхэхээр Монголын зовхи сэргэдэг. Ийм л байдалтай бид 40-өөд жил явлаа. Алийн болгон энэ үйлдвэрийг мөлжиж амьдрах юм. “Эрдэнэт”-тэй адилхан буюу түүнээс том дөрвөн үйлдвэртэй болчихвол монгол хүн эх орондоо хүн шиг амьдарч, Монгол орон цаашаа зовлонгүй хөгжөөд явах болно. Тэр утгаар нь Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөхийг би хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Эцсийн дүндээ татвараа л авч чадвал бусад нь сонин биш. Хувийнх байна уу, хувьсгалынх байна уу. Яагаад вэ гэхээр, Үндсэн хуульд өмчийн тэгш байдлыг зарласан. Энийгээ их улс төр ярьдаг хүмүүс ойлгож байна уу, үгүй юу. Алийн болгон баялгаа хав дараад гуйлгачин амьдралаар амьдрах юм. Энэ ард түмэн чинь хүн шиг амьдрах эрхтэй юм байгаа биз дээ.

-Н.Энхбаяр “Тавантолгой”-г 100 хувь ард түмний мэдэлд өгөх ёстой байсан гэж ярьж байгаа. Уг нь хадгалж хамгаалж, улсад лицензийн татварыг нь төлж ирсэн хэдэн биз­несменээс бараг булааж авсан дээрмийн шинж­тэй үйлдэл хийгдсэн. Одоо давраад бүр л өөр өөр юм яригдах юм аа даа?

-Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх­даа Тавантолгойг ард түмэндээ хуваагаад өгчих нь яасан юм. Энхбаярын үед ч Таван­толгойн лиценз байж л байсан ш дээ. Жаргалсайхан гэж Ашигт малтмалын газрын дарга байсан нэг хүн байдаг даа. 1997 оны хууль батлагдаж байх үед тэр Жаргалсайханыг Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын даргаар Энхсайхан тавьсан. 2000 онд Энхбаярын Засгийн газар байгуулагдсаны дараа одоо энэ “Эрдэнэт”-ийн Ганзориг Үйлдвэр худалдааны сайд байхдаа энэ нөхрийг солих гэж хоёр удаа Засгийн газрын хуралдаанд оруулаад дийлэлгүй 2004 оныг дуусгасан. Энэ их лицензийг тараасан гол нөхөр л дөө. Яаж ч яваад хоёр өөр намын хоёр Ерөнхий сайдын таалалд нийцсэн юм, бүү мэд. Сонин байгаа биз. Арын хэлхээ холбоо нь ядах юмгүй ил уншигдаж байгаа биз дээ. Энхбаяр яаж ийм юм ярьж чаддагийг би огт ойлгохгүй юм. Тэрэндээ хүрч ярих юм бол Оросын их өрийг төлөх гэж байхдаа шөнөжин тэр Фрийдланд руу утасдуулж байгаад 50 сая доллар зээлдэж их өрөндөө өгөөд сүүлд нь буцааж өгсөн түүх байдаг юм ш дээ. Одоо яагаад Оюутолгой руу дайраад байна. Тийм л сайн юм бол Оюутолгойн гэрээг ашигтай хийх хангалттай хугацаа Энхбаярт өөрт нь байсан. Битгий хий гэж түүний гарыг хэн ч бариагүй. Ийм хуншгүй, жудаггүй байж болохгүй биз дээ.

-С.Баярыг лицензийн эзэмшигчидтэй хэлэлцээрт орж, төрд “Тавантолгой”-г эргүүлэн авч байх үед бид эргээд хувийн өмч рүү халдаж байна, нийгэмчлэх гэж байна гээд л түүнийг шүүмжилж байсан?


-Миний ойлгосноор бол тэдний нэг хэсэг нь шахуулж байж өгсөн байх. Гэнэт “Энержи ресурс” консорциум гээд арван хэдэн хүний нэр гараад ирсэн. Тэр дотор нь манай бас нэлээд хэдэн хүн байсан. Би зарим руу нь утасдаж, та нар ийм юманд хутгалдахгүй явж болдоггүй юм уу, турж үхчих гээд байна уу гэж асууж л байсан. Тэгээд сүүлд нь гарах нь гарч, үлдэх нь үлдсэн.

-Ганц нэг нь улс төрийн нэр хүнд рүү нь халдах дайрлагаас айгаад л хямдхан үнээр шахаанд ороод зараад гарч байсан. Тэгж улс төрийн соёл гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж шийдвэр гаргасан хүмүүсээ харин эргэж танай нам хэр бодох бол?

-Хоорондоо зарсан ч юм уу, яасан ч юм, хэн мэдлээ. Ер нь бол энэ ашигт малтмалын сэдвээр улс төр хийдгээ болих хэрэгтэй. Энэ салбарыг улс төржүүлсэн гол хүн нь Энхсайхан. 2005 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ч “Газрын баялгийг ард түмэндээ өгнө” гэж энэ далд дажинг эх­лүүлсэн байх аа.

-Бид хувийн өмчид шилжээд 20 жил болж байна. Хүний хувийн өмчийг буцааж нийгэмшүүлнэ, булааж авна гэж их хашгирах юм. Бүх ард түмнээр сонгогдсон 76 гишүүнийг буцааж тараана л гэдэг. Ийм нэг дур зоргын улс төр их явах юм. Нийт нийгмийн маань суурь соёл хэзээ тогтож төлөвших бол?

-Яг нарийндаа бол монгол хүн харийнхны оролцоогүйгээр төр удирдах, хууль тогтоох ажлаа 20-хон жил хийж байна. Сүүлийн 300-гаад жилийн хугацаанд шүү. 1696-1921 он хүртэл Манжийн эрхшээлд явсан. Дургүй нь хүрвэл хүүг нь Бээжинд аваачиж толгойг нь авчихаад, эцгийг нь араас нь дуудаж хүүгийнх нь толгойг үзүүлдэг байсан үе. 1921-1922 он хүртэл буюу Б.Бодоо сайд буудуулах хүртэл ганц жилийн хугацаанд гэх юм уу даа өөрийнхөөрөө байсан. Тэгээд сүүлд нь хойноос Элбэгдорж Ренчино гэдэг буриад ирээд цэргийн зөвлөл гэдэг юм байгуулж тэрнийхээ даргаар тавигдаад Д.Бодоо сайдыг буудсанаас хойшхи хугацаанд коминтерн большевизмын нөлөөнд 70 жил явсан. Цэдэнбал даргын хувь заяаг Москвад шийдэж тэр их хүн амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Москвад өнгөрөөсөн нь тэр үеийн бидний тусгаар тогтнолын хэмжээ. Энд биш Москвад асуудал шийдэгддэг байсан үе. 1990 оноос хойш болсон ч болоогүй ч хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг л болж байгаа юм. Ийм учраас төр тогтох, хууль тогтох хоёр процесс явж байна гэж би хэлээд байгаа юм. Энийгээ бид харж чадаж байна уу үгүй юу. Шинэ цагийн Монгол төр хуульт ёстойгоо хамт тогтох энэ процессыг бусниулах оролдлого их явж байна. Энэ “Их хуралдай” гэгчийн ард явж байгаа хүмүүс дандаа сонгуульд ялагдсан нөхдүүд байгаа биз. Тэр Батцогт, Цолмон, Цог, Уянга, Энхсайхан гээд. Гол тол­гойлж байгаа хоёр хүн нь хоёулаа ерөнхийлөгчийн сонгуульд унасан хоёр хүн. Монголд улс төрийн соёл гэдэг юм төлөвшөөгүй байгаагийн л илэрхийлэл нь. Сонгуульд унасан нь ялсныгаа яллаад хөөж явуулаад байвал төр тогтоох уу. Үгүй биз дээ. Байгалийн баялаг цөөхөн хүний гарт төв­лөрлөө гээд л тэр Шинэбаяр гэдэг этгээд яриад л байна лээ. Дорнодод байгаа “Адуун чулуу”-ны уурхайг туучихсан л нөхөр ш дээ. Тэгж л бүх баялгийг ард түмэндээ хувааж өгөх гэж байгаа юм бол Шинэбаяр энэ уурхай болон аймгийн төв дэх захаа Дорнодын ард түмэнд буцааж өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт энэ этгээдийн хэлсэнд итгэнэ. Бусад нөхцөлд цусаар уйлсан ч итгэхгүй.

-Төрд ажиллаж байхдаа аваагүй л дээ?

-Энхсайханы Ерөнхий сайд байх­даа эхлүүлсэн “Их хувьчлал” гэгчийн үр дүнд ард түмний хөрөнгө цөөхөн хүний гарт төвлөрч, дийлэнх нь ажилгүй болж ядуурсан. Энэ хувьчлал намын харъяалал, арын хаалга, танил тал, арга заль гэсэн шалгуураар явагдсан. Шинэбаяр энэ л категорид багтах этгээд. Түүнийг хүрз барьчихаад өдөр шөнөгүй “Адуун чулууны” уурхайд нүүрс ухаж байгаад уг уурхайг авчих­сан гэж дуулаагүй биз дээ. Ард түмний баялаг олигархиудын гарт төвлөрчих­лөө гэж байгаа бол энэ “Олигархи маягийн нөхөр” өөрийнхөө авсныг буцааж өгчихөөд шударга ёсны тухай ярих хэрэгтэй.

-Ер нь л тэр хүний хамаг юмыг нь “авчихаж” байгаа юм биш үү. Та­най намынхныг Ц.Шинэбаярыг боймлоод, оролдоод байгаа дуулд­сан шүү?


-Шинэбаярыг хэн тоож боймлох юм. Дорнодын өнгөтэй өөдтэй болгоныг туусан нөхөр юм билээ. Чи Дорнодод очоод захаар нь ороорой. Далай шиг том зах Шинэбаярынх гээд байж байгаа. Сонгуульд гурван удаа унасан нөхөр л дөө. Дөрөв дэх дээр нь арай ядаж гарч ирчихээд одоо дэмий юм яриад явж байна. Шинэбаярын ярьж байгаа юман дотор хоёр гурван эвгүй юм байгаа. Большевизм цэвэр үнэртэж байгаа. Монголоос амьд мэнд дээрээ гар, хугацаа өгч байна, гарахгүй бол үр хүүхэдтэй чинь хариуцлага тооцно, хөрөнгийг чинь хурааж авна гэсэн большевизмын улайрсан санаа Шинэ­б­аярын тунхаг дотор явж байна. Гэхдээ зайлуул тэр Шинэбаяр тийм дайны юм бичихээр этгээд биш. Хууль ярих ч этгээд биш. Шинэбаяр бол хүний гарын үзүүрт мод чулуу л болж бичиж өгснийг нь уншаад явж байх л дайны амьтан ш дээ. Одоо ч хөөрхий нүүрээ бараад дуусч байх шиг байна.
“Адуун чулуу”-ны уурхайн эдэлбэр газар Шинэбаярт байсан. Тэр газрынх нь гадна талаар тойрсон хэсгийг Ц.Шинэбаяртай хамтардаг байсан, уг уурхайн бараг 60 хувийг эзэмшдэг нөхөр нь “МАК”-ийн Нямтайширт өгчихсөн юм байна лээ.

-Найзтайгаа “Адуун чулуу”-г эзэмшдэг гэдэг нь үнэн. Тэр найз нь тэгээд хувиа зарчихсан юм уу?

-Шинэбаярыг муриад Нямтайширт эдэлбэр газрын нь тодорхой хэсгийг өгчихгүй юу. Шинэбаярыг “хувьсгалч” болгосон гол шалтгаан нь ердөө л энэ. Дэндүү өчүүхэн байгаа биз. Энэ нөхөр Баярыг Америкт эмчилгээнд явсны да­раа түүн лүү дайрч давшилсан ярилц­лага өгдөг юм. Тэр үед чинь Баяр үхэл амьдралын зааг дээр байсан үе шүү дээ. Үнэхээр муухай санагдаж бай­сан. Энэ нөхрийн ямар өвчин хөдлөв, цаад талд нь хувийн л нэг юм байгаа даа гэж бодоод сураг ажиг тавьсан чинь саяын асуудал гарч ирж байгаа юм. Зайлуул, юмаа алдсаныхаа төлөө л өдөр шөнөгүй дайн хийж байх шив дээ.

-Шинэ мэдээ байна. Танай намынх­ныг л хувийн бизнес элдэв юмаар нь оролдоод байна гэж л сонсч байсан?

-Юу гэж. Дотроосоо л мурчихгүй юу.

-Гадаа нь тагнаад л, машин тэрэг дагаад л, их л хэцүү байдаг гэж дуулдсан?

-Шинэбаярыг хэн тоож дагах юм, хүн дагуулаад байхаар том амьтан биш ш дээ.

-Авлигатай тэмцэх газрын та­лаар та юу хэлмээр байна. Энэ одоо юу бо­лоод байна вэ. Авлигын тухай амтай болгон хашгирч байж ийм нэг газар байгуулсан. Анхны дарга нь зүй бусаар хүний газар өнгөрсөн. Да­раагийнх нь шоронд хоригдож байдаг?

-Яг үнэнийг хэлэхэд шүүхийн гар­гасан шийдвэрт буруу зөв гэж дүгнэлт өгмөөргүй байна. Улс төрийн шалт­гаа­наар анх Сангарагчааг оролдож эхэл­сэн гэдэг л үнэн.

-Мэдэхгүй, санал нийлэхгүй байна?


-Яагаад нийлдэггүй юм. Үнэн л юм ярьж байна. Би эзэнгүй, баримтгүй юм ярьдаггүй. Миний л зарчим. Үүгээрээ олон “найз” далладаг юм.

-Өөрөө хууль зөрчсөн биз дээ. Ажилтнуудаа хууль бусаар тагнаж чагнасан. Тусгай үүргийн хэрэгсэл авах ёстой төсвийн мөнгийг хувь­даа байр авахад зарцуулчихсан гээд ноцтой юмнууд гарсан биш бил үү?


-Тэр тагнаж чагнахаас чинь өмнө зөндөө юм болоо биз дээ. Хөөсөн туу­сан, өргөдлөө өг гэж шахсан явдал гар­сан биз дээ. УИХ-ын зарим гишүүн өөрийн­хөө гараар бичиг үйлдэж өгч хүр­тэл өмч хөрөнгө идлээ гэж шалгуул­сан.

-Үгээрээ байж өгдөггүй нэг гүйцэтгэх ажилтнаараа оролдож бай­гаад нөгөөдөх нь эргэж хөд­лөөд унагачихаж байгаа ч юм шиг?


-Хүссэн ч, эс хүссэн ч, наадах чинь улс төрийн өнгө ороод явчихсан л хэрэг. Улс төрийн өнгө орсон хэрэг хэзээ ч зөв шийдэлтэй байдаггүй.

-Төгсгөл нь үү?

-Төгсгөл нь.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир генералыг Авлигатай тэмцэх газрын дарга бо­лох гэнэ. Цагдаад хөдөлгөөн орох гэ­нэ гэсэн “бор шувуу” нэлээн хэ­дэн сар нислээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Намайг мэдээгүй байхад л Д.Сандаг­-Очирыг олон удаа “халж” байна даа.

-Н.Энхбаяр “ерөнхийлөгч” цаг­даа­гийн тэр үеийн өмнөх даргатай холбогдолтой мэдэгдэл хийгээд байдаг. С.Баяр ЦЕГ-ын дарга Ган­болдыг хууль бусаар огцруулсан гээд. Тэр юу юм бэ. Ер нь долдугаар сарын 1-нд хамгийн их хохирол амссан салбар цагдаа болж үлдэх шив дээ?

-Хоёр талтай л асуудал. Би энэ Д.Сандаг-Очирыг солих гэж байхад нь наадах чинь буруу гэдгийг хэлж байсан. Одоогийн түвшинд нийгмийн нөхцөл байдал, хэв журмын нөхцөл ийм байгаа тохиолдолд Д.Сандаг-Очироос өөр хийчих хүн байхгүй л дээ. Би Ч.Амарболдыг буцаагаад Цагдаагийн газрын дэд даргаар тавих гэж байхад нь тухайн үеийн засгийн удирдлагад хэлж л байсан. Ч.Амарболдыг цагдаад тавьж болохгүй дээ гэж.

-М.Энхболдод уу?

-Тийм гэсэн үг. Наад хүнээ та нар дуртай юмандаа тавь. Цагдаад л битгий тавь. Алдаа болно шүү гэсэн боловч зө­рөөд л тавьцгаасан. Тэгээд адаг сүүлд нь “долдугаар сарын 1”-ний гол ял Цагдаагийн байгууллага дээр, тэр үед толгойлж байсан Ч.Амарболд дээр унаж байх шив дээ. Харамсч л байна. Зөв удирдахгүй бол цагдаа өөрөө их эвгүй. Даргаа дагаад хуйлраад байдаг. Дарга нь дөлгөөн, асуудалд нуруугаа барьдаг элдэв улс төрийн хаялгатай юмнаас хол байдаг хүн байхаар тогтуун байдаг. Даргаар нь сэлэм эргүүлдэг хүн тавьчихаар ийш тийшээ дайвж ороод, дотроосоо элдэв асуудал үүсгээд байдаг. Жасрай гуайн үед цагдаа Засгийн толгой дээр гарчихсан байсан. Багабанди, Даш-Ёндон, Энэбиш нарын ойр дотнын хүмүүсийг ээлжлэн барьж хориод л. Үүний дараа цагдаагаар дэм­жүүлсэн эрүүгийнхэн нэг хэсэгтээ л төрийн толгой дээр суусан даа. Зарим нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гэрт тухалж, хуулийн сайдыг нь зүгээр л олны өмнө зодож уйлуулаад л, тэр нь Их тэнгэрт айлд хоног төрүүлж, зугтаагаад л. Миний 2000 онд хүлээж авсан цагдаа энэ. Эвгүй байгаа биз.
Намайг 2008 онд эргэн ирэхэд цагдаа, прокурорын хооронд зарлаагүй дайн дахин эхэлчихсэн байсан. Арай гэж намжаасан.

-Цагдаа хүн буудсан нь тог­тоогд­сон юм уу, тогтоогдоогүй юм уу. Хоёр янзын мэдээлэл хариуцла­гатай хүмүүсийн амнаас унаад үнэхээр толгой эргээд байна?

-Тэрийг би мэдэхгүй. Ер нь бол хуулийн хувьд нэг буруу юм болсон. Хүн буудагдлаа гэдэг асуудал үүсэн­гүүт хэргийн газрын үзлэг дээр проку­рорынхон, Галдаагийн толгойлдог мөрдөн байцаах албаныхантай очих байсан. Энэ чинь албан үүргээ гүйцэт­гэж байхдаа цагдаа, прокурор, шүүгч, АТГ-ынхан гэмт хэрэг үйлдвэл тэрийг шалгах зориулалттай байгуулсан байгууллага шүү дээ. Эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ажил дээр цагдаа ажилласан, тэр үед галт зэвсэг хэрэглэн, бас хүний амь хохирсон. Ийм нөхцөлд анхнаасаа цагдаа биш прокурор нь шалгаж эхлэх ёстой байсан. Үүн дээр алдаа гаргасан. Анх­наасаа хэрэг буруу мөрдөөд явчихаа­раа дараа дараачийнх нь буруу л явдаг. Тийм учраас л анхнаа­саа цагдаа буу хэрэглэсэн, хэрэглээгүй, жирийн хүн хэрэглэсэн, хэрэглээгүй, цагдаад байдаггүй сум, галт зэвсгээр буудсан, буудаагүй гээд бөөн маргаан болоод явчихсан. 1998 онд С.Зоригийн амь нас хохирсон хэрэг явдал байна. Хэр­гийн газрын анхны үзлэг зөв суурьтай явсан бол одоо ингээд 10 жил илрүүлж чадахгүй суухгүй байсан. Хэргийн газрын үзлэг дээр “бурхан багш ирсэн ч битгий оруул” гэж би цагдаагийнханд захидаг юм. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шинжээч орох ёстой.

-Сэтгүүлчид хүртэл орсон байдаг биз дээ?

-Тийм. 70-аад хүн ороод гарсан гэ­сэн тооцоо байдаг. Бас болоогүй шал­гаж дөнгөж эхэлтэл “Улс төрийн аллага” гэж зарлаад л тагнуул, цагдаа нар тус тусдаа ажлын хэсэг байгуу­лаад л. Ингэж буруу замаар будаа тээсэн дээ.

-”Долдугаар сарын 1 “ гэж хэн дуртай нь ашиглаж байдаг дуусаш­гүй хэрэг бий боллоо. Таван хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал. Нөгөө талд нь үүрэг гүйцэтгэж яваад эргэж буруудан зовлонд унаад байгаа цагдаагийн алба хаагчид. Цагдааг улс төр ашиглаж ашигла­чихаад эргээд золигт гаргасан гэж ч хэлж болмоор?

-Ер нь бол хуулийнханд заримдаа хэтэрхий хатуу хандаж байгаа нь үнэн. Энэ төрийн хамгийн хүнд ачааг хуу­лийн­хан үүрдэг. Хуулинханд 100 хувийн сэтгэл ханамжтай үлддэг үйлч­лүүлэгч гэж угаасаа энэ ертөнцөд байдаггүй. Сайн даа л 50:50 байдаг. Ялагдсан нь дандаа гомдолтой гардаг. Ялсан нь хүртэл гомдолтой гардаг. Тийм учраас хуулийн байгууллагын ажлыг хөндлөн­гийн этгээд үнэлэх ёсгүй юм. Одоо үнэ­лэгчид нь шүүгчдээсээ олон болчихоод байна. Шүүх шударга биш л гэнэ, цагдаа шударга биш л гэнэ. Тийм хатуу юм бариулчихаад, дургүй нь хүрвэл ташраар нь гудамжинд гаргаад байвал энд хүн тогтох уу. Дурын авгай очоод л цагдаа заамдаж байдаг.

-Энэ хэргийн эцэст цагдаагийн нүднээс ч гэсэн нулимс гарсан л гэж хэлэх гэсэн юм?


-396 цагдаа, онцгой байдлын цөөн хүн гэмтсэн тоо байдаг. Ерөнхийдөө бол хохирлыг хуулийг нь гаргуулаад өгдөг хэдэн төгрөгийг нь өгсөн л дөө. Авсан гэмтэл нь цаашдаа амь амьд­ралд нь ямар ул мөр үлдээхийг одоо таах арга байхгүй. Манайд бол их со­нин юм ажиглагдаад байгаа юм. Бараг л цагдаа хүн биш гэх юм ярьчих гээд байна аа даа. Бид ард түмэн учраас цагдааг зодох эрхтэй гэж ярьчих гээд байна ш дээ. Тийм юм байхгүй. Цагдаагийн албан хаагчид дотор олон хүн урттай богинотойн үлгэрээр бас болохгүй юм байдаг. Заримдаа осол гаргачих юм, Заримдаа эрүүлжигдсэн хүнийг харж хандахдаа анхааралгүй хандаж, алдаж эндчих юм.

-Хүн юм чинь алдаж болно. Гагцхүү өөрсдөө хүнийхээ хувьд хазайж хальтирна гэдгээ мэдэхгүй дэндүү увайгүйтдэг нөхдүүд ч байдаг. Шууд бусдыг мөрдсөөрөө түрий бариад гүтгэн гүжирддэг цаг­даагийн ажилтнууд ч бий. Тиймдээ ч нийгэмдээ хүндлэгдэж чаддаггүй. Зарим нь бүр шууд бие биенээ гүтгэж хорлодог юм билээ. Ийм улс сэжигтнийг гүжирдээд хэрэг тохох юу ч биш биз дээ?

-Хааяа хааяа алдаа эндэгдэл гараад зовлонтой үедээ зовлонтой ш дээ. Гэхдээ ерөнхий том массаараа бол цагдаа үүргээ гайгүй сайн биелүүлж байгаа. Яг чин үнэнийг хэлэхэд сүүлийн 20 жилд цагдаа шиг үүргээ сайн биелүүлж ажилласан байгууллага ховор байх. Ярилцлагаа дуусгах уу. Цаг болохоо байлаа.

-Ярилцлага хүссэн ч, эс хүссэн ч Энхбаяр гэсэн сэдэв рүү түлхүү­хэн яваад орчихлоо. Яах вэ?

-Тийм үү. Тэгвэл нэмээд ч хэдэн зүйл хэлье. Ер нь наад Энхбаяр чинь аман дээрээ “Надад албан тушаал хэрэггүй” гэх атлаа үнэн хэрэгтээ ямар ч үнээр хамаагүй түүндээ хүрч, дахин Мон­голын “эзэн” болохыг тэчъяадан мө­рөөдөж, юу ч хийхээс сийхгүй бол­сон байна. Чингэлтэйн тойрогт нэр дэвших гэж бөөн дажин дэгдээсэн. Тэр нь болоогүй болохоор Ардын намыг задлах гэж оролдоод бүтэлгүйтэхээрээ МАХН гэгч байхгүй намын “дарга” болчихоод, одоо “Их хуралдай” гэгчийг удирдаад, санхүүжилтийг нь зохицуу­лаад явж байна. Ингэж яваад дахин “эзэн” бол­чихвол “Би өөрөө хүсэхгүй байсан юм, даанч ард түмэн шаардаад болсонгүй” гэх ухааны юм ярина даа. Сая өөрөө зохион байгуулж хөөцөлдөж байгаад МАХН гэгчийн “дарга” болчихоод “На­майг ард түмэн улс төрөөс гаргахгүй юм байна” гэсэн тайлбарыг хээвнэг хэлнэ лээ.
Үнэнийг хэлэхэд, миний хувьд энэ ярилцлагыг өгөхөд тун амаргүй байлаа. Магадгүй амьдралдаа хийж буй хам­гийн хүнд ярилцлага энэ шүү. Хүний ёсоор бодоход. Гадаадын тагнуул бол­чихоод чиний ярилцлагад орж байхад хамаагүй амар байсан юм. Гэвч Энх­баяр нэгэнт Төрийн эрхийг хууль бу­саар авах, ард түмний шүүх бай­гуулж, хэлмэгдүүлэлт хийхээ ил тод, өдөр шөнөгүй зарлаж байгаа учраас ийм ярилцлага өгөхөөс өөр арга байсангүй.
1930-аад онд Германд ийм увайгүй явдал гаарч байхад төр засаг нь арчаагаа алдаж Гитлерийг Ерөнхий сайдаар томилсон. Тэр хүн 50 сая хүний цусаар гараа угаасныг дахин нэг санахад илүүдэхгүй.

-Тийм ээ. Та энэ удаа хатуухан ярилцлага өглөө. Цаашид юу болдог бол?

-Дэндүү ойлгомжтой. Миний муу­сайн “найз”-ууд дахин цугларч ТВ-9 телевиз, “Зууны мэдээ”-гээр хагас сар над руу дайрна. Нэр хүнд нь огцом унаж байгаа улстөрчдийг өрсөлдөгч­гүйгээр толгойлно. Энэ бол баараггүй.

-Хөгжилтэй юм аа, хагас сар дайраад байх даа яахав дээ?

-Үгүй тэгнэ ш дээ. Гадаадын тагнуул, тагнуулд явж байхдаа архи ууж бөөлжсөндөө хутгалдаж хэвтсэн, боловсролгүй, ааш муутай, бодлогогүй гээд л авч өгнө дөө. Боловсрол гэснээс ганц зүйл хэлчихье. Путин, Медведев, бид гурав чинь багш нэгтэй юм шүү дээ. Яахав дээ, над руу дайрч хэдэн төгрөг олдог бол буянаараа болог, үр хүүхэд нь нэг хоног болов ч цатгалан хоног. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг үг бий. Ямар ч дайрлага, дайралт ирсэн энэ улс орныг “Улс төрийн гяндан” болохгүйн төлөө эцсээ хүртэл үзэлцэх болно. Төр төвшин, түмэн олон эвтэй байвал бусад нь болно оо. Харийнхан үеийн үед бидний дотоод тэмцэл дээр дөрөөлж их гүрнийхээ сонирхлыг гүйцэтгүүлж ирсэн түүнийг мартаж болохгүй. Энхбаяртангуудаар эх орноосоо хөөлгөж, цаазаар авахуулах хүмүүсийн жагсаалтад орох хэрэг би лав хийгээгүй. Бусад ч нь ялгаагүй. Тэгэхээр надад айх юм алга даа.

Голдуу дургүй хүргэж, басхүү тасралтгүй хор малтах хэзээний хэгжүүн Нямдорж сайд ийн хэлээд босов. Болоогүй ээ, амандаа
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй Аав минь
Эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргээд олдохгүй Ээж минь ...ээ гэсэн үргэлж дуулдаг нөгөө “Аав ээж хоёр” дуугаа эвтэй ч юм шиг, эв­­гүй ч юм шиг, тэгсэн хэрнээ жиг­тэй­­­хэн танил хоолойгоор аялсаар арын өрөө рүүгээ явж оров. Харин би дотроо энэ хүнтэй хэд дэх ярилц­ла­гаа хийгээд гарч байгаагаа тоо­лох гэж оролдов. Бүү мэд. Дандаа л ийм байсан. Дандаа л ийм байдаг...