Monday, May 9, 2011

Хуучин төмөр зам Оросын экспортыг хүчрэхгүй

Ази, Хятад руу бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой Оросын металлын компаниудад тулгарч буй хамгийн бэрхшээлтэй асуудал нь Сибирь, Алс Дорнодын төмөр замын дэд бүтэц болоод байна. Бүс нутгийн төмөр замын хоёр гол сүлжээ болох “Тrans-Siberian”, “BAM” нь ачаа бараа тээвэрлэлт нэмэгдэхийн хэрээр ачааллаа даахгүйд хүрч буй ажээ. Хойд хөрш өөрийн худалдааны гол түнш, дэлхийн эдийн засгийн хоёр дахь тэргүүлэх гүрэн Хятад руу зэс, төмрийн хүдэр, нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр асуудал улам л дордсоор байна.

“Орос Хятадын хооронд цогц хэмжээний авто зам байхгүй учраас тээвэрлэлтэд төмөр зам ашиглаж таарна. Тиймээс төмөр замын чанарыг сайжруулах шаардлагатай. Өөр ямар ч сонголт байхгүй” гэж Гамбургт төвтэй “SCI Verkehr” олон улсын төмөр замын үйлчилгээний зөвлөх компанийн Гүйцэтгэх захирал Мариа Лийнин хэлжээ.

Төмөр замын Төрийн өмчийн компани “РЖД” Оросын төмөр замын сүлжээг шинэчлэх хэд хэдэн маш амбицтай төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн 16 тэрбум доллараар боссон хоёр дахь сүлжээ болох 4324 км-ийн урт бүхий “BAM”-ын төмөр замыг шинэчлэх асуудлыг ч бас хэлэлцжээ. Лийнин “Нэн тэргүүний ажил бол ашиглагдаж буй төмөр замаа сайжруулах юм. Оросын төмөр замын зүтгүүр хэт хуучирсан. Цаашид ашиглах боломж үнэхээр байхгүй. “РЖД” 2011-2013 онд 1250 шинэ зүтгүүр авахаар 3.74 тэрбум ам.доллар төсөвлөхөөр болсон ч арилжааны төлөвлөгөөг үнэндээ эхний тооцооноос бууруулсан юм” гэжээ.

Түүнчлэн 2009-2010 оны өвөл огцом хүйтэрсний улмаас төмөр зам сунаж, нүүрс болон бусад түүхий эдийн тээвэрлэлт хэдэн долоо хоногоор хойшлогджээ. Энэ үеэр боомтын ачилт бүрэн зогсч, давхар асуудал үүсч байсан юм.



Оросын металлын компаниуд Алс Дорнодод экспортод чиглэсэн уурхай, хайлуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах болсон нь төмөр замын даацыг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлж байна. Тэнд бизнесийнхэн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр Засгийн газрыг лоббидож байна.

“Ирэх арван жилд дэлхийн голлох аж үйлдвэрийн нөөцийн эрэлтийн гол эх үүсвэр нь Зүүн Азийн улс орнууд байна. Энэ нь Хятад, Япон, Солонгосоор эхэлж Энэтхэгээр үргэлжилнэ. Бизнес эрэлтийг бий болгож байна. Энэ нь Засгийн газрын эдийн засгийн өсөлтийн боломжийг баталгаажуулах зорилт юм. Тухайлбал бидэнд тээвэр, ложистикийн хүлээн зөвшөөрөгдөхүйц дэд бүтэц шаардлагатай” гэж Хөнгөн цагаан олборлолтын магнат RUSAL-ын Гүйцэтгэх захирал Олег Дерипаска ярьжээ.

Оросын төмөр замын бөглөрлийг арилгах бас нэг арга нь Хятадын хил дагуух төмөр замын гарцыг нэмэгдүүлэх явдал юм. Хонконгод бүртгэлтэй төмрийн хүдэр олборлогч “IRC” Хятадтай хиллэдэг Амур мөрний сав дахь хэд хэдэн уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани Амур мөрнийг дайруулан гүүр тавьж, 500 км-ийн алсад орших Хятадын ган хайлуулах үйлдвэр рүү төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Шинэ гүүр нь 3000 км үргэлжилсэн замын цорын ганц гарам нь болох юм. “IRC” одоогоор хүдрийн баяжмалаа “Гродеково” болон “Забайкалск” дахь төмөр замын гарцаар дамжуулан тээвэрлэж байна. Барилгын ажилд зөвшөөрөл олгоход жил гаруйн хугацаа орох ч “IRC” гүүр 2015 онд ашиглалтад орно гэж найдаж байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орвол төмрийн хүдрийн баяжмалын тээвэрлэлтийн зардлыг тонн тутамд 6-12 доллараар хэмнэх юм.

Орос, Хятадын хоорондох тээвэрлэлтийг өргөжүүлэхэд цар хүрээ, багтаамжийн хувьд асар их боломж байгаа ч ярвигтай асуудал олон байна. Оросын гаалийн албаны мэдээллээр 2010 онд хоёр улс хоорондын төмөр замын бараа эргэлт 50 хувиар өсч, 59 тэрбум ам.долларт хүрчээ.
2011 оны 5-р сарын 9

No comments:

Post a Comment