Monday, May 9, 2011

Инфляци буурсныг дэлхийн банк хүлээн зөвшөөрлөө

Нөөцийн мах инфляцийн өсөлтийг зогсоожээ
Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд сүүлийн жилүүдэд “Монгол Улсын Засгийн газрын бодлого инфляцийг 20-30 хувьд хүртэл хөөрөгдөх эрсдэл дагуулж байна. Нэн даруй бодлогын өөрчлөлт хийхгүй бол болохгүй” хэмээн манай төр, засгийнхныг “айлгах” нь түгээмэл үзэгдэл болсон. Гэтэл бодит байдал дээр инфляци өсөх бус буурч, сүүлийн хоёр сарын дотор 7-8 орчим хувьд хэлбэлзэж байгааг Үндэсний статистикийн хороо, Монголбанкныхан албан ёсоор мэдээлэв. Энэ үед ч донорууд өнөөх “20-30 хувь…” гэсэн том тоогоо хэлж, анхааруулсаар л байлаа. Нэг эдийн засагт дүн шинжилгээ хийж буй гадаад, дотоодын байгууллагууд өөр хоорондоо ийм эрс ялгаатай мэдээлэл хийж буй нь мэргэжлийн байгууллага хийгээд олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн юм. Зарим нь бүр “Гадныхан Монгол төрийн бодлогыг мушгиж, улстөрчдийн толгойг эргүүлэхийг санаархаж байна” гэсэн лут дүгнэлт хүртэл хийгээд амжсан. Хэвлэл, мэдээллийнхэн “Олон улсын шинжээчид инфляци өснө гээд байхад буурсан гэж худал мэдээллээ” хэмээн төв банкны хэдэн захирлыг бас нэлээд зэмлэсэн билээ. Тэгвэл Дэлхийн банкнаас улирал тутамд гаргадаг “Монголын эдийн засгийн тойм” судалгааны энэ удаагийн тайлан урьд, урьдынхаасаа арай өөр үр дүн харуулж байна. Тодруулбал, тэд Монголд инфляци өсөх бус буурч байгааг, буух буухдаа 7-8 хувь болтлоо буурсныг хүлээн зөвшөөрчээ.

Дэлхийн банкны судлаачид инфляци буурахад нөлөөлсөн хүчин зүйлийг “Засгийн газраас санхүүжүүлсэн нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнэ нь буурсан төдийгүй хэрэглээний үнийн өсөлтийг зогсоосон” хэмээн тайлбарласан байна. Гэхдээ инфляци буурсан гээд тайвширч болохгүй. Монгол Улсад гол нэрийн хүнсний бараа нийлүүлэгч Хятад, ОХУ зэрэг улсад хүнсний үнэ өссөөр байгаа нь цаашид эрсдэл дагуулж болзошгүй гэсэн анхааруулгыг мөн өгчээ.

Төсвийн ирээдүй гэрэлтэй ч эрсдэл өндөр
Хөгжлийн чиг хандлага болон төсвийн удирдлагын үүднээс авч үзвэл Монгол Улсын дунд хугацааны хэтийн төлөв сайн байна гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк хийсэн байна. Хамгийн гол нь өнгөрсөн онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, энэ хуулийн хэрэгжилтийг дэмжих нэгдсэн төсвийн тухай шинэ хуулийг батлах юм бол дунд хугацааны эрсдэлд өртөхгүй. Ингэснээр улсын төсөв эдийн засгийн мөчлөгөөс хамааралгүй болж, ашигт малтмалын баялаг ихтэй улс орнуудад ихэнхдээ тохиолддог макро эдийн засгийн “Голланд өвчнөөс” зайлсхийж чадна хэмээжээ. Гэхдээ энэ хуулийн үндсэн зарчим буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх төсвийн тэнцлийг 2013 он хүртэл хүчин төгөлдөр байлгаж чадахгүй бол дотоод болон гадаад эх үүсвэрээс үүдэлтэй томоохон эрсдэлүүдэд өртөж бас болзошгүй аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр төсвийн гүйцэтгэл сайжирсан хэвээр байна. Төсвийн тэнцэл өнгөрсөн оны гуравдугаар сард ДНБ-ий таван хувьтай тэнцүү алдагдалтай байсан бол энэ оны гуравдугаар сард ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарчээ. Энэ нь нийт эдийн засгийн хүрээнд болон импорт, ашигт малтмалын үнэд ч сэргэлт гарч байгааг харуулж байна. Төсвийн бодит орлого мэдэгдэхүйц сайжирч өнгөрсөн гуравдугаар сард өмнөх онтой харьцуулахад 56 хувиар өссөн байна. Энэ бол тун сайн үзүүлэлт. Гэхдээ энэ оны төсвийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж, 779 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52 хувиас илүү гарах хэмжээнд хүргэсэн нь тодорхой хэмжээний хүндрэл учруулж болзошгүй юм. Ялангуяа төсвийн алдагдлыг Тавантолгойн гэрээнээс орж ирэх тодорхой бус орлогоос санхүүжүүлэхээр болсон нь хүндрэлийн гол шалтгаан байх болно хэмээжээ. Учир нь энэ гэрээгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж чадахгүй тохиолдолд алдагдлын санхүүжилтийг бүхэлд нь дотоод зах зээлээс гаргах хэрэгтэй болно. Ялангуяа гадаад бонд гаргах таатай орчин бүрдээгүй байгаа нөхцөлд зээл шаардлагатай хувийн салбарынхныг “шахаанд оруулах” аюултай юм байна.

Хөдөлмөр эрхлэлтэд ахиц гарахгүй байна
Манай улсын эдийн засаг 2009 онд 1.3 хувиар буурсан бол 2010 онд 6.1 хувиар өссөн. Өнгөрсөн оны сүүлийн улиралд тээвэр, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг олон салбарт эдийн засгийн сэргэлт гарсан. Гэвч нийгмийн хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ажил эрхлэлт 2010 оны бүх улиралд агшилттай байв. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлт тухайн онд 17 хувиар буурсан дүн гарчээ. Албан бус хөдөлмөрийн зах зээлд энэ оны гуравдугаар сард явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар жирийн ажилчдын тоо буурсан бол барилгын салбарт ажиллагсдын тоо тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Энэ нь улирлын чанартай гэдэг нь ойлгомжтой.

Харин албан бус зах зээлийн ажилчдын бодит цалин энэ оны эхний улиралд дунджаар 18 орчим хувиар өссөн гэсэн таатай мэдээ байна. Өмнө бодит цалингийн хэмжээ буурч байсан нь өвлийн хүйтэн болон инфляцийн өсөлтийн үед ажил эрхлэх боломж буурсантай холбоотой аж. Энэ нөхцөл байдал цаг агаар дулаарч, инфляци тогтворжсоноор сайжирч байна. Хэдийгээр бодит цалингийн хэмжээ өсч байгаа ч төгрөгийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор хүмүүс авч буй цалингаараа хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа аж. Тухайлбал, дээрх судалгаанд хамрагдсан нийт хүний 40 орчим хувь нь “Олж буй орлогоороо наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй” хэмээсэн байна. Харин үлдсэн хэсэг болох нийгмийн эмзэг бүлгийнхний хувьд төрөөс олгож буй халамжийн мөнгөөр хоол хүнс, орон байрны зардлаа залгуулах төдийхнөөр амьдралаа аргацааж байгаа ажээ.

Ч.ДАШДЭЛЭ

No comments:

Post a Comment