Monday, May 9, 2011

ТАВАНТОЛГОЙ



Тавантолгойн орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт орших бөгөөд Цэций уулын баруун хойд ард Улааннуурын хөндийд байрладаг. Таван жижиг толгой хэлбэртэйгээр байршсанаас нь үүдэн Тавантолгой хэмээн нэршжээ. Аймгийн төв Даланзадгадаас зүүн тийш 98 км, Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд далайн түвшнээс дээш 1500-1830 метрийн өндөрлөгт оршино.

Энэхүү орд газар нь 80 мянган га газрыг хамрах бөгөөд 1.5 тэрбум тонн коксжих болон эрчим хүчний батлагдсан, 4.9 тэрбум тонн олборлох боломжит нөөц бүхий стратегийн ач холбогдол бүхий орд газар юм.

Монголын төр эрсдэлийг нь хариуцан, эрэл хайгуулын ажил хийж, монгол геологчдын гараар нээгдсэн орд гэдгээрээ Оюутолгойгоос онцлог юм. Тавантолгойн орд дээр хэд хэдэн үе шаттай судалгааны ажлууд хийгдэж байжээ. Зөвхөн 1980-1990 оны хооронд геологи хайгуулын 20 гаруй иж бүрэн судалгаа хийгдсэн байдаг. Оросын Ленинградын Гипрошахтын хүрээлэн иж бүрэн ТЭЗҮ-г нь хийсэн. Дараа нь 1998-1999 онд тухайн үеийн Түлш эрчим хүчний яамны захиалгаар канадууд ТЭЗҮ хийсэн байна. 2009 онд “Эрдэнэс МГЛ”-ын захиалгаар Канадын “Норвест” компани ордын үнэлгээг хэсэгчлэн хийж, улмаар Цанхийн зүүн хэсгээс жилдээ 15 сая орчим тонн нүүрс олборлох ТЭЗҮ боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өргөн мэдүүлсэн байдаг. Энэ ордын хамгийн сайн судлагдсан хэсэг нь Цанхийн гол хэсэг. Зүүн хэсгийн Бортолгойд нэмэлт хайгуул хийх ёстой гэдэг.

Нийт нөөц нь 6.420 тэрбум тонн бөгөөд үүний 1.781 тэрбум тонн нь коксжих, 4.639 тонн нь эрчим хүчний нүүрс. Гэхдээ ЖОРК-ийн аргачлалаар нөөцийг тооцвол одоогийнхоос нэмэгдэх магадлалтай гэж үздэг. Чанарын үзүүлэлтийн хувьд коксжих нүүрсний илчлэг нь 6500-7500 ккал/кг, эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг ба чийглэг 8,5 хувь, үнслэг нь 10-33,3 хувь, дэгдэмхий бодисын агуулга 22,0-34,1 хувь юм байна.

Ордын геологийн судалгааны хувьд эрэл үнэлгээний ажлаар ордын бүх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нүүрсний давхаргын хамгийн гүн хэсэгт 635 м хүртэл судалсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигүүр буюу Баруун өмнөд ба Цанхийн ордын хэмжээнд 40м2 талбайд 320-340 м-ийн гүнтэй судалсан байдаг. Тавантолгой нүүрсний ордын нүүрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9 м зузаантай нүүрсний 16 давхаргаас бүрдэнэ. Энэхүү 16 давхаргаас ач холбогдол бүхий давхарга нь 0, III, IV абв ба IX абвг гэсэн давхаргууд юм.

Тавантолгойн коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээрээ эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу байна. Мөн энэ хэсгийн ашиглалтын уул геологийн нөхцөл энгийн, нүүрсний давхарга нь бага гүнд тогтсон, унал бага учир хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага. Тавантолгойн нөөцийн IV хэсгийн пласт нь ордын төвд бөгөөд нөхцөл нь хамгийн сайн. Нөөцийн хувьд ч 100-гаас дээш жил ашиглах боломжтой юм.

Энэ орд дээр 1966 оноос эхлэн ил уурхай байгуулж, ойролцоох аймаг, сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн нь одоогийн “Тавантолгой” ХК юм. Ер нь 1950-иад оноос хойш Монголын төр энэ орд газарт эрэл хайгуулын ажил идэвхтэй хийж, нүүрсний томоохон нөөцтэйг тогтоосон бөгөөд 1970-аад оноос хойш ашиглах талаар анхаарах болжээ. Тухайн үед Монголын Засгийн газар Румын, Хойд Солонгосын Засгийн газар гэх мэт олон газарт хандаж, хамтарч ашиглах санал тавьж байсан ч нүүрсний ханш өнөөгийнх шиг өндөр байгаагүй, дэд бүтэц хөгжөөгүй, хөрш орны зах зээл бий болоогүй зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч, Тавантолгойг ашиглах төсөл явж өгсөнгүй.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уг орд газрын лизензийг алдарт BHP авчээ. Гэсэн ч эдийн засгийн үр ашиггүй гэж үзээд жилийн дараа лицензийг буцаасан юм. Буцаагдсан лицензийг дотоодын хөрөнгө оруулагчид хуулийн дагуу авч, лицензийн төлбөрийг төлөн тодорхой хэмжээнд ТЭЗҮ, төсөл хийж байжээ. Тавантолгой ордын төслийн үндэсний консорциумын бүрэлдэхүүнд багтдаг компаниуд лицензийг төрд буцааж өгөхдөө гаргасан зардлаа мөнгөөр биш, тодорхой хэмжээний газрыг Тавантолгой ордын хажууд эзэмших маягаар авъя гэсэн санал тавьсныг Монголын Засгийн газар зөвшөөрсөн нь одоогийн Ухаахудагийн орд газар юм.

Тавантолгойд “Эрдэнэс МГЛ” компани 68 мянган га талбай бүхий таван лиценз, “Энержи ресурс” ХК 4000 га талбайтай Ухаахудагийн лиценз, Өмнөговийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Дайцику” ХК нийлээд 270 га талбайн ашиглалтын лицензийг эзэмшдэг.

No comments:

Post a Comment