Sunday, May 8, 2011

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Эрдэнэс Тавантолгой”-г хоёр биржид арилжина

2011 оны 5-р сарын 6
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Эрдэнэс Тавантолгой”-г хоёр биржид арилжина
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны талаар ярилцлаа.

-Иргэдийн хувьцаагаа арилжах эрх хаагдмал байгаа. Хэзээнээс борлуулах, арилжих эрхийг нээх вэ?

-Ард иргэдэд олгож буй давуу эрхийн хувьцаа хязгаарлагдмал эрхтэй байгаа. Дараа нь хөрвүүлж чөлөөтэй арилжаалах боломж олгоно. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ийм шийд гаргалаа. 30 орчим хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаас болгож гаргана. Одоохондоо ажил төлөвлөсөн ёсоор явж байна. Цаг үеийн байдал, орчин нөхцөл найдлага төрүүлж байна.

Гол ашиг нь нэгдүгээрт, иргэн хүн өөрт ногдсон хувьцааг зараад мөнгө болгож болно. Хоёрдугаарт, өөртөө хадгалж, ажил амьдралдаа нэмэрлэж болно. Бас нэмж худалдаж аваад хөрөнгө оруулалт хийх зэргээр эргэлтэд оруулж сурах хэрэгтэй.

-Хувьцаагаа арилжиж олсон ашгаа Засгийн газар хэрхэн зарцуулах вэ?

-Уурхайгаа байгуулж, хөгжүүлэхэд зориулна. Монголынхоо хөгжилд зарцуулах төсөл хэрэгжиж байна. Энэ бол олон улсын сонгодог арга зам.

-Хөрөнгийн биржүүд манайд нэлээд нааштай хандаж буй гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Хувьцаагаа хоёр биржид зэрэг арилжина. Бэлтгэл ажил байна. Нэг баяртай зүйл хэлэхэд, Лондонгийн хөрөнгийн бирж дэлхийн хамгийн ахмад туршлагатай нь. Хонконгийн хөрөнгийн бирж манайд тусгай нөхцөл үзүүлэхээр болсон. Манайд Тавантолгойн хувьцаа маш их эрэлттэй байгаа нь хувьцаагаа хамтран, амжилттай гаргахад итгэл төрүүлж байна гэсэн.

Хонконгийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч манай улсад ирэх үеэрээ “Танай улсад тусгай нөхцөл үзүүлье. Хатуу журам дүрмээ мөрдөхгүй, уян хатан байна. Монголыг урьж байна” гэж хэлсэн. Лондонгийн хөрөнгийн биржийн тухайд тэдний топ 500 компанийн жагсаалт байдаг. Тэр жагсаалтад орсон компанийн хувьцааг дэлхийн хаана ч авдаг. Танайхыг тэр жагсаалтад оруулна гэж тэд бас амласан.

-Хөрөнгийн бирж “Тавантолгой” хувьцааны үнийг хөөргөдсөн гэж ярьсан. Ийм юм байж болох уу?

-Жижиг “Тавантолгой” хувьцаа нэг сая дөрвөн зуун мянгад хүрсэн. Энэ бол бодит үнэ биш. Өнөөдөр дэлхийд ийм өндөр ханштай хувьцаа байхгүй. Хувьцааны үнийг дээшлүүлэхийн тулд цөөн хувьцааг зориуд хөрөнгө гаргаж хувь эзэмшигчид өөрсдөө авдаг.

Ц.Мягмарбаяр

No comments:

Post a Comment