Friday, April 15, 2011

Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн төсөл боловсрогдоод дөрвөн жил болжээ

Манай улсын хөрөнгийн зах зээл дээр гадны хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Ихэнх нь хувь хүний статустайгаар арилжаанд оролцдог гэнэ. Тиймээс тоог нь нарийн хэлэх боломжгүй аж. Харин хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдвал эдгээр сангууд албан ёсоор бүртгүүлж, хуулийн дагу үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдэх юм байна. Тэдний үйл ажиллагаа нээлттэй болвол иргэдэд ч хэрэгтэй. Жирийн иргэдийг хөрөнгийн зах зээлд хөтлөх үүргээ биелүүлэх болможтой аж. Боловсрогдсон байгаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг гадаадын зөвлөхүүд их нарийн зохицуулалттай гэж шүүмжилдэг гэнэ. Харин мэргэжилтнүүдийн хувьд нарийн байх тусмаа сайн гэж үздэг юм билээ. Хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан Голланд улсад 230 жилийн өмнө байгуулагдаж байжээ. Эвтэй бол хүчтэй нэртэйгээр байгуулагдаж байж. Сангийн үндсэн зорилго нь олон жижиг хөрөнгө оруулагч нийлж нэгдсэн сан үүсгэн хөрөнгийн зэх зээл дээр хөрөнгө оруулахад чиглэж байжээ. Хөрөнгө оруулалтын сан нь иргэд, байгууллагын мөнгөн хөрөнгийг нэгтгэн сан бүрдүүлдэг. Нэгтгэсэн мөнгөөрөө үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, худалдах зэргээр хөрөнгө оруулатын үйл ажиллагаа эрхэлдэг аж. Энэ мөнгийг зөв хөрөнгө оруулалтад зарж өсгөх ажлыг мэргэжлийн менежерүүд хийдэг. Менежер нь ихэнх тохиолдолд хөрөнгийн зах зээл дээр цөөнгүй жил ажилласан дилер, банкирууд байх нь бий. Олон улсын жишгээс үзэхэд сүүлийн арван жилд хөрөнгө оруулалтын сангуудын өгөөж хадгаламжийн хүүгээс 20 орчим хувиар илүү байгааг нотолдог. Хөрөнгө оруулалтын сан хаалттай, нээлттэй гэсэн хоёр төрөл байдаг. Нээлттэй сангийн хувьд иргэд хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийж болдог аж. Бас хэрэгцээ гарсан үедээ дуртай цагтаа оруулсан хөрөнгөө татаж авах боломжтой. Хаалттай сангийн тухайд үйл ажиллагаа явуулах тодорхой хугацаатай байдаг. Хөрөнгө оруулагчдынх нь тоо ч хязгаартай. Сангаас хүссэн үедээ гарах боломжгүй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол эдийн засаг, санхүү, бизнес, маркетинг зэрэг салбаруудын өндөр мэдлэгтэй байх учиртай. Тэр утгаараа хөрөнгө оруулалтын сайн менежер болоход чамгүй цаг хугацаа шаарддаг онцлогтой. Энэ сангийн давуу тал нь чадварлаг менежерүүд удирддаг учир эрсдэл нь бага. Гэхдээ сайн ажиллах чадварлаг менежер цөөн, тэдний суурьшилтай удаан ажиллах магадлал бага гэсэн сул талууд ч бий.

No comments:

Post a Comment