Thursday, April 14, 2011

Газрын тос

Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар үндсэн үйл ажиллагааны чиглэл бүрээр танилцуулгад тусгав. Үүнд:

1. Газрын тосны хайгуул, олборлолтын ажлын тухай.
  • БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК-ийн үйл ажиллагааны тухай
  • БНХАУ-ын "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн үйл ажиллагааны тухай
  • БХГ байгуулсан бусад компаниудын үйл ажиллагааны явц байдлын тухай
  • Шинээр байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн тухай
2. Газрын тосны бүтээгдэхүүнтэй (ГТБ) холбоотой үйл ажиллагааны тухай.
  • ГТБ-ний эрх зүйн орчин, техник технологийн талаар
  • ГТБ-ний чанарын хяналт, боловсруулах үйлдвэрийн тухай
  • ГТБ-ний хангамж, үнийн талаар
  • Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний тухай
  • Гуравдагч орноос газрын тос импортлох, түүнийг боловсруулах арга хэмжээний тухай
3. Цаашид авах арга хэмжээний тухай
Газрын тосны хайгуул, олборлолтын ажлын тухай.
1991 онд Монгол Улсын Газрын тосны тухай хууль батлагдаж, “Газрын тос” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр газрын тосны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх эрх зүйн орчин бүрэлдсэн билээ. Энэ үеэс Монгол орны газрын тосны хайгуул, судалгааны ажил дахин сэргэж Английн Бритиш Петролеум, АНУ-ын Вестерн Жеофизикал, Филиппс Петролеум, Оросын Сибнефтегеофизика зэрэг компаниуд хүндийн хүч, соронзон хайгуулын өмнөх судалгааны материалыг дахин боловсруулсанаас гадна геофизик, литологи, петрофизик, геохими, шим бодисын судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Судалгааны үр дүнд газрын тос хуримтлагдсан болон хуримтлагдсан байх төлөвтэй мезозойн тунамал хурдаст 13 томоохон сав газар, 50 орчим дэд сав газрыг ялгасан юм. 1990 - 1991 онд эдгээр сав газрын хүрээнд газрын тосны хайгуулын (ГТХ) 22 талбай, 2001 онд нэмж ГТХ-ын 2 талбай, 2005 онд нүүрсний метан хийн хайгуулын 1 талбайг тус тус ялгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон улсын нээлттэй тендер зарласнаар Монгол Улсыг газрын тосны хайгуулын ажиллагаа дахин сэргэж эхэлсэн юм.
Монгол Улсад газрын тосны олборлолтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу явуулж байна.
БХГ-ний үндсэн зарчим нь Гэрээлэгч компаниуд газрын тосны үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтаа өөрсдөө 100 % гаргаж, эрсдэлээ бүрэн хариуцдаг ба хэрэв тос олж, олборлосон тохиолдолд байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр (роялти) Монгол Улсын Засгийн газарт төлдөг. Үлдсэн тосны 40 хүртлэх хувийг Гэрээлэгч хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа нөхөх, түүнээс үлдсэн тосыг МУ-ын Засгийн газартай БХГ-нд тохирсон нөхцлөөр хоногийн олборлолтын хэмжээнээс хамааруулж хувааж авдаг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БХГ-нд тусгагдсанаар МУ-ын ЗГ-т ногдох хувь 40-н хувиас эхлээд хоногийн олборлолтын хэмжээ нэмэгдэх тутам 60 хүртэл хувь өсөх юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй болон шинээр байгуулагдаж буй БХГ-нд тусгагдсан роялтийн дундаж 9,4 хувь байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай дараах долоон компани хайгуулын 10 талбайд Газрын тосны газар (ГТГ)-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-г байгуулан газрын тостой холбогдсон үйл явуулж байна.
1. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг (Монгол)” компани хайгуулын Тосон Уул-XIX, Тамсаг-XXI, Буйр-XXII гурван талбайд,
2. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен Газрын тос (Монгол)” компани Дорноговь аймгийн нутагт орших Цагаан Элс-XIII болон Зүүнбаян-XIY хайгуулын талбайн зарим хэсэгт буюу 1997 гэрээт талбайд,
3. Канадын хөрөнгө оруулалттай “Шэйман” ХХК хайгуулын Нялга-XVI талбайд,
4. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна Голден Сий Петролиум” хайгуулын Тариач-XV талбайд,
5. Кеймэн арлуудад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай "Петро Матад" ХХК хайгуулын Матад-XХ талбайд,
6. Швейцарын хөрөнгө оруулалттай "DWM Petroleum AG" компани Цагаан Элс–XIII, Зүүнбаян-XIV талбайнуудад,
7. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зон Хэн Юү Тан" ХХК-иуд Галба-XI талбайд.
Монгол улсад газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлсэн ба 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 3,1 сая баррель тос олборлож, экспортлоод байна. Туршилтын олборлолт явуулж дээрх компаниуд олборлосон түүхий тосоо Зүүнбаян, Цагаан Элсний ордоос төмөр замаар, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Тосон Уулын ордоос түүхий тос тээвэрлэх тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэн БНХАУ-д экспортлож байна.
Манай орны газрын тосны салбарт хийсэн газрын тосны олборлолтыг бүхэлд нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК, Доншен Газрын тос (Монгол) компаниуд гүйцэтгэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2009 онд 1 сая 700 мян. баррель түүхий тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ /БХГ/-ний дагуу Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутагт орших Тосон Уул-XIX, Буйр-XXII, Тамсаг-XXI талбайд газрын тосны хайгуул, туршилтын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг (Монгол) ХХК нь 2010 оноос БХГ-ний дагуу газрын тосны үр ашигтай нээлт зарлаж, үйлдвэрлэлийн олборлолт эхлүүлэх гэж байна.
Үүнтэй холбогдуулан тус компани нь 2010-2015 оны түүхий тосны олборлолтын урьдчилсан хэтийн төлвөө манай газарт ирүүлсэн ба 2010 онд 420 мян. тонн (2,4 сая баррель), оргил үедээ буюу 2013 онд 1,23 сая тонн (9,2 сая) түүхий тос Тосон Уул-XIX, Тамсаг-XXI талбайнуудаас олборлохоор төлөвлөж байна.
ЭБЭХЯ

No comments:

Post a Comment