Улс төрийн тойм (2011-04-15) | ![]() |
- Өнөөгийн Монголын эдийн засгийн байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
- Монгол Улс түүхэн өөрчлөлтийн замыг туулж байна. Дэлхий даяар болсон санхүүгийн хямралыг амжилттай давсан танай улс дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засгуудын нэг болж байна. Монголын Засгийн газрын зүгээс явуулж байгаа бодлогыг цагаа олсон, үр дүнтэй ажил болжээ гэж их өндрөөр үнэлж байгаа. Уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлж бизнес эрхлэлтийн орчинг сайжруулж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээхэн татаж байна. Тэдгээр хөрөнгө оруулагчид болон би өөрөө Монголын улс төрийн нөхцөл байдал тогтвортой, эдийн засаг нь өсөлттэй байна гэдэгт итгэдэг, тиймээс бизнес эрхлэхэд таатай орчин бүрдсэн гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд ч үүнийг баталж байна. Танай улсын эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувь байсан бол ам долларын тоон дүнгээр 44 хувь өссөн байна. Гадаад шууд хөрөнгө оруулалт 1.5 тэрбум төгрөг болж түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрч, экспортын хэмжээ 54 хувиар нэмэгдсэн байна. Мөн төгрөгийн ханш 13 хувиар чангарсан байна. Дэлхийн эдийн засгийн эерэг өөрч-лөлтүүд, тэр тусмаа Монгол улсын гадаад худалдааны том түншүүдийн эдийн засаг сэргэлттэй байгаа нь Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх, гол экспортын нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийг өсгөх зэргээр эерэгээр нөлөөлж байна.
- Таны бодлоор 2011 онд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байх бол?
- Би Монголын эдийн засгийг маш эерэгээр харж байгаа. Манай компанийн шинжээчид Монголын эдийн засгийг 2011 онд 10 хүртэл хувиар өсч дэлхийн хамгийн өндөр өсөлт бүхий эдийн засагтай улс болно гэж таамаглаж байна. Үгүй гэхэд эхний гуравт орох болов уу. “Оюу Толгой” ХХК-ийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, Таван Толгойн уурхайн олборлолт, түүнчлэн төрөл бүрийн салбарт өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтууд нь эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь байх болно гэж бид үзэж байна. Мөн Монгол иргэдийн орлого ихээхэн хэмжээгээр өсөх төлөвтэй байгаа. Засгийн газрын өсөн нэмэгдэж буй зардал нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.
- Монголын хөрөнгийн зах зээлийг 2010 онд бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. Хэдийгээр өсөлт ажиглагдаж байгаа ч манай хөрөнгийн зах зээлд шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Таны бодлоор Монголчууд хувьцаанд хөрөнгө оруулах хэрэгтэй юу?
- Үнэхээр Монголын хөрөнгийн зах зээл 2010 онд маш сайн өсөж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээл болсон. Монголын хөрөнгийн бирж (МХБ) дээр бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 2010 онд 2.5 дахин өсөж 1 тэрбум гаруй долларт хүрсэн бөгөөд МХБ-ийн Топ 20-ийн индекс 138 хувь өссөн.Таны асуултад тийм, Монголчууд дотоодын хувьцаануудад хөрөнгө оруулах хэрэгтэй гэж хариулмаар байна. Учир нь хувьцааны зах зээл ирээдүйд өсөх ихээхэн боломж байна. Гэхдээ хүмүүс эрсдэлийн талаар мартаж болохгүй. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээл сул хөгжсөн байгаа бөгөөд зах зээлд орж ирж буй жижиг хөрөнгө оруулагчдад энэ чиглэлийн туршлага дутмаг байна.
- Лондоны хөрөнгийн бирж (ЛХБ) болон Монголын хөрөнгийн биржийн түншлэлийн талаарх таны байр суурь?
- Лондон болон Монголын Хөрөнгийн биржийн түншлэл нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам юм. Монголын Хөрөнгийн биржийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн зах зээл болгон хөгжүүлэхэд ЛХБ нь тохирох түнш гэж үзэж байна. Энэхүү түншлэл нь Монголын хөрөнгийн биржийг дотоодын компаниудын хувьд хөрөнгө босгох таатай эх үүсвэр болгож, ашигт малтмалаас орж ирсэн баялгийг Монголын иргэдэд хуваарилах оновчтой арга хэрэгсэл болгон хөгжүүлэхэд тустай юм. Урт хугацаанд ЛХБ нь МХБ-ийг хөрш зэргэлдээ орны ашигт малтмалын компаниуд хувьцаагаа бүртгүүлж, хөрөнгө босгодог бүс нутгийн санхүүгийн төв болон хөгжихөд дэмжлэг үзүүлж болох юм. Монгол Улс нь олон улсын хөрөнгө оруулагчдын “газрын зураг” дээр баттай гарч ирнэ гэдэгт би итгэж байна.
-Засгийн Газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр болсныг та юу гэж үзэж байгаа вэ?
-Засгийн газрын санаачилгыг би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болж байгаа бөгөөд Монголын баялгийн тодорхой хувийг шууд эзэмшиж буйгаа мэдэж, мэдрэх болно. Иргэдэд хувьцаа тараах болсон нь Монгол Улсыг хувьцаа эзэмшигч үндэстэн болгож байна.
-”Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дотоодын болон олон улсын зах зээл дээр арилжаалах тухай ярьж байна. Та ямар бирж дээр арилжаалах нь зүйтэй гэж бодож байна?
-Би “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит компаниудын хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэх нь дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн шилдэг арга гэж үзэж байна. Мэдээж олон улсын санхүүгийн зах зээл дээрх боломжуудыг анхаарах хэрэгтэй боловч дотоодын хөрөнгийн биржийг орхигдуулж болохгүй. Global Depositary Receipt буюу олон улсын хадгалалтын сертификат хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглах нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Лондон болон Хонконгийн Хөрөнгийн биржүүд дээр бүртгүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тэгэхдээ үндсэн бүртгэ-лийг Монголын Хөрөнгийн бирж дээр байлгах нь маш чухал. Гол бүртгэл дотоодын бирж дээр байх нь энэ компанийг Монголын үндэсний аварга компани болгоно.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн ач холбогдол юу вэ?
-Бусад оронд ажиллаж байсан туршлагаасаа харахад дотоодын зах зээл дээр IPO хийх нь дотоодын хөрөнгө оруулагчдад давуу тал бий болгож тэдэнд баялгийг бүтээдэг. Ингэснээр шууд болон шууд бусаар хөрөнгийн зах зээлийн идэвх нэ-мэгдэж бусад хөрөнгө оруулалтын банк, брокер, даатгал, сангийн удирдлага зэрэг бусад санхүүгийн үйлчилгээний салбарууд дагаад хөгждөг. Энэ нь шинэ оюуны чадавх шаардсан ажлын байрууд болон ур чадвар сайтай оюунлаг ажиллах хүчнийг бий болгоно. Хамгийн гол нь дотоодын компаниудад санхүүгийн хямд эх үүсвэр бий болгох юм.
No comments:
Post a Comment