Friday, April 15, 2011

Нэр хүнд өсгөх 8 тэрбум ба 537 хувьцаа

Тавантолгой ордын нөөцийг олон улсад мөрдөгдөж буй стандартын дагуу шинэчлэн, тогтоох тухай яригдаж ирэв. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум ширхэг хувьцааны 29 хувийг Олон улсын бирж дээр гаргахаар бэлтгэл ажлуудаа шат дараатай хангах учиртай манай талд чухал сэдэв. 536 ширхэг дээр нэмээд нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшиж, цаашлаад ногдол ашиг хүртээд явах магадлалтай болсон иргэн танд ч хамааралтай яриа юм. Өдгөө 6.4 тэрбум тонн гэгдэж буй нөөцийг Австралийн Жорк стандартаар шинэчлэн тогтооход 8 тэрбумд хүрэх төлөвтэй гэж байгаа ч, үнэндээ тэр өсөлт ашиглалтын шатанд чанарын ялгаа авчрахгүй гэсэн үгсийг геологичид хэлж байгаа.

Гэхдээ Эрдэнэс Тавантолгой компани олон улсын биржүүд дээр IPO хийх гэж буй тул Жорк стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэх нь зайлшгүй чухал юм. Ерөнхийдөө топ биржүүд дээр хувьцаа гаргахыг хүсч буй компанийн санхүүгийн тайлан, ашиг орлого, ажилласан хугацаа, эргэлтийн хөрөнгө, зах зээлийн үнэлгээ, арилжаалсан хувьцааны хэмжээ, удирдлага гэхчлэн бүх зүйл тодорхой байх ёстойгоос гадна, ашигт малтмалын тухайд онцлог бий.



Учир нь ашигт малтмалын үнэ цэнэ газар дор байхдаа бус, олборлолт хийсний дараа, хэд хэдэн шат дамжлагыг туулсаны эцэст тодорхой болдог. Тэрчлэн эрсдэл дагуулсан барьцаа гэж болох юм. Тиймээс Олон улсын санхүүгийн хянах байгууллагууд төсөлд хөрөнгө оруулахдаа хэд хэдэн баталгааг шаарддаг. Жорк ба NI 43-101 стандарт, журам нь үүний суурь стандартууд болдог байна.

Тэгэхээр ”Дойче” ”Голдман сакс” гэсэн дэлхийд нэртэй хөрөнгө оруулалтын банкууд хувьцаа гаргахад, хувьцааны нэрлэсэн үнийг тогтооход зөвлөхөөр ажиллахаас гадна, дээрх журам стандартын дагуу нөөцөө тогтоосон эсэх нь хувьцаа гаргахад мөн нөлөөлнө. ТӨХ-ны дарга Д.Сугар Эрдэнэс Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ гэж байгаа ч, хувьцааны ханш бирж дээр хэдэд ч хүрч болзошгүй.

Ер нь ямар ч компани олон улсын хөрөнгийн бирж дээр хайгуулын болон ашиглалтын төсөлтэй гарч буй бол бүх төрлийн ажлаа мэргэжлийн компаниудаар олон улсын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх ёстой. Тухайлбал, Тавантолгой ордын Ухаа худагаас олборлолт хийж буй “Энержи Ресурс” компани тэр жишгийн дагуу ажиллаж, Монголын үндэсний компаниудаас анх удаа өнгөрөгч оны аравдугаар сарын 13-ны өдөр Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан. 7.02 хонгконг долларын үнэтэйгээр зах зээлд гарсан тус компанийн хувьцаа, эхний өдрийн арилжааг 4,7 хувийн өсөлттэй хааж байв.

Өнөөдрийн тухайд 975 дугаартай хувьцааны ханш 10.02-10.16 хонгконг долларын хооронд хэлбэлзэж байна. Тэгвэл өнөөдөр 1 хонгконг доллар 159 монгол төгрөгтэй тэнцүү байна. Тэгэхээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр ММС буюу “Mongolian Mining Corp” гэх нэрээр бүртгүүлсэн тус компанийн нэг ширхэг хувьцаа 1590 төгрөгтэй тэнцээд байна. Ер нь тус компанийн хувьцаа 10 хонгконг доллараас буухгүй байгаа юм. Тавантолгойн ордын нийт талбайн 4 хувь буюу Ухаа худаг коксжих нүүрсний ордод 2962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эл компанийн хувьцаа ийм үнэтэй байхад, ордыг бүхэлд нь эргэлтэд оруулах Эрдэнэс Тавантолгойн хувьцаа 20 ам.долларт хүрэхэд гайхах зүйлгүй юм. Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч хэн байх вэ гэдгээс, гэрийн үйлчлэгч буюу оператороор хэн тодрох вэ гэдгээс, ордын нүүрсийг зөөх зам, дэд бүтцэд хэн хөрөнгө оруулж, барьж байгуулах вэ гэдгээс бүгдээс нь хувьцааны ханш хамааралтай байх юм. Мэдээж Лондонгийн биржийн түншлэл ч ээлээ өгнө. Ер нь бол дотоодын зах зээл дээр IPO хийх нь дотоодын хөрөнгө оруулагчдад давуу тал бий болгож тэдэнд баялгийг бүтээж, шууд болон шууд бусаар хөрөнгийн зах зээлийн идэвх нэмэгдэж бусад хөрөнгө оруулалтын банк, брокер, даатгал, сангийн удирдлага зэрэг бусад санхүүгийн үйлчилгээний салбарууд дагаад хөгждөг, дотоодын компаниудад санхүүгийн хямд эх үүсвэр бий болгодог гэдгийг хэлэх гадаадын мэргэжилтэн бий. Тэгэхээр Лондон-Торонтогийн нэгдэлтэй хамтрах 3 жилд дотоодын биржээ хөл дээр нь бүрэн босгож авахтай зэрэгцээд Эрдэнэс Тавантолгойн хувьцаа олон улсын бирж дээр гарна.

Гол нь манай тал бүх шаардлагыг бүрэн дүүрэн хангасан байх ёстой. Дээр дурдсанчлан нөөцийн тооцоог мэргэшсэн мэргэжилтэн буюу мэргэшсэн компани 43-101, JORC-ийн шаардлагын дагуу бичиж тайлангийн үнэмшил, чанарыг нь мэргэшсэн мэргэжилтэн бүрэн хариуцаж тухайн биржийн дүрмийн дагуу ордын тухай мэдээллийг бирж дээр гаргадаг олон улсад мөрдөгдөж буй жишгийг дагах болж байна. Мэргэшсэн мэргэжилтэн оролцоогүй бол Олон улсын хөрөнгийн бирж дээр төсөл гарах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тус ордын Цанхийн хэсэг, Ухаахудаг, Бортолгой гэхчлэн хэсэг хэсгээр нь эрэл үнэлгээний, урьдчилсан хайгуулын, нарийвчилсан хайгуулын ажлуудыг олон үе шаттайгаар хийж ирсэн нь бодит нөөцийн талаар зөрүүтэй тоонууд яригдахад нөлөөлж байгааг ч хэлж байна.

Энэ ордод өмнө нь судалгааны ажлууд олон хийгдсэн. 1980-1990 онд геологи хайгуулын 20 гаруй иж бүрэн судалгаа хийгдсэн бол 90 оноос хойш Оросууд дахин ТЭЗҮ хийж байж. 98, 99 онуудад тухайн үеийн яамны захиалгаар Канадууд ТЭЗҮ хийж өгсний дараа “Энержи ресурс” ч судалгаа болоод ТЭЗҮ хийж байв. Харин 2009 онд “Эрдэнэс МГЛ”-ийн захиалгаар Канадын “Норвест” корпораци ордын үнэлгээг хэсэгчлэн хийж, улмаар Цанхийн зүүн хэсгээс жилдээ 15 сая орчим тонн нүүрс олборлох ТЭЗҮ-г боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өргөн мэдүүлсэн байдаг.

Нөөц нэмэгдлээ гэхэд ашиглалтын шатанд чанарын ялгаа гарахгүй гэгдэж буй талаар дээр өгүүлсэн. Тодруулж хэлбэл, нөөцийг тогтоохдоо ордын нүүрсний үеүдийг хэрхэн тооцож бодож байгаагаас шалтгаалан тоон дүн гардаг бөгөөд өмнө нь нүүрсний 2 метрийн зузаантай үеүдийг тооцоонд оруулсан байсан бол Канадын “Норвест” компани 1 метрийн үеүдийг тооцоонд оруулсан учраас Тавантолгой ордын нөөцийн хэмжээ өссөн гэж байгаа юм. Гол нь ашиглалтын шатанд ирэхэд тооцоонд оруулсан тэр үеүдэд хүрч нүүрсийг олборлож авах нь хэцүү байдаг байна.

Өдгөө тус ордын зүүн хэсгийн Бортолгойн хэсэгт нэмэлт хайгуул хийж буй. Цанхийн хэсэгт нарийвчилсан хайгуул хийж үйлдвэрлэлийн зэрэглэлийн нөөц батлагдсан бөгөөд ашиглах боломжтой баталгаатай нөөц нь 1.4 тэрбум тонн нүүрс аж. Тиймээс олборлолтыг Цанхийн хэсэгт эхэлж хийх нь тодорхой байна. Гэхдээ цанхи дээр ТЭЗҮ хийсний дараа ашиглаж эхэлнэ. Ашиглалтын явцад нэмэлт судалгаа хийсний дүнд нөөц өснө гэсэн зүйлийг АМГ-аас хэлж буй.

Ерөнхийдөө, “Эрдэнэс тавантолгой” уурхай байгуулагдах Цанхийн зүүн хэсэгт агуулагдаж буй нүүрсний 78 орчим хувь нь коксжих нүүрс бол стратегийн хөрөнгө оруулагчид орж ирэх баруун хэсгийн 65 орчим хувь нь коксжих нүүрс байх магадлал өндөр гэж байгаа. Манай улс Оросын аргачлалаар ордын нөөцийн үнэлгээг батлуулдаг байсан. Мэргэжилтний хэлж буйгаар Оросын аргачлалаар ордын нөөцийн үнэлгээг баталсны дараа Тавантолгойн нөөцийн зарим хэсэг нь үйлдвэрлэлийн зэргийн нөөц буюу шууд ашиглахад бэлэн болсон аж. Харин нөгөө хэсэгт нь геологийн нэмэлт ажил явуулах шаардлага байсаар иржээ. Ордын нөөцийг балансын болон балансын бус нөөц гэж ангилж байгаа. Эдгээр нь нийлж байж Тавантолгойн 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцийг бүрдүүлж буй бөгөөд цаашлаад Жорк 8 тэрбумын нөөцтэй гэсэн хариуг манай талд гаргаж өгөх магадлал бий. Харин энэ мэдээ нь 15 тэрбум хувьцаатай Эрдэнэс Тавантолгойн нэр хүндэд ихээхэн хэрэгтэй юм.

Цаашлаад манай улс хөрөнгийн зах зээл дээр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргаж мөнгө хийхгүй. Төрийн өмчит бусад компаниудын хувьцааг дотоод гадаадын зах зээл дээр гаргах тухай ярьж буй билээ.

Э.Болор

No comments:

Post a Comment