Friday, April 22, 2011

Болж дээ, говийн нуруу тэнийх нь

2011.04.21

Болж дээ, говийн нуруу тэнийх нь

Өнөөдөр 7 цаг 53 минут

Хэдхэн сар ч гэлээ “хүнд жин­гийнхэн”-д говийн хөрс тээрэм­дүүлэхгүй болж. Ухаахудаг, Таван­толгойгоос Гашуунсухайт хуртэлх 245 км шороон замыг хаах болсноо Авто замын газраас мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг таагүй угтах хэсэг байхад талархаж алгаа таших нь олонхи байна. Тавантолгойн коксжих нүүрсийг урд хөрш руу гаргах жингийн цувааг ийнхүү тасалдуулах болсон шалтгаан нь хөрсний эвдрэл, өдөр бүр гардаг осолтой холбоотой.

Өтгөн шар тоос манарган дав­хих нүүрс тээвэрлэсэн хүнд даа­цын машинууд, нүүрсний ком­­паниудын хөлд үрэгдэж, өм­нийн говь өвчиндөө ёолж байна. Тээвэрлэлтийн журмаараа тэр­хүү замд дээд тал нь зургаан тэнх­лэгтэй, 44 тоннын даацтай машин явах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр 120 тоннын даацтай “хүнд жингийнхэн” ээлж дараагүйгээр цувснаас үүдэж говийг хөрс эргэж, зах хязгааргүй үргэлжлэх тоосон манан осол аваарын гол шалтгаан болж байна.

Ухаахудагийн уурхайгаас Ца­гаан хад хүртэл өдөрт 350-400 хүнд даацын автомашин нүүрс зөөдөг гэнэ. Тэд дуртай газраараа зам татаж, зоргоороо давхидгаас болж өнгөрсөн хугацаанд зам тээврийн осол 31 удаа гарч, 23 хүн амиа алдсаны 20 нь Монголын иргэн аж. Тэдгээр нүүрс зөөвөрлөдөг нөхдүүдээс болоод нутгийн иргэд ч “цагаачлах”-д хүрээд байгаа бололтой. Байнгын тоосонцор дунд амьдрах говийнхны ихэнх нь уушгиндаа тоосжилттой, амьс­галын замын өвчтэй болсон байна.

Тиймээс багагүй бэрхшээл үүсгээд байгаа нүүрс тээвэрлэл­тийн асуудалтай тэмцэх хамгийн эхний арга нь авто зам тавих. Дэд бүтэцгүйгээр монголчууд нүүрсээ экспортолж, экспортоосоо ашиг хүртэнэ гэж горьдолтгүй. Ухаахудаг, Тавантолгойгоос Гашуунсухайт хуртэл “Энержи ресурс” компаниас авто зам тавьж байгаа бөгөөд нь энэ ирэх наймдугаар сар гэхэд ашиглалтад орох ёстой. Өөрөөр хэлбэл, зөвхөн тэр л замаар нүүрс тээвэрлэлтийг цаашид үргэлжлүүлнэ. Тиймээс авто зам тавигдах хүртэл шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглоод байгаа нь энэ.

Авто замын газраас авч буй энэхүү шийдвэрийг эсэргүү­цэх нөхдүүд бий. Тэд бол тээвэр­лэгчид, тэнд үйл ажиллагаа явуул­даг компаниуд. Өр шир, зээл хүүгээ дарахаар өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж буй тээвэр­лэгчдийг буруутгах аргагүй ч нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагдах учиртай. Тиймээс тээвэрлэгчдэд зөвлөхөд, энэ шийдвэрийг эмзэглэж хүлээж авахаасаа илүү ирэх наймдугаар сар хүртэл олгож буй ээлжийн амралт хэмээн бодчих. Хэдхэн сарын дараа стандартын дагуу барьсан авто зам ашиглалтад орохоор та бүхний ашиг орлого ч нэмэгдэх нь тодорхой.

Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр салаа замууд үүсгэн давхих тээвэрлэгчдийн зах замбараагүй байдлыг өнөөдөр л таслан зогсоохгүй бол өмнийн цэнхэр говьд орчин үеийн хотхон сүндэрлүүлэх ирээдүйн төлөвлөгөөнд бэрхшээл тулгарах нь дамжиггүй. Хүнд даацын машинуудын хөлд нэрвэгдэн цөлжилтөд идэгдсэн говьд орчин үеийн хотхон барихын тулд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Үүний нэг нь зам харгуй. Нүүрс тээвэрлэгчдээс болж улаан зулга болсон говийн хөрсийг шинжлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гаргасан гэнэ. Говийн хөрс хангайнхыг бодвол илүү эмзэг, эргэн нөхөгдөх хугацаа нь илүү урт гэдэг. Дээрхийг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж чадвал олон жил нүүрс тээвэрлэгчдийн хөлд нухлуулсан говь хэдхэн сар ч гэлээ ясаа амрааж, ирэх зуны хур чийгэнд элгээ дэвтээн сэргэх ч юм бил үү. Эх болсон газар нутгаа хамгаалахгүйгээр эдийн засгийн их үр ашиг ярих ч хэрэггүй биз. Болж байна, дарга нар аа. Та нарын гаргасан шийдвэр таалагдаж байна, нуугаад яахав.

Ж.ЭРХЭС

No comments:

Post a Comment