Friday, April 22, 2011

Дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй бол станцууд гал алдахад ойрхон байна

Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатартай ярилцлаа.
-Та компанийнхаа энэ оны санхүүгийн төлөв байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Төрийн өмчит компаниудын тухайн оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн зорилтыг ТӨХ-ноос баталдаг. Манай компани энэ онд батласан зорилтоор 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа.

Иймд Монгол Улсын эрчим хүчний тухай хуульд “Үнэ тариф нь компанийн алдагдалгүй ажиллагааг хангаж байх ёстой” гэж заасны дагуу алдагдалгүй ажиллах үнэ тариф баталж өгөхийг хүсч холбогдох тооцоо, нотлох баримтыг Эрчим хүчний зохицуулах газарт өгсөн.

Манай компанийн хувьд цахилгаан эрчим хүчийг “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-д дотоод тооцооны үнээр нийлүүлж, дулаан эрчим хүчийг Орхон аймгийн хэрэглэгчдэд 2.59 дахин алдагдалтай баталсан үнээр түгээдэг. Орхон аймгийн нийт хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар бүрэн хангаж байх хариуцлагатай үүргийг хүлээсэн компанийн хувьд найдвартай ажиллагааг бүрэн хангасан байх ёстой.

Эрчим хүчний үнийг зохих хэмжээнд нь батлахгүй байгаагаас манай компани сүүлийн таван жил дараалан алдагдалтай ажиллаж, өр төлбөр, алдагдлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр санхүүгийн хувьд муудаж, техникийн найдвартай ажиллагаа алдагдахад хүрээд байна.

-Эрчим хүчний салбарт улсаас төсөв өгдөг болсон. Энэ нь алдагдлыг чинь хааж, найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна хэрэглэгчдэд очих дарамтыг бууруулж байгаа гэж ойлгож байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ. Өнгөрсөн онд анх удаа компаниудын алдагдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний компаниудад 15 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилсан. Манай компанид 3.3 тэрбум төгрөг оногдсон. Энэ нь олон жил их хэмжээний алдагдалтай ажилласнаас хуримтлагдсан өр төлбөр болон тайлант жилийн алдагдлыг бууруулж, санхүүгийн хувьд эерэг нөлөө үзүүлсэн.

Хэдийгээр төсөв өгсөн ч тодорхой хэмжээгээр дотоод тооцооныхоо үнийг нэмж батлуулсан ч өнгөрсөн онд 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа. Өнгөрсөн онд Төмөр зам ачаа тээврийнхээ үнийг хоёр удаа 25 хувиар, Шарын голын уурхайн нүүрсний үнэ, технологийн усны үнэ нэмэгдсэн. Энэ онд улсын төсвөөс мөн 15 тэрбум төгрөгийг эрчим хүчний компаниудад хуваарилснаас манай компанид 2.28 тэрбум төгрөг өгсөн. Үүнийг оруулан тооцоход 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо гарч байгаа.

-Алдагдалтай ажиллаад байна гэдэг чинь үнээрээ өртгөө нөхөж чаддаггүй гэсэн үг үү. Эрчим хүчний салбарт их хэмжээний зээл тусламж хэрэгжиж байгаа. Танай компани өртгөө бууруулах талаар ямар ажил хийж байна вэ?

-Эрчим хүчний зохицуулах газраас баталсан одоо мөрдөж байгаа цахилгааны үнэ 79.8 төгрөг. Гэтэл манай компани нэг квт цахилгааныг 88.98 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Харин нэг гкал дулааны дундаж үнэ 6996.27 төгрөг байхад үйлдвэрлэх зардал нь 18145.53 төгрөг. Манай компани байгуулагдаад 24 дэх жилдээ ажиллаж байна.

Гадаадын ямар нэг зээл тусламжид хамрагдаж хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Өртөг бууруулах олон арга бий. Үүнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, тогтмол зардлуудыг бууруулах гэх мэт. Станцууд компани болон зохион байгуулагдаад, Эрчим хүчний зохицуулах газраас зардлыг хянаж, үнийг батладаг болоод 10 жил болж байна. Үүнээс өмнө Төвийн эрчим хүчний систем, Эрчим хүчний зохицуулах газарт өртөг зардал, төлөвлөгөөгөө хянуулан үнээ тогтоолгож мөрдөн ажиллаж ирсэн.

Энэ хугацаанд тогтмол зардлыг нэмэхгүй, байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл буулгаж ирлээ. Энэ нь нэг талаар сайн ч, нөгөө талаар ажилчдын нийгмийн зардал буурч, хөдөлмөр хамгааллын гутал, хувцасны чанар, хордлого тайлах аарц, жүүс, ундааны хангалтад нөлөөлж байна. Зах зээл эхэлсэн 1990-ээд онд эрчим хүчний салбарын ажиллагсдын цалин тэргүүлэх эгнээнд байсан бол өнөөдөр дундаас доогуур боллоо.

Цахилгааны үйлдвэрлэлээ нэмэх, турбинээр өргөтгөх талаар судалгаа, шинжилгээний ажил явуулж, Эрдэс баялаг эрчим хүчний яамны техникийн зөвлөлийн хуралд удаа дараа оруулж байсан. Их хэмжээний хөрөнгө шаардлагатай учир өөрийн хөрөнгөөр хийж чадахгүй, гадаадын зээл тусламжид хамрагдах боломжийг эрэлхийлж байна.

Олон жил алдагдалтай үнээр ажиллаж байгаа нь, нэн ялангуяа төлөвлөсөн элэгдлийн зардлыг үнэ бүрт тусгаж батлуулахгүй байгаагаас станцын тоног төхөөрөмжийг засах, шинэчлэх, өргөтгөх, технологийн шинэчлэлт хийж найдвартай үйл ажиллагааг дээшлүүлэх зэрэг ажил хоцрогдож байна.

-Энэ жил танай компани техникийн чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр нэг зуухны тоос бэлтгэлийн системийн шинэчлэлийн буулгалтын ажил дуусч, шугам хоолой солих, тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид дундаа ороод графикийн дагуу амжилттай явж байна. Мөн хурц уур, тэжээлийн усны шугамын тендерийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа.

Энэ ажил гүйцэтгэгчийг шалгаруулсны дараа станцын бүрэн зогсолтын хугацаанд хийх учир ихээхэн хариуцлагатайгаар, зохион байгуулалтыг өндөр хэмжээнд хийх шаардлагатай болно. Өөрийн хөрөнгөөр хийх 173 туслах тоноглол, таван үндсэн тоноглолын засварыг хийхээр төлөвлөж ажлаа хийж эхлээд байна. Дээрх ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд хөрөнгө, санхүүгийн байдал толгой өвтгөж байна.

-Алдагдлыг 100 хувь бууруулж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Эхний ээлжинд хэдэн хувь бууруулах боломжтой гэж үзэж байна вэ?
-Энэ хүнд байдлаас гарах гарц бол үнэд өөрчлөлт оруулах явдал гэж үзэж байгаа. Бидний гаргасан тооцоогоор нэг квт цахилгаан эрчим хүчний үнийг 38.4, нэг гкал дулааны эрчим хүчний дундаж үнийг 15 хувь нэмж байж дээрх алдагдлыг 48 хувь бууруулах тооцоо гарсан учир холбогдох газруудад дээрх саналыг хүргүүлсэн байгаа.

-Сониноор дамжуулан юу хэлмээр байна вэ?
-Улс орны хөгжлийн тулгуур суурь болсон эрчим хүчний салбараа ард түмэн, аж ахуйн нэгж, эрчим хүчний байгууллагууд бүгд хамтарч одоогийн хүнд байдлаас гаргах, зах зээлийн эдийн засгийн зарчимд нь оруулах юм. Энэ ажлыг үе шаттайгаар ард түмний амьдралд дарамт багатайгаар шийдэхэд төр засгийн дэмжлэг туслалцаа их чухал. Иймээс шийдвэр гаргадаг эрх бүхий хүмүүс ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна.

Э.Манд

No comments:

Post a Comment