Friday, April 22, 2011

Хятадын нүүрсний бодлого Монголд ашигтай юу?

Хятадын нүүрсний бодлого Монголд ашигтай юу?

Өнөөдөр 7 цаг 53 минут

Дэлхийн нүүрсний геологийн нөөцийг 10,1 их наяд тонн, олборлох техник эдийн засгийн боломжтой нөөцийг 986 тэрбум тонн хэмээн геологичид тогтоожээ. Нүүрснийхээ нөөцөөр АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Австрали улс эхний таван байрт жагсч байна. Харин Монгол газрын хэвлий доорх нүүрсний хэмжээгээрээ дэлхийд 10 дугаарт орж буй. Монгол Улсын нүүрсний нөөцийн хэмжээ 150 тэрбум тонн. Гэхдээ тодорхой батлагдсан тоо биш ч геологийн эрэл хайгуулаар баталгаажаагүй нүүрсний нөөцийн хэмжээ улам өснө хэмээн эрдэмтэд дүгнэдэг.
Монгол Улсыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн гадаадынхан зарлаж байна. Тэд Монголын коксжих нүүрсэнд нүдээ унагаж буйгаа нуухгүй байгаа юм. Монголчуудыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болохоор довтолгох зуур урд хөрш нүүрсний салбартаа шинэчлэлийн ажил өрнүүлж эхэллээ. ӨМӨЗО-ы удирдлагууд нүүрсний жижиг уурхайнуудаа хаах кампанит ажлыг хэдийнэ эхлээд байна. Энэ нь монголчуудад их гүрнүүд идэх хоолоо жоорлож байна уу гэх хардлагыг төрүүлж буй. Монголд нүүрсний шинэ, шинэ төслүүд хэрэгжиж эхлэх үеэр өмнөд хөршийнхөн нүүрсний уурхайнуудаа цэгцлэх бодлого баримтлах болсон нь хар төрөх шалтгаан болж буйг үгүйсгэх аргагүй ч нүүрсний салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын зүгээс үүнд эмзэглэж, өөр нүдээр харах хэрэггүйг зөвлөж байгаа юм.
ӨМӨЗО-ы удирдлагууд нүүрсний уурхай­нуудаа цэгцэлж, хаахаар кампанит ажил өрнүүлэх болсны хамгийн том шалтгаан нь эдийн засгийн үр ашиггүй уурхайнуудаас болж байгаль экологид сөрөг үр дагавар ихээр гарч буй явдал гэнэ. Хөрөнгө оруулалтгүй, мөнгөгүй уурхайн эзэд байгаль орчныг сэргээх үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс нөхөн сэргээлт хийхгүй орхих болсон хийгээд хөдөлмөр хамгааллын нөхцөл хангалтгүй, техник технологийнх нь хуучралаас болоод олон арван хүн уурхайн ослоор амиа алдах болсон зэрэг шалтгаан нь ӨМӨЗО-ы удирдлагуудын зүгээс хатуу арга хэмжээ авахад хүргэсэн аж. Өвөр Монголд өрнөж буй кампанит ажлыг монголчууд хардаж, сэрэмжлэхээсээ илүү бодит боломж болгон харах хэрэгтэй бололтой. Тэдний дээрх кампанит ажил манай улсын эдийн засгийн эерэг боломж болно хэмээн Монголын нүүрсний салбарынхан үзэж байна.
Ялангуяа Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах гүүр болохоо илэрхийлээд буй Тяньжинийн боомтын ойролцоох нүүрсний уурхайнууд хаагдах нь Монголын хэтэвчинд орж ирэх мөнгөний хэмжээг өсгөх хөшүүрэг болж магадгүй аж. Монгол Улс энэ он гарсаар Өвөр Монголтой хиллэдэг боомтуудаар 1.26 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Ганц модны боомтоор БНХАУ руу 803.500 тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оноос 129 хувиар өссөн гэсэн гэсэн үг аж. Түүнчлэн Цэхэ боомтоор экспортолсон нүүрсний хэмжээ 22.28 хувиар өсч, 443.200 тонн болсон байна. Харин Эрээн хотын боомтоор 16.500 тонн нүүрсийг экспортолсон байна.
Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт жагсах Тавантолгойн үүцээ задлах бэлтгэл ажлаа монголчуудыг базаахтай зэрэгцэн Хятадын Шанси мужид 100 тэрбумын нөөцтэй шинэ орд нээгдээд буй. Уг ордын нөөцийн хэмжээг Монголын иргэн бүрийг саятан болгох Тавантолгойн нөөцтэй харьцуулбал хамаагүй их буюу 20 дахин илүү. Мөрний загасыг далайн халимтай жиших мэт Хятад, Монголын нүүрсний хоёр ордын хувьд хамгийн чухал нь коксжих нүүрснийх нь чанар. Шансийн ордын нүүрсний чанар Монголын Тавантолгойн ордоос олборлох коксжих нүүрсийг гүйцэхгүй гэсэн найдлагыг манай нүүрсний салбарынхан тавьж буй юм.
АНУ-ын эрчим хүчний яамны дэргэдэх Эрчим хүчний мэдээллийн агентлагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй, тэр тусмаа Ази-Номхон далайн орнууд нүүрс ихээр ашиглах төлөвтэй байгаа аж. Ялангуяа эдийн засгийн хурдтай өсөлтийн жишээг үзүүлж буй Хятад, Энэтхэгийн нүүрсний хэрэглээ их хэмжээгээр нэмэгдэх бол Европ, Хойд Америкийн хөгжингүй орнууд өөрсдийн нүүрсний хэрэглээгээ аль болох хязгаарлах бодлого барих хандлагатай байгаа гэнэ. Азийн орнуудын цахилгааны хэрэгцээг хангах хамгийн том эх үүсвэр нь нүүрс байх бөгөөд энэ эрэлт нь ойрын 40 жил хүртэл үргэлжлэх тул монголчууд энэ боломжийг алдаж болохгүй нь бололтой. Айдас, түгшүүр, хардлагатайгаа хамт нүүрсээ хав дарах нь “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх”-тэй адилхан болох биз. Ховорхон тохиох боломжийг хэр овжин ашиглах, нүүрсний салбарт өрнүүлэх Хятад бодлогоос Монгол хожих уу, хожигдох уу гэдэг нь зөвхөн биднээс өөрсдөөс маань хамаарах дэг.
Ж.ЭРХЭС

No comments:

Post a Comment