Friday, April 22, 2011

Хэн хэдэн хувьцаа эзэмшдэг вэ?

Өчигдөр 8 цаг 16 минут

Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа УИХ-ын гишүүдийг нэг түрийвчтэй гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хэн, хэн ашиг сонирхлоороо хэлхэлддэг, аль ноёнтон ямар компанийн нууц эзэн болох талаар хангалттай их яриа, хардлага байдаг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хувьцааны талаарх мэдээллийг ангилж авч үзье. Ихэнх албан тушаалтнууд цалингийн бус орлогоо хувьцааны ногдол ашиг гэж тайлбарладаг шүү дээ.
УИХ-ын гишүүдийн хамгийн их эзэмшдэг хувьцаа нь “Женко тур бюро”-гийн хувьцаа. “Женко тур бюро”-гийн жинхэнэ эзэн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга 676 мянган ширхэг хувьцаатай. Гэхдээ одоогоор энэ бол нэг их үнэтэй бус өчигдрийн байдлаар нэг ширхэг нь 97 төгрөгний ханштай байсан. Харин Х.Баттулга гишүүн хамгийн олон хувьцаатай гишүүдийн нэг. Тэрбээр “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Эмээлт зах” зэрэг 13 компанийн хувьцааг эзэмшдэг. Зөвхөн хувьцаа бус эзэмшдэг компанийнхаа жагсаалтаар Кёкүшюзан Батбаяр 16 компанийн 50-иас дээш хувь нийт 18 компанитайгаар толгой цохиж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Зоригт “Миг даатгал”, “Эм Си Эс Цамхаг” зэрэг нийт 15 компанийн хувьцаа, харин Б.Чойжилсүрэн 10 компанийг 100 хувь эзэмшдэг юм байна. Эзэмшлийн компаниудаараа Б.Чойжилсүрэн, Кёкүшюзан Батбаяр УИХ-даа магнайлж байгааг бид өмнөх тоймдоо өгүүлсэн.
Эрхэм гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны дуртай хувьцаануудын нэг “АПУ”, “НИК”, “Говь”-ийн хувьцаанаас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, М.Энхболд, “НИК”-ийн хувьцаанаас УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ нар, “Говь”-ын хувьцаанаас УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг нар эзэмшдэг юм байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өмнө мэдүүлж байснаар “М-Си-Эс” компанийн 1,5 хувийг эзэмшдэг гэжээ.
Дээр дурдсан нэг түрүүвчтэй гишүүд олон гэсэн хардлагын дагуу нэг компанийн хувьцаа хамтран эзэмшдэг гишүүд олон байх ахул асуудал өөр тийш эргэх нь тодорхой. Энд бас хал балгүй “эзэмшил”-ээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн мөсөн уулын орой төдий ч гэдэг. Энэ ч дагуу УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогод тэгтэл их сонирхлын бүлэглэл болоод байхаар зүйл алга. Гэхдээ албан ёсоор мэдүүлсэн мэдүүлэгт нь л гэдгийг дахин онцолъё.


No comments:

Post a Comment