Friday, April 22, 2011

Уул Уурхайн компаниудад усны үнэ цэнийг мэдрүүлье

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэвэр усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Энэ нь 2025 он гэхэд 75 хувьд хүрэх дүгнэлт гарчээ. Манай орны хувьд ч илүү хамааралтай болж мэдэх энэ судалгаа чандмань эрдэнэ усаа үнэ цэнэтэй болгохыг сануулж эхэллээ. Уул уурхайн салбар манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл. Үүнийг дагаад алт,зэснээс илүү үнэд орох усанд төрийн бодлогоо чиглүүлэх зайлшгүй шаардлагатай болов. Сүүлийн үед усны хэрэглээ эрс нэмэгдсэн. Уул уурхайн салбар жилийн усны хэрэглээний 21 хувь буюу 94 сая шоо метр усыг ямар ч хяналтгүй, хайр гамгүй зарцуулдаг. Энэ нь ялангуяа гүний усны нөөцийг багасгаж, гадаргын усыг бохирдуулсаар байна. Өнгөрсөн хэдхэн жилийн дотор уул уурхайн олборлолтын явцад 29 гол хэт бохирдсон гэж бүртгэгджээ. Гэтэл экологийн эсрэг үйлдэж буй хамгийн том гэмт хэрэг болох энэ үйлдэлд хариуцлага тооцох нь байтугай уул уурхайн компаниудад усныхаа үнэ цэнийг мэдрүүлж чадаагүй нь төрийн боддого, хууль эрх зүйн орчинд зоригтой шинэчлэл үгүйлэгдэж байгаатай шууд холбоотой.

Уул уурхайн компаниудын ус ашигласны жилийн төлбөр нь борлуулалтын орлогын өчүүхэн буюу 0.01-0.11 хувийг эзэлдэг. Энэ нь усыг үнэ цэнэтэй болгох шаарддагатайг харуулж буй юм. Дэлхийн мэдээгээр усны үнэ өнгөрсөн таван жилийн дотор АНУ-д 27 хувь, Австралид 45хувь, Өмнөд Африкт тавин хувиар нэмэгдсэн бол Канадад тавин найман хувиар өсчээ. Үнийн дүнгээр нь тооцвол нэг шоо метр усны дундаж үнэ БНХАУ-д 48 цент, АНУ-д 66 цент, Дани, Германд 2.25 ам.долларын үнэтэй байна. Харин манайхтай хөгжлийн түвшингээрээ ойролцоо Казахс-тавд нэг шоо метр ус 320 төгрөгийн үнэтэй.

http://www.mining.mn/Files/oo7waxhl.jpgГэтэл манайд хамгийн их ус хэрэглэдэг уул уурхайн салбарынхан газрын хэвлий дэх гүний усыг ашигласныхаа төлөө литр тутамд 15 мөнгө төлдөг. Нүүрс ухаж зөөдгөөс бусад бараг бүх уул уурхайн компани усыг ашигладаг. Усгүй бол бензингүй машин шиг тэд юу ч олж авч, ашиглаж чадахгүй. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд олон улсын жишгээс хэд дахин бага үнээр газар эхийн ариун "уураг"-ийг ашиглан ашиг орлого олж байна. Өнөөдөр манайд мөрдөж буй усны төлбөрөөр уул уурхайн компаниуд нэг шоо метр усанд 150 төгрөг төддөг. 2006-2009 оны тайлангаас харахад алтны голдуу компаниуд дунджаар 100 сая төгрөг төлжээ. Энэ нь тухайн компаниудын орлогы 0.01-0.11 хувийг эзэлж буй нь алтнаас үнэтэй болж буй усыг ямар хэмжээнд үнэлж буйг харуулж байна.

Алт олборлоход нэг секундэд 500 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Гэтэл литр усанд 15 мөнгө төлдөг алтны компаниуд ганц грамм алтаа 56 мянга 457 төгрөг 57 мөнгөөр (Монголбанкны өчигдрийн ханшаар) худалдаж буй нь зах зээлийн зарчим мөн үү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдсан. Энэ үеэр УИХ-ьш гишүүд, ус судлалын эрдэмтэд болон байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний төлөөлөгчид усны үнийг нэмэгдүүлэх цаг нь болсон гэдэгтэй санал нэг байсан.

Харин хэдэн төгрөгөөр яаж тогтоох вэ. Нийтийн хэрэглээний ус болон уул уурхайд ашиглаж буй усны төлбөрийг ямар аргачлал, ялгавартайгаар тогтоох талаар санал бодлоо хэлж байсан. Олон улсын жишгээр усны нөөцийг зүй зохистой, зөв ашиглах, усыг эргүүлэн дахин ашиглуулах зорилгоор усны үнэ, татвар, төлбөр тогтоодог юм байна. Ялангуяа уул уурхайн компаниудад тодорхой хэмжээний усны өндөр төлбөр, татвар ногдуулснаар усыг гамнах, эргүүлэн дахин ашиглах хөшүүрэг болж өгдөг аж. Тиймээс уул уурхайнхны ус ашиглах төлбөрийг нэг шоо метрт 4500 төгрөг буюу одоогийн үнэлгээнээс 30 дахин өндөр болгосноор Монгол Улсын усны нөөцийн хомсдолоос сэргийлж чадна гэж үзэж байна. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх бүлгийн 3.5.1.8 дахь заалтад "Усны хэмнэлттэй хэрэглээ, технологийг нэвтрүүлэх, ус, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, газар тариалангийн усалгаанд газрын доорх усыг ашиглах болон хүнсний бус үйлдвэрлэлийн салбарт ундны цэвэр усыг ашиглах явдлыг хязгаарлах, хаягдал усыг дэвшилт технологиор цэвэршүүлэх, цэвэршүүлсэн хаягдал ус болон саарал усыг дахин ашиглахыг бодлогоор дэмжинэ" гэсэн заалт бий.

Гэтэл нэг шоо метр нь 150 төгрөг буюу ганц ширхэг модтой чихрийн үнэтэй ус ашиглаж байгаа бизнес эрхлэгч үүнийг дахин хэмнэхийн тулд шинэ техник технологи нэвтрүүлж үргүй зардал гаргахгүй нь хэнд ч ойлгомжтой. Удахгүй Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлнэ. Арвин их нөөцийг нь авахын тулд асар их хэмжээний ус энд хэрэглэнэ. Харин өмнийн говийн элсэн доорх газрын гүний усаар энэ хэрэгцээг хангахаар судалж буй. 250-400 метр цооног өрөмдөхөд их хэмжээний ус байгаа нь судалгаагаар илэрсэн гэсэн. Хөрс нь шавар, хайрга, элс гээд олон үетэй тул үүнийг ашигласан тохиолдолд 5-10 жилийн дараа хөрс нь хатаж, ургамал нь устаж, худаг ширгэнэ гэсэн болгоомжлол бий. Гуний усаар тэжээгдлээ гэхэд түвшин нь жилд нэг мм дээшилдэг.Тиймээс Оюутолгой төсөл хэрэгжсэний дараа гүний ус 10 мянган жилийн дараа л бүрэн нөхөгдөх юм билээ. Гэтэл ийм үнэ цэнээр дэнчин тавьж амьдралыг тэтгэгч усаа алт, зэсээр солихын өмнө чандмань эрдэнээ үнэ цэнэтэй болгох, уул уурхайн компаниудын хэрэглэх усны төлбөрийг дэлхийн жишигт хүргэх зайлшгүй шаарддагатай.

Усны төлбөрийг нэмэгдүүлснээр нөхөн сэргээлтийн "Цэвэр усны сан"-г байгуулан, үүнийгээ усны нөөц, эх үүсвэр, ундаргыг нөхөн сэргээхэд ашиглахыг байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн шаардаж буй нь цагаа олсон шаардлага. Өнөөдөр нэмэхгүй бол цаг алдана, оройтоно. Ялангуяа газрын тосны өрөмдлөгийн явцад маш их ус ашигладаг. 1000-2000 м өрөмдөхөд 700-800 шоо метр буюу 700.000-800.000 л, нэг тн нефтийг түрж гаргахад 1000 литр ус ашигладаг. Гэтэл нэг тн нефть 750.000 төгрөг. Харин мянган литр ус 150.000 төгрөг байна. Усыг маш ихээр ашиглаж байгаа боловч төлбөрийн хэмжээ нь бусад ашигт малтмал олборлохтой ижил байна. Тиймээс ашигт малтмалын төрлөөр нь усны төлбөрийн хэмжээг ялгавартай тогтоож, нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн газрын доорх усны төлбөрийг гадаргын усныхаас 3-4 дахин өндөр тогтоохыг ч байгаль хамгаалах хөдөлгөөнийнхөн сануулж буйг УИХ анхаарах ёстой.

2011/04/08

No comments:

Post a Comment