Friday, April 22, 2011

Могойн голын цахилгаан станц барих концессын гэрээг дэмжив

Төрийн өмчийн хороо, "Шинэ Азиа майнинг групп" ХХК хооронд Могойн голын дулааны цахилгаан станц барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээ байгуулахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэмжлээ.

Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан станцын барилга, байгууламжийг угсрах болон барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг холбогдох сайд нарт даалгав.

Мөн цахилгаан станц барих газрыг эзэмшүүлэн ашиглуулах зөвшөөрөл олгох, орон нутгийн өмчит Могойн голын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсээр хангах, дулааны цахилгаан станцын барилгын ажлын явцад орон нутгийн зүгээс шаардагдах арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг Завхан, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Гэрээний төсөлд тусгасны дагуу "Шинэ Азиа майнинг групп" ХХК нь 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргана. 2x30 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулах бөгөөд 20 жил эзэмшиж, ашиглан гэрээний хугацаа дуусахад үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

No comments:

Post a Comment