Friday, April 22, 2011

МГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг: 10 хувь нэмсэн ч алдагдалтай ажиллана

Огноо: 2011-04-18



Холбоотой мэдээ

Эрчим хүчний болоод экспортын нүүрсний талаар АМГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуягтай ярилцлаа.


Төрийн бодлого тов тодорхой байх ёстой


- Экспортын нүүрсний талаар гол төлөв яриад байдаг. Гэтэл дотоодын эрчим хүчний нүүрсний хангамжийн асуудал хүнд хэвээрээ л байна. Ирэх сард эрчим хүчний, дулааны үнэ нэмэгдэх нь. Нөгөө талд уурхайнууд үнэ чөлөөлөх ёстой гэдгээ хэлээд байдаг. Нүүрсний үнийг нэмдэггүй, хөдөлгөдөггүй энэ эрүүл бус байдлыг өөрчлөх цаг хэдийнэ болсон биз дээ?

- Нүүрсний аж үйлдвэрийн салбар гурван үндсэн чиглэлтэй. Нэн тэргүүнд тавигддаг үндсэн үүрэг нь улс орныхоо дотоодын эрчим хүч, дулааны эх үүсвэрийг бүрэн хангаж, гал голомтыг нь найдвартай бадруулж явах. Дараа нь экспортод гаргах. Мөн нүүрсээ боловсруулж, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд халгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн болгож хэрэглээнд нэвтрүүлэх үндсэн чиглэлүүдтэй. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж буй нь энэ салбарыг хөгжөөд байгаа юм шиг харагдуулж байна. Зүй нь улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн эх үүсвэр болж ирсэн эрчим хүчний нүүрсний хангамж өнөөдөр ямар байна вэ гэдэгт онцгой анхаарал хандуулах ёстой. Эрчим хүчний нүүрсний хангамжийн уурхайнууд 2009-2010 оны өвлийг нэлээн хүнд байдалтай давсан. 2010-2011 оны өвлийг харьцангуй гайгүй давсан юм шиг харагдаж байна. Уурхайнуудад өгсөн татаас, өрийн сүлжээг тодорхой хувиар бууруулах, хөнгөлөх, тэглэх, гэхчлэн төр засгаас авч буй арга хэмжээнүүд нөлөөллөө. Тэрчлэн Багануур, Шивээ овоо, Шарын гол, Адуунчулууны уурхай, мөн орон нутгийн уурхайнууд урдаа тавьсан зорилгоо амжилттай биелүүлж өвлийг давлаа. Одоо хавар болохоор дахиад өвөл болохгүй юм шиг гол асуудлаасаа холдоод, ярьдаг сэдэв нь л экспортын нүүрс болчихоод хошуураад байгаа нь үнэн.

http://www.shuud.mn/images/editor_upload/bolrooAMGazariihan-%2814%29.jpg

Бид энэ их нөөцтэй байж төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээрээ найдвартай хангах тал дээр улам анхаарч, ажиллах хэрэгтэй. Монгол улс зах зээлд шилжээд 21 дэхь жилдээ явж байгаа ч, нүүрсний салбар чөлөөт зах зээлийнхээ утга руу бүрэн ороогүй. Төрийн зохицуулалттай яваад байдаг. Ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх үүднээс төр зохицуулаад байдаг. Гэтэл цаагуураа асар том аюул бий. Улаанбаатар хотын иргэдийн тал хувь нь өвөл, бүтэн өдрийн турш гэрэлгүй байя гэж бодоод үз. Тэгвэл юу болох вэ. Тиймээс онцгой анхаарлын төвд байх ч ёстой, байгаа асуудал бол Эрчим хүчний нүүрсний хангамж. ЭХЗГ-аас цахилгаан, дулааны үнэ нэмлээ гээд зарлачихлаа. Харин эрчим хүчний нүүрсний үнийг энэ удаа нэмсэнгүй. Зүй нь, заавал нэмэгдэх ёстой юм.

- Уурхайн удирдлагууд үнээ ингээд нэмчихвэл алдагдалгүй ажиллах гээд байнаа гээд тооцоогоо хийгээд, саналаа оруулаад ирдэг шүү дээ. Гол нь тэр санал цаасан дээрээ л үлддэг. Одоо нэмсэн ч 10 хувиар л нэмнэ гэсэн зүйл яригдаж байна?
- Энэ их танасан, хамгийн бага тоо шүү дээ. 10 хувь нэмэгдэж магадгүй л гээд байгаа. Төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ овоо, Шарын гол гэсэн гурван уурхай дээр яръя л даа. Багануурын уурхай гэхэд, өнөөдөр тус уурхайгаас станцад нийлүүлж байгаа нэг тонн нүүрсний борлуулалтын үнэ нь 18.200 төгрөг. Гэтэл Багануур нэг тонн нүүрсийг олборлоод гаргаж ирж байгаа өөрийнх нь өртөг 21.300 төгрөг байна. Тэгэхээр Багануурын уурхай нэг тонн нүүрс тутамд 3100 төгрөгийн алдагдалтай үйлдвэрлэл явуулж байна. Ингэж алдагдалтай ажиллаж байгаа нүүрсний уурхайнууд яаж техник, технологидоо шинэчлэл хийх юм бэ. Уурхайчдынхаа нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ. Уурхайн хүчин чадлыг хэвийн хэмжээнд буюу тодорхой хэмжээгээр өсгөн нэмэгдүүлж байх, санхүүгийн эх үүсвэр боломж нь бүгд хаалттай байна шүү дээ. Энэ маш ноцтой асуудал.

- 10 хувь нэмлээ ч алдагдал хүлээсэн хэвээрээ ирэх өвлийг угтах нь ээ?

- Алдагдалтай хэвээрээ л байна. Түр зуур гал унтраах арга гэдэг шиг юм яваад байна. Монгол улсын эдийн засгийн багтаамж асар тэлж байна. Дагаад эрчим хүчний хэрэглээ асар их нэмэгдэнэ. Харин энэ их эрчим хүч үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай нүүрсээр хангаж байх үүргийг Багануур, Шивээ овоо гэсэн төрийн өмчит уурхайнууд хүлээж байна. Тэгэхээр эдгээр уурхайн техник, технологийн шинэчлэлийг, нүүрсний үнийг, хүчин чадлыг яаж үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ гэдэг дээр төр тов тодорхой бодлого барьж, бодитой ажил болгох ёстой. Үгүй бол энэ асуудлууд тулгамдсан хэвээрээ л байна. Манайх Засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч агентлаг боловч, бодлогын төвшний асуудлын талаар бодлого боловсруулагч яамандаа асуудал тавьдаг, тавьж байгаа.

Багануур, Шивээ овоогийн уурхайн хүчин чадлыг ядаж 2025 он хүртэл яаж өсгөж, нэмэгдүүлэх юм. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Техник технологийг нь яаж шинэчлэх вэ. Нүүрс үйлдвэрлэж буй уурхайнуудын нэг тонн нүүрсний өөрийн өртөг нь хэд, хэд болж гарч ирж байх вэ. Нүүрсний нөөц ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрлийн талбайнуудыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхчлэн эдгээр цогц асуудлыг шийддэг техникийн бичиг баримт бол Техник эдийн засгийн үндэслэл. ТЭЗҮ гэж проектыг хийх чиглэлээр Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Гэхдээ салбарын яам, газар, хэлтсүүдийн бодитой оролцоогүйгээр хийгдэхгүй. Монгол улсын төвийн эрчим хүчний системийн 5 ДЦС-ын хүчин чадал цаашид яаж өсөх юм бэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хаана, хэдэн онд, ямар хүчин чадалтайгаар, хэдий хэмжээний нүүрсний хэрэглээтэй байхаар, бүтээн байгуулах юм бэ гэдэг дээр үндэслэж эрчим хүчний нүүрсний хэрэглээний өсөлтийн прогноз гарч ирнэ. Улмаар Багануур, Шивээ овоогийн уурхайн үйл ажиллагааг ямар үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ. 2015, 2020, 2025 он гэхэд хэчнээн сая тонн нүүрс олборлох вэ гэдэг нь тодорхой болох юм.

- 2013 оноос эрчим хүч үйлдвэрлэнэ гэгдэж буй 5 дахь эх үүсвэрийг хэзээ барьж байгуулах нь тодорхойгүй байна. Уурхайнууд энэ хүчин чадлаараа бол шинэ эх үүсвэрийн нүүрсний хэрэгцээг хангаж дийлэхгүй нь байна ?

- Тиймээ. Тэгэхээр Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны бодлого маш тодорхой гарч ирж байж, тэндээс эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийн бодлого, төслүүд уялдаж, дагаж гарч ирэх ёстой. Тиймээс бид үүн дээр хамтарч ажиллах чиглэлээ, Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогоо гарцаагүй тодорхой болгох шаардлагатай.

- Салбарын яаман дээр нүүрсний асуудал хариуцсан 2 мэргэжилтэн байдаг. Бодлого боловсруулахад хүч дутдаг гэдгээ тэд нуудаггүй л дээ. Ер нь та нарын хамтын ажиллагаа хэр вэ?
- Хамтарч ажилладаг. ЭБЭХЯ-нд Түлшний бодлогын газар гэж байдаг. Нүүрсний салбарын асуудал хариуцсан хоёр мэргэжилтний хувьд бодлого боловсруулах хэмжээнд хүн хүчний хүрэлцээ нь хэцүү. Нүүрсний аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед төр засгаас бодлогын төвшинд анхаарч, Нүүрсний газар гэж байгуулах шаардлага гарч ирж байна. Төрийн байгууллагын бүтцийн, хүчин чадлын, дэд бүтцийн асуудлууд бүгд угтаж, уялдаж гарч ирж байдаг. Нүүрсний аж үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжлийн тэсрэлтийн үед бодлогын томоохон чадварлаг бүтэц бүхий Нүүрсний газар, Нүүрсний биржтэй байх хэрэгтэй. Хөгжлийнхөө тодорхой үе шатанд хүрсэний дараа бүтцийг дахиад өөрчилж болно шүү дээ. Тухайн салбарын хөгжлийн үе шаттай уялдуулж, төрийн байгууллагын бүтцийг ямар чиглэл рүү хүч хаях вэ гэдгийг тооцоолж, заримыг нь татан буулгаж, багасгаж уян хатан байх нь чухал байгаа юм.

- Нүүрсний бирж байгуулах цаг болсон гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлээд бас л багагүй хугацаа өнгөрч байна. Экспортын нүүрсний үнийг шударгаар тогтоодог, хэрэглэгч, нийлүүлэгчийг уулзуулах энэ газрыг байгуулахад юу саад болоод байна вэ?

- Тээг саадын учир шалтгааныг мэдэхгүй юм. Хэрэгтэй байна гэдгийг дээр дооргүй л мэдэж, ярьж байгаа. Ямар ч байсан нэг шийд гарах байх. Цаг хугацааны л асуудал гэж бодож байна.


Монгол улс дэлхийн нүүрсний үнийг тодорхойлохуйц том тоглогч болно


http://www.shuud.mn/images/editor_upload/331xAMGazariihan-%2815%29.jpg- Их ярьлаа гэж байгаа ч, экспортын нүүрсний талаар ярихаас яахав. 2015 он гэхэд Монгол улс БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээний 52-60 хувийг хангана гэсэн прогнозыг гадныхан хийгээд байна. Мэдээж Тавантолгойн тухай яриа л даа?
- Монгол улсын нүүрс олон улсын уул уурхайн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудын анхаарлын төвд нэгэнт орчихлоо. Олборлож, экспортлож байгаа нүүрсний хэмжээ. Улсын төсөвт оруулж байгаа орлого. Ашигт малтмалын нийт экспортын бүтээгдэхүүн дотор нүүрсний нэр төрөл нэгдүгээр байранд бичигдээд байгаа зэрэг нь үүний илэрхийлэл. Цаашид ч энэ байр сууриа хадгалах нь ойлгомжтой. Нүүрсний экспортын үйл ажиллагаа, экспортлох нүүрсний боломж, нөөц, хүчин чадлаас хамаарч энэ салбарын хөгжлийн талаар яригдаж байна. Энэ чиглэлээр олон улсын чанартай хурал, зөвлөгөөнүүд ойрын үед боллоо. Coal Mongolia чуулганы дараа Монголын нүүрсний дэд бүтцийн асуудлаар хэлэлцлээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон Asia Mining Congress-д Монголын нүүрсний талаар бүтэн нэг өдрийн сэдэв болгож хуралдлаа шүү дээ. Монгол улсын нүүрсний экспорт одоо зөвхөн Хятад улсыг чиглэж байгаа бол цаашдаа Солонгос, Япон улсууд, Баруун европ руу гаргахаар зорьж байна. Зэх зээлийн өргөн цар хүрээтэй орон зайд бидний тоглох чадвар хэр зэрэг байх вэ гэдэг асуудал байна. Тэрчлэн, Монгол улсын нүүрсний уурхайнуудын экспортлох боломжийн суурилагдсан хүчин чадал одоогоор 60 сая тонн байна. Гэтэл 2010 онд хил давуулсан нүүрсний хэмжээ 16.2 сая тонн л байлаа. Тэгэхээр боломжит хүчин чадлыг ашиглаж чадахгүй байна. Үүнд зам тээвэр, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал нөлөөлж байна. Төмөр зам тавигдаад, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал өргөжөөд ирэхээр нүүрсний экспортын хэмжээ дагаж л өснө. Нэг зүйлийг хэлэхэд бид нүүрсээ түүхийгээр экспортлож байна. Төрөөс дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гаргаж, олон улсын стандартад нийцсэн жишиг үнээр борлуулах бодлого барьж байгаа шүү дээ. Тийм ч учраас нүүрсний уурхайнуудын одоогийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, хянаж үзэхдээ гол нь боловсруулах үйлдвэрийг яаж барих нь вэ.

Ямар хүчин чадлаар ажиллах, ямар бүтээгдэхүүн гаргах, нүүрс баяжуулах, угаах, боловсруулах үйлдвэрийг байгуулах нь вэ гэдгийг цогцоор нь авч үзэж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд үе шаттайгаар шийдэгдэнэ. Зөвхөн цаг хугацааны л асуудал. Тодорхой үе шаттайгаар хагас боловсруулсан, гүйцэд боловсруулсан гэхчлэн нүүрсний бүтээгдэхүүнүүдийг гаргана. Бид цаашдаа түүхий нүүрс бараг гаргахгүй.

Хятад улсын коксжих нүүрсний импортын хэрэглээнд Монгол улсын эзлэх байр суурь улам нэмэгдсээр байна. Ази тивд нүүрсний экспортоороо Австрали, Индонези улсуудын дараа гуравдугаарт Монгол улс орж байгаа шүү дээ. Бидэнд Индонезийг түрүүлж гүйцээд, Австралитай зэрэгцэх, бүр давж гарах боломж бий. Хятад улсын импортын нүүрсний хэрэгцээний тал хувь буюу 50-иас илүү хувийг Монголын нүүрс эзлэх боломж ойрын үед бүрэн байна. Бид өөрсдөө ч, гадаадын шинжээчид ч тодорхой судалгаа, прогноз дээрээс ийм төлөв харагдаж буйг хэлж байна.

- Тэгэхээр Монгол улс дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийг тодорхойлохуйц, том тоглогч болох цаг ойрхон байна гэж болох уу?
- Тэгэлгүй яахав. Монгол улс зөвхөн Хятадын биш дэлхийн нүүрсний экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийг тодорхойлохуйц том тоглогч болж гарч ирэх нь гарцаагүй болчихсон. Бид одоохондоо түүхий нүүрс гаргаж байна. Түүхий учраас үнэ нь хямд байгаа. Цаашид угаагаад, хагас, гүйцэд боловсруулаад гаргахад үнэ нь 2, 3, 4 дахин нэмэгдэнэ. Мөн тээврийн зардлаас хамаарч, нүүрсний үнэ нэмэгддэг.

Өмнөговь дахь нүүрс экспортлогч компаниудаас нэг тонн нүүрсийг хил дээр аваачихад тээврийн зардал нь 19 доллар. Өвөрмонголд аваачихад 25 доллар, Тяньжин далайн боомтод аваачихад 33 доллар. Солонгос, Япон руу очихоор 40-50 доллар болох жишээтэй. Тэгэхээр нэг тонн нүүрсний үнэ боловсруулалтын үе шатнаасаа, тээврийн алслалтаасаа хамаараад янз бүр. Үүнийг ялгаж, салгаж ойлгохгүй. Нэг тонн нүүрсийг 20 доллараар өгөөд байх юм гэж ойлгодог, ярьдаг хандлага байна. Энгийнээр хэлэхэд гурилыг 1, 2 дугаар гурил, дээл гурил гэж ангилдаг. Үнэ тогтоодог шүү дээ. Тэгэхээр нүүрсний ангилал, боловсруулалтаас хамаарч үнэ өөр өөр байна. Тээвэрлэлт алслагдах тусам зардлууд нэмэгдэнэ. Боловсруулалтын үе шатнаас хамаарсан нүүрсний өөрийн үнэ нь байна. Хагас коксжсон, угаасан, баяжуулсан, цэвэр коксжсон гэдгээс хамаарч үнэ нь янз бүр байна.

- Экспортын нүүрсний үнийг тогтоохдоо Хятадын Засгийн газраас тогтоосон үнийг жишиг болгодогт хувийн хэвшлийнхэн сэтгэл дундуур байдаг шүү дээ. Түүхий, тээврийн зардал ороогүй нүүрсний цэвэр үнэ хэд байна вэ?
- Тонн нүүрсний үнэ уурхайн аман дээр 20-30 ам.доллар байгаа бол, хил дээр очиход тээврийн зардал нь нэмэгдээд 50, 60, 70 ам.доллар болох жишээтэй. Хил давахаар мөн үнэ нь нэмэгдээд явчихна. Гол нь бид түүхий нүүрсээ экспортлож байгаа учраас үнэ нь харьцангуй доогуур байна шүү дээ.

Тиймээс түүхий нүүрсний экспортоос аажимаар татгалзаж, бүр цэглэнэ. Нүүрсээ угаана, баяжуулна, хагас болон бүрэн коксжуулах бүх ажлыг төрийн бодлогоор хийгээд явна. 2020, 2025 он гэхэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн олон улсад экспортлогч улс болох зорилготой байна.

- Боомтуудыг 24 цагийн горимд шилжүүлсэн. Гэхдээ энэ нь нэг зах зээл рүү чиглэсэн арга хэмжээ л дээ. Шинэ төмөр зам баригдахаар боомтын нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой, шийдэх ёстой шинэ асуудлууд мэдээж үүснэ.
- Засгийн газрын тогтоол гарч, боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тодорхой үе шаттай ажлууд хийгдэж байна.

Ер нь нүүрсний үйлдвэрлэлийн асуудал гэхээсээ улс орны геополитикийн асуудал. Тиймээс тэнцвэржилт заавал байх ёстой. Одоо бол зам хаашаа байна. Тийшээ л явж байна. Зөвхөн Хятад руу тээвэрлэж байна. Гэхдээ ОХУ-аар дамжин усан боомтуудад хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын магистрал шугамууд нэгэнтээ батлагдчихсан. Хоёр хөршөөрөө дамжсан хоёр гарцтай байх нь төмөр замын бүтээн байгуулалт хэр хурдацтай явахаас л шалтгаалах болоод байна. Хоёр тийшээгээ гарцтай байх нь, нэг талын эрсдэлийг нөгөө тал нь нөхөж байх, тэнцвэржүүлэх, тогтвортой байхад маш чухал. Мэдээж бодлогын хувьд хэрэгжээд эхэлчихсэн учраас бодитой ажил болно шүү дээ.

Хойд хөрштэй тээврийн тарифын асуудал дээр бүрэн тохиролцох шаардлага байна. Тэгж байж ашиг олно шүү дээ.

Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийн асуудал дээр урьдчилан тохиролцсон байгаа. Тиймээс бодитой ажил болно гэж үзэж байна.

- Монголын нүүрсийг Тяньжиний боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах талаар ярьж байна. Нүүрс экспортлогчид Тяньжинд чуулахдаа юу амжуулсан бэ?
- Тяньжиний тал манай улсад тодорхой хэмжээний талбайг хуваарилж өгсөн. Монгол улс түрээслэж байна гэсэн үг л дээ. Бид тэр талбайдаа нүүрсээ аваачиж, тэндээсээ борлуулалт хийх боломжтой. Тиймээс Тяньжин хүртэлх тээвэрлэлтийн асуудлаа ярьж байна. Энэ талаар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.

- Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлоход бэлэн гэж байна. Цаашид энэ ордыг түшиглэж, нэг бүр нь жилд 15 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурван том уурхай байгуулна гэж байна. Хэрэв бодитой ажил болвол манай улс жилд 100 сая тонн давсан нүүрс гаргах нь ээ?
- Манай улс цаашдаа жилд 100 сая, 200 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бий. Дэлхийд импортын нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг 5 орны 4 нь ази тивд байж байна. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг орнууд шүү дээ. Тэгэхээр ийм том 4 зах зээл байж байхад манай нүүрс асар их эрэлт хэрэгцээтэй байгаа нь ойлгомжтой.

Угааж, баяжуулна гэж ярихтай зэрэгцээд усны боломж хэр вэ гэдгийг гол анхаарах ёстой болоод байна. Ер нь ус бага шаарддаг технологи олон улсад шинээр нэвтэрч байна уу?
Аль болох бага ус хэрэглэх, дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг л бид ашиглах ёстой. Одоогийн судлагдсан төвшинд гүний усны нөөцөө ашиглана. Цаашдаа хуурай боловсруулалтын технологи нэвтрүүлэх. Мөн үйлдвэрт ашигласан усыг дахин ашиглах усны нөөцийн эргэлтийг бий болгох маягаар ажиллана.

Нүүрсийг угааж, боловсруулах өндөр технологиуд Герман, Америк, Австрали гэхчлэн нүүрс хэрэглэгч хөгжилтэй орнуудад бүгдэд нь л байж байна. Хятад улс ч нүүрсийг угааж, баяжуулах, боловсруулах чиглэлийн сайн технологиудтай байна. Тэгэхээр бид зах зээлийн зарчимаар л судалж, сонголт шийдэл гаргана.

- Оператор компаниар заавал гадаадын компанийг сонгох шаардлагагүй. Ер нь дэлхийд тийм жишиг байхаа больсон гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг. Нүүрсний, уул уурхайн салбарын инженер хүний хувьд таны байр суурь ямар байна вэ?
- Нэг л зүйлийг хэлнэ. Тавантолгой ордыг Монголчууд өөрсдөө л ашиглах ёстой. Бид өөрсдөө чадсаар байтал, заавал гадаадынханд өгөх гээд байдаг нь ямар учиртай юм бэ гэсэн хандлага байна л даа. Гэтэл энд маш олон хүчин зүйл байна. Дэлхийн төвшинд гаргаж ирнэ гэдэг зөвхөн Монгол улсаас хамаарахгүй байгаа шүү дээ. Нөгөө геополитикийн асуудал. Олон улсын тавцан дахь Монгол улсын харилцааны эрсдэл, тэнцвэржилт гэхчлэн анхаарах олон зүйл байгаа учраас, бид гадаадын томоохон мэргэжлийн компаниудыг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Нүүрсээ зайлшгүй хоёр хөршөөрөө дамжуулж, гадаад зах зээлд гаргана. Тэгэхээр энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр хөршийн оролцоо байх хэрэгтэй. Мөн Азийн эдийн засгийн хөгжлийн том түшиц Япон, Солонгос орнууд, мэдээж Америкийн том хүчтэй компаниудын оролцоо заавал байх шаардлагатай. Монгол улсын хөгжлийн төвшин, эдийн засгийн чадавхи, геополитикийн асуудал бүгдийг нь тооцоолж, хандахаас өөр аргагүй юм.

No comments:

Post a Comment