Friday, April 22, 2011

38 тэрбумын бараг 10 хувийг Монгол компани болон Монгол хүмүүс эзэмшиж байна

Хөрөнгийн зах зээлд Монголчууд маань идэвхтэй оролцож, Монголд байгаа давуу талаа ашиглаж чадвал боломж их байна гэж MICC хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ ярилаа. Хэрвээ та хувьцаанд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа бол түүний зөвлөгөө олон асуултад тань хариулт өгөх болно.

-MICC компани Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын бирж дээр бүртгэлтэй гадны компаниудын индексийг 2005 оноос гаргаж эхэлжээ. Индекс гаргаж байсан үеийг өнөөтэй харьцуулбал ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ?
-Тухайн үед “MICC mining index” арван хэдэн компанитай, 2.5 тэрбумын үнэлгээтэй байлаа. Одоо индекст 25 компани орж байгаа. Монголд явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээг нь гол шалгуур болгож сонгодог юм. Энэ хугацаанд ихэнх компани нь зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн компаниуд болж өөрчлөгдсөн байна. Компанийн тоо нэг их нэмэгдээгүй ч үнэлгээ бараг хорь дахин өссөн. Ямар их өсөлт гарсан нь эндээс харагдаж байгаа байх. Энэ хугацаанд Монголын хөрөнгийн бирж ч өссөн. Гэхдээ Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2 тэрбум доллар бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэлгээ 38 тэрбум ам.доллар байна.

2005 оныг эргээд харвал гадны уул уурхайн компаниудад монгол хүмүүсийн оролцоо огт байхгүй байсан гэж хэлж болно. Компаниуд хувьцаа гаргаад, ирээд л өрөмдчихөөд явчихдаг байсан. Одоо бол Австрали, Хонконг дээр гарч байгаа компаниуд их өөр бүтэцтэй болж байна. Монгол компани юм уу, монгол менежментийн баг хувьцааг нь эзэмшдэг компаниуд олноор нэмэгдэж байна. Монгол хувь нийлүүлэгч олонтой, ТУЗ-д нь монгол хүмүүс байдаг боллоо. 38 тэрбумын бараг 10 хувийг монгол компани болон монгол хүмүүс эзэмшиж байна. Энэ бол сайн үзүүлэлт.

-Монгол компани юм уу, монгол хүмүүс хувьцааг нь эзэмшдэг компаниудын жишээг дурдахгүй юү?
-“Аспайр майнинг”, “Хүннү каол”, “Петро матад”, “Харанга ресурс”, “Занаду майнс”, “Voyager resources” гээд олон компани бий. “Аспайр майнинг”, “Петро матад” бол нэлээд хувийг нь монгол хүмүүс эзэмшиж байгаагаараа онцлогтой компаниуд. Бараг 30-40 хувийг нь монгол хүмүүс эзэмшиж байгаа. Үүгээр би баялаг бий болж байгаа байдал арай тэнцвэртэй болж байгааг хэлэх гэсэн юм. Ашигт малтмалын баялгийг хувьцаагаар дамжуулж олон нийт хүртэх юм бол уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байх болов уу. 2006 онд уул уурхайн компаниуд руу их дайрсан шүү дээ. Хэтэрхий нэг талаа бариад байвал түүн шиг ойлгохгүй байдал гарахыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар уул уурхайн компаниуд ч гэсэн монгол хувь нийлүүлэгчдээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа монгол хүмүүст ойлгуулах талаар илүү их ажиллах ёстой юм уу гэж бодогддог. Бид ч гэсэн гадны уул уурхайн компаниудад тэгж зөвлөдөг.

-Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудын зах зээлийн үнэлгээ 2 тэрбум доллар байхад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэлгээ 38 тэрбум ам.доллар байна гэлээ. Уул уурхайн өсөлтийг дотоодын бирждээ хэрхэн “наалдуулах” ёстой вэ?
-Монголын Хөрөнгийн бирж дээр байгаа компаниудын санхүүгийн тайлан ил тод биш, засаглал тодорхойгүй, эзэд нь хувьцаагаа бөөгнүүлэх сонирхолтой байдаг. Хувьцаагаа задалж, хөрвөх чадварыг нь ихэсгэдэггүй. Энэ байдлаас болоод Монголын хөрөнгийн бирж сонирхолтой хөрөнгө оруулалт биш болчихоод байгаа юм. Гэхдээ Лондонгийн бирж менежмент хийснээр энэ байдал өөрчлөгдөх байх аа. Санхүү, засаглал нь ил тод болж, олон улсын стандарттай ижил болох байх гэж найдаж байна. Цөөхөн бөгөөд чанартай компаниудын хувьцаа гардаг болох болов уу.

Монголд ажиллаж байгаа компаниуд монголчуудад хувьцаагаа эзэмшүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс ч IPO хийхэд нь харилцагч нартаа зориулж тодорхой хэмжээний хувьцаа авахад дуртай өгдөг. Монгол хүмүүс хувьцааг нь эзэмшээд, компанийн хөгжилд нь санаа тавих юм бол Монголд ажиллаж байгаа учраас өөрсдөд нь хэрэгтэй гэсэн ойлголт байдаг л даа. Тийм ч учраас Монголын бирж дээр хувьцаагаа гаргая гэж “Айвенхоу Майнз”, “Саутгоби ресурс”, “Рэдхил” компаниуд хөөцөлдөж байсан. Бид ч гэсэн “Айвенхоу”-гийн хувьцааг гаргаж өгөх гэж таван жилийн өмнө нэлээд ажил хийсэн. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн стандарт, Үнэт цаасны хууль гадаадынхаас зөрдөг. Үндсэн зах зээлээ бариад явбал Монголын хуулийг зөрчсөн болох тул болгоомжилдог юм. Манай бирж Лондонгийн биржийн тусламжтайгаар маш хурдан нэг стандартад оруулчихвал энэ компаниудад давхар IPO хийж Монголын бирж дээр гарах байх.

Тэгвэл нэг давуу тал нь компаниуд бүх тайлан, мэдээллээ Монгол хэлээр гаргах үүрэг хүлээнэ. Энэ нь эргээд Монгол хүмүүст нээлттэй болж, хөрөнгө оруулахад илүү амар болох болно.

Нөгөөтэйгүүр, Монголын Хөрөнгийн бирж биржийнхээ хувьд сайжрах ёстой ч компаниудын санаачилга маш чухал. Бирж дээр сайн компаниуд байгаа ч хувьцаа хэтэрхий төвлөрчхөөд байна. 80-90 гаруй хувь нь нэг компани дээр төвлөрдөг. Бирж дээр байгаа компанийн удирдлагууд компанийнхаа ил тод байдал, засаглалыг сайжруулаад, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллээ сайн хүргэдэг болоод хувьцааныхаа бүтцийг задалж, өөр хувь нийлүүлэгчдийг оруулбал илүү их баялаг хуримтлагдах боломжтой. Үүнийг компаниудын томоохон хувь нийлүүлэгчид сайн бодоосой.

Дотоодын зах зээл дээр сайн ажилладаг компаниудад хамгийн тохиромжтой зах зээл нь мэдээж Монголын Хөрөнгийн бирж байх болно. Дотооддоо сайн танигдсан брэнд, сайн компанитай хүн бол Монголын бирж дээр хувьцаагаа гаргах нь илүү ашигтай. Монголд их өсөлт бий болж байна, ийм их баялаг бий болж байна гэхээр гаднаас хөрөнгө оруулагчид ч ирнэ. Лондонд байгаа хөрөнгө оруулагч, Японд байгаа хөрөнгө оруулагчид Монголын бирж дээрх хувьцаанд хөрөнгө оруулахыг сонирхох болно.

-Гэхдээ үүнийг хүлээхгүйгээр монгол хүмүүст Монголд бий болж байгаа уул уурхайн өсөлтөөс ашиг хүртэх, оролцох боломж хэр байна вэ?
-Боломж байна. Түүнийг бий болгохын тулд ч бид ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилд монгол компани болон хувь хүмүүс хувьцаанд идэвхтэй хөрөнгө оруулдаг болсон. Энэ нь эдийн засгийн байдал сайжирсантай холбоотой. Хоёрдугаарт, ММС Монголын үндэсний компанийн хамгийн том IPO-г хийсэн. Энэ нь монголчуудын хувьцааны арилжаанд оролцох сонирхлыг нэмэгдүүлсэн болов уу гэж боддог юм.

Бид ММС болон “Хүннү коал”, “Харанга ресурс”-ын IPO-д монгол хөрөнгө оруулагчдыг анхдагч зах зээлийн үнээр оруулсан. Эдгээр компанийн менежментэд монгол хүмүүс байдаг болохоор Монголчууд илүүтэй итгэж байсан л даа. Итгээд хөрөнгөө оруулсан хүмүүс ч алдаагүй. Ялангуяа өнгөрсөн жил IPO-д оролцсон манай харилцагчид маш ашигтай ажилласан. “Хүннү коал” гэхэд л IPO хийснээс хойш хувьцаа нь 8 дахин үнэд орсон. ММС IPO хийснээс хойших зургаан сарын дотор хувьцаа нь 40 гаруй хувиар үнэд орчихсон байгаа.

-Ер нь уул уурхайн компанийн хувьцааг ямар үед авбал ашигтай байдаг вэ?
-Хүмүүс хувьцаан дээр тоглоно гэж ярьдаг л даа. Тоглоно гэсэн үг буруу юм гэж би хэлэх дуртай. Энэ нь цаг хугацаагаа зөв олоод, хувьцааны судалгаан дээр үндэслэн ухаантай хөрөнгө оруулалт хийх юм бол ашиг олох боломжтой үйл ажиллагаа.

Ер нь уул уурхайн компанийн үйл ажиллагааны шатлалыг ажиглаж байхад үнэ цэн нэмэгдэх хэд хэдэн үе шат байдаг. Нэгдүгээрт, нөөц тогтооход үнэ цэн нэмэгддэг. “Айвенхоу майнз” компани Монголд ирэхдээ хувьцаа нь 2 доллар байсан бол нөөц олсны дараа 15 доллар хүртэл өсч байх жишээтэй. “Хүннү коал” компани нөөцгүйгээр бирж дээр гарсан. Жилийн хугацаанд 400 сая тонн нөөц олоод, одоо уул уурхайн ашиглалтын лицензээ авах гэж байгаа учраас хувьцаа нь 8 дахин үнэд орчхоод байна. “Аспайр майнинг” компани бас л арав дахин үнэд орчхоод байгаа. Энэ нь мөн л нөөц олсонтой холбоотой. Анх өрөмдлөг хийх гэж 2 сая доллар босгож байсан. Одоо нийт зах зээлийн үнэлгээ нь 500 сая долларын үнэлгээтэй болоод байна. 330 сая тоннын коксжсон нүүрс Монголоос олсон томоохон компани боллоо. Мөн “Петро матад” компанийн үнэ цэн өсч байна.

Дараагийн шат нь санхүүжилтэд шаардлагатай мөнгөө босгочихвол ТЭЗҮ-ээ боловсруулаад ашиглалтад ордог. Тэр үед нэлээд өсдөг. Энэ жил ашиглалтад орох компани гэвэл “Хүннү коал” байна. ММС үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэж байгаа нь хувьцааны өсөлтөд нөлөөлөх ёстой. “Мон Эн Ко” энэ жил ашиглалтад орох байх.

Ердөө нэг л жилийн дотор гарч байгаа өөрчлөлтүүд шүү дээ. Энэ амжилтуудын араас шинээр компаниуд IPO хийж гарч ирж байна. Энэ их ашиг хөрөнгийн зах зээл дээр дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл Монгол орны нэг давуу тал нь барууны стандартаар сайн хайгуул хийгдээгүй. Бүх нутгийн маш бага хэсэг буюу 20-30 хувьд л геологийн хайгуул хийгдсэн гэдэг. Тэгэхдээ маш өнгөцхөн гадаргуу дээрх судалгаа хийгдсэн гэж байгаа. Энэ компаниуд мөнгө босгон Австралийн технологи, аргачлалаар газрын гүн рүү өрөмдлөг хийж байна. Менежмент нь сайн байх юм бол орд олох магадлал ч өндөр байгаа.

-Та өсөлттэй байгаа компаниудын жишээг ярилаа. Хувьцаа эзэмшигчдээ эрсдэлд оруулж мэдэх бууралттай хувьцааны жишээг хэлээч? Хувьцааны үнэ буурахыг хэрхэн урьдчилж таамаглаж болох вэ?
-Өссөн юм буудаг. Дандаа өсөөд байхгүй гэдгийг хувьцаанд хөрөнгө оруулагчид сайн мэддэг. МIСС индекст орсон компаниудын дийлэнх нь уул уурхайн компаниуд. Уул уурхайн компанийн хувьцаа эдийн засгийн циклийг дагаж өсч, урууддаг. 2008 оны төгсгөлд болсон хямралаар хувьцаанууд огцом унасан. “Айвенхоу майнз”-ын хувьцаа 15 доллар хүрч байснаа хамгийн доод талдаа 1.65 доллар болсон. BHP, “Рио тинто” гээд маш олон компанийн хувьцаа ингэж унасан.

Гэхдээ дэлхийн эдийн засаг хямралаас харьцангуй хурдан гарлаа. Шалтгаан нь Хятадын эдийн засаг энэ хугацаанд саараагүй, харин ч хурдан өсч байсантай холбоотой. Энэ бол хамгийн их түүхий эд хэрэглэдэг эдийн засаг. Монгол улс энэ эдийн засгийн яг хажууд байгаа нь маш том давуу тал юм. Тиймээс ч хямрал Монголд харьцангуй бага нөлөөлсөн. Австрали уул уурхай өндөр хөгжсөн, маш их бүтээгдэхүүн экспортолдог орон. Хятадын эдийн засгийн өсөлт сайн байсан учраас том эдийн засгууд дотроос Австрали мөн л хямраагүй.

Тиймээс хувьцаанд хөрөнгө оруулахдаа эдийн засгийн мэдээнүүдийг сайн харах хэрэгтэй юм. Эдийн засгийн нөхцөлөөс гадна компанийн менежменттэй ч сайн танилцах хэрэгтэй. Хайгуулын компанийн хувьд өмнө нь ийм үйл ажиллагаа эрхэлж байсан туршлага байна уу, орд олох магадлалтай байна уу гэдэг нь менежментийн туршлагаас хамаардаг. Хайгуулын шатаа дуусгаад үйлдвэрлэл рүү орох гэж байгаа компаниудын хувьд нөөц олох уу, үгүй юү гэсэн эрсдэл байхгүй. “Айвенхоу майнз” компани одоо үйлдвэрлэлээ эхлэх гэж байна. Ашиглалтад хурдан орох тусмаа хувьцаа нь хурдан үнэд орно. Зэсийн үнэ өсөх прогнозтой байгаа үед хувьцаа нь дагаад үнэд орно гэсэн үг.

MIСС индекст байгаа байгаа компаниудаас үйлдвэрлэж байгаа нь их цөөхөн. ММС, “Саутгоби ресурс” хоёр л байна. Энэ нь Монголын уул уурхай дөнгөж эхэлж байгааг харуулж байгаа хэрэг.

Уул уурхайн компаниудын хувьцааны үнэ нь ихэнхдээ төслийн хөгжлийн үе шатаас нь хамааран өөрчлөгдөж байдаг.

Хувьцааны үнэ

http://stat.gogo.mn/news/2011/4/21/4.21.jpg

-Танай хувьцааны судалгааны баг “Винсвэй” компанийг судалж байгаа юм байна. Энэ компанийг сонгох болсон шалтгаан нь юү вэ?
-Судалгааны дүн хараахан гараагүй байна. Монголд байгаа уурхайнууд дэд бүтцээс хол. Дээр нь хөрөнгө оруулалтаа багаар эхлээд аажимдаа нэмэгдүүлэх замаар явж байгаа учраас энэ нь Хятадад төвтэй худалдааны компаниудад маш их боломжийг нээж өгч байна. “Винсвэй” компани гэхэд л Монголоос гаргадаг нүүрсний 70 хувийг худалдаж авдаг гэсэн мэдээ бий. Энэ компани Монголоос түүхий нүүрс худалдаж аваад боловсруулан өндөр ашигтайгаар зардаг. ММС компанийн өмнөхөн IPO хийсэн 2 тэрбум долларын үнэлгээтэй компани. Монголын нүүрсийг худалдаж аваад, угаагаад зарахад л ийм их ашиг олж байна.

Яваандаа компаниуд хөрөнгө оруулалтаа сайжруулан угаах үйлдвэрээ Монголдоо байгуулбал “Винсвэй”-гийн маржин багасна. Нөгөө талаар Монголын төмөр замын бодлого тодорхой биш, төмөр зам баригдаагүй учраас Хятадын тээвэр хийдэг болон худалдаж авдаг компаниудад маш их боломж гараад байгаа юм. Хэрвээ төмөр замтай бол дундын хэрэглэгч гарахгүй. Дундын зуучлагч, дамжуулагчгүйгээр шууд эцсийн хэрэглэгчдээ очих болно. “Винсвэй” компани дараагийн 3-5 жилдээ маш их ашигтай ажиллах бизнес олоод авчихсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү. Манай аналистын дүгнэлт хараахан гараагүй байгаа.

Энэ жил гарсаар бид ММС, “Хүннү коал” компанийн судалгааг хийсэн. IPO-д нь оролцсон учраас харилцагчдынхаа хүсэлтээр энэ хоёр компанийг сонгосон юм. “Винсвэй”-гийн тухайд нүүрсний зах зээлийг харж байгаад сонгосон. Маш том маржин үүсчихсэн энэ бизнесийг их ашигтай юм байна шүү гэдгийг хүмүүст хэлмээр санагдсан. 2005 онд Монголд байгуулагдсан компани маш богинохон хугацаанд 2 тэрбум долларын бизнестэй болчихсон байна. Цаашид ч өсөх магадлалтай байна.

Бид хувьцааны судалгаа хийгээд прогнозоор 20-иос дээш хувиар өсөхөөр гарвал худалдаж ав гэсэн дүгнэлт өгдөг. Дунджаар 10 хүртэл хувиар өсөхөөр байвал авсан бол хадгалж бай, аваагүй бол хүлээж бай гэж зөвлөдөг. Хэрвээ түүнээс доош хувьтай гарвал зарах хэрэгтэй гэсэн дүгнэлт өгдөг. Одоогоор судалгаа хийсэн хоёр компаниас “Хүннү коал”-ын хувьцааг энэ жилдээ олборлолт эхлэхтэй холбоотойгоор өсөх боломжтой, ММС-гийн хувьцааг энэ жилдээ 13 Хонконг доллар хүрэх юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Манай дүгнэлт гарснаас хойш “Хүннү коал”-ын хувьцаа нэлээд үнэд орчихсон байгаа.

-Танай анализ хийж байгаа хувьцаануудыг харахад дандаа өсөх ирээдүй, боломжтойг нь сонгожээ. Хувьцаа эзэмшигчдээ хамгаалах үүднээс эрсдэлтэй компанийг ч гэсэн орхигдуулж болохгүй биз дээ?
-Өөрийн чинь хэлж байгаа зөв л дөө. Хөрөнгө оруулалтын банк дандаа ав гэсэн зөвлөгөө өгөөд байвал хүмүүс итгэхээ больдог. Одоогоор бид сард нэг л компанийн хувьцааны судалгааг хийж байна.

Зарим компанийг гадны банкууд их судалдаг. “Мо Эн Ко”-гийн хувьцааг зарах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг “Стандарт чартерд” банк гаргасан байна лээ. “Саутгоби ресурс”-ийг гэхэд л бараг 10-аад банк судалдаг юм билээ. Бид заавал 11 дэх нь болж ороод яах вэ. Судлагдаагүйг нь судлахыг хичээдэг. Монголчуудын сонирхдог хувьцааны судалгааг гаргахыг боддог.

-Ер нь Монгол хүмүүс ямар компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?
-Монгол харилцагчид гадаадын бирж дээрх компаниудыг илүүтэй сонирхдог бол гадаадынхан Монголын бирж дээрх компаниудыг сонирхох хандлага ажиглагддаг. Гадаадын бирж дээрх компаниудад монголчууд хөрөнгө оруулах дуртай байдгийн гол шалтгаан нь мэдээлэл ил тод бөгөөд байнга гардаг, хувьцааны хөрвөх чадвар сайнтай холбоотой. Нэгээс хоёр минутад л хувьцаагаа заръя гэвэл зараад, авъя гэвэл авчихна. Бүсийн хэмжээгээрээ авах ч, зарах ч боломжтой. Тиймээс гадны бирж дээрх компаниудын хувьцааг илүүд үздэг юм.

Монголын хөрөнгийн бирж дээр нэлээд хэдэн уул уурхайн компани байгаа. Нийт зах зээлийн үнэлгээ нь 1.6 тэрбум доллар. Эдгээрээс “Тавантолгой” ХК л ашигтай ажилладаг. Бусад нь үйлдвэрлэл явуулдаг ч ашигтай ажилладаггүй. Энэ нь нүүрсний үнийг төрөөс зохицуулж байгаатай холбоотой. Цахилгааны үнийг чөлөөлөхөөр яваандаа ашигтай болох байх. Гадны хөрөнгө оруулалтын сангууд ч хувьцааг нь нэлээд авч эхэлж байна.

-Дотоодын бирж дээрх компаниудын хувьцааг сонирхож байгаа хүмүүст мэргэжлийн байгууллагын анализ их дутагдах юм. Монголынхоо бирж дээрх компаниудын хувьцаанд судалгаа хийдэггүй юм уу?
-Бид судалгаагаа анх Монголынхоо бирж дээрх компаниудаас эхэлсэн юм. АПУ, “Говь” компанийн судалгааг хийсэн. Дараа нь харилцагчдынхаа хүсэлтээр гадаадын бирж дээр байгаа компаниудын судалгааг хийж эхэлсэн юм. Монголын бирж дээр байгаа компаниудад судалгаа хийх хүсэлтээ тавихад зарим нь ойлгодоггүй. Яагаад судалгаа хийх гэж байгаа юм, мэдээлэл өгөх үүрэг бидэнд байхгүй, та нарт ч шаардах эрх байхгүй гэх байдлаар ханддаг л даа. Гэтэл гадны компаниуд маш сайхнаар хүлээж авдаг. Бүх менежментээрээ уулзаад, мэдээллээ гаргаж өгдөг учраас ажиллахад амар байдаг. Монголын бирж дээр мэдээллээ чөлөөтэй хуваалцсан компани дээр судалгаа хийхгүй бол бидний дүгнэлт үнэн зөв гарч чадахгүй.

АПУ, “Говь” компани нь олон улсын аудитаар тайлангаа баталгаажуулсан учраас бид судалгаа хийсэн. Менежменттэй нь ойрхон ажиллаж чадсан. Бид саяхан “Говь” компани дээр өмнө хийж байсан судалгааныхаа мэдээллийг шинэчилж тавьсан. АПУ-гийн судалгааныхаа мэдээллийг шинэчилнэ. “Тавантолгой” ХК-ийг ойрын үед судлах зорилт тавьж байна. Бидний бодлоор “Тавантолгой” ХК сонирхолтой хөрөнгө оруулалт байж магадгүй. Гэхдээ нөөц нь хэд болох нь ил биш болохоор хөрөнгө оруулалтын дүгнэлт гаргаж чадахгүй байна л даа. Монголын бирж дээр байгаа компаниудын нөөц их тодорхой бус байдаг. Гадаадад ЖОРК стандарттай учраас тооцоо шинжилгээ хийгээд, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхөд их амар байдаг л даа.

-Энэ жил шинээр гарах IPO-д харилцагчдаа оролцуулах төлөвлөгөө бий юу?
-Торонто дээр гарах 2 ч IPO-д оролцохоор ярьж хэлэлцээд явж байна. 2-3 сарын дотор Торонтогийн бирж дээр нүүрсний хоёр компани гарах юм билээ.

Ярилцсан Н.Ариунтуяа

No comments:

Post a Comment