Friday, April 22, 2011

Говийн бүсэд дэлхийн жишигт нийцсэн зам барина

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хэрэгжиж буй дэлхийн хэмжээний төсөл Оюу Толгой бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэд бүтцийг бий болгоход анхаарч ажилладаг, Энэ зорилтын хурээнд Оюу Толгойгоос Гашуунсухайт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозам тавихаар тендер зарласан бөгөөд сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Тендерийн хоёр багц буюу 46.4 км замын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан 'Монроуд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл, Оюу Толгой ХХК-ийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Жонсон нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Оюу Толгой төслийн талбайгаас. Гашуунсухайт хүртэл тавих хатуу хучилттай зам олон улсын стандартад нийцсэн, тээвэрлэлтийн даацыг хангахуйц жишиг чанартай болно гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж байв. Тодруулбал, замын хатуу хучилтын өргөн найман метр, хучилтын зузаан 12 см аж. Энэ нь замын хучилт таван см байдаг манай улсын стандартаас илүү үзүүлэлт юм. Ер нь замын хучилтын хийц өндөр төвшний, дээд зэргийнх агаад дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлсэн анхны зам болохыг талууд онцолж байна. Үүний зэрэгцээ зам барих бүтээн байгуулалтад олон ажлын байр шинээр бий болох нь. "Монроуд" ХХК гэхэд л энэ төсөлд 320 гаруй хүнийг ажиллуулах юм байна. Цаашлаад 100 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ. Тэднийг орон нутгаас, нийслэлээс, бусад аймгаас сонгон шалгаруулж ажиллуулах юм.

Зам дагаж хөгжил ирдэг. Оюу Толгойгоос Гашуунсухайтыг чиглэсэн, ирэх оны сүүлээр ашиглалтад оруулах 96.8 км хатуу хучилттай автозам бүс нутагт, говийн алслагдсан сумдад хөгжил авчрах нь гарцаагүй. Ер нь бүс нутгийн төвшинд олон улсын жишиг, стандартад нийцсэн автозам барина гэдэг олзуурхах үзүүлэлт юм.

Г.НАРАНГЭРЭЛ: АВТО3АМ БАРИХ ТӨСӨЛД МАНАЙ 400 ГАРУЙ ХҮН АЖИЛЛАНА

Оюу Толгойгоос Гашуунсухайт хүртэлх 96.8 км хатуу хучилттай автозам барих сонгон шалгаруулалтад ялсан "Монроуд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Говийн бүсэд олон улсын стандартын дагуу автозам барих гэж байгаа юм байна. Оюу Толгой ХХК-ийн зүгээс ямар шаардлага, шалгуур тавьсан бэ?

-Төслийн талбайгаас Гашуунсухайт хүртэлх 96.8 км автозамын 46.4 км-ийг манай компани барина. Замын ажлын гэрээнд сая гарын үсэг зурлаа. Оюу Толгой ХХК хамтран ажилладаг, ханган нийлүүлэгч компаниуддаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, гүйцэтгэх ажил нь олон улсын стандартад нийцсэн байх шаардлага тавьдаг. "Монроуд" үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр Оюу Толгойн шалгуур, стандартын дагуу ажлаа гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

-Автозамыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Замын стандарт, чанарын үзүүлэлтийн талаар тодруулна уу?

-Замын ажлыг энэ оны тавдугаар сард эхэлж, ирэх оны аравдугаар сард дууссахаар төлөвлөсөн. Энэ замын хатуу хучилтын өргөн найман метр, хучилтын зузаан 12 см. Хучилт хоёр үетэй, дороо цементээр бэхжүүлсэн дайрган суурьтай, хүнд даацын ангилалд багтана. Ер нь замын хучилт маш нарийн, өндөр хийцтэй. Чанар, стандартын үзүүлэлтээрээ олон улсын жишигт нийцсэн, Монголын стандартаас давуутай. Ийм өндөр зэрэглэлийн зам барихын тулд манайх стандартаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. "Монроуд" ХХК энэ өөрчлөлтөд бэлэн. Учир нь бид олон улсын чанарын удирдлага, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгуй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

-Oюy Толгой төслийн бүтээн байгуулалтад өмнө нь оролцож байсан уу. Энэ удаа зам барих төсөлд хэчнээн ажлын байр бий болох вэ?

-Манай компани Оюу Толгойтой жил гаруй хугацаанд хамтран ажиллалаа, туршлагатай, чадавхитай боллоо. Гашуунсухайт хүртэлх автозамын төсөл тав дахь ажил. Өнгөрсөн жил Оюу Толгойн нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасын ажпыг хийж гүйцэтгэсэн. Өнөө жил мөн нисэх онгоцны буудлыг олон улсын жишигт нийцүүлэх ажлын тендерт материалаа бүрдүүлж өгсөн. Эцсийн шалгаруулалт аравдугаар сард болно. Ажиллах хүчний хувьд замын төсөл дээр 300 гаруй хүнтэй баг ажиллана. Нэмж 100 гаруй хүн ажилд авна. Тэднийг сонгох шалгаруулалт удахгүй эхэлнэ.

2011/04/2

No comments:

Post a Comment