Friday, April 22, 2011

Х.Бадамсүрэн: Оюутолгой, Тавантолгой дэд бүтэцдээ чөдөрлөгдөөд байна

.Бадамсүрэнтэй Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудлаар ярилцлаа.

-Оюутолгойн гэрээ үзэглэгдээд нэлээд хугацаа өнгөрлөө. Тухайн үед УИХ-аар хэлэлцэж, Засгийн газраар хянагдсан ч сайнгүй гэрээ болсон бололтой. Эцэст нь засаж, сайжруулахаар болж байна. Та тухайн үед Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч байсан шүү дээ. Ямар тайлбар хийх вэ?

-Оюутолгойн зэс, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэд хэдэн удаа УИХ-аар хэлэлцсэн. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргасан. 2008 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Оюутолгой, Тавантолгойн ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг нь баталсан. Удирдамжид Монгол Улсын Засгийн газраас баримтлах үндсэн зарчмыг тодорхой тусгасан. Гол нь Монголын талын хувь эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгаж хэрэгжүүлэх гэсэн заалт бий. Мөн ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг бүрдүүлэх арга замыг зааж өгсөн. Энэ нь зарчмын гол шийдвэр юм.

Мөн ордыг ашиглахтай холбогдуулан шинээр баригдах эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж гээд дэд бүтэцтэй холбоотой барилга байгууламжийн асуудлыг хэрхэх талаар тусгасан юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшлийн онцлогтой уялдуулж хот тосгоны асуудал, нийгэм, соёлын зориулалттай барилга байгууламжийн асуудлыг онцгойлж авч үзэх ёстой гэдгийг дээрх удирдамжид тусгаж өгсөн.

-Энэ тайлбар гэж үү?

-Ер нь уул уурхайн асуудлыг ярихаар зайлшгүй байгаль орчинтой холбоотой асуудал хөндөгддөг. Ийм учраас тэр асуудлаа ч мөн тусгаж өгсөн. Үүний дагуу Засгийн газар гэрээний төслийг боловсруулж, УИХ-д танилцуулсан. Танилцуулсных нь хүрээнд авч үзээд УИХ зарчмын шийдвэрийг нь гаргаж өгсөн юм. Гэрээнд гарын үсэг зурах асуудлыг Засгийн газар хариуцах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгэхгүй бол ямар 76 хүн гарын үсэг зуралтай биш. Мэдээж үг үсэг, утга найруулга гэхчлэн нарийн тоо баримтуудыг УИХ-аар хэлэлцэж болох ч гарын үсэг зурахгүй байгаа тохиолдолд бас асуудал бий. Иймээс Засгийн газарт энэ эрхийг нь шилжүүлэх ёстой гэж шийдвэрлэсэн. Ингээд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй юм гэж үзээд 2009 оны дундуур Засгийн газраас боловсруулсан саналыг хэдэн талаас нь нухацтай хэлэлцсэн. Ингээд мөн оны долоодугаар сарын дундуур УИХ-ын 57 дугаар тогтоолыг гаргасан. Тогтоолын гол нь Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоож өгсөн явдал. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-аас доошгүй болгож нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагч нартай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу л гэрээ хэлэлцэл хийгдэж, байгуулагдсан.

-Гэтэл эрдэмтэн, судааачид Оюутолгойн гэрээ муу болсон. Цуцлах ёстой гэдэг дээр санал нэгдэх боллоо шүү дээ?

-2008 онд УИХ-ын 40 дугаар тогтоол гарсан. Тогтоолд Монгол Улсын үндэсний эрх ашиг, иргэдийн язгуур эрх ашигт нийцүүлж гэрээг байгуулах зарчмын асуудлыг тусгаж өгсөн. УИХ өөрийн бүрэн эрхийнхээ дагуу зөв зүйтэй, алсыг харсан шийдвэр гаргасан гэж бодож байна. Мэдээж гарын үсэг зурагдсан гэрээний талаар асуудал яригддаг. Гэрээг сайжруулах талаар Засгийн газар, холбогдох яамд ажиллаж байгаа. Энд анхаарч үзвэл зохих асуудлууд бий. УИХ ямар ч байсан зарчмын удирдамж, чиглэлийг нь гаргаад өгсөн.

ОЮУТОЛГОЙГООС ЖИЛД 60 САЯ ТОННООР ОЛБОРЛОХ НЬ

-Хоёр толгой батлагдсантай холбоотой бүгээн байгуулалтын ажлууд өрнөх учиртай. Гэтэл Оюутолгой дээр мөн л энэ асуудал орхигдсон гэх мэдээлэл байна?

-Гэрээ байгуулагдаад, үүний дагуу бүтээн байгуулалтын асуудал эхэлсэн. Том цогцолборыг барьж байгуулахад их хөрөнгө шаардлагатай. Хугацаа ч хэрэгтэй. Тэгэхээр ямар ч байсан бүтээн байгуулалт нь эхлээд яваг. Одоогийн байдлаар Тавантолгойн орд дээр бүтээн байгуулалтын асуудал эрчимтэй явагдаж байна. Гол нь манай улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох далд уурхай баригдаж байна. 1500 орчим метрийн гүнд үйл ажиллагаа явагдана. Дутагдалтай асуудлууд бий.

-Оюутолгой ордыг жилд 60 сая тоннын хүчин чадлаар зөөвөрлөх талаар вэб сайтдаа мэдээлсэн байсан. Ийм хүчин чадлаар ажиллах нь хэр оновчтой вэ?

-Манай улсын хувьд шинэлэг технологи. Мөн баяжуулах фабрик баригдаж байна. Баяжуулах фабрикийн хувьд хөрөнгө оруулагч тал 60 сая тоннд жилийн хүчин чадлыг хүргэнэ гэсэн ийм үндэслэл тооцоо байдаг. Тэгэхдээ энэ нь амаргүй. Оюутолгойн зэс алтны ордыг бид ил болон гүний аргаар хослуулан ашиглах хэрэгтэй. Голдуу гүний аргаар ашиглах төлөв байдал ажиглагдаж байгаа. Энэ нь уг ордынхоо уул, геологийн нөхцөлтэй холбоотой асуудал. Ингээд үзэхээр олборлолтын хувьд ч, баяжуулах фабрикийн хүчин чадлын хувьд бололцоо тааруу. Харин 60 сая тоннд хүргэнэ гэдэг амаргүй.

-Тэгвэл мэргэжлийн хүний хүчин чадлын хэмжээ хэд байвал зохистой вэ?

-Жилийн олборлон, баяжуулах хүч чадал 30 сая тонн байхад боломжийн. Уул, геологийн нөхцөлтэйгөө ч уялдана. Үүнээс олох үр, ашиг ч сайн байна.

-Магадгүй 60 сая тоннын хүчин чадлаар 27 жилийн дотор хамаг баялгийг шавхаад гарах нь гэсэн эрдэмтдийн үг оргүй бололтой. Гэтэл гэрээ 30 жилээр хийгдчихсэн байдаг?

-Монголын төрийн хувьд урт хугацаанд энэ үйлдвэрийг ашиглах, үйл ажиллагаа нь хэвийн, жигд байхыг баримталж буй. Нэг жил үйлдвэрлэл нь хэтэрхий өсч, дараа жил нь ахиж уруудаж, буугаад байх ийм байдал зохисгүй. Магадгүй 40 сая тоннд хүргэж болох юм. Түүнээс биш 60 сая тонн гэдэг аль ч талаас нь бодсон оновчтой хүчин чадал гэж үзэхгүй байна.

-Үнэхээр гэрээний хугацаа дуусахаас өмнө зөөгөөд гарахгүй гэх баталгаа бий гэж үү?

-Томоохон ордуудыг ашиглахад оруулж байгаа хөрөнгөтэйгөө уялдуулж, үржиж тооцож байгаа үр ашгаа тооцож энэ үндэслэлийг гаргадаг. Энэ үндэслэл тооцооны үндсийн үндэс нь геологийн нөөц баялаг. Геологийн нөөц баялгийг хэмжээ хязгаартай нь уялдуулж, уул геологийн нөхцөлийг нь бодож яаж ашиглах уу гэдгийг урьдчилж тооцох ёстой. Мэдээж урьдчилж тооцсон байх. Мэргэжлийн хүний хувьд хамгийн оновчтой хүчин чадал нь 30-35 сая тонн гэдэг их боломжийн дүр зураг харагдаж байгаа юм. Нөөцийг тал талаас нь үзээд яавал газрын хэвлийд байгаа баялгийг хаягдал багатай ашиглах уу гэдгийг бодох ёстой. Үүн дээр анхаарал тавьж байгаа. Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын хувьд эцсийн шийдвэрээ гаргасан. 57 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа талаар дээрх ажлын хэсэг үзнэ. Санал, дүгнэлтээ байнгын хороонд танилцуулна. Өнгөрсөн долоо хоногт болсон Эдийн засгийн байнгын хуралдааны үеэр Д.Зоригт даргатай санал солилцсон. Ямар чиглэл тохирсон гэхээр Оюутолгой, Тавантолгойтой холбогдож гарсан УИХ-ын 40, 57 дугаар тогтоол, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлаар гаргасан 2010 оны долоодугаар сард гарсан 39 дүгээр тогтоол том бүтээн байгуулалтын гол зарчмыг шийдвэрлэдэг. Иймээс үүний биелэлттэй танилцахаар шийдвэрлэсэн. Одоогоор холбогдох материалтай нь танилцаж байна. Шаардлагатай гэвал ажлын хэсэг газар дээр нь очиж танилцана.

-Оюутолгойн ТЭЗҮ өнөө хэр нь Эрдэс баялгийн зөвлөлөөр эцэслэн батлагдаагүй байна. Ийм байхад гэрээ үзэглэгдээд жил хэдийн өнгөрлөө?

-Энэ бол Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрдэс баялгийн зөвлөлийн асуудал. Энэ бүх ажлыг хийхэд Оюутолгойтой холбогдож дээрх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй. Монголын төрөөс баримтлах зарчмыг тодорхой тусгасан. Toгтоолын дагуу Засгийн газар ажиллах учиртай.

-Оюутолгойн камбинатын ашиглалтад орох хугацаанд өөрчлөлт орж байгаа гэл үү?

-Оюутолгойн камбинатын ашиглалтад орох хугацааг 2013 он гэж тооцож байсныг талууд ярилцаад 2012 он болгож наашлуулахаар боллоо.

Гэтэл замын асуудал ээдрээтэй. Төмөр зам, Оюутолгойтой холбогдсон авто зам эхлээгүй. Гол нь эрчим хүчний асуудал. Мандалговь Тавантолгой, тэндээсээ Оюутолгой руу татах 220 квт-ын эрчим хүчний асуудал хоцрогдож байна. Шуудхан хэлэхэд, Монголын тал хариуцаж хийх ажлууд маш удаашралтай. Цаашид иймэрхүү байддаар ажиллах нь зохисгүй. Энэ утгаараа Өмнөговь аймгаас сонгогдсон гишү^^д саналаа боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн.

МОНГОЛЫН ТАЛЫН АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА

-Та бүтээн байгуулалтын ажилтай ойрын хугацаанд газар дээр нь очиж танилцсан уу?

-Чуулганы завсарлагаанаар нэг бус удаа бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцсан. Тэгэхэд нь холбогдох яамдын хүмүүс явсан. Мэргэжлийн хүний хувьд үйлдвэрлэлийн талын бүтээн байгуулалт явагдаж байна. Одоо Оюутолгойтой холбогдох, барьж байгуулах хотын асуудал эхлээгүй байна. Нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламжийн асуудал үндсэндээ орхигдлоо. Дэд бүтцийн асуудал ч мөн орхигдсон харагдсан.

-Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл хуралдсан гэсэн. Ямар асуудал хэлэлцсэн бэ. Энэ талaapaa тодруулахгүй юу?

-Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр (уржигдар) боллоо. Хурлаараа том бүтээн байгуулалттай хапбогдуулж дэд бүтцийн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр нухацтай яралцлаа. Эрчим хүч, авто болон төмөр замын асуудлыг мэргэжлийн хүний хувьд, зөвлөлийн даргын хувьд саналаа боловсруулсан байсан. Үүнийгээ өчигдөр хэлэлцүүллээ. 2011-2016 он хүртэл ямар ажил хийхээ он, оноор нь хуваарилж, график гаргалаа. Үүнийгээ орон нутгийнхаа иргэдтэй санал солилцохоор энэ долоо хоногийн сүүлээр аймаг руугаа явна.

-Тухайлбал, энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ онд эрчим хүчний хувьд Мандалговь-Тавантолгой хүртлэх 220 кв-тын шугамыг барина. Улмаар Тавантолгой-Оюутолгой руу тэр шугамаа үргэлжлүүлэх юм. Мөн Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын шугамыг барих шаардлагатай. Түүнчлэн Оюутолгойн бүтээн байгуулалт яригдаж байна. Гэтэл Ханбогд сум өндөр хүчдэлд холбогдоогүй, харанхуй байх жишээтэй. Ойр орчимд нь буюу 110 км-ийн радиуст байрлах Манлай, Баян-Овоо сум харанхуй байна. Энэ сумдыг өндөр хүчдэлд холбох зорилтууд дэвшүүллээ. Харин авто замын хувьд Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын замыг 2010 оноос эхлэн төсөвт тусгасан. Үүний өмнө 2-3 жил ярьсан. Гэтэл ямар ч ахиц, өөрчлөлт алга. Үүнийг түргэвчлэх шаардлагатай.

-Асуудлыг чухам яаж түргэвчлэх гэж. Засгийн газрыг шахаж, шаардсанаар асуудал шийдэгдэх үү?

-Үүнийг түргэвчлэх арга зам байна. Улаанбаатараас ганц зам тавиад байвал бас л урт удаан хугацаа шаарддагатай. Харин миний бодлоор Мандалговиос хоёр тийш нь тавиад Даланзадгадаас өөдөөс нь угтуулаад тавьбал илт үр дүнтэй юм, Тавантолгой-Гашуун сухайт хүртлэх нүүрсний зам замбараагаа алдлаа. Тэр олон салаа зам, утаа тоос нутгийн иргэдийг бухимдуулж, байгаль орчныг сүйтгэж дуусах нь. Иймээс тэр нүүрсний тээвэр явагдаж байгаа газарт хүн байтугай мал хүртэл тогтож байх арга алга. Иймээс тэр замын асуудлыг зайлшгүй түргэтгэх шаардлагатай. Мөн Оюутолгой-Гашуунсухайт хүртэл 100ш авто зам тавих ёстой. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа учраас аль болох дөт замаар, хямд өртгөөр техник тоног төхөөрөмж, материалаа оруулж ирэх хэрэгтэй байна. Гэтэл энэ ажил бас удаашралтай явагдаж байна. Иймээс зам харгуйн асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой. Иймээс хуваарийг нь гаргачихсан.

-Бас төмөр замын асуудал байна шүү дээ. Төмөр замын талaap төрөөс баримтлах бодлого батлагдаад жилийн нүүр үзэж байна. Хийгдсэн ажил байна уу?

-УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Тухайн үед нилээн л маргаан, мэтгэлцээн болсон. Тавантолгой-Оюутолгой-Зүүнбаян-Сайншандаар дамжиж Чойбалсан хүрэх төмөр зам бол Монгол Улсын хувьд том бүтээн байгуулалт. Засгийн газрын холбогдох хүмүүс УИХ-ын чуулганы хуралдаан дээр хоёр жилийн хугацаанд л барьчих юм яриад байсан. Гэтэл бодлого батлагдаад жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч км зам алга. Бүр тодруулбал, эхлээд Тавантолгой Гашуунсухайт, хоёрт Нарийн сухайт Шивээ хүрэнгийн замыг тавина гэсэн. Гэтэл өнөөдөр аль нь ч алга. Эцсийн дүнд Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалт эрчим хүч, авто болон төмөр замынхаа асуудлуудад чөдөрлөгдчихлөө. Цаашид бүтээн байгуулалт өрнөхөд зардал өндөр байна. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл ч их байна.

НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

-Та Ашигт малтмалын тyxaй төрөөс баримтлах бодлогын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй. Төрөөс нүүрсний талаар ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Нүүрсний талаар төрөөс баримтлах бодлогыг яаралтай цэгцлэх шаарддагатай байна. Техник, технологийн бодлого хэрэгтэй. Зах зээлийн талаар баримтлах бодлого хэрэгтэй. Монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлэх нарийн бодлого шаардлагатай. Тэгэхгүй бол нүүрсний арилжаа, борлуулалт замбараагүй явагдаж байна. Үүнийг цэгцлэх цаг болсон. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг ч хэлэлцэх ёстой. Ажлын хэсэг байгуулагдаад нэлээн судалгаа хийлээ. Урьд өмнө яригдаж байсан асуудлаар ч санал солилцлоо. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ашигт малтмалын төрөл бүрээр, дэд бүтцийн чиглэлээр, хотжилт, байгаль орчин, усны асуудлаар дэд хэсгүүд байгуулагдаад ажиллаж байна. Дэд хэсгүүд ч нэлээн судалгаа хийсэн. Ажлын хэсгийн гишүүд дотоодынхоо боломжийг нэлээн судаллаа. Гадаад орны туршлагыг ч судалсан. Иймээс Засгийн газраас оруулаад ирмэгц шууд хэлэлцээд явах боломжтой.

-Нүүрсийг авто замаар зөөвөрлөх ямар ч боломжгүй гэж та хэлж байсан?

-Нүүрсийг авто замаар зөөж бүтэхгүй. Иймээс зайлшгүй төмөр зам шаардлагатай. Энэ ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид хараад суугаад байх нөхцөл алга. Замаа түргэвчлэх хэрэгтэй. Бүс нутаг дахь байгаль орчин, тэнд амьдарч байгаа иргэн, малаа бодвол нүүрсний тээврийг зогсоох л шаардлагатай.

Ингэж байж л асуудлыг шийдвэрлэхгүй бол горьгүй нь. Мэдээж, экспортыг нэмэгдүүлж, ашиг олох ёстой. Гэхдээ энэ асуудлыг иймэрхүү байдлаар шийдвэрлэж болохгүй. Миний хувьд 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш л иргэд, сонгогчид ярьдаг, би асуудлыг тавьдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд бодитой үр дүн гарахгүй байгаад харамсаж байна. Цаашид энэ асуудлыг өргөн хүрээтэй тавьж, нэг мөр болгож шийдвэрлэхгүй бол болохгүй нь. Өмнийн говийн бүсийн асуудлыг цогц байдлаар авч үзэх хэрэгтэй. Дэд бүтцийн асуудлыг иж бүрэн, цэгцтэй, хурдацтайгаар авч үзэх нь зүйтэй юм.

-Магадгүй нүүрсийг төр зах зээлийн ханшаар худалдан авдаг тогтолцоо руу шилжвэл ямар вэ?

-Төр нүүрсийг борлуулна гэсэн асуудал байхгүй. Хувийн хэвшил, төрийн оролцоотой бол тэд өөрсдөө борлуулалтаа хийнэ. Гол нь үнийн бодлого. Олон улсын зах зээл дээр байр сууриа эзлэх бодлого л чухал.

-Ганц бодлого л тодорхойлж өгөх гэж үү?

-Бодлогыг нь л тодорхойлж өгнө. Тэгэхгүй бол дур зоргоороо хийцгээгээд байвал монгол нүүрс гэдэг стратегийн чухал бүтээгдэхүүний үнэ, цэнэ жинхэнэ утгаараа тодорхойлогдож чадахгүй байна. Нүүрснээс олох орлогыг боломжит хэмжээнд нь хүрч авч чадахгүй байна.

-Харин ч алтаа төрд тушаадагтай адил нүүрсийг тушаавал төсөвт ч нэмэртэй юм биш үү?

-Бүх юмыг төр өөр дээрээ авна гэдэг боломжгүй. Нүүрсний талаарх Монгол төрийн бодлого байх хэрэгтэй. Тэр бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн ажил явагдана.

“Нийгмийн толь”

No comments:

Post a Comment