Friday, April 22, 2011

Д.Зоригт: Том тавантолгойд сорчилсон ашиглалт явуулаагүй

Өнөөдөр 7 цаг 43 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр цахилгаан, дулааны үнэ, тарифт ямар үндэслэлүүдээр өөрчлөлт оруулсан талаарх танилцуулгыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хийсэн юм. Энэ асуудалтай холбогдуулж, дараах асуултад хариулт авлаа.

-Цахилгаан, дулааны үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг Зас­гийн газрын хуралдаанд та­нил­­­цууллаа. Хуралдаанаас гар­гасан шийд­вэрийн талаар тод­руулахгүй юу?

-Эрчим хүчний зохицуулах га­зар гэсэн бие даасан статустай байгуул­лага байдаг. Энэ байгуул­­лагын хувьд цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудалтай холбоотойгоор бие даасан шийдвэр гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрийг нь Шударга бус өрсөлдөөнийг хянан шийдвэрлэх газар хянаж, боломжтой гэж үзвэл, шийдвэр нь албан ёсны болдог. Нэг үгээр хэлбэл, одоо айл өрхүүдийн нэг квт цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ер нь нийт өрхийн цахилгаан хэрэглэгчдийн 60 хувь нь 150 квт цахилгаан хэрэглэдэг. Тэгэхээр 150 квт-ыг дөрвөн төгрөгөөр үржүүлэхээр сард цахилгааны үнэ өмнөхөөсөө 600 төгрөгөөр өсөх юм. Мөн 50 квт цахилгаан хэрэглэдэг өрх нэлээд бий. Эдний хувьд цахилгааны үнэ өмнөхөөс 200 төгрөгөөр л өсөх болж байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд цахилгааных нь хэрэглээг хоёр ангилсан. Тухайлбал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг квт цахилгааны үнэ 80 төгрөг байсныг 100 орчим төгрөг болгосон. Жишээ татъя, Дорнодын зүүн бүсийн цахил­гаан станц жилдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг. Алдагдлыг нь татаасаар улсаас нөх­дөг. Гэтэл алдагдал хаанаас үүсч байна вэ гэхээр, станц маань өөрөө 100 гаруй төгрөгийн үнээр цахилгаан үйлдвэрлэдэг хэрнээ эц­сийн хэрэглэгчдэд хүргэхдээ нэг квт-ыг нь 80 төгрөгөөр өгснөөс болж үүсч байгаа. Энэ нь ердөө гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн дөрвөн том компанитай холбоотойгоор үүссэн байдаг юм байна. Гэтэл эдгээр уурхай нь өөрс­дөө валютаар орлого олдог, экспортын үйл ажиллагаа явуулдаг, өөрсдөө зах зээлийн дагуу ажилладаг. Тийм байтал Дорнодын цахилгаан станцад улсаас татаас өгөөд байгаа нь зохисгүй гэж үзсэн. Ийм үндэслэлээр Эрчим хүчний зохицуулах газраас уул уурхайн үйлдвэрүүдийн хэрэглэх цахилгааны үнийг нэг квт тутамд 80-100 төгрөг болгож өсгөсөн байсан. Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд 80-88 төгрөгт хүрч нэмэгдсэн. Харин Цахилгаан тээврийн үнийг нэмээгүй, хуучнаар нь үлдээсэн байгаа. Мөн нийгмийн эмзэг бүлгийн өрхийн цахилгааны үнийг өсгөхгүй. Шөнийн цахилгааны үнийг өсгөөгүй, хуучнаар нь үлдээсэн. Үүн дээр нэмээд, аж ахуйн нэгжүүдийн дулааны үнийг огт нэмээгүй байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийн ду­лаа­­ны үнийг нэмээгүй нь ямар учир­тай вэ?

-Гол нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй гэж үзсэн юм. Дахин хэлье, Эрчим хүчний зохицуулах газар бие даасан байгуул­лага. Эрчим хүчний зохицуулах газрын дэргэд зөвлөлдөх хороо гэж бий. Зөвлөлдөх хороонд нь Үйлдвэрч­ний эвлэлийн орлогч дарга, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл багтдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд цахилгаан, дулааны үнэ тарифын өсөлтийг хэлэлцээд, “Тодорхой хэмжээнд нэмэхийг дэмжиж байна” гэж саналаа өгсөн юм билээ. Уг нь анх Эрчим хүчний зохицуулах газраас оруулж ирсэн саналаар бол айл өрхүүдийн цахилгааны үнийг нэг квт-ыг нь 88 төгрөг биш, 92 хүртэлх төгрөгөөр өсгөх санал гаргасан байсан. Шударга бус өрсөл­дөөнийг хянан зохицуулах газраас үнийг хянаж үзээд, 92 төгрөг хүртэл өсгөсөн байсныг хамгийн бага нь 71 төгрөг, хамгийн ихдээ 84 төгрөг хүртэл бууруулах шийдвэрийг гаргаж, шийдвэрлүүлсэн байгаа.

-Сүүлийн үед “Таван­толгойн ордыг сорчлон ашиг­лаж эхэллээ, орлогоо нуун, татварт бага хэм­жээний мөнгө өгч байна” гэсэн мэдээлэл ца­цаг­дах боллоо. Сал­барын яам хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Орон нутгийн өмчийн Таван­толгой ХХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг, 49 хувийг нь аж ахуйн нэгж эзэмшдэг. Хэвлэлээр гарсан мэдээллийн мөрөөр яамнаас тодорхой дүгнэлт гаргана, Улсын мэргэжлийн хяналтын газрынханг явуулна. Ашигт малтмалын газраас тус компанийн энэ жилийнх нь тайланг, өнгөрсөн жилийнхтэй авч үзэж, шалгана. Хэрэв хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаачлан сорчилсон үйл ажиллагаа явуулж байвал, шалгаж, газар дээр нь арга хэмжээ авна гэдгээ хэлэх байна. Өнөөдрийн байдлаар “Энержи ресурс” компани, Засгийн газрын мэдэл дэх “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэс Тавантолгой компаниудын мэдэлд байгаа газруудад сорчилсон ашиглалт явагдахгүй байгааг батал­гаатай мэдэгдэж байна. Яагаад гэвэл Техник эдийн засгийн үндэслэлийнх нь дагуу ажил явж байна уу гэдгийг шалгасан. Харин “Энержи ресурс”-ийн талбай дээр 12 мгв-тын цахилгаан станц баригдаж байгаа, удахгүй ашиглалтад орно. Энэ цахилгаан станцыг ашиглахад шатаах эрчим хүчний нүүрс тэнд байгаа учраас ашиглаж таарна.

-Тавантолгойгоос нүүрс тээ­вэр­­лэхийг зогсоочихлоо. Яам ямархуу байр суурь баримталж байна вэ?

-Өмнөговиос нүүрсний тээвэр­лэлт явуулж байгаа замыг хаах шийдвэрийг өмнө нь бид хэд, хэдэн удаа тавьж байсан. Хааж ч үзсэн, хаагаад холбогдох стандартынх нь дагуу барьсан авто зам барих ажил эрчимтэй явж байна. Авто зам ашиглалт оронгуут тээвэрлэлт эхэлнэ. Авто замын газраас энэ удаад ямар шалтгаанаар тээвэрлэлтийг хаасан бэ гэдгийг бид албан ёсоор тодруулна.

Г.ДАРЬ

No comments:

Post a Comment