Friday, April 22, 2011

Таван толгойн нүүрсний тээврийн замыг хаалаа

2011.04.21

Өчигдөр 11 цаг 3 минут

Үүнээс ямар үр дүн гарах вэ?

Ашигт малтмалын экспор­тын ид улиралд нүүрсний ол­бор­лолтыг тушсан нэгэн шийд­вэрийг Авто тээврийн газар гаргажээ. Салбарын сайд Х.Баттулгын үүрэгдсэний дагуу гэх тодотголтой энэ шийд­вэрийнхээ тухай тус газрын холбогдох албаны хүмүүс өчигдөр дуулгасан юм.

Энэ нь Тавантолгойд олбор­лолт явуулж буй Ухаа худаг, Тавантолгойн уурхайгаас Ца­гаан хад гэдэг газар хүртэлх замаар тээвэрлэлт явуулахыг хориглосон шийдвэр юм. Тус замаар өдөрт хүнд даацын 500-гаад машин нүүрс тээвэрлэдэг гэнэ. Тэдний зорчдог 254 км зам 6-8 салаа болж, өргөн нь нэг км авто замыг хамарчээ. Зуу зуун тоннын жинтэй авто машинууд хөлхсөнөөр тоос босч, шороо бужигнаж, орчин тойрон харагдах боломжгүй болдог байна. Улмаар авто машины осол гарч, хүний амь нас эрсдэх нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн онд тус замд 31 авто тээврийн осол гарч, 23 хүний амь нас хохирч байсан бол энэ оны эхний улиралд 12 осол гарч гурван иргэн амь насаа алдсан байна. Энэ мэт байгаль орчин болон хүний амь насанд ихээхэн хор уршиг учруулж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Одоогийн байдлаар газар дээр нь холбогдох албадаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тэд өнөөдрөөс уг замыг хаах аж.

Тавантолгой-Гашуун су­хай­тын чиглэлд уг шороон замын хажуугаар “Энержи ресурс” компани авто зам барьж буй. Энэхүү зам ашиглалтад орох хүртэл тус чиглэлийн уртын тээврийг хаах юм байна. Компанийн мэдэгдсэнээр замыг ирэх наймдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаа албаны хүмүүст мэдэгдсэн байна.

Харин Цагаан хаднаас хил хүртэлх замыг хаагаагүй бөгөөд тэнд хилээр гаргахаар буулгасан байгаа нүүрсийг тээвэрлэх 28 км зам нээлттэй үлдэж буй ажээ. Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын 10 талбай байдаг бөгөөд өдөрт 350 тонн нүүрс хилээр гаргана гэж тооцоход сар орчим хугацаанд экспортлох нүүрс тэнд байгаа гэнэ.

Нүүрсний уртын замыг хааснаар Монголын томд тооцогдох хоёр уурхайгаас гарах нүүрсний хэмжээ буурч магадгүй юм. Ид олборлолт явуулж, борлуулдаг улирлаар ийм шийдвэр гаргасан нь эдгээр компанид эдийн засгийн алдагдалд оруулж болзошгүй гэнэ. Тиймээс энэ талаар компаниудтай холбогдож байр суурийг нь авав.

“Тавантолгой” ХК-ийн гүй­цэт­гэх захи­рал Х.Түмэн­баяр:

-Одоогоор манай компа­нийн удирдлагад албан ёсоор мэ­дэгд­сэн юм алга. “Таван­толгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хэрвээ тээврийн замыг хаах юм бол мэдээж олборлолт, борлуулалтад сөргөөр нөлөөл­нө. Манай компани жилдээ 4.7 сая тонн нүүрс олборлон борлуулж улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх даалгавартай байдаг. Тэгэхээр бидний төлөвлөгөө тасалдахад хүрч магадгүй юм. Гэхдээ одоогийн байдлаар надад албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа учраас би бодит юм хэлж чадахгүй байна гэлээ.

Тус компани сард 300-гаад мянган тонн нүүрс олборлож 60 тэрбум төгрөгийн орлого олдог гэнэ. Нүүрсний тээв­рийн замыг хаах 3-4 сарын хугацаанд 180-240 тэрбум төг­рөгийн алдагдал дээрх ком­панид учрах бүдүүн хадуухан тооцоо харагдаж байна.
Харин “Энержи ресурс” компанийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуу­­дал хариуцсан захирал Ариу­наатай холбогдоход “Энэ асуудлыг хариуцсан алба­ны хүмүүс нь уурхай дээр ажиллаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломж­гүй “ гэсэн юм.

Тээвэрлэгч компаниуд ба гадаад ажилчид

Нүүрс олборлогч гол компанийн холбогдох хүмүүс ийн ярьж байна. Үүний цаана мөн тээвэрлэгч компаниудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Монгол, Хятадын нийлсэн 150 орчим тээврийн компани уурхайн тээврийн асуудлыг хариуцаж бизнес хийж буй. Зарим монгол иргэн хувиа­раа их хэмжээний зээ­лээр хүнд даацын авто ма­шин авч, нүүрсний тээвэр хийж амьжиргаагаа залгуулах нь бий. Ингээд бодохоор тээ­вэр­лэлтийн компаниуд, хувь хү­мүүс ч алдагдалд орж болзошгүй байгаа юм. Нөгөө талаас тээвэрлэлтэд голдуу хятад ажилчид байдаг. Монголын иргэдээ орлоготой болгох үүднээс тэднийг ажил­луулж болдоггүй юм уу гэсэн асуудал үүсч ч болох юм.

Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлт­сийн дарга С.Батболд:
-Манайд мэргэшсэн бо­ловсон хүчний асуудал бий. Одоогоор уг ажлыг хийх чад­вартай бэлэн мэргэшсэн жо­­лооч төдийлөн элбэг биш. Тиймээс бид үндэсний мэр­гэш­­­­­сэн жолооч бэлтгэж, нүүрс­­­­­­­­­­­­­­­­­­ний тээвэрт мон­­гол ажилч­­­­­­даа ажиллуулахаар шат да­раатай арга хэмжээ авч буй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамт­ран мэргэшсэн жолооч бэлт­гэхээр ажиллаж байна гэж ярьсан.

Цаашид яах вэ?

Тавантолгойд бос­сон тоос шо­роо, осол аваа­рыг ур­­­­­тын тээврийн замыг хаас­наар бүрэн шийдэхгүй гэж албаныхан хэлсэн. Юутай ч “Энержи ресурс”-ын авто замыг ашиглалтад орох хүртэл гал унтраах түр зуурын арга хэмжээ авч буй нь энэ аж. Цаашид энэ замаар урсах зуун зуун тонн нүүрс, тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ.

Нүүрс тээвэрлэгч маши­нууд 100-120 тоннын жинтэй байна. Тэгвэл одоогоор ма­най улсад мөрдөж буй стан­дартад 100 тонн-ын даац гэж байдаггүй, хамгийн дээд тал нь 44 тоннын жинтэй тээв­­­рийн хэрэгсэл зорчино гэ­сэн нь Тавантолгойд явж буй тээврийн хэрэгсэлд мөр­дөгддөггүй гэсэн үг юм. Тий­мээс нүүрсний тээвэрт хэрэг­жих боломжгүй тээврийн хуу­чин стандартыг шинээр тог­тоохоор холбогдох алба ажиллаж байна. Олон улсын жишигт машины даацыг нэ­мэг­дүүлж, замд нөлөөлөх нө­лөөллийг бууруулахаар ту­хайн тээврийн хэрэгслийн тэнх­лэг, дугуйн тоог нэмж тавих зэрэг арга хэмжээ авдаг гэнэ. Мөн ашигт малтмал тээ­вэрлэх машинуудад зориулсан тусгай технологийн зам бий болгох тухай ч Авто тээврийн газрынхан хэлж байлаа. Үү­гээр зөвхөн хүнд даацын машин зорчих ба суудлын авто машин зэрэг бусад тээврийн хэрэгсэл явах боломжгүй зам байх гэнэ.

Байгаль орчин говийн хамгийн “халуун” асуудал болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Говийн эмзэг хөрсийг хага яран, эргэн тойронд нүүр нүдгүй манарах тоос шороон дундуур эх орны минь баялгийг тээн урд хөршийг зорих машин цувааг хараад зүрх нь шимширдэггүй монгол хүн гэж байдаггүй биз. Үнэхээр ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол атомын бөмбөгөнд сүйрсэнтэй дүйх гамшиг говьд нүүрлээд байсан нь үнэн. Тэгэхдээ өчнөөн жил талхлуулчихаад хоёрхон сарын дараа ашиглалтад орох замыг нь хүлээлгүй гэнэт хаасан нь ардаа ямар нэгэн санаа агуулаагүй байгаасай л гэж найдъя. Монголчууд бид сайныг бодож хийсэн зүйлээ өөрсдөө муухайгаар ашиглаад бүр дордуулдаг жишээ олон бий. Арын хаалга, авилга цэцэглээд ард нь улс авсан татвар ч үгүй үлдэхгүй л бол эх орныхоо байгалийн төлөө хийсэн энэ алхмыг дэмжихгүй хүн ховор биз.

Б.Сүрэн

No comments:

Post a Comment