Friday, April 22, 2011

Монгол Улс зэсийн экспортоос жилд 100 сая ам.доллар алдаж байна

2011 оны 4-р сарын 20

-Үүнийг мэргэжилтнүүд манайд зэс хайлуулах үйлдвэр байхгүй, дээр нь алдаатай гадаад худалдаанаас болж байна хэмээн дүгнэж байна. Мөн улстөрчдийн лоббитой үйл ажиллагаатай ч холбох явдал бий-

Ашигт малтмалын ордууд нээгдэж, үүцээ задлахын сацуу, дэлхийн зах зээлд алт, зэс, жонш, нүүрс зэрэг манай экспортын гол түүхий эдийн үнэ өссөөр. Үүнтэй холбоотойгоор манай уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдсээр байна.

Энэ онд экспорт 2,5 тэрбумд хүрсний дотор алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш, нүүрс нийлүүлэлт өсч, экспорт нь нэг тэрбум 973 сая ам.доллар болов. Энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 80 гаруй хувийг эзэлж байгаа мэдээтэй.

14 сая тонн нүүрс гаргасны орлого 734 сая ам.долларт хүрэв. Гэхдээ бид баялгаа дэлхийн зах зээлийн үнэ ханшаар гаргаж чадаж байгаа юу гэвэл бас учир дутагдалтай байдаг аж. Хэрэв олон улсад мөрдөгддөг үнэ ханшийн тогтолцоог барьж экспорт хийвэл манай гадаад худалдаанаас орох ашиг орлого одоогийнхоос 5-10 дахин их байхыг мэргэжилтнүүд хэлж байна.

Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмал гаргахдаа экспортлож байгаа улсынхаа үйлдвэрүүдийн хайлуулах, цэвэршүүлэх зардлыг өндөр тооцож худалдаа хийж байгаагаас 100 ам.долларын алдагдал хүлээдэг нь олон улсын зэсийн зах зээлийн шинжээчдийн судалгаагаар гарчээ.

Манай улс өнөөдөр хагас сая тонн зэсийн баяжмал, 100 гаруй мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байгаагаас ("Эрдэнэт" үйлдвэр гэхэд өнгөрсөн жил нийт 11,83 сая тонн зэсийн баяжмал, 90,05 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж экспортложээ. Мөн жилд 25,5 сая тонн хүдэр боловсруулж байгаа аж) 100 хувь урд хөрш Хятад улс руу гаргадаг, үүгээр дэлхийн зэсийн баяжмалын худалдааны гурван хувийг эзэлж, Чили, Австрали, Индонезийн дараа орж байна.

Цэвэр зэс боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр байгуулах талаар (ОХУ, Финланд, БНСУ-тай хамтран) олон жил ярьж, төрийн тэргүүнүүд гадаадад айлчлах бүртээ одоо тохирчихлоо гэдэг боловч урагшилсан зүйл өнөөдрийг хүртэл үгүй.

Уг нь манай улс хэдийнэ үйлдвэр барьчихаар нөөцтэй. "Эрдэнэт" гэхэд 1,5 тэрбум тонн хүдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй байснаас одоо дөрвөн сая тонн зэсийн нөөц үлджээ. Оюутолгой 2,5 тэрбум тонн зэсийн хүдэр, 30 орчим сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Үүгээр Чили улсын дараагаар дэлхийд хоёрт ордог байна. Тэгсэн хэр нь манай улс өнөөдөр /Оюутолгойг эс тооцвол/ өөрийн болон хамтарсан цэвэр зэс боловсруулах үйлдвэргүй байсаар. Ингэснээр байгаа зэсийн баяжмалаа алдагдалтай үнээр арилжаалж сууна.

Зэсийн үнэ, чанар стандартыг Лондонгийн металлын бирж дээр тогтоодог. Харин алт, мөнгөний үнийг мөн Лондонгийн алт, мөнгөний бирждээр тогтоодог. Улмаар зэс, алтны олон улсын худалдааг дэлхийн томоохон биржүүд зохицуулдаг. Ингэхдээ зэс боловсруулах дэлхийн томоохон үйлдвэрүүдийн хайлуулах, цэвэршүүлэх зардлыг тооцдог аж.

Чили, Канад, Австралийн зэсийн томоохон үйлдвэрүүдийн өөрийн бүрэн өртөг зардал нь нэг тонн цэвэр зэс гаргахад 1500-1900 ам.доллар байдаг бол манай "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчийнх болохоор ч тэр үү, зардал их өндөр, тонн нь 3000 ам.долларын өөрийн өртөгтэй. Үүний зөрүү их үнэтэй гарч байна. Үүн дээр манайх Гэнэтийн ашгийн болон Үнийн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны (роялти) зэрэг баахан татвар ногдуулчихдаг. Энэ нь олон улсын механизмд нийцэж, тохирдоггүй. Ингээгүйгээс манай түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурдаг байна.

Жишээ нь, манайд Олон улсын биржийн стандартад хүрсэн, химийн нэг ч лаборатори байдаггүй. Гэтэл түрүү өгүүлснээр Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэсийг 99.99 хувийн агуулгатай, хэмжээ нь 25 кг байна гээд түүхий эдийнх нь чанарын стандартыг гаргачихдаг.

Манай эрдэс түүхий эд, бүтээгдэхүүн ийм стандартын батламж болон итгэмжлэл аваагүй, түүнд хамрагдаагүйгээс Монголын цэвэр зэс машин, онгоцны үйлдвэрлэлд хэрэглэж болдоггүй, зүгээр л барилгад ашиглагддаг аж. Учир нь зэсийн цахилгаан дамжуулах, чанар, бат бөх байх зэрэг таван үзүүлэлтүүдээс зөвхөн гурвыг нь хангадаг, бусад хоёрыг нь чаддаггүй байна. Тиймээс манайд эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт юу юунаас илүү тавигдаад байгааг эрдэмтэн, мэргэжилтнүүд сануулж анхааруулсаар байна.

Харин сүүлийн үеийн мэдээгээр "Эрдэнэт" үйлдвэр энэ жилээс зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөжээ. Энэ тохиолдолд олборлосон баяжмалаа эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах боломжтой болох юм.

Манай уул уурхайн зарим гол түүхий эд, бүтээгдэхүүний гадаад худалдааг товч танилцуулъя.

Цайр. 100 хувь Хятад улс руу гарч байна. Жишээ нь, Сүхбаатар аймгийн нутагт орд нь байдаг "Цайрт минерал" компанийн хувьцааны дийлэнх нь хятадуудын мэдэлд байдаг учир урагшаа экспортлож, хятадууд экспортын үнийг барьж байна.

Жонш. Манай улс жилд 350-400 мянган тонн үйлдвэрлэж, дэлхийн үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлдэг. "Монросцветмет" нэгдэл 150 мянган тонн буюу нийт экспортын 40 гаруй хувийг, үүн дотор дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бүтээгдэхүүн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 130 мянган тонныг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж зардлаа дийлэх өндөр үнээр гаргаж байгаа учир ОХУ, Украинаас гадна АНУ, Тайвань, Тайландад гаргаж байна. Үлдэх 56 хувийг бусад хувийн компаниуд 75-85 хувийн агуулгатай металлургийн жонш гарган эзэлж байна. Монгол Улс жонш олборлолтоор Хятад, Мексик, Өмнөд Африкийн дараа ордог.

Төмрийн хүдрийн баяжмал. 60 хувийн агуулгатай, 100 хувь Хятад руу гарч байна.

Алт. Өндөр үнэтэй байгаа учраас АНУ, Англи руу экспортлож чаддаг. Дотоодын алт тушаалт өнгөрсөн онуудад 12-20 тонн байсан бол одоо дөнгөж 4,7 тонн болсон. Энэ нь Гэнэтийн ашгийн татвар тогтоосонтой холбоотойгоор хувийн компаниуд алтаа тушаахгүй болсон. Энэ хууль 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болж байгаа болохоор алт тушаалтын тоо хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

No comments:

Post a Comment