Monday, June 6, 2011

Орос дүүжлүүр

Орос дүүжлүүр

7 цаг 17 минутын өмнө

Монголыг дүүжлэх Орос дэгээ маш хялбархан. Шатахууныхаа экспортыг хэд хоног зогсооход л Монголд бүх зүйл хямарчихдаг. Өмнө нь ч тийм байсан, одоо ч байдал хэвээр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дизель түлшний нийлүүлэлтээ хязгаарласнаар нийтийн тээвэр, төмөр замын ачаа эргэлт гацаж, газар тариалан, уул уурхайн салбар зогсоход хүрээд байна.

Нөгөөтэйгүүр энэ нөхцөл байдал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж буй айлчлалтай давхцаж байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, ажиглагчид асуудлыг олон талаас харж, дүгнэж байна.

Технологийн шинэчлэл гэв үү?

Дизель түлшний тухай Оросын сайтууд янз бүрийн мэдээлэл цацжээ. Түүнээс үзэхэд Орос шатахууныхаа технологийг сайжруулах шаардлага тулгарсан. Тухайлбал, А-95 юм уу, А-96 гэх мэт өндөр үзүүлэлттэй шатахуун үйлдвэрлэх бөгөөд технологийн горимоо шинэчилнэ. Одоогоор Монгол мэтийн улс Оросоос шатахуун худалдаж авдаг бөгөөд түүнийг хэрэглэсэн орчин үеийн ямар ч машин техник эвдэрнэ гэсэн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, байгальд хортой, утаа их гардаг шатахууныг манайхаас өөр улс орон авдаггүй болж таарлаа. Нөгөөтэйгүүр Хятад, Германд хэрэглэгдэж буй шатахуунтай харьцуулахад Орос шатахуун шар өнгөтэй, хурц үнэртэй, хэрэглэхэд утаа их гаргадаг нь дээрх мэдээллийг баталж байна гэж үзэж болох юм.

Иймээс Оросууд шатахууны нөөц үйлдвэрлэхээсээ илүү технологио шинэчлэхэд анхаарч байна. Оросын гарыг харж суудаг Монголчууд яах вэ гэсэн асуулт тулгарч байна.

Албан ёсны мэдээллээс үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путинтэй уулзсан. Тэрээр нефть хангамжийн асуудалд онцгой анхаарахаа амласан тухай төрийн тэргүүний вэб сайтад сүртэй мэдээлжээ. Лавлаад уншвал асуудлыг зохицуулахаар ярилцана гэснээс бус тодорхой ажил хэрэг эхлүүлэх талаар дорвитой шийдвэр гаргасан зүйл алга.

Арав, хорин жилийн өмнө Ерөнхийлөгч Н.Багадбанди, Н.Энхбаяр нарын үед яригдаж, бараг Орос яваад ирсэн сайд, дарга нарын амны уншлага болсон, тухайлбал одоогийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү салбарын сайдаар ажиллаж байхдаа "Би Орост очоод төмөр замын асуудлыг шийдчихсэн" хэмээн ярьж байсан Монгол-Оросын хамтарсан төмөр замын асуудлыг шийдвэрлэх, эзэмшигч талуудын 50:50 хувийн харьцааг өөрчлөн Монголчуудад ашигтай болгох тухай Ц.Элбэгдоржийн айлчлалаар дахиад л ямар ч үр дүнгүй нуршжээ.

Оросын зарим вэб сайтад Монголын Ерөнхийлөгч түлш гуйхаар айлчлал хийсэн мэтээр дооглосон, шоглосон утгатай мэдээллүүд гарсан бол үнэндээ улс орны хэмжээнд шийдсэн юмгүй, ширээний ард шинээр ярьсан зүйлгүй, баахан дүр үзүүлж ганзага хоосон ирсэн нь вэб сайт дахь албан мэдээллүүд баталж байна.

Дизель түлшний хязгаарлалт ба Тавантолгой дахь Оросуудын сонирхол

Оросууд Тавантолгойд илэрхийлсэн ашиг сонирхлоо барьцтай болгохын тулд дизель түлшинд хязгаарлалт хийж байна гэж зарим нь ярьж, бичиж байна. Байж болох л хувилбар. Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр Тавантолгойн асуудлаар тодорхой зүйл яригдаагүйг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

Оросууд Тавантолгойд эртнээс сонирхлоо илэрхийлсэн. Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглахад биш гэхэд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулж тээвэрлэлт хийхэд оролцох талаар саналаа ирүүлж байсан юм.

Ерөнхий сайд асан С.Баярын үеэс Тавантолгойн асуудал яригдаж, Оросууд анхаарч эхэлсэн нь нууц биш. 2009 онд Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй уулзахдаа стратегийн ордуудыг ашиглахад хоёр тал хамтран ажиллах талаар ярьсан байдаг. Үүнд Тавантолгойн асуудал багтсан гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын дараа Оросын хэвлэлүүд "Ноён С.Баяр шиг бие нь муудахгүй байгаасай гэж найдъя" хэмээн бичиж байв. Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэдэг асуулт дахиад л гарна.

Тавантолгойд сонирхлоо илэрхийлсэн оросуудыг манайхан шуудхан хэлэхэд хулхидаж ирснээс асуудал үүссэн нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Үүнээс үүдэн дэгээтэй, орос маягийн дүүжлүүртэй сууж байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээс үүдсэн хятад дэгээ ч бас өмнө бий. Энэ удаагийн Орос дүүжлүүр Монголчуудад эмзэг бөгөөд хүнд тусч байна.

Ч.Үл-Олдох

No comments:

Post a Comment