Wednesday, June 8, 2011

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

-Монголд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулах цаг болжээ-

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, тус Академийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын Экспортлогчдын холбоо хамтран саяхан “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын худалдаа: өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр семинар зохион байгуулсан юм. Энэ үеэр бид Монголын Экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал, профессор Д.Галсандоржтой уулзаж ярилцлаа. Тэрээр уулзалтад “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буюу олон улсын худалдаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Монгол Улс хаанаа яваа гэдгийг мэдэх үүднээс эхлээд танаас манай улсын газрын хэвлийн баялгийн нөөцийг сонирхоё?

Манай улсын уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний олон улсын өрсөлдөх чадавхийг зэс ба жоншны баяжмалын жишээн дээр авч үзье л дээ. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн цэвэр зэсийн нөөцийг батлагдсан үйлдвэрлэлийн зэрэг ба прогнозыг нь оруулаад тооцоход 650 сая тонн байгаа. Илрүүлсэн энэ нөөц нь дэлхийн 30 жилийн хэрэглээг хангахаар байгаа бөгөөд үүнээс өнөөдөр дэлхийн улс орнууд жилд 20 сая тонн цэвэр зэсийг үйлдвэрлэж байна. Манай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд анх 1982 онд бүрэн хүч чадлаар ашиглалтад орох үедээ нэгж хүчин чадлаар дэлхийн арван үйлдвэрийн нэг байсан бол өнөөдөр 40-д орж байна. Одоо 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Манай Эрдэнэт үйлдвэрийн нөөц гэвэл 1,5 тэрбум тонн хүдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж байсан, үүнээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ашигласнаар тооцоход одоо 4 сая тонн зэсийн нөөц үлдээд байна. Оюутолгой 2,5 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөл нөөцийн тайланг баталснаар 26 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэж гарч байсныг нэмж тооцоод 30 сая тонн болсон байгаа. Үүгээр Оюутолгой яах аргагүй нөөцөөрөө Чилийн улсын үйлдвэр “Чикукамата” уурхайн дараагаар дэлхийд хоёрт орж байгаа.

Ашиглалтын явцад ямар технологиор ашиглах, зэсийн захын агуулга болон металл авалт нь хэдий хэмжээнд байх, хүч чадал, өөрийн өртөг болон хэдэн жилд ашиглах зэргээс нөөцийн тоо хэмжээ ихээхэн шалтгаална гэж үзэж байна. Дэлхийн зэсийн хэрэглээ болох жилийн 20 сая тонны дийлэнх нь буюу 54 хувь нь Азид ногдож байна. БНХАУ хоёр жилийн өмнө дэлхийн зэсийн номер нэг хэрэглэгч болж АНУ-ыг гүйцсэн. Одоо хэрэглээгээр Хятад нэгд, АНУ хоёрт, гуравт Япон, тэгээд Европ орж байна. Азийн хувьд Хятад, Тайвань зэсийн нийт хэрэглээний 60 хувийг эзэлж, дараа нь Япон, БНСУ орж, Энэтхэг улсын хэрэглээ сүүлийн үед маш эрчимтэй өсч байгаа. Дэлхийн зэсийн баяжмалын худалдаанд манай улс 550 мянган тонныг 100 хувь урд хөршид экспортлож байгаа нь дэлхийн зэсийн баяжмалын худалдааны гурван хувийг эзэлж, Чили, Австрали, Индонезийн дараа орж байгаа. Жоншны тухайд манай улс жилд 350-400 мянган тонныг үйлдвэрлэж, дэлхийн үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлж байна. Үүнээс “Монросцветмет” нэгдэл 150 мянган тонн буюу 40 гаруй хувийг гаргадаг. Үүн дотор яг дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бүтээгдэхүүн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 130 мянган тонныг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна. Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалттай, жилд 5-10 мянган тонн баяжмал үйлдвэрлэх -улирлын чанартай хувийн гурван үйлдвэр Багануур, Даланжаргаланд ажиллаж байна. Тэдгээр нь 97 хувийн агуулгатай жонш гаргаж байгаа. Жоншны үйлдвэрлэлийн үлдэх 56 хувийг бусад хувийн компаниуд гаргаж байгаа. Тэдгээр нь 75-85 хувийн агуулгатай металлургийн жонш юм. Монгол Улс хайлуур жонш олборлолтоор Хятад, Мексик ба Өмнөд Африкийн дараа 4-д явж байна. Уг нь бидэнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нөөц бололцоо их байгаа.

-Үүнээс үзэхэд манай улс байгалийн асар их баялагтай нь мэдэгдэж байна. Жоншоор л гэхэд дэлхийд ингэж дээгүүрт ордогийг тэр болгон мэдэхгүй. Жоншийг юунд хэрэглэдэг юм бэ?

-75 хувийн агуулгатай жоншны баяжмал нь металлургийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Металл хайлуултыг нэмэгдүүлж, цахилгааны зарцуулалтыг бууруулдаг. Тонн металл хайлуулахад 2 кг жоншны баяжмал хэрэглэдэг. 95 хувийн агуулгатай жоншны баяжмалыг химийн болон хөнгөн цагааны үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог. Жишээ нь, ОХУ, АНУ-ын химийн ба хөнгөн цагааны үйлдвэрүүдэд. Мөн атомын салбарын үйлдвэрүүдэд ашигладаг юм билээ. Манай Бор-Өндөрийн үйлдвэр жоншныхоо 80 хувиийг хойд хөрш болон Украйнд, үлдэх 20-30 хувийг зах зээлийн үнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань ба Тайландад гаргаж байгаа. Жоншны хэрэглээ дэлхий дээр маш их өсч байгаа. Хямралын жилүүдэд хэрэглэгч үйлдвэрүүд уналтад орсон боловч одоо эргээд хэрэглээ эрчимтэй өсч байна. Ирэх онуудад 95-97 хувийн агуулгатай жонш 200 гаруй мянган тонныг авах захиалга манайд ирсэн, бид хангаж чадахгүй байгаа. Жоншны нөөц дэлхий дээр их ховордож байгаа. Орлуулах түүхий эд байдаггүй, цаашдаа дэлхийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад ихээхэн хүндрэлтэй болж байна.

-Таны яриад байгаа зэс, жоншны экспортын худалдааг манайд яаж зохицуулж байна вэ?

-Үнэндээ манай улсад өнөөдөр экспортын зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Экспортлож байгаа эрдэс түүхий эд, бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулдаггүй. Гадаад харилцааны яамны хүрээнд Худалдааны зохицуулалтын хууль гарахаар ажиллаж байгаа. Гэтэл манай хоёр хөрш Гадаад худалдааны зохицуулалтын маш нарийн хуультай. Жишээ нь жоншны баяжмал гаргалаа гэхэд Хятад улс 15 хувийн экспортын гаалийн татвар авдаг. Мөн 2010 онд 300-400 мянган тонныг гаргана гэсэн тогтоосон квоттой. Экспорт хийдэг компаниуддаа зөвшөөрөл, сертификат олгодог нарийн зохицуулалттай. Яагаад гэвэл энэ түүхий эд дэлхий дээр ховордчихсон. Тиймээс Хятад жоншны зах зээлийн үнийг тогтвортой байлгаж чаддаг, өсгөж ч чадаж байгаа. 2010 онд жоншны баяжмалын үнэ нь өссөн, ирэх онд 20 орчим хувиар өсөх хандлагатай байгаа. Хятад улс өмнө нь 2 сая тонн, 2005 онд 1,1 сая тонн жоншны баяжмал гаргаж байсан бол одоо дотоодынхоо үйлдвэрүүдийн хэмжээг түүхий эдээр бүрэн хангах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыэ хүрээнд экспортын хэмжээгээ багасгаж байна. Гэтэл манайд ямар ч зохицуулалт байхгүй, экспортын татвар ч байхгүй.. Тэгээд ч манайх жоншийг түүхийгээр 30 хувийн агуулгатай хүдэр хэлбэрээр гаргаад Орос, Хятадын баяжуулах үйлдвэрүүдийг ажиллуулаад байдаг. Хойд хөрш ОХУ Хятадтай адил, мөн нарийн зохицуулалттай хуультай,импортын өндөр татвартай. Гэхдээ тэнд эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас манайх ОХУ-д жоншоо өндөр үнээр өгч байгаа. Зэс,алтны олон улсын худалдааг биржүүд мөн зохицуулдаг. Жишээ нь, Лондонгийн алт, мөнгөний бирж дээр алт, мөнгөний үнийг тогтоож, чанар, стандартыг гаргаж байна. Лондонгийн металлын бирж (ЛМБ) ирж дээр зэсийн үнийг тогтоож, хайлах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийг бүртгэж чанарын гэрчилгээ өгч байна.

-Нэгэнтээ алт гэж ярьсных манай алтны экспорт хэцүүдэж байгаа дуулддаг. Улсад тушаагдсан юм байхгүй, хаашаа гараад, хэнд мөнгө нь очоод байна вэ. Зэс, жонш шиг бас л зохицуулалт үгүйлэгдээд байх шиг...?

-Алтан дээр манайд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулчихсан, үүнээс шалтгаалаад өмнө нь жилд 20 орчим тонн алт тушаадаг байсан бол одоо 4,5 тонн болчихсон. Гол олборлогч Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” алтаа Монголбанкинд тушаахгүй, шууд Канад болон Английн цэвэршүүлэх үйлдвэрт явуулж байх жишээтэй. Өнөөдөр хичнээн тонныг ямар агуулгатай алт гаргаж байгааг манай Геологийн төв лаборатори болон Сангийн яамны дэргэдэх “Зоос гоёл”-ын үйлдвэрийн лабораториуд давхар сорцлол хийж байна уу, үгүй юу гэдэг дээр гайхаж байгаа. Харамсалтай нь ганц алт ч бус, зэс болон бусад эрдэс түүхий эд дээр 68 хувийн татварыг “Эрдэнэт” болон “Монголросцветмет” зэрэг улсын үйлдвэрүүд төлөөд байхад Тогтвортой байдлын гэрээтэй “Цайрт минерал” төлөхгүй байгаа ш дээ. Оюутолгой ч Монголын ЗГ-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу чөлөөлөгдөж байгаа.

-Зэс, алт, хайлуур жоншны дэлхийн үнийг яаж тогтоодог вэ?

-ЛМБ дээр зэс, цайр, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга гэсэн өнгөт металлын үнэ, чанар стандартыг тодорхойлж байна. Өдөр бүр тэнд зэсийн үнийг тухайн өдөр, сар, 3, 9 ба 27 сарынх нь дундаж үнийг тогтоож байгаа. Чили, Канад, Австралийн зэсийн томоохон үйлдвэрүүдийн өөрийн бүрэн өртөг зардал нэг тонн цэвэр зэс гаргахад 1500-1900 ам.доллар байна. Манай “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэр болохоор зардал их өндөр , тонн нь 3000 ам.долларын өөрийн өртөгтэй байдаг. Зөрүү нь хэд байна вэ. Үүн дээр манайх 68 хувийн татвар авч байна, саяхан Сангийн яамнаас бас үнийн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны татвар ногдуулчихсан байгаа. Энэ бүхэн нь олон улсын механизмд нийцэж, тохирч байна уу. Энэ нь экспортын эрдсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын буруулж байна. Гэтэл олон улсын биржийн агуулахууд дэлхийг тойроод байж л байна. Мөн химийн шинжилгээ хийдэг лабораториуд ч байна. Гэтэл манайд биржийн стандартад хүрсэн нэг ч лаборатори алга, Замын-Үүд дээр ч байхгүй. Биржийн бус түүхий эд буюу гянт болд, молибден, нүүрс, хайлуур жонш ба төмрийн хүдрийн үнийг томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үнийг харгалзан тогтоодог. Харин Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэс 99.99%-ийн агуулгатай байна, хэмжээ нь 25кг байна гэх мэтээр зэс зэрэг бусад түүхий эдийн чанарын стандартыг гаргачихаж байна. Манай эрдэс түүхий эд, бүтээгдэхүүн ийм стандарт болон итгэмжлэл аваагүй, түүнд хамрагдаагүйгээс манай цэвэр зэсийг зүгээр л барилга зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэнэ үү гэхээс биш, машин, онгоцны үйлдвэрлэлд (“Мерседес”, “BMW”, “Бионг” , “Айробус” зэрэг үйлдвэрт) хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл цахилгаан дамжуулах, чанар, бат бөх зэрэг 5 үзүүлэлтүүдээс зөвхөн 2-ыг нь хангаж чаддаггүйгээс тэр.

Уг нь манай гадаад худалдаа эрчимтэй өсч байна. 2010 оны 11 дүгээр сарын байдлаар экспорт 2,5 тэрбумд хүрсэн. Энэ дотор алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш,нүүрс зэрэг гол зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн өсч экспорт нь нэг тэрбум 973 сая ам.долларт хүрч, нийт экспортын 77.4%, бусад эрдэс түүхий эдийг оролцуулаад 80 гаруй хувийг эзэлж байна. Нүүрс ч мөн адил өсч, 14 сая тонныг гаргасан буюу экспортын орлого нь 734 сая ам.долларт хүрээд байна.

-Тэгвэл өнөөдөр манай гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин ямар байна, зах зээл нь хаана хаана байна вэ?

-Хоёр хөршийн дунд байдаг, далайд гарцгүй учир дийлэнх нь Хятад руу гарч байна. Хэрэглээ ч ер нь тэнд байгаа. Цаашаагаа гаргахад манайх тээврийнхээ зардлыг даадаггүй. Тэгээд ч манай зэсийн баяжмал 24 хувийн агуулгатай, бусад нь шороо тээвэрлэж байна. Оросын 49%-ийн оролцоотой “Эрдэнэт” үйлдвэр хүртэл жилийн гэрээг барууны худалдааны зуучлагч компаниудтай хийгээд зэсийн баяжмалаа бүгдийг нь Хятад руу гаргаж байна. Цайр гэхэд л үйлдвэрийн хувьцааны дийлэнх нь хятадуудын мэдэлд байдаг учир мөн 100% урагшаа гаргаж байна. ТУЗ-д нь хятадууд байдаг учир үнийг тэд барьж, тогтоож байна. Цэвэр зэсийн хувьд өндөр өртөгтэй, тээврийн зардлаа даах учраас Хятадаас гадна БНСУ болон Америк руу гаргаж байна. Алт мөн адил өндөр үнэтэй байгаа учраас АНУ , Англи руу экспортлож чадаж байна. Гэхдээ түрүү хэлснээр алтны тушаалт өмнө нь 2009 онд 12 тонн байсан бол энэ онд дөнгөж 4,7 тонн болж илт буурсан. Хувийн компаниуд алтаа тушаахгүй байгаа. Хилээр бус хууль бусаар гарч байгаа нь ч бий байх, Гэнэтийн ашгийн татварыг цуцлагдахыг хүлээж байгаа тал ч бий байх. Энэ хууль 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болохоор алтны тушаалтын тоо хэмжээ нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Төмрийн хүдрийн баяжмал мөн ялгаагүй, 60 хувийн агуулгатай, 100 хувь Хятад руу явж байна. Жоншны хувьд өндөр чанартай, өртөгөө дааж чадаж байгаа учир ОХУ, Америк руу гарч байгаа. Эрдэс түүхий эдийн боловсруулалтын тухайд түвшинг дээшлүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг төрөөс ихээхэн дэмжих хэрэгтэй байна. Энэ талаар ЭБЭХЯ “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх” гэсэн концепц боловсруулаад Засгийн газар, УИХ-д оруулчихсан байгаа гэсэн. Энд хэрэв эцсийн бүтээгдэхүүн гаргавал төр, засаг ямар урамшуулал, дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг чухал. Сангийн яам үнийн өсөлтийн нэмэгдсэн татвар гэж уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд, мэргэжилтнүүд, хүрээлэнгийн саналыг нь аваагүй тогтоочихсон, хэрхэн хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа.

-Тэгэхээр манайх эрдэс түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр гаргаж чадаж байна уу? Жишээ нь, Сангийн Яам, ЭБЭХЯ-аас уул уурхайн түүхий эдийн жишиг үнэ тогтоох журам гаргасан. Тэр нь дэлхийн зах зээлийн үнийг барьж чадаж байгаа юу?

-Жоншны хувьд “Монголросцветмет” дэлхийн зах зээлийн үнээр өгч чадаж байгаа. Олон улсын худалдааны зарчмыг барьж чадаж байгаа. Жишээ нь, 95 хувийн агуулгатай жоншоо 254-320 ам.доллараар Орост нийлүүлж байна. Түрүү хэлснээр биржийн бус бараа болох учир жоншин дээр томоохон үйлдвэрлэгч БНХАУ ФОБ үнийг үндэслэн экспортын дундаж үнийг тогтоодог. Английн “Индустриал минерал” компаниас энэ үнийг сар бүр зарладаг, долоо хоног бүр бидэнд ирүүлдэг. Бид түүнийг нь таван мянган ам.доллар төлөөд мэйлээр авдаг. Жишээ нь, энэ 11, 12-р сарын байдлаар 97 хувийн агуулгатай жоншны баяжмалын дундаж ФОБ Хятадын үнэ дэлхийн зах зээл дээр 290 ам.доллар байна. Гэхдээ энэ үнэ манайд “хорогддог”. Яаж гэхээр бид 95 хувийн агуулгатай жонш гаргаж байгаа болохоор 2 хувийн агуулгын зөрүү гээд 6 доллар хасагддаг. Дараа нь Хятадын Тянжин портоос Эрээн хүртэл тээвэр, ачиж буух зардал, мөн даатгалын үнэ гээд 35 долларыг хасчихдаг. Тэгээд Эрээнээс Бор-Өндөрийн тээврийн зардал 8 доллар бас хасагдана. Эргээд ОХУ руу гаргахад Наушик руу ачсаных 16 доллар гээд үндсэн үнэ нь 257 ам.доллар болж байгаа юм. Энэ үнэ маш тодорхой, ил тод, олон улсын формулаар хийж буй нь юм. Гэтэл бусад компаниуд ийм стандарт, формулыг ашигладаггүй. Харин бидний баяжмал экспортлож байгаа энэ үнийг үндэслээд ЭБЭХЯ жоншны жишиг үнэ тогтоочихдог. Яахав тэдний агуулга 75, 85, 92 гэсэн янз бүрийн хувьтай, бага байгаа л даа. Жишээ нь, 75 хувийн агуулгатай, металлургийн жоншийг өнөөдөр 90- 100 ам.доллараар борлуулж байна. Хувийн компаниудын хувьд ихэнх нь өөрийн ордгүй, тэд хувийн компани ,хувь хүмүүсээс жоншны баяжмал, хүдэр худалдан авч байна. Тэд жоншоо ченжүүдээс аваад хил дээр Орос, Хятадын мөн адил ченжүүдэд 60-80 ам.доллараар хямд өгчихдөг. Түүнийг нь Тянжиний агуулахад 75, 85 ба 92 хувийн агуулгаар нь түүж ангилаад цааш нь Япон, Солонгос, Америк руу гаргаж байгаа. Жоншны худалдаа өнөөдөр ийм л байдалтай байна.

-Тэгвэл зэсийн баяжмалын худалдах үнийг яаж тогтоож, гэрээг хийдэг вэ?

-Энэ бол их хэцүү. Өнгөт металл болохоор. Энд зэсийн баяжмал дотор байгаа алт, мөнгө, бусад металл болон хортой элементүүдийг тооцдог. “Эрдэнэт”-ийн зэс нь 24%-ийн агуулгайтай, түүнд мөнгө тоннд 70 грамм байдаг, түүнээс дээшийг яг л нөгөө олон улсын формулаар төлдөг. Хортой элемент байлаа гэхэд агуулгыг нь тооцоод 0,2 хувиас дээш бол торгууль тооцож, хасалт хийгээд явдаг. Цэвэр зэсийн үнийг өмнө нь хэлснээр Лондонгийн металлын бирж дээр тогтоодог. Харин зэсийн баяжмалынх нь үнэ зах зээл дээр тогтдоггүй. Хайлах, цэвэршүүлэх зардал- TC/RC гэж олон улсад хэлж заншсанаар худалдан авагчтай түүний түвшинг тохиролцох замаар гэрээ хийдэг. Дэлхийн хайлах үйлдвэрүүдэд зэс хайлах явцад 1-1,2 хувийн алдагдал гардаг. Энэ оны хувьд Чили, Канад, Индонез зэрэг орнуудын зэсийн баяжмал үйлдвэрлэгчид Японы зэс хайлах үйлдвэрүүдтэй тохиролцож гэрээ хийсэн жилийн TC/RC-ын дундач түвшин Японы эрэг дээр СИФ үнээр 46 ам.доллар/тн, 4.6 цент/ фунт байсан. Уг манай Эрдэнэт үйлдвэр баяжмалаа DAF-Эрээн-Монгол Хятадын хил нөхцлөөр борлуулахдаа Японоос Хятадын порт, Тянжинээс Эрээн хүртэл тээврийн зардал 75-85 ам.долларыг хасч TC/RC-ыг тооцох ёстой. Хайлах, цэвэршүүлэх зардлыг жилийн, улирлын болон сарын гэх мэтээр 2-3 янзаар тохирч хийдэг. Манай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гаргаж байгаа 550 мянган тонн баяжмалаа борлуулах гэрээгээ жилээр хийчихдэг. Энэ онд TC/RC-ыг 8.5 ам.доллар/ тн, 8.5 цент/ фунт түвшингээр тохирч гэрээлсэн, өөрөө хэлбэл хайлах, цэвэршүүлэх зардлаа өндөр тохирч байгаа ихээхэн алдагдалтай арилжаа хийж байгаа. Олон улсын зэсийн зах зээлийн шинжээчдын судалгаагаар Эрдэнэт үйлдвэр жилд ойролцоогоор 100 сая доллар алдаж байна. Зөвхөн зах зээл дээр зэсийн баяжмал илүүдэлтэй байна уу, хорогдолтой байна уу, мөн хайлах, цэвэршүүлэх үйлдвэрүүд дэлхийн хэмжээний хүчин чадлынхаа хэдэн хувийг ашиглаж байна, зах зээлийн үнэ хэд байна гэдгээс TC/RC-ын хэмжээ хамаардаг. Энэ бүхнээс үзэхэд манай зэсийн үнэ дийлэнх нь урагшаа гарч байгаа учир Хятадын хайлах, цэвэршүүлэх TC/RC-ээр гэрээ хийх, сар ба улирлын спот зэсийн хайлах,цэвэршүүлэх үнээр баяжмалаа борлуулах ихээхэн боломж байна., Хятадын хайлах, цэвэршүүлэх зардал дэлхийн түвшингээс байнга доогуур байдаг.

Үүн дээр баяжмал гаргаж буй үйлдвэр болон худалдан авагчийг дэмжсэн, төлбөрийг ачсан сар, ачсаны дараахь сар гэх мэтээр аль нэгийг худалдан авагч сонгож, тэр сарын Лондонгийн биржийн дундаж үнээр төлбөрөө хийдэг. Нөгөөтэйгүүр зэсийн үнэ 1800 доллараас доош байвал баяжмал гаргаж буй үйлдвэрийг, дээш бол худалдан авагчийг дэмжсэн механизм олон улсад мөрдөж байна.

Ярилцсан Б.БОЛД

No comments:

Post a Comment