Monday, June 6, 2011

Төмөр замын гэрээ дахиад л оросуудын гарт

Төмөр замын гэрээ дахиад л оросуудын гарт

2011 оны 6 сарын 3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн жаран дамжин өөрчлөгдөөгүй ирсэн гэрээ, ОХУ-ын ерөнхийлөгч Медведевийн Монгол Улсад 2009 онд хийсэн айлчлалаас хойш таг зогссон ураны асуудал гээд олон чухал сэдвийг энэхүү айлчлалаар хөнджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Оросын хэвлэлээр цацаж байгаа болон бусад мэдээллийг манай сонин тоймлон хүргэж байна.

Кремльд саатаж, Санкт-Петербургээр аялж, Халимагт зочлох хөтөлбөртэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалд ОХУ-ын хэвлэлүүд анхаарлаа хандуулж, ардчилсан үзэлтэй, баруунд элэгтэй гэх түүний авч ирсэн “аяны богц”-ыг уудлан бичиж байна. Шатахууны хомсдол үүслээ гэсэн харангатай цуг нутгаасаа мордсон Ерөнхийлөгчийн айлчлалын хамгийн гол сэдэв нь дизель түлшний нийлүүлэлтийн асуудал байв. Дотоодын шатахууныхаа хэрэгцээг ОХУ-аас 100 хувь хангадаг талаараа учирласан Монголын Ерөнхийлөгчийн гуйлтыг онцгой анхаарч үзэх, шатахууны нийлүүлэлтэд биечлэн санаа тавихаа ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин амалжээ. Ноён В.Путин Монголын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч “Роснефть” компанийн нөөцөөс Монголд шатахуун нийлүүлэх боломжийг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газрын орлогч дарга И.И.Сечинд үүрэгдсэн гэнэ.

Цаг үеийн гол асуудал болох шатахууны хомсдлын дараа хөндөгдсөн онцлох сэдэв нь 1949 онд Зөвлөлт, Монголын байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээ байв. Энэхүү гэрээг өөрчлөхөөр Монголын талаас тавьсан санал, түүнийг нь оросууд хэрхэн хүлээж авсан тухай мэдээлэл хоёр улсын хэвлэлийн нүүрийг чимж байна. Хойд хөршид Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өвөртөлж очсон хамгийн чухал асуудлын нэг яах аргагүй “Улаанбаатар төмөр зам”-ын 1949 оны гэрээг өөрчлөх явдал байлаа.

1949 онд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр зам”-ын тухай гэрээ өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй байгаа нь тус нийгэмлэгийг үр ашигтай ажиллах, хамтын ажиллагаагаа өргө­жүү­лэхэд саад тотгор болж байна хэмээн Монгол Улс үзэж буй. Төмөр замын гэрээнээс болж монголчууд АНУ-аас хэрэгжүүлж буй Мянганы сорил­тын сангийн тусламжид төмөр за­мын салбарыг хамруулж чадаагүй юм.

Хоёр тал хувь тэнцүү хувьцаа эзэмших талаар гэрээнд заасан нь “УБТЗ”-тай холбоотой олон асуудлыг Монгол Улс толгой мэдэн шийдэж чаддаггүй, гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт,хамтын ажиллагааны саналыг хүлээн авах боломжгүй зэргээс болж 1949 оны гэрээг заавал өөрчлөх ёстой гэсэн саналыг Монголын талаас төрийн дээд хэмжээний айлчлалаар далимдуулан оросуудад уламжлаад байгаа нь энэ юм. 62 жилийн тэртээд байгуулсан И.Сталин, Х.Чойбалсан хоёрын байгуулсан энэ гэрээний дагуу “УБТЗ” нийгэмлэг өнөөдөр ч орлогын албан татвар төлдөггүй. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгийн орлогоос Монгол Улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар орж ирдэггүй хэвээр байгаа. Зөвхөн үйл ажиллагааныхаа орлогоос олсон ашгаа хоёр улс ижил тэгш хуваадаг. Тиймээс энэ гэрээг яаралтай өөрчлөх нь Монголд ашигтай.

Гэрээг өөрчилснөөр “УБТЗ”-ын суурь бүтцийг ашиглан өрнө-дорныг холбосон хамгийн өндөр үр ашигтай хамгийн дөт, ачаа тээвэрлэн өнгөрүүлэх хүчин чадал сайтай, цахилгаанжсан төмөр зам болгох таатай эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт монголчууд итгэлтэй байна.

Орос ах нарын хувьд амандаа орсон “шар тос”-ыг тийм ч амархан алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймдээ ч “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн анхны гэрээг өөрчлөх монголчуудын хүсэлд “Оросын төмөр зам” нийгэмлэгээс “хориг” тавиад буй аж. Тус нийгэмлэгийн дарга В.Якунин “Олон улсын гэрээ хэзээ ч үндэсний эрхээс дээгүүрт тавигдах ёсгүй” гэсэн хатуу байр суурьтай байгаагаа Монголын талд илэрхийлжээ. Тэрбээр 1949 онд үзэглэсэн Зөвлөлт, Монголын гэрээ олон улсын чанартай учраас хөдлөшгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ч нуугаагүй байна.

Айлчлалынхаа гол сэдэв болгон хөндсөн Монголын Ерөнхийлөгчийн төмөр замын гэрээг өөрчлөх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Энэ ертөнцөд мөнхийн зүйл гэж үгүй. Гэрээг өөрчлөх саналыг бид бодолцон үзнэ. Яаран шийдвэр гаргах нь “УБТЗ” нийгэмлэгт сөргөөр нөлөөлж магадгүй” хэмээн онцлоод ямар ч байсан “УБТЗ”-ын дүрмийн санг эхлээд нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Манай хэвлэлүүдэд цацагдаж буй шиг хоёр тал 1949 онд баталсан төмөр замын гэрээг өөрчлөхөөр болсон биш харин УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам доллараар нэмэгдүүлэх тухай протоколд гарын үсэг зурсан байна. АНУ-ын Мянганы сорилтын сангаас Улаанбаатар төмөр замд 188 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцоод байсныг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хамтран эзэмшигч ОХУ зөвшөөрөөгүй. Тиймээс хоёр улс тус нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр болжээ. Дээрх мөнгийг хоёр улс 125, 125 саяар нь гаргахаас ОХУ өөрсдийн гаргах 125 сая ам.доллартаа нийт 37 зүтгүүр нийлүүлэхээр болсон байна.

Монголын Ерөнхийлөгчийн айлч­лалын үеэр сөхөгдсөн бас нэгэн гэ­рээ нь “Дорнод-Уран” хамтарсан ком­па­нийн асуудал. Монгол Улс Оросыг ураныхаа салбарт оруулахыг хүссэнгүй гэсэн мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд цацагдаж байна. Үүнийгээ “Дорнод Уран”-ы үйл ажиллагаа мон­гол­чуудын санаачлагаас болоод хойшлогдсоноор тайлбарлажээ. ОХУ-ын “Рос-Атом” агентлагийн захирал Сергей Кириенкогийн хэлснээр оросууд аль хэдийн компани байгуулах төлөвлөгөөгөө баталсан, харин мон­гол­чууд хөрөнгөө гаргахгүй байна хэ­мээн мэдэгджээ. Кремльд болсон халуухан уулзалтаар Тавантолгойг ч орхигдуулаагүй гэнэ. Оросын хэвлэлд дурдсанаар Монголын эрх баригчид, Монголын төрийн өндөрлөгүүд Хя­тад, Канад, Австралид элэгтэй гэдгийг онцолсон нь монголчуудад нэгийг са­нуул­сан оросуудын сануулга байж ч болох. 70 жилийн турш ах дүү найрамдалт харилцаатай явсан, мөн­хийн хөршүүдийн дээд төвшинд өрнө­сөн төмөр замын гэрээг шинэчлэх яриа хэлэлцээр ийнхүү тодорхой шийдэлд хүрсэнгүй. Монголын төмөр замын гэрээг шинэчлэх асуудал оросуудын гарт байгаа нь энэхүү айлчлалаас тодорхой харагдаж байна

No comments:

Post a Comment