Friday, June 10, 2011

рчим хүчний салбар татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч салбар болно

Т.Цэрэнпүрэв: Эрчим хүчний салбар татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч салбар болно


13 минутын өмнө
Т.Цэрэнпүрэв: Эрчим хүчний салбар татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч салбар болно
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг Та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Бид хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдлагатай хангах үндсэн үүргээ биелүүлээд явж байна. Гэхдээ салбарт шинэ эх үүсвэр барих, техник технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн чадавхитай болгох цаг болсон нь үнэн. Одоо ажиллаж байгаа станцуудынхаа насжилт, техник технологийн байдлыг эргээд нэг авч үзэхэд бид 1960-1970-аад оны технологи, объектуудаа одоо хүртэл ашиглаж байна шүү дээ. Аль 1995 онд үйлдвэрлэлээс хасагдсан “Excel” загварын машиныг монголчууд засаж, янзлаад унаад л яваа. Гэтэл тухайн машины дараагийн гурван үеийн шинэ загвар гарчихсан байдаг. Түүн шиг л бид 40-50 жил ашигласан станцуудаа энд тэнд нь засаад, хэсэгчлэн засварлаад зүтгүүлээд байгаа юм. Станцуудаас хамгийн “залуухан” нь болох 1984 онд ашиглалтад орсон ТЭЦ-4 маань л гэхэд 27 дахь жилтэйгээ золгож байна.

Дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагаас үзэхэд цахилгаан станцыг 30 орчим жил ашиглаад л дараагийн үеийн шинэ техник, технологи нэвтрүүлээд явчихдаг юм билээ. Манай орны хувьд хөрөнгө мөнгө, эдийн засгийн бололцоо талаасаа тийм боломж нь хараахан гарч ирэхгүй өнөөдөртэй золгож байгаа юм. Гэхдээ бид гар хумхин сууж байгаа юм биш ээ. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийн хүрээнд ч бид энэ асуудлыг сөхөн тавьж, тодорхой хийж байгаа зүйл ч цөөнгүй бий. Жишээлбэл, Дарханы дулааны цахилгаан станцыг 30 МВт-аар өргөтөж байна, ТЭЦ 4-ийн 80 МВт-ын турбиныг манай үндэсний инженерүүд Харбины үйлдвэртэй хамтраад 100 МВт болгож, хоёр машин дээр буюу нийт 40 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлчихлээ.

Нөгөө талаас “Энержи ресурс” компани Ухаа худагт 18 МВт-ын станц ашиглалтад оруулж байна, яваандаа хүчин чадлыг нь өргөтгөхөөр төлөвлөж байгаа юм билээ. Түүнчлэн Завхан, Говь-Алтайн хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрт холбоно гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Могойн голын уурхайг түшиглэсэн станц барих шийдвэрийг яам, Засгийн газар гаргаад, концессын гэрээг баталгаажуулснаар 60 МВт нэмэгдэх нь тодорхой болж байна.

Даланзадгадын станц гэж их тааруу ажилладаг, өвөлдөө нэлээд хүндрэл учруулдаг цахилгаан станцад гурван МВт-ын хүчин чадал бүхий шинэ блок барих, зуух турбины ажлыг энэ оноос эхэлж, намар гэхэд дуусгахаар ажиллаж байх жишээтэй. Ингээд яриад байвал эрчим хүчний салбар бүүр болохоо байчихсан ч юм биш, чадах чинээгээрээ хүчин чадлаа нэмэгдүүлээд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хаах талаар тодорхой ажлууд хийж байна. Энд усан цахилгаан станцуудын (УЦС) талаар ч мөн дурдах нь зүйтэй болов уу. Дөргөний 12 МВт-ын станц болон Тайширын 11 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орж хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаад явж байна.

-Манай эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн сүүлийн үед нэлээд орж ирэх тухай ярих болсон нь юутай холбоотой вэ?

-Ер нь эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо одоо ч байгаа шүү дээ. Тухайлбал, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компани 2003 онд хувьчлагдсан, мөн онд Шарын голын уурхай ч мөн онд хувьчлагдсан байгаа. Гэхдээ 2010 оны хоёрдугаар сард Концессын тухай хууль гарснаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх, ялангуяа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих эрх зүйн нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.

Засгийн газраас баталсан концессын жагсаалтад эрчим хүчний холбогдолтой 16 объектыг хувийн хэвшилд шилжүүлнэ гэсэн чиглэл ч байгаа. Энэ асуудлын хүрээнд эхнээсээ Могойн голын станцын төсөл хэрэгжээд явж байх жишээтэй. Түүнчлэн ТЭЦ 5, Тавантолгойн станц зэрэг нь мөн концессын хуулийн дагуу хэрэгжих болов уу.

-Хувийн хэвшлийн оролцоо эрчим хүчний салбарт нэмэгдсэнээр олон давуу талтай гэж мэргэжилтнүүд ярьдаг. Энэ талаар тайлбарлахгүй юү?
-Үр ашиг, менежмент, боловсон хүчин, зардал талаасаа илүү хэмнэлттэй бодлого явагдана гэж ойлгож болно. Энэ нь эргээд өртөг зардлаа хэмнэхэд тодорхой хэмжээний хөшүүрэг болох учиртай. Ер нь Засгийн газрын нуруун дээрх ачаа, хүлээж байгаа хариуцлагын бололцоотой хэсгийг нь хувийн хэвшилд шилжүүлэх төрийн бодлого байгаа шүү дээ. Нөгөө талаас үүгээрээ хувийн хэвшлийнхэнд боломж олгож байгаа юм.

Мэдээж хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах, дааруулчихгүй, байнгын гэрэл цахилгаантай байлгах ёстой гэдэг утгаараа эрчим хүчний салбарыг авъя гэсэн болгонд нь өгчихгүй. Мэргэжлийн чадавх, боловсон хүчин, техник технологи, хөрөнгө мөнгөний бололцоо, туршлага зэргийг нь харгалзан үзэх ёстой. Энэ асуудлыг Төрийн өмчийн хороо, яам, агентлаг болон холбогдох байгууллагууд хамжиж дэмжээд шийдэх болно.

Ер нь бүх зүйлийг төрийн нуруун дээр байлгадгаа болих нь зүйтэй. Гэхдээ стратегийн чухал ач холбогдолтой станцууд, дамжуулах шугамаа мэдээж төрийн мэдэлдээ авч үлдэнэ шүү дээ. Харин орон нутгийн чанартай, хэсэгчилсэн дулаан, цахилгаанаар хангадаг зарим хуучирсан, эдийн засгийн хувьд үр ашиггүй, өртөг өндөртэй объектуудыг концессын дагуу хувийн хэвшилд шилжүүлэх бодлого барьж байгаа.

-Хувийн компаниуд энэ салбарт орж ирэхдээ нэлээд үлгэр дууриал үзүүлэх хандлагатай байна. “Энержи ресурс” л гэхэд цахилгаан станцаа маш хурдан барихдаа говийн хөрсөнд таарсан дэвшилт технологи нэвтрүүлж байх жишээтэй. Шинэ технологи нэвтрүүлэх тал дээр төр яагаад хойрго байна вэ?
-Төр хойрго байна гэж хэлж болохгүй л дээ. Хөрөнгө мөнгөний бололцоо, нөхцөл нь бүрдэнэ гэж ярьдаг шүү дээ. Тэр боломж нь гарч ирэхгүй байна. 100 МВт-ын цахилгаан станц барихын тулд 100-150 сая ам.доллар хэрэгтэй байлаа гэхэд тэр хөрөнгө нь тухайн үед манай улсын эдийн засаг, Засгийн газруудын бололцоонд байгаагүй. Мэдээж XXI зуунд эрчим хүчний салбарт шинэ шинэ технологиуд гарч байна.

Үр ашигтай, хэмнэлттэй, ус бага зарцуулдаг, цөөхөн боловсон хүчин ажилладаг, өндөр хүчин чадалтай станцууд баригдаж байна. БНСУ, Хятад, Япон зэрэг оронд очоод харахад манай ТЭЦ-4 шиг 600-1200 МВт-ын хүчин чадалтай станцад нь 200 орчим хүн л ажиллаж байх жишээтэй. Гэтэл манай ТЭЦ 4-т одоо 1400 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шинэ техник, технологийн үр шимээр ажилчдын цалин, нийгмийн асуудал зэргээс эхлээд олон зардлаа нэлээд хэмнэж байна гэсэн үг.

Одоо бид ТЭЦ 4 станцад 200 хүн ажиллуулна гэвэл бүтэхгүй зүйл ш дээ. Технологи, горим нь ч болохгүй. Гэхдээ бид алхам алхамаар боломжоо дайчлаад, тэр үр ашигтай, хэмнэлттэй эх үүсвэрийг барих зорилго өвөртөлж явах ёстой. Бидний өнөөдөр хийж байгаа ажлууд, “Монголын эрчим хүч 2011” чуулга уулзалтын бодлогыг ч мөн тийш нь хандуулах чиглэлд явж байна. Товчхондоо, хуучин технологи маань хийдгээ хийгээд, ашиглах боломжоо дээд хэмжээгээр ашиглачихжээ. Үүнийгээ боломжоор нь үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэх тал дээр анхааръя, байгаль орчин, үр ашгаа ч бодъё гэдэгт л анхаарлаа хандуулах үүднээс энэ хурлыг зохион байгуулж байгаа юм.

-Одоо бид үсрэнгүй хөгжлийн гараан дээр байна, их бүтээн байгуулалтын шан татлаа гээд л том том яриад байгаа. Уул уурхайн нүсэр төслүүд, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Гэтэл тоггүй, галгүй бол энэ бүхэн яаж урагшлах юм бэ?
-ТЭЦ-5 станцын талаар үнэндээ 2004 оноос л ярьж эхэлсэн. Гэхдээ миний өмнө нь хэлсэнчлэн Засгийн газруудын хөрөнгө мөнгөний бололцоо, яг энэ станцыг барих хэрэгцээ, шаардлага тулгамдаж байна уу гэдэгт хандаж байгаа хандлага зэргээс шалтгаалаад өнөөдрийг хүрсэн болов уу. 2008 онд ТЭЦ 5-ын төслөөр тендер зарласан боловч ганцхан компани оролцсон, тэр нь шаардлага хангаагүй баримт бүрдүүлсэн учир хүчингүй болсон. Энэ төслийн ТЭЗҮ-ийг ч хийгээгүй байсан болохоор оролцож байгаа компани нь тодорхой юм олж харж, баримжаа авч чадахгүй байжээ.

Нөгөө талаас Монголд эрчим хүчний үнэ тариф дэлхийн дунджаас бага. Хөрөнгө оруулагч мөнгөө зарцуулчихаад буцааж авах боломж нь хангагдахгүй байсан гэж зарим нь ярьж байсан. Тиймээс үнэ тарифыг үе шаттайгаар нэмэх замаар хөрөнгө оруулагчдыг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Хэрэглээний өсөлтийн хувьд 2008 оноос л илүү мэдрэгдэж байна шүү дээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар л тэнд 280 МВт-ын эрчим хүч зайлшгүй авна гэдэг нь тодорхой болж байна. Түүнээс биш өмнө нь хэрэглээ ингэж огцом өсдөггүй, жилдээ гурав орчим хувиар л нэмэгддэг байсан. Тэрийг нь өнөөгийн суурилагдсан хүчин чадал маань бүрэн хаагаад явж байлаа. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр ч сүүлийн хоёр жилийн хугацаанд л эрчимтэй яригдах болсон. Өмнө нь 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгцээг суурилагдсан эрчим хүчээрээ хаагаад явах бололцоо байсан. Гэхдээ энэ нь ирээдүй рүү чиглэсэн шинэ эх үүсвэрийн асуудлыг огт бодохгүй байсан гэсэн үг биш л дээ.

ТЭЦ 5-ыг 2020 он хүртэл хойш тавьчихсан юм байхгүй. Энэ нь хоёр үе шаттайгаар хэрэгжих төсөл. Эхний үе шат нь буюу 450 МВт цахилгаан, 600 орчим Гкал дулааныг 2015 оны түвшинд хангачихаар байгаа. 2020 онд хоёрдугаар үе шат нь дуусахад ТЭЦ 5 төсөл маань 820 МВт-ын хүчин чадалтай, 1100 Гкал-ын дулааны чадалтай станц болох юм.

-Одоогийн суурилагдсан хүчин чадлаар 100 мянган айлын орон сууц баригдахад яаж ийгээд дулаан, цахилгаанаар хангаж чадах уу?
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бид Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаатай удаа дараа уулзаж ярьж байгаа. Дулааны хувьд шинэ хорооллуудыг яаж хангах вэ гэдэг дээр асуудал байгаа нь үнэн. Шинэ Яармаг хорооллын дулааны асуудлыг хэрхэн шийдэх талаар бид хувилбар судалж удахгүй шийднэ. Бусад нь бол тодорхой байдлаар болно гэсэн шийдэл гарсан. Цахилгааны хувьд Улаанбаатар хотын 110 кВ-ын кольцог шинээр барих ёстой. Энэ хүрээнд 200-210 кВ-ын дэд станцууд мөн шинээр бий болох шаардлагатай. Үүний хөрөнгө мөнгөний асуудлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргана гэж Засгийн газар шийдэх шатандаа орчихсон явж байгаа. Тэгэх юм бол цахилгаан, дулааны асуудлыг 2015 онд ТЭЦ 5 ашиглалтад орох хүртэл болгочихно.

-Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хянадаг шүү дээ. Манай хойд хөрш ч бас тэгэж байгаад үе шаттайгаар үнийг өсгөж, энэ оноос зах зээлийн зарчимд бүрэн шилжиж байна. УИХ-ын 72 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улс ч мөн эрчим хүчний үнийг чөлөөлөх тал руугаа явж байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж энэ нь нийгмийн асуудалтай салшгүй холбоотой, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй гэсэн үүднээс л Засгийн газар цахилгаан, дулааны үнийг огцом өсгөхгүй байлгах бодлогыг барьж байсан гэвэл үнэнд илүү дөхнө. Гэхдээ хэрэглэгчдэд нэг их дарамт учруулахгүйгээр, хажуугаар нь эрчим хүчний салбараа унагаачихгүйгээр үүнийг яаж шийдэх вэ гэдэг асуудал яах аргагүй тулгамдаж ирсэн. Ингээд яам, манай салбараас гарсан УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 2010 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан байгаа.

Энэ нь сард 150 кВт.ц хүртэл хэрэглээтэй айл өрхөд борлуулах цахилгааны үнийг зөвхөн индексжүүлсэн түвшинд үлдээж, харин үйлдвэр аж ахуйн нэгж зэрэг их хэрэглээтэй байгууллага болон айл өрхийн хувьд эрчим хүчний үнэ зах зээлийн шаардлагын дагуу үе шаттайгаар нэмэгдэх хэлбэрээр зохицуулах шийдвэр юм л даа. 2014 он гэхэд ямар ч байсан эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах боломж, нөхцөлийг бий болгох түвшинд хүрсэн байна гэж ойлгох нь зүйтэй болов уу.

-Байгаль орчинд хал багатай гэдэг утгаар нь сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн улс орнууд нэлээд дэмжиж, хөгжүүлж байгаа. Монгол Улс энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гэж бий. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан. Энэ хүрээнд Дөргөн, Тайширын УЦС-ыг байгуулсан. Өнөөдөр 10 орчим сум сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэгцээгээ хангаж байна. 2007 онд шууд гэрээгээр хийсэн сэргээгдэх эрчим хүчний зарим ажилд мэргэжлийн бус компаниудад энэ ажлыг даалгаснаар бизнесийн зориулалтаар хямд, чанаргүй тоноглол авчирч суурилуулсан, тэр нь хүчин чадлаараа ажиллахгүй байх тохиолдол олон гарсан. Монголын эрс тэс уур амьсгалд нийцэхгүй, нөгөө талаас технологийн шаардлага хангахгүй тэдгээр объект байнга эвдэрч, хүмүүс, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн дунд сэргээгдэх эрчим хүч гэж бүтэхгүй юм байдаг гэх буруу ойлголт түгээсэн.

УИХ-ын зарим гишүүн ч тийм юм яриад явж байх жишээтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний талаар сөрөг ойлголтыг нийгэмд түгээж байгаа юм. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ. Мэргэжлийн чадвартай компани, мэргэжилтнүүд зөв тооцоо судалгаанд суурилан хийх юм бол энэ чинь баталгаатай, ямар ч ашиглалтын үеийн зардалгүй, байгаль орчинд халгүй, үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр. Дизель түлш, нүүрс, хий зэрэг зардал шаардлагагүйн зэрэгцээ боловсон хүчин талаасаа ч байнга хүн ажиллаад байхгүй сайн талтай. Тийм ч учраас сэргээгдэх эрчим хүч гэдэг нь дэлхий нийтийн эрчим хүчний хөгжлийн нэг чиг хандлага болоод байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний ассоциаци өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд 100 гаруй орон гишүүнээр орсон байдаг. Монгол Улс тэр байгууллагыг Парламентаараа дэмжсэн эхний 20 гишүүн орны нэг нь.

-Эрчим хүчний салбарын ажилчид уул уурхай руу олноороо “урваад” байна гэх юм. Онцгой салбар гэдэг утгаараа ажилчдын нийгмийн хангамжийн тал дээр яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?
-Тийм байдал үүссэн нь бодитой зүйл. Зарим станцын дарга нар Манай хамаг сайн инженерүүд Өмнөговь руу явчихлаа. Сайн гагнуурчин, цахилгаанчин, инже¬нерүүдэд өндөр цалин амлаад, тэднийг урвууллаа гээд л байгаа. Тэр хүмүүс сонголтоо хийгээд явж байгааг бид хуулиар хориглож болохгүй шүү дээ. Гэхдээ ер нь өөрсдөө бэлдсэн чадварлаг ажилтан, инженер техникийн мэргэжилтнүүдээ алдахгүйн тулд нөгөө талаас онцгой салбар гэдэг утгаараа хүмүүстээ цалинг нь боломжийн хэмжээнд өгч, нийгмийн асуудлыг нь ч анхаарах хэрэгтэй байгаа.

Эрчим хүчний үнэ, тарифын өсөлттэй уялдуулж л цалинг өсгөхгүй бол өөр боломж бидэнд алга байна. Салбарын ажилчдын дундаж цалинг үе шаттайгаар өсгөж, уул уурхайн салбарынхны хэмжээнд дөхүүлье гэсэн бодлого яаман дээр байгаа, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгчлэн боломжоороо л шийдвэрлээд байгаа. 2014 он гэхэд гайгүй болох болов уу л гэж найдаж байна.

-Засгийн газар эрчим хүчний компаниудад татаас өгч эхэлсэн. Тэгэхээр салбарын өрийн дарамт буурч байна уу?
-Салбарын эдийн засгийн асуудлыг харахад нааштай зүйл гарч байгаа. 2009 онд салбар 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсан бол 2010 онд 20 гаруй тэрбум болж буурсан. Энд Засгийн газраас эрчим хүчний компаниудад 15 тэрбум төгрөгийн татаас өгсөн нь үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Нөгөө талаас манай зарим компанийн удирдлага ч гэсэн үр ашиг, хэмнэлт талаасаа дажгүй сайн менежмент хийж ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын 284 дүгээр тогтоолын хүрээнд салбарын компаниудын зээлийн хүүг бууруулж, төлөх хугацааг хойшлуулж компаниудад очиж байгаа өрийн дарамтыг багасгасан. Энэ нь эдийн засгийн утгаараа нааштай үр дүн өгч байгааг тэмдэглэх хэрэгтэй.

-Эрчим хүчний нэгдсэн хөтөлбөрийн үр дүн ямаршуу байгаа вэ?

-2002 онд анх батлагдсан Эрчим хүчний нэгдсэн хөтөлбөрийг таван жилийн дараа буюу 2007 онд тодотгож, шинэчилсэн. Манай орны нийгмийн амьдрал эрчимтэй хөгжиж энэ хөтөлбөрийг дахин шинэчлэх шаардлагыг бий болгож байна. Дахиад таван жилийн дараа буюу энэ онд хөтөлбөрийг тодотгохоор бид ажиллаж байна. Ер нь энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодитой үйл хэрэг болох бодлогын бичиг баримт болсон гэж бид үздэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон ажил хийлээ шүү дээ. Салбарт бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжлээ. Бүх аймгийн төв эрчим хүчинд холбогдлоо, дээр нь манай бүх сум ямар нэгэн байдлаар эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Энэ чинь нийгмийн өмнө бидний хийсэн том ажил. 1990 онд Монгол Улсын 86 сум л эрчим хүчтэй байсан, тэгвэл одоо 333 сум бүгд цахилгаанжуулалтаа шийдсэн байна.

-10 жилийн дараах эрчим хүчний салбарыг Та хэрхэн харж байгаа вэ?
-2021 онд эрчим хүчний салбар сайхан болсон байна гэж өөдрөгөөр хэлэх байна. Мэдээж ТЭЦ 5 маань бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлчихсэн, Тавантолгойн станц ч мөн ашиглалтад орчихсон, говийн бүс нутгийн цахилгааны хангамжийг хийж байна. Зүүн бүсэд 200 орчим МВт-ын чадал нэмэгдчихсэн, бүсийн хэрэглэгчдээ бүрэн хангаад, цаашаа экспортод гаргах боломж бүрдчихсэн байна гэж найдаж байгаа. Баруун бүсэд Хөшөөтийн болон Хотгорын уурхайг түшиглэсэн станц баригдаад, энэ бүс нутаг импортоор цахилгаан эрчим хүч авдаг биш, харин Хятадын Шиньжан, эсвэр Тува тал руу эрчим хүч экспортолдог болчих болов уу.

Говийн бүс мэдээж уул уурхайн үйлдвэрлэлийн оргил үедээ очих байх. Тэр хэрэглээг нь бүрэн хангаад, Улаанбаатар хот, баруун, зүүн бүс болон говийн бүс нутаг өндөр хүчдэлийн шугамаар холбогдсон, Эрчим хүчний бүрэн хэмжээний нэгдсэн систем үүссэн дүр зураг нүдэнд харагдаж байна. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчний томоохон объектууд ч ашиглалтад орно. 2013 оноос “Ньюком” компанийн 50 МВт-ын салхин цахилгаан станц ажиллаж эхэлнэ. Сайншандад мөн л 50 МВт-ын станц ашиглалтад удалгүй орчих байх. Ер нь 2021 он гэхэд эрчим хүчний салбар шинэ үе шатандаа гарчихсан, үр ашигтай, шинэ техник технологи бүхий салбар болсон байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч Монгол Улс эрчим хүч импортолдог биш, экспортолдог орон болчихсон байна.

Эрчим хүчний салбар маань татаас авч амь зогоодог биш, улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг томоохон татвар төлөгч салбар болно гэдэгт итгэдэг. Мэдээж боловсон хүчин нь өндөр боловсролтой, орчин үеийн техник, технологийн нарийн горим, шийдэл бүхий станцуудыг ажиллуулдаг тийм л салбар болчихсон байх болов уу. Түүнчлэн манай орны хөгжил, иргэдийн амьжиргааны нөхцөл улс орны эдийн засгийн хөгжил, уул уурхайн эрчимжилтээ дагаад эрс сайжирч шинэ шатанд гарсан байна гэдэгт эргэлзэхгүй байна.

No comments:

Post a Comment