Wednesday, June 8, 2011

Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman: Хөрөнгийн биржийн системийг есдүгээр сард холбож дуусна

Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman: Хөрөнгийн биржийн системийг есдүгээр сард холбож дуусна

24 минутын өмнө

Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman-наас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр уг албанд томилогдоод удаагүй байгаа бөгөөд Хөрөнгийн биржид шинэ электрон систем суурилуулах ажлыг хариуцаж байгаа юм байна.

-Монголын Хөрөнгийн биржид Millenium IT компанийн технологийг суурилуулна. Хэзээ энэ ажил дуусах вэ?


-Лондонгийн Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсаныг та бүхэн мэдэж байгаа. Гэрээний дагуу Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлж, биржид төлбөр тооцоо, арилжааны системийн өөрчлөлт хийнэ. Одоо арилжаа, төлбөр тооцооны систем суурилуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ жилд бүрэн багтаах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бидэнд хэд хэдэн асуудал тулгарч байгаа. Тухайлбал тендер. Бидний худалдаж авах гэж байгаа бараа маань зүгээр нэг агуулахад байдаггүй болохоор тендер зарлаж оруулж ирэх хэрэгтэй. Тендерээ зарлачихсан байна. Тоног төхөөрөмжүүд маань долдугаар сарын дундуур гэхэд ирнэ.

Суурилуулалтаа хийгээд есдүгээр сарын сүүлээр гэхэд системээ холбочих сонирхолтой байна. Системээ холбосны дараа брокеруудаа сургалтад суулгаж, бэлдэх шаардлагатай. Оны сүүлээр арванхоёрдугаар сар гэхэд системээ бүрэн холбоно. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржийн систем бүрэн автомат болно гэсэн үг. Харин Лондон, Торонтогийн биржтэй холбох бол дараагийн асуудал. Жил хагас орчмын дараа ч юм уу бэлэн болох байх.

-Таныг хөрөнгийн зах зээлийн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай хүн гэж сонссон. Өөрийнхөө ажлын туршлагаас хуваалцаач?


-Би хамгийн анх Нью Йоркийн хөрөнгийн биржийн автомат систем дээр ажиллаж байсан. Дэлхийн хамгийн анхны хадгаламж, төлбөр тооцооны автоматжуулсан системийг босгож байсан. Үүнээс хойш дэлхийн 50 орчим орны хөрөнгийн биржид ажиллалаа. Тэр дунд хөрөнгийн биржийг нь анх байгуулалцаж байсан улс ч бий, биржийнх нь технологийн шийдлийг хийж өгч байсан улс ч бий.

-Өнөөдрийн Монголын Хөрөнгийн биржийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Манай улс шиг дөнгөж хөгжиж байгаа биржүүдэд ажиллаж байсан тохиолдол олон бий юу?


-Хөгжиж байгаа олон хөрөнгийн биржид ажиллаж байлаа. Хамгийн анхных Гана улс. Тэр үед Ганын хөрөнгийн бирж нэг танхимд ширээ тойрч суугаад л хоорондоо арилжаагаа хийдэг байсан. Дараа нь Бангладеш, Шри Ланкийн хөрөнгийн биржид ажилласан. Бас л ширээ тойрч суугаад арилжаагаа хийдэг тийм л дүр зурагтай биржүүд байсан. Үүний хажууд Монголын Хөрөнгийн бирж бол тодорхой хэмжээнд хөгжсөн, электрон тоног төхөөрөмжтэй нь нэг давуу тал юм. Үүнээс гадна Энэтхэгт хэсэг хугацаанд байсан. 24 жижиг хөрөнгийн биржтэй байсныг нь нэгтгэж нэг том хөрөнгийн бирж болгосон туршлага байна.



-Технологийн шинэчлэлт хийхээс гадна өөр ямар ажил хийх шаардлагатай байна вэ?


-Монголын Хөрөнгийн биржид одоо хамгийн том тулгамдаж байгаа асуудал бол хууль эрхзүйн орчин дутуу, тааруухан байна. Энэ сул орчинг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэхэд л төр засгийн зүгээс их анхаарах хэрэгтэй гэж боддог.

С.Болд-Эрдэнэ

No comments:

Post a Comment