Monday, June 6, 2011

Л.Пүрэвсүрэн: Оросын талд Тавантолгойд оролцох оролцоог баталгаажуулах боломжгүй гэсэн хариултыг өгсөн

Л.Пүрэвсүрэн: Оросын талд Тавантолгойд оролцох оролцоог баталгаажуулах боломжгүй гэсэн хариултыг өгсөн

2 цаг 38 минутын өмнө

ОХУ-д айлчлал хийсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хоногийн өмнөхөн эх орондоо ирээд байгаа билээ. Тус айлчлалаар ямар асуудал хэлэлцсэн болон хоёр улсын ерөнхийлөгчийн төрийн уулзалтын үр дүн ямар байсан талаар бид Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.

- Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлалаа хийгээд өндөрлөлөө. Тухайн айлчлалын талаар бид тухай бүр нь тодорхой мэдээллийг авч байсан. Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд айлчлалын талаар хамгийн гол дүгнэж хэлэх юу байна?

- ОХУ бол манай улсын хамгийн гол түнш байсаар өдийг хүрсэн. Энэ айлчлалын үр дүнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал яригдаж, тодорхой хэмжээгээр ахиц гарлаа гэж дүгнэж байна. Нэг айлчлалаар тэдгээр бүхий л асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас ахиц гарч байна гэдэг нэг талаараа том амжилт юм. Тэдгээр асуудлаас хамгийн гол нь 1949 онд хийсэн улаанбаатар төмөр замын 50:50 оролцоотой байх хэлэлцээрийн тухай байлаа. Айлчлалын хүрээнд Монгол улсын хувьд төмөр замыг эзэмших оролцоог 51 хувь болгох талаар ярилцсан. Харин тухайн орны удирдлагууд зарчмын хувьд зөв зүйтэй санал хэмээн нааштайгаар хүлээн авч 1949 оны хэлэлцээрийг орчин үеийн нөхцөл байдалд тохируулж өөрчлөх шаардлагатай болсон байна. Тиймээс энэ гэрээ хэлэлцээрийг яаралтай дуусгая гэсэн зарчмын тохиролцоонд хүрсэн байгаа. Манай талаас тус хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэе гэсэн хүсэлтийг нөгөө талд тавьсан.

- ОХУ-ын Ерөнийлөгч шатахуун хангамжийн асуудалд онцгой анхаарахаа амласан гэж байсан?

- Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр манай оронд үүсээд байгаа шатахууны хомсдолын талаар дурьдаад үүнийг ойлгон хүлээж авч шатахуун нийлүүлж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу ОХУ-ын удирдлагаас холбогдох компаниудад нөөцийг яаралтай нийлүүл гэсэн үүрэг өгсөн. Бидний хувьд жаахан асуудал тулгарахад л нэг орноос хараат байх нь ямар эрсдэлтэй байдалд ордог талаар сургамж авсан гэж бодож байна. Түүнчлэн айлчлалын хоёр дахь хэсэг нь боловсролд соёлын асуудал байсан. 18 дугаар зуунаас эхлээд тэр үеийн Оросын газар зүйн нийгэмлэг оросын хааны даалгавраар маш олон экспедицүүд манай улсын нутаг дэвсгэр дээр ажилласан байдаг. Уг ажлаар Монгол улсын түүхэнд бичигдэх үнэт материалиудыг цуглуулж, судалсан байдаг. Мөн 1930-1940 оны үед их хэмжээний соёлын өв хойд хөрш рүү гарсан. Үүнийг Оросын тал хадгалж байдаг. Үүнийг олж судлая, хоёр улсын өсвөр үеийнхэнд таниулая гэсэн тохиролцоонд хүрсэн байгаа.

- ОХУ-ын хувьд мэдээж Тавантолгойн асуудалд өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлсэн байх. Энэ тал дээр манай улсын зүгээс ямар хариултыг өгсөн бол?

- Манай талаас тавьсан хүсэлтийг Оросын тал хүлээн авч шийдвэрлэх боломжтой асуудалд тодорхой хариулт өгч байсан. Тус улсаас мэдээж Монголд эдийн засгийн байр сууриа хөгжүүлэх сонирхол байж байгаа. Түүнчлэн Тавантолгойн тендерт Оросын компани оролцоод явж байгаа. Тиймээс тус улсаас сонирхолоо илэрхийлж л таараа. Үүнд Ерөнхийлөгчийн зүгээс танай улсын Тавантолгойд оролцох оролцоог баталгаажуулах амлалт өгөх боломжгүй гэсэн зарчмын байр сууриа илэрхийлсэн.

Г.Од

No comments:

Post a Comment