Sunday, June 5, 2011

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг байж чадсан уу

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг байж чадсан уу

1 цаг 15 минутын өмнө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, мон­голчууд тус улсын Ерөнхий сайд В.Путины “Шатахууны нийлүүлэлтэд онцгой ан­хаарал хандуулна” гэсэн аман ерөөл­тэй хоцров. Харин нөх­цөл байдал Монголд хэ­вээр… Хятадаас гуйсан ша­та­хууныхаа хариуд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ха­туухан болзолд уначихсан яваа. Их удалгүй шатахуун нийлүүлэхээ амласан Хятадын талын болзлыг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол нефть, нефтийн бүтээгдэхүүний ний­лүүлэлт шууд Оросын эрх­шээлд үлддэгээрээ үлдэнэ. Энэ нь Оросын талд эзэрхэг гүрний эзэрхэг бодлогоо Мон­голд хэрэгжүүлэх их бо­ломжоо хадгалж үлдэхэд тус­тай гэсэн үг. Тэд энэ ашиг сонирхлоо ч Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн айлчлалын үеэр нэвт шувт мэдрүүлэв.
Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг бид муу хэлэх нь олонтаа ч тэрбээр их өрийг тэглэж чадсан гавъяатай. Оросуудаас салгахаа сал­гаж, өгөхөө өгч явсан нэ­гэн. Хэдийгээр 2006 оны арван­хоёрдугаар сарын 6-ны өдөр В.Путин уулзалтаа цуцласан даруйд Асгатын мөнгөний ордыг тус улсын “Полиметал” компанийн эзэмшилд шил­жүүлж байсныг нь эс тооцвол шүү дээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын Орост хийсэн айлчлал ч тэр “Атар III” аяныг өсч өндийхөд “Орос тус­лана” гэсэн шууд утга бүхий хариулттай ирж байсан. Гэхдээ тэрбээр үүнийхээ төлөө ураны талбарт хамтарч ажиллах “Дорнод уран” компанийг бай­гуулах эрхийг нээж, тө­мөр замын чиглэлээр “Дэд бүт­цийн хөгжил” компани байгуулах замыг засч, үүгээ­рээ дамжуулж Оросын эрх ашгийг Монголын дэд бүт­цийн талбарт тунхагласан нь нууц биш. Харин Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны хоёрдугаар сард Австри, Ун­гарт айлчлах үед нь В.Путин яарал­тай дуудаж, эх орондоо аваач­сан. Бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхий сайдыг дуудаж аваачихдаа тэрбээр “С.Баярын үед баталсан хамтарсан компанийн хувь заяаг түргэт­гэсэнгүй” хэмээн болзол тулган загнаж байж багахан хэм­жээний будаатай эх орон руу нь буцааж байлаа. Харин “Барууны үзэл баримтлалыг дээдлэгч, Оросын шууд удирдлагаас ангид ажиллаж чадах Монголын цорын ганц ард­чилсан Ерөнхийлөгч” гэ­дэг дүгнэлтээр дэлхийд та­нигдсан Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн айлчлалд энэ мэт ганц ч гэсэн тодорхой үр дүн гарч чадсангүй.

Тэрбээр айлчлалынхаа анхны өдрөө “Монголчууд хоёрхон хөрштэй. Итгэж болох орноор манай дийлэнх иргэн ОХУ-ыг нэрлэдэг. Монголчууд хамгийн хүнд хэцүү үедээ ч хойд хөршөө түшдэг” хэмээн тал засаад ч тусыг олсонгүй. Учир нь, хоёр улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд ганц ч эцсийн хариулт байгаагүй бөгөөд зөвхөн “Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулна. Судалж үзнэ” гэсэн утга давамгайлж байв. Шатахууны тухайд ч адилхан. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Роснефть” ком­панийн нөөцөөс даруй нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын ор­­логч дарга И.И.Сечин бо­­лон бусад холбогдох ал­баны хүмүүстээ үүрэг бол­гож. Цаашлаад “Нефть хан­гамж, тээвэрлэлтийн хувьд цаашид алсыг харсан арга хэмжээг авах хэрэгтэйг хоёр тал бодолцох хэрэгтэй” хэмээжээ. Энэ нь шатахууны нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүртлээ хол гэдгийг нотолж буй. Магадгүй энд манайд шатахууны хомсдол хэзээ үүссэнийг барагцаалахад буруудахгүй байх. Тэр хугацаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведевт ялалтын баярын мэнд хүргэж, утсаар ярьсан тэр үетэй давхцах аж. Нэг ёсны тавдугаар сарын дунд үеэс хойш манайд үндсэндээ шатахууны хомсдол нүүрлэж, Оросын тал шууд экспортоо хаасан нь нууц биш.

Дээр нь, тэд өнөөдрийг хүртэл Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгчийг хүлээж авахаас татгалзаж байсан. Гэтэл тодорхой бус шалтгаанаар хойшилж байсан айлчлалын тов шатахууны хомдслын үед гэнэт тодорч, улмаар Оросын хэвлэлд “Монголын Ерөнхийлөгч шатахуун гуйхаар ирлээ” хэмээн бичиж буй нь бас л нэгийг бодогдуулах асуудал юм.

Учир нь, манай төр засгийн удирдлагууд тодорхой шахалт, дарамтад орж байсан баримт хангалттай олон бий. Тэд эх орондоо дуудаж аваачих төдийгүй эх оронд маань ч ирж дарамталж байсан түүхтэй. Наад зах нь, “МонАтом” компанийн удирдлага Канадад дур мэдэн “Дорнод ураны ордын лицензийг “Хан ресурс”-ын талд ойрын хугацаанд шилжүүлнэ” гэсэн гэрээ байгуулсан гэх мэдээлэл хэвлэлд гарах даруйд баруун аймгуудын тогийг Оросын тал тасалж байсан. Улмаар “РосАтом” корпорацийн тэргүүн С.Кириенког Монгол руу илгээж, Ерөнхий сайд С.Батболдоос “Дорнод уран” компанийн үйл ажиллагааг ойрын хугацаанд идэвхжүүлнэ” гэсэн амлалт авч байсан. Баруун аймгуудын гэрэл ч тэр даруйд нь ассан. Гэхдээ энэ бол нэг л жишээ.

Үүнээс өмнө Оросын Ерөн­хийлөгч Д.Медведев 2009 оны наймдугаар сард манай улсад айлч­лахдаа “Их өрийн гэх тодотголтой 11 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг тэглэсэн. Үлдсэн 188 сая орчим ам.долларын өрийн сууд­лыг стратегийн түншлэлийн хү­рээнд зохицуулах боломжтой. Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Ямар улстай хамтрахаа сонгох нь тухайн улсын эрхийн асуудал байдаг. Гэвч бид түүхээ мартаж болохгүй. Бас өөрчилж болохгүй. Манай хоёр орны харилцаа мянган жилийн түүхтэй. Амжилттай сайн хөгжиж байгаа уламжлалт төслүүдээс гадна эрчим хүч, ураны салбарт шинэ шинэ төслүүд яригдаж байгаад бид бүхэн баяртай байгаа. Нэг үгээр хэлбэл бидний харилцаа сайн явж байна” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь нөгөө л хоёр улсын хамтарсан “Дорнод уран” компани, төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Дэд бүтцийн хөгжил” компанийн өмөг түшиг болсон гэхэд буруудахгүй. Улмаар Тавантолгой ордыг ашиглахад төмөр замаар дамжуулж “Гол судсыг нь манайх атгана” гэх дипломат сануулга өгсөн тухай ч яриа байдаг. Их гүрний Ерөнхийлөгч зүгээр ч нэг Ялалтын баярын тууз хайчлах гэж ирдэггүй юм гэдгийг тэрбээр энэ үгээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баталсан. Нэг ёсны энэ нь манай улсын ардчилсан Ерөнхийлөгчид Оросын төрийн тэргүүний үзүүлсэн анхны дарамт байсан биз.

Ерөнхий сайд В.Путины хувьд гэхэд япончуудтай “Монголын ураныг танайтай хамтарч ашиглана” гэж амлачихаад Монголд үдлээд буцахдаа “Танай ураныг манай улс Японтой хамтарч ашиглана шүү” хэмээн тулгасан. Тэр цагаас хойш манай Засгийн газрын зүгээс “Япон бол яалт ч үгүй гуравдагч түнш мөн” гэх тайлбарыг цаг ямагт илэрхийлэх болсон. Энэ бүхэн яах аргагүй бодит шахалтууд.
Гэхдээ дээрх бүх шахалт давхар тодорхой нэг үр дүнг илтгэдэг байсан. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын ту­хайд нэг ч тодорхой тохиролцоо, эцсийн хэлэлцээр гэж байсангүй. Тэд Ерөнхий сайд С.Батболдыг Кремльд дуудаж загнасан шигээ Ц.Элбэгдоржид хатуурхаагүй ч түүнийг басамжилж, “Монгол Улсыг нээрээ л шатахуунгүй болвол бид л тусална. Өөр хэн ч биш. Ийм болохоор бидний эрх ашгийг тунхагла” хэмээв. Тэд ийнхүү тусгаар улсын Ерөнхийлөгч бардам байх ёстой гэдэг зарчмыг хүссэнээрээ нухчин дарав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч шатахууны хомсдлоос үүдээд эрхэмсэг байх чанараа энэ удаад албан хүчээр гээсэн байж болох. Ерөнхийд нь айлчлалын үр дүнг харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаад эрхэмсэг байж чадсангүй. Гэсэн ч монголчууд “Ерөнхийдөгч Ц.Элбэгдоржийг эрхэмсэг бай­гаасай” хэмээн цаг ямагт хүсэх нь тодорхой. Иймд энэ хүслийг эцсийн өгүүлбэрээрээ дамжуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дайхад буруудахгүй биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

No comments:

Post a Comment