Wednesday, June 8, 2011

Нөөцөө ашиглаад гангийн үйлдвэрээ байгуулах нь зөв

Нөөцөө ашиглаад гангийн үйлдвэрээ байгуулах нь зөв

There are no translations available.

Манай улс Энэтхэгийн ком­пани­тай хамтран гангийн үйлд­вэр байгуулахаар болсон мэдээ­лэл цацагдсан ч энэ талаар холбогдох яамнаас тодруу­ла­хад "Бид мэдээ­гүй" гэсэн ха­риулт өгсөн юм. Тий­мээс ма­найд ган­гийн үйлдвэр бай­гуулах боломж хэр байгаа, ямар ач хол­бог­дол­той талаар Мон­голын төмөр­лөг, машин үйлд­вэр­лэ­лийн үн­дэсний холбооны гүй­цэтгэх захи­рал, инженер, эдийн засагч Б.Шаг­дартай ярилц­лаа. Тэрбээр гангийн үйлдвэр бай­гуулахаар 1970-аад оны эхээр судалгаа хийж байжээ.

-Дөчөөд жилийн тэртээ хий­­сэн таны судалгаагаар одоо гангийн үйлдвэр байгуулах бо­ломжтой юу?

-Манай улс хар төмөрлөг буюу гангийн үйлдвэр байгуулахаар 1970-аад оноос яригдсан зүйл. Би 1973 онд сая тоннын хүчин чадал­тай төмрийн үйлдвэр барих та­лаар тооцоо хийж гаргасан хүн. Гангийн үйлдвэр байгуулах тооцоо судал­гаа үүнээс өөр манайд хийг­дээгүй болов уу. Тэр үед Төмөр­толгой Баянголын ордыг түшиглэж үйлд­вэр байгуу­лахаар тооцоо судал­гаа хийгдсэн. Гэвч үүнийг байгуулахад дэд бүт­цийн асуудал маш хүнд байлаа. Мөн Зөвлөлт холбоот улсаас ха­маа­ралтай ма­най улсад энэ үйлд­вэрийг босгох хөрөнгө мөнгө бай­гаагүй. Миний хийсэн судалгаа МАХН-ын Улс төрийн тов­чооны хурлаар орж дэмжигдсэн ч хөрөнгө байхгүй гэдэг шалтгаа­наар орхигд­сон. Тэр үед бидэнд одоотой харь­цуулахад мэдээлэл муу байлаа. Одоо ашиг­лахад бо­ломжгүй юм байхгүй л дээ. Гэхдээ ерөнхий загварчлал нь мөн боловч түүнийг орчин үеийн ханш, тех­но­ло­гид нь зориулж өөрчлөх шаард­лагатай. 40-өөд жилийн өмнө яригдаж байсан зүйл учраас ши­нэч­лэх юм зайлшгүй гарна.

-Манайх төмрийн нөөцөөр бая­лаг орон л гэдэг. Яг нарийв­чилсан байдаг юм болов уу?

-Манай улс төмрөөр баялаг нь үнэн. Төмөртэй, Баянгол, Төмөр­толгойн ордоос эхлээд Дорно­говийн Хонгор, Чандмань, Дөрвөл­жин, Эрээний орд гэж бий. Тами­рын голын хөндий ч бас их төм­рийн нөөцтэй. Энэ орд газруудад зөвхөн төмөр ч биш, тэнд металл ган үйлдвэрлэхэд шаардлагатай шо­хой, чулуу бусад материал маш их байдаг. Тиймээс Монголд ме­тал­лургийг хөгжүүлэхэд түүхий эд хангалттай байна. Үйлдвэрийг авч явах бэлтгэгдсэн боловсон хүчин ч ма­найд зөндөөн бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулаг­дахад ОХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүд өдгөө дадлага, турш­­лагатай болж залуу үеэ бэлт­гэх чадвартай болсон.

-Төмрийн хүдрийг гадагш нь их хэмжээгээр зөөж байгаа энэ цаг үед гангийн үйлдвэрийг яаралтай байгуулах хэрэгтэй гэж үзэж, ярих болсон. Энэ та­лаар та ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр тэрбум тонн төмрийн хүдэр олборлож байгаа юм байна. Үүний 40-өөд хувийг Хятад эзэлдэг бол Бразил 24, Австрали 19, Энэт­хэг 11, Орос дөрвөн хувийг эзэлж байгаа. Хятад нь хамгийн том хэрэг­лэгч төдийгүй, томоохон экспорт­логч орон. Энэ утгаараа манайхаас төмрийн хүдрийг их хэмжээгээр зөөх болсон. Бидний судалгаагаар бол хоногт 300 гаруй вагон ачиж байгаа. Зөвхөн хүдэр зөөгөөд зог­сохгүй шороог нь давхар ачиж байна. Манай хөрс, шороо гэдэг чинь олон мянган жил тариалан эрхэлсэн Хятадын газарт бол амин дэм шүү дээ. Хямд өртөгтэй төмөр, түүнийг дагалдаад газрын ховор элемент, эрдсийг агуулсан эрүүл хөрс гарч байгаа нь үнэхээр ха­рамсалтай. Тиймээс ган­гийн үйлд­вэрийг байгуулах ажлыг түргэвчлэх л хэрэгтэй. Өөрсдөө байгуулж чад­даггүй юм аа гэхэд хятадуудаар металлургийн үйлд­вэрээ бариу­лаад хүдрээ эндээ боловсруулаад бүтээгдэхүүн бол­гоод гаргах хэрэг­тэй.

-Манай улс энэтхэгчүүдтэй хамтран гангийн үйлдвэр бай­гуулах болсон. Тэр ч байтугай Засгийн газраас хөрөнгө мөн­гөний дэмжлэг авахаар тохирсон тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар холбогдох яамнаас тод­руулахад бидэнд мэдсэн юм алга, дээр үед хийгдсэн нэг судалгаа байдаг гэснээс өөр мэдээлэл өгөөгүй. Уг нь гангийн үйлдвэр байгуулах асуудал сө­хөгдөөд 2-3 жил өнгөрөөд байгаа байх аа?

-Дээр үед хийсэн судалгаа гэдэг нь 1973 онд бидний хийсэн су­далгаа л байх даа. Үнэндээ яг энэ асуудал яаманд эзэнгүй бай­гаад байгаа юм. 2009 онд Засгийн газ­рын 320 дугаар тогтоол гэж гарсан. Энүүгээр Монгол Улсад эхний ээлжинд хэрэгжүүлэх томоо­хон төсөл жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Оюу толгой, Таван толгойн төсөл, зэс хайлуулах үйлд­вэр, хар төмөрлөгийн цогцол­бор барих тухай тусгагдсан. Өөрөөр хэл­бэл энэ асуудлыг төр нь шийд­чи­хээд байгаа байхгүй юу. Гэтэл ма­най яам тамгандаа байдаг юм уу, ураг­шаагаа хөдлөх­гүй бай­на. ЭБЭХЯ, Үндэсний хөг­жил ши­нэт­гэлийн хороо үүн дээр ажил­лах ёстой. Засгийн газраас энэ асууд­лыг ЭБЭХЯ хариуцах ёстой гэж хуваарилсан ч яаманд дотроо энэ ажлыг хариуцсан хүн байдаггүй. Тодруулбал металлур­гаа хариуц­сан хүн энэ яаманд байдаггүй юм. Бид төмөрлөг, маши­ны үйлдвэр­лэлийн хэлтэстэй бо­лох тухай са­нал тавьсан ч нэг их авч хэлэл­цэх­гүй л байгаа юм. Хөг­жихөөр тэ­мүүлж буй оронд ийм газар, хэлтэс зайлшгүй байх ёстой. Ийм шийд­вэр гарчихаад байхад эрчим хүч­ний яам юу ч дуугарахгүй ард түмэн­тэй саналаа хэлцэхгүй, мэр­гэжлийн хүмүүсээ оруулахгүй бай­на.

-Гангийн үйлдвэрийг хаана байгуулах нь зөв бэ?

-Эхний ээлжинд Төмөртэй, Баянголын сав газрыг түшиглэж үйлдвэрээ байгуулах нь зөв л дөө.

-Тэртэй тэргүй л Засгийн газ­раас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж байгаа юм чинь, гадны ком­пани оруулахгүй өөрсдөө үйлдвэр байгуулж болохгүй юм уу?

-Хамтарсан үйлдвэр эсвэл то­дорхой хөрөнгө авч л барихгүй юм бол болохгүй байх. Учир нь төм­рийн үйлдвэр барихад юун түрүүнд маш сайн технологи олох хэрэгтэй. Зөвхөн метал, хайлуу­лах асуудал биш. Хүдэр боловс­руу­лахад ч сайн технологитой байж далайцтай түүхий эд гаргаж авна. Үүнээс гадна ийм үйлдвэр бай­гуулагдана гэдэг маань бүхэл бүтэн хот тосгоны тухай асуудал давхар яригдана. Иж бүрнээр өргөн хү­рээнд яригдах асуудал учраас хөрөнгө мөнгө их шаар­дагдана.

-Гангийн үйлдвэрлэл дагаад алтны нинжа нар шиг жирийн айл өрх өөрсдөө гангийн боловс­руу­лалт хийж аж, ахуйгаа өөд нь татах боломж байх уу?

-Энэ бол нинжа нарын алт олборлохтой адилгүй. Төмрийн хүдэрт олон элемент байдаг. Тэр бүгдийг ялгаж гаргана гэдэг нь айл өрхийн хэмжээнд бус том үйлдвэр­лэлийн түвшинд яригдах асуудал. Засаг бодлогогүй алхам хийж алт хөтөлбөр шиг болгоод хаячих вий гэж айж байдаг. Энэ бол биеэ даасан том салбар. Нинжа нар шиг ком­па­ниуд оруулчихвал аюул. Нөө­цөө ч, технологио ч мэдэхгүй хүмүүс баахан шороо ухаж хаяад тараа­чихаж болохгүй.

-Гангийн үйлдвэр ашиглал­тад орлоо гэхэд манай орны эдийн засагт ямар ач холбогдол­той. Бас хор уршиг нь юу байх бол?

-Ер нь дэлхийн жишгийг хараад байхад төмөртэй орон л хөгждөг юм байна. Дэлхийн эдийн засгийг тэргүүлж байгаа эхний 20 орон бүгдээрээ төмөртэй орон байдаг. Аливаа улсын хөгжлийг тодорхойл­дог юм чинь металлургийн салбар. Манайх нэгэнт л өөрөө нөөцтэй орон учраас нөөцөө ашиглаад үйлдвэрээ байгуулах нь зөв. Ул­маар хүний хөдөлмөр шингэсэн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлснээр хүнээ ажилтай болгохын сацуу давхар хөгжүүлж байгаагаараа ач холбогдолтой. Ийм бодлогоор явах хэрэгтэй. Тэрнээс байгаа баялгаа уудлаад хүмүүст бэлэглээд зар­чихаж болохгүй. Манай түүхий эд гараад ирвэл ийм баялагтай улс аль ч салбар луу орсон дэлхийн зах зээлд ямар нэгэн бүтээгдэхүү­нээр холбогдох л ёстой.

-Нэг үйлдвэр байгуулагд­санаар хэр ашигтай ажиллах вэ. Хүчин чадлын хувьд ямархуу байвал зүгээр вэ?

-Би хувьдаа олон том үйлдвэр байгуулахын эсрэг байгаа. Сэлэнгэ орчимд л сая тоннын хүчин чадал­тай нэг үйлдвэр байгуулчихад тө­вийн хэсгийн хэрэгцээг хангаад зогсох­гүй экспортод гаргах боломж­той. Яахав цаашдаа зүүн, баруун бүст бари­вал барьдаг л юм байгаа биз. Сая тоннын хүчин чадалтай нэг үйлдвэр л байхад Монгол хүд­рээ гадагш зөөлгүй бүтээгдэхүүн хий­гээд байх боломжтой. Бэлэн бү­тээг­дэхүүн гараад ирвэл манайд ме­таллаар юм хийдэг 50 гаруй үйлд­вэр бий. Одоо ч зарим үйлдвэр хөнгөн цагаанаар "Тоyoto"-той машины тоо­ромз­ны эд анги хийгээд Япон руу онгоцоор ачиж байна. Ийм ач тустай үйлдвэр барих шийд­вэр гараад хоёр жил болсон ч хол­богдох яам, газрын хүмүүс хөд­лөхгүй байгаад мэргэжлийн хүний хувьд санаа зовж л байна.

-Манай улсыг гангийн үйлд­вэртэй болоход хоёр хөрш ихээ­хэн дургүй байдаг юм биш үү. Гадны орны энэ бодлого хүчтэй байгаагийн нэг илрэл энэ байж болох юм?

-Тийм тал бий. Дээр үед хар металлургийн машины үйлдвэр байгуулах саналыг Содном дарга Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа тавихад оросууд зориу­даар үгүйсгэж байсан. Оросын бодлогод Монгол Улсыг хөгжүүлэх бодол байгаагүйг манайхан сүүлд л мэдсэн шүү дээ. Манайхыг газар тариалангийн орон байлгаж хоол хийлгэё гэдэг утгаараа газар тариа­ланг нь дэмжиж байсан. Мах авах гэж мал аж ахуйг дэмжиж байсан.

Д.ЦОГЗОЛМА

No comments:

Post a Comment