Friday, April 22, 2011

Оюутолгойгоос Гашуунсухайт руу 96.8 км зам тавина

Өчигдөр 13 цаг 47 минут

Оюутолгойгоос Гашуунсухайт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозам тавих тендер зарласан бөгөөд сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Тендерийн хоёр багц буюу 46.4 км замын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан "Монроуд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл, "Оюутолгой" ХХК-ийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Жонсон нар гэрээнд гарын үсэг зурсан байна. "Оюутолгой" төслийн талбайгаас Гашуунсухайт хүртэл тавих хатуу хучилттай зам олон улсын стандартад нийцсэн, тээвэрлэлтийн даацыг хангахуйц жишиг чанартай болно гэдгийг гүйцэтгэгч компанийнхан амлаж байна. Уг замын хатуу хучилтын өргөн нь найман метр, хучилтын зузаан нь 12 см байх аж. Энэ нь замын хучилт таван см байдаг манай улсын стандартаас 7 см-ээр илүү үзүүлэлт юм. Энэ төсөлд 320 гаруй хүнийг ажиллуулах бөгөөд орон нутаг, нийслэл, бусад аймгаас сонгон шалгаруулж ажиллуулах юм.

Ж.ГЭГЭ

Таван толгойн нүүрсний тээврийн замыг хаалаа

2011.04.21

Өчигдөр 11 цаг 3 минут

Үүнээс ямар үр дүн гарах вэ?

Ашигт малтмалын экспор­тын ид улиралд нүүрсний ол­бор­лолтыг тушсан нэгэн шийд­вэрийг Авто тээврийн газар гаргажээ. Салбарын сайд Х.Баттулгын үүрэгдсэний дагуу гэх тодотголтой энэ шийд­вэрийнхээ тухай тус газрын холбогдох албаны хүмүүс өчигдөр дуулгасан юм.

Энэ нь Тавантолгойд олбор­лолт явуулж буй Ухаа худаг, Тавантолгойн уурхайгаас Ца­гаан хад гэдэг газар хүртэлх замаар тээвэрлэлт явуулахыг хориглосон шийдвэр юм. Тус замаар өдөрт хүнд даацын 500-гаад машин нүүрс тээвэрлэдэг гэнэ. Тэдний зорчдог 254 км зам 6-8 салаа болж, өргөн нь нэг км авто замыг хамарчээ. Зуу зуун тоннын жинтэй авто машинууд хөлхсөнөөр тоос босч, шороо бужигнаж, орчин тойрон харагдах боломжгүй болдог байна. Улмаар авто машины осол гарч, хүний амь нас эрсдэх нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн онд тус замд 31 авто тээврийн осол гарч, 23 хүний амь нас хохирч байсан бол энэ оны эхний улиралд 12 осол гарч гурван иргэн амь насаа алдсан байна. Энэ мэт байгаль орчин болон хүний амь насанд ихээхэн хор уршиг учруулж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Одоогийн байдлаар газар дээр нь холбогдох албадаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тэд өнөөдрөөс уг замыг хаах аж.

Тавантолгой-Гашуун су­хай­тын чиглэлд уг шороон замын хажуугаар “Энержи ресурс” компани авто зам барьж буй. Энэхүү зам ашиглалтад орох хүртэл тус чиглэлийн уртын тээврийг хаах юм байна. Компанийн мэдэгдсэнээр замыг ирэх наймдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаа албаны хүмүүст мэдэгдсэн байна.

Харин Цагаан хаднаас хил хүртэлх замыг хаагаагүй бөгөөд тэнд хилээр гаргахаар буулгасан байгаа нүүрсийг тээвэрлэх 28 км зам нээлттэй үлдэж буй ажээ. Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын 10 талбай байдаг бөгөөд өдөрт 350 тонн нүүрс хилээр гаргана гэж тооцоход сар орчим хугацаанд экспортлох нүүрс тэнд байгаа гэнэ.

Нүүрсний уртын замыг хааснаар Монголын томд тооцогдох хоёр уурхайгаас гарах нүүрсний хэмжээ буурч магадгүй юм. Ид олборлолт явуулж, борлуулдаг улирлаар ийм шийдвэр гаргасан нь эдгээр компанид эдийн засгийн алдагдалд оруулж болзошгүй гэнэ. Тиймээс энэ талаар компаниудтай холбогдож байр суурийг нь авав.

“Тавантолгой” ХК-ийн гүй­цэт­гэх захи­рал Х.Түмэн­баяр:

-Одоогоор манай компа­нийн удирдлагад албан ёсоор мэ­дэгд­сэн юм алга. “Таван­толгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хэрвээ тээврийн замыг хаах юм бол мэдээж олборлолт, борлуулалтад сөргөөр нөлөөл­нө. Манай компани жилдээ 4.7 сая тонн нүүрс олборлон борлуулж улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх даалгавартай байдаг. Тэгэхээр бидний төлөвлөгөө тасалдахад хүрч магадгүй юм. Гэхдээ одоогийн байдлаар надад албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа учраас би бодит юм хэлж чадахгүй байна гэлээ.

Тус компани сард 300-гаад мянган тонн нүүрс олборлож 60 тэрбум төгрөгийн орлого олдог гэнэ. Нүүрсний тээв­рийн замыг хаах 3-4 сарын хугацаанд 180-240 тэрбум төг­рөгийн алдагдал дээрх ком­панид учрах бүдүүн хадуухан тооцоо харагдаж байна.
Харин “Энержи ресурс” компанийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуу­­дал хариуцсан захирал Ариу­наатай холбогдоход “Энэ асуудлыг хариуцсан алба­ны хүмүүс нь уурхай дээр ажиллаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломж­гүй “ гэсэн юм.

Тээвэрлэгч компаниуд ба гадаад ажилчид

Нүүрс олборлогч гол компанийн холбогдох хүмүүс ийн ярьж байна. Үүний цаана мөн тээвэрлэгч компаниудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Монгол, Хятадын нийлсэн 150 орчим тээврийн компани уурхайн тээврийн асуудлыг хариуцаж бизнес хийж буй. Зарим монгол иргэн хувиа­раа их хэмжээний зээ­лээр хүнд даацын авто ма­шин авч, нүүрсний тээвэр хийж амьжиргаагаа залгуулах нь бий. Ингээд бодохоор тээ­вэр­лэлтийн компаниуд, хувь хү­мүүс ч алдагдалд орж болзошгүй байгаа юм. Нөгөө талаас тээвэрлэлтэд голдуу хятад ажилчид байдаг. Монголын иргэдээ орлоготой болгох үүднээс тэднийг ажил­луулж болдоггүй юм уу гэсэн асуудал үүсч ч болох юм.

Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлт­сийн дарга С.Батболд:
-Манайд мэргэшсэн бо­ловсон хүчний асуудал бий. Одоогоор уг ажлыг хийх чад­вартай бэлэн мэргэшсэн жо­­лооч төдийлөн элбэг биш. Тиймээс бид үндэсний мэр­гэш­­­­­сэн жолооч бэлтгэж, нүүрс­­­­­­­­­­­­­­­­­­ний тээвэрт мон­­гол ажилч­­­­­­даа ажиллуулахаар шат да­раатай арга хэмжээ авч буй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамт­ран мэргэшсэн жолооч бэлт­гэхээр ажиллаж байна гэж ярьсан.

Цаашид яах вэ?

Тавантолгойд бос­сон тоос шо­роо, осол аваа­рыг ур­­­­­тын тээврийн замыг хаас­наар бүрэн шийдэхгүй гэж албаныхан хэлсэн. Юутай ч “Энержи ресурс”-ын авто замыг ашиглалтад орох хүртэл гал унтраах түр зуурын арга хэмжээ авч буй нь энэ аж. Цаашид энэ замаар урсах зуун зуун тонн нүүрс, тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ.

Нүүрс тээвэрлэгч маши­нууд 100-120 тоннын жинтэй байна. Тэгвэл одоогоор ма­най улсад мөрдөж буй стан­дартад 100 тонн-ын даац гэж байдаггүй, хамгийн дээд тал нь 44 тоннын жинтэй тээв­­­рийн хэрэгсэл зорчино гэ­сэн нь Тавантолгойд явж буй тээврийн хэрэгсэлд мөр­дөгддөггүй гэсэн үг юм. Тий­мээс нүүрсний тээвэрт хэрэг­жих боломжгүй тээврийн хуу­чин стандартыг шинээр тог­тоохоор холбогдох алба ажиллаж байна. Олон улсын жишигт машины даацыг нэ­мэг­дүүлж, замд нөлөөлөх нө­лөөллийг бууруулахаар ту­хайн тээврийн хэрэгслийн тэнх­лэг, дугуйн тоог нэмж тавих зэрэг арга хэмжээ авдаг гэнэ. Мөн ашигт малтмал тээ­вэрлэх машинуудад зориулсан тусгай технологийн зам бий болгох тухай ч Авто тээврийн газрынхан хэлж байлаа. Үү­гээр зөвхөн хүнд даацын машин зорчих ба суудлын авто машин зэрэг бусад тээврийн хэрэгсэл явах боломжгүй зам байх гэнэ.

Байгаль орчин говийн хамгийн “халуун” асуудал болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Говийн эмзэг хөрсийг хага яран, эргэн тойронд нүүр нүдгүй манарах тоос шороон дундуур эх орны минь баялгийг тээн урд хөршийг зорих машин цувааг хараад зүрх нь шимширдэггүй монгол хүн гэж байдаггүй биз. Үнэхээр ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол атомын бөмбөгөнд сүйрсэнтэй дүйх гамшиг говьд нүүрлээд байсан нь үнэн. Тэгэхдээ өчнөөн жил талхлуулчихаад хоёрхон сарын дараа ашиглалтад орох замыг нь хүлээлгүй гэнэт хаасан нь ардаа ямар нэгэн санаа агуулаагүй байгаасай л гэж найдъя. Монголчууд бид сайныг бодож хийсэн зүйлээ өөрсдөө муухайгаар ашиглаад бүр дордуулдаг жишээ олон бий. Арын хаалга, авилга цэцэглээд ард нь улс авсан татвар ч үгүй үлдэхгүй л бол эх орныхоо байгалийн төлөө хийсэн энэ алхмыг дэмжихгүй хүн ховор биз.

Б.Сүрэн

Д.Зоригт: Том тавантолгойд сорчилсон ашиглалт явуулаагүй

Өнөөдөр 7 цаг 43 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр цахилгаан, дулааны үнэ, тарифт ямар үндэслэлүүдээр өөрчлөлт оруулсан талаарх танилцуулгыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хийсэн юм. Энэ асуудалтай холбогдуулж, дараах асуултад хариулт авлаа.

-Цахилгаан, дулааны үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг Зас­гийн газрын хуралдаанд та­нил­­­цууллаа. Хуралдаанаас гар­гасан шийд­вэрийн талаар тод­руулахгүй юу?

-Эрчим хүчний зохицуулах га­зар гэсэн бие даасан статустай байгуул­лага байдаг. Энэ байгуул­­лагын хувьд цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудалтай холбоотойгоор бие даасан шийдвэр гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрийг нь Шударга бус өрсөлдөөнийг хянан шийдвэрлэх газар хянаж, боломжтой гэж үзвэл, шийдвэр нь албан ёсны болдог. Нэг үгээр хэлбэл, одоо айл өрхүүдийн нэг квт цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ер нь нийт өрхийн цахилгаан хэрэглэгчдийн 60 хувь нь 150 квт цахилгаан хэрэглэдэг. Тэгэхээр 150 квт-ыг дөрвөн төгрөгөөр үржүүлэхээр сард цахилгааны үнэ өмнөхөөсөө 600 төгрөгөөр өсөх юм. Мөн 50 квт цахилгаан хэрэглэдэг өрх нэлээд бий. Эдний хувьд цахилгааны үнэ өмнөхөөс 200 төгрөгөөр л өсөх болж байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд цахилгааных нь хэрэглээг хоёр ангилсан. Тухайлбал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг квт цахилгааны үнэ 80 төгрөг байсныг 100 орчим төгрөг болгосон. Жишээ татъя, Дорнодын зүүн бүсийн цахил­гаан станц жилдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг. Алдагдлыг нь татаасаар улсаас нөх­дөг. Гэтэл алдагдал хаанаас үүсч байна вэ гэхээр, станц маань өөрөө 100 гаруй төгрөгийн үнээр цахилгаан үйлдвэрлэдэг хэрнээ эц­сийн хэрэглэгчдэд хүргэхдээ нэг квт-ыг нь 80 төгрөгөөр өгснөөс болж үүсч байгаа. Энэ нь ердөө гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн дөрвөн том компанитай холбоотойгоор үүссэн байдаг юм байна. Гэтэл эдгээр уурхай нь өөрс­дөө валютаар орлого олдог, экспортын үйл ажиллагаа явуулдаг, өөрсдөө зах зээлийн дагуу ажилладаг. Тийм байтал Дорнодын цахилгаан станцад улсаас татаас өгөөд байгаа нь зохисгүй гэж үзсэн. Ийм үндэслэлээр Эрчим хүчний зохицуулах газраас уул уурхайн үйлдвэрүүдийн хэрэглэх цахилгааны үнийг нэг квт тутамд 80-100 төгрөг болгож өсгөсөн байсан. Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд 80-88 төгрөгт хүрч нэмэгдсэн. Харин Цахилгаан тээврийн үнийг нэмээгүй, хуучнаар нь үлдээсэн байгаа. Мөн нийгмийн эмзэг бүлгийн өрхийн цахилгааны үнийг өсгөхгүй. Шөнийн цахилгааны үнийг өсгөөгүй, хуучнаар нь үлдээсэн. Үүн дээр нэмээд, аж ахуйн нэгжүүдийн дулааны үнийг огт нэмээгүй байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийн ду­лаа­­ны үнийг нэмээгүй нь ямар учир­тай вэ?

-Гол нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй гэж үзсэн юм. Дахин хэлье, Эрчим хүчний зохицуулах газар бие даасан байгуул­лага. Эрчим хүчний зохицуулах газрын дэргэд зөвлөлдөх хороо гэж бий. Зөвлөлдөх хороонд нь Үйлдвэрч­ний эвлэлийн орлогч дарга, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл багтдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд цахилгаан, дулааны үнэ тарифын өсөлтийг хэлэлцээд, “Тодорхой хэмжээнд нэмэхийг дэмжиж байна” гэж саналаа өгсөн юм билээ. Уг нь анх Эрчим хүчний зохицуулах газраас оруулж ирсэн саналаар бол айл өрхүүдийн цахилгааны үнийг нэг квт-ыг нь 88 төгрөг биш, 92 хүртэлх төгрөгөөр өсгөх санал гаргасан байсан. Шударга бус өрсөл­дөөнийг хянан зохицуулах газраас үнийг хянаж үзээд, 92 төгрөг хүртэл өсгөсөн байсныг хамгийн бага нь 71 төгрөг, хамгийн ихдээ 84 төгрөг хүртэл бууруулах шийдвэрийг гаргаж, шийдвэрлүүлсэн байгаа.

-Сүүлийн үед “Таван­толгойн ордыг сорчлон ашиг­лаж эхэллээ, орлогоо нуун, татварт бага хэм­жээний мөнгө өгч байна” гэсэн мэдээлэл ца­цаг­дах боллоо. Сал­барын яам хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Орон нутгийн өмчийн Таван­толгой ХХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг, 49 хувийг нь аж ахуйн нэгж эзэмшдэг. Хэвлэлээр гарсан мэдээллийн мөрөөр яамнаас тодорхой дүгнэлт гаргана, Улсын мэргэжлийн хяналтын газрынханг явуулна. Ашигт малтмалын газраас тус компанийн энэ жилийнх нь тайланг, өнгөрсөн жилийнхтэй авч үзэж, шалгана. Хэрэв хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаачлан сорчилсон үйл ажиллагаа явуулж байвал, шалгаж, газар дээр нь арга хэмжээ авна гэдгээ хэлэх байна. Өнөөдрийн байдлаар “Энержи ресурс” компани, Засгийн газрын мэдэл дэх “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэс Тавантолгой компаниудын мэдэлд байгаа газруудад сорчилсон ашиглалт явагдахгүй байгааг батал­гаатай мэдэгдэж байна. Яагаад гэвэл Техник эдийн засгийн үндэслэлийнх нь дагуу ажил явж байна уу гэдгийг шалгасан. Харин “Энержи ресурс”-ийн талбай дээр 12 мгв-тын цахилгаан станц баригдаж байгаа, удахгүй ашиглалтад орно. Энэ цахилгаан станцыг ашиглахад шатаах эрчим хүчний нүүрс тэнд байгаа учраас ашиглаж таарна.

-Тавантолгойгоос нүүрс тээ­вэр­­лэхийг зогсоочихлоо. Яам ямархуу байр суурь баримталж байна вэ?

-Өмнөговиос нүүрсний тээвэр­лэлт явуулж байгаа замыг хаах шийдвэрийг өмнө нь бид хэд, хэдэн удаа тавьж байсан. Хааж ч үзсэн, хаагаад холбогдох стандартынх нь дагуу барьсан авто зам барих ажил эрчимтэй явж байна. Авто зам ашиглалт оронгуут тээвэрлэлт эхэлнэ. Авто замын газраас энэ удаад ямар шалтгаанаар тээвэрлэлтийг хаасан бэ гэдгийг бид албан ёсоор тодруулна.

Г.ДАРЬ

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1.5 сая болжээ

2011 оны 4 сарын 19

“Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн ирээдүйг итгэлтэйгээр тө¬сөөлөх эрх бидэнд бий. Борлуулалтын болон олборлолтын шинэ суваг хайх хэрэг бидэнд алга. Хийх зүйл маань ердөө л нүүрсээ олборлоод, гадаад зах зээл дээр нийлүүлэх, түүнээсээ хувь хүртэх. Хувьцааны хувьд ч адилхан. “Гадаад зах зээл дээр хувьцааг чинь гаргаад өгье” гэж дэлхийн томоохон компаниуд манай улсад ирсэн. “Дотооддоо хувьцаагаа арилжаалахад чинь зайлшгүй шаардлагатай бүтэц, баазыг чинь байгуулж өгье” гэж дэлхийд нэр хүндтэй хөрөнгийн бирж бидэнд хандсан. Үүнтэй холбоотойгоор иргэд хувьцаа эзэмшигч болох нь гэж баахан үймсэн бол одоо аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихээр үймж эхэлжээ.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухайд” хэмээх оршилтойгоор УИХ 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоол баталсан. Тогтоолд “Хувьцааны 10 хувийг 2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү үнээр худалдана” хэмээн тов тодорхой бичсэн байгаа. Товчхондоо хувьцаа худалдан авах боломж нь том групп байна уу, жижиг ТҮЦ байна уу хамаагүй тэнцүү эрхтэй гэсэн үг. Мэдээж заасан хугацаанаас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Компани зарна” хэмээх зар олшроод байна. Дурын веб, браузер ашиглан “Компани зарна” хэмээн бичээд хайж болно. Хайлтын үр дүнд гарч ирэх зарыг шүүгээд харвал тухайн компаниуд бүгд 2009 оноос өмнө байгуулагдсан байх вий.

Хэд, хэдэн утас руу залгалаа. Анх 2006 онд байгуулагдсан гэх нэгэн компанийн талаар харилцуурын цаанаас ярилцлаа.

-Танайх ямар ч тайлан гаргаагүй болохоор 2009 оноос өмнө байгуулагдсан ч “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг авах боломжгүй юм биш үү?
-Эхний жил л татвар төлсөн. Аялал жуулчлалын компани юм. Тэр хувьцааг чинь авахын тулд сүүлийн нэг жил л татвар төлөсөн байхад болох юм билээ. Энэ бол асуудал биш шүү дээ. Татварын байцаагчтай нь яриад л шийдэж болно. Дүүрэг дээр танилтай бол бүр ч амархан бүтээнэ.

-Компаниа яагаад зарах гэж байгаа юм бэ?

-Яах юу байхав дээ. Би өөрөө ажиллуулах боломжгүй болчихсон. Тэгээд ч компани гадуур их үнэтэй байгаа биз дээ. Аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны талаар сонирхож байгаа бол чи компанийн үнийг судалсан л байлгүй. Би харьцангүй хямдхан 350 мянган төгрөгөөр зарж байгаа юм.

Өөр хэд, хэдэн утас руу залгаж үзлээ. “Манайх “Х” тайлан гаргасан болохоор хувьцаа худалдан авахад асуудалгүй. Үнэ нь 1.5 сая” гэх зэрэг хариулт ирж байна. Ямар ч байсан 39 дүгээр тогтоолд заасан шалгуур, үзүүлэлтийг хангаад, элдэв асуудалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үнэ нэлээд өндөр байна.Ойролцоогоор 1-2 сая төгрөг дундаж үнэ ч байж мэднэ.

Дээрх асуудлаар Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн, Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Компани зарна гэсэн зар сүүлийн үед нэлээд харагдах бол­лоо. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг олгохтой холбоотой бололтой?
-Харин одоо компани зарах нь багассан юм биш үү. Ерөнхий сайд ч хэлсэн шүү дээ. “Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Төр хувь хишигээ тодорхой хэмжээнд хүртээж, үндэсний үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжиж үйл ажиллагаанд нь шинэ боломж, шинэ санхүүгийн эх үүсвэртэй болгоё гэж байхад компани худалдаж авах нь буруу. Мөн аж ахуй нэгжүүдийг худалдаж, зарж байгааг судалж, дүгнэлт хий” гэж хэлсэн.

-Танайхаас үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?
- Төрийн өмчийн хороонд яг энэ асуудлыг дагнан ажиллах боломж, үүрэг байхгүй. Гэхдээ бид судалж байна.

-Заруудаас харахад өнөөдөр ч гэсэн “Компани зарна” гээд зар байсан?
-Компаниудыг зарах, худалдан авахад асуудал өгч болохгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.

-Ер нь үндэсний компаниуд олон охин компанитай болоод хувьцааг чадлынхаа хэрээр худалдаж авахад болохгүй зүйл бий гэж үү. Яахав зарим нэг компани дээр олон хувьцаа төвлөрнө л биз?
-Ажлын хэсэг энэ тал дээр судлаад, дүгнэлтээ гаргаад ажиллаж байгаа. Сайн, муу талыг нь дүгнэж цэгнэх хараахан болоогүй байна.

Ямар ч байсан компаниудыг том, жижгээр нь ялгалгүйгээр бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон нь компанийн худалдаа газар авахад хүргээд байгаа бололтой. Албаныхны тайлбараар нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах компанийн болзлыг дахин нарийвчилж, шалгуур тогтоож магадгүй гэсэн. Гэхдээ нэгэнт нэрлэсэн үнэ тогтсон даруйд компаниуд хувьцаа авахаар дараалалд зогсвол зохицуулалт нь ямар байхыг тааж хэлэх боломж алга. Харин бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар “Чадалтай томоохон компаниуд хувьцаа худалдаж авлаа гээд хувьцааны төвлөрөл болохгүй. Тэд хэрвээ авахаа хүрвэл жижиг компаниудыг санхүүжүүлж байгаад хувьцаа худалдан авч, дараа нь бирж дээрээс ямар нэгэн аргаар авахаа мэдэх байлгүй” хэмээж байсан. Тэгэхээр одоохондоо юу болохыг ажиглаж суухаас өөр яах билээ. Угаасаа компани худалдан авах, худалдахыг хориглох ямар ч хуульзүйн үндэслэл байхгүй. Дээр нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн удирдлагын нэр өөрчлөгдөхөд ямар ч асуудал байхгүй аж.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Хэн хэдэн хувьцаа эзэмшдэг вэ?

Өчигдөр 8 цаг 16 минут

Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа УИХ-ын гишүүдийг нэг түрийвчтэй гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хэн, хэн ашиг сонирхлоороо хэлхэлддэг, аль ноёнтон ямар компанийн нууц эзэн болох талаар хангалттай их яриа, хардлага байдаг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хувьцааны талаарх мэдээллийг ангилж авч үзье. Ихэнх албан тушаалтнууд цалингийн бус орлогоо хувьцааны ногдол ашиг гэж тайлбарладаг шүү дээ.
УИХ-ын гишүүдийн хамгийн их эзэмшдэг хувьцаа нь “Женко тур бюро”-гийн хувьцаа. “Женко тур бюро”-гийн жинхэнэ эзэн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга 676 мянган ширхэг хувьцаатай. Гэхдээ одоогоор энэ бол нэг их үнэтэй бус өчигдрийн байдлаар нэг ширхэг нь 97 төгрөгний ханштай байсан. Харин Х.Баттулга гишүүн хамгийн олон хувьцаатай гишүүдийн нэг. Тэрбээр “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Эмээлт зах” зэрэг 13 компанийн хувьцааг эзэмшдэг. Зөвхөн хувьцаа бус эзэмшдэг компанийнхаа жагсаалтаар Кёкүшюзан Батбаяр 16 компанийн 50-иас дээш хувь нийт 18 компанитайгаар толгой цохиж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Зоригт “Миг даатгал”, “Эм Си Эс Цамхаг” зэрэг нийт 15 компанийн хувьцаа, харин Б.Чойжилсүрэн 10 компанийг 100 хувь эзэмшдэг юм байна. Эзэмшлийн компаниудаараа Б.Чойжилсүрэн, Кёкүшюзан Батбаяр УИХ-даа магнайлж байгааг бид өмнөх тоймдоо өгүүлсэн.
Эрхэм гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны дуртай хувьцаануудын нэг “АПУ”, “НИК”, “Говь”-ийн хувьцаанаас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, М.Энхболд, “НИК”-ийн хувьцаанаас УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ нар, “Говь”-ын хувьцаанаас УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг нар эзэмшдэг юм байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өмнө мэдүүлж байснаар “М-Си-Эс” компанийн 1,5 хувийг эзэмшдэг гэжээ.
Дээр дурдсан нэг түрүүвчтэй гишүүд олон гэсэн хардлагын дагуу нэг компанийн хувьцаа хамтран эзэмшдэг гишүүд олон байх ахул асуудал өөр тийш эргэх нь тодорхой. Энд бас хал балгүй “эзэмшил”-ээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн мөсөн уулын орой төдий ч гэдэг. Энэ ч дагуу УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогод тэгтэл их сонирхлын бүлэглэл болоод байхаар зүйл алга. Гэхдээ албан ёсоор мэдүүлсэн мэдүүлэгт нь л гэдгийг дахин онцолъё.