Showing posts with label ХУВЬЦАА. Show all posts
Showing posts with label ХУВЬЦАА. Show all posts

Sunday, May 8, 2011

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Эрдэнэс Тавантолгой”-г хоёр биржид арилжина

2011 оны 5-р сарын 6
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Эрдэнэс Тавантолгой”-г хоёр биржид арилжина
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны талаар ярилцлаа.

-Иргэдийн хувьцаагаа арилжах эрх хаагдмал байгаа. Хэзээнээс борлуулах, арилжих эрхийг нээх вэ?

-Ард иргэдэд олгож буй давуу эрхийн хувьцаа хязгаарлагдмал эрхтэй байгаа. Дараа нь хөрвүүлж чөлөөтэй арилжаалах боломж олгоно. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ийм шийд гаргалаа. 30 орчим хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаас болгож гаргана. Одоохондоо ажил төлөвлөсөн ёсоор явж байна. Цаг үеийн байдал, орчин нөхцөл найдлага төрүүлж байна.

Гол ашиг нь нэгдүгээрт, иргэн хүн өөрт ногдсон хувьцааг зараад мөнгө болгож болно. Хоёрдугаарт, өөртөө хадгалж, ажил амьдралдаа нэмэрлэж болно. Бас нэмж худалдаж аваад хөрөнгө оруулалт хийх зэргээр эргэлтэд оруулж сурах хэрэгтэй.

-Хувьцаагаа арилжиж олсон ашгаа Засгийн газар хэрхэн зарцуулах вэ?

-Уурхайгаа байгуулж, хөгжүүлэхэд зориулна. Монголынхоо хөгжилд зарцуулах төсөл хэрэгжиж байна. Энэ бол олон улсын сонгодог арга зам.

-Хөрөнгийн биржүүд манайд нэлээд нааштай хандаж буй гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Хувьцаагаа хоёр биржид зэрэг арилжина. Бэлтгэл ажил байна. Нэг баяртай зүйл хэлэхэд, Лондонгийн хөрөнгийн бирж дэлхийн хамгийн ахмад туршлагатай нь. Хонконгийн хөрөнгийн бирж манайд тусгай нөхцөл үзүүлэхээр болсон. Манайд Тавантолгойн хувьцаа маш их эрэлттэй байгаа нь хувьцаагаа хамтран, амжилттай гаргахад итгэл төрүүлж байна гэсэн.

Хонконгийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч манай улсад ирэх үеэрээ “Танай улсад тусгай нөхцөл үзүүлье. Хатуу журам дүрмээ мөрдөхгүй, уян хатан байна. Монголыг урьж байна” гэж хэлсэн. Лондонгийн хөрөнгийн биржийн тухайд тэдний топ 500 компанийн жагсаалт байдаг. Тэр жагсаалтад орсон компанийн хувьцааг дэлхийн хаана ч авдаг. Танайхыг тэр жагсаалтад оруулна гэж тэд бас амласан.

-Хөрөнгийн бирж “Тавантолгой” хувьцааны үнийг хөөргөдсөн гэж ярьсан. Ийм юм байж болох уу?

-Жижиг “Тавантолгой” хувьцаа нэг сая дөрвөн зуун мянгад хүрсэн. Энэ бол бодит үнэ биш. Өнөөдөр дэлхийд ийм өндөр ханштай хувьцаа байхгүй. Хувьцааны үнийг дээшлүүлэхийн тулд цөөн хувьцааг зориуд хөрөнгө гаргаж хувь эзэмшигчид өөрсдөө авдаг.

Ц.Мягмарбаяр

Давхар компани байгуулах уу, DR ашиглах уу?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO өнгөрсөн сарын халуун сэдвүүдийн нэг хэвээр байлаа. Нэгж хувьцааных нь үнэ хэд байх вэ гэдэг асуулт ярианы сэдэв болж байсан бол одоо хэдэн бирж дээр гарах вэ, олон улсын бирж дээр гарах стандарт хангагдаж, нөхцөл боломж бүрдэв үү гэдэг асуулт мэргэжилтнүүдийн төдийгүй шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна.

Бид хөрөнгийн зах зээлээ өөд нь татах гээд дөнгөж л эхэлж байна. Энэ салбарын гол хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр яригдаж байгаа. Мөн Хөрөнгийн биржийн менежментээ Лондонгийн биржид атгуулчихлаа. Үүнээс өөрөөр хийж гавьсан зүйл алга.

Хөрөнгийн зах зээл хөгжил өөд хөдөлж эхэлж буй энэ үед “Эрдэнэс Тавантолгой” олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулахаар яаравчилна. Олон ажил нь энэ зун гэхэд жигдрэх ч гэсэн хамгийн том толгойны өвчинтэйгээ “Эрдэнэс Тавантолгой” тулгарсан бололтой. Энэ нь аль бирж дээр гарах вэ, олон улсын биржүүд Монголын хууль эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй болохоор яаж IPO хийх вэ гэдэг асуудал.

ХОНКОНГ ЛОНДОНГИЙН ХАРИУГ ХАТУУХАН БАРИВ

http://stat.gogo.mn/news/2011/5/6/stock1.jpg“Эрдэнэс Тавантолгой” аль бирж дээр IPO хийх вэ гэдэгт эхнээсээ л сонголт цөөн, Лондон эсвэл Хонконг гэж яригдаж байсан. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх коксжих нүүрсний том компанийг бирждээ бүртгэх нь аль ч биржид олон талын ашигтай нь ойлгомжтой. Хонконгийн бирж өөртөө итгэлтэй байсан уу, эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-г төдийлөн тоогоогүй юу манай улсад хандуулах анхаарал нь төдийлөн идэвхтэй биш байв.

Ерөнхий сайд өнгөрсөн оны тавдугаар сард Хятадад айлчлахдаа Хонконгийн биржээр орж, Монголын компаниудыг бүртгүүлэх талаар ярьсан, аравдугаар сард Монголын үндэсний компани Хонконгийн бирж дээр амжилттай IPO хийсэн, газар нутаг болон цагийн зөрүүний хувьд ойрхон гэх мэт олон шалтгаан Хонконг хамаагүй шаанстайг харуулж байв. Гэхдээ Лондон Хонконгийн өмнүүр хүч түрэн орж чадсан. Тэд богинохон хугацаанд олон нааштай санал тавьснаар Монголын Хөрөнгийн биржийг тодорхой хугацаанд удирдах эрхийг өрсөлдөгчгүйгээр шахуу авчихсан нь Хонконгийн биржийг бяцхан сандаргаж, дараагийн алхмаа хийхэд хүргэв бололтой. Тус биржийн Ерөнхийлөгч Роналд Аркулли Лондонтой хамтрах гэрээг үзэглэхтэй зэрэгцээд Монголд айлчилж, Ерөнхий сайдад нэгэн мэдээ дуулгаад буцлаа.

Тэд “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн бирж дээр бүртгэхийн тулд тусгайлан хөнгөлөлт үзүүлж, Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч болох тухайгаа хэлжээ. Саяхан болсон “Эрдэнэс Тавантолгойн IPO” сэдэвт бага хурал дээр Хонконгийн биржийн Хувьцааны маркетингийн газрын дэд ерөнхийлөгч Эрик Ландхээр Ерөнхийлөгчийнхөө үгийг баталгаажуулж, Хонконг Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ нь Лондонгийн биржийн төлөөлөгч, тус биржийн Үнэт цаасны зах зээлийн ахлах менежер Жон Эдвардсыг багагүй бухимдуулаад авсан байх. “Хонконг зөвшөөрсөн байж болно. Гэхдээ Лондон хараахан зөвшөөрөөгүй байгаа шүү” хэмээн тэрбээр нэлээд ундууцангүй хэлж харагдсан.

Тухайн улсын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрнө гэдэг асар том дэмжлэг байдаг. Нөгөө талаар эрх зүйн орчин нь олон улсын стандартад нийцсэн байж хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж байдаг учир ийм шаардлага тавихаас ч өөр аргагүй. Хонконгийн хөрөнгийн бирж гэхэд Каймен арал, Бритиш Колумбиа, Австрали, Хятад, Хонконг гээд нэлээд орны эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр улсуудад бүртгэлтэй компани Хонконгийн бирж дээр хувьцаагаа чөлөөтэй гаргаж болно гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай компаниуд бүгд давхар компани байгуулж бүртгүүлэх замаар олон улсын биржид хувьцаагаа гаргах эрхээ олж авч байв.

“Энержи Ресурс” гэхэд л Каймен арал дээр Mongolian Mining Corporation нэрээр, “Саусгоби Сэндс” Хонкогт “Саусгоби Ресурс” гэсэн компани байгуулж байж Хонконгийн биржид бүртгүүлсэн бол “Петро Матад” Лондонд “Петро Матад Лимитед” гэсэн компани байгуулж байж Лондонгийн бирж дээр гарсан. Тийм болохоор тухайн улс эрх зүйн орчноо хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг асар их ажил, хариуцлага байдаг аж. Харин ойрын 2, 3 жилдээ манай эрх зүйн орчин олон улсын түвшинд хүрэхгүй учир энэ нь манай компаниудын хувьд толгойны өвчин болчихоод байгаа юм.

Энэ толгойны өвчин нь хамгийн түрүүнд “Эрдэнэс Тавантолгой”-д тулгараад байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа MSE-LSE, эсвэл MSE-HKEx гэсэн dual list буюу давхар бүртгэл байх уу, бүр MSE-LSE-HKEx гэсэн triple list байх уу гэдэг дээр яригдаж байгаа аж. Аль аль нь байж болох хувилбар хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Энэ 2 бирж манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй. Ямар санал тавихыг нь харж байж аль бирж дээр гарах, эсвэл хоёулан дээр нь гарах уу гэдгийг Засгийн газар шийдэх байх” гэсэн нь манайхан дотроо битүүхэн бодолтой байгааг хэлээд байх шиг. Хоёр биржийг хооронд өрсөлдүүлж, өөрт ашигтай нөхцөлийг бий болгохыг манайхан хүссэн бололтой. Харин одоо Лондон манай эрх зүйн орчинг зөвшөөрөх болов уу гэсэн бяцхан хүлээлт үүсээд байна.

DR БУЮУ МОНГОЛДОО ҮЛДЬЕ

Лондон манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөхгүй бол бидэнд ямар гарц байна вэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа аж.

Нэгдүгээрт “Энержи Ресурс” зэрэг хувийн компанитай адил хууль эрх зүйн орчин нь хүлээн зөвшөөрөгдсөн улсад давхар компани байгуулж, тэр компанийнхаа нэрээр Лондонгийн биржид IPO хийх. Гэхдээ энэ нь тийм ч оновчтой, зөв зам биш гэдгийг илтгэх олон шалтгаан байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд төрийн өмчит компани, Монгол улсын бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг гээд олон онцлогтой.

Тийм болохоор эрх зүйн орчин нь хүлээн зөвшөөрөгдсөн улсад давхар компани байгуулах төвөгтэй болж таарна. Ядаж л сонгуулийн өмнөх жил Тавантолгой улстөрийн том тоглоом болчихсон энэ үед өөр улсад бүртгүүллээ, худалдлаа гээд бөөн хэл ам, хэрүүл тэмцэл үүсэх биз. Үүнийг эрх мэдэлтнүүд тооцоолж байгаа нь гарцаагүй. Мөн зөвлөх банкуудын хувьд давхар компани байгуулах, нэрээ солих нь тийм ч оновчтой биш гэж үзэж байгаа бололтой. BNP Paribas банкны Азийн бүсийн Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Жаспер Райзер “Эрдэнэс Тавантолгой” компани нэрээ солих хэрэггүй байх. Энэ брэнд болсон нэрээрээ бирж дээр бүртгүүлбэл илүү үр дүнтэй. Ядаж л хөрөнгө оруулагчдын итгэлийг олох тал дээр нэмэр болно” гэсэн юм.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” өөр улсад давхар компани байгуулахгүй гэвэл Depositary Receipt буюу хадгаламжийн сертификатыг ашиглаж болох юм. Үндэсний мэргэжилтнүүд ч DR-ийг ашиглах нь зөв, ийм боломжтой гэж үзэж байна. Брокер, дилер, андеррайтерын “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяр “Заавал олон улсын бирж дээр IPO хийнэ гэх шаардлага байхгүй. Монголынхоо хөрөнгийн бирж дээр IPO хийгээд тодорхой хувиа DR ашиглаж олон улсын хөрөнгө оруулагчдад зарж болно. Ийм боломж хангалттай бий. Ингэх юм бол дотоодынхоо зах зээлийг дэмжиж байгаа том дэмжлэг болно” гэв. Үүнтэй адил саналтай дотоодын мэргэжилтнүүд олон бий.

Depositary Receipt буюу хадгаламжийн сертификат гэсэн санхүүгийн хэрэгсэл бол аль нэг улсын хөрөнгийн захад бүртгэл бүхий үнэт цаасыг өөр улсын хөрөнгийн захад хадгаламжийн бичиг гаргах эрх бүхий кастодиан банк, эсхүл хөрөнгө оруулалтын банкны хадгаламжид өгөөд, уг үнэт цаасандаа үндэслэн гадаадын зах зээлд хадгаламжийн бичиг худалдах замаар гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм.

Өөрөөр хэлбэл дундын зуучлагч банкуудаар дамжуулан хувьцаагаа хөрөнгө оруулагчдад зарна гэсэн үг. Citibank, JP Morgan, Дойче банк зэрэг нэр хүнд бүхий банк энэхүү үйлчилгээг үзүүлдэг аж. Энэ нь гадаадын бирж дээр хувьцаагаа гаргахаас ялгаагүй, адилхан л хөрөнгө босгох боломжтой хэрэгсэл. Гол нь арилжаа дотооддоо буюу Монголын Хөрөнгийн бирж дээр болно. Гадаадын том хөрөнгө оруулагчид манайд орж ирээд арилжаанд оролцдогоороо онцлог. Ингэснээр Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн томорч, Хөрөнгийн бирж, брокерийн компаниудын санхүүгийн чадавхи нэмэгдэх зэргээр дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөөтэй гэнэ.

Жишээлбэл “Эрдэнэс Тавантолгой” гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах 30 хүртэлх хувийн хувьцаагаа дотоодын бирж дээр арилжаалж, түүнийхээ 15-20 хувийг DR ашиглан гадаадын хөрөнгө оруулагч нарт худалдаж болно гэсэн үг.

DR-ийг ашигласан жишээ дэлхийд олон бий. Хойд хөршийн Газпром, Лукойл, Роснефть зэрэг том компани дотоодынхоо хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцааныхаа тодорхой хувийг DR ашиглан Лондонгийн бирж дээр борлуулж байсан байна. Хамгийн сүүлийн том жишээ гэвэл төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том компани болох Бразилийн Вале өнгөрсөн арванхоёрдугаар сард DR ашиглан Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжаалжээ. Үүнээс гадна энэ жил Чилийн 10 гаруй компани IPO хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүгд дотоодын бирж дээр IPO хийсний дараа DR ашиглахаар яригдаж байгаа аж. DR-ийг амжилттай ашигласан жишээ олон байхад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ч ашиглаж болохгүй зүйл үгүй.

BNP Paribas банкны Азийн бүсийн Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Жаспер Райзер “DR нь тухайн хөрөнгө оруулагч гадаад улсын зах зээл дээр очиж чадахгүй ч гаднаас нь хувьцаа худалдаж авах боломжийг олгодог хэрэгсэл. Гол онцлог нь хяналт сайтай, үйлчилгээ хурдан байдаг. Мэдээж аюулгүй байдал чухал. Олон улсын томоохон биржүүд бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөг” хэмээн “Эрдэнэс Тавантолгой IPO” бага хурлын үеэр хэлж байв.

Мөн Монголын Хөрөнгийн бижийн ТУЗ-ийн дарга Б.Болд “Монголын компаниуд хууль эрх зүйн талаасаа олон улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа. Тийм болохоор DR ашиглах талаар бид нар ярилцаж л байна. АDR гэж Америкт гаргадаг American depositary receipt, GDR буюу global depositary receipt гэж Лондонд гаргадаг, HDR гэж Хонконгт гаргаж байгааг нь хэлдэг. Тухайн банк компанийн хувьцааг өөрийнхөө сейфэнд хадгалаад оронд төлбөрийн баримт өгчихөж байгаа юм. Энэ төлбөрийн баримт Америкт DR-тай яг адилхан эрхтэй байдаг. DR ашиглах талаар Зөвлөх банкууд маань хоорондоо маш нарийн ярьж зөвлөж байж шийднэ” гэсэн юм.

Мэдээж DR-ийг ашиглахын тулд бидэнд бэлтгэх зүйл их бий. “DR -ийг ашиглаж байгаа банкууд хэд хэдэн шаардлага тавьдаг. Компанийн зах зээл дээр эргэлдэж байгаа чөлөөт хувьцааны хэмжээний 15-20 хувь байх, компани сайтаар дамжуулан бүх мэдээллийг ил тод тавих, компанийн засаглал сайн байх, найдвартай кастодиан үйлчилгээтэй байх зэрэг хэд хэдэн зүйлийг сайжруулах хэрэгтэй. Ингэж чадвал эрх зүйн орчны хувьд DR -ийг ашиглах боломжтой гэж болно” хэмээн “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяр онцолсон.

Харин энэ тал дээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ямар байр суурьтай байгааг сонирхоход “Хэрэв Хонконг, Лондон дээр зэрэг гаръя гэвэл DR ашиглаж л таарах байх. Манай улсын эрх зүйн орчныг Хонконг зөвшөөрлөө гэж байгаа ч ямар нөхцөлтэй байх нь вэ гэдгийг харъя. Лондонг бас ямар нөхцөл тавихыг харъя. Лондон зөвшөөрөхгүй гэвэл дундын компани байгуулах замаар явж магадгүй” гэжээ.

Ямар ч байсан ирэх оны эхээр олон улсын бирж дээр хувьцаагаа гаргана хэмээн төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани тийм ч амар олон улсын бирж дээр гарчихгүй бололтой. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудаас мэргэжлийн зөвлөгөө авч байгаа болохоор энэ бүх асуудал хэрхэн шийдэгдэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

С.Болд-Эрдэнэ 2011,05,06

Friday, April 22, 2011

Хятад уул уурхайд гол тоглогч болохыг хүсч байна

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр иргэддээ эзэмшүүлэхээр болсон. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 31-ээс өмнө төрсөн иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсноо Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар саяхан мэдэгдсэн. Засгийн газраас хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, ил тод, ойлгомжтой байлгахыг Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс МГЛ", "Эрдэнэс Тавантолгой" компаниудад үүрэг болгосон аж.

Харин хувьцааг эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд хариуцах юм.

Хэн гэдэг иргэн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг бичилтийг Монголын Хөрөнгийн биржийн Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хийнэ.

Харин иргэдийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг "Хүний хөгжил сан"-ийн дэвтэрт "Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн таныг Тавантолгойн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг батламжлав" хэмээн марк наан, бичилт хийснээр баталгаажих юм. Харин 536 ширхэг хувьцааны эзэмшигч мөн гэдэг батламжилсан бичгийг хэвлүүлээд аймагтаа байгаа Хөдөлмөр, халамжийн хэлтсээрээ дамжуулаад хийх боломжтой. Тэгэхээр брокер диллерийн компаниудад урт дараалал үүсэхгүй гэдгийг Тэргүүн шадар сайд онцолж байсан юм.

Иргэд бичилтээ хийлгэн 536 ширхэг хувьцаагаа эзэмшсэний дараа олон улсын хөрөнгийн зах зээл дээр Тавантолгойн хувьцааг гарган арилжаалах хүртэлх хугацаанд хувьцаагаа арилжаалж болохгүй. Нэг ширхэг хувьцааны үнэ хэдэн төгрөгт хүрэх юм гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг арилжиж эхлэхээр тодорхой болно. Тиймээс иргэд наана нь хувьцаагаа хямдхан арилжаалахаас сэргийлэн үнэ нь тодорхой болсны дараа арилжаалах эрхийг нь нээхээр шийдвэрлэсэн аж.

Харин иргэдэд хувьцааг эзэмшүүлэхийн тулд ямар зарчмаар, хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нарийн журмыг Засгийн газрын ирэх хуралдаанаар хэлэлцэнэ.

Мөн Ерөнхий сайд С.Батболд "Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг дөрөв, тав, зургаа, долдугаар сард хэрхэн хийх нарийн төлөвлөгөөг оруулж ир" гэсэн үүргийг холбогдох яам, байгууллагуудад даалгавар өгчээ. Тиймээс Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдааны дараа иргэдэд яг ямар зарчмаар хувьцаа эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах вэ гэдэг нь ойлгомжтой болно.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд гарахад бэлэн боллоо гэхэд гэрээ байгуулсан олон улсын хөрөнгө оруулалтын банкууд үнэлгээ хийх аж. Үнэлгээ хийсний дараа нэгж хувьцааны үнэ тодорхой болох юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын мэдээлснээр нэгж хувьцааны үнэ 300-1000 төгрөг байна гэсэн нь ташаа мэдээлэл бололтой.

"Эрдэнэс Тавантолгой" компаниас аж ахуйн нэгжүүдэд хувьцааг хэрхэн олгох нь тодорхойгүй байгаа юм. Ерөнхий сайд С.Батболд "Юун түрүүнд иргэн бүрт хувьцаа хэрхэн олгох талаар шийдвэр гаргалаа. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувийг бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд ямар журмаар олгохыг шийдвэрлээгүй байна. Аж ахуйн нэгжүүд хувийн сонирхолдоо автан компани худалдан авч байгаа гэж сонссон. Засгийн газрын арга хэмжээ бодит шийдлүүдэд үндэслэнэ. Зөвшөөрөлтэй компанийг худалдаж аваад хувьцаа авч түүнээсээ илүү ашиг орлого олно гэсэн ойлголт байж болохгүй. Засгийн газар шударга ёсыг баримтална. Нэг иргэн нэр дээрээ 32 аж ахуйн нэгж бүртгүүлсэн жишээ бий. Хэн олон компани бүртгүүлнэ түүнийхээ хэмжээгээр ашиг орлого олохгүй, хувьцаа авахгүй" гэдгийг онцолж байсан юм.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 54 мянга орчим аж ахуйн нэгж бий гэсэн судалгаа гарсан байна. Энэ бүгдийг үндэсний аж ахуйн нэгж гэдгийг баталгаажуулах, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хэдээр тогтоож, аж ахуйн нэгжүүдэд арилжаалах вэ зэрэг ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас иргэн бүрт хувьцаа олгосны дараа аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгох ажлыг эхлүүлэх аж. Олон компани худалдаж аваад байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд илүү хувьцаа олгоно гэсэн ойлголтыг Засгийн газрын тэргүүн ийнхүү үгүйсгэлээ.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг "Иргэд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэр УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тавантолгойн нэг хэсэг дээр "Эрдэнэс Тавантолгой" компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин хоёр дахь хэсэг дээр нь ажиллах консорциумыг шалгаруулах болно. Хоёр дахь хэсэг дээр нь ажиллах консорциум зургаан компани өрсөлдөж байна. Бид эдгээр компаниудтай хийх хоёр дахь хэлэлцээгээ удахгүй хийнэ" гэдгийг хэлж байсан юм.

Төслийн зөвлөхөөр АНУ-ын компани ажиллана

59 минутын http://resource.news.mn/biznes/photo/2011/4/1624851bf19a3481/31efcc77614ba322big.jpegөмнө

Уул уурхайн хөгжилтэй уялдуулан Монгол Улсад шинэ эрчим хүчний эх үүсвэрийг барих шаардлага гарсан. Мэргэжилтнүүд тавдугаар цахилгаан станцыг барих техник эдийн засгийн үндэслэлийг хийж эхлээд байна. Цахилгаан станцад хамгийн сvvлийн үеийн техник технологи ашиглах учраас техник эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар олон улсын компаниуд боловсруулж байгаа аж. Төслийн зөвлөх компаниар АНУ-ын "Н and J" компани ажиллаж байна. Тавдугаар цахилгаан станцыг 820 мВт, 1100 гкалл цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож буй бөгөөд нийтдээ 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Уг станцыг "ТЭЦ-3"-ын дэргэд барихаар төлөвлөөд байгаа юм.

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1.5 сая болжээ

2011 оны 4 сарын 19

“Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн ирээдүйг итгэлтэйгээр тө¬сөөлөх эрх бидэнд бий. Борлуулалтын болон олборлолтын шинэ суваг хайх хэрэг бидэнд алга. Хийх зүйл маань ердөө л нүүрсээ олборлоод, гадаад зах зээл дээр нийлүүлэх, түүнээсээ хувь хүртэх. Хувьцааны хувьд ч адилхан. “Гадаад зах зээл дээр хувьцааг чинь гаргаад өгье” гэж дэлхийн томоохон компаниуд манай улсад ирсэн. “Дотооддоо хувьцаагаа арилжаалахад чинь зайлшгүй шаардлагатай бүтэц, баазыг чинь байгуулж өгье” гэж дэлхийд нэр хүндтэй хөрөнгийн бирж бидэнд хандсан. Үүнтэй холбоотойгоор иргэд хувьцаа эзэмшигч болох нь гэж баахан үймсэн бол одоо аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихээр үймж эхэлжээ.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухайд” хэмээх оршилтойгоор УИХ 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоол баталсан. Тогтоолд “Хувьцааны 10 хувийг 2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү үнээр худалдана” хэмээн тов тодорхой бичсэн байгаа. Товчхондоо хувьцаа худалдан авах боломж нь том групп байна уу, жижиг ТҮЦ байна уу хамаагүй тэнцүү эрхтэй гэсэн үг. Мэдээж заасан хугацаанаас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Компани зарна” хэмээх зар олшроод байна. Дурын веб, браузер ашиглан “Компани зарна” хэмээн бичээд хайж болно. Хайлтын үр дүнд гарч ирэх зарыг шүүгээд харвал тухайн компаниуд бүгд 2009 оноос өмнө байгуулагдсан байх вий.

Хэд, хэдэн утас руу залгалаа. Анх 2006 онд байгуулагдсан гэх нэгэн компанийн талаар харилцуурын цаанаас ярилцлаа.

-Танайх ямар ч тайлан гаргаагүй болохоор 2009 оноос өмнө байгуулагдсан ч “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг авах боломжгүй юм биш үү?
-Эхний жил л татвар төлсөн. Аялал жуулчлалын компани юм. Тэр хувьцааг чинь авахын тулд сүүлийн нэг жил л татвар төлөсөн байхад болох юм билээ. Энэ бол асуудал биш шүү дээ. Татварын байцаагчтай нь яриад л шийдэж болно. Дүүрэг дээр танилтай бол бүр ч амархан бүтээнэ.

-Компаниа яагаад зарах гэж байгаа юм бэ?

-Яах юу байхав дээ. Би өөрөө ажиллуулах боломжгүй болчихсон. Тэгээд ч компани гадуур их үнэтэй байгаа биз дээ. Аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны талаар сонирхож байгаа бол чи компанийн үнийг судалсан л байлгүй. Би харьцангүй хямдхан 350 мянган төгрөгөөр зарж байгаа юм.

Өөр хэд, хэдэн утас руу залгаж үзлээ. “Манайх “Х” тайлан гаргасан болохоор хувьцаа худалдан авахад асуудалгүй. Үнэ нь 1.5 сая” гэх зэрэг хариулт ирж байна. Ямар ч байсан 39 дүгээр тогтоолд заасан шалгуур, үзүүлэлтийг хангаад, элдэв асуудалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үнэ нэлээд өндөр байна.Ойролцоогоор 1-2 сая төгрөг дундаж үнэ ч байж мэднэ.

Дээрх асуудлаар Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн, Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Компани зарна гэсэн зар сүүлийн үед нэлээд харагдах бол­лоо. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг олгохтой холбоотой бололтой?
-Харин одоо компани зарах нь багассан юм биш үү. Ерөнхий сайд ч хэлсэн шүү дээ. “Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Төр хувь хишигээ тодорхой хэмжээнд хүртээж, үндэсний үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжиж үйл ажиллагаанд нь шинэ боломж, шинэ санхүүгийн эх үүсвэртэй болгоё гэж байхад компани худалдаж авах нь буруу. Мөн аж ахуй нэгжүүдийг худалдаж, зарж байгааг судалж, дүгнэлт хий” гэж хэлсэн.

-Танайхаас үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?
- Төрийн өмчийн хороонд яг энэ асуудлыг дагнан ажиллах боломж, үүрэг байхгүй. Гэхдээ бид судалж байна.

-Заруудаас харахад өнөөдөр ч гэсэн “Компани зарна” гээд зар байсан?
-Компаниудыг зарах, худалдан авахад асуудал өгч болохгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.

-Ер нь үндэсний компаниуд олон охин компанитай болоод хувьцааг чадлынхаа хэрээр худалдаж авахад болохгүй зүйл бий гэж үү. Яахав зарим нэг компани дээр олон хувьцаа төвлөрнө л биз?
-Ажлын хэсэг энэ тал дээр судлаад, дүгнэлтээ гаргаад ажиллаж байгаа. Сайн, муу талыг нь дүгнэж цэгнэх хараахан болоогүй байна.

Ямар ч байсан компаниудыг том, жижгээр нь ялгалгүйгээр бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон нь компанийн худалдаа газар авахад хүргээд байгаа бололтой. Албаныхны тайлбараар нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах компанийн болзлыг дахин нарийвчилж, шалгуур тогтоож магадгүй гэсэн. Гэхдээ нэгэнт нэрлэсэн үнэ тогтсон даруйд компаниуд хувьцаа авахаар дараалалд зогсвол зохицуулалт нь ямар байхыг тааж хэлэх боломж алга. Харин бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар “Чадалтай томоохон компаниуд хувьцаа худалдаж авлаа гээд хувьцааны төвлөрөл болохгүй. Тэд хэрвээ авахаа хүрвэл жижиг компаниудыг санхүүжүүлж байгаад хувьцаа худалдан авч, дараа нь бирж дээрээс ямар нэгэн аргаар авахаа мэдэх байлгүй” хэмээж байсан. Тэгэхээр одоохондоо юу болохыг ажиглаж суухаас өөр яах билээ. Угаасаа компани худалдан авах, худалдахыг хориглох ямар ч хуульзүйн үндэслэл байхгүй. Дээр нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн удирдлагын нэр өөрчлөгдөхөд ямар ч асуудал байхгүй аж.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Хэн хэдэн хувьцаа эзэмшдэг вэ?

Өчигдөр 8 цаг 16 минут

Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа УИХ-ын гишүүдийг нэг түрийвчтэй гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хэн, хэн ашиг сонирхлоороо хэлхэлддэг, аль ноёнтон ямар компанийн нууц эзэн болох талаар хангалттай их яриа, хардлага байдаг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хувьцааны талаарх мэдээллийг ангилж авч үзье. Ихэнх албан тушаалтнууд цалингийн бус орлогоо хувьцааны ногдол ашиг гэж тайлбарладаг шүү дээ.
УИХ-ын гишүүдийн хамгийн их эзэмшдэг хувьцаа нь “Женко тур бюро”-гийн хувьцаа. “Женко тур бюро”-гийн жинхэнэ эзэн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга 676 мянган ширхэг хувьцаатай. Гэхдээ одоогоор энэ бол нэг их үнэтэй бус өчигдрийн байдлаар нэг ширхэг нь 97 төгрөгний ханштай байсан. Харин Х.Баттулга гишүүн хамгийн олон хувьцаатай гишүүдийн нэг. Тэрбээр “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Эмээлт зах” зэрэг 13 компанийн хувьцааг эзэмшдэг. Зөвхөн хувьцаа бус эзэмшдэг компанийнхаа жагсаалтаар Кёкүшюзан Батбаяр 16 компанийн 50-иас дээш хувь нийт 18 компанитайгаар толгой цохиж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Зоригт “Миг даатгал”, “Эм Си Эс Цамхаг” зэрэг нийт 15 компанийн хувьцаа, харин Б.Чойжилсүрэн 10 компанийг 100 хувь эзэмшдэг юм байна. Эзэмшлийн компаниудаараа Б.Чойжилсүрэн, Кёкүшюзан Батбаяр УИХ-даа магнайлж байгааг бид өмнөх тоймдоо өгүүлсэн.
Эрхэм гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны дуртай хувьцаануудын нэг “АПУ”, “НИК”, “Говь”-ийн хувьцаанаас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, М.Энхболд, “НИК”-ийн хувьцаанаас УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ нар, “Говь”-ын хувьцаанаас УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг нар эзэмшдэг юм байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өмнө мэдүүлж байснаар “М-Си-Эс” компанийн 1,5 хувийг эзэмшдэг гэжээ.
Дээр дурдсан нэг түрүүвчтэй гишүүд олон гэсэн хардлагын дагуу нэг компанийн хувьцаа хамтран эзэмшдэг гишүүд олон байх ахул асуудал өөр тийш эргэх нь тодорхой. Энд бас хал балгүй “эзэмшил”-ээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн мөсөн уулын орой төдий ч гэдэг. Энэ ч дагуу УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогод тэгтэл их сонирхлын бүлэглэл болоод байхаар зүйл алга. Гэхдээ албан ёсоор мэдүүлсэн мэдүүлэгт нь л гэдгийг дахин онцолъё.