Showing posts with label ХӨРӨНГИЙН БИРЖ. Show all posts
Showing posts with label ХӨРӨНГИЙН БИРЖ. Show all posts

Wednesday, June 8, 2011

Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman: Хөрөнгийн биржийн системийг есдүгээр сард холбож дуусна

Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman: Хөрөнгийн биржийн системийг есдүгээр сард холбож дуусна

24 минутын өмнө

Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman-наас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр уг албанд томилогдоод удаагүй байгаа бөгөөд Хөрөнгийн биржид шинэ электрон систем суурилуулах ажлыг хариуцаж байгаа юм байна.

-Монголын Хөрөнгийн биржид Millenium IT компанийн технологийг суурилуулна. Хэзээ энэ ажил дуусах вэ?


-Лондонгийн Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсаныг та бүхэн мэдэж байгаа. Гэрээний дагуу Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлж, биржид төлбөр тооцоо, арилжааны системийн өөрчлөлт хийнэ. Одоо арилжаа, төлбөр тооцооны систем суурилуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ жилд бүрэн багтаах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бидэнд хэд хэдэн асуудал тулгарч байгаа. Тухайлбал тендер. Бидний худалдаж авах гэж байгаа бараа маань зүгээр нэг агуулахад байдаггүй болохоор тендер зарлаж оруулж ирэх хэрэгтэй. Тендерээ зарлачихсан байна. Тоног төхөөрөмжүүд маань долдугаар сарын дундуур гэхэд ирнэ.

Суурилуулалтаа хийгээд есдүгээр сарын сүүлээр гэхэд системээ холбочих сонирхолтой байна. Системээ холбосны дараа брокеруудаа сургалтад суулгаж, бэлдэх шаардлагатай. Оны сүүлээр арванхоёрдугаар сар гэхэд системээ бүрэн холбоно. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржийн систем бүрэн автомат болно гэсэн үг. Харин Лондон, Торонтогийн биржтэй холбох бол дараагийн асуудал. Жил хагас орчмын дараа ч юм уу бэлэн болох байх.

-Таныг хөрөнгийн зах зээлийн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай хүн гэж сонссон. Өөрийнхөө ажлын туршлагаас хуваалцаач?


-Би хамгийн анх Нью Йоркийн хөрөнгийн биржийн автомат систем дээр ажиллаж байсан. Дэлхийн хамгийн анхны хадгаламж, төлбөр тооцооны автоматжуулсан системийг босгож байсан. Үүнээс хойш дэлхийн 50 орчим орны хөрөнгийн биржид ажиллалаа. Тэр дунд хөрөнгийн биржийг нь анх байгуулалцаж байсан улс ч бий, биржийнх нь технологийн шийдлийг хийж өгч байсан улс ч бий.

-Өнөөдрийн Монголын Хөрөнгийн биржийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Манай улс шиг дөнгөж хөгжиж байгаа биржүүдэд ажиллаж байсан тохиолдол олон бий юу?


-Хөгжиж байгаа олон хөрөнгийн биржид ажиллаж байлаа. Хамгийн анхных Гана улс. Тэр үед Ганын хөрөнгийн бирж нэг танхимд ширээ тойрч суугаад л хоорондоо арилжаагаа хийдэг байсан. Дараа нь Бангладеш, Шри Ланкийн хөрөнгийн биржид ажилласан. Бас л ширээ тойрч суугаад арилжаагаа хийдэг тийм л дүр зурагтай биржүүд байсан. Үүний хажууд Монголын Хөрөнгийн бирж бол тодорхой хэмжээнд хөгжсөн, электрон тоног төхөөрөмжтэй нь нэг давуу тал юм. Үүнээс гадна Энэтхэгт хэсэг хугацаанд байсан. 24 жижиг хөрөнгийн биржтэй байсныг нь нэгтгэж нэг том хөрөнгийн бирж болгосон туршлага байна.



-Технологийн шинэчлэлт хийхээс гадна өөр ямар ажил хийх шаардлагатай байна вэ?


-Монголын Хөрөнгийн биржид одоо хамгийн том тулгамдаж байгаа асуудал бол хууль эрхзүйн орчин дутуу, тааруухан байна. Энэ сул орчинг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэхэд л төр засгийн зүгээс их анхаарах хэрэгтэй гэж боддог.

С.Болд-Эрдэнэ

Monday, June 6, 2011

ШИНЭ ХУВААРИЛАЛТ

ШИНЭ ХУВААРИЛАЛТ 2011 оны 5 сарын 27

Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ. Энд бид нутгийнхаа олигархиудыг нэг нэгээр нь шоронд хийх нэрс гарган морьтойгоо жагсч байгаа бол тэнд Монголын ордууд тэгшхэн хуваагдаж байна. 2011 онд ба ирэх жил хувьцаагаа олон улсын бирж дээр арилжих компаниудын тоо гарын арван хуруунд багтахаа болив. Өдөр тутам шинэ мэдээ нэмэгдэн ирсээр байна. Бид яг дэлгүүрийн лангуун дээрх дэлгээтэй тэрлэг шиг. Ялангуяа хайгуулын лиценз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа энэ үед хайгуул хийх эрхийг өмнө нь олж авсан хүмүүс лицензээ өндөр үнээр худалдах, дамжуулан шилжүүлэх явдал газар авлаа. Нүүрсний лиценз зарах хүн олох юмсан гэх ч шиг утас цохидог хүн олширчээ. Хонконг, Торонтогийн биржүүд дээр арилжигдах Монгол ордын жагсаалт хөвөрлөө. Дэлхийн биржүүдэд Монголын баялгийн хуваарилалт хийгдэж байна. Санхүүгийн хямралын дараа дэлхийн бизнес мөнгөтэй болж, хаана хамгийн богино хугацаанд хөрөнгө босгож болохыг илүү соргог мэдэрч байна. Биржүүд уул уурхайн хувьцааны арилжаанд хошуурав. Биржээр тогтохгүй, биллионерүүдийн дайн эхэлжээ. Одоо Оросоос эхлээд сонирхъё.

Сибирийг Монголтой хамтатган эзлэн суух биллионер хэн бэ

Олег Дерипаска явж, оронд нь монголчууд Якунин хэмээх янхигар эртэй нөхөрлөх болсон түүх сонин. Оросын олигархиудын шинэ зууны тэмцлийн үзүүр сэжүүр Монгол нутагт бага сага мэдрэгдсэн нь энэ. Шинэ зууны тэмцлийн сэдэв нь зэс. Удоканы зэсийн орд, Сухой логийн алтны арвин нөөц, Элгагийн их нүүрс, дээр нь Норилскийн никелийн үйлдвэрийн хүчин чадлыг хамтатгаж чадсан хүн Оросын шинэ зууны тэргүүн баян, уудам Сибирийн эзэн болох юм. Тэр эзний улс төрийн “крыша” нь Путин байна уу, Медведев гэнэ үү, ялгаагүй мөнөөх хүн Оросын шинэ зууныг, Хятад дахь нөлөөтэй нь хамт атгах этгээд болно. Уг эзнийг тодруулах олигархиудын дайн Тавантолгой орд газрын тендерийн дугтуй завсар жаал жуул цухалзсан. Гэхдээ ганц Тавантолгой Оросын шинэ цагийн олигархиудад юу ч биш. Жинхэнэ “ертөнцийн эзэн” бол Сибирь ба Монголын баялгийг Хятадын зах зээлд хүрэх дэд бүтцийн сүлжээтэй нь, эрчим хүчний эх үүсвэртэй нь эзэмших ёстой. Улмаар Азийн зах зээлтэй учир ургах эдийн засгийн шинэ судсыг барина. Оросын том компаниуд өнгөрсөн жилээс Хонконгийн бирж рүү хошуураад байгаа шалтгаан ийм. Олигархиудын дайны утаа Монголд ирэхдээ дандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынх нь хувцаснаас хиншүү ханхийх маягаар мэдрэгдддэг.

2008 оны наадмын өмнөхөн В. Путин 1052 тоот зарлиг гарган, хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Ростехнолгий” компанид шилжүүлсэн юм. Тэр ганцаарчилсан шийдвэр гаргасан. Хамтарсан үйлдвэрийн Гэрээний заалтыг тоогоогүй. Путин ийм “жижиг” зүйлд толгой гашилгаагүй ба түүний тохиролцох гол субъект нь хамтарсан үйлдвэрийн 51 хувийн эзэн Монголын Засгийн газар бус, харин Оросын олигархиуд байлаа. Хэний талд шийдэхээ өөрөө мэд хэмээн Оросын баячууд Путинд занга хаясан юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростехнологий” компанидаа өгвөл нь Удоканы зэсийн ордтой нийлүүлж , дээр нь Норильскийг хачирлаж, Сухой логтой хамтатгаад энэ дэлхийн зэс алтны үйлдвэрлэлийн 10 хувийг атгасан уул уурхайн мангас болгож чадна хэмээн Сергей Чемезов В.Путинд захидал бичжээ. Ноён Чемезов бол “Ростехнологий” хэмээх төрийн өмчийн, Оросын стратегийн компанийн захирал. Тийм учраас л захирал Чемезов Засгийн газрын тэргүүндээ зоригтой захиа явуулаад байсан юм. 2008 оны дөрөвдүгээр сард шүү дээ. Өмнөхөн нь буюу 2008 оны гуравдугаар сард “Эрдэнэт”-ийн 49 хувийг Газпром банкинд өгнө хэмээн Засгийн газрын тэргүүн В. Путин тооцоолж байлаа.

Путин Оросын олигархиудын өмнөх дайныг дарж зогсоосон гэх боловч одоо шинэ хуваарилалтад өөрөө ийнхүү “крыша” болоод явж байна. С.Чемезовын ашиг сонирхлын бүсэд “Эрдэнэт” ба “Монголросцветмет”-ийг үлдээж, Тавантолгойн тендерт Оросын төмөр замуудын нэгдлийг зүтгүүлжээ. Энэ хуваалтаас сугарсан хүн нь мөнөөх Дерипаска. Тэр Монголын сэдвээр дөрвөн жил идэвхтэй ажилласан боловч олигархиуд түүнийг шахсан юм. Тавантолгойн тендерт орох Орос компаниудын нэгдэл байн байн өөрчлөгдөөд байсан учир ийм. Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах бэлтгэл ажлууд өнөөдөр хийгдэж байна. Айлчлалын наана “Эрдэнэт”-ийн өөрийн мэдлийн 49 хувиа бирж дээр борлуулах төлөвлөгөөг шинэ оросууд Советийн хурал дээр манай талд илэрхийлсэн юм. Оросууд нэг л тулгах шинжтэй. Тэд хатуу байр суурьтай байна. Биржүүд дээр Монголын ордоор санхүүжилт босгох, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд цагийг нь олж нөлөөгөө тогтоохоор тэд яарч байгаа юм. Тиймээс Оросын олигархиудын дайны мөн чанарыг ажиглаж байхад гэмгүй.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн Сергей Чемезов хэнтэй найзалдаг вэ? Потанин, Усманов хэмээх биллионерүүдтэй тэрбээр нэг баг болж, “Оросын зэс” нэртэй мөрөөдлийн төслөө гүйцэлдүүлэх гэнэ. Тавантолгой ордын олон улсын тендерийн өрсөлдөөний мэдээний дунд монголчууд Потанин, Усманов нарын нэрийг сонсч, компанийг нь цээжилсэн. Дерипаскагийн оронд В. Якунин Тавантолгойн локомотив болоод хүрээд иржээ. Тэр төмөр зам барьж өгнө хэмээн хөрөнгө оруулаад, хариуд нь Тавантолгойн лицензийг авах сонирхолтой гэдгээ сүүлийн гурван жилийн турш ярьж явна. Лицензээ Потанин, Усманов нарт өгөх юм байх. Зөөлөн хэлэхэд наймаа, үнэн хэрэгтээ олигархиудын дайн болж байна. Уг дайны оргил үе Норилскийн никелийн үйлдвэрийн хувьцааны хяналтын багц дээр яг одоо өрнөж байгаа. Дерипаска, Потанин хоёр Норильскийн ТУЗ-ийн хурал дээр ээлжилж бөмбөг тэсэлнэ гэсэн үг.

Сибирь, Монголын баялаг, түүнийг зөөх зам, түүхий эд авах Хятадын зах зээл, санхүүжилт босгох Хонконгийн бирж гэсэн алтан гурвалжин дунд Оросын баячууд зодолдсоор. Энэ зодоон манайд хамаагүй гэж мангартаад яахав, морьтой жагсч байх хооронд баялгийг маань хилийн чанадад хуваарилаад эхэлжээ. Оросын төрийн өмчийн компаниудыг хувьчлах жагсаалт ч сонирхол татдаг. Лав нүүрсний боомтуудаа Оросын төр хувьчлаад эхэллээ. Хойшоо барих төмөр зам маань хэн гэдэг эзний боомт дээр очиж гацах бол. Орос орон ороо бусгаа, ойлгомжгүй хэвээрээ. Бэлэн мөнгөтэй биллионерүүд олон.

Жижигхэн Винсвэй томорсон түүх


Биллионерууд бэлэн мөнгөөр үзэлцэж байгаа бол биржүүд дээр компаниуд чимээгүй мөнгө босгож эхэлжээ. Хятадын Винсвэй компанийн хувьцаа өнгөрсөн жилийн аравдугаар сард Хонконгийн бирж дээр даруухан үнэтэйгээр зарагдаж эхэлснийг санаж буй хүн бий болов уу. Тэгвэл ганцхан жилийн дараа Винсвэй хэрхэн томорсныг сонирхоорой. Тавантолгой ордын олон улсын тендерт шалгарах хамгийн өндөр магадлалтай Пийбодитой хамтран Винсвэй Монголд нүүрсний хайгуул хийх гэнэ. “Пийбоди Винсвэй Монгол” гэдэг охин компани байгуулсан ба тэр нь Монголд хайгуулын 47, ашиглалтын 3 лицензтэй. Винсвэйгийн зах зээлийн үнэ өссөөр байгаа шалтгаан энэ.

Түүнчлэн энэ жил ба ирэх онд Винсвэй дэд бүтцийн ажилд маш их хөрөнгө хаяна. Монголын хилийн дагуу төмөр замын 7 өртөө, 6 угаах үйлдвэр ашиглалт оруулах бизнес төлөвлөгөөтэй. Улмаар бүр томорч оросуудаас нүүрс авч, Хятадын үйлдвэрүүдэд зарах аж. Винсвэйг Монголд анх орж ирэхэд хэн ч мэддэггүй байсан бол өдгөө тэр нь нүүрсийг зах зээлтэй холбогч стратегийн түнш болтлоо өсөн томорсон байх юм. Монгол орны баялгийн өгөөж тэднийг ийнхүү томруулжээ. Давуу тал нь Хөх хотын Төмөр замын газартай гэрээ хийсэн, Хятадын төмөр замын сүлжээнд нэвтрээд сурчихсан. Ийм давуу талтай учир Пийбоди нь Винсвэйтэй гэрлэж, охин төрүүлсэн билээ. Хэрвээ Монголын компаниуд өөрсдөө нүүрсээ угаагаад, ган үйлдвэрлэгчид рүү өөрөө хүрч чадвал Винсвэйн үнэ цэн унана. Ингэж гадаадын мангасуудтай өрсөлдөж чадах үндэсний компани одоохондоо Монголд “Энержи ресурс”-ээс өөр алга. Тавантолгой ХК, South Gobi Sands, МАК гээд бүгдээрээ Винсвэйг хөлсөлж нүүрсээ зөөлгөдөг. Өнгөрсөн жилийн аравдугаар сард хувьцаагаа 3.60 хонконг доллараар гаргасан Винсвэй өнөөдрийн ( 05.27 ) арилжаанд 3.71 хонконг доллараар үнэт цаасаа зарж байна. Сүүлийн нэг сарын турш нүүрсний компаниудын хувьцаа бирж дээр унасныг тооцвол бас муугүй үзүүлэлт. Цаашид тус компанийн зах зээлийн үнэлгээ өснө гэсэн судалгааг MICC гаргажээ.

Оюутолгойн дараах баян орд

Баянхонгорын Хөвийн хар хэмээх газар мөдхөн дэлхийн уул уурхайн мэдээг өнгөлөх буй за. Энд их хэмжээний зэсийн нөөц бий гэсэн урьдчилсан таамаг бий. Эрдэнэ Монгол Девелопмент гэдэг компани Монгол улсад тун хэцүү цагт анх орж ирсэн юм. 68 хувийн татвараас болоод улс амьтан гараад явж байх үед эрсдэл үүрээд зөрж орж ирсэн гадаадын цөөн компани бий. Яг өнөөдөр тэдгээр компаниуд Монголд махаа зулгаан хэдэн жил тэссэн ажлынхаа үр дүнг үзэх гэж байна. Эрдэнэ Монгол төдийгүй Алтан Рио Монгол, Gobi Coal & Energy Limited зэрэг нь манай улсад 4-6 жил үйл ажиллагаа явуулсан. Ихэнх орд газрынхаа нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсан. Улмаар ордуудынхаа хувьцааг олон улсын бирж дээр гаргах бэлтгэлдээ шамдсан байна. Алтан Рио компани нь Монгол нутгийн дөрвөн зүгт дөрвөн сайн ордтой агаад, гурвынх нь ашиглалт мөд эхлэх юм. Чандманий зэс алтны, Онон ба Хавчуугийн алтны ордтой. Тэд Торонтогийн бирж дээр гарах бэлтгэлээ базааж байна. Тэгвэл Gobi Coal нь Баянхонгорт төвхнөсөн. Нүүрсний “Шинэжинст” төслөө энэ жил хэрэгжүүлнэ. “Зээгт” төслөө 2014 оноос ашиглана. Ирэх оны эхний улиралд Хонконгийн бирж дээр санхүүжилт босгох төлөвлөгөөтэй. Уул уурхайн том төсөл бүр асар санхүүжилт шаарддагийн учир Монголын ордуудаар хөрөнгө босгох аян ийн хурдаа нэмж байна.

Оюутолгойтой зэс- алтны нэгэн судалд багтдаг хэмээн рекламдсан өөр нэг ордыг Хүрэл үнэгт гэдэг. Оюутолгойгоос ялимгүй зүүн хойш байрладаг. Энэхүү ордыг эзэмшигч нь өөрөө бирж дээр гараагүй. Харин Торонтогийн биржид бүртгэлтэй Бразилийн алтны компанид хувьцаагаа эзэмшүүлэх замаар Хүрэл үнэгээр мөнгө босгох хэлбэрийг сонгожээ. Хүрэл үнэг ордын шинэ эзний нэрийг Торонтогийн биржийн мэдээнээс Kincora copper limited хэмээн хайгаарай. Монголын ордуудын лиценз эзэмшигчид эхлээд монголчууд өөрсдөө байсан бол эдүгээ ийнхүү цааш цаашаа эрэлт нь өндөрсөн “дамлагдсаар” “эзэн холбогдогчийнх нь” учрыг олоход төвөгтэй болтлоо эрлийзжижээ. Хууль журам зөрчсөн зүйлгүй. Явдаг л арилжаа наймаа. Гэхдээ аалзны шүлс шиг дэндүү эрчимтэй торлож байна. Манай хилийн өмнөд этгээдийг даган сунасан нүүрс ба зэс-алтны судлыг тойрон мөнгө босгох ажлууд ийн өрнөв. Мөдхөн олборлолт бүрэн хүчин чадлаараа явах юм.

Баянхонгор аймгийн нутагт байрлах зэсийн Хөвийн Хар ордыг зүгээр нэг дурдсангүй. Зуун Модны молибдений баялаг ордоос 2.2 километрийн зайд орших уг газарт их хэмжээний зэс, мөнгөний нөөц бийг тандаад байна. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр энд өрөмдлөг хийж эхэлжээ. Эрдэнэ Монгол Девелопмент нь дэлхийн хэмжээний өөр хоёр орд газарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн мэргэжлийн компани. Зуун Мод ба Хөвийн хар төслөөрөө тэд Торонтогийн бирж дээр ихээхэн хөрөнгө босгоно гэдэгт эргэлзэх зүйл алга.

Арван оны IPO-нууд



Монголд эзэмшдэг орд газрынхаа хувьцааг гаргах аян энэ оны туршид үргэлжилнэ. Хүннү Коул компани аравдугаар сард Хонконгийн бирж дээр листинг хийх бол араас нь Болд Төмөр Ерөө гол, Жамп зэрэг туршлага судлах бололтой. Австралийн биржийн өнгөрсөн жилийн шилдэг үнэт цаасаар Хүннүгийн HUN симболтой хувьцаа тодорч байсан бол тэд энэ жил мөнгө сайтайгаар нь Хонконг дээр дахин IPO хийх гэж байна. Харанга Ресорсиз, Gobi Coal гэхчлэн Хонконгийг зорих компанийн цуваа үргэлжилнэ. Энэ бүхний араас “Эрдэнэс Тавантолгой” маань бас явна. Арван онд Монгол дахь ордуудаас босгосон мөнгөөрөө Хонконг ба Торонтогийн бирж дэлхийд тэргүүлэх юм. Арваннэгэн онд өрсөлдөөн бүр нэмэгдэх биз ээ. Дэлхийн биржүүдэд баялгийн хуваарилалт ийнхүү явагдаж байна. О. Дерипаска ч EuroSibEnergo компанийхаа хувьцааг Хонконгод энэ оны сүүлээр гаргана гэжээ. Оросын нефтийн хэд хэдэн компани хувьцаагаа Хонконгод борлуулах бэлтгэлдээ орсон. Санхүүгийн хямралын дараа дампуурч явсан Дерипаска өөрийн хөдөлмөр ба Хонконгийн бирж дээр “Русал”-ийнхаа 53 хувийг зарсны хүчинд хөл дээрээ босч чадсан билээ. Тэрбээр нэг зүйлд туйлаас итгэдэг. “Bloomberg Markets”-т өгсөн ярицлагадаа Дерипаска “ Хятад, Энэтхэг, Латин Америк, Африкийн 3 тэрбум хүн эдийн засгийн хамгийн идэвхтэй амьдралд оролцож байна. Тэдний эрэлт нь дэд бүтэц, тоног төхөөрөмж, шинэ орон зайг шаардсаар байх болно” гэжээ.

Хувьцаа ав


Орд газруудынхаа хувьцааг худалдаж авахыг зөвлөе. Санхүүгийн зах дээр өрнөж буй, тэр бүү хэл улс төрийн үйл явц болгоноос энгийн гаргалгаа хийх чадвар монголчуудад бий. Олон улсын биржийн арилжаанд оролцох нь одоо шинэ зүйл биш болсон. Ашигтай ирээдүйтэй төслүүдийнхээ хувьцааг монголчууд өөрсдөө авч богино хугацаанд ашиг олж сурах цаг болжээ. Халуун мөнгө Монголоос гадагшлах бус, гэртээ шингэвэл эдийн засгийн хөл гар найдвартай болно.

Алишер Али: Монголчууд Казахстаны алдааг бүү давтаасай

Алишер Али: Монголчууд Казахстаны алдааг бүү давтаасай

2011 оны 6-р сарын 4

“Eurasia Capital” группийн захирал Алишер Алитай ярилцлаа.

-Монголын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд хийнэ гэж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Энэ нь Монголын хувьд үнэхээр түүхэн үйл явдал болно гэж би үздэг. “Эрдэнэс Тавантолгой” нь IPO хийснээр Монголын анхны “Үндэсний аварга” төрөхөөр байгаа юм. Хэмжээ болон ач холбогдлыг нь авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн үнэлгээ нь 190 тэрбум ам.долларт хүрсэн Оросын “Газпром”, 168 тэрбум ам.доллараар үнэлэгддэг Бразилийн “Vale”, 90 тэрбумын Хятадын “Shenhua Group”, 12 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Казахстаны “Kazakhmys” зэрэг компанитай дүйцэхээр байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н IPO Монголын ард түмний амьжиргааг дээшлүүлж, Монголын хөрөнгийн бирж сайжрахад нөлөөлж, Монголын эдийн засгийн урт хугацааны эрчимтэй өсөлтийн гол хөшүүрэг болно гэдэгт би итгэдэг.

-Гэхдээ Монголын эдийн засгийн форумын үеэр Та “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эхлээд дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах хэрэгтэйг онцолж байсан шүү дээ. Үүнийгээ манай уншигчдад тайлбарлахгүй юу?
-“Үндэсний аварга” компанидаа монголчууд юуны түрүүнд хөрөнгө оруулах боломжтой байх нь чухал шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит томоохон компанийн үндсэн бүртгэлийг Монголын хөрөнгийн биржид хийх нь улс орны хөгжилд ч чухал гэж би боддог. Ингэснээр хөрөнгийн баялаг Монголын дотоодын зах зээлд бий болно. Монголын Засгийн газар, компаниуд болон хувь хөрөнгө оруулагчид дотооддоо хөрөнгө оруулж, үндэсний баялгийнхаа үр шимийг шууд хүртэх боломжтой болох юм.

Нэг жишээ татъя л даа. Манай “Silk Road Mongolia” индексийн (Гадаад, дотоодын биржүүд дээр бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хувьцааны ханшийг харуулдаг энэхүү индексийг “Eurasia Capital” гаргаж буй) сагсад багтдаг 31 компанийн 22 нь Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг болон Австралид хувьцаагаа арилжаалж байна. Эдгээр 22 компани 36 тэрбум ам.долларын баялгийг олон улсын зах зээлд буюу Монголоос гадуур бий болгочихоод байна шүү дээ. Энэ нь мэдээж том амжилт, гэхдээ монголчуудын оролцоо хязгаарлагдмал бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид л хамгийн их ашгийг хүртсэн байгаа юм. Гэтэл Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг 300 гаруй компанийн зах зээлийн нийт үнэлгээ ердөө хоёр тэрбум ам.долларт хүрч байх жишээтэй. Харьцуулаад үз л дээ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит томоохон компанийн хувьцааг дотооддоо гаргаснаар томоохон хөрөнгө оруулалтын банк, брокерийн пүүс, зөвлөгөөний компани гэх мэтийн зах зээлийн олон бүрэлдэхүүнийг цогцоор нь бий болгох, хөгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь мэдлэгт суурилсан, оюунлаг санхүүгийн үйлчилгээний салбарыг үүсгэх, өндөр ур чадвартай боловсон хүчнийг олноор нь бий болгох сайн талтай. Энэ нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох Засгийн газрын бодлоготой ч нийцэх юм шиг санагддаг шүү.

-Монгол шиг хөгжиж буй орон дотоодын хөрөнгийн зах зээлээ амжилттай хөгжүүлсэн туршлагаас Та тодорхой жишээ дурдаж болох уу?
-Дотоодын зах зээлдээ ач холбогдол өгөхийн давуу талыг бид Малайзын жишээнээс харж болох байх. Тус улсын үүрэн холбооны томоохон оператор болох “Maxis Communications” 2009 оны арваннэгдүгээр сард дотоодынхоо буюу Куала Лумпурын хөрөнгийн биржид IPO хийсэн нь маш амжилттай болсон юм. Нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгохдоо олон улсын “Credit Suisse”, “Goldman Sachs” болон “JPMorgan” зэрэг хөрөнгө оруулалтын томоохон банкнаас тусламж авч, 3.3 тэрбум ам.доллар босгосон байдаг.

“Goldman Sachs” энэхүү IPO-д андеррайтераар оролцохын тулд ганц сарын дотор Малайз улсад салбараа нээсэн гээд бод доо. Малайзын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн таван жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, эдүгээ 270 тэрбум ам.долларт хүрсэн нь төрийн өмчит компаниудынхаа хувьцааг дотооддоо арилжаалдгаас үүдэлтэй болов уу. Тус улсын ихэнх компани зөвхөн “гэртээ” хувьцаагаа арилждаг бөгөөд энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдыг огтхон ч үргээдэггүй. Харин ч гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн Куала Лумпурын хөрөнгийн биржээс л Малайзын компаниудын хувьцааг авах боломжтой байдаг тул энэ зах зээлд хөрөнгө оруулалт их орж ирдэг юм.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” үндсэн бүртгэлээ гадаадад хийвэл алдаа болж, Монголын хөрөнгийн биржийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж мэдэхийг Казахстаны жишээ ч харуулах байх. Тус улс өмнө нь хийсэн алдаатайгаа одоо хүртэл тэмцсээр. 2005 оноос Казахстаны компаниуд Лондоны хөрөнгийн биржид идэвхтэй нэвтрэх болсон юм. Ялангуяа тус улсын “үндэсний аварга” болох ENRC болон “Kazakhmys” (эдүгээ хоёул FT-100 индекст багтаж байгаа) Лондонд IPO хийсэн нь хамгийн том 100 компанийнх нь тоонд орчихоод байгаа. Гэтэл өнөөдөр Казахстаны компаниуд дотоодынхоо хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн ч гэлээ энэ нь зүгээр л “хэлбэрдэлт” болж хувираад байна.

Яагаад гэвэл Казахстаны компаниудын хувьцааны 95-99 хувь нь Лондонд л арилжаалагддаг. Гадаадын хөрөнгө оруулагчид Казахстаны компаниудын хувьцааг Лондоноос авах нь хамаагүй хялбар учир Казахстаны хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Ингээд арилжааны хэмжээ нь өчүүхэн, идэвхгүй тул Казахстаны хөрөнгийн зах зээл хөгжөөгүй өдий хүрлээ. Монголчууд энэ орны 5-6 жилийн өмнөх алдааг битгий давтаасай гэж боддог. Үүнийг тойрч гарч чадна гэдэгт ч итгэдэг.

-Гэхдээ Монголын Засгийн газар зөвхөн олон улсын хөрөнгийн зах зээлээс л их хэмжээний мөнгө төвлөрүүлж чадна гэж үзээд байгаа шүү дээ...

-Хэрвээ төгс ертөнц гэж байдаг сан бол Монголын компаниуд зөвхөн Монголын хөрөнгийн биржид л бүртгэлтэй байх хэрэгтэй болов уу. Мэдээж үүнийг бодит бус, боломжгүй гэж үзэх хүн цөөнгүй гарах байх. Яагаад гэвэл Монголын хөрөнгийн бирж жижиг учраас гадаадын хөрөнгө оруулагчид Лондон эсвэл Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулахыг илүүд үзнэ гэх байх л даа. Мэдээж Монголын хөрөнгийн биржийг олон улсын стандартад хүргэхийн тулд их хөдөлмөр, хугацаа шаардлагатай.

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г цаг алдалгүй хийхийг хүсч байгаа бол тус компанийн хувьцааг эхэлж Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд, хадгалалтын сертификат (Depository Receipts) гэдэг санхүүгийн хэрэгслийн тусламжтайгаар Лондон болон Хонконг зэрэг хөрөнгийн биржид давхар бүртгүүлж болно шүү дээ. Эдгээр хадгалалтын сертификат нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд суурилсан байх юм. Энэ арга Бразил, ОХУ, Хятад, Вьетнам зэрэг хөгжиж буй зах зээлийн компаниудын дунд өргөн дэлгэрч байгаа юм.

-Улстөрчдийн шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувийг иргэдэд үнэгүй тараах болсон. Энэ тухай Та юу гэж боддог вэ?

-Би хувьдаа энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл улсынхаа байгалийн баялгийг эзэмшиж байна гэсэн санааг нийт иргэдэд шууд хүргэж байгаа юм. Түүнчлэн Засгийн газар цаашид дэмжээд өгвөл иргэдийн санхүүгийн мэдлэг өндөр болно. Монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болж байгаа учраас түүнийгээ удирдан, шийдвэр гаргах туршлага сууна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд илүү идэвхтэй оролцож эхлэх болов уу. Ер нь зүгээр бэлэн мөнгө тарааснаас хувьцаа тараах нь хамаагүй дээр гэж би үздэг.

-Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр Монголын хөрөнгийн зах зээл шалгарсан, өнгөрсөн онд. Энэ байдал цаашид үргэлжлэх болов уу?
-Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржийн Топ 20 индекс 138 хувиар өсч, нийт зах зээлийн үнэлгээ нь түүхэндээ анх удаа нэг тэрбум ам.доллараас давсан. Ирэх жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл өндөр өсөлт үзүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Урт хугацаанд өсөлт тогтвортой үргэлжилнэ гэж бодож байна. Гэхдээ богино хугацаанд гарч болох эрсдэлүүдийг мартаж болохгүй.

Монголын хөрөнгийн зах зээл одоогоор сул хөгжсөн байгаа бөгөөд үнийн хэлбэлзэл хэт их гарч байна. Саяхан ажиглагдсан огцом өсөлтөд л гэхэд нүүрсний дөрөв, уул уурхайн бус нэг гээд ердөө таван компани нөлөөлсөн байх жишээтэй. Хэдийгээр өндөр өсөлт ажиглагдаж байгаа ч эргэлтэд байгаа хувьцааны тоо болон арилжааны хэмжээ хэт бага байна шүү дээ. Мөн шинээр IPO хийхгүй байгаагийн зэрэгцээ зах зээлд спекулятив шинж чанартай арилжаа их хийгдэж байгаа. Иймэрхүү хүндрэл байгаа ч компанийн засаглал, тунгалаг байдлыг сайжруулж, шинэ IPO-нууд гарган туслах салбарыг хөгжүүлснээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү ихээр татах болов уу. Энэ ч утгаараа Лондоны хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн түншлэл нь урт хугацааны эерэг нөлөө бүхий маш чухал алхам болсон гэж үздэг.

Лондоны хөрөнгийн бирж нь гаднын улсын, тэр тусмаа Монгол шиг шинээр хөгжиж буй орны хөрөнгийн биржийг шууд удирдан ажиллуулж байсан тохиолдол байхгүйг энд онцолмоор байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Лондоны хөрөнгийн бирж энэхүү хамтын ажиллагаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Энэ хамтын ажиллагаа Монголын хөрөнгийн биржийг дотоодын компаниудын хувьд хөрөнгө босгох таатай талбар, иргэдийн хувьд баялгийг оновчтой хуваарилах зөв суваг болгож чадна гэдэгт итгэдэг.

-Танай компаниас гаргасан “Mongolia Outlook 2011” тайланд энэ онд Монголын эдийн засаг 10 хувиар өснө гэсэн байсан. Ер нь үсрэнгүй хөгжилд хүрнэ гэж монголчууд итгэдэг. Харин Та?

-Тийм ээ, би Монголын эдийн засгийн төлөвийг эергээр харж байгаа. Өнгөрсөн онд Монголын эдийн засаг 6.1 хувиар өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар буюу бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрсэн. Түүнчлэн экспорт 54 хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш 13 хувиар чангарлаа. Ирэх жилүүдэд Монголын эдийн засаг илүү хурдтай өснө гэдэгт би итгэлтэй байгаа. Манай компанийн таамаглаж буйгаар 2011 онд Монголын эдийн засаг 10 хувиар өсч, өсөлтөөрөө дэлхийд нэгдүгээрт биш юм аа гэхэд эхний гуравт жагсах болов уу.

Эдийн засгийн энэхүү өндөр өсөлтийн гол хүчин зүйлүүдийн нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалт, ашигт малтмалын өндөр үнэ болон тэдгээрийн экспортын өсөн нэмэгдэж буй эрэлт байх төлөвтэй. Түүнчлэн Засгийн газрын зарлага ихээхэн тэлж байгаа зэрэг нь Монголын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Урт хугацаанд буюу ирэх 10 жилийн турш Монголын эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийн тоонд зүй ёсоор багтана гэж боддог. Ер нь Монгол Улс маш сонирхолтой цаг үедээ ирээд байна

Эрдэнэс Таван Толгойн үнэт цаасыг Лондонгийн бирж дээр бүртгүүлэх үү, эсвэл Хонконгийн бирж дээр үү...

Эрдэнэс Таван Толгойн үнэт цаасыг Лондонгийн бирж дээр бүртгүүлэх үү, эсвэл Хонконгийн бирж дээр үү...

Нийтэлсэн: ShuuD.mn (2011-06-06)

Зөвхөн мэдээллийг унших|

Share |

BizNetwork танилууддаа түгээх

Монголын хөрөнгийн биржийг Английн хөрөнгийн биржийн төлөөлөгч Билл Горман удирдахаар болсон талаар мэдээлсэн. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн салбарт гуч гаруй жил ажилласан, Армен, Украйн, Энэтхэг, Вьетнам, Македони, Египет, Хятад зэрэг дэлхийн дөч гаруй улсад ажиллаж байсан туршлага арвин Билл Горман Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд сэтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж удирдлагын талаасаа ийн асуудал нь шийдэгдэж байна.


Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарахыг олон нийт хүлээж байгаа. Энэ нь Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах Эрдэнэс Таван Толгойн 15 тэрбум ширхэг үнэт цаасны 30 хувь нь гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах гэж буй бидэнд хамаатай юм.

Тэрчлэн Эрдэнэс Таван Толгойн үнэт цаасыг Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр бүртгүүлэх үү эсвэл Хонконгийн бирж дээр үү гэдэг асуудлыг хуулийн зөвлөх компаниудтай хэлэлцэж, мөн Америкийн хадгаламжийн сертификат (ADR), Олон улсын хадгаламжийн сертификат (GDR) эсвэл энгийн хувьцаа зэрэг хэрэгсэлийн алийг нь ашиглахыг тооцоолох хэрэгтэй вэ МХБ-ийн ТУЗ-ийн дарга Б.Болд хэлж байна. МХБ болон ЛХБ-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу интернэтээр 24 цаг арилжаалах системтэй болох аж.

Энэ оны III, IV-р улирал гэхэд систем бүрэн суулгагдсан байна. Гол асуудал нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв нь Монгоын хөрөнгийн биржээс тусдаа байгууллага. Тиймээс Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржийн зөвлөгөөг хүлээж байгаа гэж хэлсэн. Энэ шатанд ҮЦТТТХТ нь Монголын хөрөнгийн биржээс тустай байх уу харьяа байгууллага байх уу гэсэн асуултанд хариулах тодорхой зааварчилгаа байхгүй байна. Гэхдээ тэрбээр ирж буй саруудад олон өөрчлөлтүүд гарна гэж хэлж байна.