Showing posts with label СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГА. Show all posts
Showing posts with label СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГА. Show all posts

Wednesday, June 8, 2011

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

-Монголд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулах цаг болжээ-

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, тус Академийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын Экспортлогчдын холбоо хамтран саяхан “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын худалдаа: өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр семинар зохион байгуулсан юм. Энэ үеэр бид Монголын Экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал, профессор Д.Галсандоржтой уулзаж ярилцлаа. Тэрээр уулзалтад “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буюу олон улсын худалдаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Монгол Улс хаанаа яваа гэдгийг мэдэх үүднээс эхлээд танаас манай улсын газрын хэвлийн баялгийн нөөцийг сонирхоё?

Манай улсын уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний олон улсын өрсөлдөх чадавхийг зэс ба жоншны баяжмалын жишээн дээр авч үзье л дээ. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн цэвэр зэсийн нөөцийг батлагдсан үйлдвэрлэлийн зэрэг ба прогнозыг нь оруулаад тооцоход 650 сая тонн байгаа. Илрүүлсэн энэ нөөц нь дэлхийн 30 жилийн хэрэглээг хангахаар байгаа бөгөөд үүнээс өнөөдөр дэлхийн улс орнууд жилд 20 сая тонн цэвэр зэсийг үйлдвэрлэж байна. Манай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд анх 1982 онд бүрэн хүч чадлаар ашиглалтад орох үедээ нэгж хүчин чадлаар дэлхийн арван үйлдвэрийн нэг байсан бол өнөөдөр 40-д орж байна. Одоо 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Манай Эрдэнэт үйлдвэрийн нөөц гэвэл 1,5 тэрбум тонн хүдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж байсан, үүнээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ашигласнаар тооцоход одоо 4 сая тонн зэсийн нөөц үлдээд байна. Оюутолгой 2,5 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөл нөөцийн тайланг баталснаар 26 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэж гарч байсныг нэмж тооцоод 30 сая тонн болсон байгаа. Үүгээр Оюутолгой яах аргагүй нөөцөөрөө Чилийн улсын үйлдвэр “Чикукамата” уурхайн дараагаар дэлхийд хоёрт орж байгаа.

Ашиглалтын явцад ямар технологиор ашиглах, зэсийн захын агуулга болон металл авалт нь хэдий хэмжээнд байх, хүч чадал, өөрийн өртөг болон хэдэн жилд ашиглах зэргээс нөөцийн тоо хэмжээ ихээхэн шалтгаална гэж үзэж байна. Дэлхийн зэсийн хэрэглээ болох жилийн 20 сая тонны дийлэнх нь буюу 54 хувь нь Азид ногдож байна. БНХАУ хоёр жилийн өмнө дэлхийн зэсийн номер нэг хэрэглэгч болж АНУ-ыг гүйцсэн. Одоо хэрэглээгээр Хятад нэгд, АНУ хоёрт, гуравт Япон, тэгээд Европ орж байна. Азийн хувьд Хятад, Тайвань зэсийн нийт хэрэглээний 60 хувийг эзэлж, дараа нь Япон, БНСУ орж, Энэтхэг улсын хэрэглээ сүүлийн үед маш эрчимтэй өсч байгаа. Дэлхийн зэсийн баяжмалын худалдаанд манай улс 550 мянган тонныг 100 хувь урд хөршид экспортлож байгаа нь дэлхийн зэсийн баяжмалын худалдааны гурван хувийг эзэлж, Чили, Австрали, Индонезийн дараа орж байгаа. Жоншны тухайд манай улс жилд 350-400 мянган тонныг үйлдвэрлэж, дэлхийн үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлж байна. Үүнээс “Монросцветмет” нэгдэл 150 мянган тонн буюу 40 гаруй хувийг гаргадаг. Үүн дотор яг дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бүтээгдэхүүн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 130 мянган тонныг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна. Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалттай, жилд 5-10 мянган тонн баяжмал үйлдвэрлэх -улирлын чанартай хувийн гурван үйлдвэр Багануур, Даланжаргаланд ажиллаж байна. Тэдгээр нь 97 хувийн агуулгатай жонш гаргаж байгаа. Жоншны үйлдвэрлэлийн үлдэх 56 хувийг бусад хувийн компаниуд гаргаж байгаа. Тэдгээр нь 75-85 хувийн агуулгатай металлургийн жонш юм. Монгол Улс хайлуур жонш олборлолтоор Хятад, Мексик ба Өмнөд Африкийн дараа 4-д явж байна. Уг нь бидэнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нөөц бололцоо их байгаа.

-Үүнээс үзэхэд манай улс байгалийн асар их баялагтай нь мэдэгдэж байна. Жоншоор л гэхэд дэлхийд ингэж дээгүүрт ордогийг тэр болгон мэдэхгүй. Жоншийг юунд хэрэглэдэг юм бэ?

-75 хувийн агуулгатай жоншны баяжмал нь металлургийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Металл хайлуултыг нэмэгдүүлж, цахилгааны зарцуулалтыг бууруулдаг. Тонн металл хайлуулахад 2 кг жоншны баяжмал хэрэглэдэг. 95 хувийн агуулгатай жоншны баяжмалыг химийн болон хөнгөн цагааны үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог. Жишээ нь, ОХУ, АНУ-ын химийн ба хөнгөн цагааны үйлдвэрүүдэд. Мөн атомын салбарын үйлдвэрүүдэд ашигладаг юм билээ. Манай Бор-Өндөрийн үйлдвэр жоншныхоо 80 хувиийг хойд хөрш болон Украйнд, үлдэх 20-30 хувийг зах зээлийн үнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань ба Тайландад гаргаж байгаа. Жоншны хэрэглээ дэлхий дээр маш их өсч байгаа. Хямралын жилүүдэд хэрэглэгч үйлдвэрүүд уналтад орсон боловч одоо эргээд хэрэглээ эрчимтэй өсч байна. Ирэх онуудад 95-97 хувийн агуулгатай жонш 200 гаруй мянган тонныг авах захиалга манайд ирсэн, бид хангаж чадахгүй байгаа. Жоншны нөөц дэлхий дээр их ховордож байгаа. Орлуулах түүхий эд байдаггүй, цаашдаа дэлхийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад ихээхэн хүндрэлтэй болж байна.

-Таны яриад байгаа зэс, жоншны экспортын худалдааг манайд яаж зохицуулж байна вэ?

-Үнэндээ манай улсад өнөөдөр экспортын зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Экспортлож байгаа эрдэс түүхий эд, бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулдаггүй. Гадаад харилцааны яамны хүрээнд Худалдааны зохицуулалтын хууль гарахаар ажиллаж байгаа. Гэтэл манай хоёр хөрш Гадаад худалдааны зохицуулалтын маш нарийн хуультай. Жишээ нь жоншны баяжмал гаргалаа гэхэд Хятад улс 15 хувийн экспортын гаалийн татвар авдаг. Мөн 2010 онд 300-400 мянган тонныг гаргана гэсэн тогтоосон квоттой. Экспорт хийдэг компаниуддаа зөвшөөрөл, сертификат олгодог нарийн зохицуулалттай. Яагаад гэвэл энэ түүхий эд дэлхий дээр ховордчихсон. Тиймээс Хятад жоншны зах зээлийн үнийг тогтвортой байлгаж чаддаг, өсгөж ч чадаж байгаа. 2010 онд жоншны баяжмалын үнэ нь өссөн, ирэх онд 20 орчим хувиар өсөх хандлагатай байгаа. Хятад улс өмнө нь 2 сая тонн, 2005 онд 1,1 сая тонн жоншны баяжмал гаргаж байсан бол одоо дотоодынхоо үйлдвэрүүдийн хэмжээг түүхий эдээр бүрэн хангах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыэ хүрээнд экспортын хэмжээгээ багасгаж байна. Гэтэл манайд ямар ч зохицуулалт байхгүй, экспортын татвар ч байхгүй.. Тэгээд ч манайх жоншийг түүхийгээр 30 хувийн агуулгатай хүдэр хэлбэрээр гаргаад Орос, Хятадын баяжуулах үйлдвэрүүдийг ажиллуулаад байдаг. Хойд хөрш ОХУ Хятадтай адил, мөн нарийн зохицуулалттай хуультай,импортын өндөр татвартай. Гэхдээ тэнд эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас манайх ОХУ-д жоншоо өндөр үнээр өгч байгаа. Зэс,алтны олон улсын худалдааг биржүүд мөн зохицуулдаг. Жишээ нь, Лондонгийн алт, мөнгөний бирж дээр алт, мөнгөний үнийг тогтоож, чанар, стандартыг гаргаж байна. Лондонгийн металлын бирж (ЛМБ) ирж дээр зэсийн үнийг тогтоож, хайлах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийг бүртгэж чанарын гэрчилгээ өгч байна.

-Нэгэнтээ алт гэж ярьсных манай алтны экспорт хэцүүдэж байгаа дуулддаг. Улсад тушаагдсан юм байхгүй, хаашаа гараад, хэнд мөнгө нь очоод байна вэ. Зэс, жонш шиг бас л зохицуулалт үгүйлэгдээд байх шиг...?

-Алтан дээр манайд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулчихсан, үүнээс шалтгаалаад өмнө нь жилд 20 орчим тонн алт тушаадаг байсан бол одоо 4,5 тонн болчихсон. Гол олборлогч Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” алтаа Монголбанкинд тушаахгүй, шууд Канад болон Английн цэвэршүүлэх үйлдвэрт явуулж байх жишээтэй. Өнөөдөр хичнээн тонныг ямар агуулгатай алт гаргаж байгааг манай Геологийн төв лаборатори болон Сангийн яамны дэргэдэх “Зоос гоёл”-ын үйлдвэрийн лабораториуд давхар сорцлол хийж байна уу, үгүй юу гэдэг дээр гайхаж байгаа. Харамсалтай нь ганц алт ч бус, зэс болон бусад эрдэс түүхий эд дээр 68 хувийн татварыг “Эрдэнэт” болон “Монголросцветмет” зэрэг улсын үйлдвэрүүд төлөөд байхад Тогтвортой байдлын гэрээтэй “Цайрт минерал” төлөхгүй байгаа ш дээ. Оюутолгой ч Монголын ЗГ-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу чөлөөлөгдөж байгаа.

-Зэс, алт, хайлуур жоншны дэлхийн үнийг яаж тогтоодог вэ?

-ЛМБ дээр зэс, цайр, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга гэсэн өнгөт металлын үнэ, чанар стандартыг тодорхойлж байна. Өдөр бүр тэнд зэсийн үнийг тухайн өдөр, сар, 3, 9 ба 27 сарынх нь дундаж үнийг тогтоож байгаа. Чили, Канад, Австралийн зэсийн томоохон үйлдвэрүүдийн өөрийн бүрэн өртөг зардал нэг тонн цэвэр зэс гаргахад 1500-1900 ам.доллар байна. Манай “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэр болохоор зардал их өндөр , тонн нь 3000 ам.долларын өөрийн өртөгтэй байдаг. Зөрүү нь хэд байна вэ. Үүн дээр манайх 68 хувийн татвар авч байна, саяхан Сангийн яамнаас бас үнийн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны татвар ногдуулчихсан байгаа. Энэ бүхэн нь олон улсын механизмд нийцэж, тохирч байна уу. Энэ нь экспортын эрдсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын буруулж байна. Гэтэл олон улсын биржийн агуулахууд дэлхийг тойроод байж л байна. Мөн химийн шинжилгээ хийдэг лабораториуд ч байна. Гэтэл манайд биржийн стандартад хүрсэн нэг ч лаборатори алга, Замын-Үүд дээр ч байхгүй. Биржийн бус түүхий эд буюу гянт болд, молибден, нүүрс, хайлуур жонш ба төмрийн хүдрийн үнийг томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үнийг харгалзан тогтоодог. Харин Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэс 99.99%-ийн агуулгатай байна, хэмжээ нь 25кг байна гэх мэтээр зэс зэрэг бусад түүхий эдийн чанарын стандартыг гаргачихаж байна. Манай эрдэс түүхий эд, бүтээгдэхүүн ийм стандарт болон итгэмжлэл аваагүй, түүнд хамрагдаагүйгээс манай цэвэр зэсийг зүгээр л барилга зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэнэ үү гэхээс биш, машин, онгоцны үйлдвэрлэлд (“Мерседес”, “BMW”, “Бионг” , “Айробус” зэрэг үйлдвэрт) хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл цахилгаан дамжуулах, чанар, бат бөх зэрэг 5 үзүүлэлтүүдээс зөвхөн 2-ыг нь хангаж чаддаггүйгээс тэр.

Уг нь манай гадаад худалдаа эрчимтэй өсч байна. 2010 оны 11 дүгээр сарын байдлаар экспорт 2,5 тэрбумд хүрсэн. Энэ дотор алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш,нүүрс зэрэг гол зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн өсч экспорт нь нэг тэрбум 973 сая ам.долларт хүрч, нийт экспортын 77.4%, бусад эрдэс түүхий эдийг оролцуулаад 80 гаруй хувийг эзэлж байна. Нүүрс ч мөн адил өсч, 14 сая тонныг гаргасан буюу экспортын орлого нь 734 сая ам.долларт хүрээд байна.

-Тэгвэл өнөөдөр манай гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин ямар байна, зах зээл нь хаана хаана байна вэ?

-Хоёр хөршийн дунд байдаг, далайд гарцгүй учир дийлэнх нь Хятад руу гарч байна. Хэрэглээ ч ер нь тэнд байгаа. Цаашаагаа гаргахад манайх тээврийнхээ зардлыг даадаггүй. Тэгээд ч манай зэсийн баяжмал 24 хувийн агуулгатай, бусад нь шороо тээвэрлэж байна. Оросын 49%-ийн оролцоотой “Эрдэнэт” үйлдвэр хүртэл жилийн гэрээг барууны худалдааны зуучлагч компаниудтай хийгээд зэсийн баяжмалаа бүгдийг нь Хятад руу гаргаж байна. Цайр гэхэд л үйлдвэрийн хувьцааны дийлэнх нь хятадуудын мэдэлд байдаг учир мөн 100% урагшаа гаргаж байна. ТУЗ-д нь хятадууд байдаг учир үнийг тэд барьж, тогтоож байна. Цэвэр зэсийн хувьд өндөр өртөгтэй, тээврийн зардлаа даах учраас Хятадаас гадна БНСУ болон Америк руу гаргаж байна. Алт мөн адил өндөр үнэтэй байгаа учраас АНУ , Англи руу экспортлож чадаж байна. Гэхдээ түрүү хэлснээр алтны тушаалт өмнө нь 2009 онд 12 тонн байсан бол энэ онд дөнгөж 4,7 тонн болж илт буурсан. Хувийн компаниуд алтаа тушаахгүй байгаа. Хилээр бус хууль бусаар гарч байгаа нь ч бий байх, Гэнэтийн ашгийн татварыг цуцлагдахыг хүлээж байгаа тал ч бий байх. Энэ хууль 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болохоор алтны тушаалтын тоо хэмжээ нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Төмрийн хүдрийн баяжмал мөн ялгаагүй, 60 хувийн агуулгатай, 100 хувь Хятад руу явж байна. Жоншны хувьд өндөр чанартай, өртөгөө дааж чадаж байгаа учир ОХУ, Америк руу гарч байгаа. Эрдэс түүхий эдийн боловсруулалтын тухайд түвшинг дээшлүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг төрөөс ихээхэн дэмжих хэрэгтэй байна. Энэ талаар ЭБЭХЯ “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх” гэсэн концепц боловсруулаад Засгийн газар, УИХ-д оруулчихсан байгаа гэсэн. Энд хэрэв эцсийн бүтээгдэхүүн гаргавал төр, засаг ямар урамшуулал, дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг чухал. Сангийн яам үнийн өсөлтийн нэмэгдсэн татвар гэж уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд, мэргэжилтнүүд, хүрээлэнгийн саналыг нь аваагүй тогтоочихсон, хэрхэн хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа.

-Тэгэхээр манайх эрдэс түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр гаргаж чадаж байна уу? Жишээ нь, Сангийн Яам, ЭБЭХЯ-аас уул уурхайн түүхий эдийн жишиг үнэ тогтоох журам гаргасан. Тэр нь дэлхийн зах зээлийн үнийг барьж чадаж байгаа юу?

-Жоншны хувьд “Монголросцветмет” дэлхийн зах зээлийн үнээр өгч чадаж байгаа. Олон улсын худалдааны зарчмыг барьж чадаж байгаа. Жишээ нь, 95 хувийн агуулгатай жоншоо 254-320 ам.доллараар Орост нийлүүлж байна. Түрүү хэлснээр биржийн бус бараа болох учир жоншин дээр томоохон үйлдвэрлэгч БНХАУ ФОБ үнийг үндэслэн экспортын дундаж үнийг тогтоодог. Английн “Индустриал минерал” компаниас энэ үнийг сар бүр зарладаг, долоо хоног бүр бидэнд ирүүлдэг. Бид түүнийг нь таван мянган ам.доллар төлөөд мэйлээр авдаг. Жишээ нь, энэ 11, 12-р сарын байдлаар 97 хувийн агуулгатай жоншны баяжмалын дундаж ФОБ Хятадын үнэ дэлхийн зах зээл дээр 290 ам.доллар байна. Гэхдээ энэ үнэ манайд “хорогддог”. Яаж гэхээр бид 95 хувийн агуулгатай жонш гаргаж байгаа болохоор 2 хувийн агуулгын зөрүү гээд 6 доллар хасагддаг. Дараа нь Хятадын Тянжин портоос Эрээн хүртэл тээвэр, ачиж буух зардал, мөн даатгалын үнэ гээд 35 долларыг хасчихдаг. Тэгээд Эрээнээс Бор-Өндөрийн тээврийн зардал 8 доллар бас хасагдана. Эргээд ОХУ руу гаргахад Наушик руу ачсаных 16 доллар гээд үндсэн үнэ нь 257 ам.доллар болж байгаа юм. Энэ үнэ маш тодорхой, ил тод, олон улсын формулаар хийж буй нь юм. Гэтэл бусад компаниуд ийм стандарт, формулыг ашигладаггүй. Харин бидний баяжмал экспортлож байгаа энэ үнийг үндэслээд ЭБЭХЯ жоншны жишиг үнэ тогтоочихдог. Яахав тэдний агуулга 75, 85, 92 гэсэн янз бүрийн хувьтай, бага байгаа л даа. Жишээ нь, 75 хувийн агуулгатай, металлургийн жоншийг өнөөдөр 90- 100 ам.доллараар борлуулж байна. Хувийн компаниудын хувьд ихэнх нь өөрийн ордгүй, тэд хувийн компани ,хувь хүмүүсээс жоншны баяжмал, хүдэр худалдан авч байна. Тэд жоншоо ченжүүдээс аваад хил дээр Орос, Хятадын мөн адил ченжүүдэд 60-80 ам.доллараар хямд өгчихдөг. Түүнийг нь Тянжиний агуулахад 75, 85 ба 92 хувийн агуулгаар нь түүж ангилаад цааш нь Япон, Солонгос, Америк руу гаргаж байгаа. Жоншны худалдаа өнөөдөр ийм л байдалтай байна.

-Тэгвэл зэсийн баяжмалын худалдах үнийг яаж тогтоож, гэрээг хийдэг вэ?

-Энэ бол их хэцүү. Өнгөт металл болохоор. Энд зэсийн баяжмал дотор байгаа алт, мөнгө, бусад металл болон хортой элементүүдийг тооцдог. “Эрдэнэт”-ийн зэс нь 24%-ийн агуулгайтай, түүнд мөнгө тоннд 70 грамм байдаг, түүнээс дээшийг яг л нөгөө олон улсын формулаар төлдөг. Хортой элемент байлаа гэхэд агуулгыг нь тооцоод 0,2 хувиас дээш бол торгууль тооцож, хасалт хийгээд явдаг. Цэвэр зэсийн үнийг өмнө нь хэлснээр Лондонгийн металлын бирж дээр тогтоодог. Харин зэсийн баяжмалынх нь үнэ зах зээл дээр тогтдоггүй. Хайлах, цэвэршүүлэх зардал- TC/RC гэж олон улсад хэлж заншсанаар худалдан авагчтай түүний түвшинг тохиролцох замаар гэрээ хийдэг. Дэлхийн хайлах үйлдвэрүүдэд зэс хайлах явцад 1-1,2 хувийн алдагдал гардаг. Энэ оны хувьд Чили, Канад, Индонез зэрэг орнуудын зэсийн баяжмал үйлдвэрлэгчид Японы зэс хайлах үйлдвэрүүдтэй тохиролцож гэрээ хийсэн жилийн TC/RC-ын дундач түвшин Японы эрэг дээр СИФ үнээр 46 ам.доллар/тн, 4.6 цент/ фунт байсан. Уг манай Эрдэнэт үйлдвэр баяжмалаа DAF-Эрээн-Монгол Хятадын хил нөхцлөөр борлуулахдаа Японоос Хятадын порт, Тянжинээс Эрээн хүртэл тээврийн зардал 75-85 ам.долларыг хасч TC/RC-ыг тооцох ёстой. Хайлах, цэвэршүүлэх зардлыг жилийн, улирлын болон сарын гэх мэтээр 2-3 янзаар тохирч хийдэг. Манай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гаргаж байгаа 550 мянган тонн баяжмалаа борлуулах гэрээгээ жилээр хийчихдэг. Энэ онд TC/RC-ыг 8.5 ам.доллар/ тн, 8.5 цент/ фунт түвшингээр тохирч гэрээлсэн, өөрөө хэлбэл хайлах, цэвэршүүлэх зардлаа өндөр тохирч байгаа ихээхэн алдагдалтай арилжаа хийж байгаа. Олон улсын зэсийн зах зээлийн шинжээчдын судалгаагаар Эрдэнэт үйлдвэр жилд ойролцоогоор 100 сая доллар алдаж байна. Зөвхөн зах зээл дээр зэсийн баяжмал илүүдэлтэй байна уу, хорогдолтой байна уу, мөн хайлах, цэвэршүүлэх үйлдвэрүүд дэлхийн хэмжээний хүчин чадлынхаа хэдэн хувийг ашиглаж байна, зах зээлийн үнэ хэд байна гэдгээс TC/RC-ын хэмжээ хамаардаг. Энэ бүхнээс үзэхэд манай зэсийн үнэ дийлэнх нь урагшаа гарч байгаа учир Хятадын хайлах, цэвэршүүлэх TC/RC-ээр гэрээ хийх, сар ба улирлын спот зэсийн хайлах,цэвэршүүлэх үнээр баяжмалаа борлуулах ихээхэн боломж байна., Хятадын хайлах, цэвэршүүлэх зардал дэлхийн түвшингээс байнга доогуур байдаг.

Үүн дээр баяжмал гаргаж буй үйлдвэр болон худалдан авагчийг дэмжсэн, төлбөрийг ачсан сар, ачсаны дараахь сар гэх мэтээр аль нэгийг худалдан авагч сонгож, тэр сарын Лондонгийн биржийн дундаж үнээр төлбөрөө хийдэг. Нөгөөтэйгүүр зэсийн үнэ 1800 доллараас доош байвал баяжмал гаргаж буй үйлдвэрийг, дээш бол худалдан авагчийг дэмжсэн механизм олон улсад мөрдөж байна.

Ярилцсан Б.БОЛД

Friday, May 20, 2011

Н.Энхбаяртай муудалцсан ч би юм санадаггүй ээ

Өнөөдөр 14 цаг 52 минут

Ц.Цэнгэл: Н.Энхбаяртай улс төрийн асуудлаар муудалцсан ч би юм санадаггүй ээ

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа.

-УИХ-ын чуулганаар Эр­дэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хоёр дахь удаагаа хэлэлцээд “Огц­руулахгүй” гэсэн шийдвэр гар­галаа. Таамаглаж бай­санчлан УИХ ийм шийдвэр гаргаснаараа нэр хүндээрээ дэнчин тавьж, багагүй шүүмжлэлд өртөв. Та УИХ-ын гишүүний хувьд энэ шийдвэрийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Д.Зоригт сайдын асуудлыг цогцоор нь авч үзвэл зөв алхам болсон. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Энэ том салбарын сайдад алдаа, оноо байлгүй яах вэ. Харин зөвхөн түүнийг л байн байн оролдоод байгаа нь хариуцлагын асуудал гэхээсээ илүү улс төрийн шалтгаантай байсан учраас огцруулсангүй гэж олон нийт ойлгож үлдсэн байх. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ямар ч хамаагүй үнээр сайдаа авч үлдлээ. “УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй байна” гэсэн яриа гарч буйг нуух аргагүй. Гэхдээ Д.Зоригтыг огцрууллаа гэхэд үр дүн нь юусан билээ. Манай намын бүлэг ч гэсэн энэ өнцгөөс асуудалд хандсан. Ер нь хамтарсан Засгийн газарт ажил нь цалгардаагүй сайд бараг байхгүй дээ. Ажлыг нь дүгнээд асуудлаа шийдээд л явахаас өөр аргагүй. Ер нь тогтвортой байдлыг бусниулж, хэвийн бус үйл ажиллагааг эхлэх гэсэн оролдлого харагдаад байна. Би ч, манай намын бүлэг ч ингэж үзэж байгаа. Гэхдээ огцруулах санал өргөн барьсан гурван гишүүний хувьд зөв асуудал хөндсөн гэдгийг дахин хэлье.

-Уг нь гэрээнд гурван сайд гарын үсэг зурсан байтал нэгийг нь, тэр тусмаа Ардын намынхыг нь онцолж огцруулах санал тавьсан нь энэ бүхнийг улс төрийн шинжтэй болгож харагдуулсан?


-Ойлгомжтой шүү дээ. Ингээд ажлыг явуулдаггүй. Хамтраад байхад ийм байгаа юм чинь хамтраагүй бол ажил бүр ч хийлгэхгүй байж л дээ. Хорин жил ийм аргаар явлаа. Эцэст нь ард түмэн л хохирсон. Ядуурал, ажилгүйдэл хэвээрээ. Энэ Засгийн газрыг стандарт бус л гэдэг. Монголчууд Засгийн газраа хамтарч байгуулсан. Ямар гадныхантай нийлсэн биш. Намчирхаад хожихгүй нь гэдгийг ойлгоод л улс орноо хөгжүүлэх ажлыг урагшлуулж байна шүү дээ.

-УИХ дахь Ардын намын бүлгээр энэ асуудлыг хэлэлцэхэд уур амьсгал ямархуу байсан бэ. “Д.Зоригтыг огцруулах нь зөв” гэж үзсэн гишүүд нэлээд байгаа нь тодорхой байсан ч эцсийн шийдвэр өөрөөр гарсан шүү дээ?

-Ажлын хариуцлага талаас нь авч хэлэлцээд гаргалгаануудыг ярьж байхад “Огцруулахаас өөр аргагүй юм байна” гэсэн үзэл бодолтой гишүүн цөөнгүй байсан.

-Тэгэхээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан учраас л Д.Зоригтыг авч үлдсэн гэж та хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Хамтарсан учраас л авч үлдсэн. Хамтын шийдвэр гаргаж, хариуцлагаа үүрэх ёстой. Гол зарчим нь энэ.

-Танай намын гишүүн Э.Мөнх-Очир “Ардчилсан намынхан засгаас гарах цаг болсон” гэж хэвлэлээр удаа дараа ярьсан. Ийм бодолтой гишүүн олон байгаа болов уу?

-Үүнийг явган яриа л гэж ойлгож байна. Зарчмын хувьд энэ бол тийм ч зөв зүйтэй асуудал биш. Миний хувьд хийх ажил их байна. Хурдан л шийдээсэй гэж бухимддаг болохоос гарах, орох тухай ярих дургүй. Гэтэл цаг хожиж байгаа юм уу, дахиад хамтрахаараа хийнэ гэж боддог юм уу, шийдэж өгөхгүй байна. Энэ л УИХ-ын гишүүд, ард түмний эгдүүцэл, дургүйцлийг төрүүлдэг. Засгийн газар энэ талаар анхаарах хэрэгтэй.

-Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн “Ардын намынхан дараагийн сайдад Ц.Цэнгэл, Х.Бадам­сүрэн, А.Тлейхан на­рыг зүт­гүүлэхээр болжээ” гэсэн мэ­дээ хэвлэлд гарсан. Нэг сай­дын асуудлыг шийдээгүй бай­хад дараагийн кандидатыг яримааргүй юм. Энэ мэдээллийг хараад танд юу бодогдсон бэ?

-Хэвлэлээс уншсан. Эзэмшсэн мэргэжил, энэ салбарт ажилласан туршлага талаас нь тэгж бичсэн байж болох юм. Би лав энэ тухай өөр яриа хөөрөө гарсныг мэдээгүй. Хэн нэгний турхиралт, хагарлыг дэвэргэх гэсэн санаа ч байж болох шүү дээ. Бид гурвын хэн нь ч “Д.Зоригтыг огцруулаасай” гэсэн санаа өвөрлөж байгаагүй. Үүнд би бат итгэлтэй байна.

-Танай намын Удирдах зөв­лөл өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт хуралдсан. Энэ үеэр чухам юу болсон юм бэ. Нэлээд ширүүн маргаан өрнөж, хуучин, шинээрээ дуудалцсан бололтой юм?


-Олон зүйлийн талаар илэн далангүй ярилцсан. Сонгууль ч ойртлоо. Сонгуулийн тухай хуулиа яах вэ, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу. Тулгамдсан асуудлуудыг шийдэхэд саад болоод байгаа зүйлсээ хамтарсан Засгийн газрын үед л шийдэхгүй бол хэзээ шийдэх гээд байгаа юм бэ гэх зэргээр ярьсан юм. Манай намын залуус “Засгийн газрын нэр хүнд муудаад байна” гэсэн санал бодлоо ч хэлж байсан. Гэхдээ хамтарч байгаа намынхнаа, Засгийн газраа муулж, шүүмжлэх нь чухал биш гэсэн санааг хууччуул нь хэлж байна билээ. Үүнийг л ширүүн маргаан өрнүүлсэн гэж ойлгосон байх. Түүнээс том хэмжээний сөргөлдөөн гаргаагүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр танай намаас гарч нам байгуулсан. Засгийн газрын гишүүдээс 10-ыг нь оролцуулан нийт 15 олигархийг нэрлэсэн. Ер нь сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж байгаа. Түүний байр суурийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу нам байгуулсныг нь хүндэтгэж үзэлгүй яах вэ. Би хувьдаа Н.Энхбаяр даргыг заавал намаасаа гарч, өөр нам байгуулах шаардлагагүй байсан гэж боддог. Энэ намдаа байж, хүндэтгэл хүлээн ёстой л жинхэнэ хаан шиг сууж байгаад намынхаа үйл ажиллагаанд оролцоод явах боломж байсан. Яагаад тэгж болоогүйг нь гайхдаг л юм. Хувь хүнийхээ хувьд их сайн хүн шүү дээ. Аливаа асуудлыг болох, бүтэх талаас нь шийддэг.

-Тийм гэж үү. Тэгээд яагаад ганцаардаад намаасаа гарахдаа тулав?


-Миний л хувьд ажил хэргийн талаар тавьсан асуудал болгоныг шуурхай шийдэх талаас нь идэвхтэй ханддаг байсан. Зөвшөөрөхдөө ч ихээхэн бодож байж, зөв арга замыг олж чаддаг. Н.Энхбаярын алдаа нь тойрон хүрээлэгч долдой нарынхаа үгэнд орж, эргэлзэж төөрөлдсөнөөс болсон болов уу гэж бодож байна.

-Гэхдээ долдой нарынх нь ихэнх нь намдаа үлдчихсэн юм биш үү. Одоо Н.Энхбаяртай ойр байгаа хамтрагчдыг нь харахад л лав тэгж харагддаггүй шүү дээ. Харин ч шинэ хүмүүстэй хамтарч, гар нийлэн улс төр хийх гэж зүдэрч байгаа болов уу?

-Янз бүрийн л хүмүүс бий. Ер нь өөрөө хүний үгэнд оромтгой хүн л дээ.

-Одоо та Н.Энхбаяртай ямар харилцаатай байгаа вэ?

-Би нэг удаа сөргөлдөж муудалцаад түүнээс хойш мэндийн зөрөөтэй л явдаг болсон.

-Нууц биш бол яагаад муудалцсан юм бэ?


-Эр улсын яриа хөөрөө гэх үү дээ. Улс төрийн асуудлаас л болно шүү дээ. Би ч тэгж муудалцсандаа юм бодоод байдаггүй. Тэр хүн юу бодож явдгийг ч мэдэхгүй юм.

-Засгийн газрын өчигдрийн /уржигдар/ хуралдаанаар говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Оюутолгойд барих уу, эсвэл Тавантолгойд уу гэдгийг яаралтай шийдэж, ажлыг нь эхлэхийг салбарын сайдад нь даалгасан. Таны хувьд цахилгаан станцаа хаана баривал ашигтай гэж бодож байна вэ?

-Ер нь манай үндсэн зардал нүүрсний тээвэрлэлтэд зориулагддаг. Энэ талаасаа ч, улс орны хөгжлөө бодсон ч цахилгаан станцаа Таван­толгойд барих нь зөв. Хэнд ч тодорхой энэ асуудлаар маргаантай байна гэдэг чинь ашиг сонирхлын зөрчилтэй л гэсэн үг. Оюутолгойн хувьд барилгын ажлаа хийх явцдаа эрчим хүчний шугам татчихад ямар ч асуудалгүй шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд би ингэж л бодож байна. Бүр болохгүй бол Шивээ-Овоо, Багануурт зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулж болно. Ямар ч байсан нүүрсний уурхай дээр л станцаа барих ёстой.

-Оюутолгойг эрчим хүчээр хангахгүй бол төсөл нь зогсчих гээд байгаа юм биш үү. Анх гэрээг батлахдаа энэ талаар хангалттай судалж, эцсийн шийдэлд хүрээ­гүйгээс ийм асуудал үүсээд байна уу?

-”Оюутолгой” төслийн ажлыг эрчим хүчээр хангах тухай 2001 оноос ярьж эхэлсэн. Би тэр үед Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Оюутолгойн дэд бүтцийн хэсгийг ахалж байлаа. Тухайн үед “Оюутолгой” төсөлд шаардагдах эрчим хүчийг төвийн эрчим хүчнээс хангана. Түр зуурын хугацаанд эрчим хүчээ Хятадаас авах тухай гэрээнд би гарын үсгээ зурж байсан. Тэр үед шийдэх байсан асуудал өнөөг хүртэл сунжраад сүүлдээ улстөржөөд гац­сан.

-Юу гэсэн үг вэ. Яаж улстөржсөн гэж?


-Сонгууль дөхчихсөн байсан. Тэгээд л хойшлогдсон.

-Ирэх сонгуулийн үеэр Оюу­толгойн гэрээг томоохон хөзөр болгох нь дамжиггүй. Үүгээрээ эдийн засгийн ач холбогдлыг нь үгүйсгэн олон нийтийн дунд буруу ойлголт төрүүлэх магадлал өндөр байна. Энэ асуудалд болгоомжтой хандъя гэдэг үүд­нээс хамтарсан Засгийн газарт ор­сон намууд сонгуулийн үеэр их бүтээн байгуулалтын ажлыг гацааж, улстөржүүлэхгүй байхаар тохиролцсон гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

-Яг ийм тохиролцоо хийсэн тухай би сонсоогүй. “Оюутолгой” төслийн талаар сайн, муу яриа их гардаг. Ард иргэдэд ойлгомжгүй асуудал ч олон бий.

-Тухайлбал, ямар асуудал байна вэ?

-Бид дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулсан. Энэ гэрээний эдийн засгийн ач холбогдол, ирээдүйд өгөх ашиг орлого нь маш их. Ер нь энэ төслийн өгөөжийг Эрдэнэтийн ордынхтой адилтгаж ойлгодог хүн олон бий. Өөрөөр хэлбэл, монголчууд 30 жилийн дараа 51 хувийг эзэмшинэ гэх зэргээр ярьдаг. УИХ-аас Засгийн газарт “Хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 51 хувь болго” гэсэн чиг үүрэг өгсөн. Засгийн газар л өгсөн үүргийг яг тэр чигээр нь биелүүлж хараахан чадаагүй юм. Үүнд УИХ-ын зарим гишүүн нэлээд бухимдаж байгаа. Засгийн газарт ч гэсэн үнэхээр болохгүй, хэцүү байсан л байх. Гэтэл үүнийг хэт улстөржүүлж ярьсаар байгаад иргэдийн дунд “Ерөөсөө бид юу ч үгүй хоосорч үлдэх юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа. Энэ чинь асар их хэмжээний хөрөнгө оруулалт. Дээр нь орчин үеийн нарийн технологийг оруулж ирж байна. Үүнийг бид ажил гэж үзэн, хүндэтгэж, үнэлэх ёстой. Тиймээс наанатай, цаанатай ярих учиртай. Нэгэнт гэрээ хийсний дараа ажиллах гэж байгаа хүмүүст саад болох хэрэггүй л юмсан. Зөвхөн тэр хүмүүст биш, Монголын хөгжил, эдийн засагт л саад болж байгаа хэрэг шүү дээ. Харин юу нь болж, болохгүй байгааг байнга ярьж, асуудал дэвшүүлж, хяналтаа тавьж байх хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д энэ сарын сүүлчээр айлч­лах­даа төмөр замын гэрээг шинэчлэх талаар хэлэлцэх гэж байна. Та 2006-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сай­даар ажиллаж байхдаа энэ асуудлаар хэлэлцээрт оролцож байсан. Энэ удаа ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна?

-Төмөр замын гэрээг шинэчлэх асуудлыг 20 жилийн өмнө л шийдчих байсан. Тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх улс төмөр замаа өөрийн болгоод авчихсан шүү дээ. Тэр үед манайхан энэ талаар маш идэвхгүй, удаан ажилласан. Хүсээгүй юм уу, хүссэн ч арга барилаа мэдэхгүй байсан уу. Ямар ч байсан идэвх чармайлт гаргаагүй. Уг нь аль хэдийнэ төмөр замаа 100 хувь мэдэлдээ авчих боломж байсан. Би төмөр замын автомат хоригийг сайжруулах, парк шинэчлэх талаар И.Е.Левитин сайдтай нэг сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурж байсан. Тэр нь явсаар байгаад өөр байгууллагынх болчихоод байна.

-“РЖД” компанийг хэлж байна уу?

-Тийм. Төмөр замын ажил удаашралтай байна. Аль 2007 оны гэрээ хэлэлцээрийг одоо болтол хийж чадаагүй. Гэхдээ би Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Оросын талд ч гэсэн өөрийг нь бараг хавсарч, дагаж явсан орны төмөр замыг ганц, хоёрхон хувь дээр царай алдаад байх нь ашиггүй байр суурь биш л баймаар юм. Гэхдээ оросууд стратеги, геополитекийн хувьд аль болохоор бензин шатахуун, уул уурхай, төмөр зам гээд томоохон асуудлууд дээр “багалзуурдах” сонирхолтой байгаа нь тодорхой байна.

-Ярилцсанд баярлалаа

У.ОРГИЛМАА

Friday, April 15, 2011

Д.Бат-Эрдэнэ: Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэн ч онцын ялгаа гарахгүй

Г.Отгонтуяа

"Моннис интернэшнл" ХХК-ийн дэд захирал Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай компани Геологи Судалгаа, Эрдэс Баялгийн Шинэ төсөл гэсэн хэлтэстэй болсон юм байна. Энэ хэлтсийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?

-"Моннис интернэшнл" нь Монголын уул уурхайд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа компани. Манай компани уул уурхайн томоохон техник технологи болох Liebherr, зэрэг дэлхийн томоохон компаниудын тоног төхөөрөм жийг оруулж ирж Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж чадаж байгаа. Энэ утгаар нь томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэж тодотгож байна л даа.

-Шинэ хэлтсийн чинь нэрийг сонсохоор судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Одоогийн байдлаар ямар төсөл судалгаан дээр ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жилээс "Моннис" компанид геологи хайгуул, ашиглалтын лицензтэй олон аж ахуйн нэгжууд хандсан. Тэр олон компануудын тавьж байгаа санал бол ихэнхи тохиолдолод тодорхой обьектүуд дээр хөрөнгө оруулах, хамтарч ажиллах тухай юм. Бид санал болгож буй орд, илэрцүүдтэй газар дээр нь очиж үзэх, байгаа геологийн болон ашиглалтын баримт бичгүүдтэй танилцаж дүгнэлт гаргадаг юм. Яг одоо санал болгож байгаа хэдэн нүүрс, төмөр, алтны обьектүүдийг судалж байгаа.

-Үйл ажиллагааны чинь чиглэлээс харахад, уул уурхайн салбарт өөрсдийн хүрээнд судалгаа явуулна гэж байна. Та мэдээж Геологич хүний хувьд монголын уул уурхайн хөгжлийг хэрхэн харж байна?

-Монголын байгалийн баялаг руу дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулаад эхэллээ. Дээр нь Оюутолгой, Тавантолгой гээд томоохон ордууд дэлхийн анхаарлын төвд ороод байна. Хятад хэдий том ч олон жилийн турш эрчимтэйгээр ашигт малтмал ашиглаад ирсэн болохоор хомсдолд ороод эхэллээ. Тиймээс бид өнөөдөр хаана, яаж ажиллахаа шийдэхийн тулд хамгийн түрүүнд зах зээлээ судлах хэрэгтэй. Ямар ашигт малтмал илүү байна, хэнтэй ажиллах вэ гэдгээ судлах ёстой. Жишээлбэл Хятад гэхэд нүүрсний хэрэгцээ маш их. Нүүрс гэхэд Хятад Орос хоёртой л харьцана. Учир нь одоо яриад байгаа 25сая тонн нүүрсийг Японруу тээвэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Холын орнууд болох Америк, Тайвань руу явуулах боломжгүй. Тэдэнд ховор мөталл, алт мөнгө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл онгоцоор тээвэрлэж болохоор ашигт малтмалыг гаргах нь чухал. Манай улс жонш гаргаж байна. Гэхдээ ихэнхдээ Орос, Хятад руу. Учир нь энэ хоёр улс маш том гангын үйпдвэртэй. Харамсалтай нь манайх ганцхан төмөр замтай болохоор их хэмжээгээр ашигт малтмал, эрдсийн боловсруулсан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хэцүү болчихоод байгаа юм. Хамгийн ойрхон гэхээр л Орос, Хятад руугаа хандахаас өөр аргагүйд хүрээд байна.

-Манайд ураны олборлолт ч мөн чухалд тооцогдох болсон?

-Тиймээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх байдлыг харах хэрэгтэй. Өнөөдөр Японд үүссэн нөхцөл байдлаас харахад ирээдүйд удаан хугацаагаар цөмийн энергийн аюулгүй байдлыг харж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол аюул гамшиг нүүрлэж эхэлж байна. Атомын цахилгаан станцыг дагаад ураны асуудал ч мөн яригдаж эхэлнэ. Магадгүй Япон шиг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа орон Атомын цахилгаан станцаас татгалзаж эхлэх асуудал ч яригдаж мэднэ. Үүнийг ганцхан өнөөдөр шийдэхгүй ч хэдэн сарын дараа тодорхой болно. Хэдий аюулгүй байдлыг дээд зэргээр харгалзаж бүтээсэн ч байгалийн гамшиг бүхнийг нурааж байна.

Хэдэн жилийн өмнө манайд ураны үнэ уначихсан байсан. Одоо бол гайгүй болж байна. Үүнийг дагаад цахилгаан станц хүртэл барина гэж байсан шүү дээ. Харин одоо яах бол. Ийм эргэлзээ төрөхөөр байна.

-Уг нь манай улсын хувьд 2017 онд атомын цахилгаан станцтай болно гэж төлөвлөөд байгаа шүү дээ?

-2017 онд цахилгаан станц барихгүй нь ойлгомжтой. Учир нь цахилгаан станц хаана барих вэ гэсэн асуудал яригдаж байна. Мэдээж утаа гаргахгүй гээд байгальд хоргүй нөлөөг нь бодож хийсэн ч нэг газар хөдлөлт болбол юу болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт үүнийг ажиллуулахын тулд маш сайн боловсон хүчин байх хэрэгтэй. Хэдий манайх ураны нөөцтэй ч гэсэн түүнийг боловсруулж түлш болгох хэрэгтэй.

-Уул уурхайн салбарын хувьд гадны хөрөнгө орж ирэхэд хамгийн гол зүйл хууль эрхзүйн орчин. Гэтэл манай хуулийг маш тогтворгүй гэж шүүмжилдэг?

-Тогтворгүй байдлаас болж гадаадынхан манайхаас айж байна. Хууль нь тогтворгүй болохоор болгоомжилж байгаа. Засгийн газар нь болохоор гадагшаа манай уул уурхайн салбарт ажилла, хөрөнгөө оруул гэж уриад байдаг, ороод ирэхээр нь тогтворгүй хуулиар угтдаг. Ашигт малтмалын тухай хуулийг уул уурхайнхан, геологийнхон бүгд шүүмжилдэг. 1997 оны хууль бол гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийг урьсан, орчныг нь бүрдүүлж өгсөн хууль. Тэгэхээр гадаадынхан мэдээж сайхан хууль гэж л хэлнэ шүү дээ. Өөрсдөө ашиглаж олборлолт хийж ажиллаж байгаа юм чинь. Японд бол ашигт малтмал хайгуул хийх ашиглах эрх байдаггүй. Орост бол бүр ч хэцүү, маш хатуу хяналтанд байдаг. Хятадад гэхэд хайгуулын лиценз аваад хоёр жил юм хийхгүй бол лицензийг нь шууд л цуцалдаг. Тэгэхээр ашигт малтмал, уул уурхайн салбарыг эрх зүйгээр нь олон улсад зохицуулчихдаг. Гэхдээ энэ хуулийн хүчинд Бороо гоулд ашиглалтанд орсон.

-Ашигт малтмалын хуульд эргэж харахаар зүйл мэдээж байгаа. Магадгүй тогтворгүй гэдэг нь хамгийн том шалтгаан байх, өөр талаас нь шүүмжилж харвал...?

-Өнөөдрийн Ашигт малтмалын хууль цэвэр лицензтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл лиценз яаж олгох вэ, яаж цуцлах вэ, гэдгийг л зохицуулдаг. Тэрнээс яаж геологи хайгуулын ажил, олборлолт явуулах вэ гэдэг ч юмуу, нарийн юмыг ерөөсөө зохицуулж чадахгүй. Өнөөдөр ашиглалт гэдэг чинь зүгээр нэг газар дор юм ухах биш болчихлоо. Газар дээр нь овоолж уусгаж байна, газар доор нь уусгаж байна. Зарим төрлийн урааны ордуудыг газар хөндөхгүйгээр олборлодог. АНУ, Орос Казахстан хаа сайгүй л ингэж олборлож байгаа. Ийм төрлийн орд Монголд хэд хэд бий. Хамгийн хурдан бас ашигтайгаар, газрыг нь хөндөхгүйгээр гэсэн үг л дээ.

Гэхдээ харамсалтай нь энэ амьдрал дээр байгаа юмыг ашигт малтмалын хууль зохицуулж чадахгүй байна" Дээрээс нь газрын хэвлийн тухай хууль гэж байгаа. Энэ хууль хүчин төгөлдөр байгаа. Хуулийг бариад явбал олон уурхайг хааж болно. Өнөөдрийн Ашигт малтмалын хууль, Газрын хзвлийн тухай хууль хоорондоо зөрчилдөөд байдаг юм. Энэ хоёрыг цэгцлэх шаардлагатай. Уул уурхайн ажил хаа сайгүй нэмэгдэж, геологийн ажил хийгдээд явж байна. Гэтэл өнөөдрийн Ашигт малтмалын хууль үүнийг зохицуулж чадахгүй байгаа юм. Ашигт малтмалын хуулинд геологийн асуудал тусгагдаагүй учраас Геологи, хайгуулын тухай хууль ч гэдэг юмуу энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах санал гаргая гэсэн яриа геологийнхний дунд гарч байгаа.

-Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийнхэн хууль боловсруулах явцдаа уул уурхайн салбарын компаниуд байгууллагуудаас санал авч байгаа гэсэн?

-Байгууллагаас санал авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Геологийн салбарынхнаас санал авч байсан. Гэхдээ хуулийн төсөлд бидний саналыг оруулсан эсэхийг мэдэхгүй.

-Заавал тусгай хууль гэлгүйгээр, одоогийн шинэчлэн найруулагдаж байгаа Ашигт малтмалын хуулинд энэ яриад байгаа геологийн асуудлыг бүхлээр нь тусгах боломж байхгүй гэж үү?

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэнэ гэж ярьж байна. Ашигт малтмалын хуулийг бүр мөсөн биш ерөнхий зарчмыг нь барьж шинэчлэх учир үр дүнгээ өгөхгүй санаа л даа. Тэгээд ч Ашигт малтмалын хуулинд бүх асуудлыг нэг дор хийж чадахгүй. Тэгэхлээр энэ хууль гурав дахин том хууль болчих гээд байгаа. Тийм учраас хуулинд нь биш цоо шинэ өөр хууль гаргаж эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

-Монголд хариуцлагатай уул уурхай хөгжиж чадаж байна уу?

-Уул уурхайн хариуцлага гэж байх ёстой. Гэхдээ бүх зүйл хоёр талтай. Өнөөдөр энэ салбар чинь Төр засаг, Уул уурхайн компаниуд, Орон нутаг ард түмэн гэсэн гурван зүйлээс бүрдээд байгаа юм. Тэгэхээр "Хариуцлагатйй уул уурхай, хариутай төр" гэмээр байгаа юм.

Яагаад гэвэл компаниудын ажил маш хүнд болсон. Гэтэл төр нь хариугүй. Орон нутаг өнөөдөр ядуу, төсвийн мөнгө хүрэлцдэггүй гэдэг. Ийм шалтгаанаар тэд байнга хууль зөрчдөг зүйл их гаргах болсон. Та нар мөнгө өг, үгүй бол гарын үсэг зурахгүй гэж орон нутгийн захиргаанаас хэлдэг. Орон нутгийн захиргаа гэдэг төрийн л нэг төлөөлөл, дээр нь яам агентлаг байнга хууль зөрчсөн асуудал гаргадаг. Яагаад тэдэнтэй хариуцлага тооцдоггүй юм. Нэг аймгийн дарга ч юмуу сумын дарга ирээд шууд уурхайгаа хаа гэдэг. Яагаад гэхээр уурхай мөнгө өгөөгүй юм чинь гэдэг.

Манай нутгийг та нар ухаж байгаа юм чинь намайг Улаанбаатар хүргэж өг, та нар ийм их мөнгөтэй юм чинь манай нутгийг Улаанбаатартай холбосон засмал зам тавьж өг гэдэг. Үгүй гэвэл Тэгвэл та бүхний албан бичигт гарын үсэг зурахгүй" гэж барьцаалдаг. Мөн хөдөлгөөнүүд байна. Зөв нь ч байна. Буруу нь ч байна. Эхнээсээ буудаж байна. Яагаад уурхайчид зөрүүлж буудаж болохгүй гэж, тэр буудлаа, зөрүүлээд би буудах ёстой гэвэл яах вэ. Үүнд мөн л хариуцлага яригдах ёстой. Бас хариуцлагатай хөдөлгөөн гэж байх хэрэгтэй шүү дээ. Хөдөлгөөн гэхээрээ л хэнийг ч хамаагүй хулгайчаар нь дуудаад л, луйварчин гзж хашгираад байж болохгүй. Өөрсдөө улсад ямар мөнгө оруулсан юм бэ. Зүй нь тэднээс "Та нар улсад хэдэн төгрөг оруулсан, хэдэн хүнийг ажилтай болгосон юм бэ" гэж асуух ёстой.

Тэдний хүсч байгаагаар 100 уурхайг хаачихлаа гэж бодъё Гэтэл олон хүн ажилгүй болно. Түүнийг дагаад гэр бүл нь ч хэцүү байдалд орно. Хэн тэднийг тэжээх юм. Тэр ажилгүй болсон иргэд нь эргээд л нинжа болно шүү дээ.

-Хөдөлгөөнүүдийн хувьд байгаль орчноо хамгаалья гэдэг асуудлыг тавьдаг. Тэр утгаар нь ойлговол шууд сөргөөр дүгнэхэд хэцүү л дээ?

-Дэлхий даяар манайхаас сайхан газарт ч уул уурхайн ашиглалт явагдаж л байгаа. Байгаль орчныг хамгаалах асуудлыг хуулиараа зохицуулаад явах ёстой. Тэгэхгүй бол лицензийг нь цуцлаад уурхайг нь хаахаар нинжа нар гарч ирж байна шүү дээ. Уул уурхайн 254 лицензийг цуцлах шийдвэр гарсан. Үүн дээр бид судалж үзэхэд үйл ажиллагаа нь дуусч байгаа компаниуд ч байсан. Тэдний ажлыг нь дуусгачих. Тэгээд л нөхөн сэргээлтээ хийгээд явна биз. Харин дөнгөж эхэлж байгааг нь харах хэрэгтэй. Нинжа нар адилхан л ухаж байгаа тэд хэдий ч нөхөн сэргээлт хийхгүй. Байгаль орчныг бохирдуулж л байгаа. Орон нутгийнхан тоодоггүй. Тийм хэрнээ л уул уурхай руу дайраад байдаг нь гайхал төрүүлдэг.

"Геологи Уул Уурхайн Мэдээ"

2011/03/21

Алишер Али: Монголын эдийн засаг дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байна

Улс төрийн тойм (2011-04-15)
Зөвхөн мэдээллийг унших |
Share |
Манай сонины 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний ¹ 067/0288/ дугаарт “Макклоски Монголын Нүүрс ба Дэд бүтэц” чуулга уулзалтын үер “Евразиа Капитал” ХХК-ийн захирал Алишер Алигийн хэлсэн үгэнд тулгуурлан бэлтгэсэн нийтлэл гарсан билээ. Тус нийтлэлийн агуулга орчуулагчийн алдааны улмаас өөрчлөгдөж утгын зөрүү гарсан тул уншигч олноосоо хүлцэл өчье. Энэхүү алдааг залруулах үүднээс Монгол Улсын хөгжлийн зарим асуудлын талаар Алишер Алитай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Өнөөгийн Монголын эдийн засгийн байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
- Монгол Улс түүхэн өөрчлөлтийн замыг туулж байна. Дэлхий даяар бол­сон санхүүгийн хямралыг амжилттай давсан танай улс дэлхийн хамгийн хур­дан хөгжиж буй эдийн засгуудын нэг болж байна. Монголын Засгийн газрын зүгээс явуулж байгаа бодло­гыг цагаа олсон, үр дүнтэй ажил бол­жээ гэж их өндрөөр үнэлж байгаа. Уул уурхайн томоохон төслүүдийг эх­лүүлж бизнес эрхлэлтийн орчинг сайжруулж байгаа нь гадаадын хөрөн­гө оруулагчдыг ихээхэн татаж бай­на. Тэдгээр хөрөнгө оруулагчид болон би өөрөө Монголын улс төрийн нөхцөл байдал тогтвортой, эдийн засаг нь өсөлттэй байна гэдэгт итгэдэг, тиймээс бизнес эрхлэхэд таа­тай орчин бүрдсэн гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд ч үүнийг баталж байна. Танай улсын эдийн зас­гийн бодит өсөлт 6.1 хувь байсан бол ам долларын тоон дүнгээр 44 хувь өссөн байна. Гадаад шууд хөрөн­гө оруулалт 1.5 тэрбум төгрөг болж түүхэн дэх хамгийн дээд хэм­жээнд хүрч, экспортын хэмжээ 54 хувиар нэмэгдсэн байна. Мөн төг­рөгийн ханш 13 хувиар чангарсан байна. Дэлхийн эдийн засгийн эерэг өөрч-лөлтүүд, тэр тусмаа Монгол улсын гадаад худалдааны том түн­шүүдийн эдийн засаг сэргэлттэй бай­гаа нь Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалтын нэмэг­дүүлэх, гол экспортын нэрийн бүтээг­дэхүүнүүдийн үнийг өсгөх зэргээр эерэгээр нөлөөлж байна.

- Таны бодлоор 2011 онд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байх бол?
- Би Монголын эдийн засгийг маш эерэгээр харж байгаа. Манай ком­панийн шинжээчид Монголын эдийн засгийг 2011 онд 10 хүр­тэл хувиар өсч дэлхийн хамгийн өн­дөр өсөлт бүхий эдийн засагтай улс болно гэж таамаглаж байна. Үгүй гэхэд эхний гуравт орох болов уу. “Оюу Толгой” ХХК-ийн ихээхэн хэм­жээний хөрөнгө оруулалт, Та­ван Толгойн уурхайн олборлолт, түүнчлэн төрөл бүрийн салбарт өсөн нэмэг­дэж буй хөрөнгө оруулалтууд нь эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь байх болно гэж бид үзэж байна. Мөн Монгол иргэдийн орлого ихээхэн хэмжээгээр өсөх төлөвтэй байгаа. Засгийн газрын өсөн нэмэгдэж буй зардал нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

- Монголын хөрөнгийн зах зээлийг 2010 онд бусад улсуудтай харьцуу­лахад хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. Хэдийгээр өсөлт ажиглагдаж байгаа ч манай хөрөнгийн зах зээлд шийдвэрлэх асуудлууд бай­саар байна. Таны бодлоор Монголчууд хувьцаанд хөрөнгө оруулах хэрэгтэй юу?
- Үнэхээр Монголын хөрөнгийн зах зээл 2010 онд маш сайн өсөж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөн­гийн зах зээл болсон. Монголын хөрөнгийн бирж (МХБ) дээр бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 2010 онд 2.5 дахин өсөж 1 тэрбум гаруй долларт хүрсэн бөгөөд МХБ-ийн Топ 20-ийн индекс 138 хувь өссөн.Таны асуултад тийм, Монголчууд дотоодын хувьцаануудад хөрөнгө оруулах хэрэгтэй гэж хариулмаар байна. Учир нь хувьцааны зах зээл ирээдүйд өсөх ихээхэн боломж бай­на. Гэхдээ хүмүүс эрсдэлийн талаар мартаж болохгүй. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээл сул хөгжсөн байгаа бөгөөд зах зээлд орж ирж буй жижиг хөрөнгө оруулагчдад энэ чиглэлийн туршлага дутмаг байна.

- Лондоны хөрөнгийн бирж (ЛХБ) болон Монголын хөрөнгийн бир­жийн түншлэлийн талаарх таны байр суурь?
- Лондон болон Монголын Хөрөн­гийн биржийн түншлэл нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам юм. Монголын Хөрөнгийн бир­жийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн зах зээл болгон хөгжүүлэхэд ЛХБ нь тохирох түнш гэж үзэж байна. Энэхүү түншлэл нь Монголын хөрөнгийн биржийг дотоодын компаниудын хувьд хөрөнгө босгох таатай эх үүс­вэр болгож, ашигт малтмалаас орж ирсэн баялгийг Монголын иргэдэд хуваарилах оновчтой арга хэрэг­сэл болгон хөгжүүлэхэд тустай юм. Урт хугацаанд ЛХБ нь МХБ-ийг хөрш зэргэлдээ орны ашигт малтмалын компаниуд хувьцаагаа бүртгүүлж, хөрөнгө босгодог бүс нут­гийн санхүүгийн төв болон хөг­жихөд дэмжлэг үзүүлж болох юм. Монгол Улс нь олон улсын хөрөнгө оруулагчдын “газрын зураг” дээр баттай гарч ирнэ гэдэгт би итгэж байна.

-Засгийн Газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр болсныг та юу гэж үзэж бай­гаа вэ?
-Засгийн газрын санаачилгыг би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэм­шигч болж байгаа бөгөөд Монголын баялгийн тодорхой хувийг шууд эзэмшиж буйгаа мэдэж, мэдрэх болно. Иргэдэд хувьцаа тараах бол­сон нь Монгол Улсыг хувьцаа эзэмшигч үндэстэн болгож байна.

-”Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дотоодын болон олон улсын зах зээл дээр арилжаалах тухай ярьж байна. Та ямар бирж дээр арилжаалах нь зүйтэй гэж бодож байна?
-Би “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит компаниудын хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэх нь дотоодын хөрөн­гийн зах зээлийг хөгжүүлэх хам­гийн шилдэг арга гэж үзэж байна. Мэдээж олон улсын санхүүгийн зах зээл дээрх боломжуудыг анхаарах хэрэгтэй боловч дотоодын хөрөнгийн бир­жийг орхигдуулж болохгүй. Global Depositary Receipt буюу олон улсын хадгалалтын сертификат хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглах нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Лондон болон Хонконгийн Хөрөнгийн биржүүд дээр бүртгүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тэгэхдээ үндсэн бүртгэ-лийг Монголын Хөрөнгийн бирж дээр байлгах нь маш чухал. Гол бүртгэл дотоодын бирж дээр байх нь энэ ком­панийг Монголын үндэс­ний аварга компани болгоно.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн ач холбогдол юу вэ?
-Бусад оронд ажиллаж байсан туршлагаасаа харахад дотоодын зах зээл дээр IPO хийх нь дотоодын хөрөнгө оруулагчдад давуу тал бий бол­гож тэдэнд баялгийг бүтээдэг. Ин­гэснээр шууд болон шууд бусаар хөрөнгийн зах зээлийн идэвх нэ-мэгдэж бусад хөрөнгө оруулалтын банк, брокер, даатгал, сангийн удирд­лага зэрэг бусад санхүүгийн үйлчил­гээний салбарууд дагаад хөгждөг. Энэ нь шинэ оюуны чадавх шаардсан ажлын байрууд болон ур чадвар сайтай оюунлаг ажиллах хүчнийг бий болгоно. Хамгийн гол нь дотоодын компаниудад санхүүгийн хямд эх үүсвэр бий болгох юм.