Showing posts with label НҮҮРС. Show all posts
Showing posts with label НҮҮРС. Show all posts

Friday, April 22, 2011

Хятадын нүүрсний бодлого Монголд ашигтай юу?

Хятадын нүүрсний бодлого Монголд ашигтай юу?

Өнөөдөр 7 цаг 53 минут

Дэлхийн нүүрсний геологийн нөөцийг 10,1 их наяд тонн, олборлох техник эдийн засгийн боломжтой нөөцийг 986 тэрбум тонн хэмээн геологичид тогтоожээ. Нүүрснийхээ нөөцөөр АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Австрали улс эхний таван байрт жагсч байна. Харин Монгол газрын хэвлий доорх нүүрсний хэмжээгээрээ дэлхийд 10 дугаарт орж буй. Монгол Улсын нүүрсний нөөцийн хэмжээ 150 тэрбум тонн. Гэхдээ тодорхой батлагдсан тоо биш ч геологийн эрэл хайгуулаар баталгаажаагүй нүүрсний нөөцийн хэмжээ улам өснө хэмээн эрдэмтэд дүгнэдэг.
Монгол Улсыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн гадаадынхан зарлаж байна. Тэд Монголын коксжих нүүрсэнд нүдээ унагаж буйгаа нуухгүй байгаа юм. Монголчуудыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болохоор довтолгох зуур урд хөрш нүүрсний салбартаа шинэчлэлийн ажил өрнүүлж эхэллээ. ӨМӨЗО-ы удирдлагууд нүүрсний жижиг уурхайнуудаа хаах кампанит ажлыг хэдийнэ эхлээд байна. Энэ нь монголчуудад их гүрнүүд идэх хоолоо жоорлож байна уу гэх хардлагыг төрүүлж буй. Монголд нүүрсний шинэ, шинэ төслүүд хэрэгжиж эхлэх үеэр өмнөд хөршийнхөн нүүрсний уурхайнуудаа цэгцлэх бодлого баримтлах болсон нь хар төрөх шалтгаан болж буйг үгүйсгэх аргагүй ч нүүрсний салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын зүгээс үүнд эмзэглэж, өөр нүдээр харах хэрэггүйг зөвлөж байгаа юм.
ӨМӨЗО-ы удирдлагууд нүүрсний уурхай­нуудаа цэгцэлж, хаахаар кампанит ажил өрнүүлэх болсны хамгийн том шалтгаан нь эдийн засгийн үр ашиггүй уурхайнуудаас болж байгаль экологид сөрөг үр дагавар ихээр гарч буй явдал гэнэ. Хөрөнгө оруулалтгүй, мөнгөгүй уурхайн эзэд байгаль орчныг сэргээх үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс нөхөн сэргээлт хийхгүй орхих болсон хийгээд хөдөлмөр хамгааллын нөхцөл хангалтгүй, техник технологийнх нь хуучралаас болоод олон арван хүн уурхайн ослоор амиа алдах болсон зэрэг шалтгаан нь ӨМӨЗО-ы удирдлагуудын зүгээс хатуу арга хэмжээ авахад хүргэсэн аж. Өвөр Монголд өрнөж буй кампанит ажлыг монголчууд хардаж, сэрэмжлэхээсээ илүү бодит боломж болгон харах хэрэгтэй бололтой. Тэдний дээрх кампанит ажил манай улсын эдийн засгийн эерэг боломж болно хэмээн Монголын нүүрсний салбарынхан үзэж байна.
Ялангуяа Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах гүүр болохоо илэрхийлээд буй Тяньжинийн боомтын ойролцоох нүүрсний уурхайнууд хаагдах нь Монголын хэтэвчинд орж ирэх мөнгөний хэмжээг өсгөх хөшүүрэг болж магадгүй аж. Монгол Улс энэ он гарсаар Өвөр Монголтой хиллэдэг боомтуудаар 1.26 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Ганц модны боомтоор БНХАУ руу 803.500 тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оноос 129 хувиар өссөн гэсэн гэсэн үг аж. Түүнчлэн Цэхэ боомтоор экспортолсон нүүрсний хэмжээ 22.28 хувиар өсч, 443.200 тонн болсон байна. Харин Эрээн хотын боомтоор 16.500 тонн нүүрсийг экспортолсон байна.
Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт жагсах Тавантолгойн үүцээ задлах бэлтгэл ажлаа монголчуудыг базаахтай зэрэгцэн Хятадын Шанси мужид 100 тэрбумын нөөцтэй шинэ орд нээгдээд буй. Уг ордын нөөцийн хэмжээг Монголын иргэн бүрийг саятан болгох Тавантолгойн нөөцтэй харьцуулбал хамаагүй их буюу 20 дахин илүү. Мөрний загасыг далайн халимтай жиших мэт Хятад, Монголын нүүрсний хоёр ордын хувьд хамгийн чухал нь коксжих нүүрснийх нь чанар. Шансийн ордын нүүрсний чанар Монголын Тавантолгойн ордоос олборлох коксжих нүүрсийг гүйцэхгүй гэсэн найдлагыг манай нүүрсний салбарынхан тавьж буй юм.
АНУ-ын эрчим хүчний яамны дэргэдэх Эрчим хүчний мэдээллийн агентлагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй, тэр тусмаа Ази-Номхон далайн орнууд нүүрс ихээр ашиглах төлөвтэй байгаа аж. Ялангуяа эдийн засгийн хурдтай өсөлтийн жишээг үзүүлж буй Хятад, Энэтхэгийн нүүрсний хэрэглээ их хэмжээгээр нэмэгдэх бол Европ, Хойд Америкийн хөгжингүй орнууд өөрсдийн нүүрсний хэрэглээгээ аль болох хязгаарлах бодлого барих хандлагатай байгаа гэнэ. Азийн орнуудын цахилгааны хэрэгцээг хангах хамгийн том эх үүсвэр нь нүүрс байх бөгөөд энэ эрэлт нь ойрын 40 жил хүртэл үргэлжлэх тул монголчууд энэ боломжийг алдаж болохгүй нь бололтой. Айдас, түгшүүр, хардлагатайгаа хамт нүүрсээ хав дарах нь “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх”-тэй адилхан болох биз. Ховорхон тохиох боломжийг хэр овжин ашиглах, нүүрсний салбарт өрнүүлэх Хятад бодлогоос Монгол хожих уу, хожигдох уу гэдэг нь зөвхөн биднээс өөрсдөөс маань хамаарах дэг.
Ж.ЭРХЭС

МГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг: 10 хувь нэмсэн ч алдагдалтай ажиллана

Огноо: 2011-04-18



Холбоотой мэдээ

Эрчим хүчний болоод экспортын нүүрсний талаар АМГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуягтай ярилцлаа.


Төрийн бодлого тов тодорхой байх ёстой


- Экспортын нүүрсний талаар гол төлөв яриад байдаг. Гэтэл дотоодын эрчим хүчний нүүрсний хангамжийн асуудал хүнд хэвээрээ л байна. Ирэх сард эрчим хүчний, дулааны үнэ нэмэгдэх нь. Нөгөө талд уурхайнууд үнэ чөлөөлөх ёстой гэдгээ хэлээд байдаг. Нүүрсний үнийг нэмдэггүй, хөдөлгөдөггүй энэ эрүүл бус байдлыг өөрчлөх цаг хэдийнэ болсон биз дээ?

- Нүүрсний аж үйлдвэрийн салбар гурван үндсэн чиглэлтэй. Нэн тэргүүнд тавигддаг үндсэн үүрэг нь улс орныхоо дотоодын эрчим хүч, дулааны эх үүсвэрийг бүрэн хангаж, гал голомтыг нь найдвартай бадруулж явах. Дараа нь экспортод гаргах. Мөн нүүрсээ боловсруулж, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд халгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн болгож хэрэглээнд нэвтрүүлэх үндсэн чиглэлүүдтэй. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж буй нь энэ салбарыг хөгжөөд байгаа юм шиг харагдуулж байна. Зүй нь улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн эх үүсвэр болж ирсэн эрчим хүчний нүүрсний хангамж өнөөдөр ямар байна вэ гэдэгт онцгой анхаарал хандуулах ёстой. Эрчим хүчний нүүрсний хангамжийн уурхайнууд 2009-2010 оны өвлийг нэлээн хүнд байдалтай давсан. 2010-2011 оны өвлийг харьцангуй гайгүй давсан юм шиг харагдаж байна. Уурхайнуудад өгсөн татаас, өрийн сүлжээг тодорхой хувиар бууруулах, хөнгөлөх, тэглэх, гэхчлэн төр засгаас авч буй арга хэмжээнүүд нөлөөллөө. Тэрчлэн Багануур, Шивээ овоо, Шарын гол, Адуунчулууны уурхай, мөн орон нутгийн уурхайнууд урдаа тавьсан зорилгоо амжилттай биелүүлж өвлийг давлаа. Одоо хавар болохоор дахиад өвөл болохгүй юм шиг гол асуудлаасаа холдоод, ярьдаг сэдэв нь л экспортын нүүрс болчихоод хошуураад байгаа нь үнэн.

http://www.shuud.mn/images/editor_upload/bolrooAMGazariihan-%2814%29.jpg

Бид энэ их нөөцтэй байж төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээрээ найдвартай хангах тал дээр улам анхаарч, ажиллах хэрэгтэй. Монгол улс зах зээлд шилжээд 21 дэхь жилдээ явж байгаа ч, нүүрсний салбар чөлөөт зах зээлийнхээ утга руу бүрэн ороогүй. Төрийн зохицуулалттай яваад байдаг. Ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх үүднээс төр зохицуулаад байдаг. Гэтэл цаагуураа асар том аюул бий. Улаанбаатар хотын иргэдийн тал хувь нь өвөл, бүтэн өдрийн турш гэрэлгүй байя гэж бодоод үз. Тэгвэл юу болох вэ. Тиймээс онцгой анхаарлын төвд байх ч ёстой, байгаа асуудал бол Эрчим хүчний нүүрсний хангамж. ЭХЗГ-аас цахилгаан, дулааны үнэ нэмлээ гээд зарлачихлаа. Харин эрчим хүчний нүүрсний үнийг энэ удаа нэмсэнгүй. Зүй нь, заавал нэмэгдэх ёстой юм.

- Уурхайн удирдлагууд үнээ ингээд нэмчихвэл алдагдалгүй ажиллах гээд байнаа гээд тооцоогоо хийгээд, саналаа оруулаад ирдэг шүү дээ. Гол нь тэр санал цаасан дээрээ л үлддэг. Одоо нэмсэн ч 10 хувиар л нэмнэ гэсэн зүйл яригдаж байна?
- Энэ их танасан, хамгийн бага тоо шүү дээ. 10 хувь нэмэгдэж магадгүй л гээд байгаа. Төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ овоо, Шарын гол гэсэн гурван уурхай дээр яръя л даа. Багануурын уурхай гэхэд, өнөөдөр тус уурхайгаас станцад нийлүүлж байгаа нэг тонн нүүрсний борлуулалтын үнэ нь 18.200 төгрөг. Гэтэл Багануур нэг тонн нүүрсийг олборлоод гаргаж ирж байгаа өөрийнх нь өртөг 21.300 төгрөг байна. Тэгэхээр Багануурын уурхай нэг тонн нүүрс тутамд 3100 төгрөгийн алдагдалтай үйлдвэрлэл явуулж байна. Ингэж алдагдалтай ажиллаж байгаа нүүрсний уурхайнууд яаж техник, технологидоо шинэчлэл хийх юм бэ. Уурхайчдынхаа нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ. Уурхайн хүчин чадлыг хэвийн хэмжээнд буюу тодорхой хэмжээгээр өсгөн нэмэгдүүлж байх, санхүүгийн эх үүсвэр боломж нь бүгд хаалттай байна шүү дээ. Энэ маш ноцтой асуудал.

- 10 хувь нэмлээ ч алдагдал хүлээсэн хэвээрээ ирэх өвлийг угтах нь ээ?

- Алдагдалтай хэвээрээ л байна. Түр зуур гал унтраах арга гэдэг шиг юм яваад байна. Монгол улсын эдийн засгийн багтаамж асар тэлж байна. Дагаад эрчим хүчний хэрэглээ асар их нэмэгдэнэ. Харин энэ их эрчим хүч үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай нүүрсээр хангаж байх үүргийг Багануур, Шивээ овоо гэсэн төрийн өмчит уурхайнууд хүлээж байна. Тэгэхээр эдгээр уурхайн техник, технологийн шинэчлэлийг, нүүрсний үнийг, хүчин чадлыг яаж үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ гэдэг дээр төр тов тодорхой бодлого барьж, бодитой ажил болгох ёстой. Үгүй бол энэ асуудлууд тулгамдсан хэвээрээ л байна. Манайх Засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч агентлаг боловч, бодлогын төвшний асуудлын талаар бодлого боловсруулагч яамандаа асуудал тавьдаг, тавьж байгаа.

Багануур, Шивээ овоогийн уурхайн хүчин чадлыг ядаж 2025 он хүртэл яаж өсгөж, нэмэгдүүлэх юм. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Техник технологийг нь яаж шинэчлэх вэ. Нүүрс үйлдвэрлэж буй уурхайнуудын нэг тонн нүүрсний өөрийн өртөг нь хэд, хэд болж гарч ирж байх вэ. Нүүрсний нөөц ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрлийн талбайнуудыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхчлэн эдгээр цогц асуудлыг шийддэг техникийн бичиг баримт бол Техник эдийн засгийн үндэслэл. ТЭЗҮ гэж проектыг хийх чиглэлээр Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Гэхдээ салбарын яам, газар, хэлтсүүдийн бодитой оролцоогүйгээр хийгдэхгүй. Монгол улсын төвийн эрчим хүчний системийн 5 ДЦС-ын хүчин чадал цаашид яаж өсөх юм бэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хаана, хэдэн онд, ямар хүчин чадалтайгаар, хэдий хэмжээний нүүрсний хэрэглээтэй байхаар, бүтээн байгуулах юм бэ гэдэг дээр үндэслэж эрчим хүчний нүүрсний хэрэглээний өсөлтийн прогноз гарч ирнэ. Улмаар Багануур, Шивээ овоогийн уурхайн үйл ажиллагааг ямар үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ. 2015, 2020, 2025 он гэхэд хэчнээн сая тонн нүүрс олборлох вэ гэдэг нь тодорхой болох юм.

- 2013 оноос эрчим хүч үйлдвэрлэнэ гэгдэж буй 5 дахь эх үүсвэрийг хэзээ барьж байгуулах нь тодорхойгүй байна. Уурхайнууд энэ хүчин чадлаараа бол шинэ эх үүсвэрийн нүүрсний хэрэгцээг хангаж дийлэхгүй нь байна ?

- Тиймээ. Тэгэхээр Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны бодлого маш тодорхой гарч ирж байж, тэндээс эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийн бодлого, төслүүд уялдаж, дагаж гарч ирэх ёстой. Тиймээс бид үүн дээр хамтарч ажиллах чиглэлээ, Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогоо гарцаагүй тодорхой болгох шаардлагатай.

- Салбарын яаман дээр нүүрсний асуудал хариуцсан 2 мэргэжилтэн байдаг. Бодлого боловсруулахад хүч дутдаг гэдгээ тэд нуудаггүй л дээ. Ер нь та нарын хамтын ажиллагаа хэр вэ?
- Хамтарч ажилладаг. ЭБЭХЯ-нд Түлшний бодлогын газар гэж байдаг. Нүүрсний салбарын асуудал хариуцсан хоёр мэргэжилтний хувьд бодлого боловсруулах хэмжээнд хүн хүчний хүрэлцээ нь хэцүү. Нүүрсний аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед төр засгаас бодлогын төвшинд анхаарч, Нүүрсний газар гэж байгуулах шаардлага гарч ирж байна. Төрийн байгууллагын бүтцийн, хүчин чадлын, дэд бүтцийн асуудлууд бүгд угтаж, уялдаж гарч ирж байдаг. Нүүрсний аж үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжлийн тэсрэлтийн үед бодлогын томоохон чадварлаг бүтэц бүхий Нүүрсний газар, Нүүрсний биржтэй байх хэрэгтэй. Хөгжлийнхөө тодорхой үе шатанд хүрсэний дараа бүтцийг дахиад өөрчилж болно шүү дээ. Тухайн салбарын хөгжлийн үе шаттай уялдуулж, төрийн байгууллагын бүтцийг ямар чиглэл рүү хүч хаях вэ гэдгийг тооцоолж, заримыг нь татан буулгаж, багасгаж уян хатан байх нь чухал байгаа юм.

- Нүүрсний бирж байгуулах цаг болсон гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлээд бас л багагүй хугацаа өнгөрч байна. Экспортын нүүрсний үнийг шударгаар тогтоодог, хэрэглэгч, нийлүүлэгчийг уулзуулах энэ газрыг байгуулахад юу саад болоод байна вэ?

- Тээг саадын учир шалтгааныг мэдэхгүй юм. Хэрэгтэй байна гэдгийг дээр дооргүй л мэдэж, ярьж байгаа. Ямар ч байсан нэг шийд гарах байх. Цаг хугацааны л асуудал гэж бодож байна.


Монгол улс дэлхийн нүүрсний үнийг тодорхойлохуйц том тоглогч болно


http://www.shuud.mn/images/editor_upload/331xAMGazariihan-%2815%29.jpg- Их ярьлаа гэж байгаа ч, экспортын нүүрсний талаар ярихаас яахав. 2015 он гэхэд Монгол улс БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээний 52-60 хувийг хангана гэсэн прогнозыг гадныхан хийгээд байна. Мэдээж Тавантолгойн тухай яриа л даа?
- Монгол улсын нүүрс олон улсын уул уурхайн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудын анхаарлын төвд нэгэнт орчихлоо. Олборлож, экспортлож байгаа нүүрсний хэмжээ. Улсын төсөвт оруулж байгаа орлого. Ашигт малтмалын нийт экспортын бүтээгдэхүүн дотор нүүрсний нэр төрөл нэгдүгээр байранд бичигдээд байгаа зэрэг нь үүний илэрхийлэл. Цаашид ч энэ байр сууриа хадгалах нь ойлгомжтой. Нүүрсний экспортын үйл ажиллагаа, экспортлох нүүрсний боломж, нөөц, хүчин чадлаас хамаарч энэ салбарын хөгжлийн талаар яригдаж байна. Энэ чиглэлээр олон улсын чанартай хурал, зөвлөгөөнүүд ойрын үед боллоо. Coal Mongolia чуулганы дараа Монголын нүүрсний дэд бүтцийн асуудлаар хэлэлцлээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон Asia Mining Congress-д Монголын нүүрсний талаар бүтэн нэг өдрийн сэдэв болгож хуралдлаа шүү дээ. Монгол улсын нүүрсний экспорт одоо зөвхөн Хятад улсыг чиглэж байгаа бол цаашдаа Солонгос, Япон улсууд, Баруун европ руу гаргахаар зорьж байна. Зэх зээлийн өргөн цар хүрээтэй орон зайд бидний тоглох чадвар хэр зэрэг байх вэ гэдэг асуудал байна. Тэрчлэн, Монгол улсын нүүрсний уурхайнуудын экспортлох боломжийн суурилагдсан хүчин чадал одоогоор 60 сая тонн байна. Гэтэл 2010 онд хил давуулсан нүүрсний хэмжээ 16.2 сая тонн л байлаа. Тэгэхээр боломжит хүчин чадлыг ашиглаж чадахгүй байна. Үүнд зам тээвэр, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал нөлөөлж байна. Төмөр зам тавигдаад, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал өргөжөөд ирэхээр нүүрсний экспортын хэмжээ дагаж л өснө. Нэг зүйлийг хэлэхэд бид нүүрсээ түүхийгээр экспортлож байна. Төрөөс дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гаргаж, олон улсын стандартад нийцсэн жишиг үнээр борлуулах бодлого барьж байгаа шүү дээ. Тийм ч учраас нүүрсний уурхайнуудын одоогийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, хянаж үзэхдээ гол нь боловсруулах үйлдвэрийг яаж барих нь вэ.

Ямар хүчин чадлаар ажиллах, ямар бүтээгдэхүүн гаргах, нүүрс баяжуулах, угаах, боловсруулах үйлдвэрийг байгуулах нь вэ гэдгийг цогцоор нь авч үзэж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд үе шаттайгаар шийдэгдэнэ. Зөвхөн цаг хугацааны л асуудал. Тодорхой үе шаттайгаар хагас боловсруулсан, гүйцэд боловсруулсан гэхчлэн нүүрсний бүтээгдэхүүнүүдийг гаргана. Бид цаашдаа түүхий нүүрс бараг гаргахгүй.

Хятад улсын коксжих нүүрсний импортын хэрэглээнд Монгол улсын эзлэх байр суурь улам нэмэгдсээр байна. Ази тивд нүүрсний экспортоороо Австрали, Индонези улсуудын дараа гуравдугаарт Монгол улс орж байгаа шүү дээ. Бидэнд Индонезийг түрүүлж гүйцээд, Австралитай зэрэгцэх, бүр давж гарах боломж бий. Хятад улсын импортын нүүрсний хэрэгцээний тал хувь буюу 50-иас илүү хувийг Монголын нүүрс эзлэх боломж ойрын үед бүрэн байна. Бид өөрсдөө ч, гадаадын шинжээчид ч тодорхой судалгаа, прогноз дээрээс ийм төлөв харагдаж буйг хэлж байна.

- Тэгэхээр Монгол улс дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийг тодорхойлохуйц, том тоглогч болох цаг ойрхон байна гэж болох уу?
- Тэгэлгүй яахав. Монгол улс зөвхөн Хятадын биш дэлхийн нүүрсний экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийг тодорхойлохуйц том тоглогч болж гарч ирэх нь гарцаагүй болчихсон. Бид одоохондоо түүхий нүүрс гаргаж байна. Түүхий учраас үнэ нь хямд байгаа. Цаашид угаагаад, хагас, гүйцэд боловсруулаад гаргахад үнэ нь 2, 3, 4 дахин нэмэгдэнэ. Мөн тээврийн зардлаас хамаарч, нүүрсний үнэ нэмэгддэг.

Өмнөговь дахь нүүрс экспортлогч компаниудаас нэг тонн нүүрсийг хил дээр аваачихад тээврийн зардал нь 19 доллар. Өвөрмонголд аваачихад 25 доллар, Тяньжин далайн боомтод аваачихад 33 доллар. Солонгос, Япон руу очихоор 40-50 доллар болох жишээтэй. Тэгэхээр нэг тонн нүүрсний үнэ боловсруулалтын үе шатнаасаа, тээврийн алслалтаасаа хамаараад янз бүр. Үүнийг ялгаж, салгаж ойлгохгүй. Нэг тонн нүүрсийг 20 доллараар өгөөд байх юм гэж ойлгодог, ярьдаг хандлага байна. Энгийнээр хэлэхэд гурилыг 1, 2 дугаар гурил, дээл гурил гэж ангилдаг. Үнэ тогтоодог шүү дээ. Тэгэхээр нүүрсний ангилал, боловсруулалтаас хамаарч үнэ өөр өөр байна. Тээвэрлэлт алслагдах тусам зардлууд нэмэгдэнэ. Боловсруулалтын үе шатнаас хамаарсан нүүрсний өөрийн үнэ нь байна. Хагас коксжсон, угаасан, баяжуулсан, цэвэр коксжсон гэдгээс хамаарч үнэ нь янз бүр байна.

- Экспортын нүүрсний үнийг тогтоохдоо Хятадын Засгийн газраас тогтоосон үнийг жишиг болгодогт хувийн хэвшлийнхэн сэтгэл дундуур байдаг шүү дээ. Түүхий, тээврийн зардал ороогүй нүүрсний цэвэр үнэ хэд байна вэ?
- Тонн нүүрсний үнэ уурхайн аман дээр 20-30 ам.доллар байгаа бол, хил дээр очиход тээврийн зардал нь нэмэгдээд 50, 60, 70 ам.доллар болох жишээтэй. Хил давахаар мөн үнэ нь нэмэгдээд явчихна. Гол нь бид түүхий нүүрсээ экспортлож байгаа учраас үнэ нь харьцангуй доогуур байна шүү дээ.

Тиймээс түүхий нүүрсний экспортоос аажимаар татгалзаж, бүр цэглэнэ. Нүүрсээ угаана, баяжуулна, хагас болон бүрэн коксжуулах бүх ажлыг төрийн бодлогоор хийгээд явна. 2020, 2025 он гэхэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн олон улсад экспортлогч улс болох зорилготой байна.

- Боомтуудыг 24 цагийн горимд шилжүүлсэн. Гэхдээ энэ нь нэг зах зээл рүү чиглэсэн арга хэмжээ л дээ. Шинэ төмөр зам баригдахаар боомтын нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой, шийдэх ёстой шинэ асуудлууд мэдээж үүснэ.
- Засгийн газрын тогтоол гарч, боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тодорхой үе шаттай ажлууд хийгдэж байна.

Ер нь нүүрсний үйлдвэрлэлийн асуудал гэхээсээ улс орны геополитикийн асуудал. Тиймээс тэнцвэржилт заавал байх ёстой. Одоо бол зам хаашаа байна. Тийшээ л явж байна. Зөвхөн Хятад руу тээвэрлэж байна. Гэхдээ ОХУ-аар дамжин усан боомтуудад хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын магистрал шугамууд нэгэнтээ батлагдчихсан. Хоёр хөршөөрөө дамжсан хоёр гарцтай байх нь төмөр замын бүтээн байгуулалт хэр хурдацтай явахаас л шалтгаалах болоод байна. Хоёр тийшээгээ гарцтай байх нь, нэг талын эрсдэлийг нөгөө тал нь нөхөж байх, тэнцвэржүүлэх, тогтвортой байхад маш чухал. Мэдээж бодлогын хувьд хэрэгжээд эхэлчихсэн учраас бодитой ажил болно шүү дээ.

Хойд хөрштэй тээврийн тарифын асуудал дээр бүрэн тохиролцох шаардлага байна. Тэгж байж ашиг олно шүү дээ.

Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийн асуудал дээр урьдчилан тохиролцсон байгаа. Тиймээс бодитой ажил болно гэж үзэж байна.

- Монголын нүүрсийг Тяньжиний боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах талаар ярьж байна. Нүүрс экспортлогчид Тяньжинд чуулахдаа юу амжуулсан бэ?
- Тяньжиний тал манай улсад тодорхой хэмжээний талбайг хуваарилж өгсөн. Монгол улс түрээслэж байна гэсэн үг л дээ. Бид тэр талбайдаа нүүрсээ аваачиж, тэндээсээ борлуулалт хийх боломжтой. Тиймээс Тяньжин хүртэлх тээвэрлэлтийн асуудлаа ярьж байна. Энэ талаар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.

- Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлоход бэлэн гэж байна. Цаашид энэ ордыг түшиглэж, нэг бүр нь жилд 15 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурван том уурхай байгуулна гэж байна. Хэрэв бодитой ажил болвол манай улс жилд 100 сая тонн давсан нүүрс гаргах нь ээ?
- Манай улс цаашдаа жилд 100 сая, 200 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бий. Дэлхийд импортын нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг 5 орны 4 нь ази тивд байж байна. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг орнууд шүү дээ. Тэгэхээр ийм том 4 зах зээл байж байхад манай нүүрс асар их эрэлт хэрэгцээтэй байгаа нь ойлгомжтой.

Угааж, баяжуулна гэж ярихтай зэрэгцээд усны боломж хэр вэ гэдгийг гол анхаарах ёстой болоод байна. Ер нь ус бага шаарддаг технологи олон улсад шинээр нэвтэрч байна уу?
Аль болох бага ус хэрэглэх, дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг л бид ашиглах ёстой. Одоогийн судлагдсан төвшинд гүний усны нөөцөө ашиглана. Цаашдаа хуурай боловсруулалтын технологи нэвтрүүлэх. Мөн үйлдвэрт ашигласан усыг дахин ашиглах усны нөөцийн эргэлтийг бий болгох маягаар ажиллана.

Нүүрсийг угааж, боловсруулах өндөр технологиуд Герман, Америк, Австрали гэхчлэн нүүрс хэрэглэгч хөгжилтэй орнуудад бүгдэд нь л байж байна. Хятад улс ч нүүрсийг угааж, баяжуулах, боловсруулах чиглэлийн сайн технологиудтай байна. Тэгэхээр бид зах зээлийн зарчимаар л судалж, сонголт шийдэл гаргана.

- Оператор компаниар заавал гадаадын компанийг сонгох шаардлагагүй. Ер нь дэлхийд тийм жишиг байхаа больсон гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг. Нүүрсний, уул уурхайн салбарын инженер хүний хувьд таны байр суурь ямар байна вэ?
- Нэг л зүйлийг хэлнэ. Тавантолгой ордыг Монголчууд өөрсдөө л ашиглах ёстой. Бид өөрсдөө чадсаар байтал, заавал гадаадынханд өгөх гээд байдаг нь ямар учиртай юм бэ гэсэн хандлага байна л даа. Гэтэл энд маш олон хүчин зүйл байна. Дэлхийн төвшинд гаргаж ирнэ гэдэг зөвхөн Монгол улсаас хамаарахгүй байгаа шүү дээ. Нөгөө геополитикийн асуудал. Олон улсын тавцан дахь Монгол улсын харилцааны эрсдэл, тэнцвэржилт гэхчлэн анхаарах олон зүйл байгаа учраас, бид гадаадын томоохон мэргэжлийн компаниудыг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Нүүрсээ зайлшгүй хоёр хөршөөрөө дамжуулж, гадаад зах зээлд гаргана. Тэгэхээр энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр хөршийн оролцоо байх хэрэгтэй. Мөн Азийн эдийн засгийн хөгжлийн том түшиц Япон, Солонгос орнууд, мэдээж Америкийн том хүчтэй компаниудын оролцоо заавал байх шаардлагатай. Монгол улсын хөгжлийн төвшин, эдийн засгийн чадавхи, геополитикийн асуудал бүгдийг нь тооцоолж, хандахаас өөр аргагүй юм.

Монголоос импортлох нүүрс нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойгоос нүүрс тээвэрлэхийг хэсэг хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэгвэл саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аюулгүй байдлын хянан шалгах газраас мэдээлэл гаргажээ. Тэнд дурдсанаар ӨМӨЗО-нд энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсаас хоёр сая 920 мянган тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өнгөрсөн 2010 оны мөн үеийнхээс 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Ерөнхий дүнгээрээ боомт тус бүрийн үзүүлэлт өөр өөр байгаа юм. Өвөрмонголын Ганц мод боомтоор импортолсон нүүрсний хэмжээ нэг сая 265 мянганд тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 131,8 хувиар нэмэгджээ. Харин Цэгээ боомтоор импортолсон нүүрс нэг сая 265 мянган тонн хүрч 7,5 хувиар буурсан бөгөөд Эрээн боомтоор оруулсан нүүрс 28 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 73,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Friday, April 15, 2011

Монгол- Хятадын хил дээр нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна

ятадын “Shenhua Energy” компани Монгол-Хятадын хилийн ойролцоо Монголын импортын нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулахаар боллоо. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Ganqimaodu дахь боловсруулах үйлдвэрийн төсөл хэдийн эхэлсэн гэнэ.

Ganqimaodu нь Хятадын хил дээрх эрчим хүч импортлох гол гарц юм. Өнгөрсөн жил хилийн энэ бүсээр 7.71 сая тонн нүүрс Хятад руу импортолжээ. Гаалийн статистик судалгаанаас харахад Ganqimaodu –аар дамжуулан тээвэрлэж буй боловсруулаагүй нүүрсний импорт жил ирэх тусам 131.8 хувиар өсч, энэ оны эхний улирлын байдлаар 1.6 сая тонн боловсруулаагүй нүүрс Монголоос Хятад руу импортолсон байна. “Shenhua” компани жилд зургаан сая тонн нүүрс угаах, 2.4 сая тонн нүүрс коксжуулах, 4.8 сая метанол, 30 мянган тонн замын хар үйлдвэрлэх хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг 2012 он ашиглалтад оруулах гэнэ.


Н.Энх

Wednesday, April 13, 2011

БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээний 52 хувийг МОНГОЛ дангаар хангана

Эл прогноз 2015 он гэхэд хэ­дийнэ биеллээ олоод эхэлчихсэн байх гэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоо уул уурхайн олбор­лолт, судалгааны ажлаа эхлүүлсэн төслүүдийн хүчин чадал, ирээдүйд анализ хийсэн олон улсын бай­гуул­лага ийнхүү таамаг дэвшүүлж, улмаар энэ сарын 4-8-ны өдрүүдэд Сингапурт үргэлжилсэн Asia Mining Congress буюу Азийн уул уурхайн нөлөө бүхий хурлын үеэр нэлээд­гүй шуугиан дэгдээв. Учир гэвээс коксжих нүүрсний хэрэглээгээрээ "Ёроолгүй сав" гэж тодорхой­логд­дог БНХАУ өдгөө импортын нөөцөө дэлхийн 10 гаруй улсаас хангаж буй. Харин ирэх жилүүдэд тав, зургаан улс нийлж байж ханга­даг коксжих нүүрсний импортынх нь 60 орчим хувийг Монгол дангаар нийлүүлэх юм. Гэхдээ 52 буюу түүнээс дээш гэж давтан тодор­хойлсныг энд мөн дахин өгүүлье. Тиймдээ ч Asia Mining Congress-т оролцож буй Монгол Улсад төсөл­тэй компаниудын танилцуулгад олон улсын бизнесмэнүүд нэлээд анхаарал хандуулж, бүтэн нэг өдрийг Монгол Улс дахь уул уур­хайн үйлдвэрлэлийн талаар сонс­гол хийж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд зориулсан юм.

2011 онд зэсийн үнэ тонн тутам­даа 10 мянган ам.долларт хүрч, түүхий эдийн зах зээлд рекорд эвдэх гэнэ. Эл мэдэгдлийг БНХАУ-ын уул уурхайн салбарыг өнгөлөгч "Чайналко" компанийн Хөнгөн цагааны үйлдвэрлэл эрхэлсэн корпорацийн захирал ноён Лью Сианмин Asia Mining Congress буюу Азийн уул уурхайн нөлөө бүхий хурлын индэр дээрээс зоригтой гэгч нь мэдэгдлээ.

Д
элхийн гангийн зах зээл БНХАУ, Энэтхэгийн үйлдвэрлэл, худалдаагүйгээр өнгөрсөн таван жилийн хугацаанд өсөлттэй гарч чадахгүй байсныг Энэтхэгийн Үндэс­ний эрдэс баялгийн хөгж­лийн корпорацийн тэргүүн ноён Рана Сом бахархалтайгаар хэлж байна. Тэгвэл төмрийн хүдрийн ханш ойрын таван жилд тогтмол буурна гэх зарим мэдэгдлийг Авст­ралийн ANZ группын салбар ха­риуцсан захирал Вай Мун Лум мөн л Asia Mining Congress-ийн индэр дээрээс няцаалаа. Байга­лийн гамш­гийн хүнд хэцүү үед сэтгэл санаа болоод эд материа­лын туслалцаа үзүүлсэн олон улсын хөрөнгө оруулагч түншүүд болон уур уурхайн салбарт хамт­ран ажил­лаж буй, цаашид хамтрах олон арван бизнесийнхэнд Японы эрчим хүч, нүүрс үйлдвэрлэлийн "Kobe Steel" компанийн төлөөлөл гүн талархал илэрхийллээ. "Мон­гол Улсын хөрөнгө оруулалтын орчин маш таатай" гэж манайд зэс, молибдений төсөл хэрэгжүүлдэг "Эрдэнэ Ресурс" компанийн ерөн­хийлөгч Петер Акерлэй тунхаглав. Гэвч тэрбээр яриагаа "Гэхдээ" гэж үргэлжлүүлсэн юм. Энэ бүгд Asia Mining Congress долоо дахь удаа­гийн хурлын индэр дээрээс Ази тив болоод дэлхий нийтэд хандсан олон арван дуу хоолойн нэг хэсэг.