Showing posts with label АЙЛЧЛАЛ. Show all posts
Showing posts with label АЙЛЧЛАЛ. Show all posts

Wednesday, June 8, 2011

Таван зуун саяын зээл, Тавантолгой, шатахуун

Таван зуун саяын зээл, Тавантолгой, шатахуун

12 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 12-ноос БНХАУ-д айлчлах гэж байна. Мөнхийн хоёр хөршийндөө төр, засгийн тэргүүний өндөр дээд хэмжээний айлчлалыг ойрхон давтамжтай хийдэг болсны нэг нь энэ юм. Айлчлалтай холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун өчигдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзжээ. Айлчлах үеийн нарийн ширийн асуудал хөндсөн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Ямар боловч энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалаар өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үед яригдсан БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх нь тодорхой боллоо. Уг асуудлыг өчигдөр орой УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “бусад асуудал” гэсэн хэсэгт багтаан хэлэлцсэн юм. Гишүүд уг асуудал гэнэт орж ирсэн гэж байснаас харвал айлчлалын төлөвлөгөөний чухал нэг хэсэг энэ бололтой. Уг хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нд ноён Вень Зябаогийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар харилцан тохиролцсон юм.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал­даанаар хэлэлцсэнэс үзвэл. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн га­зарт олгох 500 сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээлийн 200 саяыг хөдөө аж ахуйд, 300 саяыг дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж төслийг санхүүжүүлэхээр болжээ. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй, жилийн хоёр хувийн хүүтэй, хүүг өдөр бүрээр тооцно гэдгийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулж байв.

Харин өнөөдөр уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хэлэлцүүлгээс харвал дэд бүтцийн салбарт зарцуулах хэсгээс заримыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах зорилгоор ашиглах ажээ. Хөрөнгийг төмөр замын гарам дээгүүр тавих гүүрэн гарц барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Гүүрэн гарц барихгүйгээр нийслэлийн авто замын түгжрэлийг багасгаж чадахгүй хэмээн үзжээ. Хөдөө аж ахуйн салбарт зарцуулах 200 сая ам.долларыг Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар болжээ. Ингээд байнгын хороод БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн га­зарт олгох 500 сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд бай­гуулах ерөнхий хэлэлцээрийн төс­лийг зарчмын хувьд дэмжив. Энэ удаад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын амласан энэ хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах нь чухал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа аж.

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн 2003 онд амласан 300 сая ам,долларын хөнгөлөлттэй зээлийг одоо болтол аваагүй байгаа шиг байдлыг давтахгүйг энэ удаа хичээж буй аж. Урт настай 300 сая ам.долларыг баруун бүсийн авто зам, орон сууцны хороолол барих, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээ шинэчлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр уг асуудлыг УИХ нэгэнтээ сөхөж хэлэлцсэн ч дахиад л чимээгүй болсон. Хэрэгжүүлэх чиглэл ч хэдэнтээ өөрчлөгдсөн.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар мэдээж Тавантолгойн ордын ашиглалтын асуудал сөхөгдөнө. Хоёр хөрш орны байнгын сонирхол үүн дээр огтлолцоод байгаа. Мэдээжээр Ерөнхий сайд хомсдолд ороод буй шатахууны сэдвээ хөндөж таарна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт саяхан урд хөршид айлчлаад ирсэн. Тэгэхдээ эхний ээлжинд 3000 тонн түлшний гэрээ хийсэн. Ачигдаж байгаа талаар мэдээлэл өгөөд байгаа. Дээр нь нэмж 7000 тоннын гэрээ хийхээр компаниудтай ярьсан байна. Цаашдаа сар тутам 10 мянган тонн шатахуун авахаар үндсэндээ тохирсон талаар сайд ярьж байв. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал дахин сөхөгдөх нь ойлгомжтой. Ийнхүү таван зуун сая ам.долларын зээл, Тавантолгой, шатахууны асуудлыг хөндсөн айлчлал удахгүй эхлэх гэж байна. Өөр бусад халуун с эдэв ч айлчлалаар хөндөгдөх нь гарцаагүй.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ сэдвээр: Тавантолгой
Үнэлэх: Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл:0
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Monday, June 6, 2011

Орос дүүжлүүр

Орос дүүжлүүр

7 цаг 17 минутын өмнө

Монголыг дүүжлэх Орос дэгээ маш хялбархан. Шатахууныхаа экспортыг хэд хоног зогсооход л Монголд бүх зүйл хямарчихдаг. Өмнө нь ч тийм байсан, одоо ч байдал хэвээр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дизель түлшний нийлүүлэлтээ хязгаарласнаар нийтийн тээвэр, төмөр замын ачаа эргэлт гацаж, газар тариалан, уул уурхайн салбар зогсоход хүрээд байна.

Нөгөөтэйгүүр энэ нөхцөл байдал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж буй айлчлалтай давхцаж байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, ажиглагчид асуудлыг олон талаас харж, дүгнэж байна.

Технологийн шинэчлэл гэв үү?

Дизель түлшний тухай Оросын сайтууд янз бүрийн мэдээлэл цацжээ. Түүнээс үзэхэд Орос шатахууныхаа технологийг сайжруулах шаардлага тулгарсан. Тухайлбал, А-95 юм уу, А-96 гэх мэт өндөр үзүүлэлттэй шатахуун үйлдвэрлэх бөгөөд технологийн горимоо шинэчилнэ. Одоогоор Монгол мэтийн улс Оросоос шатахуун худалдаж авдаг бөгөөд түүнийг хэрэглэсэн орчин үеийн ямар ч машин техник эвдэрнэ гэсэн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, байгальд хортой, утаа их гардаг шатахууныг манайхаас өөр улс орон авдаггүй болж таарлаа. Нөгөөтэйгүүр Хятад, Германд хэрэглэгдэж буй шатахуунтай харьцуулахад Орос шатахуун шар өнгөтэй, хурц үнэртэй, хэрэглэхэд утаа их гаргадаг нь дээрх мэдээллийг баталж байна гэж үзэж болох юм.

Иймээс Оросууд шатахууны нөөц үйлдвэрлэхээсээ илүү технологио шинэчлэхэд анхаарч байна. Оросын гарыг харж суудаг Монголчууд яах вэ гэсэн асуулт тулгарч байна.

Албан ёсны мэдээллээс үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путинтэй уулзсан. Тэрээр нефть хангамжийн асуудалд онцгой анхаарахаа амласан тухай төрийн тэргүүний вэб сайтад сүртэй мэдээлжээ. Лавлаад уншвал асуудлыг зохицуулахаар ярилцана гэснээс бус тодорхой ажил хэрэг эхлүүлэх талаар дорвитой шийдвэр гаргасан зүйл алга.

Арав, хорин жилийн өмнө Ерөнхийлөгч Н.Багадбанди, Н.Энхбаяр нарын үед яригдаж, бараг Орос яваад ирсэн сайд, дарга нарын амны уншлага болсон, тухайлбал одоогийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү салбарын сайдаар ажиллаж байхдаа "Би Орост очоод төмөр замын асуудлыг шийдчихсэн" хэмээн ярьж байсан Монгол-Оросын хамтарсан төмөр замын асуудлыг шийдвэрлэх, эзэмшигч талуудын 50:50 хувийн харьцааг өөрчлөн Монголчуудад ашигтай болгох тухай Ц.Элбэгдоржийн айлчлалаар дахиад л ямар ч үр дүнгүй нуршжээ.

Оросын зарим вэб сайтад Монголын Ерөнхийлөгч түлш гуйхаар айлчлал хийсэн мэтээр дооглосон, шоглосон утгатай мэдээллүүд гарсан бол үнэндээ улс орны хэмжээнд шийдсэн юмгүй, ширээний ард шинээр ярьсан зүйлгүй, баахан дүр үзүүлж ганзага хоосон ирсэн нь вэб сайт дахь албан мэдээллүүд баталж байна.

Дизель түлшний хязгаарлалт ба Тавантолгой дахь Оросуудын сонирхол

Оросууд Тавантолгойд илэрхийлсэн ашиг сонирхлоо барьцтай болгохын тулд дизель түлшинд хязгаарлалт хийж байна гэж зарим нь ярьж, бичиж байна. Байж болох л хувилбар. Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр Тавантолгойн асуудлаар тодорхой зүйл яригдаагүйг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

Оросууд Тавантолгойд эртнээс сонирхлоо илэрхийлсэн. Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглахад биш гэхэд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулж тээвэрлэлт хийхэд оролцох талаар саналаа ирүүлж байсан юм.

Ерөнхий сайд асан С.Баярын үеэс Тавантолгойн асуудал яригдаж, Оросууд анхаарч эхэлсэн нь нууц биш. 2009 онд Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй уулзахдаа стратегийн ордуудыг ашиглахад хоёр тал хамтран ажиллах талаар ярьсан байдаг. Үүнд Тавантолгойн асуудал багтсан гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын дараа Оросын хэвлэлүүд "Ноён С.Баяр шиг бие нь муудахгүй байгаасай гэж найдъя" хэмээн бичиж байв. Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэдэг асуулт дахиад л гарна.

Тавантолгойд сонирхлоо илэрхийлсэн оросуудыг манайхан шуудхан хэлэхэд хулхидаж ирснээс асуудал үүссэн нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Үүнээс үүдэн дэгээтэй, орос маягийн дүүжлүүртэй сууж байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээс үүдсэн хятад дэгээ ч бас өмнө бий. Энэ удаагийн Орос дүүжлүүр Монголчуудад эмзэг бөгөөд хүнд тусч байна.

Ч.Үл-Олдох