Showing posts with label ОЮУТОЛГОЙ ОРД. Show all posts
Showing posts with label ОЮУТОЛГОЙ ОРД. Show all posts

Wednesday, June 8, 2011

“Оюу толгой” ХХК-аас 100 сая долларыг өнөөдөр Монголын талд шилжүүлжээ

“Оюу толгой” ХХК-аас 100 сая долларыг өнөөдөр Монголын талд шилжүүлжээ

2011 оны 6-р сарын 7

Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсан Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад Хөрөнгө оруулалтын гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг Засгийн газарт даалгасан байдаг. Дээрх тогтоолд заасан зарчим, удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед, Айвенхоу Майнз Лимитед корпораци, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагчаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар тохиролцсон.

Урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар заасны дагуу 2009 оны 10 дугаар сард эхний 100.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулагчаас хүлээн авсан. Мөн 2 дахь урьдчилгаа төлбөр болох 50.0 сая ам.долларыг нь 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсан билээ.

Үлдсэн урьдчилгаа төлбөрийн харилцааг зохицуулах зорилгоор УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газраас 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 164 тоот тогтоолоор “Оюу Толгой” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээг байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.

Үүний дагуу өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Сангийн яаман дээр болж Сангийн сайд С.Баярцогт, “Оюу толгой” ХХК-ны ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон Мак Рэй нар гэрээг эцэслэн байгуулж гарын үсэг зурлаа. Ийнхүү гэрээг байгуулсанаар “Оюу толгой” ХХК-аас 100 сая долларыг өнөөдөр Монголын талд шилжүүлж байгаа аж.

Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хийгдэж байгаа сүүлийн 150 сая ам.долларын төлбөр нь энэхүү “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ээр зохицуулагдах юм. Гэрээний дээрх нийт 150.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлөх ба урьдчилгаа төлбөрийг, хүүгийн хамтаар Хөрөнгө оруулагчийн татвараас 5 жилийн дотор суутган тооцож барагдуулах билээ.

Ч.Хүслэн

34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй

34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй

Өнөөдөр 12 цаг 49 минут


С.Баярцогт: Монголын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй

Төрийн ордонд өнөөдөр 11.00 цагаас “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлт болон Хөрөнгө оруулагч талуудын хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон юм. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийсний үр дүнд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

Хөрөнгө оруулалтын гэрээний тал “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж, бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцлоо.

Хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн нэрийн өмнөөс “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Эндрью Хардинг гарын үсэг зурсан юм.

“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, “Оюутолгой” ХХК-ийг төлөөлж Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй, “Айвенхоу Оюутолгой” (БиВиАй) Лтд-ийг төлөөлж Хууль, эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Нидерланд БиВи”ийг төлөөлж Бизнес хөгжил хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэм Риггал нар гарын үсэг зурлаа. Үүний дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Л.Гансүх нар, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн нэрийн өмнөөс “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Эндрью Хардинг, Сангийн сайд С.Баярцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсноор Монголын тал “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү үр ашигтай байдлаар шийдвэрлэх зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ Засгийн газрын ажлын хэсгийн төвшинд эрчимтэй хийгдлээ. Өнгөрсөн таван сарын хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүнг товч танилцуулъя.

“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

  • Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээний хувьд, Төслийн хүрээнд хийх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь дээр нэмэх нь АНУ-ын инфляц байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5%-иар тооцохоор боллоо. 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн энэ тохиролцоог мөрдөх юм.
  • Монголын талын санхүүжилт хийх эрхийн хувьд, Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй боллоо.
  • Санхүүжилтийн эрсдлээс хамгаалах хувилбар /Funding hedging options/-ын хувьд Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэв Лондонгийн банк хоорондох зээлийн хүү компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авах мөн санхүүжилт болон зээлийн хүүгээ долоон жил тутам дахин судалж хэлэлцэхээр болов.
  • Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглах заалтыг нэмж тусгалаа.
  • Монголын талын эзэмшлийн 34 буурахгүй байхыг нэг мөр баталгаатай болголоо. Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байх асуудлыг өмнө нь гэрээнд тусгасан байсан. Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Монголын талын хувь эзэмшил 34 хувийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байх асуудлыг гэрээний төсөлд холбогдох заалтуудаар давхар баталгаажууллаа.
  • Давуу эрхийн хувьцааны хувьд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан давууэрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо.

Хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд гарын үсэг зурлаа.

Үүнд, Хөрөнгө оруулалтын гэрээний тал “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцсон. “РИо Тинто” компани Монгол Улсад хийсэн энэ томоохон төсөлд страгтегтйн хөрөнгө оруулагч болж орж ирж төслийн оператор компанийн хувьд байр сууриа цаашид хадгална гэсэн ийм гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэж хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн хөрөнгө оруулагч талууд хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажууллаа гэлээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Эндрью Хардинг:

-Өнөөдөр Рио Тинто компанийг төлөөлөн чухал гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. Дэлхийн санхүүгийн хямралын явцад бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байсан бол өнөөдөр зах зээлийн илүү таатай нөхцөл байдалд гэрээний нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурж байна. Шилжилтийн үйл явцад Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж өнөөдрийн ийм үр дүнд хүрсэндээ бид ч баяртай байна.

Сангийн сайд С.Баярцогт:


-2009 оны аравдугаар сарын 6-нд бид нар Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн, Урьдчилгаа төлбөрийн гэсэн гурван гэрээнд гарын үсэг зурсан. Одоо Хөрөнгө оруулагч талуудын хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээтэй нийлээд дөрвөн гэрээ болж байна. Урьдчилгаа төлбөрийн гэрээгээр “Оюутолгой” үүргээ гүйцэтгэсэн. Одоо Засгийн газар үүрэг хүлээж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр хамгийн гол яригдаж байсан зүйл бол Монголын талын 34 хувь давуу эрхийн хувьцаа гаргаснаас болж буурч магадгүй гэсэн маш их маргаан дагуулсан. Тэгвэл Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилт дотроос давуу эрхийн хувьцаатай холбоотой заалтыг бүгдийг авлаа. Одоо тэгэхээр 34 хувийн талаар ямар ч маргаан гарахгүй, ямар ч тохиолдолд буурахгүй. Үүнийг гурваас дөрвөн газар баталгаажуулж баталж гарын үсэг зурлаа. Монголчуудын хамгийн их эргэлзээ дагуулсан асуудал нэг мөр шийдэгдлээ. Гэрээг хямралын үед баталсан учраас санхүүжилтийн өртөг өндөр байсан. Өнөөдөр эдийн засгийн тааламжтай нөхцөл бий болж байгаа үед санхүүжилтээ хамгийн бололцоотой нөхцөлд авчирсан тохироог талууд ойлголцож хийлээ. Хоёр тал үүргээ цаг хугацаанд нь биелүүлээд явах юм бол Оюутолгойн үйлдвэрлэл 2012 оны сүүлээр ашиглалтад орж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. Үүгээр гарын үсэг зурах ёслол өндөрлөв.

Д.ОЮУНЦЭЦ 2011,0608

Wednesday, May 18, 2011

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ТУН ТААРУУ БОЛСОН

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ТУН ТААРУУ БОЛСОН 2011 оны 5 сарын 16 Бүгд найрамдах Гвинэй улс гэж бий. Баруун Африкт. Конакри нийслэлтэй Гвинэй ч гэдэг. Учир нь хажууд нь Биссау нийслэлтэй Гвинэй гэж бий. Тэр байтугай Азид Папуа Гвинэй хүртэл бий. Бөөн гвинэйчүүд. Конакрийн Гвинэй Африктаа хамгийн анх тусгаар тогтносон. Бандунгийн бага хуралд оролцсон Сэкю Тюрье гэгч тэндэхийн нэг хөөрхөн хар Жоу Эньлай, Нэрү, Сукарно нараас империализмын эсрэг, социализмын тухай олон зүйл сурч очоод анхны ерөнхийлөгч нь болсон юм. Кремлийн ганц хайртай үлгэр жишээ хүү болсон юм даа. Хар Африкт социализм байгуулаад унасан. Капитализм алгасдаг гээд Монголоос бөөн үлгэр жишээ авч байсан юмдаг. Манайхан ч тэнд элчин сайдын яамаа байгуулаад л зөвлөлтийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэж явлаа. Одоохон наадуулынхаа үхэр малыг хурааж аваад нэгдэл хамтрал байгуул гэсэн зөвлөлгөө ч Улаанбаатараас Конакрид очиж л байсан. Мань Сэкю Тюрье капитализмыг алгасч социализм байгуулах гэж алж өгсөн л дөө. Ганц намын дарангуйлал, өмчгүй нийгэм гэдгээс гадна манайхны 1937 оны явдлыг ч давтсан. Аллагагүй социализм гэж хаа байхав дээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн ядуу орон болсон доо. Гээд мань дарангуйлагч 1984 онд гэнэт нас барчихдаг байгаа. Гэхдээ 3-р сарын 26 –нд юм билээ.

Орлогч нь ерөнхийлөгч болж 2008 онд Мароккод эмчлүүлэхээр зугтаах хүртлээ энэ албыг хашсан. Бас л сайхан цуст дарангуйлагч, гэхдээ хөөрхий нутагтаа африк маягийн перестройка хийсэн эр ээ. Учир нь цэргийн дарангуйллаа зогсоогоод 1990 онд шинэ Үндсэн хууль баталсан. Мөн оноос эдийн засгийн шинэчлэл хийж, хувьчлах, төрийн эдийн засагт оролцох оролцоог багасгах, социализмаас ухрах, чөлөөт зах зээлийг нэвтрүүлэх, хувийн сонирхлыг дэмжих гэх мэт. Хашрын шинэчлэл Монголынх шиг гэхээсээ Дунд Азийнх шиг, бүр тодруулбал Түркмэнийх шиг юм уу даа. Хүний эрх, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо, ардчилал энэтэр бол байхгүй. Шинэ Үндсэн хуулиар 1994 онд чөлөөт сонгууль явуулах байсан боловч “дарга айгаад зөвшөөрөөгүй” учир тэрнийг гадагшаа хөөгдөх хүртэл гвинэйчүүд дан ганц перестройкагаар л занимаалдсан.

Ноднин Гвинэйд түүхэндээ анх удаа сонгууль боллоо. Африк маягаар ардчилж байгаа нь тэр. Африк маяг гэдэг нь тэнд сонгууль болохоор ялагдсан тал нь хүлээн зөвшөөрдөггүй, ингээд хоёр ерөнхийлөгчтэй хэсэг байгаад иргэний дайн руу гулсан ордог нигуртай. “Сонгуулийн дүнг манай нам хүлээн зөвшөөрөхгүй” гээд л мэдэгдчих нь тэр. Ингээд будилж будилж хэд дахин нахиж байж арай гэж 11-р сард Гвинэйн Ардын намын тэргүүн Альфа Кондэ нэг муу юм ерөнхийлөгч болжээ. Аль зургаан сард эхэлж хэд хэд буцан бараг хагас жил үргэлжилсэн сонгууль Гвинэйн 10 сая ард түмнийг дарвайтал нь баяжуулсан даа. Одоохондоо ам хэлээрээ шүү дээ. Шигшээд үлдсэн хоёр нэр дэвшигч нахиж байгаа сонгуульд түрүүнийхээсээ ихийг амалж, ард түмэндээ уул уурхайн бүх баялагаа үнэгүй тараах юм болоод явчихсан. Алтан дээр сандайлсан гуйлгачин гвинэйчүүд одоо л сандлаа идэж гарах бололтой. Уг нь сандал доор юу ч байж болно, дээр нь суугаа хүн гуйлгачин сэтгэхүйтэй бол ямар ч нэмэр байдаггүй юм л даа.

Алтан дээр сандайлсан нь харин үнэн юм шүү. Хөнгөн цагааны хүдэр буюу бокситын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн бүх нөөцийн хагас нь манай ганц Өмнөговь шиг энэ жижиг оронд байдаг гээд бод доо. 25 тэрбум тонн боксит, дөрвөн тэрбум тонн дээд зэрэглэлийн төмрийн хүдэр, дээр нь зэсийн асар их орд, тэгээд болоогүй алмааз, алтны мундаг нөөцтэй энэ жижиг орныг уг нь бурхан харж үзсэн шиг гялтайтал нь мялаасан байгаа юм даа. Перестройкагийн үед мань нөхөд Украин, Орос болон Зүүн Европын орнуудтай хамтран ажилласнаар уул уурхай хөгжүүлж эхэлсэн. Гэхдээ хүн амын 75 хувь нь бичиг үсэггүй энэ хөөрхий орны ард түмэн уул уурхайгаас юу ч олж долоосонгүй. Өөрснөө ярихдаа, ялангуяа сонгуулийн үеэр сурталдахдаа гадаадынхан тоноод юу ч үлдээгээгүй гэх аж. Үнэндээ дотоодын авилгадаа л идэгдчихсэн хэрэг шүү дээ. Юу л боллоо гэж гадныхан (Орос, Украин ч гэсэн) зүв зүгээр аваад явчив гэж. Гэхдээ ойлгоц муутай хар толгойд ийм үг их наалдацтай байдаг бололтой. Гвинэй ийм их баялагтай учраас дэлхийн хамгийн ирээдүйтэй орны нэг гэж гадаадынхан ч, өөрснөө ч үргэлж үгэлсээр байгаад ийм яриа ард түмэнд “түргэн хэллэг” шиг болсон. Гэхдээ тэр ирээдүйг нь хэн ч нүдээрээ олж хараагүй. Баян л гээд байдаг, турж үхээд л байдаг. Буруутан нь мэдээж гадаадынхан л байх л даа.

Гвинэйн өмнөд үзүүрт 110 км урттай 10 км өргөнтэй Симанду хэмээх байгалийн үзэмжит газарт асар их төмрийн орд олджээ. Гвинэйчүүд сүүлийн арав гаруй жил энэ тухай л ярилцаж байна. Симандуг ашиглаж эхлэхэд тэд маш их баяжих учир хөөрхий америкчуудыг харж үзэж хоолны үлдэгдлээрээ дайлах бололтой. Симанду нь үнэхээр гайхалтай орд л доо. Өндөр нягтаршилтай (70%-ийн төмөртэй) 2,3 тэрбум тонн төмрийн хүдэр байгаа ба үүнийг ашиглахад 17-19 тэрбум доллар шаардлагатай аж. Симандуг ашиглах төсөл нь өөрөө Африк тивд хэзээ ч байгаагүй том далайцтай эд.

Энэ ордыг анхлан Англи-Австралийн Рио Тинто компани сонирхжээ. Тэдний геологичид хориод жилийн өмнө анх нээсэн юм байна. Ийм өндөр концентрацитай их хэмжээний төмрийн орд геологийн түүхэнд урьд нь тааралдаж байгаагүй аж. Ингээд 1998 оноос эхлэн удтал ярилцаж байгаа 2003 онд Рио Тинто Гвинэйн засгийн газар хоёр гэрээ хийж хөрөнгө оруулалтыг уг компани гаргахаар болжээ. Хүн амдаа харьцуулахад арай ч томдочихов уу гэмээр ийм их баялагийн сургаар Гвинэйн төр самуурч, хүн ард нь харамлаад эхлэхгүй юу. Өөрснөө ашиглана гээд л. Юун геологийн ухаан, зүгээр л бичиг үсэг тайлагдаагүй ард түмэн шүү дээ. Тэгээд ч ашиглалтад гаргах олон тэрбум доллар байтугай ходоод руугаа хийх хоол олддоггүй газар.

Францын колони байсан, албан ёсны хэл нь франц, Франц улс өдий болтол тусалж тэжээж явдаг, тэгэхээр Сорбон энэтэр төгссөн тэрбайтугай доктор болсон харууд нэлээдтэй. Өнөөдүүл нь гвинэй ухаан гэгчийг ярьж тооны машинаар бичиг үсэггүй ард түмэн нь байтугай өөрснөө ойлгохгүй олон оронтой тоо гарган түүнээ доллароор нэг тооцоод л, еврогоор нэг тооцоод л, япон иенд хувиргаад л, орос рубль, хятад юаниар хариуг нь гаргаад л. Аль болох болох олон тэгтэй тоо гаргаад л. Сорбонд таван жил сураад тогтоосон юм нь энэ! Ингээд гвинэй ориг ухаанаар бодсоны эцэст Рио Тинтогоос салах, байгуулсан 2003 оны гэрээгээ цуцлахаар 2010 онд тогтжээ. Төмрийн хүдрийг хүрздээд л 650 км-ийн цаана орших далайн боомт руу шидээд байх бололтой юмаа. Хэдэн ачааны машин байхад л болно гэнэ. Гвинэйг тойроод баахан ядуу орнууд байгаа шүү дээ, бүгдэнд нь дайсагнаж эхэлсэн. Огт ашиглаж эхлээгүй баялагаа харамлан, тэднийг ирж хөрөнгөнөөс нь хуваалцаж магадгүй гэж урьдчилан хардаж эхэлж байгаа нь тэр. Гвинэй эх орондоо хэн нь илүү хайртай вэ гэсэн уралдаан орон даяар өрнөв. Мэдээж энэ далимд хэн урвагч, гадаадын хөлсний нохой болохыг тогтоож таарна. Уншиж бичиж чадахгүй хэвтэж улс орон даяараа геологи менерологи, уул уурхайн дээд зэргийн мэргэжилтэн болох нь тэр. Орон оронгоор нь алдах боловч таслалаас хойш олон тэг бүхий нарийвчлалтай тоог үсэг таньдаг болгон тооцоолон бодно. Хүн бүрийн хариу олон оронгоор хоорондоо зөрнө. Гайхамшигт ориг гвинэй хар ухаан. Тэд лав тэнгэрээс гаралтай байх. Албан ёсны шашин нь лал мөргөл, гэхдээ амьдрал дээр бөө ноёрхдог.

Хэдхэн хоногийн өмнө Гвинэйн засгийн газар Рио Тинто болон Хятадын Чиналко компаниудтай Симандугийн төмрийн ордыг ашиглах гэрээ байгууллаа. Тэднийг энэ алхам руу эрүүл ухаан биш бодит байдал шахсан юм. Гвинэйчүүд шороогоо шуудайлж үүрээд 650 км газар далайн боомт хүртэл алхаад алхаад олигтой их юм зөөж чадахгүй юм байна гэсэн арифметикийн тооцоог гаргаж чадсан байна. Энэ бол тэдэндээ сэтгэлгээний том дэвшил. Богооноор тээвэрлэбэл жилд 70 сая тонн зөөж чадна гэдгийг мэргэн ухаандаа тунгаан үзээд нийтээр зөвшөөрчээ. Ингэвэл ордыг 40 жил зөөх юм. Ингэхээр хагас зуун жил идэвхитэй ажиллах асар том бүтээн байгуулалт. Ардчилсан улс болчихсон, сонгуулиар хүн үнэмшмээргүй юм ард түмэндээ амалчихсан, ингэхээр дараагийн дурак төрийн эргэлт хийхээс өмнө амжиж хүмүүст мөнгө тараах хэрэгтэй. Иймээс шинэ засгийн газар гэнэт яаравчилсан хэрэг.

Алив засгийн газар бол уурхайчин ч биш, төмөр замчин ч биш, нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн алба, шүүх цагдаа, арми гээд төрд анхаарах юм хүзүүгээр нэг. Энэ болгонд мөнгө хэрэгтэй. Тухайн улс байгалийн баялагтай бол чаддаг нэгнээр нь ухуулж зөөлгөөд татвараа л авдаг. Төр тэр шороо мороог авах гээд байгаа юм биш, эцсийн бүлэгт буй болох мөнгийг нь л авах гэсэн хэрэг. Чаддаг нь эзэмшлээ, ашиглалаа, зөөлөө, улсад нь татвараа өглөө, харин Засгийн газар нь тэр мөнгөө лаа болгоно уу, лууван болгоно өөрөө мэднэ. Дэлхийн стандарт энэ. Ийм жишгээр явахад баялаг эзэмшигч орон ямар ч эрсдэл хүлээлгүй олдох мөнгөний 50 хувиас дээшихийг хуруу хөдөлгөлгүй зүгээр суугаад авдаг. Ямар түүхий эд гэдгээсээ хамаараад янз бүр байдаг ч ерөнхийдөө ийм жишигтэй.

Харин гвинэйчүүд витамин зитамин ойлготол мөн ч хол бололтой юм. Өөрөө орж ухалцаж зөөлцөх гэнэ. Соёлтой орнууд ингэдэггүй юмаа, Норвеги, Австрали, Канадыг хар гээд хэлчихсэн чинь соёлгүй гэлээ гээд өнөө харууд чинь хөөх туух дээрээ тулдаг байгаа. Ингээд Гвинэйн засгийн газар ордын 20 хувьд хувьцаа эзэмшигч болох ба тэр нь явсаар ирээдүйд 35 хувьд хүрэх юм байна. Орд ашиглалтын эхний 12 жилд 10 тэрбум доллар гаргах юм байна, үүний хоёр тэрбумыг энэхүү дэлхийн хамгийн ядуу орон зээлээр гаргана. Нэг үгэндээ ямар ч туршлагагүй, мэдлэггүй, ойлголтгүй гвинэйчүүд дэлхийн хамгийн том уурхайн тавны нэгд нь хариуцлага хүлээж буй нь тэр. Нийт ашигийн 55 хувь нь элдэв татвараар тэдэнд ноогдож байгаа, дээр нь ухалцахаар хувь оруулснаа нэмэхээр 65 хувь хүрэх бололтой. 650 км төмөр зам бариулна, уурхай ашиглаж дууссаны дараа Гвинэйн ард түмэнд үнэ төлбөргүй очино. Юутай ч өнөөдөртөө гэрээнд ингэж тусгажээ. Цааш нь найман жил татвар авахгүй ч гэх шиг, роялти 3.5 хувь ч гэх шиг зөндөө олон юм байна, үүнийг нь гвинэй хүн байтугай зүгээр хүн ойлгохгүй юм билээ.

Нэг л юм дэндүү ойлгомжтой нь энэ гэрээ дэлхийн стандартаас шал өөр. Соёлтой орнуудад засгийн газар нь хувь авч шороо ухдаггүй, зүгээр л ашиглалт, ашиг, роялтийн татварын мөнгөө ахиухан авах дээр анхаардаг. Одоо яая гэхэв гвинэйчүүд шороо ухах дуртай юм байлгүй. Нэгэнт олон улсын стандартаас шал өөр юм болохоор эцсийн дүндээ энэ их тоо орсон хэлэлцээрт тоо сайн боддог нь хожиж л гарсан байж таараа. Харин гвинэйчүүдийн авсан энэ хорин хувь энэ орныг ална даа. Угаасаа ч авилгад гүн идэгдсэн орон, одоо бол авилгын хэмжээ тэрбумаар л яригдах байх. Чааваас даа, гадил, тоор, газрын самар, ургамалын тос, кофе экспортлож жаахан мөнгө олдог байсан дээрээ алалддаг байсан, одоо ч ланзгар юмны ард сууж авсан, авдар авдараар нь л өгөлцөж аваад байж дээ. Төр эзэмшинэ, төр мэднэ, төр ашиглана л гэнэ, үнэндээ түрий бариад байгаа тэр төрийг чинь төлөөлөөд долийсон далийсан цэцэн цэлмэг яриатай үмбүүнээс дор ухаантай муусайн хулгайч нар л сууж байгаа шүү дээ. Төрийн хорин хувийн нэрээр эзэн суух, улмаар шунаг зан эрх мэдлээрээ зүгээр явах байсан бүтээн байгуулалтыг нурааж уурхайг ашиггүй болгож байж л санаа нь амрана. Хаанахын ч төр ачир дээрээ эзэнгүй байдаг. Хаанахын ч төр, тэр дундаа Гвинэйн төр бизнес хийж дөнгөхгүй, харин хулгайг бол сайн чадна. Симандуг төрийн нэрээр хянахын тулд хоорондоо алалдана, ялагдсан тал нь нөгөөгөө чадахын тулд аягүй бол очиж дэлбэлнэ, хүмүүсийг тухирч дайралт дээрэм зохионо, янз бүрээр хорлоно, харж л байгаарай. Гэрээг харж байхад сайн тал нь тун удахгүй Симандугаас болж 10 мянган ажлын байр шинээр гарах юм билээ. Энэ л уг нь Засгийн газрын хамгийн анхаарах олз юм л даа.

Өөр нэг ойлгомжтой юм гэвэл илүү гарсан гадилаа гадагш зараад тарчигдуухан ч гэсэн тайван амьдарч байсан гвинэйчүүдийн амьдрал там болно. Өнгөрсөн сонгуульд ялагдсан эр одоо Симандуг 10 сая иргэндээ тэнцүүхэн хувааж өгнө гээд дайрчихсан. Гадаадынхныг хөөж гаргана гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ техник, шинэ дэвшил, шинэ хөгжил авчирдаг, эрүүл саруул орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө хоорондоо өрсөлдөж сүйд болдог гээд тэд нарт ярих юм бол алуулна. Шууд л тагнуул урвагч гэж хараан зодох ба “эдийн засгийн алуурчин” хэмээх хоч духан дээр чинь наана. Гадаадын империалистуудыг зүхээд эхэлчихсэн. Ардчилсан орон болсон болохоор ардын бослого эсэргүүцэл өдөр алгасахгүй нь мэдээж. Улс баяжсан болохоор хэн хүнгүй төрд гарч ирэх гэж үхэлдэнэ. Авилга цэцэглэж навчлахаас гадна улс орныг нь залгина. Тэгэх тоолонгоор ард түмнийг хөөрөгдөн иргэний дайнд өдөөгчид улам олшроно. Үүнийг л байгалийн баялагийн хараал гэдэг юм билээ. Баялаг нь биш тэндээс буй болох мөнгө нь хоосон хөндий толгойд хараал болон тусдаг аж. Гвинэйчүүд удахгүй төв талбай дээрээ сармагчингаа унаж ирэн цуглах болно. Мэдээж империализмын эсрэг. Өө нээрэн, сармагчин унаж болохгүй шүү дээ, тэгэхээр хөтлөөд ирэх юм байна. Харин хоорондоо ялгагдах юм болов уу даа.
2011.05.15

“Айвенхоу Майнз” 500 сая долларын алдагдал хүлээжээ

“Айвенхоу Майнз” 500 сая долларын алдагдал хүлээжээ


2011 оны 5-р сарын 17
“Айвенхоу Майнз” 500 сая долларын алдагдал хүлээжээ
“Айвенхоу Майнз” компани 2011 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа гаргажээ.

Тайлангийн дүнгээр “Айвенхоу Майнз” компани гуравдугаар сарын 31-ний байдлаар 492.5 сая долларын алдагдалтай ажиллажээ. Энэхүү алдагдлын 90 орчим хувь нь тус компанийн оны эхээр гаргасан нэмэлт хувьцааны нэрлэсэн үнийн өөрчлөлттэй холбоотойг онцолсон байна. Тус компани нэгдүгээр сард Оюутолгой төслийн санхүүжилтийн хүрээнд зөвхөн хувьцаа эзэмшигчдэд хөнгөлөлттэй үнээр зарах нөхцөл бүхий 1.2 тэрбум ам.долларын нэмэлт хувьцааны арилжаа /rights offering/ явуулсан юм. Энэхүү хувьцааны арилжаанаас тус компани 1.18 тэрбум ам.доллар босгосноо хоёрдугаар сарын 3-нд зарласан билээ.

Гуравдугаар сарын 31-ний байдлаар Оюутолгой төслийн барилга угсралтын ажил 15,1 хувьтай байсан нь 14.8 хувийн биелүүлэлтийн төлөвлөгөөнөөс ялимгүй давсан үзүүлэлт болохыг тайланд тэмдэглэжээ. Нэгдүгээр улиралд төсөлд нийт 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд баяжуулах үйлдвэрийг 2013 оны эхний хагаст ашиглалтад оруулах тухай дурджээ. Тус компани зэсийн баяжмалаа голчлон Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэхээр төлөвлөж буй юм.

Харин “Айвенхоу”-гийн 57 хувийн эзэмшлийн салбар компани “SouthGobi Resources” /SGQ/ нэгдүгээр улиралд нүүрсний худалдаанаас 20.2 сая долларын орлоготой ажилласан байна. Гэхдээ “SGQ” 2010 оны дөрөвдүгээр улиралд нүүрсний худалдаанаас 41.6 сая ам.долларын орлого олсонтой харьцуулахад энэ нь нэлээд буурсан үзүүлэлт аж. “SGQ” нь Өмнөговийн Овооттолгой уурхайд коксжих болон эрчим хүчний нүүрс олборлон, Хятад руу экспортолдог компани.

Одоо “Оюутолгой” төслийн үйлдвэр, уурхайн барилга угсралтын ажил ид өрнөж буйн зэрэгцээ дэд бүтцийн ажил ч давхар эхэлжээ. Саяхан тус компаниас зарласан Оюутолгой ордыг Гашуунсухайт боомттой холбох 96,8 км хатуу хучилттай зам барих тендерт “Монроуд”, “Алтайн зам” зэрэг компани шалгарч, хариуцан гүйцэтгэхээр болсон билээ. Үүнээс гадна эрчим хүчний шугам татах ажил ч эхлэх гэж байна. 2009 оны зургадугаар сард Монголын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” гурван талын үзэглэсэн гэрээний дагуу төслийн үйл ажиллагаа эхэлсэн эхний дөрвөн жилд эрчим хүчээ гадны эх үүсвэрээс авч болохоор тусгасан.

Энэ дагуу тус компани Хятадын хил рүү 95 км үргэлжлэх 220 КВт-ын шугам татах зөвшөөрлийг Монголын эрчим хүчний зохицуулах газраас авчээ. Шугамыг жилийн эцэс гэхэд татаж дуусахаар тооцоолсон байна. Харин дөрвөн жилийн дараагаас Оюутолгой төслийн эрчим хүчийг зөвхөн дотоодын эх үүсвэрээс хангах бөгөөд энэ хүрээнд цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буйгаа мэдэгджээ. ДЦС-ын барилгын ажил энэ оны сүүлээр эхлэх төлөвтэй буйг ч дурдсан байна.

Өнөөдрийн байдлаар “Айвенхоу Майнз”-ын хувьцаа 23.13 долларын ханштай байна. Энэ нь сар гаруйн өмнө хувьцааны ханш 27.45 доллар байсантай харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм.

Б.Төгсөө

Thursday, April 14, 2011

Гэрээг монголын талд ашигтайгаар өөрчлөхөд хариуд нь заавал нэг зүйл тулгах байдал ажиглагдах юм

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцоонд хүрснээ Монгол улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдлээ. Гэрээнд орсон өөрчлөлтийг судлаачид хэрхэн хүлээж авч байгаа бол? Энэ талаар “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н.Дорждарийн байр суурийг сонирхсон юм. “Нээлттэй нийгэм форум” Оюутолгойн гэрээг нэлээд ултай судалж, дүн шинжилгээ хийж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэд хэдэн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэхүү өөрчлөлтийн талаар байр суурийг тань сонирхмоор байна?


Оюутолгойтой холбоотой гурван ч гэрээ байдаг. Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн, Урьдчилгаа төлбөр буюу Засгийн газрын үнэт цаасны гэсэн гурван гэрээ. Сүүлийнх нь үндсэндээ зээлийн гэрээ. Би хувьдаа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Энэ гэрээний монгол хувилбар нь нууц байна гэсэн асуудлыг УИХ-ын зарим гишүүд хөндөн тавьж байсан. Тэгэхээр гэрээнд өөрчлөлт үнэхээр орсон, үгүйг одоохондоо хэлж мэдэхгүй юм. Засгийн газрын мэдээлснээр тодорхой өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчидтай харилцан тохиролцсон гэсэн хэмжээнд л мэдээлэлтэй байна.

Энд хоёр ерөнхий зүйлийг онцолж хэлье. Хувь нийлүүлэгчдийн гэрээ яагаад нууц байгаа юм бэ гэдэг асуудал дахин босч ирж байна. Газрын баялаг бол ард түмний өмч. Ард түмний өмчийг ард түмний нэрийн өмнөөс төр засаг захиран зарцуулж байгаа. Эдийн засгийн утгаараа ч тэр, нийгмийн агуулгаараа ч тэр Монгол улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой, хуулийнхны ярьдгаар материаллаг ийм зүйлсийг олон нийтэд ил танилцуулах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хамтад нь авч үзэж байж, энэ гэрээ Монгол улсад ашигтай болж уу, үгүй юү гэдгийг үнэлэх боломж олдоно. Нэг гэрээ нь нууц гээд нийтэд ил биш болохоор ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан нь үндсэндээ ойлгомжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ бүх асуудлыг ил болгож чадахгүй. Тиймээс эхний ээлжинд Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил болгох хэрэгтэй. Бусад улс орны чиг хандлага ч гэсэн гэрээ хэлэлцээрийг ил болгоход чиглэж байна. Нууцлахын тухайд бол гэрээний нарийн зүйл заалт, бизнесийн өртөг зардал ямар байгааг өрсөлдөгчид нь мэдчихвэл компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө гэж зарим хүмүүс тайлбарладаг л даа.

Гэвч хамгийн инээдтэй нь Хувь нийлүүлэгчдийн энэ гэрээ англиар вэб сайт дээр ил байгаа. Түүнчлэн гэрээнүүдийг зардаг компаниуд байдаг. Өндөр үнээр зардаг болохоор компаниуд л авах бололцоотой. Тэгэхээр өрсөлдөгч компаниуд бол тэр гэрээг аль хэдийнэ олоод авчихсан байгаа. Харин баялгийн жинхэнэ эзэд ард түмэн гэрээг үзэх эрхгүй байж болохгүй биз дээ.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээг байгуулаад удаагүй байна. Хүчин төгөлдөр болоод жил ч болоогүй байхад өөрчлөлт оруулж байгаа нь анхнаасаа гэрээг байгуулахдаа асуудлыг бүрэн дүүрэн авч үзээгүй, илүү нөхцөл шаардах бололцоо байсаар байтал түүнийг ашиглаагүй дүр зургийг л харуулж байна. Нэлээд яаруу байдлаар улс төрийн шийдэл нь гараад гэрээ байгуулсан дүр төрх эхнээсээ харагдаж байна шүү дээ.

Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээний өөрчлөлт анхаарал татаж байна. Үнэхээр нааштай сайн өөрчлөлт хийгдэж чадсан уу?


Зургаа долоон асуудлаар өөрчлөлт оруулна гэж Засгийн газар мэдэгдэж байна лээ. Мэдээж хэрэг, санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ анхаарал татсан асуудал мөн. Анх байгуулсан гэрээгээр Монгол улс “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг “Айвенхоу Майнз” компаниас зээл аваад төлчихөж байгаа. Тэр зээлийн хүү 9,9 хувь гэдэг нь бодит хүү. Бодит хүү бол инфляцийг тооцоогүй хүү. Нэрлэсэн хүү гэвэл Америкийн инфляци ямар байхаас хамаараад 13 хувь орчим болж байгаа юм. АНУ-ын инфляци олон жилийн дундаж нь 3 орчим хувь байдаг. Бид анхнаас нь л маш өндөр хувь хэмжээтэй зээл авч байгааг нь сануулж байсан. Гэрээ байгуулж байх үед хувийн компаниуд үүнээс хамаагүй бага хэмжээний хүүтэй зээл авч байсан. Энэ чинь бүхэл бүтэн улс шүү дээ. Адаглаад хувийн компанийн авч байгаа үнээр зээл авах бололцоотой гэдэг асуудлыг тавьж байсан. Үүнийг ойлгоод өөрчилж байгаа нь сайн хэрэг.

Одоогийн шинэ хувилбараар Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувь гэсэн байна. Банк хоорондын зээлийн хүү гэдэг нь хоёр банк хоорондоо итгэлцээд бие биедээ зээл өгөхдөө ашиглаж байгаа үнийн түвшин. Нэг банк Монгол улсын Засгийн газартай итгэлцээд зээл өглөө гэхэд яагаад тэр LIBOR хүүгээр байж болохгүй гэж. Мэдээж зээл авахтай холбоотой янз бүрийн өртөг зардал, эрсдэл зэргийг бодоод бага зэргийн хүү нэмж болно л доо. Тэгэхдээ 6,5 гэдэг бас л өндөр хувь. Оюутолгойн гэрээг анх яригдах үед LIBOR нэмэх нь 3,3 хувь гэж байсан. Гэтэл одоо 6,5 болчихлоо. Уул нь Монгол улсын зээлжих эрх тэр үеийг бодвол дээшилчихсэн байгаа. Дээрээс нь гэрээ яг батлагдах үед хямрал болж байсан. Одоо бол зээлүүлье гэсэн сул хөрөнгө дэлхийн зах зээл дээр маш их байна. Үүнийг хайж эрэлхийлэх нь л чухал байгаа юм.

Өөр нэг техникийн шинж чанартай зүйл гэвэл Америкийн инфляци хасах дүнтэй гарч болдог тоо. Хямралын дараа тийм байсан шүү дээ. Тэнд инфляци буюу үнийн өсөлт биш бууралт ажиглагдаж байсан. Тэгвэл 9,9 хувиасаа хасагдаад явна гэсэн үг. LIBOR одоо хамгийн доод цэгтээ байгаа. Ахиад доошилно гэсэн ойлголт байхгүй. 6,5 гэдэг нь LIBOR 0 байхад байх хувь. Дээшлээд явбал нэмэгдэнэ. Бас л 3-4 хувьд хүрэх магадлалтай. Тэгэх юм бол эргээд л 10 хувийн зээл болчихож байгаа юм. Урт хугацаанд харах юм бол бид LIBOR-ийг хамгийн бага байхад нь энэ хэлэлцээрийг хийж байна. Түүн дээр 6,5 хувийг нэмж байна гэдэг нь 6,5 хувь дээр нэмэх нь 3-4 хувь болох асуудал үүсч байна гэсэн үг шүү дээ. Ийм тал байгаа ч 9,9 хувь дээр нэмэх нь Америкийн инфляци гэдгээс арай дээр л дээ. Тиймээс энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, талархан хүлээж авч байна.

Давуу эрхийн хувьцааг гэрээнээс хасч, зээлийн эрхийн бичгээр санхүүжих болжээ. Давуу эрхийн хувьцааг гэрээнээс хасах хэрэг байсан юм уу?


Бусад өөрчлөлтүүд нь илүү техникийн шинж чанартай байна лээ. Манайх эрхээ баталгаажуулсан зүйлс байсан. Давуу эрхийн хувьцааг ашиглахаа болино гэсэн нэг зүйл байгаа. Эндээс давуу эрхийн хувьцаатай холбоотой 34 хувь хүчин төгөлдөр үү, үгүй юү гэсэн асуудал үүснэ. Ер нь давуу эрхийн хувьцаа нийтлэг байдаг санхүүжилтийн нэг хэлбэр. Байж болох ч хэлбэр. Улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх шиг байна. Тэгээд хасч байна гэж би ойлгож байгаа. Анхнаасаа гэрээ нь нууц болохоор олон нийтэд мэдээлэх, тайлагнах тал дээр анхаараагүйгээс болж давуу эрхийн хувьцааг тэр чигээр нь хасах нөхцөл үүсч байх шиг байна. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь нэг талаас хувьцаа, нөгөө талаас зээл хэлбэртэй хоёрдмол шинж чанартай хэрэгсэл. Улс төрчид хувьцаа гэсэн тодорхойлолтыг нь авч үзээд асуудалд хандаад байдаг. Нөгөө тал нь зээл гэдэг утгаар хандаад байдаг. Энэ хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Үүнийг олон нийтэд сайн таниулаагүйгээс болж элдэв маргаан ч үүсч байна.

Санхүүжилт гуравдагч талын зээл хэлбэрээр явахад болно л доо. Гэхдээ түүний хүүгийн түвшин ямар байх вэ. Түүн дээр бас л тохирсон ёсоор LIBOR нэмэх нь 6,5 хувь гээд хүүгийн түвшин яригдана. Хүүгийн түвшин өөрөө татвар ногдох орлогоос хасагдаж тооцогддог. Тэгэхээр татварын хэмжээг бас л бууруулна. Цаана нь эдийн засгийн тооцоо байгаа байх л гэж найдъя.

Зээлийн хувь хэмжээг өөрчилс­нөөр Монгол улсад 1 тэрбум төгрөгийн ашиг бий болно гэж ярьж байна. Энэ нь хэр бодитой тооцоо вэ?


Тэрбум доллар Монголд илүү орохоор байна гэж Сайд хэлж байна лээ. Бас л мэдээллээ дутуу өгч байгаа болохоор үүн дээр дүгнэлт хийхэд хэцүү. Мэдээж, Засгийн газарт тооцож байгаа загвар байгаа л байх. Тэр загварын дагуу чухам ямар дүн гарч байгаа юм, хэлж мэдэхгүй байна. Бидэнд нэг загвар бий л дээ. Гэхдээ түүнийгээ ашиглаж, энэ талаар тооцоо хийгээгүй байна. Тэрбум доллар гэж өнөөдрийн тэрбум долларыг хэлж байна уу, эсвэл 30 жилийн дараах тэрбум долларыг ярьж байна уу гэдэг нь ойлгогдохгүй байна. Эндээс улс төрчид маань салаа утгатай зүйл мэдэгдчихдэг. Түүнийгээ дараа нь яаж л бол яаж тайлбарладаг байдал харагдаж байгаа юм. Тэрбум доллар өнөөдрийнхөөр бол маш их мөнгө. 30 жилийн дараагаар бол үндсэндээ өнөөдрийн 300 сая доллар ч хүрэхгүй л мөнгө. Цаг хугацаа үнэ цэнтэй гэдгийг бүгд мэднэ. Иймэрхүү салаа утгатай мэдэгдлүүдийг хиймээргүй байна. Хийж байгаа бол түүнийгээ маш тодорхой хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас тэрбум долларыг зөвхөн хүүн дээр алдах гэж байсан бол энэ гэрээний чанарт эргээд эргэлзээ төрөхөөр байна.


Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруула­хаар нааштай тохиролцоонуудыг хийж байгаа нь сайн хэрэг. Цаашид ч бас өөрчлөлт хийгдэж, илүү сайжраад явах ёстой байх. Таны бодлоор цаашид Оюутолгойн гэрээнд зайлшгүй өөрчлөх ёстой ямар зохицуулалтууд байна вэ?


Урт хугацаатай байгуулсан гэрээнд өөрчлөлт ороод явдаг нь байдаг л практик. Бүгдийг урьдчилан харж, гэрээг төгс байгуулчихна гэж байхгүй. Тодорхой хугацаанд хоёр талаас гэрээгээ эргэн харж, шинэчлэх ажлыг байнга хийх ёстой. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах зүйл нэлээд байгаа. Хэд хэдэн өөрчлөлтийг зайлшгүй оруулах ёстой. Гэрээг байн байн өөрчлөөд байх нь хөрөнгө оруулагчдад мэдээж түвэгтэй. Гэхдээ гэрээ аль ч талдаа боломжийн байхгүй бол урт хугацаанд тогтвортой байх магадлал муу шүү дээ. Хэн хэндээ ашигтай, хэн хэнийгээ бодолцсон, аль болох хуулийн дагуу хийгдсэн байвал хөрөнгө оруулагч талдаа ч хэрэгтэй.

Нэг зүйл ажиглагддаг нь ямар нэг байдлаар гэрээг өөрчиллөө гэхэд, магадгүй Монголын талд илүү ашигтайгаар өөрчлөхөд хариуд нь заавал нэг юм нэхэх гээд байдаг. Тэр нь Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийг өөрчлөхөд хүртэл хүрдэг. Ялангуяа гэрээг байгуулж байх явцад энэ байдал илүүтэй ажиглагдсан. Энэ гэрээг байгуулахад Монгол улс дөрвөн хуулиа өөрчлөхөд хүрсэн. Ингэж жижиг улсад хөрөнгө оруулахдаа хууль тогтоомжоо өөрчил гэсэн шаардлага тавих нь зүй ёсны хэрэг үү, үгүй юү гэдэг асуудал ч эндээс гарч байгаа юм. Манай улсын хууль тогтоомж боловсронгуй биш байж болно. Хуулийг өөрчилж болно. Гэхдээ нэг компанийн төлөө хуулийг байн байн ингэж өөрчлөөд байж болох уу гэдэг асуудал гарна биз дээ.

Нэн тэргүүнд өөрчлөх зүйлийн тухайд бас л санхүүтэй холбоотой зүйл хэлмээр байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд менежментийн төлбөр гэж бий. Менежментийн төлбөрт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлтэл бүх зардлын 3 хувь, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явж эхэлснээс хойш бүх зардлын 6 хувийг “Айвенхоу майнз” компани авахаар байгаа. 5 тэрбумын хөрөнгө оруулалтын зардал орууллаа гэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээс өмнө 3 хувь нь эргээд менежментийн төлбөр гээд гадагшаа гарчихаж байгаа юм.

Менежментийн хөлс төлбөр гэж байлгүй яахав. Монгол улс энэ төслийг бие даагаад удирдлагыг хэрэгжүүлчих бололцоо хараахан байхгүй гэж үзэж байгаа бол гаднаас менежмент авч болно. Асуудал нь төлбөрийн хувь хэмжээндээ байгаа юм. Харьцангуй өндөр хувь хэмжээ энд тавигдсан. “Рио Тинто” гэдэг компани хаанахын ямар улсад 3 хувь, 6 хувийн менежментийн төлбөр авдаг юм бэ гэдгийг энэ чиглэлийн маш олон хүмүүсээс асууж сураглаж, сонирхож үзлээ. Тийм газар байдаггүй юм байна. Монгол улсад үйлдвэрлэл явж эхэлснээс хойш бүх зардлын 6 хувийг авна гэдэг маш өндөр төлбөр. Нөгөө талаасаа менежментийн төлбөр гэдэг нь тодорхой үйлчилгээ үзүүлсний хөлс байх ёстой. Өөрөөр хэлбэл, бидний чаддаггүй, мэддэггүй ямар нэг үйлчилгээг үзүүлсний төлөө авч байгаа хөлс шүү дээ. Хамгийн гол нь энэ гэрээнд менежментийн төлбөрийг ямар нэгэн үйлчилгээтэй холбож өгөөгүй. Ерөнхий томъёолчихсон. Заримдаа өдөр тутмын сонинуудын бараг ¼ хувьд нь Оюутолгойн зар мэдээлэл явж байгааг та бүхэн ажиглаж байгаа байх. Энэ чинь компанийн үйл ажиллагааны зардал гээд л бүртгэгдэнэ. Түүний 3 хувийг Австралид сууж байгаа ч юм уу, Лондонд сууж байгаа компани менежментийн үйлчилгээ үзүүлсний хөлс гээд авчихаж байна. Сонинд зар тавих нь монголчуудын чадахгүй зүйл мөн үү гээд наад захын энгийн асуудал байна. Эсвэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ гээд Оюутолгойн зардлаар маш олон хүнийг ТМС-д сургаж байна. Тэр зардлын 3 хувийг, магадгүй үйлдвэрлэл эхэлснээс хойш 6 хувийг Англид сууж байгаа компани авчихна. Сургалтын тэтгэлэг өгөхийг монголчууд чадахгүй гэж үү.

Харин далд уурхайд блокчлон олборлох арга, технологийг Монголд эзэмшээгүй учраас үйлчилгээний 6 хувийг нь төлөх боломжийн байж болно. Менежментийн төлбөр ямар нэг үзүүлсэн үйлчилгээний хөлс байх ёстойг гэрээнд огт тусгаж өгөөгүй. Үйлчилгээ үзүүлсэн ч байсан, үзүүлээгүй ч байсан, монголчуудын чаддаг үйлчилгээг ч үзүүлсэн, чаддаггүй үйлчилгээг ч үзүүлсэн маш өндөр хөлс авахаар заачихсан байгаа. Үүнийг зайлшгүй эргэж харах ёстой.

Үүнтэй холбоотой, бас тусдаа ч авч үзэж болохоор нэг асуудал бий. Тэр нь суутгал татвар. Тухайлбал, энэ жил тэрбум доллараар хөрөнгө оруулалт хийхэд менежментийн хөлс гээд 3 хувийг авчихна. Тэрбум долларын 3 хувь нь 3 сая доллар. Энэ бол тэр компанийн Монголоос олж байгаа орлого шүү дээ. Монгол улс түүнээс нь татвар авах эрхтэй байх ёстой. Энэ бол хаана ч үйлчилдэг хууль тогтоомж. Харамсалтай нь давхар татварын гэрээгээр наймаалцах явдал олон улсын томоохон компаниудад байдаг л даа.

Монгол улсын хуулиар суутгал татвар гээд 3 сая доллараас 20 хувийг авах ёстой. Гэтэл Канадтай байгуулсан давхар татварын гэрээнд 5 хувиар авахаар заачихсан байдаг. Нидерландтай байгуулсан гэрээгээр огт татвар авахгүй гээд заачихсан байх жишээтэй. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Канад дахь “Айвенхоу Майнз”, Лондонд бүртгэлтэй “Рио Тинто” хоёртой байгуулсан. Тэгсэн мөртлөө Хувь нийлүүлэгчдийн гэрээг яагаад ч юм “Оюутолгой Нидерланд” гэдэг Нидерландад бүртгэлтэй компанитай байгуулчихсан байдаг. Тэгээд Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр суутгал татварыг авахгүй нөхцөл үүсчихэж байгаа юм. Энэ нь маш их хэмжээний мөнгөний асуудал учраас ярьж байгаа юм.

Ялангуяа Монгол улс “Оюутолгой” гэдэг компанид 34 хувийг эзэмшихдээ мөнгө төлж, өөрсдөө хөрөнгө оруулж байгаа. Хэрвээ бид 20 хувийн суутгал татвараа авах юм бол 20 хувийг тэр компанид эзэмшиж байгаагаас ялгаагүй. Гэхдээ мөнгөө төлөхгүй эзэмшинэ гэсэн үг. Эдийн засгийн агуулга нь энэ. Жишээлбэл, бид хувьцаагаа үнэгүй авах ёстой гэж зарим хүмүүс ярьдаг. 34 хувийг үнэгүй авах, суутгал татвар нь 34 хувь байх хоёрын эдийн засгийн үр дүн яг тэнцэнэ. Тиймээс манай улс давхар татварын гэрээнүүдээ цэгцлэх ёстой. Өөрчлөх ч боломжтой. Гэрээ гэдэг мөнхийн зүйл биш. Ялангуяа хөгжингүй улсад, тухайлбал Нидерландад хэчнээн монгол хүн очиж хөрөнгө оруулах билээ гэдгийг бодох ёстой. Ямар улстай, ямар давхар татварын гэрээ байгуулах вэ гэдгээ эргэн харж, энэ ажлыг яаралтай хийх ёстой юм. Тэгээд ч энэ гэрээн дээр “Оюутолгой” Нидерландын компани гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юү, үгүй юү гэдгээ ч тодорхой хэлж өгч болно шүү дээ.

Мөн өсөн нэмэгдэх роялти байна. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээний асуудал л даа. Монголд хууль нь батлагдчихсан ч “Оюутолгой” компанид үйлчлэхгүй байгаа. Би хувьдаа энэ татварыг “Оюутолгой” компани төлөх ёстой гэж боддог. “Хэт өндөр” ашгийн талаарх рент гэж ойлголт бий. Хөрөнгө оруулагчаас үл хамаарах, хөрөнгө оруулагчийн шийдвэрт үл нөлөөлөх тийм өндөр ашигтай холбоотой зүйл. “Оюутолгой” компани 5 тэрбум доллар оруулаад 20 тэрбумын ашиг олно гэж тооцоолж байтал 40 тэрбумыг олчихлоо гэж бодъё. Тэр нь дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнээс хамаарчээ. Энэ нь мэдээж, компанидаа сайн хэрэг. Тэр нэмэлт 20 тэрбумын 50 хувийг Засгийн газар авчихлаа гэж бодъё. Тэгвэл 30 тэрбумын ашигтай, өөрөөр хэлбэл, хүлээгдээгүй 10 тэрбумын ашиг орж ирж байна гэсэн үг. Эсвэл 20 тэрбумыг тэр чигээр нь авчихлаа ч гэсэн цаана нь тооцоолж байсан 20 тэрбумын ашиг байж л байгаа. Тэр рэнтээс татвар авахад компани хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрчлөхгүй байх бололцоотой. Мэдээж, төлөвлөснөөс давах ашгийг бүгдийг авах нь компанидаа хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл байж болно. Гэхдээ тэндээс баялгийн эзэн болсон ард түмнийг төлөөлж байгаа төр ямар нэгэн байдлаар авах нь зүйтэй юү гэвэл зүйтэй. Яагаад гэвэл үнэ байнга хэлбэлздэг. Ялангуяа үнэ өсөхөд компани алдагдалд орохгүй. Компанийн төсөөлж байгаа орлого нь үнэ буурах магадлалыг тооцчихсон ашиг байдаг.

Нөгөө талаас Оюутолгойн гэрээг байгуулахад Гэнэтийн ашгийн татвар гэж байсан. Зөвхөн Оюутолгойд үйлчлүүлэхгүйн тулд энэ хуулийг өөрчилсөн ч байж болно шүү дээ. Түүнийг орлох татвар байх ёстой гэж УИХ шийдсэн. Тиймээс Гэнэтийн ашгийн татварыг орлож гарч ирсэн Өсөн нэмэгдэх роялтийг төлөх нь зүйтэй. “Эрдэнэт” гэдэг компани төлөх нь байна. “Оюутолгой”-гоос хойш гарч ирэх “Эрдэнэс Тавантолгой” ч юм уу, бусад компани төлөх нь байна. Тэгэхээр “Оюутолгой” яагаад төлөхгүй гэж. Магадгүй, Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг төлснөөр компанид итгэх итгэл нэмэгдэж, компанийн байр суурийг улам бэхжүүлэх ч юм бил үү. “Оюутолгой” компанийнхан, бид нийгмийн лиценз гэдэг зүйлийг авна гэж ярьдаг шүү дээ. Тэр нийгмийн лиценз гэдэг нэр хүндийг авахад энэ төлбөрийг төлөх нь онцгой ач холбогдолтой. Магадгүй, зэс, алтны үнэ дахиад өснө. Тэр үед өөр улстөрчид гараад ирчихсэн, зарим улс төрч нь эргээд Оюутолгой руугаа дайрна. Нийгэмд тогтворгүй байдал үүснэ. Эргээд төсөлдөө тогтворгүй байдал үүсгэхийг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр компанидаа ч гэсэн ашигтай зүйл биш. Хэрвээ энэ төлбөрийг төлөх талаар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт хийж, оруулж чадвал аль аль талдаа ашигтай зүйл болно байх.
Иймэрхүү зүйлсийг эхний ээлжинд ярилцмаар санагддаг юм. Төр, засгийнхан маань чухам юү гэж бодож явдгийг мэдэхгүй юм.

Оюутолгойн гэрээний энэ мэт учир дутагдалтай зүйлс улс төрийн шийдлээс болж байна уу, эсвэл гэрээний мэргэжилтнүүдийн маань чадвар, туршлагаас шалтгаалж байна уу?


Ний нуугүй хэлэхэд, аль алинд нь л байгаа байх. Мэдээж хэрэг, Оюутолгой монголчуудын хувьд хамгийн том гэрээ. “Эрдэнэт”-тэй зүйрлэж ярьдаг л даа. Нөхцөл нь их өөр шүү дээ. Ялангуяа улс төрийн нөхцөл шал өөр. Зарим улстөрч “Эрдэнэт”-тэй харьцуулахад Оюутолгойн гэрээ маш сайн болсон гэж ярьдаг. Монголчууд “Эрдэнэт”ээс үнэхээр их юм авсан юм бол менежментийн төлбөрийг тийм өндөрөөр төлөх ёсгүй биз дээ. Энэ чинь бид бас ч гэж өөрсдөө уул уурхай хийгээд үзчихсэн, тодорхой чадвартай болчихсон гэсэн үг биз дээ. Яахав, “Рио Тинто”-гоос бага зэргийн менежментийн ур чадвар авна гэдэг утгаараа бага зэргийн төлбөр төлөх ёстой. Гэтэл одоо “Эрдэнэт” гээд 30 жил уул уурхай ажиллуулчихсан мөртлөө дахиад л “Рио Тинто”-гоор маш өндөр үнээр уул уурхай заалгуулах гээд сууж байна шүү дээ.

Мэргэжилтнүүдийн хувьд анхны том хэмжээний гэрээ. Гэрээ байгуулах Ажлын хэсэгт хэн орсныг бүгдээрээ л мэдэж байгаа. Мэдээж сайн хүмүүс байгаа. Хамгийн гол нь туршлага байгаагүй.
Хоёрдугаарт, тухайн үед манай улс төрчид энэ гэрээг монголчууд нэг баг болж ажиллаж байж сайн гэрээ болгоно. Тийм ч учраас хамтарсан Засгийн газар байгуулж байна гэж тайлбарлаж байсан. Яг нэг баг болж чадсан уу, үгүй юү. Ганц хоёр зүйлээр жишээ авъя л даа. Монгол улс гэрээг 2010 оны аравдугаар сард байгуулсан. Арванхоёрдугаар сардаа Татварын хуульд өөрчлөлт оруулсан. Түүгээр хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг байхгүй болгосон. Гадаадын хөрөнгө оруулагч тэргүүлэх ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулах юм бол 10 хувийг нь татвараас чөлөөлөх бололцоотой гэсэн утгатай заалт л даа. Гэрээ хэлэлцээр хийж байх явцад буюу 6-7 дугаар сард УИХ-д өргөн барьсан хувилбаруудад хөрөнгө оруулалтын хөнгөлөлтийн талаар байгаагүй юм. Бүр өмнө нь яригдаж байгаад манай тал зөвшөөрөөгүй учраас орхигдсон байсан. Гэтэл долдугаар сард Нэмүү өртөгийн албан татварын хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Тэр нь уул уурхайн компаниуд Нэмүү өртөгийн албан татварын буцаан төлбөр гэдэг зүйлийг авах бололцоог хаасан өөрчлөлт байгаа юм. “Оюутолгой” шиг том компанитай гэрээ байгуулах гэж байна. Хуулиа ингээд өөрчилчихье.

Тэгвэл “Оюутолгой”-гоос нэмэлт 500 сая доллар Монгол улсад орж ирэх юм байна гэж тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. Хуульд өөрчлөлт орсны дараа нь наймдугаар сард гэрээ хэлэлцээр хийгдлээ. Тэр үед манай хууль өөрчлөгдсөн тул хуулийн дагуу явна гээд Монголын тал асуудлыг тавингуут нөгөө тал болж байна, гэхдээ бид хөрөнгө оруулалтын хөнгөлөлт гэдэг зүйлийг эдэлнэ гээд тулгачихаж байгаа юм. Хэрвээ арванхоёрдугаар сард өөрчилсөн хуулиа долдугаар сард хамт өөрчлөөд, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт байхгүй гээд заачихсан бол гэрээ хийж байгаа хүмүүст наймаалцах асуудал үүсэхгүй. Магадгүй, Монголд 400-500 сая доллар илүү орж ирэх тооцоо байсан л байх. Гэтэл хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлэхээр 5 тэрбумын хөрөнгө орууллаа гэхэд түүний 10 хувь гээд үндсэндээ 500 сая доллар болчихож байна. Монголчууд хоорондоо буюу гэрээ хэлэлцээр хийж байгаа баг нь, УИХ, Засгийн газар ийм байдлаар уялдаагүй ажилласны нэг жишээ энэ.

УИХ энэ гэрээг ингэж байгуул гээд тогтоол шийдвэрээ гаргачихсан. Одоо Засгийн газар түүнийг биелүүлсэн үү, үгүй юү гээд л маргалдаж байна шүү дээ. Биелүүлээгүй бол яах вэ? Одоо бол бүх л зүйл хөдөлчихсөн байна. Бас л монголчууд нэг баг болж ажиллаж чадаагүйн жишээ.

Энэ бүхэн гэрээ хэлэлцээр яаж хийх талаар эрх зүйн зохицуулалт манайд учир дутагдалтай байгааг харуулж байна уу?

Ер нь гэрээ хэлэлцээр яаж хийх талаар эрх зүйн зохицуулалтыг их сайжруулж өгөх ёстой юм. Гэрээ хэлэлцээр хийж болно. Түүнийгээ ил тод байлгах хэрэгтэй. Тавантолгой дээр гэхэд л ямар гэрээ хэлэлцээр хийж байгааг хүмүүс мэдэхгүй байна. Сайхан сайхан нэр хэлээд, том том компаниуд байна л гээд байдаг. Нөхцөлүүдээ ил болгочихвол бид алдана гэж албаны хүмүүс нь хэлдэг. Нууцлах зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ерөнхий хэлэлцээр хийх хүрээ нь ямар байгаа юм, үндсэн нөхцөлүүд нь юу юм гэдгээ хуулийн дагуу байлгах ёстой. Тэр нь хуулинд байж байх ёстой. Наймаалцахгүй зүйл гэж байх ёстой. Тэр наймаалцахгүй зүйлсээ бүгдийг ил хэлчих хэрэгтэй. Наймаалцах жижиг сажиг зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнийгээ нууцалдаг л юм байгаа биз.

Гэхдээ эцсийн дүндээ гэрээг гарын үсэг зурсны дараа заавал ил болгох ёстой. Яагаад Хөрөнгө оруулалтын гэрээг ил болгочихоод Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил болгохгүй байна. Тухайлбал, Тавантолгой дээр оператор компанитай ч юм уу үйлчилгээ үзүүлэх гэрээ хийх нь байна л даа. Түүнийгээ хоёр аж ахуйн нэгжийн хэрэг, өөрөөр хэлбэл “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компани болон өөр нэг компанийн хоорондын хэрэг гээд бас ил болгохгүй байх уу. Цаана нь эргээд л олон нийтийн өмч гэдэг асуудал яригдана. Ганц энэ шалтгаан л гэрээг заавал ил болгох шаардлага болж байгаа юм. Нөгөө талаасаа гэрээ ил болно гэдгийг мэдэж байвал хийж байгаа хүмүүс нь илүү хариуцлагатай хандах болно. Дараа ямар гэрээ байгуулсныг ард түмэн шүүнэ гэдгийг мэдэж байгаа хүний асуудалд хандах хандлага хүртэл өөрчлөгдөнө. Тэгж байж хариуцлага гэж яригдаад байгаа зүйл үүсэх болов уу гэж би боддог юм.

Гэрээнүүдийг заавал ил болгох хууль тогтоомж, эрх зүйн орчин хэрэгтэй байна. Одоо Ашигт малтмалын хуулийг өөрчлөх тухай ид яригдаж байна. Түүнд гэрээнүүдийг ил болгох асуудлыг оруулах ёстой. Жаахан халиад ярихад, Монголд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгаа. Уул уурхайд Тогтвортой байдлын тухай гэрээ гэж бий. Тогтвортой байдлын гэрээг үндсэндээ арваад жилийн дараа, ач холбогдол нь буурчихсан хойно л олон нийт ямар гэрээ байгуулагдсаныг мэдэж авлаа шүү дээ. Өмнө нь мэдэх арга байсангүй. Дээрээс нь “Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет” гээд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр явдаг аж ахуйн нэгжүүд байна. Тэд ямар нөхцөлөөр явдагийг хэн ч мэдэхгүй. Хэдэн мундаг хүмүүс, мэргэжилтнүүд нь л хааяа нэг тэр гэрээнд тийм зүйл орсон гэж ярьдгаас биш тэр гэрээг нь хэн ч үзээгүй. Газрын тосны салбарт гэхэд Бүтээгдэхүүн хуваах 10 гаруй гэрээ байна. Бүгд хаалттай.

Ер нь нийтийн өмчийг хаалттай хэлбэрээр зарцуулдаг энэ байдлаар удаан явахгүй ээ. Энд эргээд л эзэн менежер хоёрын хоорондын зөрчлийн асуудал гарч ирж байна. Эзэн нь ард түмэн байдаг, менежер нь төр засаг байдаг. Эзэндээ баялгийг нь, өмчийг нь яаж зарцуулж байгаагаа менежер харуулахыг хүсэхгүй байна шүү дээ. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй л дээ. Манайд мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж алга. Бидний жишээ татах дуртай Норвеги улсад гэхэд хувь хүн тухайн жилд ямар орлого олсон, хэдийг нь татварт төлснийг вэб сайтаас хэн ч ороод үзэх боломжтой. Нийгэмд нь тийм их итгэлцэл тогтсон байна. Тэр нийгэмд хүн би ийм ажил хийгээд, ийм ашиг олоод явж байна гэдгээсээ айх биш харин ч бахархаж байна. Монголд бол эсрэгээрээ. Хувь хүний татварыг нь больё л доо. Харин уул уурхай бол онцгой бизнес. Олон нийтийн эрх ашигт шууд нөлөөлдөг, олон нийтийн өмч дээр тулгуурласан бизнес. Дээрээс нь манайх шиг жижигхэн улсад уул уурхай эргээд төр засгийн шийдвэрт нөлөөлөх маш хүчтэй лобби болж хувирдаг. Нөгөө л баялгийн хараал энэ тэрийг тойрч гарах гээд байгаа бол ил тод байх дээр онцгой анхаарах ёстой.

Мөн гэрээ хэлэлцээрийг цаашид яаж явуулах вэ, ямар түвшинд гэрээ хэлэлцээр хийх хүмүүсээ бэлтгэж сургах вэ, ямар түвшинд тэр хүмүүсээ ажиллуулах вэ гэдгээ ч бодох ёстой юм.

Tuesday , April 2011 04:50:13 PM