Wednesday, May 18, 2011

Канадын банкууд Лондоны биржээс илүү үнэ санал болголоо



6 цаг 39 минутын өмнө
Канадын банкууд Лондоны биржээс илүү үнэ санал болголоо
Лондоны хөрөнгийн бирж Торонтогийн хөрөнгийн биржийг эзэмшихийн тулд 3.1 тэрбум долларын санал тавьж, үүнийгээ хоёрдугаар сард зарласан билээ. Лондоны биржийн энэхүү саналын эсрэг Канадын банкны консорциум хөдөлж эхэллээ.

Тус улсын томоохон дөрвөн банк, тэтгэврийн сантайгаа хамтран Торонтогийн биржийг худалдаж авахын тулд 3.7 тэрбум долларын санал тавьж буйгаа даваа гаригт мэдэгдэв. Энэ нь Лондоны саналаас 0.6 тэрбум доллараар илүү ашигтай санал юм. Лондоны бирж Торонтогийн биржийг худалдаж авах санал тавихад Канадын томоохон банкныхан эхнээсээ л хүчтэй эсэргүүцсэн. Тухайн үед банкны бүлэглэл тэтгэврийн сантай хамтран Торонтогийн биржийг худалдаж авах санал тавих эсэх талаар хэлэлцэж буйгаа мэдэгдэж байсан юм.

Тэдний дайралт Лондоны биржийн эргэлзээг улам ч нэмэгдүүлж байна. Учир нь Лондоны биржийн саналыг Канадын Засгийн газар хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Канадын банкууд “нутаг нэгт” бирждээ ашигтай санал тавьсан тухай мэдээлэл цацагдмагц Торонтогийн биржийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэгч “TMX”-ын хувьцаа даваа гаригт 6.02 хувиар өсч, 44.26 долларт хүрчээ. Банкууд болон тэтгэврийн сан нь “Maple Group Acquisition Corp” нэрийн дор нэгдсэн байна.

“Maple”-ийн үзэж буйгаар тэдний санал Торонтогийн биржид зардлаа хэмнэх төдийгүй олон улсын хэмжээнд өндөр өсөлттэй ажиллах боломжийг олгох ажээ. Нэгдэлд Канадын үндэсний банк, Bank of Nova Scotia, Toronto-Dominion Bank, Канадын Империал худалдааны банк, тэтгэврийн сангаас гадна гурван санхүүгийн байгууллага орж байгаа юм.

Канадад үйл явдал ийн өрнөж байхад нөгөө талд Нью-Йоркийн биржийг эзэмших зорилготой байсан “NASDAQ” саналаа эргүүлэн татах болсноо мэдэгджээ. Энэ үйл явдлаар Германы Дойче бирж, Нью-Йоркийн биржтэй нэгдэх эсэх нь илүү тодорхой болж буй юм. Харин Лондоны бирж Торонтогийн биржтэй нэгдэж чадахгүйд хүрвэл тэд “NASDAQ”-ыг чиглэж мэднэ гэж шинжээчид үзэж байна.

Б.Төгс

“Айвенхоу Майнз” 500 сая долларын алдагдал хүлээжээ

“Айвенхоу Майнз” 500 сая долларын алдагдал хүлээжээ


2011 оны 5-р сарын 17
“Айвенхоу Майнз” 500 сая долларын алдагдал хүлээжээ
“Айвенхоу Майнз” компани 2011 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа гаргажээ.

Тайлангийн дүнгээр “Айвенхоу Майнз” компани гуравдугаар сарын 31-ний байдлаар 492.5 сая долларын алдагдалтай ажиллажээ. Энэхүү алдагдлын 90 орчим хувь нь тус компанийн оны эхээр гаргасан нэмэлт хувьцааны нэрлэсэн үнийн өөрчлөлттэй холбоотойг онцолсон байна. Тус компани нэгдүгээр сард Оюутолгой төслийн санхүүжилтийн хүрээнд зөвхөн хувьцаа эзэмшигчдэд хөнгөлөлттэй үнээр зарах нөхцөл бүхий 1.2 тэрбум ам.долларын нэмэлт хувьцааны арилжаа /rights offering/ явуулсан юм. Энэхүү хувьцааны арилжаанаас тус компани 1.18 тэрбум ам.доллар босгосноо хоёрдугаар сарын 3-нд зарласан билээ.

Гуравдугаар сарын 31-ний байдлаар Оюутолгой төслийн барилга угсралтын ажил 15,1 хувьтай байсан нь 14.8 хувийн биелүүлэлтийн төлөвлөгөөнөөс ялимгүй давсан үзүүлэлт болохыг тайланд тэмдэглэжээ. Нэгдүгээр улиралд төсөлд нийт 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд баяжуулах үйлдвэрийг 2013 оны эхний хагаст ашиглалтад оруулах тухай дурджээ. Тус компани зэсийн баяжмалаа голчлон Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэхээр төлөвлөж буй юм.

Харин “Айвенхоу”-гийн 57 хувийн эзэмшлийн салбар компани “SouthGobi Resources” /SGQ/ нэгдүгээр улиралд нүүрсний худалдаанаас 20.2 сая долларын орлоготой ажилласан байна. Гэхдээ “SGQ” 2010 оны дөрөвдүгээр улиралд нүүрсний худалдаанаас 41.6 сая ам.долларын орлого олсонтой харьцуулахад энэ нь нэлээд буурсан үзүүлэлт аж. “SGQ” нь Өмнөговийн Овооттолгой уурхайд коксжих болон эрчим хүчний нүүрс олборлон, Хятад руу экспортолдог компани.

Одоо “Оюутолгой” төслийн үйлдвэр, уурхайн барилга угсралтын ажил ид өрнөж буйн зэрэгцээ дэд бүтцийн ажил ч давхар эхэлжээ. Саяхан тус компаниас зарласан Оюутолгой ордыг Гашуунсухайт боомттой холбох 96,8 км хатуу хучилттай зам барих тендерт “Монроуд”, “Алтайн зам” зэрэг компани шалгарч, хариуцан гүйцэтгэхээр болсон билээ. Үүнээс гадна эрчим хүчний шугам татах ажил ч эхлэх гэж байна. 2009 оны зургадугаар сард Монголын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” гурван талын үзэглэсэн гэрээний дагуу төслийн үйл ажиллагаа эхэлсэн эхний дөрвөн жилд эрчим хүчээ гадны эх үүсвэрээс авч болохоор тусгасан.

Энэ дагуу тус компани Хятадын хил рүү 95 км үргэлжлэх 220 КВт-ын шугам татах зөвшөөрлийг Монголын эрчим хүчний зохицуулах газраас авчээ. Шугамыг жилийн эцэс гэхэд татаж дуусахаар тооцоолсон байна. Харин дөрвөн жилийн дараагаас Оюутолгой төслийн эрчим хүчийг зөвхөн дотоодын эх үүсвэрээс хангах бөгөөд энэ хүрээнд цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буйгаа мэдэгджээ. ДЦС-ын барилгын ажил энэ оны сүүлээр эхлэх төлөвтэй буйг ч дурдсан байна.

Өнөөдрийн байдлаар “Айвенхоу Майнз”-ын хувьцаа 23.13 долларын ханштай байна. Энэ нь сар гаруйн өмнө хувьцааны ханш 27.45 доллар байсантай харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм.

Б.Төгсөө

Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв:

Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв: Говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах боломжтой
2011 оны 2-р сарын 24
Эрдэс баялаг эрчим хүчний яамны газрын дарга Т.Цэрэнпүрэвээс говийн эрчим хүчний хангамжийн талаар цөөхөн асуултад хариулт авлаа.

- Говийн бүсийг эрчим хүчээр хангах бодлого хэдий хугацаанд хэрэгжих вэ. Хэрэгжилт нь ямар байна?
-Говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдэх бодлогыг ЭБЭХЯ, Хөгжил шинэтгэлийн хороотой зөвшилцөөд Засгийн газарт оруулсан. Үүнд Тавантолгой орд дээр станц барихаар төлөвлөсөн. Энэ станц нь Тавантолгой, Оюутолгойн ордыг түшиглэж байгуулагдах үйлдвэр аж ахуйн газрууд, орон нутгийг эрчим хүчээр хангах юм. Энэ ажлаа эхлэхээс өмнө буюу богино хугацаанд БНХАУ-аас эрчим хүч импортолж Оюутолгойн эрчим хүчийг шийднэ гэж хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан байгаа. Ерөнхий том зургаар нь харвал Тавантолгойн ордыг түшиглэн барих станцаасаа говийн бүсийнхээ эрчим хүчийг хангах зорилготой байна. Мөн нийслэлээс Тавантолгой, Оюутолгойруу 220 кВ-ын шугам татах тендер зарлаж M-Cи-Эс Интернэйшнл ХХК ялж гүйцэтгэх болсон. Мөн Ухаа худаг дээр 62 МВт-ын хүчин чадалтай станц барихаас 12 МВт-ынхнь баригдаад дуусч байна. Цагаан суваргын ордыг Багануураас Чойроор дамжуулан цахилгаанаар хангах ажил зураг төслийнхөө шатанд явж байна. Цогцоор нь авч үзвэл говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах боломжтой юм. Цаашлаад эрчим хүч экспортлох боломж ч бүрдэх юм.
- Станц баригдахаас өмнө богино хугацаанд эрчим хүчний эрх үүсвэр бий болгохын тулд эхний ээлжинд нийслэлээс Мандалговь, Тавантолгойн чиглэлд эрчим хүчний агаарын шугам татах ажил эхэлж байгаа юм байна. Энэ ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?
- Тендерт ялсан компани шалгараад ажлаа эхлүүлж байна. Энэ шугамаар эхний ээлжинд эрчим хүчний хангалтыг хийх боломжтой болж байгаа юм. Тавантолгойд баригдах цахилгаан станцын ажил хараахан эхлээгүй судалгааны шатанд явж байгаа. Ер нь 4-5 жил шаардлагатай. Тэгэхээр Чойр, Мандалговь, Тавантолгойруу татах шугамын ажлыг хэрэгжүүлж дотоодын эх үүсвэрээс цахилгаанаар хангах хэрэгтэй.

- Төвийн эрчим хүчтэй холбогдсон шугамтай болохын ач холбогдол юу вэ?
- Энэ шугам ирээдүйд Тавантолгой буюу говийн бүсээс төвийн бүсээ эрчим хүчээр хангах юм. Тэгэхээр бид хоёр талын ач холбогдлыг харж байгаа. Тендерт шалгарсан компанийн хувьд өмнө ч ийм ажил хийж байсан. Дотоодын инженер техникийн ажилтнууд маань чадвартай энэ ажлыг хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх юм.

Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ

Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ


6 цаг 11 минутын өмнө
Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ
Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс үндэсний хөдөлгөөний дэмжигч, Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй ярилцлаа.

-Өмнөговь аймгийн байгаль экологид ноцтой аюул учраад байгаа талаар та тоо баримтаар өгүүлнэ гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Сүүлийн үед манайд эдийн засгийн алуурчид гэдэг үг хэллэг их сонсогдох боллоо. Энэ нь улс орны эдийн засагт хор уршигтай үйл ажиллагааг томъёолж хэлж байгаа хэллэг гэж би ойлгодог. Гэтэл орон нутагт эдийн засгийн алуурчдаас илүүтэйгээр экологийн алуурчид аюул учруулж байна.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд говийн нөхөн сэргээгдэшгүй эмзэг байгалийг үүрд устгаж амьтан ургамал, байгаль экологийг сүйрэлд оруулж байна.

Тухайлбал Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах зорилгоор Галбын говийн экосистемийн усан хангамжийн үндсэн эх үүсвэрүүдийг устгаж эхлээд байна. Орон нутгийн малчид, иргэд энэ талаар Оюутолгой төслийн холбогдох хүмүүст мэдэгдэхэд үл тоомсорлон тийм зүйл болох ёсгүй гэж зөрүү ташаа мэдээлэл өгч байна. Мандал-Овоо сумын нутагт байх “Олон-Овоот”-ын алтны уурхайг эзэмшигч “Жаст-Ойл” зэрэг компаниуд цианит натри мэтийн химийн хорт бодисыг технологийн горим зөрчин ашиглаж байгаагаас тухайн бүс нутгийн мал амьтан ургамалд олон жил сүйрэл учруулж байна. Орон нутгийн ард иргэдэд эдийн засгийн үр ашиг өгдөггүй юм гэхэд ядаж байгаль орчинд нь хор хөнөөлгүйгээр уул уурхайгаа хөгжүүлж болдоггүй юм уу гэж холбогдох хүмүүсээс нь асуумаар байна.

-Өмнөговийн хоёрхон сумын нутагт нийт лицензийн 10 хувьтай тэнцэх тооны лиценз олгосон талаар их ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Эх орон газар нутгаа худалдсан хэмээн эрх баригчдыг буруутгасан эвсэл хөдөлгөөнүүд болон иргэдийн дуу хоолой хаа сайгүй гарч байна. Энэ нь зарим талаараа ортой ч байж магадгүй. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтийн албан ёсоор мэдэгдэж байгаагаар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4077 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. Эдгээр лицензээр газрын доорх баялагтайгаа гадаад дотоодын хувь хүмүүсийн эзэмшилд очсон газрын нийт хэмжээ Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн найман аймгийн нийт газар нутагтай тэнцэх хэмжээний юм байна.

Зөвхөн Өмнөговь аймагт 489 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас Гурвантэс суманд гэхэд 84 лиценз олгосон байна. Цогтцэций сумын эртнээс тахин шүтэж ирсэн Цэций хайрханыг тойруулаад лиценз олгосон, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Сэврээ сумын “Уул гашуун” гэдэг газарт лиценз олгосон. Энэ мэт тахилга шүтлэгтэй уул хайрхан, тусгайлан хамгаалсан газар нутгийг үл харгалзан хавтгайруулан лиценз олгож, Өмнийнговийн газар нутгийг ихэнхийг нь зарчихсан юм биш үү.

Лиценз болгоны ард уурхай байгуулагдаж, уурхай болгоны ард гадаадын ажилчид орж ирэх нь мэдээж. Одоо Өмнөговь аймгийн уурхайнуудад ажиллаж байгаа гадаадын 2000 орчим ажилчин 8149 ажилчдыг нэмж тооцвол зөвхөн Ханбогд, Цогтцэций сумын нутагт 10 мянга гаруй гадаадын иргэд ажиллах болж байна. Өмнөговь аймгийн төв 10 гаруй мянган иргэнтэй. Түүнтэй бараг дүйцэх хэмжээний гэсэн үг.

-Уул уурхайн баялаг нутгийн иргэдэд хүртэхгүй байгаад нэлээд бухимдалтай ханддаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зөвхөн 2010 онд манай аймгаас нүүрс олборлодог таван хувийн компани 16 сая тонн нүүрс экспортлож, 887.6 сая ам долларын борлуулалт хийж, 500 орчим сая ам долларын цэвэр ашиг олсон байна. Энэ 500 сая ам долларыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Өмнөговь аймгийн 50 мянган иргэнд хувь тэнцүү хуваарилбал нэг хүнд 10 мянган ам доллар буюу 13 сая төгрөг ганц жилд ногдох учиртай. Цаашид дээрх уурхайнуудын олборлолт нэмэгдэхээс гадна хэзээ мөдгүй олборлолтоо эхлэх гэж байгаа Хүннү компанийн “Цант уул”-ын уурхай, QGX компанийн “Балгасны гол”-ын нүүрсний уурхайнуудын борлуулалтыг нэмж тооцох юм бол Өмнөговь аймгийн иргэд зөвхөн орон нутгийн нүүрсний уурхайнуудын борлуулалтаас жилдээ 20 орчим сая төгрөгийн ашиг хүртэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д зааснаар байгалийн баялаг нийт ард түмний мэдэлд байх ёстой юм бол Өмнөговь аймгийн стратегийн ордуудаас бусад ордуудын байгалийн баялаг орон нутгийн иргэдийн 100 хувийн мэдэлд байх учиртай. Энэ талаар иргэдтэйгээ хамтран эрчимтэй үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэддээ баялгаа эзэмших эрхийг нь баталгаажуулж өгөх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Нутгийн иргэд ч дэмжиж байгаа.

Ц.Мөнх

Хятадын компани Монголд уран олборлоно



1 цаг 41 минутын өмнө
Хятадын компани Монголд уран олборлоно
Монголын Дорнод аймгийн зүүн хойд хязгаарт орших 16 мянган тонн ураны нөөц бүхий Гурванбулаг ордыг эзэмшдэг “CNNC International” компани олборлолтын үйл ажиллагаагаа 2015 оноос эхлэх тухайгаа мэдэгдлээ.

Үүний өмнө тус компани Монголын Засгийн газартай ашиглалтын эрх авах талаар хэлэлцэх юм байна. Гурванбулаг орд нь Монголын стратегийн ордуудын нэг юм. “CNNC International” Хятадын төрийн өмчийн “China National Nuclear Corporation”-ы салбар компани бөгөөд метал цутгамалын үйлдвэрээ 159 сая хонконг доллараар зарснаа давхар мэдэгджээ. Уг шийдвэр нь түүхийн эдийн болон урсгал зардал нэмэгдсэнээс гадна ажиллах хүчний хүрэлцээгүй байдалтай холбоотой юм байна. Харин худалдаанаас олсон хөрөнгөө ураны хайгуул, худалдааны үйл ажиллагаандаа зарцуулахаар төлөвлөжээ.

Хэрэв Засгийн газартай хийх хэлэлцээр нь амжилттай болбол ураны төслийнхөө барилга угсралтын ажлыг тэд ирэх жилээс эхлүүлэн, 2015 оноос жилд 500 тонноос дээш хэмжээний уран олборлон, худалдах тухайгаа мэдээлжээ.

Тус компани нь Монголоос гадна Нигер дэх ураны төслийн 37.2 хувийг эзэмшдэг байна. CNNC International өмнө нь Гурванбулаг төслийг бүрэн эзэмшдэг Канадын “Western Prospector Group” компанийн 69.5 хувийг 2009 оны зургадугаар сард худалдаж авчээ. Дараа нь мөн оны наймдугаар сард үлдсэн 30.5 хувийг нь авсан байна. Энэхүү худалдааны хэлцлийг хийхээс өмнө дөрөвдүгээр сард “Western Prospector Group” нь тус компанийн хайгуулын хоёр лицензийг гурван сарын хугацаанд цуцлахаар болсон тухай мэдэгдлийг Ашигт Малтмалын газраас авч байжээ.

“Western Prospector Group” нь Гурванбулаг ордын хайгуулын ажлыг 2010 онд хийж дууссан аж. Үүний өмнө буюу 2008 оны 12-р сард тус компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар Гурванбулаг төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулснаа зарлаж байжээ. Удалгүй сарын дараа төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн дүнг мэдээлсэн байна. “Western Prospector”-ын эзэмшилд мөн Стратегийн “Мардай” ураны орд байдаг бөгөөд нэг мянга гаруй тонн ураны нөөцтэй юм.

Б.Төгсбилэгт

Говьд цахилгаан станц барих асуудлыг зургаадугаар сард багтаан шийдвэрлэнэ



1 цаг 27 минутын өмнө
Говьд цахилгаан станц барих асуудлыг зургаадугаар сард багтаан шийдвэрлэнэ
-Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ-

“Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтад учирч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан барилга, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг 6 дугаар сард багтаан шийдвэрлэж, энэ онд багтаан ажлыг нь эхлүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.

Цахилгаан станц барих хугацааг Засгийн газар ийнхүү нааш нь татаж барилгын ажлыг нэн даруй эхлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ дагуу станцыг хаана барихыг салбарын яам 6 дугаар сард багтаан шийдвэрлэх үүрэг хүлээж байна. Ингэснээр 2016-2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан станцын ажил 4 жилээр наашилж, 2012 он гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэж байгаа юм.

Говийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх цахилгаан станцыг Оюутолгой эсвэл Тавантолгойд барих гэсэн хоёр хувилбарыг холбогдох яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг судалж байна. Хэрвээ Тавантолгойд байхаар сонговол цахилгаан станцад шаардагдах урт хугацааны усан хангамжийг шийдвэрлэх, шаардлагатай нэмэлт судалгаа хийх, холбогдох Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ зэргийг ойрын үед хийх хэрэгтэй болж байгаа юм.

Харин “Оюутолгой” компани цахилгаан станцыг “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрөлтэй талбай болон түүний ойр орчим барих сонирхолтой байгаа бөгөөд ус, байгаль орчин, Техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой ажлаа тодорхой хэмжээнд хийжээ. Оюутолгойн барилгын ажил гүйцэтгэх хугацаанд шаардагдах эрчим хүчийг БНХАУ-аас авах шаардлагатай байгаа тул орд газраас Монгол-Хятадын хил хүртэл 220 киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам өгөөд байна.

Гэхдээ цаашид усны хоолой болон эрчим хүчний дамжуулах шугамын газар, төслийн богино хугацааны эрчим хүчний хангамж, цахилгаан станц барих асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хөрөнгө оруулагч компанийн удирдлагууд Засгийн газраас хүсчээ. Асуудлыг энэ сарын 30-31-нд Бээжин хотноо болох хоёр улсын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцахаар төлөвлөөд байна. Хэрвээ тодорхой шийдэлд хүрэхгүй бол төслийн хэрэгжилт тодорхой хугацаагаар хойшлох, санхүүжилтийн талаар хөрөнгө оруулагч талууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хооронд хийж байгаа яриа хэлэлцээнд сөргөөх нөлөөлөх, улмаар 2011 оны сүүлээр төсөл санхүүжилтгүй болох нөхцөл үүсч болзошгүй болжээ.

Иймээс “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг 6 дугаар сард багтаан шийдвэрлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа. “Оюутолгой” төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийх барилга, угсралтын ажил 3 дугаар сарын эцсийн байдлаар төлөвлөсний дагуу 15 хувьтай байна. Орд газрыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу олборлолтыг 2013 онд эхлэхээр төлөвлөж байсан ч барилгын ажил, хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар 2012 онд олборлолтоо эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Инфляци хэзээ багаа хуулах бол?



7 цаг 1 минутын өмнө
Инфляци хэзээ багаа хуулах бол?
Дэлхийн банк: Оны эцэст инфляци 20 хувь давах магадлал өндөр.

Монгол банк:
Үгүй, бид инфляцийг нэг оронтой тоонд барьж чадна, тийм боломж бий… Он гараад Дэлхийн банк, ОУВС-гийн эсрэг Монгол банк ийн зоригтой дуугарч байв. Монгол банк ингэж зоригтой дуугарсан нь цаанаа шалтгаантай байж таарна. Юуны түрүүнд өнгөрсөн онд инфляцийг төсөөлж байснаас бага түвшинд буюу 13 хувьд барьж барианд орсон нь тэдэнд том итгэл өгсөн биз. Нөгөөтэйгүүр Монгол банк үнэхээр бодит тооцоон дээр үндэслэн эсэргүүцэж байна уу, эсвэл халуун сэдвийг улс төрийн зорилгоор намжаах гэж ийн мэдэгдэв үү гэсэн асуулт хариултгүй үлдэж байгаа юм.

Өнгөц харвал өнөөдөр инфляци тийм ч муу үзүүлэлттэй биш байна. Дөрөвдүгээр сарын эцсээр инфляци жилийн 5.5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 3 хувиар, харин өнгөрсөн сарынхаас 2.5 хувиар буурсан үзүүлэлт. Тэгвэл 5.5 хувь гэсэн энэ тоо зүгээр л өнгөлөн далдалсан баг, удахгүй уг үзүүлэлт хадуурах болно гэсэн мэргэжилтнүүд ч байгаа юм.

Дөрөвдүгээр сард Монгол банк бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөж, 11.5 болгосон. Инфляци буурч байхад яагаад бодлогын хүүг өсгөв, зээлийг боомилох гэсэн Төв банкны бодлого ямар учиртай вэ гэх мэтээр уг арга хэмжээ багагүй шүүмжлэл маргаан дагуулсан. Гэхдээ Төв банк бодлогын хүүгээ зүгээр хийх юм аа олж ядаад, эсвэл хэн нэгний дургүйг хүргэх зорилгоор нэмээгүй нь ойлгомжтой. Гуравдугаар улирлаас эдийн засаг халж эхлэх, зүгээр ч нэг халалт биш бүр ноцтой аюул дагуулж болохуйц нөхцөл үүсээд байгааг Төв банк олж харсан бололтой. Дэлхийн банк тун саявтар энэ оны нэгдүгээр улиралд манай эдийн засагт хийсэн шинжилгээгээ олон нийтэд мэдээлсэн. “2011 оны төсөв хэт тэлсний улмаас эдгээр адил төстэй шинжүүд багагүй анхаарал татаж байна.

Төсвийн төлөвлөгөөнд их хэмжээний бэлэн мөнгө тараах, цалин ба үнийн хэлбэрээр 2011 оны хоёрдугаар хагаст үнийн өсөлтөд хоёр дахь томоохон эрсдэлийг авчирч болзошгүй” хэмээн Дэлхийн банк тайландаа дурджээ. Дэлхийн банкны шинжээчдийн үзсэнчлэн энэ зуны нартай зэрэгцэх эдийн засгийн халалт нь мөнгөний нийлүүлэлтийн огцом өсөлт, түүнийг дагасан зээлийн өсөлт, үнийн хөөрөгдөлтэй хэмжигдэх болно.

Дээр хэлсэнчлэн 5.5 хувийн инфляци зөвхөн өнгөлөн далдалсан баг бөгөөд Монгол банкны дөрөвдүгээр сарын мэдээнд Улаанбаатар хотын инфляци 2011 оны гуравдугаар сарын байдлаар жилийн 7.4 хувь болсон нь өнгөрсөн өвлийн инфляцийн гол суурь болсон махны үнийн бууралтаас шалтгаалсан огцом бууралт гэжээ. Улаанбаатар хотын инфляци нэгдүгээр сард 14.3, хоёрдугаар сард 10.9 байсан бол дөрөвдүгээр сард бүр буурч 4.2 хувьтай байна. Харин суурь инфляци буюу хүнсний бүлгийн гол барааг хэрэглээний сагснаас хасч тооцсон инфляци 2011 оны гуравдугаар сарын байдлаар 7.9 хувьтай болж, ерөнхий инфляцийн түвшингээс өндөр гарсан аж.

Суурь инфляци ийнхүү ерөнхий инфляцийн түвшингээс давж гарах нь мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци бий болж буйг харуулж байгаа хэрэг хэмээн Монгол банк үзэж, бодлогын хүүгээ нэмсэн хэрэг. Үүнд бас нэг анзаарахгүй өнгөрч болохгүй зүйл нь өнгөрсөн саруудад махнаас бусад цахилгаан, дулаан, шатахуун гээд бараг бүх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэн байх юм. Засгийн газар нөөцийн махыг худалдаанд гаргаж, үнийн өсөлтийг нь буулгасан ч цахилгаан дулааны үнийг нэмэх шийдвэр гаргасан, хариуцлагагүй байдлаасаа болж нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн гээд нэг гараараа инфляцийг бууруулж, нөгөө гараараа инфляци өсөх нөхцөлийг бүрдүүлээд байх шиг.

Нэгэнт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь зуны халуунтай зэрэгцээд эдийн засгийн халалт үүсгэх нь бараг тодорхой болчихжээ. Гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 67 хувиар буюу 1.98 их наяд төгрөгөөр өсч цаашид ч өсөх хүлээлттэй байна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр арилжааны банкуудаас гарах зээлийн хэмжээ ч огцом нэмэгдэх болжээ.

Нэгдүгээр улирлын зээл олголт өмнөх жилийн мөн үеийнхээс 30 гаруй хувиар өссөн, уг өсөлтийн дийлэнхийг нь хэрэглээний зээл эзэлсэн гэсэн судалгаа гарчээ. Зээлийн хурдтай өсөлт болон төсвийн өндөр зардал мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцийг нэмэгдүүлэх дарамтыг учруулсаар байх болно гэдгийг Төв банк хүлээн зөвшөөрсөн юм. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилбэл инфляци нэг оронтой тооноос давж 15-20 хувь ч хүрч болзошгүй гэсэн таамаглалыг Монгол банкныхан гаргаад байна.

Мөнгөний нийлүүлэлтийн цөмийг гадаадаас орж ирж байгаа валютын урсгал бүрдүүлж байгаагийн дээр Засгийн газрын төсвийн тэлэлт том хачир болж байгаа. Өнгөрсөн намар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн бол саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн, ирэх намар оюутнуудын сургалтын төлбөрт зориулан 500 мянган төгрөгийг Төрийн сангаас гаргана гээд эдийн засгийг буцалгах шалтгаан мундахгүй. Энэ бүхний дээр Хөгжлийн банк үүдээ нээж, ондоо багтаан 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Тэрхүү бондыг дотоодын зах зээл шингээж дийлэхгүй болохоор хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол банк оролцож таарна.

Мөн ноолуурын салбарыг дэмжих 110 тэрбумын бондыг ч Монгол банк авахаас өөр замгүй бөгөөд эдгээр нь Монгол банк инфляциас хамгаалж зах зээлээс татсан мөнгөө буцаагаад нийлүүлж байгаа хэрэг. Үүн дээр Тавантолгойн хэлэлцээрээс орж ирэх урьдчилгаа төлбөр, стратегийн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт, бас энэ жилдээ багтаан олон улсын бирж дээр IPO хийхээр төлөвлөж байгаа хувийн компаниудын орлого, зэс, нүүрсний экспортын үлэмж нэмэгдэл гээд манай жижигхэн эдийн засаг руу мөнгө цутгах шиг болно. Энэ бүх урсгалыг тооцож үзээд Монгол банк мөнгөний нийлүүлэлтэд хяналт тавьж чадахгүй нь гэдгээ мэдэрч тэвдэж буй бололтой. Төв банкны зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлаж чадахгүй, бууж өгч байгаа гэнэ.

Ганцхан жилийн дотор их наядаар тоологдох мөнгө эдийн засаг руу орох тооцоотой байгаа болохоор инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг бараг бүтэшгүй мөрөөдөл гэсэн үг. Хэдий Монгол банк байдал энэ хэвээрээ үргэлжилбэл инфляци 15-20 хувьд хүрч болзошгүй гэж таамагласан боловч ч өдгөө эдийн засгийн хэт халалтын аюулыг зогсоох ямар боломж бийг тодорхой хэлэх хүн алга. Гадаадаас орж ирэх валютын урсгал илт нэмэгдэж байна. Засгийн газар ч эдийн засаг руу мөнгийг цутгаж байна. Энэ хоёрын нийлбэрийн дэргэд Төв банкны бодлогын хүү жулдаж таарах биз ээ. Эдийн засаг тэнцвэр алдаж эхэллээ.

С.Болд-Эрдэнэ