Wednesday, May 18, 2011

Инфляци хэзээ багаа хуулах бол?



7 цаг 1 минутын өмнө
Инфляци хэзээ багаа хуулах бол?
Дэлхийн банк: Оны эцэст инфляци 20 хувь давах магадлал өндөр.

Монгол банк:
Үгүй, бид инфляцийг нэг оронтой тоонд барьж чадна, тийм боломж бий… Он гараад Дэлхийн банк, ОУВС-гийн эсрэг Монгол банк ийн зоригтой дуугарч байв. Монгол банк ингэж зоригтой дуугарсан нь цаанаа шалтгаантай байж таарна. Юуны түрүүнд өнгөрсөн онд инфляцийг төсөөлж байснаас бага түвшинд буюу 13 хувьд барьж барианд орсон нь тэдэнд том итгэл өгсөн биз. Нөгөөтэйгүүр Монгол банк үнэхээр бодит тооцоон дээр үндэслэн эсэргүүцэж байна уу, эсвэл халуун сэдвийг улс төрийн зорилгоор намжаах гэж ийн мэдэгдэв үү гэсэн асуулт хариултгүй үлдэж байгаа юм.

Өнгөц харвал өнөөдөр инфляци тийм ч муу үзүүлэлттэй биш байна. Дөрөвдүгээр сарын эцсээр инфляци жилийн 5.5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 3 хувиар, харин өнгөрсөн сарынхаас 2.5 хувиар буурсан үзүүлэлт. Тэгвэл 5.5 хувь гэсэн энэ тоо зүгээр л өнгөлөн далдалсан баг, удахгүй уг үзүүлэлт хадуурах болно гэсэн мэргэжилтнүүд ч байгаа юм.

Дөрөвдүгээр сард Монгол банк бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөж, 11.5 болгосон. Инфляци буурч байхад яагаад бодлогын хүүг өсгөв, зээлийг боомилох гэсэн Төв банкны бодлого ямар учиртай вэ гэх мэтээр уг арга хэмжээ багагүй шүүмжлэл маргаан дагуулсан. Гэхдээ Төв банк бодлогын хүүгээ зүгээр хийх юм аа олж ядаад, эсвэл хэн нэгний дургүйг хүргэх зорилгоор нэмээгүй нь ойлгомжтой. Гуравдугаар улирлаас эдийн засаг халж эхлэх, зүгээр ч нэг халалт биш бүр ноцтой аюул дагуулж болохуйц нөхцөл үүсээд байгааг Төв банк олж харсан бололтой. Дэлхийн банк тун саявтар энэ оны нэгдүгээр улиралд манай эдийн засагт хийсэн шинжилгээгээ олон нийтэд мэдээлсэн. “2011 оны төсөв хэт тэлсний улмаас эдгээр адил төстэй шинжүүд багагүй анхаарал татаж байна.

Төсвийн төлөвлөгөөнд их хэмжээний бэлэн мөнгө тараах, цалин ба үнийн хэлбэрээр 2011 оны хоёрдугаар хагаст үнийн өсөлтөд хоёр дахь томоохон эрсдэлийг авчирч болзошгүй” хэмээн Дэлхийн банк тайландаа дурджээ. Дэлхийн банкны шинжээчдийн үзсэнчлэн энэ зуны нартай зэрэгцэх эдийн засгийн халалт нь мөнгөний нийлүүлэлтийн огцом өсөлт, түүнийг дагасан зээлийн өсөлт, үнийн хөөрөгдөлтэй хэмжигдэх болно.

Дээр хэлсэнчлэн 5.5 хувийн инфляци зөвхөн өнгөлөн далдалсан баг бөгөөд Монгол банкны дөрөвдүгээр сарын мэдээнд Улаанбаатар хотын инфляци 2011 оны гуравдугаар сарын байдлаар жилийн 7.4 хувь болсон нь өнгөрсөн өвлийн инфляцийн гол суурь болсон махны үнийн бууралтаас шалтгаалсан огцом бууралт гэжээ. Улаанбаатар хотын инфляци нэгдүгээр сард 14.3, хоёрдугаар сард 10.9 байсан бол дөрөвдүгээр сард бүр буурч 4.2 хувьтай байна. Харин суурь инфляци буюу хүнсний бүлгийн гол барааг хэрэглээний сагснаас хасч тооцсон инфляци 2011 оны гуравдугаар сарын байдлаар 7.9 хувьтай болж, ерөнхий инфляцийн түвшингээс өндөр гарсан аж.

Суурь инфляци ийнхүү ерөнхий инфляцийн түвшингээс давж гарах нь мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци бий болж буйг харуулж байгаа хэрэг хэмээн Монгол банк үзэж, бодлогын хүүгээ нэмсэн хэрэг. Үүнд бас нэг анзаарахгүй өнгөрч болохгүй зүйл нь өнгөрсөн саруудад махнаас бусад цахилгаан, дулаан, шатахуун гээд бараг бүх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэн байх юм. Засгийн газар нөөцийн махыг худалдаанд гаргаж, үнийн өсөлтийг нь буулгасан ч цахилгаан дулааны үнийг нэмэх шийдвэр гаргасан, хариуцлагагүй байдлаасаа болж нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн гээд нэг гараараа инфляцийг бууруулж, нөгөө гараараа инфляци өсөх нөхцөлийг бүрдүүлээд байх шиг.

Нэгэнт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь зуны халуунтай зэрэгцээд эдийн засгийн халалт үүсгэх нь бараг тодорхой болчихжээ. Гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 67 хувиар буюу 1.98 их наяд төгрөгөөр өсч цаашид ч өсөх хүлээлттэй байна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр арилжааны банкуудаас гарах зээлийн хэмжээ ч огцом нэмэгдэх болжээ.

Нэгдүгээр улирлын зээл олголт өмнөх жилийн мөн үеийнхээс 30 гаруй хувиар өссөн, уг өсөлтийн дийлэнхийг нь хэрэглээний зээл эзэлсэн гэсэн судалгаа гарчээ. Зээлийн хурдтай өсөлт болон төсвийн өндөр зардал мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцийг нэмэгдүүлэх дарамтыг учруулсаар байх болно гэдгийг Төв банк хүлээн зөвшөөрсөн юм. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилбэл инфляци нэг оронтой тооноос давж 15-20 хувь ч хүрч болзошгүй гэсэн таамаглалыг Монгол банкныхан гаргаад байна.

Мөнгөний нийлүүлэлтийн цөмийг гадаадаас орж ирж байгаа валютын урсгал бүрдүүлж байгаагийн дээр Засгийн газрын төсвийн тэлэлт том хачир болж байгаа. Өнгөрсөн намар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн бол саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн, ирэх намар оюутнуудын сургалтын төлбөрт зориулан 500 мянган төгрөгийг Төрийн сангаас гаргана гээд эдийн засгийг буцалгах шалтгаан мундахгүй. Энэ бүхний дээр Хөгжлийн банк үүдээ нээж, ондоо багтаан 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Тэрхүү бондыг дотоодын зах зээл шингээж дийлэхгүй болохоор хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол банк оролцож таарна.

Мөн ноолуурын салбарыг дэмжих 110 тэрбумын бондыг ч Монгол банк авахаас өөр замгүй бөгөөд эдгээр нь Монгол банк инфляциас хамгаалж зах зээлээс татсан мөнгөө буцаагаад нийлүүлж байгаа хэрэг. Үүн дээр Тавантолгойн хэлэлцээрээс орж ирэх урьдчилгаа төлбөр, стратегийн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт, бас энэ жилдээ багтаан олон улсын бирж дээр IPO хийхээр төлөвлөж байгаа хувийн компаниудын орлого, зэс, нүүрсний экспортын үлэмж нэмэгдэл гээд манай жижигхэн эдийн засаг руу мөнгө цутгах шиг болно. Энэ бүх урсгалыг тооцож үзээд Монгол банк мөнгөний нийлүүлэлтэд хяналт тавьж чадахгүй нь гэдгээ мэдэрч тэвдэж буй бололтой. Төв банкны зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлаж чадахгүй, бууж өгч байгаа гэнэ.

Ганцхан жилийн дотор их наядаар тоологдох мөнгө эдийн засаг руу орох тооцоотой байгаа болохоор инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг бараг бүтэшгүй мөрөөдөл гэсэн үг. Хэдий Монгол банк байдал энэ хэвээрээ үргэлжилбэл инфляци 15-20 хувьд хүрч болзошгүй гэж таамагласан боловч ч өдгөө эдийн засгийн хэт халалтын аюулыг зогсоох ямар боломж бийг тодорхой хэлэх хүн алга. Гадаадаас орж ирэх валютын урсгал илт нэмэгдэж байна. Засгийн газар ч эдийн засаг руу мөнгийг цутгаж байна. Энэ хоёрын нийлбэрийн дэргэд Төв банкны бодлогын хүү жулдаж таарах биз ээ. Эдийн засаг тэнцвэр алдаж эхэллээ.

С.Болд-Эрдэнэ

No comments:

Post a Comment