Wednesday, May 18, 2011

Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв:

Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв: Говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах боломжтой
2011 оны 2-р сарын 24
Эрдэс баялаг эрчим хүчний яамны газрын дарга Т.Цэрэнпүрэвээс говийн эрчим хүчний хангамжийн талаар цөөхөн асуултад хариулт авлаа.

- Говийн бүсийг эрчим хүчээр хангах бодлого хэдий хугацаанд хэрэгжих вэ. Хэрэгжилт нь ямар байна?
-Говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдэх бодлогыг ЭБЭХЯ, Хөгжил шинэтгэлийн хороотой зөвшилцөөд Засгийн газарт оруулсан. Үүнд Тавантолгой орд дээр станц барихаар төлөвлөсөн. Энэ станц нь Тавантолгой, Оюутолгойн ордыг түшиглэж байгуулагдах үйлдвэр аж ахуйн газрууд, орон нутгийг эрчим хүчээр хангах юм. Энэ ажлаа эхлэхээс өмнө буюу богино хугацаанд БНХАУ-аас эрчим хүч импортолж Оюутолгойн эрчим хүчийг шийднэ гэж хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан байгаа. Ерөнхий том зургаар нь харвал Тавантолгойн ордыг түшиглэн барих станцаасаа говийн бүсийнхээ эрчим хүчийг хангах зорилготой байна. Мөн нийслэлээс Тавантолгой, Оюутолгойруу 220 кВ-ын шугам татах тендер зарлаж M-Cи-Эс Интернэйшнл ХХК ялж гүйцэтгэх болсон. Мөн Ухаа худаг дээр 62 МВт-ын хүчин чадалтай станц барихаас 12 МВт-ынхнь баригдаад дуусч байна. Цагаан суваргын ордыг Багануураас Чойроор дамжуулан цахилгаанаар хангах ажил зураг төслийнхөө шатанд явж байна. Цогцоор нь авч үзвэл говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах боломжтой юм. Цаашлаад эрчим хүч экспортлох боломж ч бүрдэх юм.
- Станц баригдахаас өмнө богино хугацаанд эрчим хүчний эрх үүсвэр бий болгохын тулд эхний ээлжинд нийслэлээс Мандалговь, Тавантолгойн чиглэлд эрчим хүчний агаарын шугам татах ажил эхэлж байгаа юм байна. Энэ ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?
- Тендерт ялсан компани шалгараад ажлаа эхлүүлж байна. Энэ шугамаар эхний ээлжинд эрчим хүчний хангалтыг хийх боломжтой болж байгаа юм. Тавантолгойд баригдах цахилгаан станцын ажил хараахан эхлээгүй судалгааны шатанд явж байгаа. Ер нь 4-5 жил шаардлагатай. Тэгэхээр Чойр, Мандалговь, Тавантолгойруу татах шугамын ажлыг хэрэгжүүлж дотоодын эх үүсвэрээс цахилгаанаар хангах хэрэгтэй.

- Төвийн эрчим хүчтэй холбогдсон шугамтай болохын ач холбогдол юу вэ?
- Энэ шугам ирээдүйд Тавантолгой буюу говийн бүсээс төвийн бүсээ эрчим хүчээр хангах юм. Тэгэхээр бид хоёр талын ач холбогдлыг харж байгаа. Тендерт шалгарсан компанийн хувьд өмнө ч ийм ажил хийж байсан. Дотоодын инженер техникийн ажилтнууд маань чадвартай энэ ажлыг хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх юм.

No comments:

Post a Comment