Wednesday, May 18, 2011

Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ

Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ


6 цаг 11 минутын өмнө
Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ
Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс үндэсний хөдөлгөөний дэмжигч, Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй ярилцлаа.

-Өмнөговь аймгийн байгаль экологид ноцтой аюул учраад байгаа талаар та тоо баримтаар өгүүлнэ гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Сүүлийн үед манайд эдийн засгийн алуурчид гэдэг үг хэллэг их сонсогдох боллоо. Энэ нь улс орны эдийн засагт хор уршигтай үйл ажиллагааг томъёолж хэлж байгаа хэллэг гэж би ойлгодог. Гэтэл орон нутагт эдийн засгийн алуурчдаас илүүтэйгээр экологийн алуурчид аюул учруулж байна.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд говийн нөхөн сэргээгдэшгүй эмзэг байгалийг үүрд устгаж амьтан ургамал, байгаль экологийг сүйрэлд оруулж байна.

Тухайлбал Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах зорилгоор Галбын говийн экосистемийн усан хангамжийн үндсэн эх үүсвэрүүдийг устгаж эхлээд байна. Орон нутгийн малчид, иргэд энэ талаар Оюутолгой төслийн холбогдох хүмүүст мэдэгдэхэд үл тоомсорлон тийм зүйл болох ёсгүй гэж зөрүү ташаа мэдээлэл өгч байна. Мандал-Овоо сумын нутагт байх “Олон-Овоот”-ын алтны уурхайг эзэмшигч “Жаст-Ойл” зэрэг компаниуд цианит натри мэтийн химийн хорт бодисыг технологийн горим зөрчин ашиглаж байгаагаас тухайн бүс нутгийн мал амьтан ургамалд олон жил сүйрэл учруулж байна. Орон нутгийн ард иргэдэд эдийн засгийн үр ашиг өгдөггүй юм гэхэд ядаж байгаль орчинд нь хор хөнөөлгүйгээр уул уурхайгаа хөгжүүлж болдоггүй юм уу гэж холбогдох хүмүүсээс нь асуумаар байна.

-Өмнөговийн хоёрхон сумын нутагт нийт лицензийн 10 хувьтай тэнцэх тооны лиценз олгосон талаар их ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Эх орон газар нутгаа худалдсан хэмээн эрх баригчдыг буруутгасан эвсэл хөдөлгөөнүүд болон иргэдийн дуу хоолой хаа сайгүй гарч байна. Энэ нь зарим талаараа ортой ч байж магадгүй. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтийн албан ёсоор мэдэгдэж байгаагаар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4077 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. Эдгээр лицензээр газрын доорх баялагтайгаа гадаад дотоодын хувь хүмүүсийн эзэмшилд очсон газрын нийт хэмжээ Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн найман аймгийн нийт газар нутагтай тэнцэх хэмжээний юм байна.

Зөвхөн Өмнөговь аймагт 489 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас Гурвантэс суманд гэхэд 84 лиценз олгосон байна. Цогтцэций сумын эртнээс тахин шүтэж ирсэн Цэций хайрханыг тойруулаад лиценз олгосон, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Сэврээ сумын “Уул гашуун” гэдэг газарт лиценз олгосон. Энэ мэт тахилга шүтлэгтэй уул хайрхан, тусгайлан хамгаалсан газар нутгийг үл харгалзан хавтгайруулан лиценз олгож, Өмнийнговийн газар нутгийг ихэнхийг нь зарчихсан юм биш үү.

Лиценз болгоны ард уурхай байгуулагдаж, уурхай болгоны ард гадаадын ажилчид орж ирэх нь мэдээж. Одоо Өмнөговь аймгийн уурхайнуудад ажиллаж байгаа гадаадын 2000 орчим ажилчин 8149 ажилчдыг нэмж тооцвол зөвхөн Ханбогд, Цогтцэций сумын нутагт 10 мянга гаруй гадаадын иргэд ажиллах болж байна. Өмнөговь аймгийн төв 10 гаруй мянган иргэнтэй. Түүнтэй бараг дүйцэх хэмжээний гэсэн үг.

-Уул уурхайн баялаг нутгийн иргэдэд хүртэхгүй байгаад нэлээд бухимдалтай ханддаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зөвхөн 2010 онд манай аймгаас нүүрс олборлодог таван хувийн компани 16 сая тонн нүүрс экспортлож, 887.6 сая ам долларын борлуулалт хийж, 500 орчим сая ам долларын цэвэр ашиг олсон байна. Энэ 500 сая ам долларыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Өмнөговь аймгийн 50 мянган иргэнд хувь тэнцүү хуваарилбал нэг хүнд 10 мянган ам доллар буюу 13 сая төгрөг ганц жилд ногдох учиртай. Цаашид дээрх уурхайнуудын олборлолт нэмэгдэхээс гадна хэзээ мөдгүй олборлолтоо эхлэх гэж байгаа Хүннү компанийн “Цант уул”-ын уурхай, QGX компанийн “Балгасны гол”-ын нүүрсний уурхайнуудын борлуулалтыг нэмж тооцох юм бол Өмнөговь аймгийн иргэд зөвхөн орон нутгийн нүүрсний уурхайнуудын борлуулалтаас жилдээ 20 орчим сая төгрөгийн ашиг хүртэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д зааснаар байгалийн баялаг нийт ард түмний мэдэлд байх ёстой юм бол Өмнөговь аймгийн стратегийн ордуудаас бусад ордуудын байгалийн баялаг орон нутгийн иргэдийн 100 хувийн мэдэлд байх учиртай. Энэ талаар иргэдтэйгээ хамтран эрчимтэй үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэддээ баялгаа эзэмших эрхийг нь баталгаажуулж өгөх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Нутгийн иргэд ч дэмжиж байгаа.

Ц.Мөнх

No comments:

Post a Comment