Wednesday, May 18, 2011

Хятадын компани Монголд уран олборлоно



1 цаг 41 минутын өмнө
Хятадын компани Монголд уран олборлоно
Монголын Дорнод аймгийн зүүн хойд хязгаарт орших 16 мянган тонн ураны нөөц бүхий Гурванбулаг ордыг эзэмшдэг “CNNC International” компани олборлолтын үйл ажиллагаагаа 2015 оноос эхлэх тухайгаа мэдэгдлээ.

Үүний өмнө тус компани Монголын Засгийн газартай ашиглалтын эрх авах талаар хэлэлцэх юм байна. Гурванбулаг орд нь Монголын стратегийн ордуудын нэг юм. “CNNC International” Хятадын төрийн өмчийн “China National Nuclear Corporation”-ы салбар компани бөгөөд метал цутгамалын үйлдвэрээ 159 сая хонконг доллараар зарснаа давхар мэдэгджээ. Уг шийдвэр нь түүхийн эдийн болон урсгал зардал нэмэгдсэнээс гадна ажиллах хүчний хүрэлцээгүй байдалтай холбоотой юм байна. Харин худалдаанаас олсон хөрөнгөө ураны хайгуул, худалдааны үйл ажиллагаандаа зарцуулахаар төлөвлөжээ.

Хэрэв Засгийн газартай хийх хэлэлцээр нь амжилттай болбол ураны төслийнхөө барилга угсралтын ажлыг тэд ирэх жилээс эхлүүлэн, 2015 оноос жилд 500 тонноос дээш хэмжээний уран олборлон, худалдах тухайгаа мэдээлжээ.

Тус компани нь Монголоос гадна Нигер дэх ураны төслийн 37.2 хувийг эзэмшдэг байна. CNNC International өмнө нь Гурванбулаг төслийг бүрэн эзэмшдэг Канадын “Western Prospector Group” компанийн 69.5 хувийг 2009 оны зургадугаар сард худалдаж авчээ. Дараа нь мөн оны наймдугаар сард үлдсэн 30.5 хувийг нь авсан байна. Энэхүү худалдааны хэлцлийг хийхээс өмнө дөрөвдүгээр сард “Western Prospector Group” нь тус компанийн хайгуулын хоёр лицензийг гурван сарын хугацаанд цуцлахаар болсон тухай мэдэгдлийг Ашигт Малтмалын газраас авч байжээ.

“Western Prospector Group” нь Гурванбулаг ордын хайгуулын ажлыг 2010 онд хийж дууссан аж. Үүний өмнө буюу 2008 оны 12-р сард тус компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар Гурванбулаг төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулснаа зарлаж байжээ. Удалгүй сарын дараа төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн дүнг мэдээлсэн байна. “Western Prospector”-ын эзэмшилд мөн Стратегийн “Мардай” ураны орд байдаг бөгөөд нэг мянга гаруй тонн ураны нөөцтэй юм.

Б.Төгсбилэгт

No comments:

Post a Comment