Wednesday, May 18, 2011

Канадын банкууд Лондоны биржээс илүү үнэ санал болголоо



6 цаг 39 минутын өмнө
Канадын банкууд Лондоны биржээс илүү үнэ санал болголоо
Лондоны хөрөнгийн бирж Торонтогийн хөрөнгийн биржийг эзэмшихийн тулд 3.1 тэрбум долларын санал тавьж, үүнийгээ хоёрдугаар сард зарласан билээ. Лондоны биржийн энэхүү саналын эсрэг Канадын банкны консорциум хөдөлж эхэллээ.

Тус улсын томоохон дөрвөн банк, тэтгэврийн сантайгаа хамтран Торонтогийн биржийг худалдаж авахын тулд 3.7 тэрбум долларын санал тавьж буйгаа даваа гаригт мэдэгдэв. Энэ нь Лондоны саналаас 0.6 тэрбум доллараар илүү ашигтай санал юм. Лондоны бирж Торонтогийн биржийг худалдаж авах санал тавихад Канадын томоохон банкныхан эхнээсээ л хүчтэй эсэргүүцсэн. Тухайн үед банкны бүлэглэл тэтгэврийн сантай хамтран Торонтогийн биржийг худалдаж авах санал тавих эсэх талаар хэлэлцэж буйгаа мэдэгдэж байсан юм.

Тэдний дайралт Лондоны биржийн эргэлзээг улам ч нэмэгдүүлж байна. Учир нь Лондоны биржийн саналыг Канадын Засгийн газар хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Канадын банкууд “нутаг нэгт” бирждээ ашигтай санал тавьсан тухай мэдээлэл цацагдмагц Торонтогийн биржийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэгч “TMX”-ын хувьцаа даваа гаригт 6.02 хувиар өсч, 44.26 долларт хүрчээ. Банкууд болон тэтгэврийн сан нь “Maple Group Acquisition Corp” нэрийн дор нэгдсэн байна.

“Maple”-ийн үзэж буйгаар тэдний санал Торонтогийн биржид зардлаа хэмнэх төдийгүй олон улсын хэмжээнд өндөр өсөлттэй ажиллах боломжийг олгох ажээ. Нэгдэлд Канадын үндэсний банк, Bank of Nova Scotia, Toronto-Dominion Bank, Канадын Империал худалдааны банк, тэтгэврийн сангаас гадна гурван санхүүгийн байгууллага орж байгаа юм.

Канадад үйл явдал ийн өрнөж байхад нөгөө талд Нью-Йоркийн биржийг эзэмших зорилготой байсан “NASDAQ” саналаа эргүүлэн татах болсноо мэдэгджээ. Энэ үйл явдлаар Германы Дойче бирж, Нью-Йоркийн биржтэй нэгдэх эсэх нь илүү тодорхой болж буй юм. Харин Лондоны бирж Торонтогийн биржтэй нэгдэж чадахгүйд хүрвэл тэд “NASDAQ”-ыг чиглэж мэднэ гэж шинжээчид үзэж байна.

Б.Төгс

No comments:

Post a Comment